| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мишигдоржийн Батзориг |
| Хэргийн индекс | 128/2017/0328/З |
| Дугаар | 128/ШШ2017/0498 |
| Огноо | 2017-06-21 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 128/ШШ2017/0498
2017 оны 06 сарын 21 өдөр Дугаар 128/ШШ2017/0498 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С.Б
Хариуцагч:Н
Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/03 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Хтний албан тушаалтай дүйцэхүйц албан тушаалд томилохыг Нийслэлийн эрүүл мэндийн газарт даалгах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Э, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
С.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
С овогтой Б миний бие нь 2011 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт өгч тэнцэж, улмаар Нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн даргын 2012 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 15 тоот албан бичгээр Нийслэлийн Эрүүл мэндийн газарт Хууль, эрх зүй, өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтнээр томилуулах тухай санал хүргүүлснийг үндэслэн тус газрын даргын 2012 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Б/10 дугаар тушаалаар Хууль, эрх зүй, өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилогдож, Монгол Улсын Төрийн жинхэнэ албан хаагчийн тангарагийг 2013 оны 03 дугаар сарын 12-ны өдөр өргөсөн.
Улмаар 2014 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн тус газрын даргын А/81 дүгээр тушаалын хавсралтаар байгууллагын бүтэц, үйл ажиллагааны чиглэлийг шинэчлэн баталж, миний ажил үүргийн хуваарьт өөрчлөлт орж Хууль, эрх зүй, өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтэн гэсэн орон тоон дээр ажиллаж байсан. Миний бие энэхүү хугацаанд ажлын байрны тодорхойлолт болон үр дүнгийн гэргээгээр хүлээсэн чиг үүргээ тухай бүр холбогдох албан тушаалтнаар дүгнүүлэн Хангалттай сайн үнэлгээ авч байсан.
Гэтэл Нийслэлийн Эрүүл мэндийн газрын шинээр томилогдсон дарга нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Чиглэл хүргүүлэх тухай 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 03/3062 дугаар албан бичигт дурдсан Гадаад харилцаа, ...Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах, ... Газрын даргын туслах ... гэсэн орон тоог тусгайлан батлахгүй байх талаар чиглэл өгсөөр байтал тус газрын даргын Бүтэц, орон тоо, үйл ажиллагааны чиглэлийг шинэчлэн батлах тухай 2016 оны А/111 дүгээр тушаалын хавсралтын Захиргаа, төлөвлөлт, хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтэс гэсэн хэсэгт ...гадаад харилцааны асуудал хариуцсан мэргэжилтэн, хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал хариуцсан мэргэжилтэн... гэсэн орон тоотой ажиллахаар баталж өгсөн атлаа ...Хууль эрх зүй, өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтэн гэсэн орон тоон дээр ажиллаж байсан төрийн жинхэнэ албан хаагч болох иргэний миний хуульд заасан хууль ёсны эрх, эрх ашгийг хөндсөн хууль тогтоомжид нийцээгүй шийдвэрийг гаргасан.
Өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт .. аливаа захиргааны байгууллага нь шийдвэр гаргахдаа .... дээд шатны захиргааны байгууллагаас өгсөн үүргийг биелүүлэх ... гэж хуульд заасан зохицуулалтыг хэрэгжүүлээгүйгээс гадна энэхүү хуульд заасан захиргааны шийдвэр гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй иргэнд урьдчилан мэдэгдэх зэрэг эрхийг минь хангаагүй, эдлүүлээгүй.
Түүнчлэн газрын даргын 2016 оны А/111 дүгээр тушаалыг гаргахдаа Эрүүл мэндийн сайдын 2010 оны 405 дугаар тушаалд заасан ...хууль эрх зүйн үйлчилгээ зөвлөгөө, өргөдөл гомдлын шийдвэрийн хяналт, тайлагналт хариуцсан мэргэжилтний орон тоог баталсан байх .. гэсэнд нийцээгүй.
Хэдийгээр дээрх шийдвэрүүдийг гаргасан боловч хуульд заасан захиргааны актыг гардуулах буюу гардан авсан этгээд гарын үсгээ зурж баталгаажуулсан байн гэсэн эрхийг минь мөн хангаагүй.
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/03 дугаар тушаалаар намайг ажлаас чөлөөлсөн боловч газрын даргын 2016 оны А/111 дүгээр тушаалын хавсралтад заасан орон тоо болох Хүний нөөцийн хөгжил, эмнэлгийг мэргэжилтний ёс зүй хариуцсан мэргэжилтэн-ний ажил үүрэгт миний гүйцэтгэж байсан чиг үүрэг хэвээр хадгалагдаж үлдсэн байдаг.
Учир нь уг албан тушаалд томилогдох албан хаагч энэхүү чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа болно.
Мөн Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр) -ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, ... гэж заасан атал ажил үүргийн хуваарь хэвээр байсаар байхад намайг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй юм.
Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан төрийн албан хаагчийн баталгаа нь ... энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх гэсэн заалтыг зөрчиж, Төрийн албаны тухай хуулийн 04 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалтад заасан ...төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх гэсэн төрийн албаны гол зарчмыг алдагдуулсан шийдвэрийг гаргасанд харамсаж байна.
Өөрөөр хэлбэл миний гүйцэтгэж байсан албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүргийг Хүний нөөцийн хөгжил, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй хариуцсан мэргэжилтэнд шилжүүлэн гүйцэтгүүлж байгаа. Дээрх албан тушаалд шинээр ажилтан авалгүйгээр намайг үргэлжлүүлэн ажиллуулах боломжтой байхад миний хөдөлмөрлөх эрхийг зөрчиж ажлаас чөлөөлсөн болно.
Иймд миний бие дээрх хууль бус шийдвэрүүдийг хянуулахаар Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу Монгол Улсын Төрийн албаны зөвлөлд 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хандсан боловч шүүхийн байгууллагад хандан асуудлаа шийдвэрлүүлэх гэсэн хариуг 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр гардан авсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасны дагуу энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.
Хариуцагч Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
...Тус газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн бүтэц, орон тоо, үйл ажиллагааны чиглэлийг шинэчлэн батлах тухай А/111 дугаар тушаал гарсан.
Энэхүү тушаалд хууль, эрх зүй, өргөдөл гомдол, хариуцсан мэргэжилтний албан тушаал цомхотгогдсон тул С.Быг Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх заалт Төрийн жинхэнэ албан хаагч, төрийн улс төрийн албан тушаалд сонгогдсон буюу томилогдон ажиллах болсон, эсхүл төрийн үйлчилгээний албан тушаалд томилогдон ажиллах болсон.
Тухайн төрийн байгууллага нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр татан буугдсан, бүтцийн өөрчлөлт орж орон тоо хасагдсан бол түүнийг төрийн жинхэнэ албанаас чөлөөлнө гэж заасны дагуу албан тушаалаас чөлөөлсөн. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалтын дагуу 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг олгосон болно.
Нийслэлийн Засаг даргын захирамжаар тус газрын орон тооны дээд хязгаарыг 50 хүртэл байхаар баталсан тул бүтэц орон тоог шинэчлэхдээ зарим ажлын байрны чиг үүрэг, ачааллыг тэнцвэржүүлэх, нягтруулах замаар өмнө байсан 53 орон тоог 50 болгон өөрчилсөн. Хууль, эрх зүй, өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтний орон тоо дээрх зарчмаар цомхтгогдсон болно гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Солонго шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...
Сүхбаатар овогтой Б нь 2011 оны 12 дугаар сарын 09-ны өдөр Төрийн жинхэнэ албаны мэргэжлийн шалгалт өгч тэнцээд Нийслэл дэх төрийн албаны салбар зөвлөлөөс 2012 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Нийслэлийн эрүүл мэндийн газарт хүргүүлсэн бичгийг үндэслэн тус газрын хууль эрх зүй, өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтнээр томилуулах санал хүргүүлсний үндсэн дээр Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын 2012 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн тушаалаар хууль эрх зүй хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилогдон төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн. Нийслэлийн Засаг даргын тамгын газраас Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн цэг байгуулагдсантай холбогдуулан өргөдөл гомдлын Смарт сити программ нэвтэрсэнтэй холбогдуулан байгууллагад өргөдөл гомдол хариуцсан ажилтан байх ёстой гэсэн чиглэл өгсөн.
Улмаар С.Бын ажлын байрны тодорхойлолтод 2014 оны 07 дугаар сарын 30-ны тус газрын даргын 2016 оны оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/10 дугаар тушаалаар өргөдөл гомдол гэсэн чиглэл нэмэгдсэн.
С.Б нь Эрүүл мэндийн газрын Захиргаа нийтийн үйлчилгээний хэлтсийн олон нийттэй харилцах албанд хууль эрх зүй, өргөдөл гомдол хариуцсан гэсэн хоёр ялгамжтай нэршилтэй орон тоон дээр 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн ажлаас чөлөөлөгдөх хүртлээ ажиллаж байсан. Ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа ажлын байрны тодорхойлолт болон үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ тухай бүр хангалттай сайн биелүүлж байсан гэдэг нь жил бүрийн үр дүнгийн гэрээнээс харагдана.
2016 онд Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга шинээр томилогдсонтой холбогдуулан Нийслэлийн Засаг даргын тамгын газраас үүрэг чиглэл хүргүүлэх тухай 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн албан бичгээр гадаад харилцаа, хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба, даргын туслах гэсэн орон тоог батлахгүй байх талаар үүрэг өгсөн. Нийслэлийн Засаг даргын түр орлон гүйцэтгэгч н.Отгонбаяраас Нийслэлийн эрүүл мэндийн газрын бүтэц орон тооны дээд хязгаар 53 байсныг 50 орон тоотой болгож баталсан. 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Нийслэлийн Засаг даргаас ирүүлсэн чиглэлд хууль эрх зүй, өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтнээс өөр албан тушаалуудыг бүтцэдээ батлахгүй байх талаар дурдсан. Гэтэл 2016 оны А/11 дүгээр тушаалын хавсралтаар
Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга өөрийн эрх хэмжээний хүрээнд байгууллагынхаа бүтэц, үйл ажиллагааг шинэчлэн батлах тухай 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн тушаалаар С.Бын ажлын байрны орон тоог хассан. Мөн Захиргаа төлөвлөлт хяналт шинжилгээ үнэлгээний хэлтэс шинээр бий болж хэлтсүүдийн нэршил бага зэрэг өөрчлөгдөн Хууль эрх зүйн алба байхгүй болсон. Энэ нь төрийн жинхэнэ албан хаагчийн хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн шийдвэр болсон гэж үзэж байна.
Мөн Нийслэлийн Засаг даргын 2014 оны 603 дугаар захирамжаар Нийслэлийн эрүүл мэндийн газрын орон тооны дээд хязгаарыг 53 байхаар баталж өгсөн. Нийслэлийн Засаг дарга С.Батболдын 2016 оны А/786 дугаар захирамжаар орон тооны хязгаарыг гурваар бууруулж 50 хүнтэй байхаар баталсан. Гэтэл Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын 111 дүгээр тушаалаар 5 хүнийг ажлаас нь чөлөөлж 48 хүний орон тоотой болгосон. Энэ нь албан тушаалынхаа эрх хэмжээг хэтрүүлсэн гэж харагдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл С.Быг ажлаас чөлөөлөхгүй байсан ч орон тооны дээд хязгаараа давахгүй байсан нь харагддаг. Гэтэл С.Быг ажлаас чөлөөлсний дараа Захиргаа төлөвлөлт, хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтэст С.Бтай ижил статустай 5 мэргэжилтнийг шинээр ажилд авсан байсан.
Мөн 2014 онд Нийслэлийн эрүүл мэндийн газрын хэмжээнд хүний нөөцийн мэргэжилтний албан тушаал, ажил үүргийн хуваарийн хэвээр хадгалагдаж байсан болов тус албан тушаал дээр хүн ажиллаж байгаагүй. Даргын тушаалаар уг ажлыг даргын туслах нь хүний нөөцийн ажлыг хавсран гүйцэтгэнэ гэсэн боловч энэ талаар мэргэшсэн хүн тухайн үед байгаагүй учраас С.Б хуульчийнхаа хувьд хүний нөөцийн талаар тушаал шийдвэр дээр ажиллаж байсан.
н.Төмөрбаатар дарга томилогдож ирснийхээ дараа С.Бтай уулзаад хууль эрх зүйн чиглэлээр хамтарч ажиллах талаар хэлсэн байдаг. Гэтэл 12 дугаар сарын 02-ны өдрийн тушаалаар С.Быг ажлаас чөлөөлсөн. Энэ талаар эхэлж мэдэгдсэн талаар бидний зүгээс маргахгүй. С.Бтай хамт ажлаас 5 хүн чөлөөлөгдсөн боловч энэ нь зарим хүнд нь Эрүүл мэндийн газрын зүгээс ажлын байрны санал тавьсан байсан. Жишээ нь Эрүүл мэндийн даатгал хариуцсан мэргэжилтэн н.Отгонжаргалд Нийслэлийн эрүүл мэндийн газраас ажлын байрны санал тавьсан. Гэтэл С.Бд ямар нэгэн ажлын санал тавилгүйгээр шууд ажлаас нь чөлөөлсөн. Захиргааны ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа дээд шатны байгууллагаас өгсөн үүрэг чиглэлийг биелүүлэх үүрэгтэй гэж заасан байдаг. Иймд бидний зүгээс Нийслэлийн эрүүл мэндийн газрын дээд шатны байгууллага болох Нийслэлийн Засаг дарга болон түүний тамгын газраас бүтэц орон тооны дээд хязгаарыг батлахдаа гадаад харилцаа, хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах мэргэжилтэн, даргын туслах зэрэг албан тушаалыг байлгах шаардлагагүй гэсэн байхад эдгээрийг хасалгүйгээр хууль эрх зүйн албан тушаалыг хассанд гомдолтой байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Одгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Нийслэлийн Засаг даргын захирамжаар Нийслэлийн эрүүл мэндийн газрын орон тооны дээд хязгаар 53-аас 50 болж буурсан. Үүнтэй холбоотойгоор тус газрын даргын 2014 оны 12 дугаар сард 02-ны өдрийн бүтэц орон тоо үйл ажиллагааны чиглэл батлах тухай А/111 дүгээр тушаал гарсан. Энэхүү тушаалаар хууль эрх зүй, өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтний албан тушаалд хасагдсан. Энэ тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т Төрийн жинхэнэ албан хаагч улс төрийн албан тушаал сонгогдсон буюу томилогдсон эсвэл төрийн үйлчилгээний албан тушаалд томилогдон ажиллах болсон, эрх бүхий байгууллагын шийдвэрээр татан буугдсан, бүтцийн өөрчлөлт орсон тохиолдолд түүнийг төрийн жинхэнэ албанаас чөлөөлнө гэж заасныг үндэслэл болгосон байдаг. Энэхүү тушаалыг тус өдрөө байгууллагын нийт ажилтан албан хаагчдад танилцуулсан ба чөлөөлөгдөх болсон 5 ажилтантай газрын дарга уулзаж албан ёсоор мэдэгдсэн байдаг. Мөн төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалтыг үндэслэн 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний 1 удаагийн тэтгэлгийг олгосон байсан. Улмаар 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/3 тоот тушаалаар мэргэжилтэн С.Быг албан тушаалаас чөлөөлсөн.
Нийслэлийн Засаг даргын тамгын газрын даргаас гадаад харилцаа, хэвлэл мэдээлэл, даргын туслах гэсэн 3 орон тоог анхаарч ажиллах талаар чиглэл ирсэн. Энэхүү чиглэл нь А/635 дугаар захирамж батлагдан гарсантай холбогдуулан ирүүлсэн. А/635 дугаар захирамжаар Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын орон тооны дээд хязгаар нь 40 болж батлагдсан. Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын хүсэлтийн үндсэн дээр 13 орон тоог нэмэгдүүлж 53 болгосон байдаг.
Смарт сити программ гарсантай холбоотойгоор өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтэн байгууллага бүрд байх ёстой гэсэн тайлбар хийлээ. Энэ программ нь зөвхөн Нийслэлийн эрүүл мэндийн газарт зөвхөн нэг хүн дээр байдаг программ биш. Мэргэжилтэн болгон дээр байдаг программ. Энэхүү программ 2012 онд гарснаас хойш захиргааны бүх албан хаагчид, харьяа байгууллагад болгонд суулгагдсан. Заавал нэг хүн хариуцдаг программ биш. Өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтэн нь байгууллагад ирсэн өргөдөл гомдолд хяналт хийх боломжтой байдгаараа ялгаатай.
Н.Отгонжаргал нь даатгалын мэргэжилтэн байсан. Эрүүл мэнд, нийгмийн даатгалын газар нь тусдаа байсан тул ач холбогдолгүй орон тоо гэж цомхтгож байсан. Гол нь энэ хүн эрүүл мэндийн чиглэлийн хүн байсан учраас бүртгэл хариуцсан мэргэжилтний орон тоо санал болгосон байдаг. Тухайн мэргэжилтэн нь эрүүл мэндийн чиглэлийн хүн байх шаардлагатай гэсэн шалгууртай байсан.
Хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгэн, хяналт тавьдаг эрх бүхий албан тушаалтны хувьд заавал хуульч хүн байх ёстой гэсэн зохицуулалт байхгүй. Заавал ажлын байрны тодорхойлолтод тусгалгүйгээр тусдаа тушаалаар хавсарч гүйцэтгэдэг.
Ажил хүлээлцэхээс өмнө чиг үүргийг шилжүүлсэн нь 02 дугаар сарын 15-ны дотор хүн хөрөнгө орлогын мэдүүлгээ мэдүүлсэн байх ёстой тул хугацаандаа багтаахын тулд С.Бын тус чиг үүргийг хэн нэгэнд шилжүүлэх шаардлагатай болсноос 12 дугаар сарын 26-ны өдөр шийдвэр гарсан. Иймд эрх бүхий албан тушаалтан нь ямар ч мэргэжлийн хүн хийх боломжтой ажил үүрэг юм.
Байгууллагуудаас ирсэн тайланг нэгтгэх чиг С.Бын ажлын байрны үндсэн чиг үүрэгт ороогүй боловч нэмэлтээр хийдэг байсан. Манай байгууллага нь харьяа эрүүл мэндийн байгууллага буюу 26 байгууллагын 7500 ажилтнаас ирүүлсэн тайланг нэгтгэж Засгийн даргын тамгын газарт хүргүүлэх үндсэн чиг үүрэгтэй.
Хүний нөөцийн хөгжил, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй хариуцсан ажилтан байгууллага болгонд заавал байх ёстой. 2014 оноос энэ орон тоон дээр 2 хүн байдаг байсан. Одоогийн байдлаар нэг орон тоотой болсон ба шинээр үүссэн албан тушаал биш юм.
Би бүтэц орон тоо батлагдсан тушаал гарахаас өмнө буюу 2016 оны 11 дүгээр сарын 18-нд тухайн байгууллагад хүний нөөц, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй хариуцсан ажилтнаар ажилд томилогдон хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Намайг ажилд ороход хүний нөөцийн ажлыг хүн хийдэггүй байсан гэжээ.
ҮНДЭСЛЭЛ:
Нэхэмжлэгч С.Б нь Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/03 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Хтний албан тушаалтай дүйцэхүйц албан тушаалд томилохыг Нийслэлийн эрүүл мэндийн газарт даалгах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Албан тушаалаас чөлөөлөх тухай дугаар Б/03 тоот тушаалаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын бүтэц, орон тоо шинэчлэн батлагдсантай холбогдуулан Хууль, эрх зүй, өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтний орон тоо хасагдсан тул гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч С.Быг албан тушаалаас нь чөлөөлсөн байна.
Нийслэлийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Нийслэлийн Эрүүл мэндийн газрын бүтэц, орон тооны хязгаарыг шинэчлэн батлах тухай дугаар А/603 тоот захирамжийн хавсралтаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын шинэчилсэн бүтэц, орон тооны хязгаарыг баталж, орон тооны хязгаарыг 53 хүртэл байхаар тогтоожээ.
Улмаар Нийслэлийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Нийслэлийн Эрүүл мэндийн газрын бүтэц, орон тооны хязгаарыг шинэчлэн батлах тухай дугаар А/786 тоот захирамжийн хавсралтаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын бүтэц, орон тооны хязгаарыг шинэчлэн баталсан байх ба орон тооны хязгаарыг 50 хүртэл байхаар тогтоожээ.
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Үйл ажиллагааны чиглэлийг шинэчлэн батлах тухай дугаар А/10 тоот тушаалын хавсралтаас үзэхэд тус газрын Захиргаа, нийтлэг үйлчилгээний хэлтсийн Олон нийттэй харилцах албанд Хууль, эрх зүй, өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтний албан тушаал, мөн тус хэлтсийн Удирдлага, нийтлэг үйлчилгээний албанд Хүний нөөц, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй хариуцсан мэргэжилтний албан тушаал харъяалагддаг байсан байна.
Харин Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Бүтэц, орон тоо, үйл ажиллагааны чиглэлийг шинэчлэн батлах тухай дугаар А/111 тоот тушаалын 2 дугаар хавсралтаас үзэхэд Захиргаа, төлөвлөлт, хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн Удирдлага, төлөвлөлтийн албанд Хүний нөөцийн хөгжил, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй хариуцсан мэргэжилтний албан тушаал харъяалагдаж байх ба харин нэхэмжлэгчийн эрхэлж байсан Хууль, эрх зүй, өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтний орон тоо хасагдсан байна.
Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр) -ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, ... гэж заасан байна.
Дээрх эрх зүйн зохицуулалтаас үзэхэд төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан, зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч чиг үүрэг хэвээр хадгалагдсан бол төрийн албан хаагчийг үргэлжлүүлэн ажиллуулахаар тодорхой хуульчилсан байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасны дагуу миний ажиллаж байсан албан тушаалын чиг үүрэг Хүний нөөцийн хөгжил, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй хариуцсан мэргэжилтний албан тушаалд хэвээр хадгалагдаж үлдсэн тул намайг уг албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах ёстой гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн эрхэлж байсан албан тушаалын буюу ажлын байрны нэр нь хэлбэрийн хувьд өөрчлөгдсөн боловч хэрэгжүүлж байсан чиг үүрэг нь агуулгын хувьд хэвээр хадгалагдан үлдсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул уг үндэслэл энэ маргаанд хамааралгүй байна.
Учир нь нэхэмжлэгчийн эрхэлж байсан Хууль, эрх зүй, өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтний орон тоо хасагдсан нь болон уг албан тушаалын чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдээгүй болох нь Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Үйл ажиллагааны чиглэлийг шинэчлэн батлах тухай дугаар А/10 тоот тушаал, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Бүтэц, орон тоо, үйл ажиллагааны чиглэлийг шинэчлэн батлах тухай дугаар А/111 тоот тушаалын 2 дугаар хавсралт, 2016 оны болон 2014 оны Хууль, эрх зүй, өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтууд, Хүний нөөц, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй хариуцсан мэргэжилтний болон Хүний нөөцийн хөгжил, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтууд, хариуцагчийн тайлбар зэрэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тодорхой нотлогдож байна.
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Бүтэц, орон тоо, үйл ажиллагааны чиглэлийг шинэчлэн батлах тухай дугаар А/111 тоот тушаал батлагдахаас өмнө тус газарт Хүний нөөцийн хөгжил, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй хариуцсан мэргэжилтний албан тушаал байсан болох ньтус газрын даргын 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Үйл ажиллагааны чиглэлийг шинэчлэн батлах тухай дугаар А/10 тоот тушаалаар нотлогдож байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Чиглэл хүргүүлэх тухай №03/3062 тоот албан бичгээр Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагуудад ...шинээр орон тоо нэмэгдүүлэхгүй байх... Ялангуяа байгууллага дотоодоо гадаад харилцааны асуудал хариуцсан мэргэжилтэн, хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах мэргэжилтэн, газрын даргын туслах зэрэг тусгайлсан орон тоо батлахгүй асуудалд анхаарч ажиллана уу гэж чиглэл өгснийг зөрчиж, гадаад харилцааны асуудал хариуцсан мэргэжилтэн, хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах мэргэжилтэн, газрын даргын туслах гэх мэт албан тушаалын орон тоог хасах байтал нэхэмжлэгч миний орон тоог хассан нь миний эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байх ба нэхэмжлэгчийн маргаж буй дээрх үндэслэл нь нэхэмжлэлийг хангах үндэслэл болохгүй юм.
Учир нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3-т батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо ... тогтоох, 16.5.9-д ... байгууллагын дотоод зохион байгуулалтын бүтцийг батлагдсан орон тооны хязгаар, төсвийн хүрээнд шинэчлэн тогтоох гэжТөсвийн шууд захирагчийн бүрэн эрхийг хуульчилсан ба уг бүрэн эрхийн хүрээнд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга байгууллагын бүтэц, орон тоо, зохион байгуулалттай холбоотой тушаалуудыг гаргаж нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн байх тул хариуцагчийг буруутгах боломжгүй байна.
Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д Төрийн жинхэнэ албан хаагч төрийн улс төрийн албан тушаалд сонгогдон буюу томилогдон ажиллах болсон, эсхүл төрийн үйлчилгээний албан тушаалд томилогдон ажиллах болсон, тухайн төрийн байгууллага нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр татан буугдсан, бүтцийн өөрчлөлт орж орон тоо хасагдсан бол түүнийг төрийн жинхэнэ албанаас чөлөөлнө, 27 дугаар зүйлийн 27.2.4-д төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд ........ эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно гэж тус тус заасан ба дээрх заалтуудад үндэслэнНийслэлийн эрүүл мэндийн газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Албан тушаалаас чөлөөлөх тухай дугаар Б/03 тоот тушаалыг гаргасан нь хуульд нийцсэн төдийгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д заасныг баримтлан Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/03 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Хтний албан тушаалтай дүйцэхүйц албан тушаалд томилохыг Нийслэлийн эрүүл мэндийн газарт даалгах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэгч С.Бын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАТЗОРИГ