Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 1194

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Т, П.Д нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2018/00981 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Т, П.Д нар,

Хариуцагч Б.С, НШШГГ-т холбогдох,

Зээлийн болон Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, Б.Тийг Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, СОТ-1-4 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн Б.Т-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэг, өмгөөлөгч О.Чулуунчимэг,

Нэхэмжлэгч П.Д,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Очирваань,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэг, өмгөөлөгч О.Чулуунчимэг нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Т өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, СОТ-1 дүгээр байрны 4 тоот 27 м.кв хоёр өрөө орон сууцыг барьцаалж, 15 000 000 төгрөгийг 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2015 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл, сарын 5 хувийн хүүтэй зээлийг Ж.Сүхбаатараас П.Дд зээлж авч өгсөн.

2015 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Б.Стай хийсэн худалдах, худалдан авах гэрээнд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-т заасан шинж байгаа учир хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Талуудын хооронд нийт 3 гэрээ байгуулагдсан бөгөөд 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б.Т, Ж.Сүхбаатар нарын хооронд хийгдсэн зээлийн гэрээний дагуу 15 000 000 төгрөг зээлж авсан. Дараагийн хоёр гэрээнд П.Д гарын үсэг зурсан байдаг ба 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн П.Д, Б.С нарын хооронд 43 000 000 төгрөгийн зээлийн гэрээ хийгдсэн байхад, яг энэ өдөр, ижил дүнтэй буюу 43 000 000 төгрөгийн зээлийн гэрээг мөн П.Д нь С.Даваасүхтэй байгуулсан байгаа. Энэ зээлийн гэрээний дагуу П.Д мөнгө аваагүй. 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээ нь Б.Сд Б.Т байр зарж байгаа мэт байгуулагдсан. Тус гэрээний 2.1-д үл хөдлөх хөрөнгийг 52 000 000 төгрөгөөр тохирсон гэсэн атлаа 2.3-т нь зээлийн гэрээний төлөгдөөгүй үүрэг болох 52 000 000 төгрөгт тооцож үл маргах журмаар шилжүүлэв гэсэн байдаг. Тэгэхээр энэ гэрээ нь худалдах, худалдан авах гэрээ биш юм. Өөрөөр хэлбэл, 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн зээлийн гэрээний үүрэг дуусгавар болох хэлцэл хийж, уг хэлцлээр байрыг шилжүүлсэн. Худалдах, худалдан авах гэрээ нь зээлийн гэрээний үүрэгтэй салшгүй холбоотой байх бөгөөд, энэ гэрээг дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэж байгаа. Мөн уг гэрээг хууль зөрчиж хийсэн хэлцэл гэж үзсэний учир нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсгийг зөрчсөн гэж үзэж байгаа. Ийм байдлаар хууль зөрчиж хийгдсэн учир хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүсч байна гэжээ.

Нэхэмжлэгч П.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгч Т.Сайнбаярын хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх ээж бид хоёрт мөнгөний хэрэг гараад хадмынхаа байрыг барьцаалахаар хадам ээжтэйгээ ярилцаж байрыг барьцаанд тавихаар болсон. Бид зар мэдээгээр байр барьцаалж зээл олгоно гэсэн зарлалын дагуу С.Даваасүхтэй холбогдож, тэр өдрөө Ж.Сүхбаатар гэдэг хүнтэй 15 000 000 төгрөгийн зээлийн гэрээ хийсэн.

Зээлийн төлбөрт 10 000 000 төгрөгийг бэлнээр болон бэлэн бусаар өгсөн. Сүүлдээ хүү, алданги нь нийлээд 43 000 000 төгрөг болсон, өссөн дүнгээрээ та нар дахиад гэрээ хий гээд 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүчээр Б.Стай зээлийн гэрээ хийсэн. Уг нь бид С.Даваасүхээс мөнгөө өгч, авалцдаг байсан атлаа зээлийн гэрээг Б.Стай хийчихсэн. Сүүлд 52 000 000 төгрөг дээр Б.Тийг авч ирж өмчлөлөө Б.Сын нэр дээр шилжүүлж өгөөд мөнгөө өгснийхөө дараа байраа буцааж болно гэсний дагуу өмчлөлийг шилжүүлсэн. Утасны бичлэг дээр байгаа дуу хоолой бол минийх мөн. 43 000 000 төгрөгийг авсан гэдгээ хүлээн зөвшөөрч хэлсэн нь дарамт шахалт, айдсаас болоод хүлээн зөвшөөрчихсөн.

Үүрэг дуусгавар болгох тухай хэлцэлд П.Д үүрэг дуусгавар болгох тухай итгэмжлэл Б.Төөс аваагүй. Үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нь Б.Т учир түүнээс заавал итгэмжлэл авсны үндсэн дээр ямар нэгэн байдлаар үүргээ дуусгавар болгох ёстой байсан. Ийм итгэмжлэл аваагүй учраас үүрэг дуусгавар болгох хэлцлийг хийх эрхгүй этгээд байсан гэж үзэж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Очирваань шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр П.Д, Б.С нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдаж 43 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлсэн. 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдөр зээлийн хүүгээ төлөх ёстой байсан боловч төлөөгүй.

Зээлээ төлөхгүй болохоор нь барьцааны зүйлээрээ зээлээ төлчихье гэсэн саналыг зээлдэгч өөрсдөө тавиад, үүнийх нь дагуу худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан.  Баянгол дүүргийн нотариат дээр гэрээ хийгдээд, түүний дагуу Хүүхдийн 100 дахь Голомт банкин дээр очоод С.Даваасүх, Б.С нар нь Н.Оюунчимэг, П.Д гэдэг хүмүүст 43 000 000 төгрөг бэлнээр өгсөн. Энэ талаар тухайн үед хамт байсан С.Даваасүх шүүх хурал дээр гэрчиллээ. Орон сууцыг худалдах, худалдан авах гэрээний дагуу өмчлөх эрхийг авсан нь үнэн. Хугацаандаа мөнгөө өгөхгүй байсан учир бид шүүхэд орон сууцнаас албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан.

Бид худалдах, худалдан авах гэрээг хууль зөрчиж байгуулаагүй. Зээлийн төлбөр 43 000 000 төгрөг, үүний 5 хувийн хүү 2 150 000 төгрөг, хугацаандаа төлсөн бол 45 150 000 төгрөгийг бид аваад асуудал дуусах байсан. Гэтэл хугацаандаа төлөлгүй 150 хоног хэтрүүлсэн. Гүйцэтгэх үүргийн үндсэн зээл 43 000 000 төгрөгөөр тооцвол өдрийн алданги 222 070 төгрөг болж байгааг худалдах, худалдан авах гэрээ байгуулсан өдрөөр тооцвол 31 128 050 төгрөг болж, нийт 70 000 000 төгрөг болсон. Гэрээний чөлөөт байдлын үүднээс зээлдэгчид хөнгөлөлт үзүүлж 52 000 000 төгрөгөөр тооцохоор болж гэрээг хийсэн.

Үүрэг дуусгавар болгох хэлцлийн тухайд П.Д нь Б.Төөс итгэмжлэл авах шаардлагагүй. Учир нь зээлийн болон барьцааны гэрээний үүрэг гүйцэтгэгч нь П.Д байхад зээл аваагүй, гэрээний оролцогч биш хүнтэй бид гэрээ байгуулах шаардлагагүй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.5 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул Б.Сд холбогдох 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгч П.Дгийн, мөн Б.Сд холбогдох 2015 оны 5 дугаар 13-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, СОТ-1 дүгээр байрны 4 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэгч Б.Тийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч НШШГГт холбогдох шаардлагаас нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Тийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 417 950 төгрөг, нэхэмжлэгч П.Дгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 348 400 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх П.Д миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаагүй үндэслэлээ тайлбарлахдаа дарамтанд оруулсан гэсэн, хуулийн мэдлэггүйн улмаас мөнгө авсанаа хүлээн зөвшөөрсөн гэсэн тайлбараар нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэсэн мэтээр дүгнэсэн. Мөнгө хүлээн авсан талаар баримт байхгүй байхад нотлох баримтын шаардлага хангахгүй гэрчийн мэдүүлэг, хариуцагчийн гаргасан эх сурвалжгүй баримтад дүгнэлт хийсэн нь буруу. 43 000 000 төгрөгийг надад хүлээлгэн өгсөн нь шүүгчийн үзэж байгаагаар Б.С нь  40 250 000 төгрөгийг тухайн өдөр данснаасаа гаргасан гэх баримт байгаа ч тус баримтыг зээлдэгчид хүлээлгэн өгсөн баримт гэж ойлгохгүй гэсэн атлаа гэрч С.Даваасүхийн мэдүүлгээр авсан нь тогтоогдсон гэжээ. Гэтэл энэ гэрч гэх этгээд нь үнэн зөв мэдүүлэг өгсөн нь хамгийн их эргэлзээтэй юм. Учир нь С.Даваасүх нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оюунчимэгээс 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс хойш болон өмнө нь банкаар болон бэлнээр удаа дараа мөнгө өгч байсан атлаа үүнийгээ аваагүй гэж мэдүүлсэн. Тиймээс гэрч үнэн зөв ярих хүн мөн эсэхийг шүүгч үнэлэх ёстой. Гэтэл шууд л энэ хүн мөнгө өгч байхад хажууд нь байсан ч юм уу гэдгийг тодруулахгүйгээр байсан байна, мөнгө авахыг нь харжээ гэх зарчмаар хэргийг шийдвэрлэсэн нь буруу.

Шүүх Б.Тийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хувьд “Б.С, Б.Т биш П.Дтэй байгуулсан гэрээг дүгнэсэн тул Б.Төөс итгэмжлэл авах шаардлагагүй” гэх тайлбарыг зөвтгөсөн байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Тус хэлцлээр орон сууцыг П.Дгийн өмч мэт үзэж тус орон сууцаар үүргийг хаав гэж бичсэн байдаг. Шүүх Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт заасныг хэрэглэхдээ 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт заасныг анхаарах байсан. Өөрөөр хэлбэл, шүүх талууд нэмэлт барьцааны гэрээ байгуулаагүй гэдгийг анхаарч үзээгүй.

Иймд дээрх үндэслэлээр шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт цугларсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч Б.Т нь хариуцагч Б.С, НШШГГт холбогдуулан 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, СОТ-1 дүгээр байрны 4 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, нэхэмжлэгч П.Д нь хариуцагч Б.Сд холбогдуулан 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлага гаргасныг хариуцагч Б.С эс зөвшөөрч маргажээ.

2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр П.Д, Б.С нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээгээр 43 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэйгээр зээлж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Б.Тийн өмчлөлийн Баянгол дүүргийн 4-р хороо, 2 дугаар хороолол, СОТ-1 байрны 4 тоот орон сууцыг барьцаалсан ба зээлдэгч П.Д нь өмчлөгч Б.Төөс олгогдсон итгэмжлэлийн дагуу барьцааны гэрээг байгуулсан болох нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл зэргээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч П.Д нь хариуцагч Б.Саас гэрээнд заасан мөнгийг  хүлээн аваагүй гэж тайлбарлах боловч дараах нөхцөл байдлууд тогтоогдож байна.

Хариуцагч Б.С зээлийн гэрээний дагуу мөнгийг шилжүүлсэн гэж өөрийн Голомт банк дахь данснаас 40 850 000 төгрөгийг “Дэлгэрсүрэнд зээлдүүлэв” гэсэн утгатай гаргасан 2015 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн дансны хуулга, зарлагын баримтыг шүүхэд баримтаар гаргажээ.  

 Мөн гэрч С.Даваасүхээс “2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн нотариат дээр зээлийн гэрээг байгуулж 43 000 000 төгрөгийг Б.Саас П.Дд өгсөн” гэж мэдүүлсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна.  

Түүнчлэн талуудын хүсэлтээр утасны ярианы  бичлэгт /2 ширхэг СД/ шүүхээс үзлэг хийсэн тэмдэглэлд /2-хх-7/ Г.Энхтайванаас /Б.Сын нөхөр/ 43 000 000 төгрөгийг авсан, П.Д мөнгийг цааш нь хүнд дамжуулж өгсөн, хэрхэн буцааж өгөх талаар ярилцсан, мөн Н.Оюунчимэг 43 000 000 төгрөг авсан болохоо зөвшөөрсөн нь тусгагдсанаас гадна  хэргийг хэлэлцэх явцад нэхэмжлэгч Д.Дэлгэрсүрэн утасны яриан дээрх дуу хоолой өөрийнх нь мөн болохыг болон 43 000 000 төгрөгийг хүлээн авснаа зөвшөөрсөн нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагджээ. /хх2-42/

Хуульд заасан журмаар цуглуулсан дээрх баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт тус тус заасан журмын дагуу харьцуулан үнэлбэл мөнгийг хүлээн аваагүй гэх нэхэмжлэгч П.Дгийн  тайлбар няцаагдаж байх тул 2015 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн зээлийн гэрээ нь хуулиар тогтоосон хэлбэрийн болон агуулгын шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ байна. Иймд зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэл үндэслэлгүй, шүүх энэ хэсгийн шаардлагыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан үндэслэлгүй гэж дүгнэн хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.

Дээрхээс  талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд улмаар зээлдэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээ хүлээн зөвшөөрч, зээлийн үүргийн гүйцэтгэлийн хангах аргаар сонгож, барьцаалсан барьцааны зүйл буюу орон сууцыг үүргийн гүйцэтгэл болгон зээлдүүлэгчид шилжүүлсэн нь дараах байдлаар тогтоогдсон байна.

Зохигчдын хооронд байгуулагдсан 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, СОТ 1-4 тоот хаягт байрлах 27 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг худалдан авагч Б.Сд шилжүүлэхдээ уг гэрээний 2.3-т зээлийн гэрээний төлөгдөөгүй үүрэг 52 000 000 төгрөгт тооцож үл маргах журмаар шилжүүлж байгааг заажээ. 52 000 000 төгрөгийн дүн нь 43 000 000 төгрөгийн үндсэн зээл, хүү 2 150 000 төгрөг, алданги 22 575 000 төгрөгийн алдангийн нийлбэр дүн гэж шүүх хуралдаанд тайлбарласан.

Улмаар мөн өдрөө буюу 2015 оны 5 дугаар сарын 13-нд “үүрэг дуусгавар болсон тухай” хэлцэл гэх баримтыг талууд үйлдэн барьцааны эд зүйл болох орон сууцны өмчлөх эрхийг зээлдүүлэгч Б.Сын нэр дээр шилжүүлэхийг зөвшөөрч, зээлийн болон барьцааны гэрээг дуусгавар болгон, талууд гарын үсгээр баталгаажуулсан, бүртгэлийн байгууллагад гэрээг хүргүүлэхээр тохиролцсон нь хэрэгт авагджээ.  /хх-55/

Түүнчлэн дээрх 2 гэрээний дагуу орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн авсан Б.С нь өөрийн өмчлөлийн байрыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийг С.Баярсайхан, Б.Т, Б.Ууганбаяр, М.Отгонтуяа нарт холбогдуулан гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон нь хэрэгт баримтаар авагджээ. /хх1-8,9/ Шүүхийн уг шийдвэрт маргаж буй 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг үндэслэн хийгдсэн бүртгэл үнэн зөвөөс гадна хариуцагч нарын байраа худалдаагүй, барьцаанд тавьсан гэж маргасныг  худалдах, худалдан авах гэрээ талуудын хооронд байгуулагдсан гэж дүгнэн, нэхэмжлэлийг хангасан байхад хариуцагч тал уг шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаагүй тул шүүхийн шийдвэрээр нэгэнт дүгнэгдсэн үйл баримт гэж үзнэ.  

Иймд  2015 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй, шүүх нэхэмжлэлийн энэ хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг зөрчөөгүй, улмаар гэрээ хүчин төгөлдөр тул Б.Тийг өмчлөгчөөр буцаан тогтоох Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч НШШГГт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.

Дээрх байдлуудаар анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2018/00981 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч нараас төлсөн 766 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                           ШҮҮГЧИД                                      Ш.ОЮУНХАНД

 

                                                                                                  А.ОТГОНЦЭЦЭГ