Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 183/ШШ2020/01549

 

2020 оны 06 сарын 03 өдөр                      Дугаар 183/ШШ2020/01549                             Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Чулуунчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ................. тоотод оршин суух, Б овогт У.Э /РД:00000000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ................ “Ж” ХХК /РД:000000/-д холбогдох,

Далд уурхайн хүдэр тээвэрлэх системийн 1 дүгээр шатны барилга угсралтын төслийн Механикийн ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ө, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О, Е.Г, хариуцагчийн өмгөөлөгч Б.Н,  шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Буян-Аривжих нар оролцов.     

                                                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:  

           Нэхэмжлэгч У.Э шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “У.Э  миний бие 2019 оны 11 сарын 08 ны өдрөөс “Ж” ХХК д хэрэгжиж буй ОТ, Далд уурхайн хүдэр тээвэрлэх системийн 1 дүгээр шатны барилга угсралтын төслийн Механикийн ахлах мэргэжилтний ажлын байран дээр туршилтын 2 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилласан. Миний зүгээс ажилд орсон өдрөөсөө ажиллах бэлэн байдлаа бүрэн хангасан боловч ажил олгогчийн зүгээс гэрээнд заасан ажлын байраар хангаагүй , хөдөлмөрийн гэрээ ажлын байрны тодорхойлолтонд зааснаас өөр нөхцөлд ажил үүрэг гүйцэтгүүлж байсан бөгөөд миний мэргэжил ур чадвар бусад нөхцөл байдлыг дүгнэх хэмжээний ажил үүрэг гүйцэтгүүлээгүй.

Гэтэл ажил олгогчийн зүгээс 2019 оны 12 дугаар сарын 06 ны өдөр GCRM-L19-86Б тоот албан бичгээр “ ...таны туршилтаар ажиллаж байгаа OT, Далд уурхайн хүдэр тээвэрлэх системийн 1 дүгээр шатны барилга угсралтын төсөл SP3 хэсэгт “Ж” ХХК ажиллахааргүй болоод байна. Иймд таны хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссанаар цаашид сунгагдахгүй тул 2020 оны 01 дүгээр сарын 08 ны өдрөөс тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож байгааг үүгээр мэдэгдэж байна” гэсэн мэдэгдэл өгсөн. Үүнийхээ дагуу 2020 оны 01 сарын 07 ны өдөр GCRM –O-20-Б/028 дугаартай Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох тушаал гаргасан. Миний зүгээс 2020 оны 01 сарын 07 ны өдөр GCRM –O-20-Б/028 дугаартай тушаалыг эс хүлээн зөвшөөрч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 т зааснаар шүүхэд хандаж байна. У.Э намайг ОТ, Далд уурхайн хүдэр тээвэрлэх системийн 1 дүгээр шатны барилга угсралтын төслийн Механикийн ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү” гэжээ.

 

          Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.О нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Туршилтын хугацааг шинээр орж байгаа ажилтан болон дагалдан суралцагчтай хөдөлмөрийн гэрээ байгуулж болохоор Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т тусгасан байдаг боловч ажил олгогчоос туршилтын хугацаа хэрэглэх ажлын байрны жагсаалтыг ажил олгогч урьдчилан тодорхойлсон байх шаардлагатай.

            Хөдөлмөрийн гэрээ байгуулахад туршилтын хугацаа хэрэглэж болох боловч туршилтын хугацаагаар ажлаас чөлөөлөх нөхцөл нь тухайн ажил албан тушаал дээр мэргэжил ур чадвараар тэнцэх эсэхийг туршилтын журмаар шалгаж дүгнэхийг илэрхийлсэн ойлголт. Гэтэл ажил олгогч байгууллагын зүгээс ...таны туршилтаар ажиллаж байгаа OT, Далд уурхайн хүдэр тээвэрлэх системийн 1 дүгээр шатны барилга угсралтын төсөл SP3 хэсэгт “Ж” ХХК ажиллахааргүй болоод байна. Иймд таны хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссанаар цаашид сунгагдахгүй тул 2020 оны 01 дүгээр сарын 08 ны өдрөөс тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож байгааг үүгээр мэдэгдэж байна” гэсэн мэдэгдэл өгсөн үйл баримтаас харахад нэхэмжлэгчийг ажлын байранд мэргэжил ур чадварын хувьд тэнцэхгүй байгаа гэж үзээгүй бөгөөд тухайн ажиллаж байсан ажлын байр байхгүй болж байгаа тул хөдөлмөрийн гэрээг цуцлах болсноо мэдэгджээ. Өөрөөр хэлбэл ямар нэгэн алдаа дутагдал гаргаагүй. У.Эгийн хувьд ажилгүй байсан 4 сар 108 хоногийн хугацааны цалин хөлсөнд 34 421 630 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

           Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.Г  шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Манай “Ж” ХХК нь барилга угсралт уул уурхайн чиглэлийн төслийн ажил гүйцэтгэдэг компани бөгөөд О ХХК ийн төслийн талбайд хамтран ажиллаж байгаа болно. Барилга угсралт уул уурхайн салбар бол нарийн мэргэшлийн өндөр ур чадвар шаардсан харицлагатай ажил байдаг. Энэ ч утгаараа компанийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 231 т заасныг удирдлага болгон мөрддөг бөгөөд шинэ ажилтантай 3 хүртэл сарын туршилтын хугацаанд үргэлжлэх нөхцөлтэй хөдөлмөрийн гэрээг байгуулдаг.Улмаар туршилтын хугацаа дууссаны дараа ажилтныг үнэлээд тэнцэхгүй бол хөдөлмөрийн гэрээ дуусгавар болдог. Энэ нь “О” ХХК ийн төслийн үйл ажиллагаанд удирдлага болдог хүний нөөцийн бодлого, зарчимд нийцсэн байдаг. Бид дээр дурьдсан журмын дагуу У.Э-тай 2019.11.08 ны өдрөөс 2 сарын туршилтын хугацаатай хөдөлмөрийн гэрээг 2019.11.7  ны өдөр байгуулсан. Ийнхүү 2019.12.28 ны өдөр  түүний туршилтын хугацааны үнэлгээг хийсэн бөгөөд  У.Э өөрөө ч мөн хүлээн зөвшөөрсөн тул гарын үсэг зурж баталгаажуулсан. Тиймээс 2020 оны 1  сарын 7 ны өдөр зохих журмын дагуу компанийн зүгээс хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон тухай гүйцэтгэх захирлын тушаал гаргаж гардуулсан.Тийм учраас гүйцэтгэх захирлын тушаал үндэслэл бүхий бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.3 т хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж , цаашид сунгагдахгүй болсон гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон болно.Иймд У.Э-гийн ОТ, Далд уурхайн хүдэр тээвэрлэх системийн 1 дүгээр шатны барилга угсралтын төслийн Механикийн ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх шаардлага үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

 

Хариуцагчийн төлөөлөгч М.О болон өмгөөлөгч Б.Н нар шүүхэд ирүүлсэн тайлбар болон  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагч “Ж” ХХК нь нь барилга угсралт уул уурхайн чиглэлийн төслийн ажил гүйцэтгэдэг компани бөгөөд О ХХК ийн төслийн талбайд хамтран ажиллаж байгаа болно. Барилга угсралт уул уурхайн салбар бол нарийн мэргэшлийн өндөр ур чадвар шаардсан харицлагатай ажил байдаг. Энэ ч утгаараа компанийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 231 т заасныг удирдлага болгон мөрддөг бөгөөд шинэ ажилтантай 3 хүртэл сарын туршилтын хугацаанд үргэлжлэх нөхцөлтэй хөдөлмөрийн гэрээг байгуулдаг. Уг зохицуулалтыг компани шинэ ажилтныг сонгон шалгаруулах , дасан зохицуулах тухай журмын 4.1 т тусган баталж мөрддөг. Энэ журмын дагуу нэхэмжэгч У.Этай 2019.11.08 ны өдрөөс 2 сарын туршилтын хугацаатай хөдөлмөрийн гэрээг 2019.11.7  ны өдөр байгуулсан. Уг ажлын байр нь  О-н 3А гэж нэрлэж заншсан Далд уурхайн хүдэр тээвэрлэх системийн 1 дүгээр шатны барилга угсралтын төсөлд хамаардаг бөгөөд энэ талаар хөдөлмөрийн гэрээнд тодорхой тусгасан байдаг.  Ийнхүү У.Э-тай 2 сарын туршилтын хугацаатай хөдөлмөрийн гэрээг байгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23.2.3, 231т заасантай бүрэн нийцдэг болно.

У.Э-гийн ажиллаж байсан О-н 3А төсөл нь гэрээт ажлын бүрэлдэхүүн хэсэг 1,2,3,4 / SP1, SP2, SP3, SP4 / гэсэн хэсгээс бүрддэг.Түүнийг ажиллаж байх хугацаанд О ХХК  ийн зүгээс уг төслийн sp3 хэсгийг бүхэлд нь , SP 2 хэсгийн дийлэнхийг компаниар гүйцэтгүүлэхээргүй болсон талаараа удаа дараа яриа хэлэлцээрүүд хийж албан захидлууд хүргүүлсэн. Ийнхүү компанийн гүйцэтгэж буй нилээдгүй хэсэг цуцлагдаж , цар хүрээ огцом багассан тул холбогдох санхүүжилт хасагдах болсон. Иймд компани нь төсөл дээрээ ажиллах хүчээ анхны төлөвлөж байсан шигээ нэмэгдүүлэх шаардлагагүй болсон бөгөөд энэ тухайгаа У.Э-д цаг алдалгүй мэдэгдсэн байдаг. Гэсэн ч У.Э-гийн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон  гол үндэслэл нь түүний туршилтын хугацааны үнэлгээний дүн байсан болно. Тодруулбал шинэ ажилтныг сонгон шалгаруулах дасан зохицуулах тухай журмын 4.2 т заасны дагуу туршилтын хугацаагаар ажилд орсон ажилтныг албан тушаалдаа тэнцэх эсэхийг албан ёсоор үнэлж цаашид үндсэн ажилтнаар ажиллуулах эсэхийг шийддэг. Хэрэв шинэ ажилтан авбал зохих 75 онооноос 59 буюу түүнээс доош оноогоор үнэлэгдсэн бол ажилтныг жинхлэхгүйгээр дээрхи журмын 4.3 болон Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох журмын 4.3.1 т зааснаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгодог. Уг журмын дагуу У.Эгийн туршилтын хугацааны үнэлгээг шууд болон дээд удирдлагууд нь түүний сүүлд гарсан ростерийн төгсгөлд буюу 2019.12.28 ны өдөр гаргасан байдаг. Энэ үнэлгээгээр У.Эгийн багаар ажиллах чадвар, хувийн зохион  байгуулалт , удирдлагатайгаа харьцах харьцаа, ажлын хуваарь мөрдөх, ажлын чанар, бүтээмж, мэдлэг, ур чадвар, идэвхи санаачилга, потенциал зэрэг үзүүлэлт нь хангалтгүй буюу 75 онооноос 49.5 оноогоор дүгнэгдсэн. Өөрөөр хэлбэл шинэ ажилтныг сонгон шалгаруулах журмын  босго оноонд хүрээгүй юм. У.Э ч уг үнэлгээг өөрөө хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.3-т хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон болно. У.Э нь нэхэмжлэлдээ ажилд орохдоо ажиллах бэлтгэлээ бүрэн хангасан гэж тайлбарладаг ч энэ нь үнэнд нийцэхгүй. Ажиллаж байх хугацаандаа удаа дараа хувийн шалтгаанаар чөлөө авч, компанийн ажилчидтай зүй зохисгүй харьцдаг ёс зүйн алдаа дутагдал их гаргадаг байсан” гэв.

          Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь  шинжлэн судлаад

                                                                                                                                ҮНДЭСЛЭХ нь:

            Шүүх У.Э-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

           Нэхэмжлэгч У.Э нь  ОТ, Далд уурхайн хүдэр тээвэрлэх системийн 1 дүгээр шатны барилга угсралтын төслийн Механикийн ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор болох 34,421,630 төгрөг   гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хариуцагчид даалгах шаардлага гаргасан байна.

          Харин хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд “...шинэ ажилтныг сонгон шалгаруулах дасан зохицуулах тухай журмын 4.2 т заасны дагуу туршилтын хугацаагаар ажилд орсон ажилтныг албан тушаалдаа тэнцэх эсэхийг албан ёсоор үнэлж цаашид үндсэн ажилтнаар ажиллуулах эсэхийг шийддэг. Хэрэв шинэ ажилтан авбал зохих 75 онооноос 59 буюу түүнээс доош оноогоор үнэлэгдсэн бол ажилтныг жинхэлэхгүйгээр дээрхи журмын 4.3 болон Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох журмын 4.3.1 т зааснаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгодог. Уг журмын дагуу У.Э-гийн туршилтын хугацааны үнэлгээг шууд болон дээд удирдлагууд нь түүний сүүлд гарсан ростерийн төгсгөлд буюу 2019.12.28 ны өдөр гаргасан байдаг. Энэ үнэлгээгээр У.Эгийн багаар ажиллах чадвар, хувийн зохион  байгуулалт, удирдлагатайгаа харьцах харьцаа, ажлын хуваарь мөрдөх, ажлын чанар,бүтээмж, мэдлэг, ур чадвар, идэвхи санаачилга, потенциал зэрэг үзүүлэлт нь хангалтгүй буюу 75 онооноос 49.5 оноогоор дүгнэгдсэн. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.3 т хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон болно..” гэж маргажээ.

 

Хэргийн баримтаас үзэхэд У.Э нь 2019 оны 11 сарын 08 ны өдрөөс хойш тус байгууллагад ОТ, Далд уурхайн хүдэр тээвэрлэх системийн 1 дүгээр шатны барилга угсралтын төслийн Механикийн ахлах мэргэжилтний албан тушаалд ажиллаж байгаа болох нь  2019 оны 11 сарын 11 ны өдрийн GCR 0-19-Б /867 тоот Ажилд авах тухай тушаалаар/ хх-121 дүгээр тал/, 2019 оны 11 сарын 07 ны өдрийн хөдөлмөрийн гэрээгээр / хх 5-7 дугаар тал/, ажлын байрны тодорхойлолтоор/ хх 9-10 дугаар тал/, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээгээр/ хх 11-12 дугаар тал/, нийгмийн даатгалын дэвтэрийн бичилтээр /хх 16 хуудас/, нэхэмжлэгч, хариуцагч нарын төлөөлөгчийн тайлбар зэргээр тогтоогдсон байна. Тодруулбал талууд Хөдөлмөрийн тухай хуулийн 231 дүгээр зүйлд заасан туршилтын хугацааг 2 сараар тогтоож хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулсан нь хуульд нийцсэн байна. Ажилтныг ажилд авахдаа мэргэжлийн ур чадвар, ажлын дадлага, туршлага тухайн ажлыг гүйцэтгэхэд тохирох эсэхийг шалгах зорилгоор туршилтын хугацаа  тогтоохыг Хөдөлмөрийн тухай хуулиийн 231 дүгээр зүйлд зааснаар ажил олгогчид зөвшөөрсөн ба мөн хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар бичгээр байгуулсан байна.

Улмаар “Ж” ХХК ийн гүйцэтгэх захирлын 2020.01.07-ны өдрийн GCRM –O-20-Б/028  тоот тушаалаар  Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дүгээр зүйлийн 37.1.3, Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох журмын 4 дүгээр зүйлийн 4.3.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн У.Эг ОТ, Далд уурхайн хүдэр тээвэрлэх системийн 1 дүгээр шатны барилга угсралтын төслийн Механикийн ахлах мэргэжилтний  ажлаас халсан байна.

Харин дээрх тушаал нь эрх зүйн акт болохын хувьд актад тавигдах шаардлагыг хангаагүй буюу үндэслэл болгосон хуулийн болон журмын зохицуулалт нь тушаалынхаа агуулгатай тохирохгүй байна гэж шүүх дүгнэв.

 

Учир нь Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон тушаалын үндэслэх хэсэгт дурьдагдсан тус компанийн Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох журмын 4 дүгээр зүйлийн 4.3.1 дэх заалт нь  Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай ойлголт бөгөөд тус хэсэгт “ Туршилтын хугацаа дуусмагц тухайн ажилтны шууд болон дээд шатны удирдлагын тодорхойлолтын дагуу үндсэн ажилтан болгох эсэхийг шийдвэрлэх ба ажилтан нь өөрийн эрхэлж буй ажлын шаардлагыг хангахгүй нь шууд удирдлагын тодорхойлолтоор тогтоогдвол гэрээнд заасны дагуу ажлаас чөлөөлөх арга хэмжээг авна “ гэж заасан. Гэтэл уг тушаалын тушаах нь хэсгийн 1 дэх заалтад “ Механикийн ахлах мэргэжилтэн У овогтой Э-гийн туршилтын хугацаагаар буюу 2019 оны 11 сарын 8 ны өдрөөс 2020 оны 1 сарын 8 ны өдрийг хүртэл байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусч, сунгагдахгүй болсон тул  хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосугай “ гэж бичсэн нь үндэслэл болгож буй журмын заалттайгаа огт нийцэхгүй байна. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дүгээр зүйлийн 37.1.3 дахь заалт бол хөдөлмөрийн гэрээний хугацаа  дуусаж, цаашид сунгагдахгүйн улмаас хөдөлмөрийн гэрээ дуусгавар болж буй зохицуулалт бол хариуцагч байгууллагын Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох журмын 4 дүгээр зүйлийн 4.3.1 дэх заалт нь ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах харилцааг зохицуулж байх тул тушаалын үндэслэл нь хоорондоо зөрчилдөж байна.  Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан үндэслэл, ажил олгогч туршилтын хугацаанд тэнцэхгүйн улмаас гэрээ цуцлагдсан үндэслэлүүдийг нэгэн зэрэг тушаалын үндэслэх хэсэгт  тусгаснаас болж тушаалын тушаах хэсгийн агуулгын мөн чанар алдагджээ.

         Тушаалын тушаах хэсгийн агуулгаас харахад тус байгууллагын Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох журмын 2 дугаар зүйлийн 2.3.1 т заасан үндэслэлийг ажил олгогч баримтлах байсан ба энэ тохиолдолд мөн журмын 2.3.5 дахь хэсэгт зааснаар ажилтанд хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох мэдэгдлийг өгөх ёстой байсан.  Гэтэл хэрэгт авагдсан 2019 оны 12 сарын 06 ны GCRM-2-19-86Б тоот мэдэгдлийн агуулга нь хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан үйл баримтаас гадна туршилтаар ажиллаж байгаа OT, Далд уурхайн хүдэр тээвэрлэх системийн 1 дүгээр шатны барилга угсралтын төсөл SP3 хэсэгт “Ж” ХХК ажиллахааргүй болсон талаар дурьдсан байдаг. Тэгсэн атлаа хариуцагч нь тушаалынхаа үндэслэл мөн шүүхэд болон шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа ч ажилтныг хангалтгүй үнэлгээ авсантай холбон халсан талаар тайлбарлаж байгаа нь дээрхи мэдэгдэлтэйгээ тохирохгүй байна. Нэгэнт тушаалын үндэслэл нь агуулгатайгаа тохирохгүй байх тул ажилтныг халсан нь үндэслэлгүй гэж дүгнэв.

 

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “энэ хуулийн 36.1. 2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж зааснаар  У.Э-г О, Далд уурхайн хүдэр тээвэрлэх системийн 1 дүгээр шатны барилга угсралтын төслийн Механикийн ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 34,421,630  төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдэв.

 

        Нэхэмжлэгчийн  нийгмийн даатгалын дэвтэрийн бичилт,  Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журамыг үндэслэн  2019 оны 11, 12 сарын цалингийн дундажыг   7,116,011 төгрөг, 1 өдрийн цалинг 338,857 төгрөг, ажилгүй байсан хугацааг 2020.01.08-ны өдрөөс хойш 2020.06.03-ыг хүртэл 102 хоногоор тооцож /тухайн саруудад нийтээр амрах баярын 4 хоног болон амралтын өдрүүдийг хассан/,  ажилгүй байсан үеийн олговорын хэмжээ  34,563,481  төгрөг болж байгаа боловч нэхэмжлэгч 34,421,630 төгрөгийг нэхэмжилсэн тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээгээр  тогтоосон болно.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй, 46.2-т зааснаар ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй байна.

 

Иймд  У.Э-гийн  нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэйг  хариуцагч “Ж” ХХК -д даалгах нь зүйтэй гэж үзлээ.

    

Энэхүү маргаан нь гомдлоор авч хэлэлцэх хэрэг учир Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийг  улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу хариуцагчаас 330 058 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

        

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

                                                                                                                ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 128.1.2 дахь хэсэгт зааснаар  У.Э-г  “Ж” ХХК-ын О, Далд уурхайн хүдэр тээвэрлэх системийн 1 дүгээр шатны барилга угсралтын төслийн Механикийн ахлах мэргэжилтний  ажилд эгүүлэн тогтоосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар “Ж“ ХХК-иас ажилтны ажилгүй байсан хугацааны олговорт 34 421 630 / гучин дөрвөн сая дөрвөн зуун хорин нэгэн мянга зургаан зуун гуч / төгрөг гаргуулж У.Э-д олгож,  цалинд тооцсон дээрхи олговроос нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр нөхөн суутгаж зохих байгууллагад шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт дээрхи цалинд ногдох шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн  58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “Ж” ХХК -иас 330 058 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                           О.ЧУЛУУНЧИМЭГ