Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 1241

 

 

 

 

 

 

 

 

 

 

“О ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 102/ШШ2018/01057 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “О ББСБ” ХХК,

Хариуцагч Э.Б-д холбогдох,

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал 1 845 200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баясгалан,

Хариуцагч Э.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн захирамжаар Э.Баас 88 275 000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн. Э.Б тухайн захирамжийг сайн дураар биелүүлээгүй тул шийдвэр гүйцэтгэлийн газраар шийдвэрийг албадан гүйцэтгүүлсэн бөгөөд “Ориент инвест” ББСБ ХХК нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албатай зардал гаргуулах гэрээ болон шийдвэр гүйцэтгэлийн урамшууллын гэрээ зэргийг байгуулсан.

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахдаа 2002 онд батлагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83 дугаар зүйлд заасны дагуу шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах зардал манай байгууллагаас гарсан. Иймд манай байгууллага өөрт учирсан хохирол 1 765 500 төгрөг, мөн Э.Быг эрэн сурвалжлуулахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг, энэ хэргийн материалыг бүрдүүлэх зорилгоор нотариатын зардал 9500 төгрөг нийт 1 845 200 төгрөгийг Э.Баас нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Э.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Урамшууллын төлбөрийг харилцан тохиролцоод би өөрт ногдох хувийг төлсөн. Энэ талаарх баримтаа хавтаст хэрэгт өгсөн. Гэрээ байгуулсан тал буюу “О ББСБ” ХХК урамшууллын зардлыг төлөх ёстой гэдэг хуулийн заалт байгаа. Би өөрийн зүгээс урамшууллын төлбөрийг төлсөн учир нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 118-р зүйлийн 118.2 дахь хэсэгт заасныг баримтлан Э.Баас 1 845 200 төгрөг гаргуулахыг хүссэн “О ББСБ” ХХК-ний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрт “...2002 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.2 дахь хэсэгт урамшууллыг төлбөр авагчаас төлбөрт гаргуулсан мөнгөн болон эд хөрөнгийн үнийн дүнгээс гаргуулахаар зохицуулжээ” гэж дурджээ. Тус хуулийн зохицуулалт нь шийдвэр гүйцэтгэгчийг урамшууллын төлбөрийг эхлээд төлбөр авагч нь төлөхөөр зохицуулсан болохоос биш төлбөр авагч төлбөр төлөгчөөс буцаан нэхэмжлэх эрхгүй гэж заасан зохицуулалт биш юм. Өөрөөр хэлбэл, Э.Б нь 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн захирамжийг сайн дураараа биелүүлээгүй тул ББСБ нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт урамшууллын төлбөр төлж хохирсон учраас хохирлыг Э.Б хариуцах ёстой.

Шийдвэрт “...төлбөр авагч нь 2 хувиар тооцож 1 765 500 төлөхөөс зарим хэсэг буюу 1 154 694 төгрөгийг төлж гэрээгээр хүлээсэн үүргийн зарим хэсгийг гүйцэтгэсэн ба үлдэх 610 806 төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдөр төлбөр төлөгч Э.Б төлсөн” гэж дурджээ. Э.Б нь өөрийн автомашиныг 57 734 675 төгрөгт тооцон төлбөрт өгөх санал гаргасан. Энэ саналыг тус ББСБ нь хүлээн зөвшөөрч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад төлөгдсөн үнийн дүн буюу 57 734 675 төгрөгөөс 2 хувиар тооцон 1 154 964 төгрөгийг шийдвэр гүйцэтгэгчийн урамшууллын төлбөрт төлсөн. Э.Б нь ББСБ-д төлөх төлбөрийн үлдэгдэл 610 806 төгрөгийг урамшууллын төлбөр нэрээр НШШГГ-т тушаасныг шүүх Э.Б нь урамшууллын зарим хэсгийг төлсөн гэж огт үндэслэлгүй дүгнэсэн. Хэрэв Э.Б нь 610 806 төгрөгийн урамшуулал төлсөн гэж үзвэл түүний ББСБ-д төлөх төлбөрийн үлдэгдэл 610 806 төгрөг болохоор байна.

Шийдвэрт “...хуулийг буцаан хэрэглэх талаар хуульд заагаагүй бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардалд шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах зардал гэж тусгагдаагүй байна” гэжээ. 2002 онд батлагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байх хугацаанд тус ББСБ нь НШШГГ-т урамшууллын төлбөр төлж хохирсон. Тус хохирлоо нэхэмжлэхэд 2002 онд батлагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг буцаан хэрэглэх шаардлагагүй гэж үзэж байна.

Мөн шүүх хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг, нотлох баримт бүрдүүлэх зорилгоор нотариатын үйлдэлд 9 500 төгрөгийн зардал гаргаж хохирсон гэх ба энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэрийн шаардлага байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн захирамжийг Э.Б сайн дураар биелүүлээгүйгээс болж хохирсон хохирлоо нэхэмжлэхдээ нотариатын хөлс 9 500 төгрөг төлсөн. Хэрэв сайн дураар биелүүлсэн бол шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нотариатын хөлс төлөх шаардлагагүй байсан. Түүнчлэн 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Э.Бын иргэний үнэмлэхийн хаягийн дагуу нэхэмжлэл гаргахад тус хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тул эрэн сурвалжилж хаягийг нь тогтоох шаардлагатай болсон. Хэрэв Э.Б нь нэхэмжлэлийг хүлээн авч шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирсэн бол эрэн сурвалжлуулахад улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг төлөх шаардлагагүй байсан.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

            Нэхэмжлэгч “О ББСБ” ХХК нь Э.Баас шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал, урамшуулалд төлсөн 1 845 200 төгрөгийг гаргуулахаар шаардсан байна. 

            Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 102/ШШ2015/02655 дугаар шүүгчийн захирамжид заасан 88 275 000 төгрөгийн төлбөрийг хариуцагч Э.Б төлбөр авагч “О ББСБ” ХХК-д төлж барагдуулсан, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон талаарх 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 719 дүгээр тогтоол хэрэгт авагдсан, талууд уг үйл баримтын тухайд маргаагүй.

            Харин дээрх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад төлбөр авагч “О ББСБ” ХХК нь шийдвэр гүйцэтгэгчийн урамшуулалд 1 765 500 төгрөг төлсөн, төлбөр төлөгч хаяг дээрээ байгаагүйн улмаас эрэн сурвалжлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж 79 700 /70 200+9500/ төгрөгийн зардал гарсан, Э.Бын шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйн улмаас уг зардал буюу 1 845 200 төгрөгөөр хохирсон гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон бол хариуцагч нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны урамшууллын зардлыг тухайн үед харилцан тохиролцсоны үндсэн дээр хувааж төлсөн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

            Хэрэгт төлбөр авагч “О ББСБ” ХХК-ийн 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албатай байгуулсан “Шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах тухай” гэрээ авагдсаны 3.1-д 88 275 000 төгрөгийн 2 хувиар тооцон урамшуулал төлөх үүргийг төлбөр авагч хүлээжээ. /хх-15, 28/

            Дээрх гэрээний дагуу тооцож үзвэл урамшууллын хэмжээ нь 1 765 500 төгрөг байх ба 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 1 154 694 төгрөгийг урамшуулалд гэж “О ББСБ” ХХК, 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 610 806 төгрөгийг урамшуулалд гэж Э.Б төлсөн баримт хэрэгт авагдсан байна. /хх-13/

            Дээрх байдлаар төлбөр авагч шүүхийн шийдвэр гүйцэтгэх албатай гэрээ байгуулж, урамшуулал төлсөн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны/ 83 дугаар зүйлийн 83.2 дахь хэсэгт заасанд нийцэх бөгөөд талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр урамшууллын тодорхой хэсэг буюу 610 806 төгрөгийг төлбөр төлөгчөөс гаргуулж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болжээ.

Иймд харилцан тохиролцсоны дагуу урамшууллыг тодорхой хувиар хувааж төлсөн гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй, шүүхийн энэ талаар хийсэн дүгнэлт зөв байна.

Түүнчлэн шүүх нэхэмжлэгчийн 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр гаргасан нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 118 дугаар зүйл, мөн уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгчээс хариуцагчийг эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасантай холбоотойгоор 70 200 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн, нотариатын үйлдэл хийлгэхэд төлсөн 9500 төгрөг төлсөн нь шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэхийн тулд төлөх ёстой хуулиар тогтоосон зардал тул эрхээ хэрэгжүүлсний зардлыг бусдаар нөхөн төлүүлэхээр шаардах үндэслэлгүй талаар шүүх зөв дүгнэлт хийжээ.

Дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 102/ШШ2018/01057 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн 44 474 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               С.ЭНХТӨР

 

                                     ШҮҮГЧИД                               Д.БАЙГАЛМАА

 

                                                                                      А.ОТГОНЦЭЦЭГ