Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 297

 

Б.М, Б.Г,

 А.Г, Д.Т, Ц.Ц нарт  

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Г.Гэрэлтуяа, шүүгдэгч Б.М-ы өмгөөлөгч Б.Өлзийбаяр,  Б.Зулбаяр, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 114 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018  оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 366 дугаар магадлалтай, 201625022389 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.М-, түүний өмгөөлөгч Б.Зулбаяр нарын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1974 онд төрсөн,  44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Дундговь аймгийн сум дундын шүүхийн 1995 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 57 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 276 зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял,

Дундговь аймгийн сум дундын шүүхийн 1996 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 130 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 3 сар хорих ял шийтгүүлж, Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 1997 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 41 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 5 сар 7 хоногийн хугацаагаар хорих ялыг хугацааны өмнө тэнсэж суллагдсан,

Дорноговь аймгийн сум дундын шүүхээр 2001 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 50,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Б-ны М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтэнийг худалдан авах, хадгалах” гэмт хэрэгт,

2. Монгол Улсын иргэн, 1966 онд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгачин мэргэжилтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Т овогт Б-ийн Г,

3. Монгол Улсын иргэн, 1964 онд төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Н овогт Д-ийн Т,

4. Монгол Улсын иргэн, 1975 онд төрсөн, 42 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, канвер машинист мэргэжилтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ш овогт Ц-ийн Ц,

5. Монгол Улсын иргэн, 1968 онд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй,  ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Э овогт А-ийн Г нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтэнийг түүх, худалдах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.М-ыг зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтэнийг худалдан авсан, хадгалсан, Б.Г, Д.Т, Ц.Ц, А.Г нарыг зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтэнийг түүсэн, худалдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.М, Б.Г, Д.Т, Ц.Ц, А.Г нарын тус бүрт 5400 нэгж буюу  5,400,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгч тус бүрт 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-аас 6,608,062 төгрөг, Б.Г-оос 2,535,000 төгрөг, А.Г-оос 312,000 төгрөг, Д.Т-аас 454,837 төгрөг, Ц.Ц-аас 424,125 төгрөгийг тус тус гаргуулж улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтыг “Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийн 1.2-т заасны дагуу байгаль орчинд учруулсан хохиролд шүүгдэгч Б.М-аас 101,662,500 төгрөг, Б.Г-оос 39,000,000 төгрөг, А.Г-оос 4,800,000 төгрөг, Д.Т-аас 6,997,500 төгрөг, Ц.Ц-аас 6,525,000 төгрөг тус тус гаргуулж Байгаль орчин, Уур амьсгалын санд оруулахаар тогтсугай” гэж өөрчлөн тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.М-ы давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Б.Зулбаяр нар хамтран гаргасан гомдолдоо “Анхан болон давж заалдах шатны шүүх Б.М нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан хохирлын үнэлгээ зөрүүтэй байхад нарийвчилсан зохицуулалт гэдэг үндэслэлээр хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан байдаг. Гэтэл давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч нараас гаргуулах нөхөн төлбөрийн хэмжээг энэхүү харилцааг илүү нарийвчилсан гэдэг үндэслэлээр Байгаль орчны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4 дэх хэсэгт заасныг үндэслэж, улмаар Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/282 дугаартай тогтоолыг үндэслэж тогтоосон нь хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна.

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэсэн байдаг. Эдгээр зохицуулалтаас үзэхэд шүүгдэгч Б.М-ы зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг худалдан авсан, хадгалсан гэх үйлдэлд уг үйлдлийн улмаас нэгэнт түүж бэлтгэн бэлэн болсон самрын хохирлын үнэлгээг эрх зүйн байдлыг дээрдүүлэн гэмт хэргийн шууд хохирол буюу 1кг самрын үнэлгээ болох 3,250 төгрөгөөр тооцох ёстой байсан. Гэтэл давж заалдах шатны шүүхээс хор уршгийн талаар нэхэмжлэл гаргаагүй, шүүгдэгч Б.М-ы үйлдэл оролцоо нь худалдан авсан, хадгалсан гэх үйлдэл байхад гэмт хэргийн шууд хохирлоор нөхөн төлбөрийг тооцолгүйгээр Байгаль орчны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4 дэх хэсэгт заасныг үндэслэж, улмаар Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/282 дугаартай тогтоолыг үндэслэж тогтоосон нь үндэслэлгүй байна.

Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар болон шүүхээс ял оногдуулахдаа шүүгдэгч Б.М- нь самрыг худалдаж авсан, хадгалсан гэм буруутай гэж дүгнэжээ. Ойн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.3 дахь хэсэгт “зөвшөөрөлгүйгээр ойн дагалт баялаг түүсэн, бэлтгэсэн” гэсэн заалтаас харахад түүсэн, бэлтгэсэн хүмүүст нөхөн төлбөр тооцохоор хуульчилсан байна. Харин давж заалдах шатны шүүхээс хэрэглэсэн Байгаль орчны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4 дэх хэсэг нь нөхөн төлбөрийг тооцох заалт бөгөөд уг нөхөн төлбөрийг Ойн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.3 дахь хэсэгт зааснаар зөвшөөрөлгүйгээр ойн дагалт баялаг түүсэн, бэлтгэсэн хүмүүсээс гаргуулах нь хуульд нийцнэ. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол,  магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Б.М-ы өмгөөлөгч Б.Зулбаяр хэлсэн саналдаа “Анхан болон давж заалдах шатны шүүх Б.М- нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан хохирлын үнэлгээ зөрүүтэй байхад нарийвчилсан зохицуулалт гэдэг үндэслэлээр хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан байдаг. Гэтэл давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч нараас гаргуулах нөхөн төлбөрийн хэмжээг Байгаль орчны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4 дэх хэсэгт заасныг үндэслэж, улмаар Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/282 дугаартай тогтоолыг үндэслэж тогтоосон нь хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаас үзэхэд шүүгдэгч Б.М-ы зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг худалдан авсан, хадгалсан гэх үйлдлийн улмаас учирсан хохирлын үнэлгээг эрх зүйн байдлыг дээрдүүлсэн 3,250 төгрөгөөр тооцох ёстой байсан. Гэтэл давж заалдах шатны шүүх дээрх А/282 тогтоолоор баталсан 1 кг хуш модны самрын үнэлгээ болох 50,000 төгрөгөөр тооцож, үүнийг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр шүүгдэгч нараас гаргуулсан нь үндэслэлгүй болсон. Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар болон шүүхээс ял оногдуулахдаа шүүгдэгч Б.М- нь самрыг худалдаж авсан, хадгалсан гэм буруутай гэж дүгнэжээ. Ойн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.3 дахь хэсэгт “зөвшөөрөлгүйгээр ойн дагалт баялаг түүсэн, бэлтгэсэн” гэсэн заалтаас харахад түүсэн, бэлтгэсэн хүмүүст нөхөн төлбөр тооцохоор хуульчилсан байна. Харин давж заалдах шатны шүүхээс хэрэглэсэн Байгаль орчны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4 дэх хэсэг нь нөхөн төлбөрийг тооцох заалт бөгөөд уг нөхөн төлбөрийг Ойн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.3 дахь хэсэгт зааснаар зөвшөөрөлгүйгээр ойн дагалт баялаг түүсэн, бэлтгэсэн хүмүүсээс гаргуулах нь хуульд нийцнэ. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол,  магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгч Б.М-ы өмгөөлөгч Б.Өлзийбаяр хэлсэн саналдаа “Шүүгдэгч Б.М болон өмгөөлөгч Б.Зулбаяр нарын гаргасан хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг дэмжиж байна. Нэмж хэлэх тайлбар байхгүй” гэв.

Мөн хуралдаанд прокурор Г.Гэрэлтуяа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.М, Б.Г, А.Г, Д.Т, Ц.Ц нарын үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдсон, хэргийн бүрдэл хангагдсан байна. Өөрөөр хэлбэл хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг бүрэн нотолж шалгасан.Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан хэлэлцэж, хэргийн үйл баримтыг зөв тогтоосон. Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй. Энэ хэргийн тухайд ойн санд учруулсан шууд хохирлын хэмжээг тухайн үеийн зах зээлийн үнэлгээгээр буюу 1 кг хуш модны самрыг 3,250 төгрөгөөр тооцож үнэлсэн. Дээр нь экологи-эдийн засгийн үнэлгээ гэсэн хоёр зүйл яригдаж байгаатай холбоотой шинжээчийн дүгнэлт гарч хавтаст хэрэгт хавсаргагдсан. Экологи-эдийн засгийн үнэлгээгээр хуш модны самрын 1 килограммыг 50,000 төгрөгөөр тооцож, үүнийг 3 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр нөхөн төлбөрийг тогтоохоор шинжээчийн дүгнэлт гарсан. Анхан шатны шүүхийн шууд хохирлын хэмжээг тогтоосон үнэлгээн дээр гол маргаан гарч байгаа. Давж заалдах шатны шүүх хуульд заасан журмын дагуу хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Б.Зулбаяр нарын гаргасан гомдлыг үндэслэн Б.М, Б.Г, А.Г, Д.Т, Ц.Ц нарт  холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Б.М нь 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 10-ны өдрийг хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ховор ургамлын жагсаалтанд орсон хуш модны 677,75 кг самар худалдан авч, гэртээ хадгалсан,

шүүгдэгч Б.Г /260 кг/, А.Г /32 кг/, Д.Т /46,65 кг/, Ц.Ц /43,5 кг/ нар нь 2016 оны 08 дугаар сарын 31-нээс 09 сарын эхээр мөн уулнаас зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамлын жагсаалтад орсон хуш модны самар түүж худалдсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.М, Б.Г, А.Г, Д.Т, Ц.Ц нарын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн Б.М-ыг зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамал, түүний үрийг худалдан авсан, хадгалсан, Б.Г, Д.Т, Ц.Ц, А.Г нарыг зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамлын үрийг түүсэн, худалдсан гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шүүгдэгч нарт хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулсан байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч нарын түүсэн, хадгалсан, худалдсан сибирь хуш модны самрыг ойн дагалт баялаг болохыг зөв тодорхойлж, зохих зөвшөөрөлгүйгээр байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэсний улмаас ойн санд учруулсан шууд хохирлын хэмжээг тухайн үеийн зах зээлийн үнэлгээгээр буюу 1 кг хуш модны самрыг 3,250 төгрөгөөр тооцож, Ойн тухайн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар шууд хохирол болон ойг нөхөн сэргээхэд шаардагдах нөхөн төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Харин давж заалдах шатны шүүх сибирь хуш модны самрыг ойн дагалт баялаг болохыг харгалзан үзэхгүйгээр Байгаль орчин ногоон хөгжил аялал жуулчлалын сайдын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/288 тогтоолоор  тогтоосон үнэлгээгээр буюу 1 кг хуш модны самрыг 50,000 төгрөгөөр тооцож, ойн санд учруулсан хохирлыг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4 дэх хэсэгт заасны дагуу гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтоож хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байна.  

Иймд шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Б.Зулбаяр нарын гаргасан “магадлалыг хүчингүй болгох” тухай гомдлыг хүлээн авч давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 114 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018  оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 366 дугаар магадлалыг хүчингүй болгосугай.

 

                       

                      ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                      ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН