Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 1299

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ш.С, Д.Б, Б.Д, Э.М нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 182/ШШ2018/00671 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ш.С, Д.Б, Б.Д, Э.М нар,

Хариуцагч “Ш” ХХК-д холбогдох,

4000 ам.доллар буюу 9 705 080 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Ш.С /нэхэмжлэгч Д.Б, Б.Д, Э.М нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч/, өмгөөлөгч А.Бүдханд,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хишигсүрэн,  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч Ш.С, Д.Б, Б.Д, Э.М нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ш” ХХК нь манай компанид хөрөнгө оруулбал мөнгө чинь сар бүр 20 хувь өсч, ашиг олно гэж тус компанийн захирал Н.Дуламханд тайлбарлаж хэлснээр 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Ш.С би 4000 ам.долларыг өгсөн.

Тус компани надаас 4000 ам.доллар авахдаа чи дахин 2-3 хүн дороо элсүүлбэл авах мөнгө чинь тодорхой хувиар ихэснэ гэсэн учраас өөрийн хүү Д.Б, найз Э.М, бэр Б.Д нарын нэрсийг өгч бүртгүүлсэн. Надаас 4000 ам.долларыг авахдаа ямар ч баримт өгөөгүй. Би мөнгөө буцаан авахаар компани дээр удаа дараа очиж байсан. Миний хувьд хариуцагчийн тайлбарлаж байгаа ID дугаар, нууц код гэх зэргийг мэдэхгүй, ашиглаж байгаагүй. Иймд “Ш” ХХК-д хөрөнгө оруулалтаар өгсөн 4000 ам.долларыг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Ш” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ш” ХХК нь биологийн идэвхит хүнсний нэмэлт бүтээгдэхүүн худалдан борлуулдаг бөгөөд уг бүтээгдэхүүнийг борлуулахдаа цахим худалдааны системээр үйл ажиллагаа явуулдаг. Компанид гишүүнчлэл гэж байдаггүй харин уг бүтээгдэхүүнийг нийтэд сурталчилж борлуулдаг сайн дурын борлуулагч нар ажилладаг бөгөөд сайн дурын борлуулагч нар уг бүтээгдэхүүнийг сонирхож ирсэн иргэдэд хэрэглээний талаар тайлбарладаг. Хэрэв уг худалдаанд оролцох тохиолдолд 300 000 төгрөг компанид тушаах ба уг тушаасан мөнгөний дүнгээр худалдаанд оролцохоор саналаа өгсөн иргэнд цахим дэлгүүр нээж өгдөг.

Уг цахим дэлгүүр нь нэг хүнд нэг л байдаг ба тушаасан мөнгө нь уг цахим дэлгүүрт нь оноо хэлбэрээр байршдаг. Цахим худалдааны дэлгүүр нээлгэсэн иргэнд ID дугаар буюу нууц код өгдөг. Уг нууц кодыг хэн ч мэдэхгүй бөгөөд уг иргэн цахим кодоороо нэвтэрч биологийн идэвхит хүнсний нэмэлт бүтээгдэхүүн борлуулахаас гадна компаниас оруулсан мөнгөний хэмжээндээ тус бүтээгдэхүүнийг авдаг.

Иргэдээс мөнгө авч, сүлжээний бизнесийн адил ашиг олох боломжгүй.Тэр хүн өөрөө хүсвэл сайн дурын үндсэн дээр дараагийн хүнээ элсүүлэх зарчимтай. Хүү, бэр найзынхаа нэрсийг өгч бүртгүүлсэн гэж байгаа нь компанийн журмыг зөрчсөн. Ш.С нь 3 иргэний ID дугаарыг ашиглаж, цахим дэлгүүрийн үйл ажиллагааг хууль бусаар эзэмшиж ашиглаж байх магадлалтай. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч “Ш” ХХК-иас 9 705 080 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ш.Ст олгож, нэхэмжлэгч Б.Д, Э.М, Д.Б нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.3, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш.Сээс улсын тэмдэгтийн хураамжид 171 966 төгрөгөөс 170 232 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, илүү төлсөн 1734 төгрөгийг улсын төсвийн данснаас гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгох, хариуцагч “Ш” ХХК-сас 170 232 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ш.Ст олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх “Ш” ХХК-ийн захирал Н.Дуламхандын тус компанийн олон улсын сайт ашиглалтанд ороход Ш.С, Б.Д, Д.Б, Э.М нарын өөрсдийнх нь нууц дугаарыг үндэслэн цахим худалдааны хуулгыг гаргаж өгөхөөр тохирсон тухай бичгийг үндэслэн шүүхэд нэхэмжлэл гаргасныг мөнгө хүлээн авсан нотлох баримт гэж үзсэн бөгөөд Ш.С, Б.Д, Д.Б, Э.М нар нь уг мөнгийг тушааж түүнийгээ өөрийн цахим дэлгүүртээ оноо хэлбэрээр байршуулсан тухай болон уг оноо байршиж байгаа цахим дэлгүүрийн хуулгыг шүүхэд гаргаж өгөөгүй юм. Үүнээс үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.4, 38.5, 40 дүгээр зүйлийн 40.2, 40.3, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсгийг тус тус зөрчсөн.

Ш.С нь 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр анх нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д зааснаар шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр дахин нэхэмжлэл гаргасан. 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр “Ш” ХХК-д мөнгө тушааж цахим дэлгүүр нээснээс үзвэл Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.

Нэхэмжлэгч Ш.С нь Б.Д, Э.М, Д.Б нараас итгэмжлэл авсан. Гэтэл уг итгэмжлэл дээр зөвхөн Б.Д нь Ш.Ст итгэмжлэл олгосон байхад төлөөлүүлэгчээр Б.Д, Э.М, Д.Б нар нь өөрсдийн гарын үсэг зурсан байх ба “шүүх Б.Д, Э.М, Д.Б нар нь өөрсдийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах, төлөөлөн гарын үсэг зурах, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан эрх хэрэгжүүлэхийг Ш.Ст 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр итгэмжлэлээр олгожээ” гэсэн байна. Энэ нь итгэмжлэлд тавигдах шаардлага хангагдаагүй байна гэж үзэхээр байна.

Ш.С өөрийн мөнгөний эх үүсвэрийг тодорхойлоогүй бөгөөд хэрэг Ш.Сийн мөнгө байсан бол Б.Д, Э.М, Д.Б нар нэхэмжлэл гаргаж Ш.Ст итгэмжлэл олгохгүй байсан. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэг хангагдаагүй байна. Мөн Ш.С бусдын мөнгийг хүлээж авснаа баримтаар нотлоогүй.

Ш.С нарын цахим  худалдаа эрхлэх эрх нээлгэж, бүтээгдэхүүн худалдан авч борлуулах үйл ажиллагаа нь бусдаас үүрэг болгосон харилцаа бус өөртөө хөрөнгө оруулалт хийж цахим худалдаа эрхэлж, ашиг олох үйлдэл юм. Гэтэл шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар буцаан шаардах эрх үүссэн гэж үзэж шүүхийн шийдвэр гаргасныг буруу гэж үзэж байгаа нь уг худалдааны зарчмыг нотолсон дүрэм, тусгай зөвшөөрөл, компанийн гэрчилгээ зэрэг гаргаж өгсөн нотлох баримтыг зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй гэж үзэхээр байна.

Мөн худалдааны сайн дурын зуучлагч болох Г.Оюунбилэг нь Ш.Сийг цахим худалдаанд хэрхэн оролцсон, мөн “Ш” ХХК-аас бүтээгдэхүүн авч борлуулж байсан тухай сайн мэдэх гэрч тул гэрчээр асуулгахаар шүүх хуралдаан дээр биеэр дагуулж ирэх хүсэлт гаргахад оршин суугаа хаяг байхгүй үндэслэлээр хүлээж аваагүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Ш.С, Д.Б, Э.М, Б.Д нар хариуцагч “Ш” ХХК-д холбогдуулан 4 000 ам.доллар буюу 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Монголбанкнаас зарласан албан ёсны ханшаар тооцож нийт 9 705 080 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж тайлбарлан маргажээ.

Нэхэмжлэгч Ш.С нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “пирамид тогтолцоотой сүлжээ маягаар явагддаг учир оруулсан мөнгө чинь сар бүр 20 хувь өсч ашиг олно” гэж хариуцагч компанийн захирал Н.Дуламхандын хэлсний дагуу 4 000 ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн гэж тайлбарласан бол хариуцагч “Ш” ХХК нь “Ш.С нь гадаад худалдаа эрхлэхээр 1 000 ам.доллар тушаан бүтээгдэхүүн авч, өөрийн зуучлагчтай хамтран ажиллаж ашиг олсон, мөн 3 иргэний ай ди /ID/ дугаарыг ашиглан цахим дэлгүүрийн үйл ажиллагааг хууль бусаар эзэмшиж, ашиглаж байх магадлалтай” гэж тайлбарласан ч нэхэмжлэгч Ш.Сээс 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 4 000 ам.долларыг хүлээн авсан болох нь хэрэгт авагдсан баримт /хх-6/ болон талуудын тайлбараар тогтоогдсон байна. Хариуцагчийн зүгээс дээрх баримтыг үйлдээгүй, 4 000 ам.долларыг өөрөө хүлээн зөвшөөрч бүтээгдэхүүн худалдан авахаар өгсөн, буцаан өгөх үүрэггүй гэсэн тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасны дагуу нотлоогүй төдийгүй 2016 оны 8 дугаар сард сайт нь хаагдаад засвар дуусаагүй байгаа учраас нэхэмжлэгчийн ашиг олсон мэдээллийг гаргах боломжгүй гэж шүүх хуралдаанд тайлбарлажээ. Иймд хариуцагч “Ш” ХХК-ийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж дүгнэж, 9 705 080 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хэргийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасанд нийцсэн байна.

Мөн 4 000 ам.доллар өгч авалцсан үйлдэл нь талуудын хоорондох гэрээний тохиролцоонд үндэслэгдээгүй тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-т зааснаар Ш.Сийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх үндэслэлгүй, энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхино.

Түүнчлэн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн итгэмжлэлээр нэхэмжлэгч Б.Д, Э.М, Д.Б нар нь өөрсдийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах, төлөөлөн гарын үсэг зурах бүрэн эрхийг нэхэмжлэгч Ш.Ст олгож, уг итгэмжлэлд өөрсдийн гарын үсгийг зурж баталгаажуулсан байх тул итгэмжлэлд тавигдах хуулийн шаардлага хангагдаагүй гэж тайлбарласан хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 182/ШШ2018/00671 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн 170 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    М.НАРАНЦЭЦЭГ

 

                                        ШҮҮГЧИД                                    Д.БАЙГАЛМАА

 

                                                                                             А.ОТГОНЦЭЦЭГ