Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2022/00277

 

“Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 139/ШШ2021/00228 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1720 дугаар магадлалтай,

“Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Ч.Л, Днарт холбогдох,

Газрын хууль ёсны эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Ч.Лгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д, Л.М нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ө, түүний өмгөөлөгч У.Мөнхбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д, Л.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Т” ХХК нь Д, Ч.Л нарт холбогдуулан газрын хууль ёсны эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Ч.Л нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, ...маргаж байгаа газрын кадастрын зураг үйлдэгдсэн, газрыг Аймгийн засаг даргын захирамжийн дагуу эзэмшиж байгаа. ...миний эзэмшиж буй газар нь “Т” ХХК-ийн эзэмшил газартай давхцалгүй болохыг захиргааны хэргийн шүүх нэгэнт тогтоосон, иймд энэ асуудлыг иргэний хэргийн шүүх дахин шийдвэрлэх үндэслэлгүй... гэсэн тайлбар, хариуцагч Д...иргэн Ч.Лгийн эзэмшиж буй газрын кадастрын зураглал нь газрын кадастрын мэдээллийн санд эхэлж орсон байгаа тул газар эзэмших эрх олгосон. ...Ч.Лг газар эзэмших хүсэлт гаргах үед хэмжилт хийсэн ажилтан хөршийг байлцуулалгүйгээр хэмжилт хийж алдаа гаргасан, ...нэхэмжлэлийг зөвшөөрнө гэсэн тайлбарыг тус тус гаргасан байна.

2. Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 139/ШШ2021/00228 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д зааснаар  “Т” ХХК нь Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн  нутаг дэвсгэр  “Т” ХХК-ий  хүнсний захын  хашааны баруун урд хэсэгт  байрлах  контейнерийн  доорх 32 м.кв газрын хууль ёсны  эзэмшигч  болохыг тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д, хариуцагч Ч.Л нараас 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгч “Т” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1720 дугаар магадлалаар: Дундговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 139/ШШ2021/00228 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагч Ч.Лгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д, Л.М нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Дундговь аймгийн Т ХХК-ийн нэхэмжлэлтэй Ч.Л, Дд тус тус холбогдох газрын хууль ёсны эзэмшигчээр тогтоолгох тухай хэргийг хянан шийдвэрлэсэн Дундговь аймаг дахь Сум дундын анхан шүүхийн 2021.07.20-ны өдрийн 139/ШШ2021/00228 дугаар бүхий шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.11.29-ний өдрийн 1720 дугаар бүхий магадлалыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж байна. Дундговь аймаг дахь Сум дундын анхан шүүхийн 2021.07.20-ны өдрийн 139/ШШ2021/00228 дугаар бүхий шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.11.29-ний өдрийн 1720 дугаартай магадлал нь хэргийг тал бүрээс нь бүрэн гүйцэд хянаагүй ба нөхцөл байдлыг зөв тодорхойлоогүй, маргааны үйл баримтыг тогтоохдоо нотлох баримтуудыг бодитой үнэлээгүй, асуудлыг шийдэхдээ нэг талыг баримталж шийдвэрлэсэн.

4.1. “ТХХК-ийн эзэмшил газрын Аймгийн Засаг даргын 2004.11.11-ний А/300 тоот захирамжаар олгогдсон 4517,5м2 газарт маргаан бүхий 32 м2 газар огт хамааралгүй ба 32 м2 газар нь иргэн Ч.Лгийн 2004.02.11-ний өдрийн 32 тоот Аймгийн Засаг даргын захирамжаар олгосон 480 м2 газарт багтаж байгааг дараах баримтууд нотолж байгаа юм. Үүнд: 2009.04.13-ны өдрийн Сайнцагаан сумын 7 багийн нутагт байрлах Чулуун овогтой Лгийн эзэмшил газрын кадастрын зураглал, /1хх-174 ар тал/, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2019.06.19-ний өдрийн А/93 тоот шинжээчийн дүгнэлтийн 3 дахь хавсралт, /1хх-109-114/ зэрэг баримтуудаар нотлогдож байна.

4.2. Т ХХК нь 2004.08.06-ны өдөр Мандал хүрээ ХХК-аас Мандал хүрээ захыг худалдан авахдаа газрыг худалдаж аваагүй ба мөн төрөөс ч дээрх газрыг эзэмшиж аваагүй нь хэрэгт байгаа материалаас харагддаг. Харин цаг хугацааны хувьд 9 сарын дараа 2004.11.11-ний өдрийн 300 тоот захирамжаар “Т ХХК-д Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 багийн нутаг дэвсгэрт /хүнсний зах/ худалдаа үйлчилгээний зориулалтаар 4517.5 мкв газрыг шинээр эзэмшүүлсэн байна. Иргэн Т.Дорж /Т ХХК/ нь Мандал хүрээ ХХК-аас дээрх газрыг албан ёсоор аваагүй нь нотлогдож байна.

4.3. Иргэн Ч.Лгийн эзэмшил газрын Аймгийн Засаг даргын 2004.02.11-ний А/32 тоот захирамж, /1хх-92/ 2009.04.13-ны өдрийн газрын зураглал бүхий 480 м2 газар нь /1хх-174/, Т ХХК-ийн эзэмшил газрын Аймгийн Засаг даргын 2004.11.11-ний А/300 тоот захирамжаар олгогдсон 4517,5 м2, /1хх-6/ газартай иргэн Ч.Лд цаг хугацааны хувьд 9 сарын өмнө олгогдож байсан мөн Мандал хүрээ ХХК нь өөрийн эзэмшлийн газраа албан ёсоор аваагүй нь нотлогдсоор байтал иргэн Ч.Лгийн холбогдох хууль журмын эзэмшиж байгаа газрыг Т ХХК эзэмшинэ хэмээн шүүхээр тогтоолгож байгаа нь ойлгогдохгүй байна.

4.4. Иргэн Ч.Л өөрийн эзэмшиж байсан газар болон иргэн С.Б болон Ц.У, А.Ө нараас эрх шилжүүлэн авсан газруудыг Газрын албаны мэргэжилтэн Б.Р нэг эзэмшигчтэй газар учир дахин кадастрт оруул гэсний дагуу зураглалыг гаргуулах хүсэлтийг Дундговь аймгийн ГХБХБГазарт гаргахад 2013.10.14-ний өдөр мэргэжилтэн С.Отгонтөгс үйлдэж, дарга Л.Бадамболд хянасан “Иргэн Чулуун овогтой Лгийн эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зураглал”, /1хх-207/ 2013.11.08-нд мэргэжилтэн Б.Р үйлдэж, дарга Л.Бадамболдын баталгаажуулсан 18598070897676 нэгж талбарын дугаар бүхий “Иргэн Чулуун овогтой Лгийн эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зураглал” гарснаар /1хх-206/ Аймгийн Засаг даргын 2013.11.08-ны өдрийн А/566 тоот захирамжаар 633 м2 газрыг эзэмшсэн. /1хх-99/ Аймгийн Засаг даргын 2013.11.08-ны өдрийн А/566 тоот захирамж бүхий 633 м2 газарт: Дундговь аймгийн Мандалговь сумын 1997.04.23-ны өдрийн 64 тоот захирамж бүхий 20 м2 газар, иргэн С.Бгээс худалдан авсан 480 м2 газар, иргэн Ц.Уээс худалдан авсан 185.5 м2 газар, иргэн А.Өгээс худалдан авсан 106 м2 газар, нийт 791.5 м2 газраас 154 м2 газрыг Аймгийн Засаг даргын 2015.01.24-ний өдрийн А/24 тоот захирамжаар тусад нь гэрчилгээжүүлэн авсан болно. Үлдсэн 633 м2 газрыг Аймгийн Засаг даргын 2013.11.08-ны өдрийн А/566 тоот захирамжаар эзэмшиж байна.

4.5. Маргаан бүхий газар нь манай үйлчилгээний газрын зүүн талд цонхны доор байрлаж байгаа, маргаж байгаа газар нь 32 м2 газар биш 34.75 м2 болон 32.64 м2 хэмээн Дундговь аймгийн анхан шатны шүүхийн шүүгч газар дээр нь 2 удаагийн үзлэг хийж тогтоосон нь баримтад тодорхой харагддаг. /1хх-184-190, 192-204/

4.6. 2019.06.19-ний өдрийн А/93 тоот шинжээчийн дүгнэлтэд маргаан бүхий газрын хэмжээг тогтоосон ба энэхүү дүгнэлтийг 2 тал байлцан хүлээн зөвшөөрсөн хир нь 32 м2, 38 м2 газар 2 өөрөөр тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй байгаа ба Захиргааны хэргийн хяналтын шатны шүүхээр шийдвэрлэсэн асуудлыг дахин иргэний журмаар шүүх авч хэлэлцэж байгаад гомдолтой байна.

4.7. 2019.05.14-ний өдөр Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын шинжээчид газар дээр нь ирж талуудыг байлцуулан хэмжилт хийсэн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2019.06.19-ний өдрийн А/93 тоот шинжээчийн дүгнэлтийн 4 дэх заалтад ...Тус аймгийн Засаг даргын 2013 оны А/566 тоот дугаар захирамжаар Ч.Лд эзэмшүүлсэн гэх 633 м2 газрын кадастрын зургийн солбилцлын утгыг боловсруулан Дундговь аймгийн Сайнцагаан сумын Газрын кадастрын мэдээллийн сангийн зурган мэдээлэл, шинжээчийн дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн хэмжилтийн үр дүнтэй давхцуулж үзэхэд одоо байгаа контейнер болон контейнерээс урагш цементэн хашаа хүртэл улбар шар өнгийн төмрөөр зүүн талаас нь хааж битүүлсэн хашааны доорх газар нь нийт 32 м.кв талбайг хамарч байгаа бөгөөд уг А/566 дугаар захирамжаар олгогдсон Ч.Лд эзэмшүүлсэн гэх 633 м.кв талбайтай газрын зүүн хэсэгт бүхэлдээ багтан байрлаж байна. /Хавсралт 4/ гэж дүгнэсэн нь иргэн Ч.Лгийн 633 м.кв газарт маргаан бүхий 32 м2 газар орсон нь дүгнэлтээр нотлогдож байна. /1хх-109-114/

4.8. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2019.06.19-ний өдрийн А/93 тоот шинжээчийн дүгнэлтийг цаг хугацааны хувьд маргаанд хамааралгүй гэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.4 дэх заалтыг зөрчин хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

4.9. Хариуцагч Дыг төлөөлөн оролцож байгаа ГХБХБГ-ын мэргэжилтэн Ж.Элбэгзаяа, Газрын удирдлагын хэлтсийн дарга Б.Р нар нь иргэн Ч.Лгийн газраас 2017.07.24-ний өдрийн “Газар эзэмших эрх дуусгавар болгох тухай” Аймгийн Засаг даргын А/254 тоот захирамжаар 154 м2, 2017.11.01-ний өдрийн Газар эзэмших эрхийн зарим хэсгийг хүчингүй болгох тухай А/385 тоот захирамжаар 38 м2 газрыг удаа дараа хүчингүй болгож байсан ба шийдвэрүүд нь хууль бус болохыг Захиргааны хэргийн шат шатны шүүх тогтоосон болно. Дээрх албан хаагчид Т ХХК-ийн үйл хэрэгт удаа дараа оролцож нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч оролцож байгаад ихэд эргэлзэж байна.

4.10. Иргэн Ч.Л Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан болзол шаардлагыг хангаж уг газрыг эзэмших эрхтэй болсон. /1хх-92, 99 тал/ Иргэн Ч.Л хууль ёсоор уг маргаж байгаа газрыг эзэмшиж ирсэн талаар нотлох баримтууд хэргийн материалд хангалттай байгаа. Өөрөөр хэлбэл Газрын тухай хуульд зааснаар газрыг эрхийн гэрчилгээний үндсэн дээр эзэмшинэ, мөн газрын хүчин төгөлдөр кадастрын зураглалтай байгаа баримтууд хэрэгт авагдсаар байхад анхан болон давж заалдах шатны шүүхээс үндэслэлгүй дүгнэлт хийж байгаад гомдолтой байна. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж хуульчилсан. Манайх маргаан бүхий газрыг 2004.02.11-ний өдрийн 32 тоот Засаг даргын захирамж, 2013.11.08-ны өдрийн А/566 тоот Засаг даргын захирамжийн дагуу олгогдсон эрхийн гэрчилгээгээрээ эзэмшиж байсан. /1хх-92, 99 тал/ Гэтэл манай газар эзэмших эрхэд халдах ямар ч хууль зүйн үндэслэлгүй биднийг хохироосон шийдвэр гарч байна. Бид албан ёсны газрын эзэмшлийн гэрчилгээнээс 32 м2 газрыг өөр хүнд шилжүүлэх үндэслэл байхгүй бидний газар эзэмших эрхийг ноцтой бүдүүлгээр зөрчсөөр байгаад гомдолтой байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, нотлох баримтын хүрээнд шийдвэрлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.2, 172.2.3 дахь заалтыг хангаагүй тул Захиргааны хэргийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон асуудлыг дахин хэлэлцэж шийдвэрлэсэн Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5. Хариуцагч Ч.Лгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.11.29-ний өдрийн 1720 тоот магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

5.1. Магадлалд Ч.Л нь маргаан бүхий газрыг үндэслэлгүй олж авсан гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэл үгүй. Иргэн Ч.Лгийн хүсэлтээр 2013.10.14-ний өдөр кадастрын зураг хийгдэж уг зурагт үндэслэн Дын 2013.11.08-ны өдрийн А/566 тоот захирамжаар нэмж 633 м.кв газар олгогдсон байхад газрыг үндэслэлгүй олж авсан гэж дүгнэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

5.2. Магадлалд “...харин уг кадастрын зураглал хийх эрх бүхий этгээд нь Газрын тухай хуульд заасан зөрчил байж болзошгүй буюу бусдын бусдын эзэмшлээр тодорхойлж болох бетонон хашаан доторх газраас 32 м.кв хэмжээтэй хэсгийг тодруулахгүйгээр хийж өгсөн нөхцөл байдал тогтоогджээ” гэж дүгнэснээс үзэхэд дээрх маргаан иргэний хэргийн шүүхийн харьяаллын бус гэж үзэх үндэслэлтэй.

5.3. Иргэн Ч.Л Дын 2004.02.11-ний өдрийн 32 тоот захирамжаар 480 м.кв газрыг эзэмшиж байсан бөгөөд “Т” ХХК газар эзэмшихээс 9 сарын өмнө газар эзэмшиж байсан. 2004.02.11-ний өдрийн иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний дагуу дээрх газрыг эзэмшиж байсан.

5.4. Газар эзэмших эрхтэй холбоотой маргаан гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн боловч Газрын тухай хуульд заасан газрын хил заагийн давхцалтай холбоотой төрийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой маргаан захиргааны шүүхийн маргаан гэж үзэх үндэслэлтэй.

5.5. Маргаан бүхий газрын хил заагийн талаарх маргааныг Захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэж шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байхад өмнө нь хянан шийдвэрлэсэн үйл баримтыг дахин хэлэлцсэн нь үндэслэлгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.2, 172.2.3 дахь заалтыг хангаагүй тул дээрх нөхцөл байдлыг хянан үзэж Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.11.29-ний өдрийн 1720 тоот магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан хяналтын гомдлыг хяналтын шатны шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 001/ШХТ2022/00132 дугаар тогтоол гаргажээ.

ХЯНАВАЛ:

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

8. Нэхэмжлэгч “Т” ХХК нь Д, Ч.Л нарт холбогдуулан газрын хууль ёсны эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх бөгөөд үндэслэлийг ...тус компани нь аймгийн Сайнцагаан сум, 7 дугаар багийн нутаг дэвсгэр, “Т” ХХК-ийн хашааны баруун урд хэсэгт байрлах контейнерийн доорх 32 м.кв газрын хууль ёсны эзэмшигч. ...одоогийн “Т” ХХК-ийн объектыг хашаа, газрын хамт 2004 онд “Мандал хүрээ” ХК-аас худалдаж авсан. ...манай хашаан доторх газраас иргэн Ч.Лд газар эзэмшүүлсэн нь хууль бус. ...Захиргааны хэргийн шүүх ...аймгийн Засаг даргын 2017.11.01-ний өдрийн А/385, 2017.07.24-ний өдрийн А/254 дугаар захирамжтай холбоотой асуудлыг шийдвэрлэсэн, харин маргаан бүхий газрын хууль ёсны эзэмшигч нь хэн болохыг шийдвэрлээгүй... гэж маргажээ.

9. Хариуцагч Ч.Л нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, ...маргаж байгаа газрын кадастрын зураг үйлдэгдсэн, газрыг Аймгийн засаг даргын захирамжийн дагуу эзэмшиж байгаа. ...миний эзэмшиж буй газар нь “Т” ХХК-ийн эзэмшил газартай давхцалгүй болохыг захиргааны хэргийн шүүх нэгэнт тогтоосон, иймд энэ асуудлыг иргэний хэргийн шүүх дахин шийдвэрлэх үндэслэлгүй... гэсэн тайлбар гаргасан бол, хариуцагч Д...иргэн Ч.Лгийн эзэмшиж буй газрын кадастрын зураглал нь газрын кадастрын мэдээллийн санд эхэлж орсон байгаа тул газар эзэмших эрх олгосон. ...Ч.Лг газар эзэмших хүсэлт гаргах үед хэмжилт хийсэн ажилтан хөршийг байлцуулалгүйгээр хэмжилт хийж алдаа гаргасан, ...нэхэмжлэлийг зөвшөөрнө гэсэн тайлбар гаргасан байна.

10. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрийг хэвээр үлдээжээ.

11. Хоёр шатны шүүх маргаанд Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмын дагуу үнэлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

12. Нэхэмжлэгч “Т” ХХК нь Дын 2004.11.12-ны өдрийн 300 дугаар захирамжаар Сайнцагаан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээний зориулалтаар 4517.5 м.кв газрыг эзэмшиж байсан ба мөн Засаг даргын 2007.12.24-ний өдрийн 341 дүгээр захирамжаар тус компанийн эзэмшил газраас Л.Эрдэнэцэцэг, Ц.Энхтуяа нарт орон сууцны зориулалтаар 200 м.кв газрыг, Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн эзэмшилд 178 м.кв газрыг тус тус шилжүүлж, 4000 м.кв газрыг эзэмших болсон. Улмаар мөн Засаг даргын 2010.09.07-ны өдрийн А/413 дугаар захирамжаар тус компанийн эзэмшил газраас Н.Нацагдоржид 200 м.кв газрыг шилжүүлж, нэхэмжлэгч нь 3800 м.кв газар эзэмших эрхтэй үлдсэн байна.

13. Хариуцагч Ч.Лгийн эзэмшил газрын тухайд, Дундговь аймгийн Сайнцагаан сумын Засаг даргын 2001.10.04-ний өдрийн газар эзэмших гэрчилгээгээр 20 м.кв газрыг эзэмшиж байсан ба Дын 2004.02.11-ний өдрийн 32 дугаар захирамжаар худалдаа, үйлчилгээний зориулалтаар 480 м.кв газрыг эзэмшсэн. Улмаар Ч.Л нь мөн Засаг даргын 2012.11.05-ны өдрийн А/609 дүгээр захирамжаар 185 м.кв газрыг Ц.Уээс, мөн өдрийн А/610 дугаар захирамжаар 84 м.кв газрыг А.Өгээс тус тус шилжүүлэн авч, аймгийн Засаг даргын 2013.11.08ы өдрийн А/566 дугаар захирамжаар үйлчилгээний зориулалтаар 633 м.кв газрыг эзэмших эрхтэй болжээ.  

Гэтэл Дын 2017.07.24-ний өдрийн А/254 дүгээр захирамжаар Ч.Лгийн эзэмшиж байсан 633 м.кв газрын хэмжээг 480 м.кв болгож, 153 м.кв газрыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байх ба Засаг даргын 2017.11.01-ний өдрийн “Газар эзэмших эрхийн зарим хэсгийг хүчингүй болгох тухай” А/385 дугаар захирамжаар, өмнөх А/254 дүгээр захирамжийг хүчингүй болгож,...газрын хэмжээг буруу тогтоосон, газар давхцсан” гэсэн үндэслэлээр 38 м.кв газрыг хүчингүй болгож, 595 м.кв газрыг эзэмшүүлж шийдвэрлэсэн байна. 

14. Хариуцагч Ч.Л нь дээрх, аймгийн Засаг даргын 2017 оны А/254, А/385 дугаар захирамжуудыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүхэд гарган, ...633 м.кв газраас үндэслэлгүйгээр 38 м.кв газрыг хассан гэж маргасан бол тухайн хэрэгт гуравдагч этгээдээр оролцсон “Т” ХХК нь ...захын хашаан доторх контейнер байрлуулсан 38 м.кв газар нь манай компанийн газар, ...Ч.Л нь тухайн үед хашаан доторх газрыг, хөршийг байлцуулахгүйгээр газрын зураглал үйлдэн, хууль бусаар эзэмшсэнгэж марган, “2013.10.14-ний өдөр үйлдсэн Ч.Лгийн эзэмшиж буй газрын байршлын кадастрын зураг болон 633 м.кв газраар кадастрын мэдээллийн санд бүртгэснийг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай бие даасан шаардлага гаргажээ.

15. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна”, 23 дугаар зүйлийн 23.4.3-т “Газрын алба нь эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх эрхтэй” гэж тус тус заасан.

 

16. Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019.09.26-ны өдрийн 12 дугаар шийдвэр, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020.04.08-ны өдрийн 109 дугаар тогтоолоор ...маргаан бүхий 2017 оны А/385 дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгийг үндэслэж, “газрын хэмжээ буруу тогтоож, үндэслэлгүй давхцуулан, газрын хэмжээг нэмсэн” гэх үндэслэлээр гарсан, гэтэл энэхүү 38 м.кв газар нь бусдын /гуравдагч этгээдийн/ эзэмшил газартай давхцаагүй байхад үүнийг захиргааны байгууллага газар дээр нь хэмжиж, шалгаж тогтоогоогүй, захиргааны актын эдгээр хоёр үндэслэл бодит байдалд бий болоогүй буюу үгүйсгэгдсэн болох нь хэргийн баримтаар тогтоогдсон... гэж дүгнэн, 2017.11.01-ний өдрийн А/385 дугаар захирамжийг хүчингүй болгон, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, өөрөөр хэлбэл Ч.Лгийн эзэмшил 662 м.кв газраас ...газрын хэмжээг буруу тогтоосон, газар давхцсан гэсэн үндэслэлээр 38 м.кв газрыг хүчингүй болгосон нь хууль зөрчсөн гэж үзсэн байна.  

17. Түүнчлэн хэрэгт нотлох баримтаар авагдсан, 2019.06.19-ний өдрийн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын шинжээчийн А/93 тоот дүгнэлтийн 4-т “...одоо байгаа контейнер болон контейнероос урагш цементэн хашаа хүртэл улбар шар өнгийн төмрөөр зүүн талаас нь хааж битүүлсэн хашааны доорх газар нь нийт 32 м.кв талбайг хамарч байгаа бөгөөд А/566 дугаар захирамжаар Ч.Лд эзэмшүүлсэн гэх 633 м.кв талбайтай газрын зүүн хэсэгт бүхэлдээ багтан байрлаж байна”, 5...одоо байгаа контейнер болон контейнероос урагш цементэн хашаа хүртэл улбар шар өнгийн төмрөөр зүүн талаас нь хааж битүүлсэн хашааны доорх газар нь А/413 дугаар захирамжаар олгогдсон 3800 м.кв газарт хамаарахгүй байна” гэж дүгнэснээс үзвэл нэхэмжлэгч, хариуцагч нарын эзэмшил газар давхцалгүй буюу маргаж буй газар нь нэхэмжлэгчийн эзэмшил газарт хамааралгүй болох нь тогтоогджээ.

18. Дээр тогтоогдсон нөхцөл байдлуудаас дүгнэхэд нэхэмжлэгч “Т” ХХК нь Сайнцагаан сум, 7 дугаар багийн нутаг дэвсгэр, тус компанийн хашааны баруун урд хэсэгт байрлах контейнерийн доорх 32 м.кв газрыг эзэмших эрхтэй нь тогтоогдохгүй байх тул түүний маргаан бүхий газрын хууль ёсны эзэмшигчээр тогтоолгох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д “Хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ” гэж заасанд нийцэж байна.  

19. Хоёр шатны шүүхийн ...захиргааны хэргийн шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолоор 2004 оны 32, 300 дугаар захирамжуудаар олгосон газар эзэмших эрхийн хил заагийг тогтоогоогүй, ...хариуцагч Ч.Л нь маргаан бүхий газар эзэмших эрхийг үндэслэлгүйгээр олж авсан гэсэн дүгнэлтүүд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг зөрчсөн байна.  

20. Дээр дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 139/ШШ2021/00228 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1720 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д заасныг баримтлан хариуцагч Д, Ч.Л нарт холбогдох нэхэмжлэгч “Т” ХХК-ийн 32 м.кв газрын хууль ёсны эзэмшигчээр тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.ЦОЛМОН

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                       П.ЗОЛЗАЯА

                                                                       Б.МӨНХТУЯА

С.СОЁМБО-ЭРДЭНЭ