| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2018/04622/И |
| Дугаар | 2222 |
| Огноо | 2020-06-17 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 2222
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, *** тоотод оршин суух, Дашдоржийн Агийн /РД: 0000/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, *** тоотод оршин сууж байсан, одоо Хан-Уул дүүрэг, *** тоотод оршин суух, Дамдины Б /РД: 0000/, Лхамсүрэнгийн Б/РД: 0000/ нарт холбогдох,
8.621.524 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.А,
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эрхэмбаяр,
Гэрч П.Э, Г.Г,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Хулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Д.А миний бие Д.Б, Л.Бнарт холбогдуулан Баянзүрх дүүрэг, **** тоотын 2 өрөө байрыг чөлөөлүүлэх, мөн тэднээс байр хөлсөлсний төлбөр, ашиглалтын зардал, сууц өмчлөгчдийн холбооны төлбөр гаргуулах тухай нэхэмжлэл гарган 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр шүүгчийн захирамж гарсан боловч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдээгүй, захирамж хүчингүй болсон.
Хариуцагч Д.Б, Л.Бнар нь миний байрыг 2016 оны 9 дүгээр сараас 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хөлсөлсний төлбөр, орон сууц ашиглалтын төлбөр, сууц өмчлөгчдийн холбоонд төлөх төлбөр зэрэгт нийт 12.238.700 төгрөгийг төлөх эвлэрлийн гэрээг байгуулан тус шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 1539 дугаар захирамжаар бидний эвлэрлийг баталгаажуулсан.
Л.Баярцэцэг, Д.Б нар шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 1.731.175 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 2.366.000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 713.000 төгрөг, 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр 7.104.500 төгрөг, 2020 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр 525.500 төгрөг, бүгд 12.440.175 төгрөгийг төлсөн.
Би 2018 оны 12 дугаар сарын 1-ний өдөр Канад улс руу явсан ба гадаад паспортын хилээр гарсан 2018 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн, хилээр орсон 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн тамгатай нотариатын баримтыг нотлох баримтаар өгсөн. Би явахын өмнө 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүү С.Сандуйн хамт түрээслүүлсэн байрандаа очиход Л.Бнь хүргэн Г.Г, охин Б.Хулан нартайгаа манай байранд амьдарч байсан.
Төлбөр тооцоогоо хийхийг шаардахад Л.Бнь шийдвэр гүйцэтгэх газар миний данснаас өмнөх тооцоог суутгаж байгаа, нөхрийн мөнгө бүтэхээр байр хөлсөлсөн төлбөр болон орон сууц ашиглалтын зардлуудаа төлнө, мөн байрнаас гарахдаа засвар хийж өгнө гэж хэлсэн.
Дараа нь 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Канадаас Л.Баярцэцэгтэй утсаар ярьж төлбөр тооцоо яагаад хийхгүй байгаа талаар асуухад мөнгө бүтэхгүй байна, маргааш хүргэнээ явуулж байр хүлээлгэж өгнө гэсэн.
Хариуцагч Д.Б, Л.Бнар 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл тухайн байрыг хөлслөн суусан. Сарын хөлс нь 600.000 төгрөг.
2018 оны 3 дугаар сарын 15-наас 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл 10 сар, 8 хоногийн байр хөлсөлсний төлбөр сарын 600.000 төгрөг, нийт 6.160.000 төгрөг.
Хариуцагч Д.Б, Л.Бнар нь хөлслөн амьдарч байсан байрны орон сууц ашиглалтын конторын төлбөр, цахилгааны төлбөр, сууц өмчлөгчдийн холбооны төлбөрүүдийг төлөөгүй, 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр байрыг хүлээж авах үед нийт 2.065.524 төгрөгийн төлбөр гарсан байсан.
Д.А миний итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Э Төрийн банкны төлбөр төлөх хуулгын дагуу Олимп хотхоны оршин суугчдын ашиглалтын төлбөр хариуцсан “Пюр хаус” ХХК-д 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдөр уг төлбөрийг төлсөн.
Хариуцагч нар байрыг хүлээлгэж өгөхдөө байранд засвар хийж өгнө гэж баталгаа гаргаж өгч байсан боловч засвар хийж өгөөгүй, би байрандаа хөнгөн засвар хийхэд 396.000 төгрөг зарцуулсан.
Иймд Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Хүннү гудамж, Олимп хотхон, 423 дугаар байр, 42 тоотын 2 өрөө орон сууцны 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл хугацааны түрээсийн төлбөр 6.160.000 төгрөг, 2018 оны 03 дугаар сараас 2018 оны 12 дугаар сар дуустал хугацаанд орон сууцны конторт төлөх төлбөр буюу ашиглалтын зардал 917.036,64 төгрөг, 2017 оны 03 дугаар сараас 2018 оны 12 дугаар сар дуустал хугацааны сууц өмчлөгчдийн холбоонд төлөх төлбөр 851.666,40 төгрөг, 2018 оны 04, 05, 08, 09, 10, 11, 12 саруудын цахилгааны төлбөр 296.896,72 төгрөг, нийт 2.065.524 төгрөг, орон сууцанд засвар хийсэн зардал 396.000 төгрөг, бүгд 8.621.524 төгрөгийг Д.Б, Л.Бнараас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Д.Б, Л.Бнарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эрхэмбаяр шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч Д.Агийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Д.А нь Д.Б, Л.Бнарыг манай байранд 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл хөлсөлсний төлбөр гэж гүтгэж 6.610.000 төгрөгийг нэхэмжилсэн байна.
Хариуцагч Д.Б, Л.Бнар нэхэмжлэгч Д.Агийн Баянзүрх дүүрэг, *** тоот орон сууцанд өмнөх 2 жил хөлсөлсний төлбөр 12.440.175 төгрөгийг маргахгүйгээр эвлэрлийн гэрээ хийж Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт төлбөрийг төлж дуусгасан.
Энэ тооцооноос хойш тэд төлбөрийг Д.Ад бэлнээр өгдөг, бусад олон хэлбэрээр тооцоог хийж дуусгасан байсан бөгөөд 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр нэг ч төгрөгийн төлбөр тооцоо байхгүй, мөн тус байранд ямар ч эвдрэл гэмтэл байхгүй гэдгийг нэхэмжлэгч Д.Агийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Э нь өөрийн биеэрээ үзээд шалгаж дууссаны дараа Д.Бын хүргэн Г.Гаас байрныхаа түлхүүрийг хүлээн авсан байдаг.
Гэтэл нэхэмжлэгч Д.А нь 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл хариуцагч нарыг орон сууц хөлсөлсний төлбөрт нэг ч төгрөг төлөөгүй гэж 1 сарын 600.000 төгрөгөөр бодон 6.160.000 төгрөгийг нэхэмжилжээ.
Энэ нь гүтгэлэг гэдгийг зөвхөн дараах 3 удаагийн Хаан банкны дансны хуулгаар нотолно. Үүнд:
Хариуцагч Д.Бын эхнэр Л.Бнь 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр “байр ** тоот” гээд 100.000 төгрөг тушаасан. Охин Б.Хулан 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр “99192787 Олимп 423-42 тоот” гэж нэхэмжлэгч Д.Ад орон сууц хөлсөлсний төлбөрийн эцсийн үлдэгдэл 170.000 төгрөгийг төлж дуусгаад энэ байрнаас нүүсэн.
Д.Бынх 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр нүүж Хан-Уул дүүрэг, **** тоотын 2 өрөө орон сууцыг хөлсөлж төлбөрийг 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр “89900678 байрны төлбөр Д.Б” гээд 2.100.000 төгрөгийг 3 сараар тушаасан.
Нэхэмжлэгч Д.А нь хариуцагч Д.Б, Л.Бнараас нэхэмжилсэн мөнгө гүтгэлэг болохыг хариуцагч Д.Бын иргэн А.Адалбектэй 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан орон сууц хөлслүүлэх гэрээ нотолно.
Нэхэмжлэгч Д.А нь итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Этайгаа нийлж үгсэн хуйвалдаж хариуцагч нарыг мөн л гүтгэж 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр тэднээс байраа хүлээж авахад орон сууц ашиглалтын конторын төлбөр, цахилгааны төлбөр, сууц өмчлөгчдийн холбооны төлбөрүүдийг төлөөгүй, энэ төлбөрийг итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Э “Пюр хаус” ХХК-д 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдөр 2.065.524 төгрөгийг төлсөн гэжээ.
Хариуцагч Д.Бын иргэн А.Адалбектэй байгуулсан дээрхи гэрээ, Хаан банкны дансны хуулга зэргүүд нь хариуцагч нарыг нэхэмжлэгч Д.Агийн байранд амьдраагүй гэдгийг нотолно.
Мөн орон сууцны конторын төлбөр, цахилгааны төлбөрийг цаг тухайд нь төлөөгүй бол цахилгаан тасалдаг, ус хаадаг болохыг хүн бүр мэддэг. Мөн сууц өмчлөгчдийн холбооны төлбөрөө төлөөгүй бол хаалган дээр төл гэсэн бичиг наадаг, хаалга цохиод мөнгөө төл гээд дарамтлаад амар тайван байлгадаггүйг хүн бүр мэднэ.
Хариуцагч нараас 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр байраа хүлээн авсан гэсэн хуурамч баримт бий болгож гүтгэжээ. Энэ гүтгэлгийг хариу тайлбартаа хавсаргаж өгсөн 12 хуудас бүхий нотлох баримт бүх үйл баримтыг нь он, сар, өдрөөр нь нарийвчлан ялгаж, салгаж гүтгэлэг гэдгийг хангалттай нотолно.
Хариуцагч Д.Б нь нэхэмжлэгч Д.Агийн байрыг анх хөлслөхдөө барьцаа 600.000 төгрөгийг тоолж өгсөн. Энэ мөнгөө одоо болтол буцааж аваагүй.
Мөн өмнөх 2 жилийн төлбөрийг маргахгүйгээр төлсөн. Харин одоо бол номхон тэмээ ноолоход амар гэдэг шиг ихээр гүтгэж их мөнгө нэхэж доромжилжээ. Иймд нэхэмжлэгч Д.Агийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.А нь хариуцагч Д.Б, Л.Бнарт холбогдуулан 8.621.524 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Д.А нь нэхэмжлэлийнхээ шаардлагыг дараахь байдлаар тодруулан ихэсгэсэн болно. Үүнд:
-Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Хүннү гудамж, Олимп хотхон, ** тоотын 2 өрөө орон сууцны 2018.03.15-ны өдрөөс 2019.01.23-ны өдөр хүртэл хугацааны түрээсийн төлбөр 6.160.000 төгрөг,
-2018.03-2018.12 сар дуустал орон сууцны конторт төлөх төлбөр буюу ашиглалтын зардал 917.036,64 төгрөг,
-2017.03 сараас 2018.12 сар дуустал сууц өмчлөгчдийн холбоонд төлөх төлбөр 851.666,40 төгрөг,
-2018.04, 05, 08, 09, 10, 11, 12 саруудын цахилгааны төлбөр 296.896,72 төгрөг, нийт 2.065.524 төгрөг
-Орон сууцанд засвар хийсэн зардал 396.000 төгрөг/
Д.А нь Л.Баярцэцэг, Д.Б нарт холбогдуулан Баянзүрх дүүрэг, *** тоот орон сууцыг хөлслөх гэрээний үүрэгт:
-2016 оны 9 дүгээр сараас 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацааны орон сууцны түрээсийн төлбөр 11.100.000 төгрөг,
-2017 оны 12 дугаар сар, 2018 оны 1, 2, 3 дугаар сарыг дуустал хугацааны ашиглалтын төлбөр,
-2018 оны 2, 3 дугаар сарын цахилгааны төлбөр,
-2017 оны 1 дүгээр сараас 12 дугаар сар дуустал, 2018 оны 01, 02, 03 дугаар саруудыг дуустал хугацааны сууц өмчлөгчдийн холбоонд төлөх төлөх төлбөр,
Нийт 13.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Тус шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 1539 дугаар бүхий “Зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Д.А нэхэмжлэлийн шаардлага 13.000.000 төгрөгөөс 761.300 төгрөгт холбогдох хэсгээс татгалзан хариуцагч Д.Б, Л.Бнар үлдэх 12.238.700 төгрөгийг 2018 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн дотор төлөхөөр зохигчид эвлэрсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон,
Нэхэмжлэгч Д.Агийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 222.950 төгрөгийн тал хувь 11.475 төгрөг болон илүү төлсөн 60 төгрөгйг татварын хэлтсийн данснаас, хариуцагч Л.Баярцэцэг, Д.Б нараас нийт 111.475 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Ад олгон, үлдэх хэсэг 111.475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдэн,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар маргааныг эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр шийдвэрлэсэн тохиолдолд талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдан шийдвэрлэсэн байна.
/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 4-6, 164-222, 234-250, 2 дугаар хавтасны 1-60 дугаар тал/
Хариуцагч Д.Б, Л.Бнар 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 1.731.175 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 2.366.000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 713.000 төгрөг, 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр 7.104.500 төгрөг, 2020 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр 525.500 төгрөг, нийт 12.440.175 төгрөг төлж тус шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 1539 дугаар захирамжийн дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болжээ.
/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 99-124, 164-222 дугаар тал/
Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Хүннү гудамж, Олимп хотхон, *** тоотын 49.9 м.кв талбай бүхий Д.А, Б.Саяннямбуу нарын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Y-2204063581 дугаарт бүртгэлтэй орон сууцыг хариуцагч Д.Б, Л.Бнар 2015 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн сарын 600.000 төгрөгөөр хөлслөхөөр тохиролцон, өөрсдийн эзэмшил ашиглалтанд байлгах хугацааны орон сууцыг ашигласантай холбоотой зардлуудыг төлөхөөр тус тус тохиролцсон талаар талууд хэн аль нь маргаагүй бөгөөд энэ нь дээр дурьдсан хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар дахин нотлох шаардлагагүй.
Хариуцагч Д.Б, Л.Бнар 2015 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс хойш Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Хүннү гудамж, Олимп хотхон, **** тоот орон сууцыг өөрсдийн эзэмшил ашиглалтанд байлгасан ба гагцхүү уг орон сууцыг чөлөөлсөн хугацааны талаар талууд маргаж байна.
Хариуцагч Д.Б, Л.Бнар иргэн А.Адалбектэй 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр “Орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээ” байгуулан түүний өмчлөлийн Хан-Уул дүүрэг, *** тоотын 70 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг сарын 700.000 төгрөгөөр 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 1 жилийн хугацаагаар хөлслөн суухаар тохирсон гэжээ.
А.Адалбектэй гэрээгээр тохирсоны дагуу 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс уг орон сууцыг хөлслөн, гэрээнд заасны дагуу хөлслүүлэгч А.Адалбекийн Хаан банк дахь 5128020153 тоот дансанд 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр охин Бын Хулангийн Хаан банк дахь 5022914571 тоот данснаас түрээсийн төлбөрт 2.100.000 төгрөгийг төлсөн бөгөөд орон сууцыг хөлслөн суусан хугацааны зохих төлбөрүүдийг төлсөн хэмээн хариуцагч Д.Б, Л.Бнар тайлбарлаж байна.
/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 80-88 дугаар тал/
Нэхэмжлэгч Д.А нь хариуцагч Д.Б, Л.Бнар түүний өмчлөлийн орон сууцыг 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр чөлөөлсөн хэмээн тайлбарласан бөгөөд тэрээр Д.Бын 89900678 дугаарын утас руу 2018 оны 11 дүгээр сарын 14, 17, 18, 25, 27-ны өдрүүдэд өөрийн “iphone” маркийн 96061819 дугаарын утаснаас мессэж илгээж байснаар нотлогдоно гэж тайлбарлалаа.
Хариуцагч Д.Бын 89900678 дугаарын утас руу дээр дурьдсан өдрүүдэд тэрээр өөрийн “iphone” маркийн 96061819 дугаарын утаснаас илгээж байсан мессэжүүдийг тухайн үед нь хэвлэж авсан байсан гэх ба үүнд үзлэг хийлгэх хүсэлт гаргасан хэдий боловч уг захидлыг хэвлэж авсан эх сурвалж болсон нэхэмжлэгч Д.Агийн утсан дахь уг мессэжүүд устгагдсан хэмээн нэхэмжлэгч тайлбарласан тул анхдагч эх сурвалж нь тодорхой бус баримтанд үзлэг хийх боломжгүй үндэслэлээр нэхэмжлэгч Д.Агийн уг хүсэлтийг хангахаас татгалзсан болно.
/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 58, 225-226 дугаар тал/
Г.Г шүүх хуралдаанд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ:
“... 2018 оны 10 сарын сүүл, 11 сарын эхээр Д.Агийн байрыг хүлээлгэн өгсөн. Хуучин түрээслэж байсан байрны орцны үүдэнд очоод хадам аав Д.Бын залга гэсэн утас руу залгахад энэ ах /П.Э/ нэг эгчийн хамт зогсож байсан ба хамт дотогшоо орсон. Би түлхүүрийг нь өгсөн ба онгойхгүй байсан тул хүн дуудан онгойлгуулан би хөлсийг нь төлсөн. 2019.01.23-ны өдрийн байр хүлээлцсэн гэх баримт дээрхи гарын үсэг миний гарын үсэг биш байна. Энэ үед бид Зайсанд А.Адалбек гэж хүний байранд аль хэдийн нүүгээд очсон байсан ...” гэжээ.
П.Э шүүх хуралдаанд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ “... 2019.01.23-ны өдөр байрыг хүлээж авсан. Манай эхнэр хамт байсан байх. Хаалга онгойхгүй байсан тул хүн дуудан онгойлгуулж хөлсийг нь энэ залуу төлсөн. Байр хүлээлцсэн баримтанд энэ залуу гарын үсэг зурсан. ...” гэжээ.
Шүүх хуралдааны явцад гэрчүүдээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.6-д заасны дагуу мэдүүлэг авсан бөгөөд гэрчийн мэдүүлэг тодорхой эх сурвалжид үндэслэсэн эсэх нь тодорхойгүй, мэдүүлгийнхээ эх сурвалжийг заагаагүй тул тэдний мэдүүлгийг болон байр хүлээлцсэн гэх баримтыг тус тус нотлох баримтаар үнэлээгүй болно.
Хариуцагч Д.Б, Л.Бнар иргэн А.Адалбектэй 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр гэрээ байгуулан түүний өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр, Туул гол гудамж, 63/А дугаар байрны 14 тоотын 70 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг сарын 700.000 төгрөгөөр 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 1 жилийн хугацаагаар хөлслөн суухаар тохирч түүний Хаан банк дахь 5128020153 тоот дансанд 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр түрээсийн төлбөрт 2.100.000 төгрөгийг төлснөөр нэхэмжлэгч Д.Агийн түүний байрыг хариуцагч Д.Б, Л.Бнар 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр чөлөөлсөн гэх тайлбар үгүйсгэгдэж байна.
Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-т “Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 289 дүгээр зүйлийн 289.1.2-т “Эд хөрөнгө ашигласны хөлсийг хугацаанд нь төлөх” гэж заасны дагуу хариуцагч Д.Б, Л.Бнар гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тул нэхэмжлэгч Д.А нь орон сууцыг өөрсдийн эзэмшил, ашиглалтанд байлгасан хугацааны түрээсийн төлбөр болон холбогдох ашиглалтын зардлыг хариуцагч Д.Б, Л.Бнараас нэхэмжлэх эрхтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар зүйлд зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд хариуцагч Д.Б, Л.Бнар Д.Ад түүний орон сууцтай холбоотой төлбөрийг бэлэн болон бусад олон хэлбэрээр төлж дуусгасан гэх боловч энэ талаархи баримтаа ирүүлээгүй бөгөөд энэ нь нотлогдоогүй болно.
Мөн хариуцагч нар 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 100.000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 170.000 төгрөгийг иргэн П.Эрдэнэцогт, Б.Оргил нарын дансанд төлснийг нэхэмжлэгч Д.Ад байртай холбоотой төлбөрийг төлсөн гэж үзэх боломжгүй.
/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 154 дүгээр тал/
Нэхэмжлэгч Д.А нь түүний байрыг хариуцагч нар чөлөөлсөний дараагаар байрандаа 396.000 төгрөгийн засвар хийсэн гэх бөгөөд 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр 17.000 төгрөгийн, мөн 160.000 төгрөгийн, 2019 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр 119.000 төгрөгийн барилгын материал тус тус худалдан авсан гэх боловч уг барааг хэн худалдан авсан болох нь тодорхойгүй тул нотлох баримтаар үнэлээгүй болно.
Мөн бусдад засварын ажлын хөлсөнд 100.000 төгрөг хүлээлгэн өгсөн гэх боловч энэ нь мөн баримтаар нотлогдоогүй тул нэхэмжлэгч Д.Аг 396.000 төгрөгийн хэмжээнд засварын ажил хийсэн гэж үзэх боломжгүй юм.
Хариуцагч Д.Б, Л.Бнар нэхэмжлэгч Д.Агийн өмчлөлийн орон сууцыг өөрсдийн эзэмшил, ашиглалтанд байлгасан хугацааны буюу 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл 8 сар, 4 хоногийн түрээсийн төлбөрт нийт 4.880.000 төгрөг төлөх үүрэгтэй байна.
/1 сарын түрээсийн төлбөр 600.000 төгрөг/
Нэхэмжлэгч Д.А нь 2017 оны 3 дугаар сараас 2018 оны 12 дугаар сарыг дуустал хугацааны сууц өмчлөгчдийн холбоонд төлөх төлбөрт 851.666,40 төгрөгийг нэхэмжилсэн ба үүнээс 2017 оны 3-12 сарууд, 2018 оны 1, 2, 3 дугаар саруудын төлбөрийг тус шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 1539 дугаар захирамжийн дагуу хариуцагч нараас гаргуулан шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байна.
Дээрхээс үзэхэд хариуцагч Д.Б, Л.Бнар сууц өмчлөгчдийн холбоонд төлөх төлбөр 2018 оны 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11 дүгээр саруудын буюу нийт 8 сарын төлбөрт 312.960 төгрөгийг төлөх үүрэгтэй.
/39.120. төгрөг*8 сар=312.960 төгрөг/
/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 9 дүгээр тал/
Мөн нэхэмжлэгч Д.А 2018 оны 3-12 дугаар саруудын ашиглалтын зардалд 917.036,64 төгрөгийг нэхэмжилсэн ба 2018 оны 3 дугаар сарын ашиглалтын зардлыг дээр дурьдсан хүчин төгөлдөр шийдвэрээр хариуцагч нараас гаргуулан шийдвэрлэсэн байх тул уг хугацааны төлбөрийг хасч тооцох үндэслэлтэй.
Хариуцагч Д.Б, Л.Бнар нь 2018 оны 4-11 дүгээр саруудын орон сууц ашиглалтын төлбөрт 540.105 төгрөг, алданги 205.144 төгрөг, нийт 745.249 төгрөгийг төлөх үүрэгтэй болох нь орон сууцны ашиглалтын зардлын төлбөрийн нэхэмжлэхээр тогтоогдлоо.
/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 18 дугаар тал/
Нэхэмжлэгч Д.А нь цахилгааны төлбөрт 2018 оны 4 дүгээр сард 80.020 төгрөг, 5 дугаар сард 49.167 төгрөг, 8 дугаар сард 3.410 төгрөг, 9 дүгээр сард 53.887 төгрөг, 10 дугаар сард 52.264 төгрөг, 11 дүгээр сард 41.633 төгрөг, 12 дугаар сард 30.286 төгрөг, нийт 296.896,72 төгрөгийг хариуцагч нар төлөх үүрэгтэй хэмээн нэхэмжилжээ.
Хэрэгт авагдсан цахилгааны төлбөрийн нэхэмжлэхээр болон хариуцагч нарын орон сууцыг өөрсдийн эзэмшилд байлгасан хугацаагаар тэд 8 дугаар сард 3.410 төгрөг, 9 дүгээр сард 53.887 төгрөг, 10 дугаар сард 52.264 төгрөг, 11 дүгээр сард 41.633 төгрөг, нийт 151.194 төгрөгийг нэхэмжлэгч Д.Ад төлөх үүрэгтэй болох нь тогтоогдлоо.
/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 18-19, 57 дугаар тал/
Иймд хариуцагч Д.Б, Л.Бнараас түрээсийн төлбөр 4.880.000 төгрөг, орон сууц ашиглалтын зардал 745.249 төгрөг, сууц өмчлөгчдийн холбоонд төлөх төлбөр 312.960 төгрөг, цахилгааны төлбөрт 151.194 төгрөг, нийт 6.089.403 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Ад олгон, үлдэх хэсэг болох 2.532.121 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 289 дүгээр зүйлийн 289.1.2-т заасныг баримтлан хариуцагч Д.Б, Л.Бнараас 6.089.403 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Ад олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 2.532.121 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Агийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 227.300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Б, Л.Бнараас нийт 112.380 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Ад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН