Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 2404

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

     Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, шүүгчид Б.Мандалбаяр, Б.Цолмонгэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

     Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, **** тоотод оршин суух, Нын Цын /РД: 0000/ нэхэмжлэлтэй

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, **** тоотод оршин суух, Рийн Өд /РД: 0000/ холбогдох

Хагалгааны төлбөр 2.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Мөнхсүлд,

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Баяржавхлан,

Иргэдийн төлөөлөгч Н.Мөнхзул,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Хулан нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:   

  Нэхэмжлэгч Н.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

  Н.Ц нь 2019 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт авто машин жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа Р.Өд нүүрэн тус газартаа цохиулсны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан.

Н.Ц нь өөрт учирсан эрүүл мэндийн гэмтлийг сэргээн засах шаардлагатай болсны улмаас “Сонс” эмнэлэгт 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 13-нд хэвтэн эмчлүүлж хамрын хагалгаанд орж хагалгааны төлбөрт 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 2.000.000 төгрөг өгч эмчлүүлсэн.

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1561 тоот шийдвэр, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1198 дугаар магадлалд “хагалгааны төлбөрт 2.000.000 төгрөг төлсөн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй үлдээж, хохирогчийн уг гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын хохирлын талаарх нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхийг нээлттэйгээр үлдээж шийдвэрлэв” гэж шийдсэн.

Иймд Р.Өаас хагалгааны төлбөрт төлсөн 2.000.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.   

   Хариуцагч Р.Ө шүүхэд гаргасан тайлбартаа:

             Миний бие Р овогтой Ө нь тус шүүхэд нэхэмжлэл гаргасан иргэн Н.Цын нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Иргэн Н.Цын нэхэмжлэлийг миний зүгээс бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь энэ хэрэг маргаан Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр орж шийдвэрлэгдсэн болно гэжээ.                     

            Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

  Нэхэмжлэгч Н.Ц нь хариуцагч Р.Өд холбогдуулан гэм хорын хохиролд 2.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

 Р.Ө нь 2019 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцож явахдаа замын эгнээ байрнаас болж иргэн Н.Цтай маргалдаж, түүний нүүр хэсэгт гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон байна.

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1561 дугаартай шийтгэх тогтоолоор Р.Өыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Өыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэн,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт,  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч Р.Өаас 407.000 төгрөг гаргуулж хохирогч Н.Цт олгож, хохирлын нэхэмжлэлээс 2.041.200 төгрөг нэхэмжилснийг хэлэлцэхгүй орхин,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2-т зааснаар хохирогч уг гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын талаарх нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхтэйг дурьдан шийдвэрлэсэн байна.

Дээрхи шийдвэрт хохирогч Н.Цогтсайхан, түүний өмгөөлөгч Т.Мөнхсүлд нар давж заалдах гомдол гарган Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1198 дугаар магадлалаар “шийтгэх тогтоолын 407.000 төгрөг гэснийг 293.000 төгрөг” гэж өөрчилж, тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн бөгөөд шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.

  /ХХ-ийн 4-9 дүгээр тал/

  Мөрдөн байцаах ажиллагааны явцад Н.Цын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоох зорилгоор хийгдсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 10764 дугаартай дүгнэлтэд:

 “Н.Цын биед хамар ясны хугарал, баруу, зүүн завьжинд шарх, доод зүүн 4 дүгээр шүд сулрал, уруулд зулгаралт, зүүн хацар, хамарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр  хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэсэн байна.

/ХХ-ийн 5 дугаар тал/

Р.Ө нь 2019 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцож явахдаа замын эгнээ байрнаас болж иргэн Н.Цтай маргалдаж, түүний нүүр хэсэгт гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.-т “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй“ гэж заасны дагуу нэхэмжлэгч Н.Ц энэ талаар дахин нотлох шаардлагагүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хэрэг хэлэлцэх үед иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон бол нэхэмжлэгч иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлийг дахин гаргах эрхээ алдана” гэж, мөн 2 дахь хэсэгт “Иргэний нэхэмжлэлийг хэлэлцээгүй орхисон бол нэхэмжлэгч түүнийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй” гэж тус тус заажээ.

           Анхан болон давж заалдах шатны шүүх “Н.Цогтсайханы хагалгааны төлбөрт 2.000.000 төгрөг төлсөн гэх нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхин нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй“ хэмээн шийдвэрлэсэн байна.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалаар нэхэмжлэгч Н.Цын гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хариуцагч Р.Өаас нэхэмжилсэн 2.000.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгоогүй, харин хэлэлцэхгүй орхисон байх тул нэхэмжлэгч нь уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдаагүй гэж үзэх үндэслэлтэй.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-гээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”,

505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан ... зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заажээ.

          Хариуцагч Р.Ө нь нэхэмжлэгч Н.Цогтсайханы эрүүл мэндэд хохирол учруулсан байх тул тэрээр бусдад учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.           

Нэхэмжлэгч Н.Ц нь хамрын ясны шинэ хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын хөндийн хувьсуурт үрэвсэл оношоор 2019 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр чих, хамар, хоолойн “Сонс” эмнэлэгт хамрын яс болон хамрын таславчийн мурий тэгшлэх, самалдаг тайрах мэс засал хийлгэн 2.000.000 төгрөгийн төлбөр төлсөн нь “Сонс” эмнэлгийн захирлын 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн А/9 тоот тодорхойлолт, Н.Цын өвчний түүхийн хуулбар, 2020 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр төлбөр баримт, амбулаториор эмчлүүлэгчийн картын хуулбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

/ХХ-ийн 34-35, 45-49 дүгээр тал/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38, 107 дугаар зүйлийн 107.2-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ баримтаар нотлох үүрэгтэй ба хариуцагч Р.Ө хохирлын асуудлыг шүүх шийдвэрлэсэн, төлбөрт 2.000.000 төгрөг төлсөн нь эргэлзээтэй гэх боловч энэ талаарх баримтаа ирүүлээгүй, энэ нь нотлогдоогүй болно.

            Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан хариуцагч Р.Өаас хамрын мэс засал хийлгэсэн төлбөр 2.000.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Цт олгох нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Н.Ц, хариуцагч Р.Ө нар нь шүүх хуралдаанд тодорхой шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 100.3-д заасныг үндэслэн тэдгээрийн өмгөөлөгч нарын хүсэлтээр эзгүйд нь хэргийг шийдвэрлэсэн болно.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон                    

ТОГТООХ нь:

   1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагч Р.Өаас 2.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Цт олгосугай.

   2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Н.Цаас улсын тэмдэгийн хураамжид урьдчилан төлсөн 46.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.Өаас 46.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Цт олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Н.САРАНГҮН

                            ШҮҮГЧИД                                                         Б.МАНДАЛБАЯР

                                                                                                      Б.ЦОЛМОНГЭРЭЛ