Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 126/ШШ2022/0009

 

             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Ганчимэг даргалж, Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт холбогдох Б.Дын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 110 дугаар танхимд, нээлттэйгээр, нэхэмжлэгч Б.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.В, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Түвшинжаргал нарыг оролцуулан хийгээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага:

“Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Хын 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/90 тоот тушаалыг хүчингүй болгуулж, Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Газар, газрын хэвлий, уул уурхай, тусгай хамгаалалттай газар нутаг, байгууллагын дотоод сүлжээ, програм хангамж хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох”

2.Хэргийн нөхцөл байдал:

Б.Д нь Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/90 дугаар “Б.Дыг ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар Газар, газрын хэвлий, түүний хамгаалал, ашиглалт, нөхөн сэргээлт, тусгай хамгаалалттай газар нутаг, байгаль орчны үнэлгээ, хяналт, аудит, судалгаа шинжилгээ, уул уурхайн асуудал, дотоод хяналт хариуцсан мэргэжилтний ажлаас 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс тасалбар болгон чөлөөлөгдсөн.

3.Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны талаар:

Б.Дт Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 01/137 тоот албан бичгээр “... Та Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан төрийн жинхэнэ албан тушаалд сонгон шалгаруулж томилох тухай, мөн хуулийн 33 дугаар зүйлд заасан төрийн албаны мэргэшлийн шалгалт өгөх зохицуулалт, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол журам”-ыг тус тус зөрчин төрийн албаны тусгай шалгалт өгөлгүйгээр тухайн албан тушаалд томилогдсон байх тул Таныг төрийн жинхэнэ албан хаагч гэж үзэх үндэслэлгүй. Гомдол дурдсан асуудлыг ... шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй” гэсэн хариу өгчээ.

 Нэхэмжлэгч Б.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

4.Миний бие 2018 онд Хөдөө аж ахуйн их сургуулийг байгаль хамгаалал, хяналт үнэлгээ мэргэжлээр төгссөн ба 2018 оны 12 дугаар сард төрийн албаны шалгалт өгч тэнцсэн. Тодруулж хэлбэл Төрийн албаны тухай өмнөх хууль хэрэгжиж байх үед хуучин журмаар шалгалт өгч, төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалтыг аль алийг өгч төрийн жинхэнэ албан хаагч болсон.

5.Ингээд би 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Б/62 дугаар тушаалаар тус газрын мэргэжилтэн Б.Үын жирэмсний амралттай хугацаанд түүний оронд ажилд орсон. Мэргэжилтэн Б.Ү ажилдаа эргэн орох болсон тул 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Б/10 тоот тушаалаар би ажлаасаа чөлөөлөгдсөн.

6.Дараа нь 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Б/30 тоот тушаалаар Рэнчинлхүмбэ сумын байгаль хамгаалагч Баярмагнайгийн жирэмсний амралтын хугацаанд байгаль хамгаалагчаар томилогдон ажиллаж байгаад мэргэжилтэн Б.Ү өөр байгууллагад шилжсэн тул аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт шатлан дэвших журмаар 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/31 тоот тушаалаар үндсэн ажилтнаар томилогдсон.

7.Ийнхүү ажиллаж байх явцдаа байгууллагын даргын 2020 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн Б/09 тоот тушаалаар үүрэгт ажилд өөрчлөлт орж, Байгаль орчны үнэлгээ аудит, судалгаа шинжилгээ хариуцсан мэргэжилтнээр үргэлжлүүлэн ажилласан.

8.Гэтэл тухайн үед манай байгууллагын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байсан Х.Хын 2021 оны 12 дугаар сарын 07-ны Б/90 тоот тушаалаар намайг ажлаас чөлөөлсөн бөгөөд түүнийгээ “2021 оны 10 дугаар сард болсон Төрийн албаны зөвлөлийн шалгалтаар шатлан дэвших журам зөрчсөн хэмээн үзэж хууль бус томилгоотой гэсэн дүгнэлт гарсан учраас чөлөөлөв” хэмээн тайлбарлав.

9.Төрийн албаны зөвлөлийн шалгалт болох үед миний 2018 онд шалгалтанд орсон тухай мартериал хувийн хэрэгт дутуу байсан нь төрийн албаны шийдвэрт сөрөг гарахад нөлөөлсөн байж болох талтай.

10.Түүнчлэн намайг шатлан дэвшүүлэх журмыг зөрчиж томилсон гэх бөгөөд энэ нь ажил олгогчийн буруу болохоос ажилтны буруу биш гэж үзэж байна.

11.Би ажиллаж байх хугацаандаа ямар нэг алдаа зөрчил гаргаж байгаагүй бөгөөд Удирдлагын академийн зохих шатны сургалтанд хамрагдан төрийн мэргэшсэн албан хаагч болсон. Албан тушаалын тодорхойлолтод заагдсан бүх шалгуурыг хангасан билээ.

12.Түүнчлэн Төрийн албаны зөвлөлд хандан энэхүү гомдлоо гаргасан боловч “ та ... Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол журам”-ыг зөрчин тусгай шалгалт өгөлгүй томилогдсон байх тул таныг төрийн жинхэнэ албан хаагч гэж үзэх үндэслэлгүй” гэжээ. Төрийн албаны зөвлөлийн шалгалт ирсэн гэж би сонсож байсан боловч хууль бус томилгоотой гэсэн шийдвэр гарсан болохыг би хэзээ хойно сонссон.

13.Тухайн үед нь би мэдсэн бол 2018 оны 12 дугаар сард буюу 2019 оны энэхүү журам гарахаас өмнө шалгалт өгсөн учраас тусгай шалгалтаа тухайн үед нь өгч, төрийн жинхэнэ албан хаагч болсон гэдгээ тайлбарлах байсан юм.

14.Би төрийн албанд 3 жил ажилласан, тангараг өргөсөн төрийн албан хаагч учраас эрх ашиг хөндөгдөж байгаа энэ асуудлыг минь хянан хэлэлцэж, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Хын 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/90 тоот тушаалыг хүчингүй болгож ажилд минь эгүүлэн тогтоож өгнө үү.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.В шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

15.Б.Д нь 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/112 тоот захирлын тушаалаар ХААИС-ийг байгаль хамгаалал, хяналт үнэлгээ мэргэжлээр төгсөж ирээд 2018 оны 12 дугаар сарын 11-нд аймгийн БОАЖГ-ын даргын Б/62 дугаар тушаалаар мэргэжилтэн Б.Үын жирэмсний амралтын хугацаанд түр томилогдоод Б.Ү ажилдаа эргэн орох болсон тул байгууллагын даргын 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Б/30 тоот тушаалаар Рэнчинлхүмбэ сумын байгаль хамгаалагч Б.Бгийн оронд түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон.

16.Төрийн албаны мэргэшлийн шалгалтыг 2018 оны 12 дугаар сарын 17-21-ний өдрүүдэд зохион байгуулагдахад Б.Д шалгалт өгч, 72 оноо авч, төрийн албаны нөөцөд орсон ба Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн тогтоол гарсан байна. Тэрээр 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Монгол Улсын төрийн захиргааны жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн, ТЗ-5 зэрэглэлтэй, дэс түшмэлийн ангилалд бүртгэгдсэн хүн.

17.Б.Д нь аймгийн БОАЖГ-ын 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/31 дүгээр тушаалаар 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс тус байгууллагад газар, газрын хэвлий, түүний хамгаалал, ашиглалт, нөхөн сэргээлт, тусгай хамгаалалттай газар нутаг, байгаль орчны үнэлгээ, хяналт, аудит, судалгаа шинжилгээ, уул уурхайн асуудал, дотоод хяналт хариуцсан мэргэжилтнээр дэвшин томилогдсоноор өөрийн ажил мэргэжлээр тасралтгүй ажиллаж байгаад 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/09 тушаалаар чөлөөлөгдсөн байдаг.

18.Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 278 дугаар тогтоолоор Б.Дыг тусгай шалгалт өгөлгүйгээр дэвшин ажилласан гэж үзсэн. Өөрөөр хэлбэл Рэнчинлхүмбэ сумын байгаль хамгаалагчаар ажиллаж байгаад аймгийн БОАЖГ-ын даргын 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/31 дугаар тушаалаар мэргэжилтэн болсныг шатлан дэвшүүлэх журам зөрчсөн гэжээ.

19.Гэтэл Б.Д нь ТЗ-5 шатлалын шалгалтыг 2018 оны 12 дугаар сард өгөөд нөөцөд орсон нь өмнө нь дурдсанчлан ТАЗ-ын 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 163 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 9-д бичигдсэн нь баримтаар нотлогдоно.

20.Тэрээр 2018 онд ТЗ-5 ангилал зэрэглэлийн нөөцөд бүртгэгдэн ажил үүрэг гүйцэтгэж байсныг дурдан ТАЗ-д хандан гомдол гаргахад 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 01/137 тоот албан бичгээр шийдвэрлэх үндэслэлгүй гэсэн хариу ирүүлсэн тул шүүхэд хандахад хүрсэн.

21.Тухайн үед 2018 оны сүүлчээр өмнөх журмаар шалгалт өгсөн учраас ерөнхий болон тусгай шалгалт аль аль нь өгөгдөж, нөөцөд орсон учраас Рэнчинлхүмбэ сумын байгаль хамгаалагчаас аймгийн БОАЖГ-ын мэргэжилтнээр томилогдсоныгоо журам зөрчөөгүй гэж миний үйлчлүүлэгч ойлгодог. Харин тус байгууллагын тухайн үеийн дарга байсан Р.Жаргалсайхан хэлэхдээ “Б.Ү өөр байгууллагад шилжин ажиллах болсон гэдгийг аймгийн ТАЗ-ын салбар зөвлөлд мэдэгдэж, гаргаж буй тушаал шийдвэрээ хянуулж байсан учраас журам зөрчигдсөн асуудал гарсан гэж бодохгүй байна” хэмээн тайлбарладаг.

22.Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам, зааврыг баталсан. Журмын 2.5-д заасанчлан 21 хоногийн дотор зохих албан тушаалтан сул орон тооны захиалга өгсөн эсэхийг миний үйлчлүүлэгч мэдэхгүй.

23.Өмнөх журмаар буюу 2018 онд шалгалтаа өгөөд төрийн албаны нөөцөд ороод ажил албан тушаалд томилогдсон учраас буруутгах үндэслэл харагдахгүй байна.

24.Өмнө нь нөөцөд бүртгэгдэн тухайн ажил албанд тохирох мэргэжлийн гүйцэтгэх ажилтанд тавигдах шаардлагыг хангасан мэргэжилтнийг дахин тусгай шалгалтад оруулж, томилох тухай Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам, зааварт алга байна.

25.Тиймээс албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ зохих ёсоор гүйцэтгэж, хичээл зүтгэл гарган, өсөж дэвжихийн төлөө хичээнгүйлэн ажиллаж байгаа залуу боловсон хүчнийг хохироож болохгүй гэж үзэж байна.

26.Б.Д нь 2020 оны 12 дугаар сарын 30-нд Удирдлагын академийн дунд хугацааны мэргэжлийн сургалтад хамрагдан №257 дугаартай сертификат авсан. Энэ нь Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 347 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтаар батлагдсан албан тушаалын тодорхойлолтын III дахь “Албан тушаалд тавигдах тусгай шаардлага”-ын мэргэшил гэсэн хэсэгт заагдсан “Төрийн албаны мэргэшүүлэх богино, дунд хугацааны сургалтад хамрагдаж төгссөн байх” гэсэн шаардлагыг хангасан болно.

27.Мэргэжлийн залуу боловсон хүчнийг өсч хөгжихийг дэмжин, мэргэшүүлж, тогтвор суурьшилтай ажиллуулах төрийн бодлого, хүнлэг энэрэнгүй байх Үндсэн хуулийн зарчмыг баримтлан асуудалд хандаж, өөрийн буруугаас шалтгаалаагүй шалтгаанаар ажлаас чөлөөлөгдсөн тушаалыг эргэн харж, ажилд мэргэжилдээ сонирхолтой, үнэнч шударгаар ажиллаж ирсэн байдлыг харгалзан мэргэжилтэн Б.Дын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

            28.Байгаль орчны байгууллагын даргын 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/90 дүгээр тушаалд Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 278 тогтоолыг үндэслэсэн байгааг би буруутгахгүй. Түүнчлэн төрийн албаны зөвлөлийн  дүгнэлт бол үндэслэл муутай гарсныг нь холбогдох хууль дүрмийг үндэслэн харж гаргасан. 

            29.Тухайн байгууллагын хувийн хэргийг хөтлөх байгууллагын боловсон хүчний алдаа байна. Мөн тухайн төрийн албаны шалгалт явж байх үед тэр баримтыг нэг бүрчлэн үзүүлсэнгүй.

            30.Энэ тушаалуудыг хүчингүй болгуулах үндэслэл нь Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3 дахь хэсэгт зааснаар төрийн албаны зөвлөл бол буруу харсан байна. Түүн дээр ахлах түшмэл гэж байснаас дэс түшмэл гэж байхгүй. Б.Д нь дэс түшмэл буюу мэргэжилтний ажил хийж байсан.

            31.Монгол Улсын Их Хурлын 2019 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 20 дугаар тогтоолд заасан үүргээ Төрийн албаны зөвлөл гүйцэтгээгүй.

            32.Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.5 дахь хэсэгт зааснаар төрийн жинхэнэ алба хаагчийг албан тушаалаас түр чөлөөлөх хуульд заасан үндэслэлүүд байна. Энэ дотроос бусад гэсэн үндэслэлийг авч үзсэн байгаа юм. Бусад гэдгээ тодруулаагүй, эрхийн акт гаргах стандартыг бариагүй.

            33. 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/31 тушаалаас хойш албан тушаалд өөрчлөлт оруулсан, ажил үүрэгт нь өөрчлөлт оруулсан тухай 2 тушаал гарсан. Энэ нь хүчин төгөлдөр явж байна.

            34.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дүгээр зүйлд зааснаар энэ хүний хөдөлмөрлөх эрх болон бусад хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байгааг засаж залруулж энэ тушаалыг хүчингүй болгуулах үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4, 106.3.8-д зааснаар шүүх шийдвэрлэх боломж байна уу гэж харж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

35. ... 2021 оны 10 дугаар сард тус аймагт Төрийн албаны зөвлөлөөс ирсэн шалгалтаар тухайн үед Б.Дыг болон бусад нэр бүхий албан хаагчдыг ажилд томилсон Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын томилгоо буруу байсан үндэслэлээр Б.Д болон бусад албан хаагчдыг төрийн албанаас чөлөөлж хариу ирүүлэх тухай Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 278 дугаар бүхий хугацаатай тогтоолыг манай байгууллагад ирүүлсэн.

36. Миний бие тухайн үед байгууллагын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байсны хувьд Б.Дыг ажлаас чөлөөлөх тухай 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/90 дугаар тушаал гаргаж ажлаас чөлөөлсөн ...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

37. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч Б.Дын Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт холбогдуулан гаргасан “Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Хын 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/90 тоот тушаалыг хүчингүй болгуулж, Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Газар, газрын хэвлий, уул уурхай, тусгай хамгаалалттай газар нутаг, байгууллагын дотоод сүлжээ, програм хангамж хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

38. Нэхэмжлэгч Б.Д нь Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Б/62 дугаар тушаалаар[1] жирэмсний амралттай байсан Б.Үын оронд “Газар, газрын хэвлий түүний баялгийн ашиглалт нөхөн сэргээлт, тусгай хамгаалалттай газар нутаг, байгаль орчны үнэлгээ, аудит, судалгаа шинжилгээ хариуцсан мэргэжилтэн”-ийн орон тоон дээр түр орлон гүйцэтгэгчээр томилогджээ.

39.Энэ хугацаандаа Б.Д 2018 онд Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны хяналт шалгалт хариуцсан мэргэжилтний албан тушаалд шалгалт өгөн тэнцэж Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөд бүртгэгдсэн болох нь Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 163 дугаар тогтоолоор[2] нотлогдож байна.

40.Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Б/10 дугаар тушаалаар[3] “Газар, газрын хэвлий түүний баялгийн ашиглалт нөхөн сэргээлт, тусгай хамгаалалттай газар нутаг, байгаль орчны үнэлгээ, аудит, судалгаа шинжилгээ хариуцсан мэргэжилтэн” Б.Ү ажилдаа эргэн орсноор түүний ажлын байранд түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Б.Д ажлаас чөлөөлөгджээ.

41.Дараа нь Б.Д Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Б/30 дугаар тушаалаар[4] Рэнчинлхүмбэ сумын байгаль хамгаалагч Б.Бгийн жирэмсний амралтын хугацаанд ажлын зайлшгүй шаардлагаар түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон.

42.Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/31 дүгээр тушаалаар[5] Батхуяг овогтой Догсомжавыг 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс Рэнчинлхүмбэ суман дахь байгаль хамгаалагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлж, мөн өдрөөс Газар, газрын хэвлий түүний хамгаалал, ашиглалт, нөхөн сэргээлт, тусгай хамгаалалттай газар нутаг, байгаль орчны үнэлгээ, хяналт, аудит, судалгаа шинжилгээ, уул уурхайн асуудал, дотоод хяналт, хариуцсан мэргэжилтнээр дэвшүүлсэн томилжээ. 

43.2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Б.Д нь Төрийн албан хаагчийн тангараг[6] өргөсөн болох нь хэрэгт авагдсан тангарагийн хуудсаар нотлогдоно.

44.Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/09 дүгээр тушаалаар[7] Батхуяг овогтой Догсомжавыг тус газрын Байгаль орчны үнэлгээ, аудит, судалгаа шинжилгээ хариуцсан мэргэжилтнээр 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс үргэлжлүүлэн ажиллуулж байгаад 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 03 дугаар тушаалаар[8] Б.Дын ажил үүрэгт нэмэлтээр Газар, газрын хэвлий тусгай хамгаалалттай газар нутгийн асуудлыг 2021 оны 1 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн хариуцуулжээ.

45. Улмаар Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/90 дугаар тушаалаар[9] Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.5, Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 278 дугаар тогтоолыг тус тус үндэслэн тус газрын Газар, газрын хэвлий түүний хамгаалал, ашиглалт, нөхөн сэргээлт, тусгай хамгаалалттай газрын нутаг, байгаль орчны үнэлгээ, хяналт, аудит, судалгаа шинжилгээ, уул уурхайн асуудал дотоод хяналт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан Б.Дыг 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлжээ.

46.Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 278 дугаар тогтоол[10], түүний 10 дугаар хавсралтаар[11] Б.Дыг Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б/31 дүгээр тушаалаар Газар, газрын хэвлий, түүний хамгаалал, ашиглалт, нөхөн сэргээлт, тусгай хамгаалалттай газар нутаг, байгаль орчны үнэлгээ, хяналт, аудит, судалгаа шинжилгээ, уул уурхайн асуудал, дотоод хяналт хариуцсан мэргэжилтнээр томилон ажиллуулж байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.2 дахь хэсэг, 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсгийг тус тус зөрчсөн болохыг тогтоожээ.

47.Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б/13 дугаар тушаалаар[12] Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар нь Байгаль орчны үнэлгээ, аудит, судалгаа шинжилгээ хариуцсан мэргэжилтэн-1, Газар, газрын хэвлий, уул уурхай, тусгай хамгаалалттай газар нутаг, байгууллагын дотоод сүлжээ, програм хангамж хариуцсан мэргэжилтэн-1, ... гэсэн төрийн захиргааны нийт 69 орон тоотой байхаар батлагдсан байв.

48.Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/570 дугаар захирамжаар[13] Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар нь Байгаль орчны үнэлгээ, аудит, судалгаа шинжилгээ хариуцсан мэргэжилтэн-1 гэсэн орон тоо хасагдаж, Газар, газрын хэвлий, уул уурхай, тусгай хамгаалалттай газар нутаг, байгууллагын дотоод сүлжээ, програм хангамж хариуцсан мэргэжилтэн-1, ... гэсэн төрийн захиргааны нийт 68 орон тоотой ажиллахаар бүтэц орон тоо нь батлагджээ.

49.Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 347 дугаар тогтоолын 7 дугаар хавсралтаар Газар, газрын хэвлий, уул уурхай, тусгай хамгаалалттай газар нутаг, байгууллагын дотоод сүлжээ, програм хангамж хариуцсан мэргэжилтэн[14], Байгаль орчны үнэлгээ, аудит, судалгаа шинжилгээ хариуцсан мэргэжилтний[15] албан тушаалын тодорхойлолтыг баталсан байна.

50.Нэхэмжлэгч Б.Д “Би 2018 оны 12 дугаар сард буюу 2019 оны 14 дүгээр тогтоолоор батлагдсан Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол журмыг гарахаас өмнө шалгалт өгсөн учраас төрийн жинхэнэ албан хаагч болсон” гэж тайлбарлаж байгаа нь дараах байдлаар үндэслэлгүй болно.

51.Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албанд дараахь зарчмыг баримтална: ...4.2.5.төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх”, 17 дугаар зүйлийн 17.3-т “Төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх хүсэлтэй, энэ хуулийн 10.1-д заасан ерөнхий болон 33.5-д заасан тусгай шаардлагыг хангасан иргэдийг өрсөлдүүлэн шалгаруулах зорилгоор тэднээс төрийн албаны мэргэшлийн шалгалт ... авч онооны дэс дарааллаар төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэнэ. Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний сонгон шалгаруулалтад тэнцэж, тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа нэг иргэнийг төрийн албаны төв байгууллага сонгон түүнийг томилох эрх бүхий этгээдэд нэр дэвшүүлнэ, 17.6-д “Мэргэшлийн шалгаруулалтаар шалгарсан иргэнийг зохих албан тушаалд томилсон тухай төрийн холбогдох байгууллагын эрх бүхий албан тушаалтан шийдвэр гаргаж баталгаажуулна” гэж тус тус заасан.

52.Тодруулбал 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж мөрдөхөөс өмнө үйлчилж байсан Төрийн албаны тухай хуулиар төрийн алба мэргэшсэн байх зарчимтай байв.

53.Энэхүү зарчмыг хангахын тулд төрийн албанд анх орох иргэнээс төрийн албаны мэргэшлийн шалгалт авч, тус шалгалтаар тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа нэг иргэнийг төрийн албаны төв байгууллага сонгон түүнийг томилох эрх бүхий этгээдэд нэр дэвшүүлэх, уг нэр дэвшигчийг зохих албан тушаалд томилсон тухай төрийн холбогдох байгууллагын эрх бүхий албан тушаалтан шийдвэр гаргаж баталгаажуулснаар төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн харилцаа үүсэх зохицуулттай байжээ.

54.Харин нэхэмжлэгч Б.Дын хувьд Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны хяналт шалгалт хариуцсан мэргэжилтний албан тушаалд шалгалт өгөн тэнцэж Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөд[16] бүртгэгдсэн. Гэвч тухайн албан тушаалдаа Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 17 дугаар зүйлийн 17.3, 17.6 дахь хэсэгт зааснаар томилогдоогүй, нөөцөд байсан.

55. Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөд байх хугацаандаа Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Б.Үыг жирэмсний амралттай үед “Газар, газрын хэвлий түүний баялгийн ашиглалт нөхөн сэргээлт, тусгай хамгаалалттай газар нутаг, байгаль орчны үнэлгээ, аудит, судалгаа шинжилгээ хариуцсан мэргэжилтэн”-ийн орон тоон дээр түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан.

56.Түр орлон гүйцэтгэгчээр томилогдсоноор Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 17 дугаар зүйлийн 17.3, 17.6 дахь хэсэгт зааснаар төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн харилцаа үүсэхгүй.

57.Иймд нэхэмжлэгчийн дээрх тайлбар хууль зүйн үндэслэлгүй байна.

58.Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/31 дүгээр тушаалаар[17] Батхуяг овогтой Догсомжавыг 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс Ренчинлхүмбэ суман дахь байгаль хамгаалагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлж, мөн өдрөөс Газар, газрын хэвлий түүний хамгаалал, ашиглалт, нөхөн сэргээлт, тусгай хамгаалалттай газар нутаг, байгаль орчны үнэлгээ, хяналт, аудит, судалгаа шинжилгээ, уул уурхайн асуудал, дотоод хяналт, хариуцсан мэргэжилтнээр дэвшүүлэн томилсонд дараах хууль зүйн дүгнэлт хийлээ.

59.Төрийн албаны тухай /2017 оны/ хуулийн шинэчилсэн найруулга мөрдөгдөж эхэлснээс хойш, Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Б/30 дугаар тушаалаар[18] Батхуяг овогтой Догсомжавыг Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг дараахь журмаар түр орлон гүйцэтгүүлнэ: ... 43.3.4.жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтэй, ... тохиолдолд ... төрийн албан хаагчийн нөөцөд бүртгэгдсэн иргэнийг сонгон авч, тодорхой хугацаагаар түр орлон гүйцэтгүүлэх” гэж заасны дагуу байгаль хамгаалагч Б.Бгийн жирэмсний амралтын хугацаанд Рэнчинлхүмбэ суман дахь байгаль хамгаалагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллуулж байсан талаар хэргийн оролцогчид маргаагүй.

60.Төрийн албаны тухай хуулийн зорилт нь төрийн албаны мэргэшсэн, тогтвортой, ил тод, хариуцлагатай байх эрх зүйн үндсийг бүрдүүлэхэд оршдог.

61.Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3"чадахуйн зарчим /мерит/" гэж иргэнийг төрийн албанд сонгон шалгаруулж томилох, ... -доо хувь хүний мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага, ажлын үр дүнд тулгуурлахыг ойлгохоор заасан байдаг.

62.Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд энэ хуулиар тогтоосон шаардлагыг хангасан Монгол Улсын иргэнийг сонгон шалгаруулж томилно, 27 дугаар зүйлийн 27.1-дХуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий этгээд доор дурдсан журмын дагуу уг орон тоог нөхнө: ... 27.1.4.энэ хуулийн 27.1.3-т заасны дагуу нөхөх боломжгүй бол нээлттэй сонгон шалгаруулалт зарлах”, 27.3-т “Энэ хуулийн 27.1-д заасан тохиолдолд томилох эрх бүхий этгээд төрийн албаны төв байгууллагаас санал болгосон нэр дэвшигчийг холбогдох албан тушаалд томилно гэж заасан журмын дагуу төрийн жинхэнэ албан хаагчийн сул орон тоо нөхөгдөх учиртай.

63.Гэтэл Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/31 дүгээр тушаалаар Батхуяг овогтой Догсомжавыг 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс Рэнчинлхүмбэ суман дахь байгаль хамгаалагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлж, мөн өдрөөс төрийн жинхэнэ албан хаагчийн сул орон тоо болох Газар, газрын хэвлий түүний хамгаалал, ашиглалт, нөхөн сэргээлт, тусгай хамгаалалттай газар нутаг, байгаль орчны үнэлгээ, хяналт, аудит, судалгаа шинжилгээ, уул уурхайн асуудал, дотоод хяналт, хариуцсан мэргэжилтнээр дэвшүүлсэн томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 27 дугаар зүйлийн 27.1, 27.1.4, 27.3 дахь хэсгийг зөрчсөн хууль бус байна.

64.Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/31 дүгээр тушаалаар Батхуяг овогтой Догсомжавыг 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс Рэнчинлхүмбэ суман дахь байгаль хамгаалагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлж, мөн өдрөөс Газар, газрын хэвлий түүний хамгаалал, ашиглалт, нөхөн сэргээлт, тусгай хамгаалалттай газар нутаг, байгаль орчны үнэлгээ, хяналт, аудит, судалгаа шинжилгээ, уул уурхайн асуудал, дотоод хяналт хариуцсан мэргэжилтнээр дэвшүүлсэн томилохдоо Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2 дахь заалтыг баримталжээ.

65.Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий этгээд доор дурдсан журмын дагуу уг орон тоог нөхнө: ... 27.1.2.төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх болон туслах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас, эсхүл холбогдох бусад төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас” гэж заасан.

66.Хуулийн 27.1.2-т заасан “тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас” гэдэгт тухайн албан байгууллагад төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалтыг өгч хуулийн дагуу томилогдон ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчийг ойлгохоор байна.

67.Учир нь Төрийн албаны тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь төрийн албаны мэргэшсэн, ... байх эрх зүйн үндсийг бүрдүүлэх, ...-д оршино”, 3 дугаар зүйлийн 3.1.3."чадахуйн зарчим /мерит/" гэж иргэнийг төрийн албанд сонгон шалгаруулж томилох, ...-доо хувь хүний мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага, ажлын үр дүнд тулгуурлахыг ойлгохоор, 7 дугаар зүйлийн 7.1-д “Төрийн албанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчмаас гадна дараахь зарчмыг баримтална: ... 7.1.2.мэргэшсэн, тогтвортой байх; ... 7.1.4.Монгол Улсын иргэн төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах; 7.1.5.төрийн жинхэнэ албан тушаалд иргэнийг томилохдоо гагцхүү чадахуйн зарчмыг баримтлах” гэж тус тус заасантай нэгдмэл байдлаар авч үзэх нь зүйтэй. Хууль бол нэгдмэл[19] /Law as integrity/ гэж хууль зүйн шинжлэн ухаанд үздэг.

68.Төрийн жинхэнэ албан тушаалд иргэнийг томилохдоо гагцхүү чадахуйн зарчмыг баримтлах ба энэ нь иргэнийг төрийн албанд сонгон шалгаруулж томилох тухай ойлголт юм.

69.Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т “Төрийн жинхэнэ албаны шалгалт доор дурдсан төрөлтэй байна: 33.2.1.ерөнхий шалгалт; 33.2.2.тусгай шалгалт /тухайн албан тушаалын”,  33.3-т “... тусгай шалгалт /тухайн албан тушаалын/-ыг мөн хуулийн ... 27.1.2-т заасан төрийн албан хаагчаас болон ... нөөцөд байгаа иргэдээс тус тус авна” гэж заасны дагуу төрийн жинхэнэ албаны тусгай шалгалт авах хуулийн шаардлагыг зөрчиж, түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Б.Дыг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2 дахь заалтыг баримтлан Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/31 дүгээр тушаалаар 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс Газар, газрын хэвлий түүний хамгаалал, ашиглалт, нөхөн сэргээлт, тусгай хамгаалалттай газар нутаг, байгаль орчны үнэлгээ, хяналт, аудит, судалгаа шинжилгээ, уул уурхайн асуудал, дотоод хяналт хариуцсан мэргэжилтнээр дэвшүүлэн томилсон нь хууль бус байна.

70.Цаашилбал Төрийн албаны тухай хуулийн 36 дугаар зүйлд заасан Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх журмыг зөрчин, төрийн жинхэнэ албан хаагчаар хуулийн дагуу томилогдоогүй хүнийг тангараг өргүүлсэн нь буруу байна.

71.Ийнхүү тусгай шалгалт өгөөгүй хүнийг хууль бусаар дэвшүүлэн томилж буй нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагаанд баримтлах шударга ёс, тэгш байдал, хууль дээдлэх зарчим, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасан төрийн алба мэргэшсэн байх, 7.1.4.-т заасан Монгол Улсын иргэн төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах, 7.1.5-д заасан төрийн жинхэнэ албан тушаалд иргэнийг томилохдоо гагцхүү чадахуйн зарчмыг баримтлах гэснийг тус тус зөрчиж байна.

72.Түүнчлэн Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/31 дүгээр тушаал нь төрийн албан тушаалд дэвшүүлэн томилох тухай хууль тогтоомжийг зөрчжээ.

73.Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д “Төрийн албан тушаалд шатлан дэвшүүлэх журмыг энэ хуульд нийцүүлэн Засгийн газрын саналыг харгалзан төрийн албаны төв байгууллага батална. Албан тушаалд шатлан дэвшүүлж томилоход энэ журмыг баримтална” гэж заасан.

74.Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 16 дугаар батлагдсан “Төрийн албан тушаалд шатлан дэвшүүлэх журам”-ын Нэгийн 1.1-д “Албан тушаалын шаардлагыг хамгийн сайн хангасан төрийн жинхэнэ албан хаагчийг чадахуй (мерит)-н зарчимд үндэслэн шатлан дэвшүүлэхтэй холбогдсон харилцааг энэ журмаар зохицуулна”,

1.2-т “Төрийн жинхэнэ албан тушаалд шатлан дэвшүүлэхэд хууль ёс, шударга ёс, ил тод байдал, адил тэгш боломжоор хангах болон чадахуйн зарчмыг удирдлага болгоно”,

Хоёрын 2.6-д “Төрийн албаны тусгай шалгалт /тухайн албан тушаалын/ өгч, Төрийн албаны зөвлөл, Салбар зөвлөлөөс нэр дэвшүүлсэн албан хаагчийг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан шатлан дэвшүүлж тухайн албан тушаалд томилно” гэж зааснаас үзэхэд төрийн жинхэнэ албан хаагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчийг төрийн жинхэнэ албанд шатлан дэвшүүлэх ойлголт байхгүй. Гагцхүү төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албаны тусгай шалгалт өгсний үндсэн дээр албан тушаал шатлан дэвшүүлэх тухай зохицуулжээ.

75.Нийтийн эрх зүйд зөвшөөрөөгүй бүхнийг хориглох зарчим үйлчилдэг бөгөөд энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан хуульд үндэслэх зарчмаар хэрэгжинэ. Өөрөөр хэлбэл хуулиар захиргааны байгууллагад зөвшөөрөөгүй бол захиргааны байгууллага аливаа үйл ажиллагаа явуулах эрхгүй байдагт энэ зарчмын агуулга оршино.

76.Нэхэмжлэгч Б.Д “миний тушаалыг үнэхээр хууль бусаар гаргасан бол энэ нь ажилтан миний буруу биш тухайн үеийн удирдлагын гаргасан алдаатай холбоотой” гэсэнд дараах тайлбарыг өгье.

77.Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/31 дүгээр тушаалаар Батхуяг овогтой Догсомжавыг 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс Рэнчинлхүмбэ суман дахь байгаль хамгаалагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлж, мөн өдрөөс Газар, газрын хэвлий түүний хамгаалал, ашиглалт, нөхөн сэргээлт, тусгай хамгаалалттай газар нутаг, байгаль орчны үнэлгээ, хяналт, аудит, судалгаа шинжилгээ, уул уурхайн асуудал, дотоод хяналт, хариуцсан мэргэжилтнээр томилж, дараа нь 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/09 дүгээр тушаалаар Байгаль орчны үнэлгээ, аудит, судалгаа шинжилгээ хариуцсан мэргэжилтнээр 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс үргэлжлүүлэн ажиллуулж байгаад 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 03 дугаар тушаалаар Б.Дын ажил үүрэгт нэмэлтээр Газар, газрын хэвлий тусгай хамгаалалттай газар нутгийн асуудлыг 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн хариуцуулсан.

78.Б.Дыг Газар, газрын хэвлий түүний хамгаалал, ашиглалт, нөхөн сэргээлт, тусгай хамгаалалттай газар нутаг, байгаль орчны үнэлгээ, хяналт, аудит, судалгаа шинжилгээ, уул уурхайн асуудал, дотоод хяналт, хариуцсан мэргэжилтнээр томилсон тушаал энэ шийдвэрийн 69 дэх хэсэгт дүгнэснээр хууль бус тул түүнээс хойш гарсан тушаалууд мөн хууль бус болно. Өөрөөр хэлбэл хууль бус эрх зүйн актыг залгамжлан гарч байгаа дараагийн актууд нэгэн адил хууль бус байна.

79. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн ...-ээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, ... эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”,

3 дугаар зүйлийн 3.1.3-д “"нэхэмжлэл" гэж хүн ...-ээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, ... эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг ойлгохоор,

 106 дугаар зүйлийн 106.3.1-д “захиргааны акт ... хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” гэж тус тус заасан.

80. Захиргааны шүүхийн эн тэргүүний зорилго нь хүний зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээхэд чиглэгддэг[20]. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн тохиолдолд шүүх түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь хамгаална. Нэхэмжлэгчийн субьектив эрх зөрчигдөөгүй тохиолдолд түүний нэхэмжлэл хангагдах үндэслэлгүй. Субьектив эрх гэдэг нь хууль тогтоомжид шууд заасан эсхүл, хуульд заасны үндсэн дээр олж авч болох нэхэмжлэгчийн эрх мэдэл буюу боломж юм.

81.Цаашилбал хууль бус захиргааны актыг үндэслэн нэхэмжлэгчид хууль ёсны эрх, ашиг сонирхол үүсэхгүй. Нэхэмжлэгч Б.Дыг ажилд томилсон тушаал хууль бус тул түүний хувьд эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхгүй.

82. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс Б.Дыг ажлаас чөлөөлөх тушаалыг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.5-д заасныг баримталсан нь буруу байна гэж маргаж буй нь үндэслэлтэй байна.

83. Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас чөлөөлнө: ... 46.2.5.хуульд заасан бусад үндэслэл” гэжээ. Хуулийн энэ заалтаар төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөх харилцааг зохицуулсан байхад төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн харилцаа үүсээгүй Б.Дыг ажлаас чөлөөлөхдөө үндэслэл болгож байгаа нь буруу байна.

84.Гэсэн хэдий ч Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 278 дугаар тогтоолыг хэрэгжүүлж, Хөвсгөл аймгийн Байгаль орчны газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/90 дүгээр захирамж гаргасан хариуцагчийн үйлдлийг буруутгах боломжгүй юм.

85.Тодруулбал Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага өөрөө, эсхүл иргэний гомдол, мэдээллийн дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж томилох үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийнэ”, 30.2.Энэ хуулийн 30.1-д заасан хяналт, шалгалтын явцад хууль тогтоомж зөрчиж сонгон шалгаруулалт явуулсан, төрийн албан хаагчийг томилсон нь тогтоогдсон бол зөрчлийг арилгах хугацаатай үүрэг, даалгавар өгч, биелэлтийг хангуулна”, 65 дугаар зүйлийн 65.6-д “Зөвлөл эрх хэмжээнийхээ хүрээнд тогтоол гаргана. Зөвлөлийн шийдвэрийг холбогдох этгээд заавал биелүүлнэ”, 66 дугаар зүйлийн 66.1-д “Зөвлөл дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: ...66.1.3.иргэн, байгууллага, албан хаагчийн гомдол, мэдээллийн дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаанд шалгалт хийх, илэрсэн зөрчлийг арилгах хугацаатай шаардлага хүргүүлэх, хууль тогтоомж зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох, 66.1.6ууль тогтоомжид нийцүүлэн эрх хэмжээнийхээ асуудлаар шийдвэр гаргах, өөрчлөх, биелэлтийг хангах” гэж тус тус заасан тул Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг хариуцагч биелүүлэх нь зүй.

86.Нэхэмжлэгч Б.Д нь 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 11 дүгээр сарын 21-ний өдрүүдэд зохион байгуулсан Төрийн албаны ерөнхий шалгалтад тэнцэж нөөцөд бүртгэгдсэн болох нь Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 362 дугаар тогтоол, түүний хавсралтаар[21] нотлогдож байна.

87.Дараа нь 2022 оны 03 дугаар сарын 02-ны Б.Д Хөвсгөл аймгийн Байгаль орчны газрын Газар, газрын хэвлий, уул уурхай, тусгай хамгаалалттай газар нутаг, байгууллагын дотоод сүлжээ програм хангамж хариуцсан мэргэжилтний албан тушаалын тусгай шалгалтад 60 оноо авч тэнцсэн[22].

88.Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Газар, газрын хэвлий, уул уурхай, тусгай хамгаалалттай газар нутаг, байгууллагын дотоод сүлжээ програм хангамж хариуцсан мэргэжилтний албан тушаалын тусгай шалгалтад хамгийн өндөр оноо авсан А.Цг тус албан тушаалд томилуулахаар Хөвсгөл аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлөөс 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 19 дүгээр тогтоол[23] гарган эрх бүхий албан тушаалтанд хүргүүлжээ.

89.Хөвсгөл Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Б/31 дүгээр тушаалаар[24] А.Цг тус газрын Газар, газрын хэвлий, уул уурхай, тусгай хамгаалалттай газар нутаг, байгууллагын дотоод сүлжээ програм хангамж хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилсон байна. Дээрх үйл баримттай нэхэмжлэгч маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Хт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4 дэх хэсэгт зааснаар хэргийг шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.4, 27 дугаар зүйлийн  27.1, 27.1.4, 27.3, 33 дугаар зүйлийн 33.2.2, 33.3, 65 дугаар зүйлийн 65.6 дахь хэсэгт заасныг баримтлан Боржигон Б.Дын Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт холбогдуулан гаргасан “Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Хын 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/90 тоот тушаалыг хүчингүй болгуулж, Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Газар, газрын хэвлий, уул уурхай, тусгай хамгаалалттай газар нутаг, байгууллагын дотоод сүлжээ, програм хангамж хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ж.ГАНЧИМЭГ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

[1] Хэргийн 11 дүгээр хуудас

[2] Хэргийн 122-123 дугаар хуудас

[3] Хэргийн 10 дугаар хуудас

[4] Хэргийн 9 дүгээр хуудас

[5] Хэргийн 8 дугаар хуудас

[6] Хэргийн12 дугаар хуудас

[7] Хэргийн 7 дугаар хуудас

[8] Хэргийн 6 дугаар хуудас

[9] Хэргийн 5 дугаар хуудас

[10] Хэргийн 118-119 дүгээр хуудас

[11] Хэргийн 120-121 дүгээр хуудас

[12] Хэргийн 175-176 дугаар хуудас

[13] Хэргийн 172-174 дүгээр хуудас

[14] Хэргийн 166-171 дүгээр хуудас

[15] Хэргийн 71-75 дугаар хуудас

[16] Хэргийн 122-123 дугаар хуудас

[17] Хэргийн 8 дугаар хуудас

[18] Хэргийн 9 дүгээр хуудас

[19] Роналд Дворкин. Хуулийн эзэнт гүрэн. Зохиогчийн эрх  Harvard University Press. Орчуулсан Я.Очирсүх. Улаанбаатар хот 2015.

[20] Г.Банзрагч. Захиргааны процессийн эрх зүй. Улаанбаатар 2019. 138 дахь тал

[21] Хэргийн 30-32 дугаар хуудас

[22] Хэргийн 43 дугаар хуудас

[23] Хэргийн 44 дүгээр хуудас

[24] Хэргийн 163 дугаар хуудас