Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2022/00253

 

2022           03            10                                          001/ХТ2022/00253

 

 

Н Х Э Гын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 182/ШШ2020/01646 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 1954 дүгээр магадлалтай,

 

Н Х Э Гын нэхэмжлэлтэй

“М Б” ХЗХ-нд холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 96,017,988 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч Г.Батцэцэгийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн төлөөлөгч Г.Батцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 182/ШШ2020/01646 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М БХЗХ-ноос 96,017,988.26 /ерэн зургаан сая арван долоон мянга есөн зуун наян найман мянган төгрөг хорин зургаан мөнгө/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н Х Э Гт олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М Бхадгаламж зээлийн хоршооноос улсын тэмдэгтийн хураамжид 638,040 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож, Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрч шийдвэрлэжээ.

 

2. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 1954 дүгээр магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 182/ШШ2020/01646 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 638 040 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

3. Хариуцагчийн төлөөлөгч Г.Бхяналтын гомдолдоо: ...Шийдвэрээс хариуцагчаас зээлийн хүү болох 356,437 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд дараах үндэслэлүүдийг гаргаж байна. Үүнд:

1. “Бичил бизнесийг дэмжих Нийслэлийн сан” нь иргэний эрх зүйн чадваргүй хуулийн этгээд болох тухайд: 2014.05.26-ны өдрийн 17/16 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар “Бичил бизнесийг дэмжих Нийслэлийн сан”-г байгуулж, 2016.05.12-ны өдөр тус сан нь “М Б” ХЗХ-той 100,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан байдаг. Иргэний хуулийн 36.2-т “Нэг буюу хэд хэдэн үүсгэн байгуулагч нийгэмд ашиг тустай, нэгдмэл зорилгод хүрэхийн тулд эд хөрөнгө төвлөрүүлэх замаар байгуулсан гишүүнчлэлгүй хуулийн этгээдийг сан гэнэ.” гэж санг тодорхойлсон байдаг. Эндээс үзвэл сан нь хуулийн этгээдийн нэг төрөл юм. Иймээс хуулийн этгээдийн үйл ажиллагаанд тавигдах ерөнхий шаардлага нь санд ч бас тавигдах буюу Бичил бизнесийг дэмжих Нийслэлийн сан нь хуулийн этгээдэд тавигдах ерөнхий шаардлагыг хангасан байх ёстой. Иргэний хуулийн 26.1-т зааснаар “Хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсч, хуульд заасан журмын дагуу татан буугдаж, улсын бүртгэлээс хасагдсанаар дуусгавар болно.” Өөрөөр хэлбэл улсын бүртгэлд бүртгүүлээгүй бол тухайн хуулийн этгээдэд эрх зүйн чадвар үүсэхгүй юм. Харин “Бичил бизнесийг дэмжих Нийслэлийн сан” нь 2014.05.26-ны өдөр байгуулагдсан гэх боловч өнөөг хүртэл улсын бүртгэлд бүртгүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл “Бичил бизнесийг дэмжих Нийслэлийн сан” нь иргэний эрх зүйн чадамжгүй хэдий ч “М Б ” ХЗХ-той хэлцэл хийсэн байх тул зээлийн хүүг хүлээн зөвшөөрөхгүй.

2. Холбогдох хууль тогтоомжуудыг зөрчсөн тухайд: Талуудын хооронд иргэний хуулийн 281-р зүйлийн 281.1-т заасан “Зээлийн гэрээ” байгуулагдсан байна. Иймд зээлийн гэрээ болон гэрээний эрх зүйн ерөнхий зохицуулалтууд үйлчилнэ. Иргэний хуулийн 281.1-т “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохиосон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан бөгөөд талууд гэрээний хугацааг 2021.06.05-ны өдөр дуусахаар тохиролцсон. Түүнчлэн Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2017.02.23-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтаар “Бичил бизнесийг дэмжих нийслэлийн сангийн журамд оруулж буй өөрчлөлтүүд”-ийг баталсан бөгөөд тус өөрчлөлтийн 9-д зааснаар “Хамтран ажиллах гэрээний хугацаа дуусгавар болсон тохиолдолд дамжуулан зээлдүүлэгчид олгосон санхүүжилтийг Сангийн дансанд буцаан төвлөрүүлнэ”. Гэтэл шүүхээс талуудын хүсэл зориг дээр үндэслэсэн гэрээ, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоол болон хуулийн зохицуулалтыг үл хайрхан гэрээний хугацаа дуусахаас өмнө зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлэхээр шийдсэн нь нэг талаас хуульд заасан зохицуулалтад, нөгөө талаас иргэний хуулийн 2.1-т заасан “Гэрээний эрх чөлөө”-ний зарчим болон 189-р зүйлд заасан Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй.” гэж заасанд тус тус нийцээгүй байна.

3. Бичил бизнесийг дэмжих Нийслэлийн сан нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй тухайд: Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.3.4-т зааснаар банкнаас бусад этгээд хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тохиолдолд тусгай зөвшөөрөл авах шаардлагатай. Түүнчлэн 2014.05.26-ны өдрийн 17/16 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Бичил бизнесийг дэмжих Нийслэлийн сангийн журам”-ын 1,4-т “Хөнгөлөлттэй зээлийг холбогдох тусгай зөвшөөрлийн үндсэн дээр зээлийн үйлчилгээ үзүүлэх ардчилсан удирдлага, хамтын хяналт бүхий ашгийн төлөө бус хуулийн этгээдээр дамжуулан олгоно." гэж заасан. Гэвч “Бичил бизнесийг дэмжих Нийслэлийн сан” нь Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014.05.26-ны өдрийн 17/16 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар “Сангийн журам, бичил бизнесийг дэмжих зээл, зээлийн хүүгийн дээд хэмжээ”-г тус тус баталсан буюу зээлийн үйл ажиллагаа явуулдаг сан юм. Тиймээс дээр дурдсан Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн дагуу хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тохиолдолд тусгай зөвшөөрөл авах ёстой байсан атал өдийг хүртэл тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа эрхэлж байна. Дээрх үндэслэлүүдээс үзэхэд шүүх уг хэргийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

4. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхив.

 

5. Нэхэмжлэгч Н Х Э Г нь хариуцагч “М Б” ХЗХ-нд холбогдуулан үндсэн зээл 95,661,550  төгрөг, хүү 356,437 төгрөг, нийт 96,017,988 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч гэрээний хугацаа дуусаагүй, нэхэмжлэгч зээлийг шаардах эрхгүй гэж маргажээ.

 

6. Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ  Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж үзлээ.

 

7. Нийслэлийн хүн амын хөдөлмөр эрхлэлт, бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулахад чиглэсэн хөтөлбөр арга хэмжээг санхүүжүүлэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор Бичил бизнесийг дэмжих Нийслэлийн сан нь 2016.05.12-ны өдөр “М Б” ХЗХ-той 100,000,000 төгрөгийг 2 жилийн хугацаатай, жилийн 1 хувийн хүүтэй зээлэх гэрээ байгуулж мөнгийг шилжүүлсэн, талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан гэрээ байгуулагдсан, хариуцагч нь 4,338,449 төгрөгийг төлж үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, 2018.07.09-ний өдөр нэмэлт гэрээ байгуулж, зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөх хуваарийг харилцан тохиролцсон боловч хариуцагч үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч гэрээг цуцалж, энэ хүртэл хугацааны үүргийг шаардсан, шүүх маргааны үйл баримт, хууль хэрэглээний талаар хийвэл зохих эрх зүйн дүгнэлтийг хийжээ.

 

8. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019.08.29-ний өдрийн 135 дугаар тогтоолоор Бичил бизнесийг дэмжих Нийслэлийн сангаас хадгаламж зээлийн хоршоодод олгосон зээлийн авлагатай холбоотой Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шаардах эрхийг Н Х Э Гт шилжүүлсэн нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх заалтыг зөрчөөгүй, нэхэмжлэгч шаардах эрхгүй гэх хариуцагчийн татгалзал, гомдол үндэслэлгүй байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрээний хугацаа дууссан, хариуцагч нь зээлийг ашигласан хэвээр байгаа тул гэрээг хугацаанаас өмнө цуцлах үндэслэлгүй гэх гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 182/ШШ2020/01646 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 1954 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр төлсөн 11,343 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Г.АЛТАНЧИМЭГ

                               ШҮҮГЧИД                                                   Г.БАНЗРАГЧ

                                                                                                   П.ЗОЛЗАЯА

                                                                                                   Х.ЭРДЭНЭСУВД