Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 182/ШШ2020/01646

 

    2020       07          24

               182/ШШ2020/01646

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: дүүрэг, дугаар хороо, гудамж давхарт байрлах, /регистрийн дугаар /, “Н газар”-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: дүүрэг, дугаар хороо, дугаар гудамж  тоот хаягт байрлах, /регистрийн дугаар /, М ХЗХ-нд холбогдох  

 

Зээлийн гэрээний үүрэгт 96,017,988.26 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Д, хариуцагчийн төлөөлөгч Г.Б, өмгөөлөгч Ж.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золбоо нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Н газар шүүхэд болон төлөөлөгч Ж.Д шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Нийслэлийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, амьжиргааг дээшлүүлэх зорилгоор Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 17/16 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар Бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах нийслэлийн хөтөлбөрийг, 2 дугаар хавсралтаар уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх Бичил бизнесийг дэмжих нийслэлийн санг байгуулж тус сангийн журмыг, Бичил бизнесийг дэмжих зээл, зээлийн хүүгийн дээд хэмжээг 3 дугаар хавсралтаар тус тус баталсан. Бичил бизнесийг дэмжих сан нь М ХЗХ-той 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 100,000,000 төгрөгийг жилийн нэг хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатай олгохоор харилцан тохиролцсоны дагуу Бичил бизнесийг дэмжих нийслэлийн сангаас зээл олгоход хамтран ажиллах 019 дугаартай гэрээ буюу Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ байгуулж, гэрээний дагуу 100,000,000 төгрөгийг 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Капитал банкин дахь түүний 2046009310 тоот дансаар шилжүүлэн олгосон. М ХЗХ-нь 100,000,000 төгрөгийн зээлээс 4,338,449.30 төгрөг төлж үлдэх 95,661,550.70 төгрөгийг буцаан төлөөгүй. Иймд М ХЗХ-оос гэрээний үүрэгт зээлийн үндсэн төлбөр 95,661,550.70 төгрөг, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэг, гэрээний 2.10 дахь хэсэгт заасны дагуу зээлийн хүүнд 356,437.56 төгрөг нийт 96,017,988.26 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч М ХЗХ шүүхэд болон төлөөлөгч Г.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бичил бизнесийг дэмжих сан нь М ХЗХ-той 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 100,000,000 төгрөгийг жилийн нэг хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатай олгохоор харилцан тохиролцсоны дагуу 019 дугаартай Бичил бизнесийг дэмжих нийслэлийн сангаас зээл олгоход хамтран ажиллах гэрээ байгуулж зээл авсан. Зээлийн төлбөрийг Н газар шаардах үндэслэлгүй. Бичил бизнесийг дэмжих сантай байгуулсан хамтран ажиллах гэрээний хугацаа 2021 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Н газар нь хариуцагч М ХЗХнд холбогдуулан үндсэн зээлийн төлбөрт 95,661,550.70 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 356,437.56 төгрөг нийт 96,017,988.26 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч М ХЗХ нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч зээлийн гэрээний хугацаа дуусаагүй, Н газар шаардах эрхгүй гэж маргажээ. 

 

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 17/16 дугаар тогтоолоор Бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах нийслэлийн хөтөлбөр баталж, Бичил бизнесийг дэмжих нийслэлийн санг байгуулжээ.

 

Хариуцагч М ХЗХ нь Бичил бизнесийг дэмжих нийслэлийн сантай 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Хамтран ажиллах гэрээ байгуулж, Нийслэлийн хороодод иргэдийн идэвхтэй оролцооны үндсэн дээр бичил бизнес эрхлэлтийг дэмжих замаар өрхийн орлого, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ядуурлыг буруулах, ажиллах хүчний оролцооны түвшин дээшлүүлэх зорилгоор 100,000,000 төгрөгийн зээлийг 2 жилийн хугацаатай, жилийн нэг хувийн хүүтэй харилцан тохиролцож олгосон болох нь Хамтран ажиллах гэрээ, нэмэлт гэрээ, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэрэг бичгийн баримтаар тогтоогдож байна.

 

Дээрх гэрээний 7.2 дахь хэсэгт “хамтран ажиллах гэрээний хугацаа 2 жил”, 7.3 дахь хэсэгт “хамтран ажиллах гэрээний хугацаа нь энэхүү гэрээний хэрэгжилтийн жил тутмын дүгнэлт, хоршоотой байгуулагдсан гэрээний биелэлтээр тодорхойлогдоно. Гэрээний хугацаа дуусахад талууд цуцлах санал гаргаагүй бол сунгагдсанд тооцно”, 2.10 дахь хэсэгт “сангаас хоршоонд олгох зээлийн хүүгийн хэмжээ нь жилийн 1 /нэг/ хувийн хүүтэй байна” гэж заасан байх ба нэхэмжлэгч үндсэн зээлийн төлбөрт 95,661,550.70 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 356,437.56 төгрөг нийт 96,017,988.26 төгрөгийг шаардах эрхтэй.

 

Бичил бизнесийг дэмжих нийслэлийн сан 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр М ХЗХны дансанд 100,000,000 төгрөгийг шилжүүлсэн байх ба энэ тухайд талууд маргаагүй.

Бичил бизнесийг дэмжих Нийслэлийн сангийн зөвлөлийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 02 дугаар тогтоолын дагуу Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 135 дугаар тогтоолоор Бичил бизнесийг дэмжих нийслэлийн сангаас хадгаламж зээлийн хоршоодод олгосон зээлийн авлагатай холбоотой Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын буюу сангийн шаардах эрхийг Н газарт шилжүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Хариуцагч М ХЗХ нь гэрээний 4.5 дахь хэсэгт заасан хүү төлөх болон гэрээний 4.6 дахь хэсэгт “Сангийн хөрөнгөөр олгогдсон зээлийн ашиглалт эргэн төлөлтийн тайланг сар бүр дараа сарын 10-ны дотор, гэрээний хэрэгжилтийн мэдээг улирал бүр дараа улирлын эхний сарын 10-ны дотор тогтсон маягтын дагуу гаргаж хүргүүлнэ” гэж заасан үүргээ биелүүлээгүй үндэслэлээр гэрээ дуусгавар болжээ.

 

Иймд хариуцагч М ХЗХноос үндсэн зээлийн төлбөрт 95,661,550.70 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 356,437.56 төгрөг нийт 96,017,988.26 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н газарт олгох үндэстэй.

 

           Талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн нэмэлт гэрээний 4.2.17 дахь хэсэгт “Хоршоо нь зээлийн эргэн төлөлтийн хуваарьт зааснаас зээлийг урьдчилан төлж болох бөгөөд энэ тохиолдолд санд ажлын 3 хоногийн өмнө урьдчилж мэдэгдэнэ. Энэ нь хоршооны зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх дараагийн саруудын хуримтлагдсан хүүгийн төлбөрүүдээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй бөгөөд зээлийг төлж дуусах эцсийн хугацаа богиносож хүүгийн зардлаа бууруулах нөхцөл болно” гэж заасан.

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал  гэрээнээс татгалзах эрхтэй” гэж зааснаар төлбөр төлөх үүргээ биелүүлэх нэмэлт хугацаа тогтоосон байх боловч зээлдэгч М ХЗХ хариу хүргүүлээгүй бөгөөд 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс хойш зээлийн эргэн төлөлт хийх үүргээ биелүүлээгүй талаар маргаагүй.

 

            Хариуцагч М ХЗХ нь “Хамтран ажиллах гэрээний хугацаа 2021 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүртэл үргэлжилнэ, гэрээг хугацаанаас өмнө цуцлах үндэслэлгүй” гэж мэтгэлцэж байгаа боловч 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 100,000,000 төгрөгийг жилийн 1 /нэг/ хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатай авснаас хойш зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4,338,449.30 төгрөг төлж үлдэх 95,661,550.70 төгрөгийг буцаан төлөөгүй, хариуцагчийн төлөөлөгч нь “Барьцаа хөрөнгийг зарж борлуулж чадаагүйгээс бэлэн мөнгө гаргах боломжгүй болсон. Хугацаа шаардлагатай” гэх тайлбар гаргаж байна.

 

Иймд Иргэний хуулийн 284 дугаар зүйлийн 284.1 дэх хэсэгт “Зээлдэгчийн эд хөрөнгийн байдал доройтож зээлийг буцаан төлөх чадваргүй болох нөхцөл байдал бий болсон бол зээлдүүлэгч зээлийг нэн даруй буцаан шаардах эрхтэй” гэж заасан зохицуулалттай нийцсэн гэж үзэж, хариуцагч М ХЗХ-ноос 96,017,988.26 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н газарт олгох үндэстэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М ХЗХ-ноос 96,017,988.26 /ерэн зургаан сая арван долоон мянга есөн зуун наян найман мянган төгрөг хорин зургаан мөнгө/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н газарт олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М ХЗХноос улсын тэмдэгтийн хураамжид 638,040 төгрөгийг гаргуулж Улсын орлогод оруулсугай.

 

3.Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.НАРАНГЭРЭЛ