Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2022/00181

 

Б.Цгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2020/00337 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 820 дугаар магадлалтай,

Б.Цгийн нэхэмжлэлтэй,

“Ө” ХХК-д холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн зөрчлийн улмаас учирсан хохирол 34,351,110 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Б-ий гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Б, хариуцагчийн өмгөөлөгч Г.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Ц нь хариуцагч “Ө” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэг зөрчсөнөөс учирсан хохиролд 34,351,110 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2020/00337 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар “Ө” ХХК-иас 32,232,000 /гучин хоёр сая хоёр зуун гучин хоёр мянган/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Цд олгож, Б.Цгийн нэхэмжлэлээс 2,119,110 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Цгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 329,710 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ө” ХХК-иас 319,110 /гурван зуун арван есөн мянга нэг зуун арван/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Цд олгохоор шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 820 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2020/00337 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “Ө” ХХК-ийн төлсөн 319,110 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч Б.Цгийн өмгөөлөгч О.Б миний бие Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.04.10-ны өдрийн 820 дугаартай магадлалаар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.01.30-ны өдрийн 181/ШШ2020/00337 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэснийг эс зөвшөөрч ИХШХШТухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэх үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ “Иргэний хуулийн 492-р зүйлийн 492.1-д Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй гээд 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр болсон” гэж заасан. Б.Ц Ө ХХК, Г ХХК нарын хооронд байгуулагдсан орон сууц захиалан бариулах гэрээний үүрэг дуусгавар болсон тул нэхэмжлэгч Б.Ц орон сууцны үнэд шилжүүлсэн мөнгөө, уг зүйлийг олж авсан этгээдээс шаардах эрхтэй байна. Нэхэмжлэгч Б.Ц нь 2016.05.30-ны өдөр 32,232,000 төгрөгийг Г ХХК-д шилжүүлсэн бөгөөд Г ХХК-иас 2016.05.30-ны өдөр Ө ХХК-д 50,000,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь Ө ХХК-ийн захирал Б.Мөнхбатын Хаан банкны харилцах дансны хуулга /хх-60 тал/-аар тогтоогдож байгаа бөгөөд Г ХХК-иас ӨХХК-д шилжүүлсэн 291,345,000 төгрөгийн үнийн дүнд Б.Цгийн төлсөн орон сууцны үнэ ороогүй гэж үзэх үндэслэлгүй байна гэж дүгнэн 32,232,000 төгрөгийг Ө ХХК-иас гаргуулж Б.Цд олгохоор шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлж, хууль зүйн үндэслэлтэй байна. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.03.12-ны өдрийн 181/ШШ2019/00624 дугаартай шийдвэрээр Ө ХХК, Г ХХК, Б.Ц нарын хооронд байгуулагдсан Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээг хүчин төгөлдөр гэж үзэн, Б.Цг төлөөлөн Д.Алтанчимэг тус гэрээнээс татгалзан 28,000,000 төгрөгийг буцаан авах тухай өргөдөл бичиж өгснийг “Ө” ХХК хүлээн зөвшөөрч захиалга бүхий орон сууцыг иргэн С.Цэзэнгээд худалдсан үйл баримтыг тогтоож Б.Ц нь орон сууцны үнэд төлсөн 32,232,000 төгрөгийг “Ө” ХХК-иас гаргуулахаар шаардах эрхтэй болохыг дүгнэж шийдвэрлэсэн. Тус шүүхийн шийдвэрт зохигчдын хэн аль нь давж заалдах гомдол гаргаагүй бөгөөд ИХШХШТухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1.1-д зааснаар шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40-р зүйлийн 40.4-т “шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж зааснаар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.03.12-ны өдрийн 181/ШШ2019/00624 дугаартай шийдвэрээр тогтоосон үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй юм. Харин Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлох шаардлагатай мэтээр тайлбарлан хариуцагч өөрийн татгалзлыг нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй буюу Б.Цгийн төлсөн төлбөр Г” ХХК-иас “Ө” ХХК-д шилжсэн 291,345,000 төгрөгт багтаагүй гэдгийг нотлоогүй байхад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож байгаа нь үндэслэлгүй байна. Мөн давж заалдах шатны шүүх магадлалын үндэслэх хэсэгт Иргэний хуулийн зүйл заалтыг огт ашиглаагүй ба хууль зүйн үндэслэлийг тодорхойлоогүй, хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг дахин мэтгэлцүүлж тодруулах шаардлагатай мэтээр дүгнэж байгаа нь ИХШХШТухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасныг зөрчиж байна. Анхан шатны шүүх хуралдаанд зохигч, түүний өмгөөлөгч биечлэн оролцсон ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтыг цуглуулах, бүрдүүлэх хангалттай хугацаа байсан, талууд өөрсдийн нотлох баримтыг гаргаж мэтгэлцсэн байтал анхан шатны шүүхийг мэтгэлцүүлээгүй гэж үзэн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцааж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэл нь ИХШХШТухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д “энэ хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзвэл шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах”, 168.1.7-д “энэ хуулийн 38.6-д заасан тохиолдолд нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн” гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ИХШХШТухай хуульд заасан журам зөрчсөн үйлдэл гараагүй ба давж заалдах шатны шүүхийн магадлалд чухам ямар зөрчил гаргасан болох нь тодорхой тусгагдаагүй байгаа нь “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэх зарчимд нийцэхгүй байна. Мөн ИХШХШТухай хуулийн 38.6-д заасан хэрэгт ач холбогдол бүхий ямар нотлох баримтыг шүүх бүрдүүлээгүй болохыг магадлалд тодорхой тусгаагүй бөгөөд хариуцагчийн нотлох үүргээ биелүүлээгүй нөхцөл байдлыг дарагдуулах зорилгоор, хэргийг хариуцагчид ашигтайгаар шийдвэрлэх ашиг сонирхлын үүднээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон гэж үзэхээр байна. Иймд ИХШХШТухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг үндэслэн Нийслэлий иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.04.10-ны өдрийн 820 дугаартай магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.01.30-ны өдрийн 181/ШШ2020/00337 дугаартай шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.  

6. Нэхэмжлэгч Б.Ц нь хариуцагч “Ө” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэг зөрчсөнөөс учирсан хохиролд 34,351,110 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

7. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд “Г” ХХК, “Ө” ХХК, Б.Ц нарын хооронд 2016.05.30-ны өдөр Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр “Ө” ХХК нь Ө 84 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг гүйцэтгэхээр, “Г” ХХК нь хөрөнгө оруулахаар, Б.Ц тус орон сууцны 1 дүгээр орц, 3 дугаар давхрын 306 тоотын 40,8 м.кв 2 өрөө орон сууцыг худалдан авч, үнийг “Г” ХХК-д төлөхөөр тус тус тохиролцон, улмаар Б.Ц нь гэрээний дагуу орон сууцны үнэд 32,232,000 төгрөгийг 2016.05.30-ны өдөр “Г” ХХК-д төлсөн байна.        

8. Гэтэл “Ө” ХХК нь 2017.01.18-ны өдөр 37 тоот албан бичгээр ...гэрээний дагуу “Г” ХХК төлбөрөө төлж барагдуулаагүй гэсэн үндэслэлээр Б.Цд ...гэрээ цуцлах тухай мэдэгдсэн байх ба нэхэмжлэгч нь зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хянаж, 2019.03.12-ны өдрийн 624 дүгээр шийдвэрээр “Ө” ХХК-аас ...40,8 м.кв 2 өрөө орон сууцыг гаргуулах тухай Б.Цгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба шийдвэрт ...нэхэмжлэгч нь гэрээний улмаас учирсан хохирлоо шаардахад энэ шийдвэр саад болохгүй талаар дурдсан үйл баримтууд тогтоогджээ.

9. Давж заалдах шатны шүүхээс, маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй, анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасныг буруутгах үндэслэлгүй гэж үзлээ.  

10. Хэрэгт, “Г ХХК нь гэрээний хугацаанд 291,345,000 төгрөгийг “Ө” ХХК-д шилжүүлсэн баримт /хх-ийн 59-87 тал/ авагдсан байх бөгөөд анхан шатны шүүхийн ...энэ үнийн дүнд Б.Цгийн төлсөн орон сууцны үнэ ороогүй гэж үзэх үндэслэлгүй гэсэн, мөн ...гэрээний талуудын үүргийг гүйцэтгээгүйгээс үүсэх үр дагаврыг хэн нь хэнийхээ өмнө хариуцах талаар тодруулж, зохигчийг энэ талаар мэтгэлцүүлээгүй гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтүүд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасантай нийцсэн байна.

11. Анхан шатны шүүх магадлалд заасан ажиллагааг хэрэгжүүлж, нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулан, маргааны үйл баримтыг тогтоож, нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, дээрх хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргах нь зүйтэй юм. 

12. Иймд магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “...магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг хүссэн” хяналтын гомдлыг хангахгүй орхих үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 820 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 319,110 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Х.ЭРДЭНЭСУВД

                           ШҮҮГЧИД                                                       Г.БАНЗРАГЧ

                                                                                                   П.ЗОЛЗАЯА

Б.МӨНХТУЯА

                                                                                                   Д.ЦОЛМОН