Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2022/00137

 

 

Д.Сгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 155/ШШ2020/00404 дүгээр шийдвэр,

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 17 дугаар магадлалтай,

Д.Сгийн нэхэмжлэлтэй,

Б.Дд холбогдох,

Зээлийн төлбөр 572,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.С, хариуцагч Б.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.С нь Б.Дд холбогдуулан зээлийн төлбөрт 572,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 155/ШШ2020/00404 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар Б.Дд холбогдох 572,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Сгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,810 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3. Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 17 дугаар магадлалаар: Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 155/ШШ2020/000404 дугаартай шийдвэрийн “Тогтоох нь:” хэсгийн 1 дэх заалтыг “1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Б.Даас 572,000 /таван зуун далан хоёр мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Сд олгосугай.” гэж, 2 дахь заалтын “үлдээсүгэй.” гэснийг “үлдээж, хариуцагч Б.Даас 17,810 /арван долоон мянга найман зуун арав/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Сд олгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч Д.Сгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид тушаасан 17,810 /арван долоон мянга найман зуун арав/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагч Б.Д хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 17 тоот магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх нь намайг Д.Сгаас мөнгө зээлээгүй байхад зээлийн төлбөр гэж 572,000 төгрөг гаргуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэж байгаа нь хууль бус байна. Тухайн үед Жи тайм гэх сүлжээ Монгол улс даяар хүчээ аван дэлгэрч мөнгөө өсгөх гэсэн хүн бүр л өөр өөрсдийн хэдэн цөөхөн төгрөгөө нийлүүлэн өсгөхөөр тухайн байгууллагын дансанд хийж луйвардуулсан нь нууц биш юм. Үүний нэг жишээ нь Д.С бид нар юм. Би хүүхдийнхээ 2,200,000 төгрөгийн хадгаламжийг авч уг сүлжээнд элсэн орсон, Д.С нь өөрийн төрсөн дүү Д.Нарангэрэл, Ц.Жаргалсайхан нарын хамт 2,290,000 төгрөгөөр Жи тайм”-д элсэн орсон, ингэхдээ Ц.Жаргалсайхан, Д.С 2 нь 572,000 төгрөгөөр Д.Нарангэрэл 1,144,000 төгрөгөөр элссэн. Ингэхдээ Д.С, Ц.Жаргалсайхан нар нь элсэх 572,000 төгрөгөө бэлнээр надад өгч, Д.Нарангэрэл нь дансаар Г.Алтанцэцэг гэх дансанд хийсэн би Д.С, Ц.Жаргалсайхан нарын мөнгийг хүмүүсийн мөнгөтэй бөөндүүлж 4,587,337 төгрөг болгож мөн дээрх дансанд хийсэн. Гэтэл Д.С нь дээрх сүлжээнд элсэн орсон 572,000 төгрөгийг надад зээлдүүлсэн мэтээр нэхэмжилж байгаа нь бодит байдлыг илтэд гуйвуулсан хэрэг юм. Би Д.Сд “чи яагаад надад мөнгө зээлдүүлсэн” гэж худал яриад байгаа юм гэхэд С нь өмгөөлөгч мөнгө зээлдүүлсэн гэхгүй бол наадах чинь олдохгүй тиймээс чи зээлдүүлсэн гэж хэл гэсэн гэж хэлсэн. Ингээд энэ хүн өмгөөлөгчтэйгээ шүүх хуралд ороод надад мөнгө зээлдүүлсэн гэж маргаж би энэ хүнийг 572,000 төгрөгөөр сүлжээнд элсэн орсон гэж хэлсэн хэдий боловч миний үгийг давж заалдах шатны шүүх үл тоон намайг Сгаас 572,000 төгрөг зээлсэн байна гэж ойлгон зээлийн төлбөр гэж надаас уг мөнгийг гаргуулахаар шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь Иргэний хуулийн 281.1-д заахдаа “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан байна, гэтэл бидний дунд дээрх хуулийн заалтанд заасан үйлдэл болоогүй буюу мөнгө зээлдүүлэх тэдийд буцаан өгөх талаар ярьж тохиролцсон асуудал байхгүй, бидний дунд зээлийн гэрээ ч хийгээгүй амаар ч хэлцэл хийгээгүй, энэ талаар шүүх хуралдаан дээр ч яригдаагүй юм.Жи тайм” корпорейшн ХХК-д холбогдох /сүлжээний бизнес/ 201701000037 дугаартай эрүүгийн хэрэг нь Нийслэлийн прокурорын газарт хянагдаж байгаа бөгөөд энэхүү эрүүгийн хэрэгт бид бүгд хохирогчоор оролцож байхад шүүх Д.Сгийн нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзалгүйгээр иргэний хэрэг үүсгэн шалгаж улмаар надаас 572,000 төгрөг гаргуулж Д.Сд олгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн 17 дугаар магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Нэхэмжлэгч Д.С нь Б.Дд холбогдуулан зээлийн төлбөрт 572,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

6. Хариуцагчаас нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “...572,000 төгрөгийг зээлж аваагүй, ...Д.С нь өөрийн сайн дурын үндсэн дээр “Жи тайм” сүлжээнд элсье гэхээр нь мөнгийг авч, бүртгэлийг хийж өгсөн, мөнгийг өөртөө ашиглаж завшаагүй. ...бид ч ах дүүгээрээ элсэн орж хохирсон...” гэж маргасан байна. 

7. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Б.Даас 572,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосон өөрчлөлтийг оруулжээ.

8. Хэрэгт авагдсан баримтаар Д.С нь 572,000 төгрөгийг хариуцагч Б.Дд бэлнээр хүлээлгэж өгсөн нь тогтоогдсон, давж заалдах шатны шүүхээс ...компьютерийн дэлгэц дээр гаргасан орос бичвэртэй хэсгийг хэвлэсэн баримтыг үндэслэн нэхэмжлэгчийг “Жи тайм” гэх сүлжээнд элссэн, arvijikh76 гэсэн логин нэр авсан гэж үзэх үндэслэлгүй, ...уг баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүйн дээр нэхэмжлэгчийг 572,000 төгрөгөө “Жи тайм” гэх сүлжээнд оруулсан гэдгийг нотлохгүй, ...нэхэмжлэгч уг мөнгийг хариуцагчаас буцаан шаардах эрхтэй гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасанд нийцсэн, шүүх талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзсэнийг буруутгах үндэслэлгүй  байна.

9. Харин анхан шатны шүүх ...нэхэмжлэгч нь хариуцагч Б.Дд 572,000 төгрөгийг зээлсэн гэх баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн гэж үзнэ.  

10. Хариуцагчаас анхан шатны шүүх хуралдаанд ...энэ сүлжээний бизнестэй холбоотой эрүүгийн хэрэг Улаанбаатар хотод шалгагдаж байгаа юм билээ. ...энэ хэргийг шалгаж дууссаны дараа бидний хохирлыг барагдуулах байх гэж бодож байна... гэсэн тайлбар гаргасан, хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч Д.С нь “Жи тайм” корпорейшн ХХК-д холбогдох эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоогдсон нь нотлогдоогүй байна.

Иймд, хариуцагчийн “...“Жи тайм” корпорейшн ХХК-д холбогдох ...эрүүгийн хэрэг нь Нийслэлийн прокурорын газарт хянагдаж байгаа бөгөөд энэхүү эрүүгийн хэрэгт бид бүгд хохирогчоор оролцож байхад шүүх Д.Сгийн нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзалгүй, ...надаас 572,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй” гэсэн хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

11. Дээрх үндэслэлээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 17 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020.05.15-ны өдөр төлсөн 17,810 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      С.СОЁМБО-ЭРДЭНЭ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                       Г.БАНЗРАГЧ

П.ЗОЛЗАЯА

Б.МӨНХТУЯА