Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гочоогийн Банзрагч |
Хэргийн индекс | 102/2020/00240/И |
Дугаар | 001/ХТ2022/00806 |
Огноо | 2022-06-28 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2022 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 001/ХТ2022/00806
“,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 1646 дугаар магадлалтай,
“,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Мөрдөгч, прокурор нарын үйл ажиллагааны улмаас учирсан хохиролд 73,971,103 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ын гаргасан гомдлоор
Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, , прокурор Б.Баярхүү, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,” ХХК нь мөрдөгч, прокурор нарын хууль бус ажиллагааны улмаас хохирол учирсан гэж 73,791,103 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд эс зөвшөөрч маргажээ.
2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2020/01763 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4-т заасныг баримтлан мөрдөгч, прокурор нарын үйл ажиллагааны улмаас учирсан хохиролд 73,971,103 төгрөг гаргуулах тухай “,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 1646 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2020/01763 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн төлөөлөгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэлд “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ТӨХК-ийн захирал ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ий 2010 оны давсны гэрээ байгуулах мэдэгдэл, давс нийлүүлж байсан болон нийлүүлэх гадаад, дотоод гэрээ, тээвэр, гааль, татварын үнэ тариф, тендерийн баталгаа, Төрийн өмчийн хорооны тодорхойлолт, давсны урьдчилгаа төлбөр төлсөн баримт зэрэг үр ашгийг тооцох баримтууд хэрэгт авагдсан байхад “орлого олох нь нотлогдохгүй байна.” гэх шалтаг зааж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т заасан “хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай шийдвэрийн үндэслэх хэсэгт заана.” гэснийг зөрчсөн. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэснийг болон 116 дугаар зүйлийн 116.2 дахь заалтыг тус тус зөрчсөн. Шүүх нотлох баримтад үндэслэн хэргийг үнэн зөв шийдвэрлэх үүрэгтэй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг үндэслэн шийдвэр, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
5. Гуравдагч этгээд прокурор “нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй, шийдвэр, магадлал үндэслэлтэй тул хэвээр үлдээж өгнө үү” гэсэн тайлбар гаргав.
ХЯНАВАЛ:
6. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.
7. Нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,” ХХК-аас мөрдөгч, прокурор нарын хууль бус ажиллагааны улмаас учирсан хохирол 73,791,103 төгрөг гаргуулахаар шаардсаныг анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн.
8. Нэхэмжлэгчээс “... “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ТӨХК-аас 2007 онд зарласан 1500 тн техникийн давс нийлүүлэх тендерт тус компани шалгарч, гэрээний үүргээ хугацаанд нь чанар стандартын дагуу бүрэн гүйцэтгэсэн. 2010 онд зарласан 1600 тн давс нийлүүлэх тендерт оролцож байхад захирал ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, намайг Баянгол, Чингэлтэй дүүргийн прокурорын газраас ,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,, нарыг залилсан, нотлох баримт хуурамчаар үйлдсэн гэх эрүүгийн хэргүүдэд шалгаж, таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Үүний улмаас захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ТӨХК-ийн тендерийн ажил зогсож, тус компани олох байсан орлого 73,971,103 төгрөгөөр хохирсон... Энэ тухай удаа дараа мэдүүлж байсан ч мөрдөгч, прокурор нар хүлээж аваагүй. Чингэлтэй дүүргийн шүүх ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, надад холбогдох гэмт хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, 2019.08.01-ний өдрийн 610 дугаар тогтоол хүчин төгөлдөр болсон. Иймд олох байсан орлого 73,971,103 төгрөгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1 дүгээр зүйлийн 1, 45.3 дугаар зүйлийн 1.2, 45.5 дугаар зүйлийн 1 дэх заалтуудыг үндэслэн төрөөс нэхэмжилж байна...” гэснийг,
гуравдагч этгээд прокуророос “... “,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,” ХХК нь 2010 оны 02 дугаар сард “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ТӨХК-аас нээлттэй зарласан техникийн давс нийлүүлэх тендерт оролцсон. Уг тендерт “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК шалгарсныг үндэслэлгүй гэж үзэн “,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,” ХХК захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг... түүндээ мөрдөгч, прокурорын байгууллагын хууль бус үйл ажиллагааны талаар дурдаагүй, “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК татварын байгууллагад өртэй, санхүүгийн тайлан балансыг засаж бүрдүүлсэн материалыг тендерийн хороо шалгалгүйгээр шалгаруулсан нь хууль зөрчсөн гэж үзэн гомдол гаргасан, шүүх ч энэ асуудалд үнэлэлт дүгнэлт хийж шийдвэрлэсэн байна. “,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,” ХХК, “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ТӨХК-ийн хооронд байгуулагдсан гэрээнд 2010.05.15-аас 2011.05.15-ны хооронд давс нийлүүлэхээр хугацааг заасан. Энэ үед тендерийн асуудлаар захиргааны хэргийн шүүхэд маргаан хянагдаж байхад тендерт шалгараагүй газартай гэрээ байгуулсан нь хууль бус талаар шүүхийн шийдвэрүүдээр тогтоогдсон. Нөгөө талаар гэрээг биелүүлээгүйн улмаас аль нэг байгууллагад ямар хохирол учирсан болохыг талууд дүгнээгүй. Хэрэгт авагдсан баримтаар иргэнээс ирсэн гомдлыг шалгаад 2010.04.26-ны өдөр /гэрээ байгуулахаас өмнө/ эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан, үүнийг дээд шатны прокурор хянаад 2010.06.16-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсан, 2010.08.12-нд хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоол гарахад таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосон, дахин 2010.09.21-нд сэргээсэн зэрэг нөхцөл байдлаас дүгнэхэд бусдын бизнесийн үйл ажиллагаанд саад учруулсан /хилийн хориг тавигдсан, цагдан хоригдсон гэх мэт/ зүйл байхгүй. Мөн ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, эрүүгийн хэргийн улмаас шалгагдаж шүүхээс гэм буруутайд тооцсон, харин зарим хэргийг хэрэгсэхгүй болгосон... Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.
9. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв дүгнэж, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргаагүй тул шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.
10. Тодруулбал, хэрэгт авагдсан баримтаар “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ТӨХК-аас тендер зарласан 2010 онд нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн захирал ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,од эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, таслан сэргийлэх арга хэмжээ авч байсан боловч үүнээс болж хариуцагч байгууллага тухайн тендерт оролцож чадаагүй, хэрэв оролцсон бол шалгарч 73,971,103 төгрөгийн ашиг олох байсан гэх үйл баримт эргэлзээгүйгээр тогтоогдоогүй. Иймд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4-т заасан “Хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг мөрдөгч, прокурор болон шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгана” гэсэн үндэслэлд хамаарахгүй. Өөрөөр хэлбэл, ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,од “батлан даалтад өгөх”, “гадагш явж болохгүй тухай” таслан сэргийлэх арга хэмжээ авсны улмаас нэхэмжлэгч байгууллагад дээрх хохирол учирсан гэх үндэслэлгүй юм.
11. Иймд, “... Нэхэмжлэлд “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ТӨХК-ийн захирал ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ий 2010 оны давсны гэрээ байгуулах мэдэгдэл, давс нийлүүлж байсан болон нийлүүлэх гадаад, дотоод гэрээ, тээвэр, гааль, татварын үнэ тариф, тендерийн баталгаа, Төрийн өмчийн хорооны тодорхойлолт, давсны урьдчилгаа төлбөр төлсөн баримт зэрэг үр ашгийг тооцох баримтууд хэрэгт авагдсан байхад “орлого олох нь нотлогдохгүй байна” гэх шалтаг зааж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4, 116 дугаар зүйлийн 116.2 дахь заалтыг тус тус зөрчсөн...” гэсэн утга бүхий энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 4-т заасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй. Учир нь, өөр этгээдийн шалгарсан тендерийг шүүхээс хүчингүй болгохоос өмнө захиалагчтай байгуулсан гэрээ болон шалгараагүй тендерийн баталгаа, тодорхойлолт зэрэг баримт нь нэхэмжлэгчид учирсан гэх хохирлыг нотлох баримт болохгүй.
12. Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2020/01763 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 1646 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
П.ЗОЛЗАЯА
Б.МӨНХТУЯА