Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2022/00144

 

 

2022 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2022/00144

 

 

Ж.Нямзундуй, П.Осор, Х.Гантөмөр

нарын /58 хүний/ нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 73 дугаар шийдвэр,

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 11 дүгээр магадлалтай,

Ж.Нямзундуй, П.Осор, Х.Гантөмөр нарын /58 хүний/ нэхэмжлэлтэй,

М.Одсүрэн, Х.Силам, Ж.Дамбий, Б.Цэрэндаш, Н.Энхтөр, С.Энхтөр, Э.Энхтайван, Б.Баярмаа, Ц.Болдбаатар, Ж.Олдох нарт холбогдох

Цаст алтайн жинчид ХХК-ийн дүрэм болон тус компанийн ТУЗ-ийн шийдвэрийн дагуу нэр бүхий 58 хүний хувь нийлүүлсэн хөрөнгө болох хүн тус бүрийн 300,000 төгрөгт ногдох саналын эрх бүхий хувьцаа эзэмших эрхтэй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчдийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Д.Хуягбаатар, М.Эрдэнэ-Оюун, хариуцагч Э.Энхтайван, Ц.Болдбаатар, хариуцагчийн өмгөөлөгч Л.Ган-Очир, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ж.Нямзундуй, П.Осор, Х.Гантөмөр нар нь хариуцагч М.Одсүрэн, Х.Силам, Ж.Дамбий, Б.Цэрэндаш, Н.Энхтөр, С.Энхтөр, Э.Энхтайван, Б.Баярмаа, Ц.Болдбаатар, Ж.Олдох нарт холбогдуулан Цаст алтайн жинчид ХХК-ийн дүрэм болон тус компанийн ТУЗ-ийн шийдвэрийн дагуу нэр бүхий 58 хүний хувь нийлүүлсэн хөрөнгө болох хүн тус бүрийн 300,000 төгрөгт ногдох саналын эрх бүхий хувьцаа эзэмших эрхтэй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.

2. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 73 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, Компанийн тухай /2011 оны/ хуулийн 3 дугаар зүйлийн 3.3, 12 дугаар зүйлийн 12.8, 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч М.Одсүрэн, Х.Силам, Ж.Дамбий, Б.Цэрэндаш, Н.Энхтөр, С.Энхтөр, Э.Энхтайван, Б.Баярмаа, Н.Болдбаатар, Ж.Олдох нарт холбогдох, нэхэмжлэгч Ж.Нямзундуй, Х.Гантөмөр, П.Осор, М.Эрдэнэчулуун, Л.Хүрэлбаатар, Т.Энхбаатар, Т.Цагаанбанди, Х.Ганхуяг, Н.Болдоо, Б.Зуунболд, Б.Энхзориг, Х.Жанибек, Г.Бямбажав, Н.Мягмардорж, Ц.Лхагвацэрэн, М.Жүгдэрбарам, З.Мягмарсүрэн, Ж.Цагаандаваа, С.Баянмөнх , П.Энхбат, Д.Ууганбаяр, Х.Сламия, Д.Төрмөнх, Х.Ганбат, З.Азжаргал, Д.Даваадорж, Ж.Баатаржав, Б.Мянганбуу, Б.Ганчөдөр, Д.Баяр-Эрдэнэ, А.Мамай, Д.Гансүх, Б.Мөнхбаатар, Н.Болдбат, Д.Энэбиш, Э.Банзрагч, М.Машлай, П.Дашдорж, Б.Хөөхуяг, О.Батмонгол, С.Балдандорж, Ц.Лутхүү, Д.Ганзориг, Х.Ганболд, Д.Нацагсүрэн, Х.Бекбол нарыг Цаст Алтайн жинчид ХХК-ийн хүн тус бүрийн 300,000 төгрөгт ногдох саналын эрх бүхий хувьцаа эзэмших эрхтэй хувьцаа эзэмшигч мөн болохыг тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч М.Одсүрэн, Х.Силам, Ж.Дамбий, Б.Цэрэндаш, Н.Энхтөр, С.Энхтөр, Э.Энхтайван, Б.Баярмаа, Н.Болдбаатар, Ж.Олдох нарт холбогдох, Цаст Алтайн жинчид ХХК-ийн хүн тус бүрийн 300,000 төгрөгт ногдох саналын эрх бүхий хувьцаа эзэмших эрхтэй хувьцаа эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч Г.Анхбаяр, Г.Магсар, Г.Мөнгөнхүү, Д.Төртогтох, С.Эрдэнэбат нар татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д зааснаар хариуцагч М.Одсүрэн, Х.Силам, Ж.Дамбий, Б.Цэрэндаш, Н.Энхтөр, С.Энхтөр, Э.Энхтайван, Б.Баярмаа, Н.Болдбаатар, Ж.Олдох нарт холбогдох, Цаст Алтайн жинчид ХХК-ийн хүн тус бүрийн 300,000 төгрөгт ногдох саналын эрх бүхий хувьцаа эзэмших эрхтэй хувьцаа эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай Н.Алгаа, Б.Батболд, Б.Батсүх, Б.Ганзориг, Т.Давхарбаяр, Э.Энхбат, Ч.Эрдэнэням нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 11 дүгээр магадлалаар: Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 73 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчдийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Бид Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.04.06-ны өдрийн 11 дүгээр магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2-т заасан үндэслэлээр гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхээс нотлох баримтаар үнэлээгүй баримтыг давж заалдах шатны шүүхээс үнэлж, нотлох баримтын шаардлага хангаагүй талаар дүгнэсэн нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Мөн 2-р хавтаст хэргийн 18-80 дугаар хуудсан дахь баримтууд нь нэхэмжлэгч талын хүсэлтээр Иргэний хэргийн анхан шатны шүүх, Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд албан бичиг ирүүлэн хуулбарлуулан авсан баримт бөгөөд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа түдгэлзсэн хэрэгт байгаа баримтыг нэхэмжлэгч тал өөрөө гаргаж өгөх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой, өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй, түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ гэж зааснаар бүрдүүлсэн байхад энэ талаар давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарласан хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг тайлбарлан хэрэглэсэнгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч болон итгэмжлэлийн талаар Улсын дээд шүүхээс дүгнэлт хийсэн тул нэхэмжлэгч нараас хуульд заасан шаардлагыг хангасан итгэмжлэл гаргасан. Тиймээс энэ талаар давж заалдах шатны шүүх Монгол Улсын дээд шүүхээс өөрөөр дүгнэлт хийсэн нь хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна. Түүнчлэн нэхэмжлэгч нар нь нэгдмэл нэг л нэхэмжлэл гаргаж, нэг л ашиг сонирхлыг хамгаалж, зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандсан тул давж заалдах шатны шүүх бүгдээрээ нэхэмжлэл гаргасан гэж ойлгогдож байна гэж тайлбарласан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасныг тайлбарлаж хэрэглээгүй, буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс ирцийн асуудлаар зохигчид болон түүний өмгөөлөгч нараас тусгайлан санал гаргаагүй болохыг дурдаж шийдвэрлэсэн бөгөөд анхан шатны шүүх хуралдаанд хариуцагч Ц.Болдбаатарын өмгөөлөгч Л.Ган-Очир нь шүүх хуралдаанд оролцож байхдаа хариуцагч Ц.Болдбаатарын ирцтэй холбоотой ямар нэг санал гаргаагүй бөгөөд давж заалдах гомдол гаргахдаа Ц.Болдбаатар нь тов мэдэгдээгүй талаарх асуудлаар гомдлын үндэслэл болгоогүй, харин давж заалдах шатны шүүх хуралдаан дээр хариуцагч Ц.Болдбаатарын өмгөөлөгч Б.Мөнхбат ийнхүү шүүх хуралдааны тов мэдэгдээгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох өмгөөлөгчийн төлөөлөх эрх нь эрх зүйн туслалцаа авч байгаа талын хүсэлтээр тодорхойлогдоно, 34.2-т "Өмгөөлөгч гэрээний үндсэн дээр иргэн, хуулийн этгээдийг төлөөлөхдөө төлөөлүүлэгчийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор хуульд заасан бүх арга хэмжээ авах ба шаардлагатай эрх зүйн туслалцаа үзүүлэх, хэргийн бодит байдлыг тогтооход туслах үүрэгтэй, 34.3-т Өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрээгээр оролцохдоо хуульд заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ, 34.4-т Өмгөөлөгчийн эрх нь эрх бүхий байгууллагаас олгосон баримт бичгээр батлагдана гэсэн нь хэргийн зохигчид болох нэхэмжлэгч, хариуцагчид эрх зүйн туслалцаа үзүүлэх өмгөөлөгчийн үүргийн талаар тодорхой зохицуулсан байхад энэ талаар давж заалдах шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийсэнгүй. Өөрөөр хэлбэл, шүүгчийн туслахын үйлдсэн ирцтэй холбоотой 5 дугаар хавтаст хэргийн 126, 127 дугаар хуудаст авагдсан баримтад хариуцагч нарын өмгөөлөгч Л.Ган-Очирын шүүгчийн туслахад хариуцагч нар товыг мэдсэн гэх талаар тодорхой тусгагдсан байх бөгөөд анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгч нь ирцтэй холбоотой ямар ч санал, хүсэлт илэрхийлээгүй асуудалд үндэслэл бүхий дүгнэлтийг давж заалдах шатны шүүхээс хийсэнгүй. Түүнчлэн давж заалдах шатны шүүхээс зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаагүй гэж үзэх үндэслэлтэй байна гэж дүгнэсэн боловч хариуцагч Ц.Болдбаатарын өмгөөлөгч Л.Ган-Очир шүүх хуралдаанд оролцсон байхад оролцоогүй мэт үндэслэлгүй дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар анхан шатны шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа Цаст Алтайн Жинчид ХХК-ий хувьцаа эзэмшигч мөн болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Ховд аймгийн тээвэрчид нэгдсэн зохион байгуулалтад орж 2009.05.11-ний өдөр хуралдаж, Ховд аймгийн Тээвэрчдийн холбооны дэргэд компани байгуулахаар хүн тус бүр 5000 төгрөг хураалгаж, Х.Силам, Ж.Дамбий, С.Баянмөнх зэрэг хүмүүст уг асуудлыг хариуцуулсан байдаг. Ховд аймгийн Тээвэрчдийн холбооны дэргэдэх Цаст Алтайн Жинчид ХХК-ийг байгуулан 2010.10.28-ны өдөр Улсын бүртгэлд бүртгүүлсэн. Ингэж бүртгэлжүүлэхдээ 9 хүний компани болгож бүртгүүлсэн байсан бөгөөд улмаар 2012 онд компанийн дүрмийг шинэчлэн батлуулахдаа компанид хувь оруулсан тээвэрчид буюу хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваах болон хувь оруулсан тээвэрчдийн нэрсийг хавсралтаар оруулан батлуулах асуудлыг баталгаажуулсан. 2012 оны дүрмийн 14.3-т ...Хувь оруулсан тээвэрчдийн нэрсийг компанийн дүрэмд хавсралтаар оруулна, мөн 14.4-т Компанийн үүсгэн байгуулагч 9 гишүүн нь хувь хүртэхдээ тээвэрчдээс хуримтлуулан авсан мөнгөөр үйл ажиллагааг санхүүжүүлж, жилийн эцэст орсон орлого болон санхүүжилтээс илүү гарсан хуримтлалыг Төлөөлөн удирдах зөвлөлд 30%, хувь оруулсан тээвэрчдэд 70%- иар тооцож олгоно гэж тодорхой заалт оруулсан. Ховд аймгийн Тээвэрчдийн холбооны дэргэдэх Цаст Алтайн Жинчид ХХК-д 2012.02.13-ны өдөр нэр бүхий 74 жолоочоос тус бүр 300,000 төгрөгийн хөрөнгийг хувь нийлүүлсэн байдаг. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар болон зохигчдын хэн аль нь 300,000 төгрөгийн хувь нийлүүлсэн асуудлаар маргаагүй бүгд хүлээн зөвшөөрсөн бөгөөд гэрч, компанийн нягтлан бодогчоор ажиллаж байсан Б.Оюун шүүхэд гэрчээр өгсөн мэдүүлгээр 300,000 төгрөгийг хурааж, Мөнгө өгсөн баталгаа гэх баримтыг олгосон нь нотлогдон тогтоогдсон. Энэ талаар анхан шатны шүүхээс ...компанийн гүйцэтгэх удирдлага, нягтлан бодогч нар нь дээрх хууль болон компанийн дүрэмд зааснаар нийт 74 иргэний бэлэн болон бэлэн бусаар өгсөн тус бүр 300,000 төгрөгийг санхүүгийн тайланд тусгаагүйд нэхэмжлэгч нарыг буруутгах боломжгүй гэсэн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй. Анхан шатны шүүхээс Цаст алтайн жинчидХХК-ийн дүрмийн 14.3-т хувь оруулсан тээвэрчдийн нэрсийг компанийн дүрэмд хавсралтаар оруулна гэж, мөн дүрмийн 14.4-т ...тээвэрчдээс хуримтлуулсан мөнгөөр үйл ажиллагааг санхүүжүүлж, жилийн эцэст Төлөөлөн удирдах зөвлөл 30 хувь, хувь оруулсан тээвэрчид 70 хувиар тооцож олгоно хэмээн тус тус шийдвэрлэсэн атлаа Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд тээвэрчдийн нэрсийг компанийн дүрэмд хавсралтаар бүртгүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна. Нэр бүхий 74 иргэн тус бүр 300,000 төгрөгийг компанийн нягтлан бодогчид хураалгасан, тухайн хөрөнгөөс компанийг үүсгэн байгуулахтай холбоотой зардлуудад зарцуулсан байх ба Компанийн тухай /1999 оны/ хуулийн 12 дугаар зүйлийн 12.7-д Компанийг үүсгэн байгуулахтай холбогдсон зардлыг төлсөн этгээд нь бусад үүсгэн байгуулагчдаас эзэмшиж байгаа болон эзэмшихээр захиалсан хувьцааны тоотой нь хувь тэнцүүлэн энэ зардлыг нэхэмжлэн авах, эсхүл гаргасан зардлынхаа хэмжээнд хувьцаа эзэмших эрхтэй гэж, Компанийн тухай /2011 оны/ хуулийн 12 дугаар зүйлийн 12.8-д энэ хуулийн 12.6, 12.7-д компанийг үүсгэн байгуулахтай холбогдсон зардлыг төлсөн этгээд нь бусад үүсгэн байгуулагч, түүний эзэмшиж байгаа болон эзэмшихээр захиалсан хувьцааны тоотой нь хувь тэнцүүлэн энэ зардлыг нэхэмжлэн авах, эсхүл гаргасан зардлынхаа хэмжээнд хувьцаа эзэмших эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч Ж.Нямзундуй, Х.Гантөмөр, П.Осор, М.Эрдэнэчулуун, Л.Хүрэлбаатар, Т.Энхбаатар, Т.Цагаанбанди, Х.Ганхуяг, Н.Болдоо, Б.Зуунболд, Б.Энхзориг, Х.Жанибек, Г.Бямбажав, Н.Мягмардорж, Ц.Лхагвацэрэн, М.Жүгдэрбарам, З.Мягмарсүрэн, Ж.Цагаандаваа, С.Баянмөнх, П.Энхбат, Д.Ууганбаяр, Х.Силамия, Д.Төрмөнх, Х.Ганбат, З.Азжаргал, Д.Даваадорж, Ж.Баатаржав, Б.Мянганбуу, Б.Ганчөдөр, Д.Баярэрдэнэ, А.Мамай, Д.Гансүх, Б.Мөнхбаатар, Н.Болдбат, Д.Энэбиш, Э.Банзрагч, М.Машлай, П.Дашдорж, Х.Хөөхуяг, О.Батмонгол, С.Балдандорж, Ц.Лутхүү, Д.Ганзориг, Х.Ганболд, Д.Нацагсүрэн, Х.Бөкбол нарыг Цаст алтай жинчид ХХК-д хувьцаа эзэмших эрхтэй гэж үзэж, энэхүү 46 иргэн өөр өөрийн нийлүүлсэн хөрөнгө болох хүн тус бүрийн 300,000 төгрөгт ногдох саналын эрх бүхий хувьцаа эзэмших эрхтэй хувьцаа эзэмшигч мөн болохыг тогтоож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр юм. Энэ талаар давж заалдах шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлгүйгээр хүчингүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.04.06-ны өдрийн 11 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Увс аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.01.17-ны өдрийн 73 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчдийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

6. Нэхэмжлэгч Ж.Нямзундуй, Х.Гантөмөр, П.Осор, М.Эрдэнэчулуун нар Цаст алтайн жинчид ХХК-д нэр бүхий 58 хүний хувь нийлүүлсэн хөрөнгө болох хүн тус бүрийн 300,000 төгрөгт ногдох саналын эрх бүхий хувьцаа эзэмших эрхтэй хувьцаа эзэмшигч мөн болохыг тогтоолгохоор шаарджээ.

Хариуцагч М.Одсүрэн, Х.Силам, Ж.Олдох нар нэхэмжлэлийг зөвшөөрсөн, харин хариуцагч Ж.Дамбий, Б.Цэрэндаш, Н.Энхтөр, С.Энхтөр, Ц.Болдбаатар, Э.Энхтайван, Б.Баярмаа нар нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

7. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Ж.Нямзундуй, Х.Гантөмөр, П.Осор, М.Эрдэнэчулуун, Л.Хүрэлбаатар, Т.Энхбаатар, Т.Цагаанбанди, Х.Ганхуяг, Н.Болдоо, Б.Зуунболд, Б.Энхзориг, Х.Жанибек, Г.Бямбажав, Н.Мягмардорж, Ц.Лхагвацэрэн, М.Жүгдэрбарам, З.Мягмарсүрэн, Ж.Цагаандаваа, С.Баянмөнх, П.Энхбат, Д.Ууганбаяр, Х.Сламия, Д.Төрмөнх, Х.Ганбат, З.Азжаргал, Д.Даваадорж, Ж.Баатаржав, Б.Мянганбуу, Б.Ганчөдөр, Д.Баяр-Эрдэнэ, А.Мамай, Д.Гансүх, Б.Мөнхбаатар, Н.Болдбат, Д.Энэбиш, Э.Банзрагч, М.Машлай, П.Дашдорж, Б.Хөөхуяг, О.Батмонгол, С.Балдандорж, Ц.Лутхүү, Д.Ганзориг, Х.Ганболд, Д.Нацагсүрэн, Х.Бекбол нарыг Цаст Алтайн жинчид ХХК-ийн хүн тус бүрийн 300,000 төгрөгт ногдох саналын эрх бүхий хувьцаа эзэмших эрхтэй хувьцаа эзэмшигч мөн болохыг тогтоож, нэхэмжлэгч Г.Анхбаяр, Г.Магсар, Г.Мөнгөнхүү, Д.Төртогтох, С.Эрдэнэбат нар нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, харин Н.Алгаа, Б.Батболд, Б.Батсүх, Б.Ганзориг, Т.Давхарбаяр, Э.Энхбат, Ч.Эрдэнэням нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийг ...хаягтаа оршин суудаггүй, хаяг тодорхой бус байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

8. Давж заалдах шатны шүүх хянахдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан гэж анхан шатны шүүхийг буруутган, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаажээ.

9. Магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчдийн гаргасан гомдлыг хангаж, магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

9.1. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлохоор нэр бүхий иргэдээс тус бүр 300,000 төгрөгийг Цаст алтайн жинчид ХХК-д бэлэн болон бэлэн бусаар хураалгасан тухай баримт, Цаст алтайн жинчид ХХК-ийн 2010.10.18-ны өдрийн 1 тоот хурлын тогтоол, тэмдэглэл зэрэгт дурдагдсан Ховд аймгийн Тээвэрчдийн зөвлөгөөний шийдвэр, нийт тээвэрчдийн саналыг үндэслэн компани байгуулах тухай гаргасан шийдвэр, дүрмийн 14.3, 14.4 дэх заалт, 2013.02.27-ны өдрийн Цаст алтайн жинчид ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэл, Монгол Улсын Зам тээвэр, аялал жуулчлалын сайд Х.Баттулгад Ховд аймгийн Тээвэрчдийн зүгээс гаргасан хүсэлт, 2010.11.16-ны өдрийн 1/1737 дугаартай Ховд аймгийн Засаг даргын албан тоот, 2011.11.09-ний өдрийн 94 дугаартай Ховд аймгийн Тээвэр авто замын газрын даргын албан тоот, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Ховд аймгийн Тээвэрчдийн холбооны тэргүүн С.Бямбацогтод гаргасан 2011.07.15-ны өдрийн хүсэлт, Цаст алтайн жинчид ХХК-ийн тээвэрчид, түүний багийн ахлагчдын нэрсийн жагсаалт, 2012.02.09-ний өдрийн Нийт тээвэрчдийн хурлын протокол, 2012.02.29-ний өдрийн Бүх тээвэрчдийн нэгдсэн хурлын баримт, Цаст алтайн жинчид ХХК-ийн хувь оруулсан тээвэрчдийн жагсаалт, Х.Силамын 2015.09.22-ны өдөр сэжигтнээр өгсөн мэдүүлэг, Цаст алтайн жинчид ХХК-д хувь оруулсан гэх тээвэрчдийн захиалгат нэвтрүүлэг, мөн Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогттой хийсэн хурлын бичлэг зэрэг нотлох баримтуудыг шүүхэд ирүүлжээ.

9.2. Хэргийн баримтаас үзэхэд Цаст алтайн жинчид ХХК-ийн хувийн хэрэгт 2010.10.28-ны өдөр тус компанийн дүрмийг бүртгэхдээ Х.Силам, Ж.Дамбий, Ж.Олдох, Б.Цэрэндаш, М.Одсүрэн, Н.Энхтөр, С.Энхтөр, Н.Гантулга, Э.Энхтайван нарыг үүсгэн байгуулагчаар бүртгэж, улсын бүртгэлийн 1611003094, регистрийн 4068777 дугаарын гэрчилгээг олгосон, улмаар 2011.03.25-ны өдрийн компанийн дүрмээр дээрх иргэдийг төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн гэж өөрчилж, уг компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2012.03.21-ний өдрийн хурлаар төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээс Ж.Олдохыг хасч, Ц.Болдбаатарыг нэмж бүртгүүлэх тухай хүсэлтийг холбогдох байгууллагад гаргахад Ц.Болдбаатарыг үүсгэн байгуулагчаар бүртгэсэн байна.

9.3. 2012.02.13-наас 27-ны өдрийн хооронд тээвэрчдийн хурлыг хийж, нэр бүхий 74 иргэн тус бүр 300,000 төгрөгийг компанид хөрөнгө оруулсныг компанийн санхүүгийн анхан шатны бүртгэлд бүртгээгүй боловч тухайн хөрөнгөөс Тээвэрчдийн шинэ жилийн арга хэмжээ, компанийн 2010 оноос хойш гаргасан зардал, сандал ширээ, компьютер, жолооч нарын амрах байрны тохижилт, хоол унд зэрэгт зарцуулсан үйл баримтын талаар зохигчид маргаагүй байна. Тухайн үед компанийн нягтлан бодогчоор ажиллаж, 300,000 төгрөгийг хурааж, мөнгө өгсөн баталгаа гэсэн баримтыг олгосон Б.Оюуны өгсөн мэдүүлэг болон зохигчдын тайлбараас үзэхэд ...тус компанийн гүйцэтгэх удирдлага, нягтлан бодогч нар нь дээрх хууль болон компанийн дүрэмд зааснаар нийт 74 иргэний бэлэн болон бусаар өгсөн тус бүр 300,000 төгрөгийг санхүүгийн тайландаа тусгаагүйд нэхэмжлэгч нарыг буруутгах боломжгүй юм. гэсэн анхан шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зөрчсөн гэж үзэхгүй.

9.4. Цаст алтайн жинчид ХХК-ийн дүрмийн 14.3-т Хувь оруулсан тээвэрчдийн нэрсийг компанийн дүрэмд хавсралтаар оруулна гэж, мөн дүрмийн 14.4-т ... тээвэрчдээс хуримтлуулсан мөнгөөр үйл ажиллагааг санхүүжүүлж, жилийн эцэст Төлөөлөн удирдах зөвлөл 30 хувь, хувь оруулсан тээвэрчид 70 хувиар тооцож олгоно гэж тус тус шийдвэрлэсэн боловч Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд тээвэрчдийн нэрсийг компанийн дүрэмд хавсралтаар бүртгүүлэх үүргээ биелүүлээгүй байна.

Анхан шатны шүүх ...компанийг үүсгэн байгуулахтай холбогдсон зардлыг төлсөн этгээд нь бусад үүсгэн байгуулагч, түүний эзэмшиж байгаа болон эзэмшихээр захиалсан хувьцааны тоотой нь хувь тэнцүүлэн уг зардлыг нэхэмжлэн авах, эсхүл гаргасан зардлынхаа хэмжээнд хувьцаа эзэмших эрхтэй гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч нарыг Цаст алтайн жинчид ХХК-д хувьцаа эзэмших эрхтэй гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3, 12 дугаар зүйлийн 12.8, 32 дугаар зүйлийн 32.1-т заасныг тус тус зөв хэрэглэсэн, хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлжээ.

9.5. Нэхэмжлэгч Г.Анхбаяр, Г.Магсар, Г.Мөнгөнхүү, Д.Төртогтох, С.Эрдэнэбат нар нь Ж.Нямзундуй, Х.Гантөмөр, М.Эрдэнэчулуун, П.Осор нарт 2017.03.17-ны өдөр олгосон итгэмжлэлээс татгалзахдаа ..."Цаст алтайн жинчид" ХХК-д ямар нэгэн байдлаар хувь нийлүүлээгүй, миний эрх ашиг, сонирхол зөрчигдөөгүй тул төлөөлөгч нараасаа татгалзаж байгаа ба цаашид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохгүй болохоо үүгээр мэдэгдэж байна гэсэн хүсэлт ирүүлсэн байх тул дээрх нэр бүхий иргэдийг шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д нийцсэн гэж үзнэ.

9.6. Нэхэмжлэгч Н.Алгаа, Б.Батболд, Б.Батсүх, Б.Ганзориг, Т.Давхарбаяр, Э.Энхбат, Ч.Эрдэнэням нар нь хаягтаа оршин суудаггүй, хаяг тодорхой бус гэсэн үндэслэлээр эдгээр иргэдийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг зөрчөөгүй, Цаст алтайн жинчид ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд дахин гаргахад энэхүү шийдвэр саад болохгүйг дурдсан нь зөв байна.

10. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр буруутгаж, шийдвэрийг хүчингүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д нийцсэнгүй.

10.1. ... шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтууд нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан гэж үзэхэд учир дутагдалтай гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна.

II хавтаст хэргийн 18-80 дугаар талд авагдсан Ховд аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж буй Цаст Алтайн Жинчид ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэргээс хуулбарлан, Ховд аймгийн шүүхийн тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарсан баримтууд тухайлбал, 57-80 дугаар хуудсанд байгаа хурлын тэмдэглэл гэх баримтууд нь хаана, хэрхэн хадгалагдаж байсан, эх материал мөн эсэх нь тодорхойгүй, зөвхөн шүүхийн хуулбар үнэн тэмдэг дарснаар хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан нотлох баримт гэж үнэлэх үндэслэлгүй гэж дүгнэснийг хянахад давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн, мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

10.2. ...нэхэмжлэгч Ж.Нямзундуй, Х.Гантөмөр, П.Осор, М.Эрдэнэчулуун нар ... нэхэмжлэл гаргахдаа ...мөн итгэмжлэлийг хавсаргаж ирүүлээгүй, ...дээрх нэр бүхий 4 итгэмжлэгдсэн төлөөлөгч нийт нэхэмжлэгчийг бүгдийг нь төлөөлөх эрхгүй, зөвхөн өөр өөрт нь итгэмжлэл олгосон төлөөлүүлэгчдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хамгаалж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхтэй гэж дүгнэсэн нь хэргийн баримтад үндэслэгдээгүй байна. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын төлөөллийн тухай болон зарим нэхэмжлэгч итгэмжлэлээс татгалзсан, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон тухайд энэ тогтоолын 9.5, 9.6-д дүгнэлт хийсэн болно. Нийт 58 нэхэмжлэгчийн 46 нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдаж, 5 нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, 7 нэхэмжлэгчийн хэргийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийг зөрчсөн гэж үзэхгүй.

10.3. ...шүүх хуралдааны товыг хариуцагч Ц.Болдбаатарт мэдэгдсэн гэж үзэх үндэслэлгүй, зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаагүй гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг хуульд нийцсэн гэж үзэхэд учир дутагдалтай юм. Хэргийн баримтаас үзэхэд хариуцагч Ц.Болдбаатарын өмгөөлөгч Л.Ган-Очир шүүх хуралдаанд цахимаар оролцсон, түүнчлэн хариуцагчийн өмгөөлөгч Л.Ган-Очиртой холбогдож, хариуцагч Н.Энхтөр, С.Энхтөр, Ц.Болдбаатар нарын утас холбогдохгүй байна гэхэд тэд хурлын товыг мэдсэн, надтай холбогдсон гэсэн хариу өгөв .. гэж тус тус бичигдсэн байх тул давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлд нийцээгүй байна.

11. Дээр дурдсан үндэслэлээр хяналтын шатны шүүхээс нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчдийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох тухай гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1. Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 11 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 73 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч нарын хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД

             ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

             ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

             С.СОЁМБО-ЭРДЭНЭ

              Д.ЦОЛМОН