Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 139/ШШ2020/00487

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  З.Ганчимэг даргалж, тус шүүхийн ‘’Б’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

Нэхэмжлэгч: “Г” ХЗХ-ны нэхэмжлэлтэй

Хариуцагч: Т.А-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 6.300.000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б,  хариуцагч Т.А-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Цэрэннадмид нар оролцов.

 

                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Г” ХЗХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Т.А- нь “Г” ХЗХ-той 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр ЗГ/4030 тоот зээлийн гэрээг байгуулан 5.000.000 төгрөгийг 1 сарын 8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар Дундговь аймаг, Сайнцагаан сумын 9 дүгээр баг, Мандал Говь 18 дугаар гудамжны 1889 тоот хаягт байрлах 900 м/кв талбай бүхий газрыг барьцаалан зээл авсан.

Зээлдэгчтэй байгуулсан ЗГ/4030 тоот зээлийн гэрээний үүргээ биелүүлж 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр 4.950.000 төгрөгийг Т.А-гийн ХААН банкны 5450579280 тоот данс руу шилжүүлсэн байдаг.

Зээлдэгч нь гэрээ байгуулснаас хойш нийт 3.000.089 төгрөгийн зээлийн төлөлт хийсэн ба үүнээс 560.484 төгрөг нь үндсэн зээлээс, 2.439.604 төгрөг нь хүүний төлбөрт төлөгдсөн. ЗГ/4030 тоот зээлийн үндсэн төлбөр 4.439.515 төгрөг, хүүгийн төлбөр 5.915.427 төгрөг, нотариатын зардал 37.000 төгрөг, нийт 10.361.942 төгрөг хуримтлагдсан. Харин манай зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж нийт 6.300.000 төгрөг болгон багасгасан.

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалтыг үндэслэн талуудын хооронд байгуулсан ЗГ/4030 тоот зээлийн гэрээг үндэслэн нэхэмжлэл гаргаж байгаа бөгөөд хариуцагч Т.А-гаас дээрх зээлийн гэрээний төлбөрт 6.300.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Т.А- шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь тухайн үед “Г” ХЗХ-ны захирал Б.Ц миний нэр дээр энэ зээлийг авсан, зээлийн барьцаанд ч гэсэн Б.Цийн дүүгийн өмчлөлийн газар байгаа. Б.Ц нь авсан зээлээ өөрөө төлж байсан би тухайн үед зээлийг авсан даруйдаа түүний данс руу зээлийг шимтгэлийг хасаад 4.945.000 төгрөг шилжүүлсэн. Энэ баримтыг гаргаж өгч байна. Би энэ хэргийн жинхэнэ хариуцагч биш учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.

 

Хариуцагч Т.А-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Т.А-гийн шүүхэд гаргасан хариу тайлбарыг гаргасныг дэмжиж байна. Зээлийн гэрээ зээлдэгч, зээлдүүлэгчийн хооронд хийгддэг. Хадгаламж зээлийн хоршоо нь хуульд зааснаар ашгийн төлөө бус хуулийн этгээдийг ойлгохоор заасан байдаг. Т.А-г гэртээ байж байхад нь “Г” ХЗХ-ны захирал байсан Б.Ц гэдэг хүн “...чи өөрийнхөө нэр дээр 5.000.000 төгрөгийн зээл гаргаад өгөөч ээ, би бүх юмыг нь аргална” гэж хэлсний дагуу Т.А-, Б.Ц нар тохиролцоод зээлийн материал бүрдүүлж “Г” ХЗХ-ны хандсан байдаг. Т.А- нь газар барьцаалаад 5.000.000 төгрөгийн зээлийг ахуйн хэрэглээний зориулалтаар 5 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай зээл авья гэсэн байдаг. Үүний цаана Б.Ц гэдэг хүн байгаа. Т.А-гийн зээлийн зориулалт нь зээл шийдэгдэх үед түүний өөрийнх нь хүсэл зоригийн бусаар орон сууцны зориулалттай болсон байсан. Мөн Б.Цын дүүгийн газрыг барьцаалсан байдаг. Зээлийн бичиг баримтад Г ХЗХ-ны салбарын захирал Б.Ц зээлийн мэргэжилтэн болсон байсан. Т.А-гийн зээлийн бичиг баримтан дээр Т.А-гийн орлогын талаар судалсан мэдээлэл байхгүй гэтэл хоршооны зээлийн журам дээр зээлдэгчийн орлогыг судлах талаар заасан байдаг. Дансны хуулгаар Т.А- нэг ч удаа зээл төлж байгаагүй. Энэ зээлийн гэрээ нь өөрөө “Г” ХЗХ-ны зээлийн дүрэм, журмаа зөрчсөн. Учир нь  хэрэгт цугларсан баримтаар сонирхлын зөрчлийн талаар заасан байгаа. Б.Ц өөрөө зээлийн ажилтнаар ч салбарын захирлаар ч уг зээлд оролцсон байдаг. Зээлийн гэрээний барьцаа болгож байгаа эд хөрөнгө нь Б.Цын дүүгийнх нь нэр дээр байдаг. Тиймээс энэ сонирхлын зөрчилтэй зээл болсон. Г ХЗХ-ны 2017.01.05-ны өдрийн зээлийн үйл ажиллагааны журмын хэд хэдэн зүйлийг зөрчсөн зээл өгсөн. "Г" ХЗХ-ны дүрэмд хоршооны гишүүн холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөний улмаас хоршоонд учруулсан хохирлыг иргэн хувийн өмчийн хөрөнгөөр хуулийн этгээд өөрийн хөрөнгөөр барагдуулна гэж заасан. Зээлийн үйл ажиллагааны журамд зааснаар зээлийн бүтээгдэхүүн өөрөө ямар нөхцөлтэй байх, ямар зээл олгох талаар "Г" ХЗХ өөрөө тодорхойлох шаардлагатай. Т.А- анкет дээрээ ахуйн хэрэглээний зээл авна гэсэн. Гэтэл зээл дээр орон сууцны зээлийн гэрээ гээд Т.А-гийн хүсэл зоригийг өөрчлөөд явсан байдаг. Зээлийн шийдвэр гаргаж байгаа этгээд зээл хүсэгчийн бүрдүүлсэн материал, зээлийн ажилтны судалгаа, дүгнэлт, саналд үндэслэн зээл олгох эсэх талаар шийдвэрлэнэ, шаардлагатай гэж үзвэл нэмэлт ажиллагаа хийлгэхээр зээлийн ажилтны материалыг буцааж болно. Гэтэл хэрэгт зээлийн ажилтны шийдвэр, судалгаа байхгүй. Т.А-д 5 сая төгрөгийн зээлийг олгох тухай салбарын захирлын шийдвэр байх ёстой боловч салбарын захиралд 5 сая төгрөгийн зээл олгох эрх олгосон баримт бичгийг л хэрэгт өгсөн. Зээлийн үйл ажиллагааны журмын 3.5-д зээлийн ажилтны судалгаагүй, санал дүгнэлт гаргаагүй бол зээлийн хүсэлтэд шийдвэр дүгнэлт гаргахыг хориглоно гэж заасан. Ашиг сонирхлын зөрчил бүхий үйлдлийг "Г" ХЗХ-ны дүрэмд тодорхой зааж өгсөн. "Г" ХЗХ-ны дүрмийн 22.2.2-т зааснаар уг гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээ. Тухайн үед О.Маам гэсэн нэр бүхий хүн гарын үсэг зураад касснаас мөнгө гаргаад байсан байдаг. Одоо салбарын захирлаар ажиллаж байгаа О.Б гэдэг хүн тухайн үед зээлийн ажилтнаар ажиллаж байсан гэсэн зүйл яригддаг. Б.Ц гэдэг хүн Т.А-гаар зээл авхуулсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасны дагуу хүчин төгөлдөр бус гэрээ учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Хэрэг цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                                                        

                                                                                                           ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Г” ХХК нь хариуцагч Т.А-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10.361.942 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 6.300.000 төгрөг болгон багасгасан байна.

Нэхэмжлэгч “Г” ХЗХ нь Т.А-тай байгуулсан ЗГ/4030 тоот зээлийн гэрээний үүргийн төлбөрт 6.300.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж, хариуцагч Т.А- нь “Г” ХЗХ-ны захирал Б.Ц миний нэр дээр энэ зээлийг авсан би аваагүй, би зээлийг авсан даруйдаа Б.Ц руу 4.945.000 төгрөг шилжүүлсэн, энэ зээлийн гэрээ нь “Г ХЗХ”-ны зээлийн дүрэм, журмыг зөрчиж хийсэн, хүчин төгөлдөр бус гэрээ учраас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд талуудын хооронд 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр ЗГ/4030 тоот зээлтийн гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр хариуцагч нь 5.000.000 төгрөгийг 24 сарын хугацаатай, нэг сарын 8 хувийн хүүтэй байхаар харилцан тохиролцож, зээлийн гэрээний дагуу 4.950.000 төгрөгийг хариуцагч Т.А- Хаан банкны 5450579280 тоот дансаар хүлээн авсан болох нь Хаан банкны интернет банкны шилжүүлэг, зээлийн гэрээ болон 2018.1.18-ны өдрийн “Г” ХЗХ-ноос Т.А-д зээл олгосон баримт /хх-10 дугаар хуудас/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “...2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Т.А-гийн Хаан банкны 5450579280 тоот дансаар 4.950.000 төгрөг орсон” гэх тайлбараар нотлогдож байна.

Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан байх ба уг хэлцэл хүчин төгөлдөр байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.

 Нэхэмжлэгч гэрээний зүйлийг зээлдэгчид хүлээлгэн өгсөн, хариуцагч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй нь хэрэгт цугларсан бичгийн баримт, зохигчдын тайлбараар нотлогдсон тул нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан хэмжээнд 6.300.000 төгрөгийг “Г” ХЗХ нь Т.А-гаас Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу шаардах эрхтэй байна.

Хариуцагч би энэ зээлийг аваагүй, Г ХЗХ-ны захирал Б.Ц-д зээлийг мөнгийг шилжүүлсэн, гэрээ хүчин төгөлдөр бус гэж учраас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан бөгөөд дээр дурдсанаар зээлийн гэрээ нь иргэн Т.А-, “Г” ХЗХ нарын хооронд  байгуулагдсан, зээлдүүлэгч нь гэрээний дагуу 4.950.000 төгрөгийг Т.А-д дансаар шилжүүлэн өгсөн байх тул уг гэрээний дагуу нэхэмжлэгч нь гэрээний үүргийг гүйцэтгүүлэхээр хариуцагчаас шаардсан нь үндэслэлтэй байна.

Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Т.А-гаас зээлийн гэрээний үүрэгт 6.300.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Г” ХЗХ-нд олгох нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 180.742 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 115.750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

         1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т.А-гаас зээлийн гэрээний үүрэгт 6.300.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Г” ХЗХ-нд олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Г” ХЗХ-ноос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 180.742 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.А-гаас 115.750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Г” ХЗХ-нд олгосугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    З.ГАНЧИМЭГ