Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 123/ШШ2019/0023

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Зоригтбаатар даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: М-А

Хариуцагч: Төв аймгийн Ж сумын З Д

Нэхэмжлэлийн шаардлага: Төв аймгийн Ж сумын З Д-ын 2019 оны 04 сарын 08-ны өдрийн А/98 тоот захирамжийг хүчингүй болгуулах тухай

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М-А-ийн захирал Ц.Цэдэндамба, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Хариунаа, Д.Баясгасан, Л.Баасанжав хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Заантогтох, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баттөр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М-А-ийн захирал Ц.Цэдэндамба шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Ж сумын З Д нь 2019 оны 04 сарын 08-ны өдөр А/98 тоот Мөнх агит ХХК-ийн эзэмшлийн 76 га, 22 га, 36 га, 117 га, 85 га, 73 га, 290 га, бүгд 700 га газрын гэрчилгээг хүчингүй болгосон нь хууль бус, үнэн бодит байдалд нийцэхгүй захирамж гаргасан байна. Тус захирамж нь дараах үндэслэлээр хуульд нийцээгүй болохыг нотолж байна.

1. Тус З Д-ын захирамж нь Газрын тухай хуулийн 35.1-р зүйл, 38.5-р зүйл, 40.1.1-р зүйлийг үндэслэсэн байна. Гэвч Газрын тухай хуулийн 35-р зүйлийн 35.1-д Газар эзэмшигч нь газар эзэмших эрхээ энэ хуульд заасны дагуу барьцаалах, тус хуулийн 38.5-р зүйл нь газар эзэмшигч нь газар эзэмших эрхээ Иргэний хуульд нийцүүлэн барьцаалж болох бөгөөд энэ тохиолдолд сумын газрын даамал, аймаг нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлж, эрхийн гэрчилгээнд барьцаалсан тухай тэмдэглэл хийлгэнэ гэж заасан байдаг. Гэтэл М-А нь газар эзэмших эрхээ барьцаалаагүй бөгөөд энэ талаар аливаа хуулийн этгээдийн өмнө үүрэг хүлээсэн зүйл байхгүй байхад дээрх үндэслэлээр М-А-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь үндэслэлгүй бөгөөд, газар эзэмшигчийн эрхийг зөрчсөн үйлдэл болсон байна.

2. Мөн З Д-ынЗахирамж нь Газрын тухай хуулийн 40.1.1-ийг үндэслэсэн байна. Тодруулбал Газрын тухай хуулийн 40.1.1 нь эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох талаар заасан байдаг. Энэхүү заалтыг Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 15-р тогтоолд удаа дараа гэдгийг мөн зүйлийн 40.1.2-40.1.6-д зааснаас бусад хэлбэрээр хууль тогтоомж, гэрээний нөхцөл, бусад болзлыг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн байхыг ойлгоно гэжээ. Нэг зөрчлийн давтан, эсхүл өөр өөр зөрчил гаргасан нь дээрх ойлголтод хамрагдана гэжээ. М-А нь 2016 оны 02 сарын 02-ны өдрийн №23 тоот газар эзэмшүүлэх гэрээнд газар эзэмшигчийн нийт 15 эрх, үүргийг тогтоосон бөгөөд М-А нь тус эрх үүргээ шударгаар биелүүлж ирсэн ба тус эрх, үүрэг гэрээний нөхцөл, болзол болон Газрын тухай хууль тогтоомжийн 2 ба түүнээс дээш удаа зөрчсөн зүйл байхгүй. Ж сумын З Д-ынзахирамжид ч мөн Газрын тухай хууль, тогтоомж гэрээний нөхцөлийг удаа дараа зөрчсөн тухай дурдаагүй, энэ талаар үндэслэл нотлох баримтыг тодорхой заагаагүй байна.

Мөн Улсын Дээд Шүүхийн 15-р тогтоолд мөн зүйл хэсэгт заасан ноцтой зөрчил гэдгийг газар эзэмших гэрээний талууд гэрээний нөхцөл, болзлын онцлогтой холбогдуулан харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдолд бүрийг гэрээнд нэрлэн заасан байвал зохино гэж тайлбарласан байна. М-А нь 2016 оны 02 сарын 02-ны өдөр Төв аймгийн Ж сумын газрын даамал Л.Золзаяатай №23 тоот Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулж ажиллаж байгаа. Тус гэрээний газрын хэмжээ, газрын төлбөр, газар эзэмшигчийн эрх үүргийн талаар тогтоосон боловч, тус гэрээний нөхцөл, болзлын онцлогтой холбогдуулан харилцан тохиролцсон тогтоосон, ноцтой зөрчлийн тохиолдол бүрийг гэрээнд нэрлэн заасан зүйл байхгүй учир, ноцтой зөрчсөн гэж үзэх боломжгүй юм. Энэ нь нотлох баримтаар гаргаж өгсөн 2016 оны 02 сарын 02-ны өдрийн №23 тоот газар эзэмших гэрээнээс мөн харагдана. М-А нь Тариалалтын загвар бүс, Инновацын төслийг санаачлан Хүнс, хөдөө аж ахуйн яамны сайдын дэмжлэгийг аван ажиллаж байна. Дээр дурдсаны дагуу Төв аймгийн Ж сумын З Д-ын2019 оны 04 сарын 08-ны өдрийн А/98 тоот захирамжийн улмаас манай компани 2019 оны хавар тариалалтаа хийж чадахгүй нөхцөл байдал үүсээд байна.

Иймд Ж сумын З Д-ынхууль бус шийдвэр нь бидний ажлыг тасалдуулах ноцтой байдал оруулаад байна. Иймд Ж сумын З Д-ын2019 оны 04 сарын 08-ны өдрийн А/98 тоот захирамжийг яаралтай хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч М-А-ийн захирал Ц.Цэдэндамба шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд гэрээндээ тогтвортой ургацын шинэ техник технилоги оруулахаар зааж, 2 жилийн хугацаанд бүх эргэлтийнхээ талбайг эзэмшинэ гэж гэрээндээ тусгайлан заасан. Эцсийн шийдвэр гарах үед З Д намайг дуудаад өөр шалтгаанаар газрыг чинь хураах болно, та энэ газраа авчихлаа гэж бодож байна уу үгүй шүү гэсэн, би түүнд их гомдсон. Энэ бол хууль зөрчсөн зүйл байхгүй ээ, тиймээс манай 700 га талбайг хураахаар гаргасан захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Халиунаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Мөнх-АгитХХК-ийн эзэмшлийн 700 га газрын газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгосон А/98 дугаартай захримж гарсан. Уг захирамжийн үндэслэх хэсэгт Газрын тухай хуулийн 35.1.7, 38.5, 40.1.1 гэсэн заалтуудыг тус тус үндэслэл болгосон нь хууль зүйн хувьд үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь Газрын тухай хуулийн 35.1.7 дахь заалтад газар эзэмших эрхээ энэ хууль заасан журмын дагуу барьцаалах, уг хуулийн 38.5 дахь заалтад газар эзэмшигч нь газар эзэмших эрхээ иргэний хуульд нийцүүлэн барьцаалж болох бөгөөд энэ тохиолдолд сумын З Д, сумын газрын даамал, аймаг нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлж, эрхийн гэрчилгээг барьцаалсан гэсэн тэмдэглэгээ хийлгэнэ гэсэн үндэслэл байдаг. Мөнх-АгитХХК нь аливаа этгээдэд барьцаалаагүй, Газрын тухай хуулийн 38.5 дахь заалтыг зөрчөөгүй. Иргэний хуулийн 156.1 дугаар зүйлд ...барьцааны гэрээг бичгээр байгуулна 156.2-т үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой барьцааны гэрээг байгуулахдаа барьцаанд ямар ямар зүйлүүд тусгах талаар, барьцааны гэрээг бүртгүүлэх талаар заасан. Мөнх-АгитХХК нь захирамжид дурьдсан 700 га газрыг Иргэний хуульд нийцүүлж барьцаалаагүй учир 38.5 дугаар зүйлд заасны дагуу үүрэг хүлээхгүй. Үүрэг хүлээгээгүй асуудлаар нь барьцаалсан байна гэж үзээд газрын гэрчилгээг хүчингүй болгосон нь үндэслэлгүй юм. Мөн Газрын тухай хуулийн 40.1.1-т газар эзэмшигч удаа дараа буюу ноцтой зөрчил гаргасан байхыг ойлгодог. Гэтэл удаа дараа гэдэг нь 2 буюу түүнээс дээш удаа зөрчил гаргасан байх, ноцтой гэдэг нь газар эзэмших эрхийн гэрчилгээнд заасан зөрчлийг гаргасан байхыг ойлгодог. Мөнх-АгитХХК нь 2016 оны 02 сарын 02-ны өдрөөс иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан. Энэ гэрээ нь талууд ямар тохиолдлыг ноцтой зөрчил гэж ойлгох талаар огт дурьдаагүй. Мөн удаа дараа ноцтой зөрчил гаргасан асуудал байхгүй байхад З Д захирамждаа 700 га газрыг хүчингүй болгосон нь хууль зөрчсөн гэж үзсэн тул уг захирамжийг хүчингүй болгож өгнө үү.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Баясгалан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бидний хувьд өмнө нь барьцаанд тавьсан, ноцтой зөрчсөн гэдгийг тус тусад нь авч үзэж байсан. Хариуцагчийн тайлбараар барьцаанд тавьж байгаа нь өөрөө ноцтой зөрчил юм гэж тайлбарлан хэлж байгаагаас нь захирамжийн үндсийг тодорхойлж өглөө гэж ойлголоо. Иргэний хуулийн 231.1.4 дүгээрт зааснаар барьцаа гэж үүргийн гүйцэтгэлийн хангуулах арга юм. М-А-ийн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх арга нь газар эзэмших эрхийн гэрчилгээгээ Тариалан эрхлэлтийг дэмжих сан-д шилжүүлэх гэх ямар ч тийм заалт байхгүй. Иргэний хуульд заасны дагуу барьцааны гэрээг бичгээр хийгээд үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой бол нотариатаар батлуулж, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагууд тавигддаг энэ бүхний зорилго нь барьцаалагчийн эрхийг хамгаалж байгаа. Гэтэл барьцаалагч гэрчилгээг өөртөө авч үлдсэнээрээ Мөнх-АгитХХК-иар зээлийн гэрээг хангуулах боломж байхгүй. Тэгэхээр үүргийн гүйцэтгэл хангуулах боломж Тариалан эрхлэлтийг дэмжих сан-д байхгүй байна гэдэг нь үүнд ямар ч барьцааны гэрээ хийгдээгүй, үр дагавар үүсэхгүй байна гэсэн нэг санаа юм. Мөн М-А нь 1026 га газар дээр тариалалт явуулдаг ба 1026 га газартай холбоотой гэрчилгээ нь Тариалан эрхлэлтийг дэмжих сан-д байгаа гэдэг нь хэргийн материалд ирсэн байна. Гэтэл яагаад 1026 га газраас зөвхөн 700 га газрыг нь барьцаалж хариуцагч захирамжаа гаргав гэдэг нь одоо болтол ойлгомжгүй. Тэгэхээр З Д өөрөө бусад хуулийн этгээд болон иргэдтэй ямар нэгэн ашиг сонирхлын зөрчилтэй асуудлууд байгаа нь дотоод асуудал хэдий ч энэ нь ойлгомжгүй мөн өөрсдөө ч тайлбарлаж чадахгүй байна. З Д-ынзахирамж гарснаар Тариалан эрхлэлтийг дэмжих сан-гийн эрх ашиг зөрчигдөөгүй. Тэгэхээр гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах боломжгүй гэж үзэж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Баасанжав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Уг захирамжыг гаргахаас өмнө Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу урьдчилсан шийдвэрлэх ажиллагаа явуулах ёстой байсан. Өөрөөр хэлбэл захирамж гаргахаасаа өмнө цахим шуудангаар буюу сонсгол хийж уулзалт зохион байгуулж, мэдэгдэх ёстой байсан. Энэ ажиллагаа огт хийгдээгүй тул хууль зөрчиж захирамж гаргасан гэж үзэж байгаа учир захирамжыг хүчингүй болгож өгнө үү. Гэрээнийн 1.6 дахь барьцаална гэх заалт биелэгдээгүй, бусад гэрээний заалтууд нь биелэгдсэн. Зөвхөн барьцаална гэх заалт биелэгдээгүй, барьцаалаагүй шүү дээ. Барьцаалаагүй юм чинь яаж зөрчил байх юм бэ. Үүнийг З Д-ынзүгээс өмнөх шүүх хурлын асуулт хариултын шатанд ч өөрийнхөө тайлбар дээр тодорхой хэлсэн. Тиймээс барьцаалбар явагдаагүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж өгнө үү. Барьцааны гэрээ гэж огт байхгүй. Зээлээр худалдах, худалдан авах гэрээний 1.6-д ганцхан заалт байгаа барьцаална гэсэн. Тэр заалт нь хэрэгжээгүй заалт юм. Бид магадгүй давж заалдах шатны шүүхэд хандаж магадгүй, тэгэхээр барьцааны гэрээ огт байгуулагдаагүй, тийм нэртэй гэрээ хэлцэл хийгдээгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагчийн гаргасан З Д-ынзахирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Төв аймгийн Ж сумын З Д шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: М-А-д З Д-ын2007 оны 02 сарын 20-ны өдрийн А/36 дугаар захирамжаар Баянбулаг 3 дугаар багийн Агитийн хөндийд үр тарианы зориулалтаар нийт 1024 га газар-ыг эзэмшүүлсэн бөгөөд 2016 оны 02 сарын 02-ны өдөр газар эзэмшүүлсэн гэрээг шинэчлэн байгуулсан боловч тухайн газраа зориулалтын дагуу ашиглаагүй байж газар эзэмшүүлэгчид мэдэгдэлгүйгээр барьцаанд тавьж Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас зээл авсан боловч энэ тухайгаа хуульд зааснаар мэдэгдэж, улсын бүртгэлд бүртгүүлээгүй нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.7, 38.5-д заасныг тус тус зөрчсөн бөгөөд үүнийг бидний зүгээс ноцтой зөрчил гэж үзсэн болно. Өөрөөр хэлбэл ийнхүү газрын барьцаалж тариалалт хийх зориулалтаар 2016 онд зээлээр будаа авсан атлаа өнөөдрийг хүртэлх 4 жил гаруй хугацаанд нэг ч талбайдаа М-А-аас тариалалт хийгээгүй нь сумын тариалалгийн мэдээ болон аймгийн тариалалгийн мэдээ, тайлангаас маш тодорхой харагдах бөгөөд бодит байдал дээр тус компани нь тариалалт хийх бус зөвхөн газрын наймаа хийж ашиг хонжоо хожих гэсэн санаатай үйлдлийг хийдэг болох нь илт байдаг. Өмнөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаануудын яцвад хэрэгт цугларсан баримтад газрыг барьцаалж зээл авсан тухай баримт гарч ирсан бөгөөд уг баримтрыг судлан үзэхэд дээр дурдсан хуулийн ноцтой зөрчлийг гаргасан тул З Д-ынзүгээс уг зөрчилд хариуцлага тооцож хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Нэхэмжлэлдээ Монгол Улсын Дээд шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй гэж дурдсан боловч тус шийдвэрийг биелүүлсэн бөгөөд шүүхээс өөр үндэслэлээр газрын гэрчилгээг цуцлах хязгаарлалт тогтоогоогүй, хуулийн хүрээнд захирамж гаргах эрх нь З Дд хадгалагдаж байгаа болно. Газрын тухай хуульд зааснаар газар эзэмшигч нь өөрийн эзэмшил газрынхаа ашигт чанарыг гаргаж ашиглах бөгөөд хуульд заасны дагуу үүргээ биелүүлж эзэмших ёстой байтал олон жил эзэмшиж байгаа газартаа ямар нэг байдлаар гэрээгээр тохиролцсон үйл ажиллагааг явуулаагүй, барьцаанд тавьсан атлаа газар эзэмшүүлэгчид мэдэгдээгүй ноцтой зөрчил гаргасан тул хуульд заасан үүргээ биелүүлээгүй, хуулийг зөрчсөн гэж үзэхэд хүргэсэн бодит байдал дээр нотлогдож байгаа тул М-А-ийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Заантогтох шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төв аймгийн Ж сумын З Д-ынзахирамжын гол үндэслэл нь Газрын тухай хуулийн 38.5, 40.1.1 дэх заалтууд, нэхэмжлэгчийн зүгээс 38.5 дахь заалтад зааснаар бүртгүүлэх шаардлагагүй гэсэн тайлбар хэлж байна. Уг хуулийн 38.5 дахь заалтад газар эзэмшигч нь газар эзэмших эрхээ Иргэний хуульд нийцүүлэн барьцаалж болох бөгөөд энэ тохиолдолд сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлж, эрхийн гэрчилгээнд барьцаалсан тухай тэмдэглэл хийлгэнэ гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл газар эзэмшигч хэрвээ барьцаалсан тохиолдолд заавал бүртгүүлэх, гэрчилгээнд тэмдэглэл хийлгэх үүргийг оногдуулсан. Гэтэл М-А нь газрын гэрчилгээгээ Тариалан эрхлэлтийг дэмжих сан-д барьцаалсан хэрнээ энэ тухайгаа бүртгүүлээгүй. Тиймээс хуулиар онцгойлон тогтоосон үүргийг хэрэгжүүлээгүй учир сумын З Д уг хуулийн 40.1.1 дэх заалтад зааснаар газар эзэмшигч нь газрын тухай хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн гэж цуцалсан. Мөн нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаагаар удаа дараа гэдэг нь гэрээ болон хууль тогтоомжийг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн байхыг ойлгоно гэж Улсын Дээд Шүүхийн 2008 оны тайлбарыг тайлбарлаж байх шиг байна. Хуулийн үг үсгийн хувьд газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний болзол нөхцлийг удаа дараа буюу ноцтой зөрчсөн өөрөөр хэлбэл удаа дараа, ноцтой гэдэг 2 зүйл маань газрын тухай хууль тогтоомжоо ч, газар эзэмших гэрээгээ ч хамааруулахаар зааж өгсөн. Тиймээс Газрын тухай хуулийн 38.5 буюу барьцаалсан тохиолдолд заавал бүртгүүлэх үүргээ зөрчсөн ноцтой зөрчил гэж үзэж газар эзэмших эрхийг нь цуцалсан. Мөн нэхэмжлэгч тайлбарласан барьцаа хийгдээгүй гэж барьцаа хийсэн үйлдэл нь М-А, Тариалан эрхлэлтийг дэмжих сан хоёрын хоорондын харилцаа өөрөөр хэлбэл Иргэний хуулиар зохицуулагдах асуудал тиймээс энэ фактыг шүүхийн баримтаар гэрээ нь хүчин төгөлдөр бус гэсэн нотлох баримт байхгүй байгаа. Хэрэв тэр асуудал яригдахаар бол Тариалан эрхлэлтийг дэмжих сан өөрөө байлцах ёстой. Тэгэхээр барьцаалсан гэрээ нь хууль бус гэдгийг тогтоосон шүүхийн шийдвэр байхгүй учир өнөөдөр энэ хуралд барьцаа хийгдсэн гэж үзэх ёстой. Тиймээс нэгэнт барьцаа хийгдсэн зээл авсан учир Газрын тухай хуулийн 38.5 дахь заалтыг ноцтойгоор зөрчсөн гэж үзсэн З Д-ынзахирамж үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Төв аймгийн Ж сумын З Д-ын2019 оны 04 сарын 08-ны өдрийн А/98 тоот захирамжийг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Маргаан бүхий акт болох Төв аймгийн Ж сумын З Д-ын2019 оны Газар эзэмших эрхийн гэрчилгээний холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай А/98 тоот захирамжийн гаргахдаа, ... Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.7, 38 дугаар зүйлийн 38.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн захирамжлах нь гээд, Баянбулаг 3-р багийн Агьтийн хөндийн үр тарианы зориулалтаар 147/76 га, 150/22 га, 153/36 га, 149/117 га, 152/85 га, 154/73 га 143/423 га-аас 291 га нийт 700 га газар эзэмшигч Мөнх Агит ХХК нь Газрын тухай хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн тул сумын З Д-ын2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/085 тоот захирамж, 2007 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/36 тоот захирамжийг үндэслэн олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээний дээр дурьдсан газруудад холбогдох хэсгийг хүчингүй болгосугай гэж шийдвэрлэжээ. [1]

Үүнд холбогдуулан нэхэмжлэгчээс ...Газрын тухай хуулийн 35.1.7 дахь заалтад газар эзэмших эрхээ энэ хууль заасан журмын дагуу барьцаалах, уг хуулийн 38.5-д зааснаар газар эзэмшигч нь газар эзэмших эрхээ иргэний хуульд нийцүүлэн барьцаалж болох бөгөөд энэ тохиолдолд сумын З Д, сумын газрын даамал, аймаг нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлж, эрхийн гэрчилгээг барьцаалсан гэсэн тэмдэглэгээ хийлгэнэ гэсэн үндэслэл байдаг. Мөнх-АгитХХК нь аливаа этгээдэд барьцаалаагүй, Газрын тухай хуулийн 38.5 дахь заалтыг зөрчөөгүй. Иргэний хуулийн 156.1 дугаар зүйлд ...барьцааны гэрээг бичгээр байгуулна 156.2-т үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой барьцааны гэрээг байгуулахдаа барьцаанд ямар ямар зүйлүүд тусгах талаар, барьцааны гэрээг бүртгүүлэх талаар заасан. Мөнх-АгитХХК нь захирамжид дурьдсан 700 га газрыг Иргэний хуульд нийцүүлж барьцаалаагүй учир 38.5 дугаар зүйлд заасны дагуу үүрэг хүлээхгүй. Үүрэг хүлээгээгүй асуудлаар нь барьцаалсан байна гэж үзээд газрын гэрчилгээг хүчингүй болгосон нь үндэслэлгүй, ... Захиргааны ерөнхий хуульд зааснаар захирамж гаргахаасаа өмнө цахим шуудангаар буюу сонсгол хийж уулзалт зохион байгуулж, мэдэгдэх ёстой байсан, газар эзэмшүүлэх гэрээнд тодорхойлоогүй учир ноцтой зөрчил гаргаагүй гэж, хариуцагчаас ... хуулинд газар эзэмшигч хэрвээ барьцаалсан тохиолдолд заавал бүртгүүлэх, гэрчилгээнд тэмдэглэл хийлгэх үүргийг оногдуулсан. Гэтэл М-А нь газрын гэрчилгээгээ Тариалан эрхлэлтийг дэмжих сан-д барьцаалсан хэрнээ энэ тухайгаа бүртгүүлэх үүргийг хэрэгжүүлээгүй. Тиймээс хуулиар онцгойлон тогтоосон үүргийг хэрэгжүүлээгүй учир сумын З Д уг хуулийн 40.1.1 дэх заалтад зааснаар газар эзэмшигч нь газрын тухай хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн гэж цуцалсан гэж үндэслэлдээ тайлбарлан маргаж байна.

Маргааны үйл баримтаас үзвэл, нэхэмжлэгч талаас маргаан бүхий актын үндэслэлд холбогдуулан, Төв аймгийн Ж сумын газрын асуудал хариуцсан мэргэжилтэн, нэхэмжлэгч М-А-ийн хооронд хийгдсэн 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн №023 дугаартай Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ[2]-г баримт болгон, тус гэрээнд Ноцтой зөрчил гэдгийг тодорхойлоогүй учир хариуцагчийн гаргасан тайлбараар ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлгүй гэх боловч, дээрх гэрээний Зургаа дугаар зүйлийн 6.2-т Энэхүү гэрээг хоёр хувь үйлдэж талууд гарын үсэг зурсан өдрөөс эхлэн Хоёр жилийн хугацаатай байгуулав гэж заасан байгаагаар маргаан бүхий акт гарах үед гэрээний хугацаа дуусаад 1 жил 2 сар өнгөрсөн байх тул тус дуусгавар болсон гэрээг үндэслэх үндэслэлгүй, мөн нэхэмжлэгч аж ахуйн нэгж нь Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ-гүй байсан байна.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж, 34 дүгээр зүйлийн 34.8-д Газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ гэж тус тус заасан нь газар эзэмшигч, эзэмшүүлэгч талд хэн алинд нь хамаарах заалт байх бөгөөд газар эзэмшүүлэгч Төв аймгийн Ж сумын ЗДТГ-ын Газрын даамлаас газар эзэмшигчид хүргүүлэх мэдэгдэх хуудас [3]-аар 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн дотор гэрээгээ дүгнүүлэхийг мэдэгдэж, нэхэмжлэгч аж ахуйн нэгжийн захирал Ц.Цэдэндамбад гарын үсэг зуруулан өгсөн баримт байх боловч гэрээ дүгнэсэн баримт байхгүй, мөн энэ талаар маргаагүй байх тул нэхэмжлэгч аж ахуйн нэгж нь хуульд заасны дагуу газар эзэмших эрхээ хэрэгжүүлээгүй, газар эзэмших гэрээгүй байсан болох нь тогтоогдож байна.

Мөн дээрх албан мэдэгдэл гэсэн баримтаар нэхэмжлэгч аж ахуйн нэгжийг төлөөлөх этгээдийг дуудсан атал нэхэмжлэгч хүрэлцэн очиж, газар эзэмших гэрээгээ дүгнүүлж, эрхээ хэрэгжүүлээгүй нь хариуцагчийг маргаан бүхий актыг гаргахдаа мэдэгдээгүй гэж үзэх хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй юм.

Түүнчлэн нэхэмжлэгч талаас Газрын тухай хуулийн 38.5 дахь заалтыг зөрчөөгүй, аливаа этгээдэд барьцаалаагүй. 700 га газрыг Иргэний хуульд нийцүүлж барьцаалаагүй учир 38.5 дугаар зүйлд заасны дагуу үүрэг хүлээхгүй гэх боловч Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 02/501 дугаартай албан бичгээр Тус компани нь өнөөдрийн байдлаар ... нийт 197,564,551 төгрөгийн хугацаа хэтэрсэн өртэй болно. ... өрөө төлж барагдуулаагүй тохиолдолд газрын эрхийн гэрчилгээ №0109230 дугаартай Төв аймгийн Ж сумын нутаг дэвсгэрт байрлах нийт 1254 га талбайг барьцаанд эх хувиар нь тавьсан ба одоог болтол тус санд хадгалагдаж байгаа болно гэсэн лавлагаа ирсэн. Үүнд ... Уг хугацаа хэтэрсэн өрөн дээр 2015 онд авсан үрийн улаан буудайн үнэ ... нэмэгдэж нийт өр 186.214.551 төгрөгийг барагдуулахаар байгааг хүлээн зөвшөөрч байна. ... нийт 116.214.551 төгрөгийг 2016 онд багтааж төлж барагдуулах ба хугацаандаа төлөөгүй тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээ №0109230 дугаартай Төв аймгийн Ж сумын нутаг дэвсгэрт байрлах нийт 1254 га талбайг барьцаанд эх хувиар тавьж, Тариалан эрхлэлтийг дэмжих санд барьцаанд авсан тэмдэглэл тавиулан гэрчилгээг шилжүүлэн өгч байна гэсэн нэхэмжлэгч аж ахуйн нэгжийн 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Хүнс хөдөө аж ахуйн яамны Тариалан эрхлэлтийг дэмжих санд гаргасан хүсэлтийг хавсарган ирүүлсэн, түүнчлэн нэхэмжлэгч Мөнх агит ХХК болон Хүнс, хөдөө аж ахуйн яамны харьяа Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн хооронд байгуулсан 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн ХӨ-Үр-2015-07 дугаартай 2015 оны хаврын тариалалтад шаардагдах үрийн буудайг зээлээр олгох гэрээ-ний нэгдүгээр зүйлийн 1.6-д Санд зээлээр авсан үрийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаанд өөрийн эзэмшлийн 0109230 дугаартай 1254 га газрын газар эзэмших эрхийг барьцаа болгон тавьсан, үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгийн эрхийг бусдад худалдах, барьцаалах бэлэглэх болон шилжүүлэхийг хориглоно. Зээлдэгч нь газрын гэрчилгээнд барьцаалсан тухай тэмдэглэгээг Газрын тухай хуульд зааснаар тухайн сум орон нутгийн газрын даамлаар хийлгэсэн байна гэж зааж байгуулсан, гэрээний дагуу зээлээр үрийн буудайг нэгэнт авсан, төлбөрөө төлөөгүй байгаа зэргээс нэхэмжлэгч аж ахуйн нэгж нь эзэмшиж байсан газрын гэрчилгээг байрьцаанд тавьсан болох нь нотлогдож байна.

Харин нэхэмжлэгч талаас шүүх хуралдаанд гаргасан барьцааны гэрээг бичгээр байгуулж, бүртгүүлээгүй учир дээрх зээлийн гэрээний үүргийг хүлээхгүй буюу гэрчилгээг барьцаалж зээл авсан гэж үзэхгүй гэсэн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй болж, няцаагдаж байна. Тодруулбал нэхэмжлэгч аж ахуйн нэгж нь Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас тухайн гэрээний үндсэн дээр зээлээр үрийн буудай авсан болох нь тус газрын албан бичиг болон шүүх хуралдаанд гэрээний дагуу зээл авсан болохоо нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрч байгаагаар нотлогдож, мөн тус гэрээг өөрчилсөн, хүчингүй болгосон, хүчин төгөлдөр бусад тооцсон талаар ямар нэгэн баримтгүй байгаа тул Захиргааны хэргийн шүүхээс тухайн үрийн буудай олгосон гэрээний холбогдох үүргийн гүйцэтгэлийг хангах буюу барьцааг хүчин төгөлдөр бус гэж дүгнэх үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэгч аж ахуйн нэгжээс Захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргаан бүхий актын үндэслэл, үйл баримтын үр дагаварт холбогдуулан дүгнэлт хийвэл, нэхэмжлэгч аж ахуйн нэгж нь хэдийгээр Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.7-д газар эзэмших эрхээ энэ хуульд заасан журмын дагуу барьцаалах гэсэн эрхтэй боловч мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д газар эзэмшигч нь газар эзэмших эрхээ иргэний хуульд нийцүүлэн барьцаалж болох бөгөөд энэ тохиолдолд сумын З Д, сумын газрын даамал, аймаг нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлж, эрхийн гэрчилгээг барьцаалсан гэсэн тэмдэглэгээ хийлгэнэ гэсний дагуу бүртгүүлээгүй нь нэхэмжлэгчийн үйлдлийг зөвтгөх үндэслэл болохооргүй байна. Учир нь энэ хуулийн 38 дугаар зүйлийн агуулгаар, газар эзэмших эрхийн гэрчилгээний бүртгэл нь гэрээний үүргийн гүйцэтгэлийн үндсэн дээр эрхийг бусдад шилжүүлэх харилцааны үндэслэл болох бөгөөд газар эзэмшүүлэгч тухайн шатны З Д нь Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2-т газар эзэмшигч, ашиглагчаас газар түүний баялгийг хууль тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах гэсэн өөрийн эрх хэмжээний хүрээнд хяналт тавих, холбогдох хүсэлтийг шийдвэрлэх эрх, үүрэг нь энэ хэсэгт хамааран тавигдах ёстой байна. Гэтэл нэхэмжлэгч аж ахуйн нэгж нь хуульд зааснаар барьцаанд тавих тухай хүсэлтийг хуульд заасан журмын дагуу гаргаагүй, газар эзэмшүүлэгчийн хуульд заасан журмын дагуу тавих хяналтаас гадуур, зөвшөөрөлгүйгээр төрийн өмчийн газрыг зориулалтаас нь гадуур бусдад барьцаалах хэлбэрээр тодорхой хэмжээний мөнгөн дүн бүхий хөрөнгийн орлого олжээ. Энэ үйлдэл нь Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.13-т газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмыг батлах гэж заасаар, газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага буюу Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар батлагдсан Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмын 3 дугаар зүйлийн 3.1.3-д Газар эзэмших эрхийн гэрчилгээг барьцаалах тохиолдолд иргэн, хуулийн этгээд хүсэлтээ гаргаж, журмын 7 дугаар зүйлийн 7.9-д Газрын эзэмших эрхийн гэрчилгээг барьцаалах, ... зөвшөөрлийг дараах журмаар олгоно гэж заасан чиг үүргийг хэрэгжүүлэх ба 8 дугаар зүйлд зааснаар хүсэлтийг шийдвэрлэх З Д-ынбүрэн эрхийг үгүйсгэн хууль бус үйлдэл гаргасан болох нь нотлогдож байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч аж ахуйн нэгж нь төрийн өмчийн газрыг газар тариалангийн зориулалтаар, гэрээ, гэрчилгээний үндсэн дээр эзэмшиж байхдаа газар эзэмшүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр бусдад барьцаалах гэрээг хийж, түүний үр дүнд нийт 197,564,551 төгрөгийн өр,төлбөр бий болгосон нь тогтоогдож байх учир тухайн үрийн буудай зээлээр авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг газар эзэмших эрхийн гэрчилгээгээр хангах, эс хангах эсэхээс үл хамаарч, зөвхөн Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д заасныг зөрчсөн, төрийн өмчийн газрыг эзэмшүүлэгчийн зөвшөөрөлгүй барьцаалан орлого олсон зөрчил гаргасан үйлдэлд нь тогтоогдсон тул Газрын тухай хуулийг зөрчсөн буюу уг хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж зөрчсөн гэж маргаан бүхий актыг гаргасан нь үндэслэлтэй байна.

Тодруулбал, хариуцагч З Д өөрийн эрх хэмжээний хүрээнд асуудлыг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч аж ахуйн нэгжийг төрийн өмчийн газрыг эзэмших эрх, үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй, зөвшөөрөлгүйгээр бусдад барьцаалах гэрээ хийн хууль зөрчиж ашиг орлого олсон, газар эзэмшүүлэгч буюу хариуцагчийн хяналтаас гадуур газрыг зориулалтын бусаар ашигласан болох нь тогтоогдсон тул уг хуулийг ноцтой зөрчсөн гэж газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцлахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөн түүнчлэн газар эзэмших эрхийн гэрчилгээнд газрын хэмжээ нь 1254 га гэсэн байхад 700 га газрын асуудлыг салгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж нэхэмжлэгч талаас маргасанд холбогдуулан үзвэл, газар эзэмших эрхийн 0109230 дугаартай гэрчилгээнд газрын хэмжээг 143/423, 146/345, 150/22, 151/36, 147/76, 149/117, 152/85, 153/22, 154/73, 148/105 нийт 1254 га[4] гэж бичигдсэн боловч 2016 онд хийгдэж байсан гэрээгээр тус тусдаа нэгж талбар бүхий нийт 1026 га газрыг эзэмших эрхтэй байсан гэж нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрч, улмаар шүүх хуралдаанд аж ахуйн нэгжийн захирал Ц.Цэдэндамбаас гэрчилгээ өөрчлөгдөөгүй 1254 га гэж бичигдсэн байгаа, сүүлд кадастрын зургаар 1026 га газартай, нэг компани учир газруудыг нэгж талбар бүрээр салгаагүй, учир нь практик дээр ихэнх нь хэд хэдэн газарт нэг гэрчилгээтэй байдаг гэсэн тайлбарласан бөгөөд маргаан бүхий актад хариуцагчаас нэгж талбар бүхий газруудыг тус тусад нь нэрлэн зааж, 147/76 га, 150/22 га, 153/36 га, 149/117 га, 152/85 га, 154/73 га 143/423 га-аас 291 га нийт 700 га газрыг эзэмших эрхийн асуудлыг шийдвэрлэснийг хууль бус гэж буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна гэж заасан боловч нэгж талбар бүхий хэд хэлэн газар нийтдээ нэг гэрчлгээтэй байсан талаар хариуцагч, нэхэмжлэгч тус тус хүлээн зөвшөөрч байгаа тохиолдолд хариуцагч З Д нь өөрийн бүрэн эрхийн хүрээнд нэгж талбар бүхий газрын газар эзэмших эрхийн харилцаанд хяналт тавьж, өөрийн эрхийн хүрээнд нэгж талбар бүхий газруудад холбогдуулан шийдвэр гарах нь түүний хуулиар олгогдсон эрхийн асуудал тул шүүхийн зүгээс түүхий хяналт эрхээ хэрэгжүүлэх нэгж талбарын хамаарах хэмжээг хязгаарыг хянах боломжгүй юм.

Дээрхээс үзвэл нэхэмжлэгч аж ахуйн нэгж нь газар эзэмших эрхийн гэрчилгээгээ хуульд заасны дагуу барьцааны гэрээ хийж барьцаалаагүй гэж нэхэмжлэлийн үндэслэлдээ тайлбарлан маргасан боловч маргааны үйл баримтаар нэхэмжлэгч аж ахуйн нэгж нь уг гэрчилгээ барьцаалж, зээл авсан болох нь Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас ирүүлсэн баримт, зээлийн гэрээгээр нэгэнт нотлогдож байх тул хариуцагч З Дас маргаан бүхий актыг гаргахдаа Газрын тухай хууль тогтоомж зөрчсөн гэж дүгнэн шийдвэрлэснийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй, мөн түүнчлэн нэхэмжлэгч талаас гаргасан нэхэмжлэлийн бусад үндэслэл болох сонсгох ажиллагааг хийгээгүй, гэрээнд ноцтой зөрчлийг нэрлэн заагаагүй гэх үндэслэлүүдийн тухайд маргаан бүхий актыг хүчингүй болгох, нэхэмжлэгчийн хууль бус үйлдлийг зөвтгөх шалтгаан болохгүй байх тул маргаан бүхий актыг хүчингүй болгох гэсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2, 23 дугаар зүйлийн 23.2.13, 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 34 дүгээр зүйлийн 34.8, 35 дугаар зүйлийн 35.1.7, 38 дугаар зүйлийн 38.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М-А-ийн Төв аймгийн Ж сумын З Дд холбогдуулан гаргасан Төв аймгийн Ж сумын З Д-ын2019 оны 04 сарын 08-ны өдрийн А/98 тоот захирамжийг хүчингүй болгуулах гэсэн шаардлагатай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шүүхийн энэхүү шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОРИГТБААТАР.

 

 

 

 

 

 

 

 

 


[1] Хавтаст хэргийн 43 дахь тал

[2] Хавтаст хэргийн 43 дахь тал

[3] Хавтаст хэргийн 38 дахь тал

[4] Хавтаст хэргийн 117 дахь тал