Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 738

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2020/00666/И

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ... аймаг, ... сум, ... баг, ... хороолол, ... байр, ... тоотод оршин суух, /утас .../, .... регистрийн дугаартай, ... хүүхэн овогт Д-гийн У-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: ... аймаг, .... сум, ... баг, ... баг, ... хоролол, ... байр, ... тоотод оршин суух, /утас.../, ... регистрийн дугаартай, ... овогт Ш.Г-д холбогдох

 

Зээлээр худалдсан орон сууцны үлдэгдэл төлбөрт 14 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э, хариуцагч Ш.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.У, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.У миний бие Ш.Г-тай 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж ... аймаг, ... сум, ... баг, ... баг, ... хороолол, ... байрны ... тоот 3 өрөө орон сууцыг 45 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцож 31 000 000 төгрөгийг аваад үлдэгдэл 14 000 000 төгрөгийг 6 сарын дараа авахаар тохиролцож гэрээ байгуулсан юм. Ингээд үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг Ш.Г-гийн нэр дээр шилжүүлэн өгсөн. Гэтэл Ш.Г орон сууцны үнийн үлдэгдэл 14 000 000 төгрөгөө өгөхгүй, нэхэхээр элдэв шалтаг тоочин худал хэлж явсаар өдий хүрлээ. Иймээс тус шүүхэд хандаж байна.

Иймд Ш.Г-гаас орон сууцны үнийн үлдэгдэл 14 000 000 төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Ш.Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие Ш.Г нь 2019 оны 08 сард маш их засвартай 3 өрөөг Д.У-аас ярилцаад ороод засвар хийе үнэ мөнгө тохирох байх гэсэн үндэслэлээр орсон. Тэгээд засвар 3 500 000 төгрөгт хийсэн. Тэгээд 1 өрөөгөө зараад дээр нь банк бусаас мөнгө аваад 31 сая төгрөгийг Хаан банкаар Д.У-д өгсөн. Гэтэл маш их шоргоолжтой, засвар хийгээд байхад амьдралын шаардлага хангахгүй, устгал 2 удаа хийсэн боловч эрүүл ахуйд нийцэхгүй хоол, унд, хувцаст орно. Би 11 сартай нярай охинтой, чих рүү нь хүртэл шоргоолж орж, маш их айдастай байгааг 10 сард би Д.У-д хэлсэн. Наймаагаа буцаая би орон байртай болох гэж банк бусад маш их хүү төлж байгаа боловч шаардлага хангахгүй байна. Тиймээс Д.У-аас 34 500 000 төгрөг гаргуулж бидний наймааг буцааж шийдвэрлэж өгнө үү. Нийт 45 000 000 төгрөг гэж ярилцсан юм. Амьдрах боломжгүйг удаа дараа Д.У-д хэлсэн байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.У нь хариуцагч Ш.Г-д холбогдуулан зээлээр худалдсан орон сууцны үлдэгдэл төлбөр 14 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч орон сууцанд засвар үйлчилгээ хийсэн боловч шоргоолж арилахгүй байгаа тул орон сууцыг буцаан өгч засвар хийсэн 3 500 000 төгрөг, төлбөрт өгсөн 31 000 000 төгрөг, нийт 34 500 000 төгрөгийг гаргуулна гэж маргаж байгаа болно.

 

Нэхэмжлэгч Д.У хариуцагч Ш.Г нар 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, ... аймгийн ... сумын ... баг, Өргөө баг, 21-р хороолол, 5б байр, 128 тоот 3 өрөө орон сууцыг 45 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, урьдчилгаа 31 000 000 төгрөгийг авч, үлдэгдэл 14 000 000 төгрөгийг 6 сарын дараа авахаар тохиролцож гэрээ байгуулсан үйл баримт тогтоогдож байна.

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохиролцсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

 

Дээрх гэрээний дагуу хариуцагч Ш.Г нь улсын бүртгэлийн хэлтэст хандаж 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж өмчлөгч болсон нь Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д Үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг эрхээ шилжүүлж байгаа болон уг эрхийг олж байгаа этгээдийн хэн нь гаргах эрхтэй, 110 дугаар зүйлийн 110.1-д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж заасантай нийцэж, хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Хариуцагч Ш.Г нь  шүүх хуралдаанд .. орон сууцыг 45 000 000 төгрөгөөр худалдан авсан, байрны төлбөрт урьдчилж 31 000 000 төгрөг төлж, байрыг өөрийн өмчлөлд авч 3 500 000 төгрөгийн засвар хийсэн, Д.У нь та орон сууцанд ороод засвар үйлчилгээ хийж бай, тэгээд засвар хийсний төлбөрийг хасч тооцно гэсэн тул байранд орж засвар хийсэн боловч маш их шоргоолжтой байсан, энэ тухай удаа дараа Д.У-д хэлж байсан бөгөөд хоёулаа зарахаар зар хүртэл өгч байсан. Иймд 31 000 000 төгрөг+3 500 000 төгрөг=34 500 000 төгрөгийг Д.У-аас гаргуулж байрыг буцаан өгнө гэж нэхэмжлэлийн шаардлагын татгалзлыг тайлбарласан болно.

Талууд орон сууцыг 45 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцсон болох нь тус шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 460 дугаартай шүүхийн шийдвэрт хариуцагч Ш.Г-гийн гаргасан ...би 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдөр худалдах, худалдан авах гэрээгээр ... аймгийн ... сумын ... багийн ... байрны ... тоот 3 өрөө орон сууцыг худалдан авсан. Уг байрыг 45 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож бэлнээр 31 000 000 төгрөг өгсөн. 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдөр 17 000 000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 14 000 000 төгрөг тус тус бэлнээр өгсөн. Уг байранд 3 500 000 төгрөгийн бүрэн засвар хийсэн. Байрыг авахад засвар хийгээгүй их удсан, шоргоолж ихтэй байсан. Засвар хийсэн боловч шоргоолж огт арилаагүй байна. Иймээс Д.Уд өгөх байрны үлдэгдэл 14 000 000 төгрөгийг өгөх боломжгүй байраа буцаан өгөх хүсэлтэй байна гэсэн тайлбараар тогтоогдож байх тул засварын хөлсийг байрны төлбөрт оруулан тооцохоор тохиролцсон гэсэн хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

Мөн хариуцагч нь орон сууц маш их шоргоолжтой, би бага насны охин хүүхэдтэй тул энэ байранд амьдрах боломжгүй гэж худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж байгаа боловч Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй, 254.6-д худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй гэсэн хуулийн шаардлагыг зөрчсөн байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч нь эд хөрөнгийн доголдлын талаар шаардлага гаргах эрхтэй боловч хуульд заасан 6 сарын дотор доголдлыг арилгуулахаар шаардах эрхээ хэрэгжүүлээгүй хуулийн хугацаа өнгөрсөн байна.

Хариуцагч нь доголдлын талаар удаа дараа мэдэгдэж байсан гэж тайлбар гаргаж байгаа боловч энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Ш.Г-гаас орон сууцны үлдэгдэл төлбөр 14 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.У-д олгох нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Д.У нь шүүхэд төлөөлөх эрхийг итгэмжлэлээр олгосны дагуу түүнийг төлөөлөн шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр З.Э оролцсон болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дүгээр зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Ш.Ггаас 14 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.У-д олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 228 000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 228 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.АЛТАНТУЯА