Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2022/00884

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай 

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч Г.Банзрагч, Н.Баярмаа, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар, 

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 738 дугаар шийдвэр, 

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 93 дугаар магадлалтай,  

*******ын нэхэмжлэлтэй

*******д холбогдох 

14,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Цэдэнбалын хяналтын журмаар гаргасан гомдлоор 

шүүгч Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

1. ******* *******д холбогдуулж, зээлээр худалдсан орон сууцны төлбөрийн үлдэгдэл 14,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч ******* эс зөвшөөрч, төлбөрт өгсөн 31,000,000 төгрөг дээр засвар хийсэн 3,500,000 төгрөгийн хамт нийт 34,500,000 төгрөг буцаан гаргуулна гэж маргажээ.  

2. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 738 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дүгээр зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч *******гаас 14,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 228,000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 228,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ. 

3. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 93 дугаар магадлалаар: Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 738 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Цэдэнбалын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч *******гаас давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228,000 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Цэдэнбал хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

4.1. ******* ******* нар 2019.08.06-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 128 тоот 3 өрөө орон сууцыг 45 сая төгрөгөөр худалдахаар тохиролцож, урьдчилгаа 31 сая төгрөгийг авч, үлдэгдэл 14 сая төгрөгийг 6 сарын дотор төлөхөөр тохирсон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 79.1-д Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж, 79.7-д Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно гэж тус тус заасан. Миний бие *******, ******* нар нь харилцан тохиролцооны үндсэн дээр 14 сая төгрөгийг 6 сарын хугацаа /2019.08.06-2020.02.06/-нд хувааж төлөхөөр гэрээ хийсэн. Иймд хөөн хэлэлцэх хугацааг 2020.02.06-ны өдрөөс эхлэн тоолж, 2020.08.06-ны өдөр уг хугацаа дуусах ёстой байсан.

4.2.Шүүгч алдаа гаргаж урьд нь гарсан хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг буруу тайлбарласан. *******, ******* нар 2019.08.06-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж миний бие ******* нь тухайн байранд супер засварыг 1 сарын хугацаанд хийж дуусган байрандаа орж 2 сар амьдарч байх хугацаанд манай нялх эмэгтэй хүүхдийн бие болон чих хамар хоолойд шоргоолж үүрлэн, огт алга болохгүй байсан учир эмчид үзүүлэн эмчилгээ хийлгэсэн. Энэ тухай иргэн ******* хэлэхэд би энэ байрыг дахин зарж чадахгүй дахин тань шиг ийм гэнэн тэнэг хүн олдохгүй гэсэн шиг ******* намайг доромжлон, одоо 14 сая төгрөгийг минь өг гэж дарамтлан мөнгөө одоо өгөхгүй бол чамайг би шүүхэд өгнө гэж үндэслэлгүй сүрдүүлж байсан. Ийм учраас миний бие шүүхэд нэхэмжлэл гаргах гэсэн боловч иргэн ******* түрүүлээд нэхэмжлэл гаргасан. Уг иргэний хэргийг хянан Дархан Уул аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2020.04.08-ны өдрийн 460 тоот шүүхийн шийдвэр гаргасан. Энэ шийдвэрээр нэхэмжлэгч *******, миний бие *******д ялагдсан. Энэ шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч ******* давж заалдах гомдол гаргаагүй учраас өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болсон байдаг. Гэтэл шүүх тухайн хэргийн авч хэлэлцэхдээ Дархан-Уул аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.04.08-ны өдрийн 460 тоот хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.6-д нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах буюу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох байсан. Дархан-Уул аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.04.08-ны өдрийн 460 тоот хүчин төгөлдөр шийдвэрийг буруу тайлбарлан иргэн *******ын арга залинд автан 2020.06.25-ны өдрийн 738 тоот шүүхийн шийдвэр гаргахдаа бусдыг илтэд үл хүндэтгэн зөвхөн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр тухайн хэргийг буруу шийдвэрлэсэн. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116.2-д зааснаар шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх заалтыг зөрчсөн.

4.3. Шүүх хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг буруу тодорхойлж, нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, дүгнэлтийг тодорхой заадаггүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлсэн, огт үнэлэхгүй орхисон, нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлээгүй, хууль хэрэглээгүй хүсэлт гаргагчаас гаргасан баримтуудыг хэрхэн үнэлсэн тухайгаа шийдвэрт заагаагүй зэрэг алдаа зөрчил гаргасан байна. Тодруулбал, Иргэний хуулийн 243.1-д Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэсэн заалтыг хэрэглэсэн атлаа тухайн хуулийн хариуцлагыг орхигдуулж шийдвэр гаргасан. Иргэний хуулийн 243.2-т зааснаар худалдагч нь худалдаж байгаа эд хөрөнгийн зориулалт, хэрэглээний шинж чанар, хадгалах, хэрэглэх, тээвэрлэх нөхцөл, журам, баталгаат болон эдэлгээний хугацаа, үйлдвэрлэгчтэй холбогдсон үнэн зөв, бүрэн мэдээллийг худалдан авагчид өгөх үүрэгтэй. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шүүх үнэлэн шийдвэр гаргахдаа үндэслэл болгосон дүгнэлтийг тодорхой заадаггүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлсэн, огт үнэлэхгүй орхиж иргэн *******г давж заалдах шатны шүүх дээр ялагдах нөхцөл байдлыг үүсгэсэн байна.

4.4. Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх магадлал алдаатай болсон. Дархан-Уул аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.04.08 ны өдрийн 460 тоот шүүхийн шийдвэрт иргэн *******д иргэн *******д 14 сая төгрөг өгөх үндэслэлгүй гэж дурдсан. Үүнийг шүүх тайлбарлахдаа Иргэний хуулийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн бөгөөд шүүх нэгэнт тогтоогдсон үйл баримтын талаар дахин дүгнэлт хийгээгүй гэж үзсэн нь учир дутагдалтай байна. Тодруулбал, маргалдаж буй байрны талаар ******* нь *******д үнэн зөв мэдээлэл өгөөгүй. Энэ нь Иргэний хуулийн 243.2-т заасан худалдагч нь худалдаж байгаа эд хөрөнгийн зориулалт, хэрэглээний шинж чанар, хадгалах, хэрэглэх, тээвэрлэх нөхцөл, журам, баталгаат болон эдэлгээний хугацаа, үйлдвэрлэгчтэй холбогдсон үнэн зөв, бүрэн мэдээллийг худалдан авагчид өгөх үүрэгтэй гэсэн заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй. Иргэн *******д иргэн *******д удаа дараа гомдол гаргаж энэ тухай нотлох баримт гаргаж өгсөн байхад Иргэний хуулийн 243.2 дахь заалтын талаар огт дурдаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116.2-д заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг зөрчсөн байна. Дархан-Уул аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.06.25-ны өдрийн 738 тоот шүүхийн шийдвэр, Иргэний хуулийн 56.6-д хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө гэж заасны дагуу энэхүү эрхээ хамгаалахын тулд хортон шавьж нярай хүүхэд болон насанд хүрсэн хүний биед ямар хор хөнөөлтэй талаар нотлох баримт цуглуулж миний бие болон хүүхдүүдийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалуулах шаардлагатай байна.

4.5. Дээр дурдсан үндэслэлээр Дархан-Уул аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09- р сарын 02 ны өдрийн 93 тоот магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэн иргэн ******* болон гэр бүлийн гишүүдийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ: 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй байна. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хэргийн оролцогчийн мэтгэлцэх эрхийг хангасан, хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлэн хэргийг шийдвэрлэсэн байх тул шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцжээ.

6. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан тэдгээрийн хооронд 2019 оны 8 дугаар сарын 6-ны өдөр байгуулсан орон сууц худалдах-худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 14,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, ... талуудын хооронд бичгээр гэрээ байгуулсан, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлсэн, ... тохирсон хугацаанд үлдэгдэл төлбөр 14,000,000 төгрөгийг өгөөгүй гэж тайлбарласан бол хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, зохигчийн хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, өмчлөх эрхийг шилжүүлэн авсан нь үнэн боловч орон сууцанд шоргоолж үүрлэсний улмаас хэвийн амьдрах боломжгүй, засвар үйлчилгээ хийгээд ч арилаагүй, орон сууцны доголдлын талаар бүрэн мэдээлэл өгөх үүргээ худалдагч зөрчсөн ... гэж маргажээ.  

7. Анхан шатны шүүх талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжсэн талаар дүгнэн, худалдагч биет болон биет бус доголдолгүй зүйлийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй хэдий ч маргаан бүхий тохиолдолд доголдлын талаар нотлоогүй, гэрээний зүйл доголдолтой талаар гомдлын шаардлагын хугацааны дотор худалдагч талд мэдэгдээгүй гэх үндэслэлийг заан Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн дүгнэлтийг хуульд нийцсэн, үндэслэл бүхий гэж үзэн хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.  

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаах шаардлага гаргасныг хангах боломжгүй гэж үзэн дараах дүгнэлтийг өглөө.

8.1. Анхан болон давж заалдах шатны шүүх хөөн хэлэлцэх хугацааг буруу тооцсон гэх хариуцагчийн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй болжээ. Зохигчийн хооронд Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ 2019 оны 8 дугаар сарын 6-ны өдөр байгуулагдаж, уг гэрээг байгуулсан өдрөөс хойш 6 сарын дотор үлдэгдэл төлбөр болох 14,000,000 төгрөг төлөхөөр тохиролцсон талаар талууд маргаагүй. Ийнхүү үлдэгдэл төлбөрөө шаардах эрх 2020 оны 2 дугаар сарын 6-ны өдрөөс зөрчигдөж эхэлсэн гэж талууд тооцон тайлбарлаж байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил байхаар заасан атал хариуцагчийн төлөөлөгч тус хугацааг 2020 оны 2 дугаар сарын 6-ны өдрөөс эхлэн 2020 оны 8 дугаар сарын 6-ны өдөр дуусгавар болох байсан гэж үзэн тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Худалдах-худалдан авах гэрээнд гомдлын шаардлагын болон баталгаат хугацааг зургаан сараар тодорхойлж болохоор Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д заасан бөгөөд энэ нь шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаанаас ялгаатай ойлголт болно.

8.2. Түүнчлэн нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүргээ зөрчсөн гэх үндэслэлээр 15,225,000 төгрөгийг шаардан нэхэмжлэл гаргасныг Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр 460 дугаартай шийдвэрээр хэрэгсэхгүй болгосон, нэхэмжлэгч уг шийдвэрт давж заалдах гомдол гаргаагүй, шийдвэр хүчин төгөлдөр болсон, ийнхүү хэрэг шийдвэрлэгдсэнээр Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа тасалдана, уг хэргийг нэгэнт шүүхээр шийдвэрлэсэн тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх агуулга бүхий гомдол гаргасан. Энэ талаар давж заалдах шатны шүүхээс дүгнэж ... хэрэгт авагдсан 2020 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 460 дугаартай хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр нь талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй ... гэж үзжээ. Өөрөөр хэлбэл, дээрх шүүхийн 460 дугаартай шийдвэрээр зохигчийн хооронд үүссэн худалдах-худалдан авах гэрээний маргааныг шийдвэрлээгүй байх ба нэхэмжлэгч үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааны дотор шүүхэд дахин нэхэмжлэл гаргажээ.

8.3. Хөөн хэлэлцэх хугацааг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг татгалзах эсэх асуудал нь Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасны дагуу үүрэг гүйцэтгэгчийн эрх бөгөөд энэ талаарх татгалзлаа анхан шатны шүүхийн мэтгэлцээний явцад хоёрдмол утгагүй тодорхой илэрхийлсэн, энэ талаар тухайн шатанд бүрэн дүүрэн мэтгэлцсэн байвал зохино. Хэрэгт авагдсан баримт, хуралдааны тэмдэглэлээс хариуцагч ийнхүү мэтгэлцэж татгалзлаа илэрхийлж байсан нь тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

8.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 460 дугаартай шийдвэр хуулийн хүчин төгөлдөр тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасны дагуу 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэгч Б.Ундралын дахин гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байсан гэх агуулга бүхий гомдол гаргаж байна. Дээр дурдсанчлан энэ асуудлаар давж заалдах шатны шүүхээс дүгнэлт өгч 460 дугаартай шийдвэрийн маргааны зүйл нь зохигчийн хооронд зээлийн гэрээний харилцаа бий эсэх тухай асуудал гэж үзсэнийг буруутгах үндэслэлгүй. Нэхэмжлэгч дахин нэхэмжлэл гаргахдаа эрх зүйн өөр харилцаанаас үүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 дахь заалт хамаарахгүй, энэ талаарх хариуцагчийн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна.

8.5. Зохигчийн хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн бөгөөд худалдагч Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.2-т заасан гэрээний зүйлийн талаар үнэн зөв мэдээлэл өгөх үүргээ биелүүлээгүй талаар хоёр шатны шүүхээс дүгнэлт өгөөгүй тухайд гомдол гаргасан байна. Гэвч хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу ...нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй буюу гэрээний зүйл болох орон сууцанд шоргоолж үүрлэсэн, эрүүл ахуйн доголдолтой, хэвийн амьдрах боломжгүй гэх нөхцөл байдлыг нотолж чадаагүй, энэ талаарх аливаа баримт хэрэгт авагдаагүй байна. Өөрөөр хэлбэл, орон сууц доголдолтой болох нь хэрэгт авагдсан баримтын хүрээнд тогтоогдоогүй гэх үндэслэлээр орон сууц худалдах үедээ доголдлын талаар мэдээлэл өгөх үүргээ худалдагч зөрчсөн эсэх асуудлаар дүгнэлт өгөөгүй нь шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах үндэслэл болохгүй.  

9. Дээр дурдсан үндэслэлүүдээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч *******гаас 14,000,000 төгрөг гаргуулж *******д олгохоор шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1.    Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 738 дугаартай шийдвэр, Дархан-Уул аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 93 дугаартай магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай. 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр төлсөн 288,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                Х.ЭРДЭНЭСУВД

ШҮҮГЧИД                           Г.БАНЗРАГЧ

                                            Н.БАЯРМАА

                                                                                                                           П.ЗОЛЗАЯА

                                                                                                                           Д.ЦОЛМОН