Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 670

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:135/2020/00367/И

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюундарь би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: /... аймаг, ... сум, ... баг ... хороолол хүслийн хотхон ... байрны үйлчилгээний ... тоот хаягт бүртгэлтэй/ Дархан-Уул аймаг, Дархан сум, ... баг, ... хороо ... байранд үйл ажиллагаа явуулдаг “Д.ш.б” ХХК /РД:..., утас: .../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ... аймаг, ... сум, ... багт байрлах “ДДС” ТӨХК /РД: .../-д холбогдох,

 

"... 12,987,024 төгрөг гаргуулах ...” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.ш.б ХХКнь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Дархан хотын 13-р хороололын ус дулаан дамжуулах төвийн барилга, тоног төхөөрөмжийн угсралтын ажлыг 2009.10.20-ны өдөр дуусч 2009.11.13-ны өдөр №У-36/412/09-04 тоот барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын актын шийдвэрээр ДДС ТӨХК-ны мэдэлд шилжүүлсэн байдаг. Тус дулаан дамжуулах төвөөс Манай 155 айлын орон сууц, Мэргэжлийн хяналтын ажилчдын 61 айлын орон сууц, Онцгой байдлын газрын ажилчдын 56 айлын орон сууц, “З.а” ХХК-ны 42 айлын орон сууц, “Л” ХХК-ийн 144 айлын орон сууц, Цагдаагийн ажилчдын 60 айлын орон сууц нийт 518 айлын орон сууц дулаан хувиарлах төвийн ялтсан ус халаагчийг ашиглан дулаан, халуун усаар хангагдаж байдаг. Дулаан хуваарлах төвийг 2014 оноос холбогдох байгууллагуудад удаа дараа хүсэлт гаргасны үр дүнд 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр мэргэжлийн байгууллага ДДС ТӨХК-нд шилжүүлж өгсөн байдаг (Албан ёсны бичиг баримтанд 2009 онд шилжсэн байдаг.)

Дулаан хувиарлах төвийн ялтсан ус халаагчийг ажиллуулдаг цахилгааны зардал 2014 онд 1,826,076 төгрөг, 2015 онд 4,869,535 төгрөг, 2016 онд 5,867,992 төгрөг, 2017 онд 4,898,629 төгрөг, нийт 17,462,232 төгрөг болсон үүнээс 8,716,086 төгрөгийг манай компани дангаараа төлж байсан бөгөөд санхүүгийн хүндрэлтэй байдлын улмаас ДСЦТС ХК-нд 8,746,146 төгрөгийн өр төлбөртэй байхад нь шилжүүлсэн юм.

2014 оноос 2017 оныг хүртэл тус ЦТП-тэй холбоотой дундын хэрэглээний бүх зардлыг манай компани дангаараа гаргаж нийт 518 айлын хэрэгцээг хангаж байсан. Мөн улсын хөрөнгө оруулалтаар хийгдсэн улсын хөрөнгөд манай компани ус, дулаан дамжуулах төвийн барилгын хэвийн ашиглалтыг хариуцахын зэрэгцээ шаардлагатай засвар арчилалтыг тогтмол хийж байсан билээ. Өнөөдрийг хүртэл удаа дараа албан ёсоор албан бичиг хүргүүлсэн боловч манай компаний төлсөн ялтсан бойлуурын цахилгааны төлбөрийг төлж барагдуулаагүй бөгөөд 2020.02.20-ны ... тоот албан тоотоор хариуцах боломжгүйг мэдэгдсэн юм. Иймд манай компани нь ДДС ТӨХК-ийн өмнөөс төлж байсан ялтсан бойлуурын цахилгааны төлбөрт төлсөн 8,716,086 төгрөг дээр алданги 4,270,938 төгрөг, нийт 12,987,024 төгрөгийг ДДС ТӨХК-аас гаргуулж өгнө үү...” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“... аймгийн ... сумын ... хорооллын ус дулаан дамжуулах төвийн барилга 2008 онд байгуулагдаж, ашиглагдаагүй явж байгаад 2014 онд манай компани анхны барилгаа барьж, тус хоолойноос дулаан халуун усны хэрэгцээгээ 2014 оноос авч эхэлсэн байдаг. Манай барьсан хэд хэдэн барилга жишээ нь: Мэргэжлийн хяналтын ажилчдын орон сууц, Онцгой байдлын газрын ажилчдын орон сууц, “З.а” ХХК-ийн орон сууц, “Л” ХХК-ийн орон сууц, Цагдаагийн ажилчдын орон сууц нийт 430-д айл тус дулаан дамжуулах төвөөс дулаан халуун усны хэрэгцээг авч явж байсан. Тухайн үед удаа дараа тус ЦТП-д гарч байгаа зардал манай зардал биш ДДС ТӨХК-ийн байгууламжаа авч зардлаа тооцох ёстой гэж удаа дараа шаардлага тавьж явсан. Ингээд хариу өгөхгүй 2 жил манай компани харуулын үүргийг гүйцэтгэж байгаа боловч бүх ажлыг хийж байсан. Энэ хугацаанд нийт 17,462,232 төгрөгийн зардал гарсан байдаг, үүнээс манай компани 8,716,086 төгрөг төлөөд үлдэгдэл 8,746,146 төгрөг үлдсэн байхад манайх мөнгө төгрөггүй болж, удаа дараа айл өрхийнхөө цахилгааныг салгуулаад, гуйж байж залгуулж, аймгийн захирагчийн албанд хандсан, мөн тухайн үед орлогч дарга байсан Ганболд даргад хандаж, хурал зохион байгуулж, 2017 онд манай компанийн хөрөнгө биш манай компани бариагүй, ашиглалтын явцад манайх хамгийн эхэлж барилгаа барьсан учраас цахилгааны гэрээ нь манай дээр явдаг гэж учир байдлыг хэлж үндсэндээ 2017 онд шилжсэн байдаг. Энэ хугацааны зардлыг хамтад нь шийдвэрлэх байтал тухайн үед 8,746,146 төгрөгийг шийдвэрлээд манайд үлдсэн 8,716,086 төгрөгийг шийдвэрлэж өгөөгүй. Энэ үед гарч байсан инженерийн цалин, харуул хамгаалалтын цалин, жил бүр дулаан авахад мөнгө төлж байсан зардлуудыг манайх авахгүй, зөвхөн энэ цахилгааны зардлыг гаргуулъя гэж байгаа.” гэв.

 

Хариуцагч байрлах “ДДС” ТӨХК нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар хорооллын нутаг дэвсгэрт 2008-2009 онуудад баригдаж эхэлсэн нийтийн зориулалттай орон сууцны ус, дулаан дамжуулах төвийн барилга байгууламжийг ашиглалтанд оруулах улсын комисс 2009 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хуралдсан ба тус хурлаас өмнө дээрх барилга байгууламжийн инженерийн шугам сүлжээ, нэхэмжлэгч “Д.ш.б” ХХК-ийн барьж буй барилгууд бүрэн дуусаж ашиглалтанд ороогүй, ус, дулаан дамжуулах төвийн зүгшрүүлэлт, тохируулгын ажил бүрэн хийгдэж дуусаагүй байсан тул хурал дээр тухайн үед манай компанийн ерөнхий инженерийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Д.Отгонбат хурал дээр хүлээн авах боломжгүй тухай шалтгааныг хэлж байсан. /улсын комиссын хурлын тэмдэглэлд бичигдсэн/

Нэхэмжлэгч “Д.ш.б” ХХК-ийн эхний барилга 2013-2014 онуудад ашиглалтанд орж эхэлсэн ба энэ үеэс “ДСЦТС” ХК-тай цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулж, цахилгаан авч эхэлсэн байдаг ба цахилгаан тооцоонд дулаан дамжуулах төвийн цахилгаан тоноглолоос гадна тус байрны орц, хонгил гадна гэрэлтүүлэг зэрэг бусад хэрэглээнүүд хамт тооцогдож байсан.

Нэхэмжлэгч “Д.ш.б” ХХК-ийн барьсан барилгууд бүрэн ашиглалтанд орсны дараа ус, дулаан дамжуулах төвийн ашиглалт, хамгаалалт, цахилгаан эрчим хүчний төлбөр тооцоотой холбоотой нилээд маргаан үүсэж байсан ба уг маргааныг шийдвэрлэх зорилгоор Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч Т.Г, Захирагчийн албаны дарга Э.Р, “ДДС” ТӨХК, “Д.ш.б” ХХК-ийн холбогдох албан тушаалтан зэрэг хүмүүс удаа дараа хуралдсан байдаг.

Улмаар 2017 оны 09 дүгээр сард тухайн хорооллын цахилгаан эрчим хүчний төлбөр 8,746,217 төгрөгийн үлдэгдэлтэй “ДДС” ТӨХК-нд шилжүүлэхээр “Д.ш.б” ХХК болон “ДСЦТС” ХК-ийн хоорондох тооцоо нийлсэн акт, Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн “Хөрөнгө шилжүүлэх тухай” 22 дугаар тогтоол, Төрийн өмчийн бодлог, зохицуулалтын газрын 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн “Үндсэн хөрөнгө бүртгэх зөвшөөрөл олгох тухай” 343 дугаар тогтоолоор ашиглалт, засварын зардлыг “ДДС” ТӨХК-д хариуцуулан шилжүүлэн өгсөн.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д зааснаар алданги нь анзын нэгэн хэлбэр бөгөөд үүргийн гүйцэтгэлийг хангах аргуудын нэг ба 232.6 “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ”, 232.7 “Үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд анз төлөхөөр гэрээнд заагаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгч анз шаардах эрхгүй” гэж заасан байдаг ба нэхэмжилж буй алданги нь “ДДС” ТӨХК-д огт хамааралгүй болно.

Алданги нь гэрээний харилцаанд оролцогч аль нэг тал үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн тохиолдолд нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөр байдаг. Иймд “ДДС” ТӨХК нь нэхэмжлэгч “Д.ш.б” ХХК-тай ямар нэгэн бизнесийн харилцаанд оролцоогүй, гэрээ байгуулаагүй тул алданги нэхэмжлэх хууль зүйн үндэслэлгүй болно. Тус компаниас нэхэмжилж буй 2014-2017 онуудын дулаан дамжуулах төвийн цахилгааны 8,716,086 төгрөгийн төлбөрт 13-р хорооллын барилгуудын орц хонгил, гадна гэрэлтүүлэг зэрэг бусад цахилгаан эрчим хүчний хэрэглээнүүд багтсан байгаа. Иймд манай компаниас нэхэмжилж байгаа 8,716,086 төгрөг, алданги 4,270,938 төгрөг, нийт 12,987,024 төгрөгийг төлөх хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: 13-р хороолол 2009 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Барилга хот байгуулалтын яамнаас тендер зарлаж энэ ажил хийгдсэн. Энэ ажлын хүрээнд  А.т ХХК гүйцэтгэгчээр орж дулаан хуваарилах төвийн барилгыг барьж, дотор нь байгаа тоног төхөөрөмжийг угсарч суурилуулах ажлыг хийсэн. Ингээд 2009 оны 11-р сард Улсын комисс эхний байдлаар ажилласан. Тухайн барилга цахилгаан тоноглол, ялтсан бойлууруудыг хүлээж авах гэсэн боловч Барилгын тухай хуулийн 14-р зүйлийн 14.6, 14.3-д заасны дагуу зүгшрүүлэлт, тохируулгын хугацаа 3-4 жил байдаг, энэ хугацаа дуусаагүй дутуу байсан учраас Улсын комисс эхний хурал дээр тухайн үед манай компанийн ерөнхий захирлын үүргийг түр гүйцэтгэж байсан Д.Отгонбат инженер тус хурал дээр хэлж байсан “ажил нь дуусаагүй учраас хүлээж авах боломжгүй байна” гэж байсан. Барилгын тухай хуульд заасны дагуу зүгшрүүлэлт, тохируулгын ажил нь 3-4 жилийн хугацаанд бүрэн дууссаны дараа манайх хүлээж авах эсэх дээр иргэж энэ талаар хэлэлцэнэ гэсэн байдаг. Ингээд тухайн үеийн Улсын комиссоор ингэж хэлсэн боловч Улсын комиссын бусад гишүүдийн саналаар тухайн нийтийн зориулалттай орон сууцны байшин барилга дулаан хуваарилах төвүүд нь тусгай зөвшөөрөл эзэмшигч буюу ДДС ТӨХК мэргэжлийн байгууллага учраас танайх авах нь тодорхой гэж хүчээр анх авсан байдаг. 2009 онд Улсын комиссын акт албажиж гарсан боловч түүнээс хойш ус дулаан дамжуулах төвийн зүгшрүүлэлт, тохируулгын ажил тодорхойгүй маргаантай явсаар 8-9 жил болж 2017 онд энэ асуудал дахин сөхөгдсөн. Яагаад сөхөгдсөн гэвэл Д.ш.б компани тухайн 13-р хороололд нийтийн зориулалттай хэдэн хэдэн блок байр барьж ашиглалтад оруулсан байдаг. Түүнээс гадна Мэргэжлийн хяналт, Онцгой байдал, Цагдаа гэх 3-4 блок тусгай ажилчдын орон сууц тухайн хороололд орсон байдаг. Дээрх орон сууцнуудыг ус дулаан дамжуулах төв буюу маргаж байгаа дулаан хуваарилах төвөөс ус дулаанаа хангадаг байсан. Ингээд маргаан юунаас үүссэн бэ гэхээр 2007 онд 2008-2009 онд А.т ХХК энэ дулааны төвийг барьсан боловч энэ хугацаанд ашиглагдахгүй явсаар 2014- оноос дахин Д.ш.б компанийн барьсан 3-4 блок байр, мөн өмнө дурдсан Мэргэжлийн хяналт, Онцгой байдал, Цагдаа зэрэг ажилчдын орон сууц нийтээрээ цогц байдлаар ашиглалтад орж ус дулаанаар хангах зайлшгүй шаардлагатай болсон. Тийм учраас ялангуяа дулаан хэрэгцээний халуун усаар хангах шаардлага үүссэн, энэ үүднээс дулаан хуваарилах төвд гарч байгаа ялтсан халаагчийн цахилгааны зардалд маргаан гарсан. Манайхаас маргаж байгаа хэд хэдэн үндэслэл байгаа, дулаан хуваарилах төвийг Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Барилга хот байгуулалтын Яамны захиалгаар барьж Улсын комиссод хүлээлгэж өгсөн боловч ашиглагчийн хувьд 2014-2017 он хүртэлх хугацаанд Д.ш.б компани өөрсдийн барьсан барилгыг ус дулаанаар хангуулах үүднээс 3 жил ашиглаж байсан. Мөн өмчлөлийн маргаан нэлээд гарсан. Дээрх байрууд ашиглалтад орох, дулаан хуваарилах төвийн жинхэнэ эзэмшигч буюу өмчлөгч нь хэн байх вэ гэдэг дээр, 2-3 жил маргасан. Ингээд бие бие рүүгээ албан тоот шидэлцэж тодорхой үр дүнд хүрэхгүй байсаар 2016 оноос эхэлж, энэ асуудал нэлээд эрчимжиж, улмаар 2-3 удаа уулзсан. Хамгийн эхний уулзсан нь 2017 оны 09-р сард хуралдсан. Тус хуралдаанаас тодорхой шийдвэр гараагүй учраас дахин хэлэлцэхээр хойшлогдсон байдаг. Өмнөх хурал дээр би хүсэлт гаргаж байсан. Захирагчийн алба, аймгийн архивын тасгаас нотлох баримт гаргуулах хүсэлт гаргаж хүсэлтийг хангаж захирамж гарсан боловч зөвхөн захирагчийн албанаас гаргуулах баримт нь зөвхөн нэг удаагийн хурлын протокол байсан, бусад хурлын протоколуудыг гаргаж өгөөгүй байна. Уг нь уулзаж ярихад бүх хурлын протоколууд байгаа гэж байсан. Мөн “ДДС" ТӨХК-ийн өмчлөгч нь 100 хувь Засгийн газар барьдаг, Засгийн газрын хүрээнд Эрчим хүчний яам 70 хувь, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар 30 хувийн хувьцааг эзэмшдэг. Эзэмшлийн хүрээнд манай компани Төрийн өмчийн өмч хөрөнгөтэй холбоотой асуудлыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар бүх өмч хөрөнгийг бүгдийг нь энэ газрын тогтоол шийдвэрээр гүйцэтгэдэг. Харин бусад эрхийг Эрчим хүчний яам өөрсдийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэдэг. Тийм учраас Төрийн өмчийн компанийн хөрөнгөтэй холбоотой асуудлыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, мөн тухайн маргаж байгаа байшин барилга, үл хөдлөх хөрөнгө нь Орон нутгийн засаг даргын нэгжид харьяалагддаг учраас аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тогтоол гарч, энэ хоёр эрх бүхий байгууллагын тогтоол шийдвэрийн үндсэн дээр манай компани эцсийн байдлаар үндсэн хөрөнгийн баримт бичгийг хүлээж авдаг байгаа. Дээрх гаргасан эрх зүйн актууд хэзээ хүчин төгөлдөр болсон бэ гэвэл Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 2017.03.15-ны өдрийн 22-р тогтоол, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2017.07.05-ны өдрийн 343 дугаар тогтоолоор гарсан. Дээрх хоёр тогтоолыг үндэслэж хэрэгжүүлэх үүднээс аймгийн Захирагчийн албаны дарга Э.Р, Засаг даргын орлогч Т.Г, Д.ш.б компанийн холбогдох албан тушаалтнууд “манай компанийн төлөөлөл, миний мэдэж байгаагаар 3-4 удаа уулзсан. Төлбөр тооцооны асуудлыг яах вэ хөрөнгийн үнэлгээний асуудлыг яах вэ, энэ асуудлуудыг хэн хариуцах вэ гэдгийг хуралдаж шийдвэрлэсэн байгаа, ингээд эцсийн байдлаар хамгийн сүүлийн хурлаар зөвшилцөлд хүрч эхний ээлжинд дулаан цахилгаантай холбоотой асуудлыг 2017 оны 09 дүгээр сард тухайн хорооллын цахилгаан эрчим хүчний төлбөр 8,746,217 төгрөгийн үлдэгдэлтэй нь “ДДС” ТӨХК-д шилжүүлэхээр болсон. Ийм учраас манай компани тухайн өр төлбөртэй нь хамт хүлээж авсан байдаг. “Д.ш.б” ХХК-ийн нэхэмжилж байгаа тухайн дулаан хуваарилах төвд байгаа, ялтсан халаагчийн цахилгааны зардал 8,746,217 төгрөгийг гаргуулна гэж байгаа, энэ халаагчаар тухайн орон сууцны иргэдийг дулаанаар хангах, айл өрхүүдийг хэрэгцээний халуун усаар хангах зорилгоор ажилладаг. Маргаж байгаа зүйл юу вэ гэхээр 2013-2014 оны хугацаанд Д.ш.б компанийн ашиглалтад оруулсан 3-4 блок байшин, “ДСЦТС” ХК-тай цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулж, цахилгаан эрчим хүчээр хангаж байсан. Тус хорооны цахилгааны хэрэгцээнд ашиглаж байсан ялтсан халаагчийн цахилгааны тоноглол, мөн тухайн хорооллын орц, хонгил, гадна гэрэлтүүлэг бусад гэрэлтүүлэг энэ төлбөрт багтсан. Манай компаниас 2018 онд цахилгаан түгээхээс манайд гомдоллосон. Энэ нь юу вэ гэхээр цахилгааны зардалд гарч байгаа нийт тооцоонуудыг хоёр зааглах шаардлагатай байна, зөвхөн ялтсан халаагчийг байнга тасралтгүй ажиллуулахад гарсан зардал, бусад зардал гэж салгах шаардлагатай байна гэсэн боловч салгах боломжгүй нийтээрээ холбоотой гэсэн учраас хэрэгжээгүй. Энэ дээр манайх маргаж байгаа.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д зааснаар алданги нь анзын нэгэн хэлбэр бөгөөд үүргийн гүйцэтгэлийг хангах аргуудын нэг ба 232.6. “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсан тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ", 232.7-д “Үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд анз төлөхөөр гэрээнд заагаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгч анз шаардах эрхгүй" гэж заасан байдаг ба нэхэмжилж буй алданги нь “ДДС" ТӨХК-д огт хамаарахгүй болно.

Алданги нь гэрээний харилцаанд оролцогч аль нэг тал үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн тохиолдолд нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөр байдаг.

Иймд "ДДС" ТӨХК нь нэхэмжпэгч “Д.ш.б" ХХК-тай ямар нэгэн бизнесийн харилцаанд оролцоогүй, гэрээ байгуулаагүй тул алданги нэхэмжлэх хууль зүйн үндэслэлгүй. Иймд манай компаниас нэхэмжилж байгаа 8,716,086 төгрөг, алданги 4,270,938 төгрөг, нийт 12,987,024 төгрөгийг төлөх хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Д.ш.б” ХХК нь хариуцагч ДДС ТӨХК-нд холбогдуулан “манай компани нь ДДС ТӨХК-ийн өмнөөс төлж байсан ялтсан бойлуурын цахилгааны төлбөрт төлсөн 8,716,086 төгрөг дээр алданги 4,270,938 төгрөг, нийт 12,987,024 төгрөгийг гаргуулж өгнө үү”   гэж нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Дулаан хувиарлах төвийн ялтсан ус халаагчийг ажиллуулдаг цахилгааны зардал 2014 онд 1,826,076 төгрөг, 2015 онд 4,869,535 төгрөг, 2016 онд 5,867,992 төгрөг, 2017 онд 4,898,629 төгрөг, нийт 17,462,232 төгрөг болсон үүнээс 8,716,086 төгрөгийг манай компани дангаараа төлж байсан бөгөөд санхүүгийн хүндрэлтэй байдлын улмаас ДСЦТС ХК-нд 8,746,146 төгрөгийн өр төлбөртэй байхад нь шилжүүлсэн” гэж тодорхойлсныг хариуцагч “ДДС” ТӨХК нь нэхэмжлэгч “Д.ш.б” ХХК-тай ямар нэгэн бизнесийн харилцаанд оролцоогүй, гэрээ байгуулаагүй тул алданги нэхэмжлэх хууль зүйн үндэслэлгүй болно. Тус компаниас нэхэмжилж буй 2014-2017 онуудын дулаан дамжуулах төвийн цахилгааны 8,716,086 төгрөгийн төлбөрт 13-р хорооллын барилгуудын орц хонгил, гадна гэрэлтүүлэг зэрэг бусад цахилгаан эрчим хүчний хэрэглээнүүд багтсан байгаа. Иймд манай компаниас нэхэмжилж байгаа 8,716,086 төгрөг, алданги 4,270,938 төгрөг, нийт 12,987,024 төгрөгийг төлөх хууль зүйн үндэслэлгүй” гэж маргаж байна.

Маргааны зүйл болсон Дархан сумын 13 дугаар хороололд 2009 онд Барилга хот байгуулалтын яамнаас тендер, Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар  ус дулаан хуваарилах төвийн барилгыг барьж, тоног төхөөрөмжийг угсарч суурилуулах ажлыг хийж гүйцэтгэжээ. /хэргийн 10 -17 дугаар хуудас /

            Дархан хотын 13-р хороололын ус дулаан дамжуулах төвийн барилга, тоног төхөөрөмжийн угсралтын ажлыг 2009 оны 10 дугаар сарын 20-ны өдөр дуусч 2009 оны          11 дүгээр сарын 13-ны өдөр ... тоот барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын актын шийдвэрээр ДДС ТӨХК-ны мэдэлд шилжүүлсэн боловч Дархан-Уул аймгиийн Засаг даргын “Ажлын хэсэг байгуулах тухай” 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн а/194 тоот захиармж, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын “Үндсэн хөрөнгө бүртгэх зөвшөөрөл олгох туха” 343  тоот тогтоол 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр гарч 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр балансад шилжүүлэхээр хуралджээ./ хэргийн 86-94 дүгээр хуудас/

Эрчим хүчний тухай хуулийн  3 дугаар зүйлийн 3.1.1-д “эрчим хүч” гэж эрчим хүчний нөөц, түүнийг ашиглан хэрэглэгчийн хэрэгцээнд зориулан үйлдвэрлэсэн цахилгаан, дулаан, шугам сүлжээгээр дамжуулан хэрэглэгчид түгээх метаны хийг; мөн зүйлийн  3.1.9-д “эрчим хүчний барилга байгууламж” гэж эрчим хүчний эх үүсвэр, дамжуулах, түгээх шугам, дэд станц болон технологийн зориулалттай бусад байгууламжийг; мөн зүйлийн 3.1.16-д “эрчим хүчээр хангагч” гэж эрчим хүчний зохицуулалттай, эсхүл зохицуулалтгүй хангалт эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийг хэлнэ гэж хуульчилжээ.

 Тус ус, дулаан  хуваарилах төвийн барилга байгууламжийг улсын комисс хүлээн авч, мэргэжлийн байгууллага болох ДДС ТӨХК-нд хүлээлгэн өгөх асуудлыг шийдэх хүртэл Д.ш.б ХХК-ийн ашиглалтад оруулсан 155 айлын орон сууц, Мэргэжлийн хяналтын ажилчдын 61 айлын орон сууц, Онцгой байдлын газрын ажилчдын 56 айлын орон сууц, “З.а” ХХК-ны 42 айлын орон сууц, “Л” ХХК-ийн 144 айлын орон сууц, Цагдаагийн ажилчдын 60 айлын орон сууц нийт 518 айлын орон сууц дулаан хувиарлах төвийн ялтсан ус халаагчийг ашиглан дулаан, халуун усаар хангагдсаны төлбөр 8,716,086 төгрөг  болон хуримтлагдсан талаар маргаангүй байна.

Хариуцагч ДДС ТӨХК тус ус, дулаан хуваарилах төвийн барилга байгууламжийг хүлээн авах үедээ “тухайн хорооллын цахилгаан эрчим хүчний хэрэглээнд гарсан 2014-2017 оны хооронд үүссэн 8,746,217 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэйгээр Дархан-Уул аймгийн ИХТ, ТӨБЗГ-ын тогтоол шийдвэрээр үндсэн хөрөнгөндөө авсан талаар маргаагүй.

Харин уг төлбөрт тухайн хороололд гарч төлбөр хийгдэж байсан цахилгааны дээрхи тооцонд дулаан дамжуулах зориулалт бүхий цахилгаан тоногдолоос гадна тухайн хорооллын гудамж болон байруудын орц, хонгилын гэрэлтүүлэг зэрэг барилга эзэмшигчийн цахилгааны хэрэглээ багтсан тул тоолуураас гарсан заалтаас салгаж зааглах боломжгүй тул бүхэлд нь хариуцахгүй гэж татгалзалын үндэслэлээ тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.

Учир нь хариуцагч ДДС ТӨХК-нд  тус ус, дулаан  хуваарилах төвийн барилга байгууламжийг хүлээлгэн өгөх үед дулаан дамжуулах  ялтсан бойлуурын цахилгааны төлбөрт 8,746,146 төгрөг, барилгад ашигласан цахилгаан эрчим хүчний төлбөр 22,394,795 төгрөг байгаа болохыг Д.ш.б, ДСЦТС ХК-ийн хоорондын хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайланд тоолуурын заалтыг тусгай кодоор тэмдэглэж,төлбөрийг тооцож байснаар бусад цахилгаан эрчим хүчний төлбөрийг нэгтгээгүй гэсэн нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байна. /хэргийн 18-81 дүгээр хуудас/   

 

Иймд хариуцагч ДДС ТӨХК-аас 8,716,086 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.ш.б ХХК-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д зааснаар алданги нь анзын нэгэн хэлбэр бөгөөд үүргийн гүйцэтгэлийг хангах аргуудын нэг ба 232.6. “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсан тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ", 232.7-д “Үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд анз төлөхөөр гэрээнд заагаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгч анз шаардах эрхгүй" гэж заасан байдаг ба нэхэмжилж буй алданги нь “ДДС" ТӨХК-д огт хамаарахгүй болно гэсэн татгалзал үндэслэлтэй, талууд төлбөрийн талаар гэрээгээр үүрэг хүлээгээгүй учир алданги 4,270,938 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар  төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно гэснээр нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 03 дугаар сарын 03-ны  өдөр Голомт банк, төрийн сан 100190000941 тоот дансанд тушаасан улсын тэмдэгтийн хураамж 222,742 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан дүн болох 8,716,086 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 154,407 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч ДДС ТӨХК-аас 8,716,086 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.ш.б ХХК-д олгож, алданги 4,270,938 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болосугай.  
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаарт 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамж 222,742 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ДДС ТӨХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 154,407 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.ш.б ХХК-д олгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл албадан биелүүлэх учрыг мэдэгдсүгэй.
  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.ОЮУНДАРЬ