Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2022/00827

 

“Д ш б”  ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, Н.Баярмаа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 670 дугаар шийдвэртэй,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 78 дугаар магадлалтай,

“Д ш б”  ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“Д д с”   ТӨХК-д холбогдох

12,987,024 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Батжаргалын гаргасан гомдлоор

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Дуламсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Батжаргал, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. “Д ш б”  ХХК нь хариуцагч “Д д с”   ТӨХК-д холбогдуулан ялтсан бойлерын цахилгааны төлбөрт хариуцагчийн өмнөөс төлж байсан 8,716,086 төгрөг, алданги 4,270,938 төгрөг, нийт 12,987,024 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 670 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар  хариуцагч “Д д с”   ТӨХК-аас 8,716,086 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Д ш б”  ХХК-д олгож, алданги 4,270,938 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамж 222,742 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Д д с”  ТӨХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 154,407 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Д ш б”  ХХК-д олгож шийдвэрлэжээ.

3. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 78 дугаар магадлалаар Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 670 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...Иргэний хуулийн 492.1.1-д зааснаар...” гэснийг “492.1.1, 232.6-д заасныг баримтлан” гэж нэмэлт өөрчлөлт хийж, бусад заалтуудыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Д.Г-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 222,742 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Батжаргал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааны гол зүйлийг тал бүрээс нь бүрэн бодитой үнэлж, дүгнээгүй тул шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлд заасныг үндэслэн гомдол гаргаж байна.

4.1. Анхан шатны шүүх нэхэмжлэгч “Д ш б”  ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан Дархан-Уул аймгийн Дархан сумын 13-р хорооллын ус, дулаан дамжуулах төвийн барилга, тоног төхөөрөмжийг Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 22 тоот тогтоол, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2017 оны 343 тоот тогтоолын дагуу хүлээж авахдаа маргаагүй гэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Тодруулбал, нэхэмжлэгчийн 2008-2009 онд барьж ашиглалтад оруулсан Дархан сумын 13-р хорооллын ус, дулаан дамжуулах төвийн барилга нь тус хороололд баригдсан нийтийн зориулалттай орон сууцуудыг ялтсан халаагч ашиглан хэрэгцээний халуун усаар хангах, дулааны эрчим хүч түгээх үндсэн ажиллагаатай бөгөөд үүнд ашиглаж буй ялтсан халаагч нь цахилгаан эрчим хүчээр ажилладаг.

4.2. Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.13-т зааснаар “Нийтийн эзэмшлийн орон сууцны барилга барих тохиолдолд барьсан эрчим хүчний дэд станц, шугам, тоноглолыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид шилжүүлэх” үүргийг хэрэглэгч хүлээдэг ба ингэхдээ Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2019 оны 271 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн болон орон нутгийн өмчид эд хөрөнгө олж авах, бүртгэх, данснаас хасах, шилжүүлэх журам”-д заасны дагуу хүсэлт, холбогдох бичиг баримтуудыг бүрэн гүйцэд бүрдүүлэн өгч, тус газраас үндсэн хөрөнгөд хүлээн авах тухай тогтоол батлагдан гарсны дараа ашиглагч мэргэжлийн байгууллага акт үйлдэн, хүлээн авч, дансандаа бүртгэдэг. Нэхэмжлэгчийн барьсан ус, дулаан дамжуулах төвийн барилга, ялтсан халаагч, тоног төхөөрөмжийг хүлээн авах асуудал 2017 оныг хүртэл хойшлогдсон шалтгаан нь барьж буй барилгууд бүрэн дуусаж ашиглалтад ороогүй, мөн түүнчлэн ус, дулаан дамжуулах төвийн зүгшрүүлэлт, тохируулгын ажил бүрэн хийгдэж дуусаагүй байсантай холбоотой буюу нэхэмжлэгчийн үйл ажиллагаатай шууд холбоотой. Энэ талаар анх ус, дулаан дамжуулах төвийн барилга, байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2009.11.13-ны өдрийн хурал дээр тухайн үед манай компанийн ерөнхий инженерийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Д.О дээрх хөрөнгүүдийг хүлээн авах боломжгүй тухайгаа хэлж, энэ нь хурлын протоколд тэмдэглэгдсэн. Гэвч улсын комиссын бусад гишүүд нэгэнт манай компанийг бүрэн ашиглалтад орсны дараа буюу ирээдүйд ашиглагч болох учраас хүлээж авахыг тулган шаардаж хүчээр шилжүүлэхээр шийдвэрлэсэн.

4.3. Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.13-т заасны дагуу нийтийн зориулалттай орон сууц барьсан тохиолдолд баригдсан эрчим хүчний дэд станц, шугам, тоноглолыг гаргасан хүсэлтийн дагуу хүлээн авах эрх нь хангагч мэргэжлийн байгууллага болох “Д д с”   ТӨХК-д нээлттэй хэвээр байх тул хөрөнгө хүлээн авах эсэх дээр маргахгүй, харин нэхэмжлэгчийн тийнхүү шилжүүлэн өгөх хөрөнгө болох Дархан сумын ус, дулаан дамжуулах төвийн барилга нь өмчлөлийн ямар нэгэн маргаангүй, бусад этгээдэд өр төлбөргүй байх хууль ёсны шаардлагыг хангасан байх ёстой. Нэхэмжлэгчийн шилжүүлэн өгөх ус, дулаан дамжуулах төв, түүний тоноглолууд нь дээрх 2 хууль ёсны шаардлагыг бүрэн хангасны үндсэн дээр манай компани хөрөнгийг хүлээн авах байсан. Ямар нэгэн ашиглалтын болон төлбөр тооцооны маргаантай хөрөнгийг манай компани хүлээн авахгүй байх нь хэн бүхэнд илтэд ойлгомжтой тул хөрөнгө хүлээн авахдаа 2014-2017 онуудын хооронд үүссэн 8,746,217 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэйгээр Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын тогтоол, шийдвэрээр үндсэн хөрөнгөдөө авсан талаар маргаагүй гэх анхан болон давж заалдах шатны шүүхийн гол үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, ялтсан халаагчийн цахилгааны төлбөрт төлсөн 8,716,086 төгрөг, алданги 4,270,938 төгрөг, нийт 12,987,024 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

6. Нэхэмжлэгч “Д ш б”  ХХК-аас хариуцагч “Д д с”   ТӨХК-д холбогдуулан ялтсан бойлерын цахилгааны төлбөрт хариуцагчийн өмнөөс төлсөн 8,716,086 төгрөг, алданги 4,270,938 төгрөг, нийт 12,987,024 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг анхан шатны шүүх хариуцагчаас 8,716,086 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, алданги 4,270,938 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, шийдлийг хэвээр үлдээсэн байна.

7. Хоёр шатны шүүхийн шийдэл зөв боловч хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй алдаатай байх тул хяналтын шатны шүүхээс залруулах нь зүйтэй гэж үзлээ.

8. Хэргийн үйл баримтын тухайд анхан шатны шүүхийн дүгнэсэнчлэн, маргааны зүйл болох Дархан хотын 13-р хорооллын ус дулаан дамжуулах төвийн барилга, тоног төхөөрөмжийн угсралтын ажлыг “А” ХХК улсын төсвийн хөрөнгөөр барьж, 2009.10.20-ны өдөр дуусгасныг 2009.11.13-ны өдөр Улсын комиссын шийдвэрээр ашиглалтад хүлээн авч, хариуцагч компанийн мэдэлд шилжүүлсэн. Харин уг хөрөнгийг хариуцагчийн үндсэн хөрөнгөд бүртгэх зөвшөөрлийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2017.07.05-ны өдрийн  343 дугаар тогтоолоор шийдвэрлэжээ.

9. Нэхэмжлэгчийн хувьд 13-р хороололд нийтийн эзэмшлийн анхны орон сууцны барилга барьж эхэлсэн тул дээрх дамжуулах төвийг ашиглах шаардлагатай болсон, уг дамжуулах төв нь тухайн хорооллын нийтийн орон сууцыг халуун ус, дулаанаар хангахын тулд цахилгаанаар ажилладаг ялтсан халаагч (бойлер) ашигладаг байна. Иймд нэхэмжлэгч нь “Д С ц т с” ХК-тай гэрээ байгуулж, дээрх байгууламжийн анхны хэрэглэгч нь болсон тул 2014-2017 онд тус 13-р хороололд ашиглалтад орсон нийт 518 айлын орон сууцыг халуун ус, дулаанаар хангахад ашигласан ялтсан ус халаагчийн цахилгааны төлбөрийг төлж байсан. 2017 онд дамжуулах төвийн барилга байгууламжийг хариуцагчид шилжүүлэх үед цахилгааны төлбөрийн үлдэгдэл 8,716,086 төгрөг байсан бөгөөд үүнд бусад цахилгааны зардал ороогүй, энэ талаар хариуцагч тал хяналтын журмаар гаргасан гомдолдоо маргаагүй байна.

10. Харин тэрээр “... ус, дулаан дамжуулах төвийн барилга, байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2009.11.13-ны өдрийн хурал дээр манай компанийн ерөнхий инженерийн үүрэг гүйцэтгэгч дээрх хөрөнгүүдийг хүлээн авах боломжгүй тухайгаа хэлж, энэ нь хурлын протоколд тэмдэглэгдсэн. Гэвч улсын комиссын бусад гишүүд тулган шаардаж хүчээр шилжүүлэхээр шийдвэрлэсэн... Ямар нэгэн ашиглалтын болон төлбөр тооцооны маргаантай хөрөнгийг манай компани хүлээн авахгүй байх нь хэн бүхэнд илтэд ойлгомжтой тул хөрөнгө хүлээн авахдаа 2014-2017 онуудын хооронд үүссэн 8,746,217 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэйгээр Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын тогтоол, шийдвэрээр үндсэн хөрөнгөдөө авсан талаар маргаагүй гэх анхан болон давж заалдах шатны шүүхийн гол үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна...” (Тодорхойлох хэсгийн 4-т) гэсэн агуулгатай гомдол гаргажээ.

11. Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.13-т зааснаар хэрэглэгч нь “Нийтийн эзэмшлийн орон сууцны барилга барих тохиолдолд барьсан эрчим хүчний дэд станц, шугам, тоноглолыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид шилжүүлэх” үүрэгтэй, уг үүргийн дагуу нэхэмжлэгч нь маргаан бүхий дамжуулах төвийн “хэрэглэгч”-ийн хувьд тусгай зөвшөөрөл эзэмшигч буюу хариуцагчид шилжүүлэн өгөхөөр 2014 оноос эхэлж холбогдох байгууллагад хандаж эхэлсэн. Гэвч төрийн байгууллагын шийдвэр гарах ажиллагаанаас хамаарч 2017 онд тухайн хөрөнгө хариуцагчийн үндсэн хөрөнгийн бүртгэлд шилжжээ. Зүй нь хариуцагч улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан эд хөрөнгийг ашиглалтад орсон үеэс нь шилжүүлэн авч, холбогдох зардлыг хариуцах үүрэгтэй, гэтэл нэхэмжлэгч бус, өөр этгээдийн (“А” ХХК) барьсан байгууламжийг “хүлээн авах боломжгүй байсан тул анхнаасаа зөвшөөрөөгүй, өөрийн хөрөнгөд бүртгүүлснээс хойших төлбөрийг л төлнө, төлбөрийн маргаантай хөрөнгийг авахгүй нь ойлгомжтой” гэх мэтээр маргаж буй нь үндэслэлгүй юм.

12. Иймээс нэхэмжлэгч нь хариуцагчийн төлөх ёстой байсан төлбөрийг төлснөөр хариуцагч үүргээсээ чөлөөлөгдсөн байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д зааснаар зардлаа нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.

13. Гэтэл хоёр шатны шүүх нэхэмжлэгчийн шаардах эрхийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 гэж дүгнэсэн нь буруу байна. Харин нэхэмжлэгч алданги шаардах үндэслэлгүй талаар зөв дүгнэж, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, энэ талаар зохигчийн хэн аль нь гомдол гаргаагүй болно.

14. Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэр, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулахаар тогтов.         

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 78 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 670 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д...” гэснийг “Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1,...” гэж өөрчилж, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр төлсөн 222,742 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                             ТАНХИМЫН ТЭРГҮҮН                               Г.АЛТАНЧИМЭГ

                              ШҮҮГЧИД                                                   Г.БАНЗРАГЧ

                                                                                                  Н.БАЯРМАА

                                                                                                   Д.ЦОЛМОН