Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дулмаагийн Оюундарь |
Хэргийн индекс | 135/2020/00081/и |
Дугаар | 135/ШШ2020/00679 |
Огноо | 2020-06-12 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 135/ШШ2020/00679
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2020/00081/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюундарь би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ... аймаг, ... сум, ... баг, ... хороолол, ... байрны ... тоотод оршин суух
... овогт С-ийн М /РД:..., утас:.../
... овогт С-ийн М /РД:.../
.... овогт Ц-ын Г /РД:..., утас:.../ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ... аймаг, ... сум, ... баг, ... хороолол, ... байрны ... тоотод оршин суух ... овогт А-н С /РД:..., утас: .../-д холбогдох,
"... Үл хөдлөх эд хөрөнгийг гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч, нэхэмжлэгч С.Мын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ма, нэхэмжэгч нарын өмгөөлөгч П.Баттунсаг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б, гуравдагч этгээд Б.Ү-гийн өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, нэхэмжлэгч С.Мын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ма, нэхэмжлэгч Ц.Г нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“... 1. ... хороо, ... хороолол, ... байрны ... тоот 3 өрөө орон сууц, гэрчилгээний дугаар ..
2. ... аймаг, ... сум ... баг, ... гудамж, ... тоот хувийн сууц, улсын бүртгэлийн дугаар ...
3. ... аймаг, ... сум ... баг, ... гудамж, ... тоотод машины граж улсын бүртгэлийн дугаар ...
4. ... аймаг, ...сум ... баг, ... гудамж, ... тоот машины граж, улсын бүртгэлийн дугаар ...
5. ... аймаг, ... сум, ... баг, ... хороолол, ... байрны ... тоот орон сууц улсын бүртгэлийн дугаар ...
6. ... аймаг, ... сум ... баг, ... гудамж, ... тоот газар, улсын бүртгэлийн дугаар ...
7. ... хот ... дүүргийн ... хороо ... хороолол ... байрны ... тоот 2 өрөө орон сууц эдгээр нь манай гэр бүлийн дундын өмч хөрөнгө юм. Манайх ам бүл 6. Ц.Г өрхийн тэргүүн, А.С эхнэр, том хүү С.М 28 настай, охин С.Ма 23 настай, охин С.Г 13 настай, охин Г.М 13 настай. Одоо С.М нь АНУ-д шашны сургуульд сурдаг. Манай гэр бүлийн өмч хөрөнгөнд ямар асуудал, гэр бүлийн гишүүдийн өмчлөх эрх ашиг зөрчигдсөн асуудлыг дөнгөж сая мэдэцгээсэн. Иймд бид эрх ашгаа хамгаалуулахаар шүүхэд хандаж байна. Орон сууц гэдэг бол хүний амьдралд маш их нөлөөлөл үзүүлдэг хөрөнгө. А.С нь дангаараа захиран зарцуулах эрхгүй юм. Насанд хүрсэн 3, насанд хүрээгүй 3 хүний эрх ашиг ноцтой зөрчигдөж байна. Ц.Г, А.С нар нь 2005 оноос хамтран амьдраад 2006 оны 07 сарын 25-нд албан ёсоор гэр бүлээ бүртгүүлсэн. Дээрхи хөрөнгүүд бол А.С, Ц.Г нарыг гэр бүл болсноос хойш бий болсон, хамтын хүч хөдөлмөрөөрөө бий болгосон хөрөнгүүд юм. Хэдийгээр түүний нэр дээр бичиг баримтыг бүрдүүлсэн боловч гэр бүлийн дундын өмч юм. Гэр бүлийн бүх гишүүд үр хүүхдүүд нь адилхан өмчлөх эрхтэй гэж үзэж байна. Дээрхи 7 хөрөнгийг гэр бүлийн дундын өмч хөрөнгө мөн гэж тооцож өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгч С.Ма шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“ ... 2019 оны 12 сарын сүүлээр мэдэгдэл ирсэн. Түүнийг аваад маш их сандраад Америкт байгаа ахтайгаа ярилцаад энэ бол гэр бүлийн дундын өмч байх ёстой гэж үзээд нэхэмжлэл гаргасан. А.С бол миний ээж. Эд хөрөнгө гэвэл 92 тоот орон сууц , мөн ... хотод байдаг байр байгаа. Би 2013 оны сүүлээр гадаадад суралцахаар яваад 2016 онд буцаж ирээд ээжтэйгээ хамт амьдарч байгаа. ... дүгээр хорооны ... тоот байр М гэж ... тоотыг дагасан гражтай газар байгаа. Үүнийг гэр бүлийн дундын эд хөрөнгө гэж үзэж байна. Гэр бүлийн ганц гишүүн нь дураараа эдгээр хөрөнгийг захиран зарцуулахгүй биднээс ямар нэг байдлаар зөвшөөрөл авах ёстой байсан гэж үзэж байна.” гэв.
Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Н.Баттунсаг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“ ... Г-ийн санал бодлыг илэрхийлээд нэг зүйл хэлье. Энэ хөрөнгө бол миний хувьд илүү хөдөлмөрлөж байж тус хөрөнгийг бий болсон. Эхнэр үйл ажиллагаа эрхэлдэг байсан учир түүний нэр дээр бүртгүүлсэн. Одоо үр хүүхдүүддээ үлдэх юмгүй байгаад харамсаж байна гэсэн тайлбарыг хэлдэг. Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Нэг гэр бүлийн гишүүд гэдгээ бүртгүүлсэн. Өнөөдрийн байдлаар яагаад нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна вэ гэхээр Иргэний хуулийн 126 дугаар зүйлд гэр бүлийн дундын хөрөнгө гэж юуг заасан бэ гэдгийг тодорхойлсон байдаг. Монголчууд маань хуулийн талаар ойлголт маруухан байдаг. Гэр бүлийн гишүүд байгаа л бол насанд хүрсэн гишүүдээс санал бодлыг нь авдаг байсан бол ийм маргаан үүсэхгүй байх гэж бодож байна. Нэгэнт нэг гэр бүл гээд албан ёсоор бүртгүүлсэн бол гэр бүлийн хөрөнгө дундын эд хөрөнгө гэсэн ойлголт байгаа. Гийн хувьд ч дуудлага худалдаа нь нэхэмжлэлд хамаарахгүй боловч гэр бүлийн гишүүдээс асуусан бол боломжтой байх ёстой. Гэр бүлийн гишүүн бүр тус эд хөрөнгийг дундын эд хөрөнгө гэж тооцох үндэслэл байна гэж ойлгож байгаа. Гуравдагч этгээдийн нэр дээр шилжээд байгаа тухайлсан хөрөнгө ч бай бусад хөрөнгүүд ч тэр бүгд гэр бүлийн дундын эд хөрөнгө гэж үзэж байна.” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б шүүхэд гаргасан хариу тайлбар тайлбартаа:
“ ... Нэхэмжлэлд дурьдагдсан өмч хөрөнгүүд нь эдний гэр бүлийн дундын өмч мөн юмаа. Учир нь би А.Сийн төрсөн эгч, мөн дүүгийнхээ гэр бүлтэй ойр дотно холбоотой байдаг учир гэрчилж чадна. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Цаашид шүүх хуралд итгэмжлэгдсэн төлөөлөгчөө оролцуулна.” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Би А.Сийн төрсөн дүү. Г, С нар нь гэр бүл болсон. Дээрх хөрөнгүүд бол дундын өмч мөн гэж үзэж байгаа. Хүүхдүүд нь 2006 оноос хойш хамт амьдарч байсан. Хүү нь Америкаас ирэх гээд ирж чадахгүй. Хүүхдүүд нь гадаадад байсан учраас ямар зүйл болж байсныг мэдэхгүй байгаа. Эдгээр хөрөнгийг гэр бүл хамтын хүчээр босгосон. Сэ нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байгаа. 2006 оноос л Г, С нар хамтын амьдралтай болж үр хүүхэдтэй болсон. Гийн нэр дээр газар тариалангийн компани байдаг байсан. Түүнийгээ зараад хөрөнгө оруулалт хийсэн байх. Тийм нотлох баримт байхгүй. Сэ яагаад эдгээр хөрөнгийг эзэмшээд байсныг мэдэхгүй байна. Бизнес хийхэд нэг хүний өмч дээр л байхад амар гэж үзсэн байх.” гэв.
Гуравдагч этгээд “М.и ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
“... 1. Нэхэмжлэлд дурдагдсан үл хөдлөх эд хөрөнгүүд нь хариуцагч А.С-ийн өмч, нэг хүний өмч болох нь эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдоно.
2. А.С нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж зээл авах, үүргийн гүйцэтгэл хангуулахаар шүүхийн шийдвэр, захирамж, тогтоол гарах, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахад нэхэмжлэгч нараас маргаж, өөрийн өмч хэмээн эсэргүүцэж байгаагүй зэрэг нь А.С-ийн хуваарьт хөрөнгө болох нь нотлогдоно.
3. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.07.04-ний өдрийн 766 дугаартай шүүгчийн захирамжаар ... дугаартай үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж, уг үл хөдлөх эд хөрөнгийг төлбөрт тооцож “М.и ББСБ” ХХК-нд шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Дээрх шүүгчийн захирамж /2017.07.04-ний өдрийн ... дугаартай/, худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөрт тооцон шилжүүлэх тухай тогтоол /2020.01.02-ны ... тогтоол/, СХД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол /2019.06.04-607/ зэрэг хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийн, өөрийн хүүхэд, нөхөрөөр нэхэмжлэл гаргуулж, өөрийн дүү А.Баар төлөөлүүлэн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрүүлж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хүчинтөгөлдөр шүүхийн шийдвэр, захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, гуравдагч этгээдэд шилжих шийдвэр тогтоол хүчинтэй болсон тул нэхэмжлэлийн шаардлага хангагдах боломжгүй гэж үзэж байна. Хэрэв С.М, С.Ма, Ц.Г нар нь өөрийн эд хөрөнгийн эрх зөрчигдсөн гэж үзэж байгаа бол өөрт учирсан хохирлоо А.С-ээс гаргуулах эрхтэй. Бусдын өмнө хүлээсэн үүрэг, А.С-ийн зээл төлбөр, эрүүгийн хэргийн хохирол төлбөрийг хамтран хариуцахгүй атлаа А.Сийн хуваарьт хөрөнгийг дундын хөрөнгө гэж маргаж буй нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна.” гэжээ.
Гуравдагч этгээд “А” ХХК-ийн төлөөлөгч Н.Ш шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
“... Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 3705 тоот захирамжаар хариуцагч А.С-ээс 40,015,000 төгрөгийг гаргуулж А ХХК-нд олгох, хэрэв дээрх мөнгөн төлбөрийг сайн дураараа төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох ... дугаартай, ... хот, ... дүүрэг, ... хороо, .. хороолол, ... байр, ... тоот хаягт орших ... мкв талбайтай орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.
Дээрх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд ... дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, хураан авах тогтоол үйлдэж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу албадан дуудлага худалдаанд оруулсан байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан бөгөөд тус хөрөнгийг иргэн Э.Ү хоёр дахь албадан дуудлага худалдаагаар 41,000,000 төгрөгөөр худалдан авч шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд шилжүүлсэн байна. Гэтэл С.М, С.Ма, Ц.Г нар нь дээрх хөрөнгөнд хамтран өмчлөгчөөр тогтоолгохоор А.Сд холбогдуулж нэхэмжлэл гаргасан байна. Эдгээр хүмүүсийн нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, ямар хууль зүйн үндэслэл, үйл баримтаар хамтран өмчлөгч болох ёстойгоо шүүхэд нотлоогүй бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд санаатайгаар саад учруулж байна.
Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.4-т Барьцааны эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсан нөхцөл байдал бий болсон тохиолдолд барьцаалагч нь энэ хуулийн 92 дугаар зүйлд заасан эрхийг эдэлнэ. Мөн хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-т Шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй гэж тус тус заажээ.
С.Ма, Ц.Г, А.С нар үгсэн хуйвалдаж барьцаалагч А ХХК-ийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, барьцааны эрхээ хэрэгжүүлэх ажиллагаанд санаатайгаар саад учруулж байна гэж үзэж байна. Иймд С.М, С.Ма, Ц.Г нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, А ХХК-ийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхээ эдлэх боломжоор хангаж өгнө үү.” гэжээ.
Гуравдагч этгээд “А” ХХК-ийн төлөөлөгч Н.Ш 2020 оны 06 сарын 02-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбарын нэмэлт тодруулгадаа:
“...Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн ...тоот захирамжаар хариуцагч А.Сэс 40,015,000 төгрөгийг гаргуулж А ХХК-нд олгох, хэрэв дээрх мөнгөн төлбөрийг сайн дураараа төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох ... дугаартай, ... хот, ... дүүрэг, ... хороо, ... хороолол, ... байр, ... тоот хаягт орших ... мкв талбайтай орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.
Дээрх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд ... дугаартай үл хөдлөх хөрөнгийг иргэн Э.Ү хоёр дахь албадан дуудлага худалдаагаар 41,000,000 төгрөгөөр худалдан авсан байдаг. А ХХК нь дуудлага худалдааны орлогыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 109, 112 дугаар зүйлд заасны дагуу шилжүүлэн авч зээлийн гэрээний үүргийг бүрэн хангуулсан болно. Гэтэл дуудлага худалдааны ялагч Э.Ү нь орон сууцандаа орж чадахгүй байна, өмчлөх эрхээ бүртгүүлж чадахгүй эрх ашиг нь хохироод байна гэх үндэслэлээр манай компанид удаа дараа хандаж, гомдол гаргаад байна. Манай компанийн авлагатай холбоотой шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж, төлбөр бүрэн барагдсан ба манай компани ямар нэг байдлаар Э.Ү, С.М, С.Ма, Ц.Г нартай эрх зүйн харилцаанд шууд ороогүй гэж үзэж байна.
Монгол Улсын дээд шүүхийн 2009 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 20 дугаар тогтоолын 5 дахь хэсэгт: Гэр бүлийн насанд хүрсэн гишүүний зөвшөөрлийг зөвхөн уг гишүүн үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр бүртгүүлсэн тохиолдолд авна. Гэр бүлийн гишүүний хэн нэгний нэр дээр өмчлөх эрх бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг гэр бүлийн дундын өмчид бүртгүүлэхээр гэрлэгчид болон гэр бүлийн бусад гишүүд Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т зааснаар шаардах эрхтэй боловч ийнхүү эд хөрөнгийг захиран зарцуулах хэлцэл хийгдэх үед өмчлөгчөөр бүртгэгдээгүй байсан гэр бүлийн гишүүн хэлцэлийн хүчин төгөлдөр байдлын талаар маргах эрхгүй болно гэж заажээ.
Дээрхээс харахад А ХХК болон А.С нарын хооронд байгуулагдсан барьцааны гэрээ нь хууль журмын дагуу байгуулагдсан хүчин төгөлдөр хэлцэл юм. Уг гэрээтэй холбоотой маргааныг хянан шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр захирамж, хуулийн дагуу явагдсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, албадан дуудлага худалдаагаар бусдын өмчлөлд шилжсэн баримт хавтаст хэрэгт авагдсан байх тул нэхэмжлэгчдийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас ... дугаартай, ... хот, ... дүүрэг, ... хороо, ... хороолол, ... байр, ... тоот хаягт орших ... м.кв талбайтай орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
Гуравдагч этгээд Э.Ү гийн өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“... Э.Ү нь ... аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас зохион байгуулагдсан хоёр дахь албадан дуудлага худалдаанд оролцож ... дугаартай ... хот, .. дүүрэг, ... хороо, ... хороолол, ... байр, ... тоот хаягт орших ... м.кв талбайтай орон сууцыг худалдан авах эрхтэй ялагч болсон. Э.Ү нь дээрх үл хөдлөх хөрөнгийн төлбөр болох 41,000,000 төгрөгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу хугацаанд нь бүрэн дүнгээр төлсөн болно.
Монгол улсын Иргэний хуулийн 178 дугаар зүйлийн 178.2-т Дуудлага худалдаагаар худалдсан зүйлийн үнийг бүрэн төлсөн үеэс худалдан авагч тухайн зүйлийн өмчлөгч болно гэж заасан байна. Мөн ШШГТХ-ийн 71.14-т Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлсэн шийдвэрт гомдол гаргаагүй тохиолдолд худалдан авагч үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болно гэж заасан байдаг.
Э.Ү нь Иргэний хууль болон ШШГТХ-д заасны дагуу дээрх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч, өмчлөх эрхээ хэрэгжүүлэх эрхтэй этгээд юм. Гэтэл ... дүүргийн эд хөрөнгийн эрхийн Улсын бүртгэлийн хэлтэсээс энэхүү хөрөнгө дээр А.С-ийн үйлдсэн эрүүгийн хэрэгт холбогдуулан прокуророос битүүмж тавигдсан байна гэх үндэслэлээр одоо хүртэл уг хөрөнгийг нэр дээр нь бүртгээгүй байна. Дээрх хөрөнгөнд Хан-Уул дүүргийн прокурорын газраас битүүмж тавьсан бөгөөд уг битүүмжтэй холбоотой асуудлыг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 607 тоот тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн байдаг. Уг тогтоолд ШШГТХ-ийн 112 дугаар зүйлийн 112.3-т заасны дагуу хэд хэдэн гүйцэтгэх баримт бичгийн дагуу хэд хэдэн төлбөр авагчийн хөрөнгийн шинжтэй шаардлагыг гүйцэтгэх баримт бичиг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад бүртгэгдсэн дарааллын дагуу хангах бөгөөд, эхний гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлагыг бүрэн хангаснаар дараагийн гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангах зарчмыг баримтална гэснийг үндэслэл болгожээ. Энэ нь тус үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулсан орлогоос эхний гүйцэтгэх хуудасны төлбөрийг барагдуулж дууссаны дараагаар хохирогчийн хохирлын төлбөрийг Шийдвэр гүйцэтгэлийн журмаар барагдуулна гэсэн үг юм. Мөн тус тогтоолд хохирлыг барагдуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь бусад өмчлөх эрх бүхий этгээдүүдийн хууль ёсны эрх ашиг, сонирхлыг хохироох ёсгүйг анхаарах нь зүйтэй гэж дурджээ.
Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.5-д Барьцааны зүйлийг хууль ёсоор, шударгаар олж авсан этгээдэд барьцааны зүйл эрхийн хязгаарлалтгүйгээр шилжинэ. Мөн хуулийн 178.3 Өмчлөх эрх шилжсэнээр үүрэг гүйцэтгүүлэгчийн албадан гүйцэтгүүлж байгаа ипотекээс хойш бүртгүүлсэн бусад ипотек болон тухайн хөрөнгийн хувьд хязгаарласан хөрөнгийн бүх эрх дуусгавар болно гэж тус тус заажээ. Энэхүү хуулийн заалтаар бол Улсын бүртгэлийн байгууллага, үл хөдлөх хөрөнгийг Э.Үгийн өмчлөлд бүртгэх ёстой юм. С.М, С.Ма нарын гаргасан дээрх хөрөнгөд хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай А.Сд холбогдуулсан нэхэмжлэл нь ямар ч хууль зүйн үндэслэлгүй юм. Э.Ү нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас зохион байгуулсан дуудлага худалдаанд ялсан үл хөдлөх хөрөнгийн үнийг бүрэн төлчихсөн бөгөөд өмчлөх эрх нь иргэний хууль болон ШШГТХ-д зааснаар албан ёсоор үүчихсэн байна. Дээрх хөрөнгийн өмчлөл хуулиараа аль хэдийнээ А.Сийн эрх мэдлээс гарчихсан байгаа тул хариуцагчаа буруу тодорхойлсон гэж үзэж байна.
Мөн нэхэмжлэгч нар нь хамтран өмчлөх дундын өмчийг хамтын ямар хөдөлмөрийн үр дүнд бий болгосон, ямар орлогын эх үүсвэрээр худалдан авсан зэргээ хангалттай нотлоогүй бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч талууд Монгол улсын Иргэний хуулийн 126 дугаар зүйлийг буруу ойлгож бусдад хохирол учруулах, залилах үйлдэлдээ ашиглах боломж гэж харж байгаад харамсаж байна. Өмгөөлөгчийн зүгээс нэхэмжлэгчдийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас ... дугаартай ... хот, ... дүүрэг, ... хороо, ... хороолол, ... байр, ... тоот хаягт орших ... м.кв талбайтай орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.М, С.Ма, Ц.Г нар хариуцагч А.Сд холбогдуулан Үл хөдлөх эд хөрөнгийг гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх хуралдаанаар дараахь үйл явдал тогтоогдов.
Нэхэмжлэгч Ц.Г, хариуцагч А.С нар 2006 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр гэр бүл болсныг ... аймаг ... сум иргэний гэр бүлийн гэрлэлтийн бүртгэлийн ... дугаарт 2006 оны 07 дугаар сарын 25-ны өдөр бүртгэжээ. /хэргийн 17 дугаар хуудас/
С.М, С.Ма, С.Г, С.Маралмаа нар А.Сийн хүүхдүүд байна. /хэргийн 5, 7,9,18-19 дүгээр хуудас/
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 607 тоот шийтгэх тогтоолын 4. Бусад асуудлаар хэсэгт Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 05 дугаартай хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолд өөрчлөлт оруулсан тухай 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 04 дугаартай тогтоолоор А.Сийн өмчлөлийн 7 үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн гэж дурдаад, тогтоох хэсгийн 8 дугаар заалтаар А.С-ийн өмчлөлийн битүүмжлэгдсэн эд хөрөнгийг хуульд заасан дарааллын дагуу хохирогч З.Г-ын хохиролд тооцуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсэн гэжээ. /хэргийн 72, 132,136/
Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ... тоот “Албадан дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчийн өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоол”-оор Улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй ... хот ... дүүрэг ... хороо, ... хороолол, ... байр ... тоот ... м.кв орон сууцны зориулалттай 2 өрөө үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг албадан дуудлага худалдааны ялагч Э.Үд шилжүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн хувиар улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх эрх үүссэнийг танилцуулжээ. /хэргийн 49-53, 182-186 дугаар хуудас/
Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангийн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн ... тоот “Албадан дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчийн өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоол”-оор Улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй ... хот ... дүүрэг 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 14 дүгээр байр 92 тоот 40 м.кв орон сууцны зориулалттай 3 өрөө орон сууцыг төлбөр авагчийн төлбөрт тооцон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг “М.и” ББСБ-д шилжүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн хувиар улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх эрх үүссэнийг танилцуулжээ. /хэргийн 174-178 дугаар хуудас/
Шүүх хуралдаанаар дараахь нотлох баримтыг шинжлэн судлав.
Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан
Улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй ... хот ... дүүрэг ... хороо, ... хороолол, 14 дүгээр байр ... тоот ... орон сууцны зориулалттай 3 өрөө сууц /хэргийн 15 дугаар хуудас 2013 оны 06 дугаар сарын 17-оос А.С бүртгэлтэй/
Улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй ... сум ... баг, ...гудамж, ... тоот ... мкв хувийн сууц /хэргийн 13 дугаар хуудас 2010 оны 06 дугаар сарын 23-ний өдрөөс А.С бүртгэлтэй/
Улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй ... аймаг, ... сум ... баг, ...гудамж, ... тоот ... мкв талбайтай машины граж /хэргийн 10 дугаар хуудас 2007 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс А.С бүртгэлтэй/
Улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй ... аймаг, ... сум ... дугаар баг, ...гудамж, 7 тоот ... мкв 3 граж /хэргийн 11 дүгээр хуудас 2007 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс А.С бүртгэлтэй/
Улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй ... аймаг, ... сум, ... баг, ... хороолол, ... дугаар байрны ... тоот ... мкв орон сууцны зориулалттай 4 өрөө сууц /хэргийн 16 дугаар хуудас 2017 оны 02 дугаар сарын 23-наас А.С бүртгэлтэй/
Улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй Дархан-Уул аймаг, Дархан сум 7 дугаар баг, ...гудамж, 7 тоот ... мкв газар /хэргийн 12 дугаар хуудас 2007 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс А.С бүртгэлтэй/
Улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй ... хот ... дүүрэг ... хороо ... хороолол ...дугаар байр ... тоот ... мкв орон сууцны зориулалттай 2 өрөө сууц /хэргийн 14 дүгээр хуудас 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс А.С бүртгэлтэй/
Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 335 тоотод “Иргэн А.Сийн өмчлөлийн ... аймаг ... сум ... баг ...гудамж ... тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн ..., ..., ..., ... дугааруудтай гараж, уурын зуух, хувийн сууц, гэр бүлийн хэрэгцээний газарт өнөөдрийн байдлаар үүрэг ногдуулсан хэлцэл бүртгэгдээгүй, Эрхийн улсын бүртгэлийн ... дугаартай ... аймаг ... сум ... баг ... хороолол ... дугаар байр ... тоотод байрлах орон сууцанд иргэн ... байгуулсан 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн барьцаат зээлийн гэрээ бүртгэлтэй. Дээрхи үл хөдлөх хөрөнгүүдэд ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 10д/4454 тоотоор тусгай тэмдэглэл бүртгэлтэй байна” гэжээ /хэргийн 58 дугаар хуудас/
Шүүх талуудын тайлбар, тогтоогдсон үйл явдал, хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлээд дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Ц.Г, хариуцагч А.С нар 2006 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр гэр бүл болсноо ... аймаг ... сум иргэний гэр бүлийн гэрлэлтийн бүртгэлийн ... дугаарт 2006 оны 07 дугаар сарын 25-ны өдөр бүртгүүлсэн гэр бүл, С.М, С.Ма, С.Г, С.М нар А.Сийн хүүхдүүд байна.
Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 “гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гишүүдийг гэр бүл гэж, мөн зүйлийн 3.1.4-т гэрлэгчид тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн хүүхдийг гэр бүлийн гишүүн гэж хуульчилжээ.
Иргэний хуулийн 125 дугаар зүйлийн 125.1-д гэр бүлийн хөрөнгө нь гэрлэгчдийн, гэр бүлийн бусад гишүүдийн хөрөнгөнөөс бүрдэнэ гэж мөн хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.1-126.2.5-д гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид хамаарах хөрөнгийг тодорхойлжээ.
Ц.Г, А.С нар 2006 оны 07 дугаар сарын 25-ны өдөр гэр бүл болсон, С.М, С.Ма, С.Г, С.М нар гэр бүлийн гишүүн тул гэрлэгчид, гэр бүлийн гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон хөрөнгө бусад хөрөнгө гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид хамаарна гэж нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шаардлагаа тодорхойлж байгаа болно.
Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-д улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ гэснээр хариуцагч А.С өөрт хамааралтай үл хөдлөх хөрөнгийг бүртгүүлсэн тул мөн хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т заасан “гэрлэгчид, гэр бүлийн гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон хөрөнгө бусад хөрөнгө”-д А.С-ийн нэр дээрхи хөрөнгө хамааралгүй болно.
Мөн Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.2. Хэрэв бүртгэлийг бүртгүүлэх эрхгүй этгээдийн нэрээр хийлгэсэн бол энэхүү бүртгэлийн үр дүнд эрх болон эрх зүйн байдлын хувьд хохирч байгаа этгээд бүртгэлд нэр нь байгаа этгээдээс бүртгэлийн тэмдэглэлд өөрчлөлт оруулахыг шаардаж болно. 183.3.Улсын бүртгэлд бүртгэлтэй эрхийн жинхэнэ эзэмшигчийг үнэн зөв тогтоохын тулд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэл буруу, ташаа болох тухай өргөдлийг эрх нь зөрчигдөж байгаа этгээд бүртгэлийн байгууллагад шаардлага гаргах эрхээ хэрэгжүүлээгүй байна.
Маргааны зүйл болж байгаа А.С-ийн нэр дээр өмчлөх эрх бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгө Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 05 дугаартай хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолд өөрчлөлт оруулсан тухай 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 04 дугаартай тогтоолоор А.С-ийн өмчлөлийн 7 үл хөдлөх хөрөнгийг битүүмжилэгдсэн, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн ... тоот шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дугаар заалтаар битүүмжлэгдсэн эд хөрөнгийг хуульд заасан дарааллын дагуу хохирогч З.Г-ын хохиролд тооцуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсэн, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон.
Мөн дээрх үл хөдлөх хөрөнгө барьцааны зүйл байсан учир, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, албадан гүйцэтгэх захирамж, гүйцэтгэх хуудасны дагуу явуулсан иргэний шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангийн 2019 оны 12 дугаар сарын 05 -ны өдрийн ... тоот “Албадан дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчийн өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоол”-оор Улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй ... хот ... дүүрэг ... хороо, ... хороолол, .... байр ... тоот ... м.кв орон сууцны зориулалттай 2 өрөө үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг албадан дуудлага худалдааны ялагч Э.Ү-д шилжүүлж, мөн ангийн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн ... тоот “Албадан дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчийн өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоол”-оор Улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй ... хот ... дүүрэг ... хороо, ... хороолол, ... байр ... тоот ... орон сууцны зориулалттай 3 өрөө орон сууцыг төлбөр авагчийн төлбөрт тооцон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг “М.и” ББСБ-д шилжүүлсэн байна.
Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана”, мөн зүйлийн 175.4-д “Үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдах шийдвэр гарснаар үүрэг гүйцэтгэгч уг эд хөрөнгийн үр шимийг өөртөө үлдээх эрхээ алдана”, мөн хуулийн 178 дугаар зүйлийн 178.2-д “Дуудлага худалдаагаар худалдсан зүйлийн үнийг бүрэн төлсөн үеэс худалдан авагч тухайн зүйлийн өмчлөгч болно” 178.3 “Өмчлөх эрх шилжсэнээр үүрэг гүйцэтгүүлэгчийн албадан гүйцэтгүүлж байгаа ипотекоос хойш бүртгүүлсэн бусад ипотек болон тухайн хөрөнгийн хувьд хязгаарласан эд хөрөнгийн бүх эрх дуусгавар болно” гэснээр Улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй ... хот ... дүүрэг ... хороо, .... хороолол, ... байр, Улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй ... хот ... дүүрэг ... хороо, ... хороолол, ... байр ... тоот ... м.кв орон сууцны зориулалттай 3 өрөө орон сууцны өмчлөх эрх А.Сийн тухайд дуусгавар болсон байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.2. Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотолно.107.3.Хариуцагч, хариуцагчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргана гэж хуульчилжээ.
Маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болох Э.Үгийн өмгөөлөгчийн “Э.Ү нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас зохион байгуулсан дуудлага худалдаанд ялсан үл хөдлөх хөрөнгийн үнийг бүрэн төлчихсөн бөгөөд өмчлөх эрх нь иргэний хууль болон ШШГТХ-д зааснаар албан ёсоор үүсчихсэн байна. Дээрх хөрөнгийн өмчлөл хуулиараа аль хэдийнээ А.Сийн эрх мэдлээс гарчихсан байгаа тул хариуцагчаа буруу тодорхойлсон гэж үзэж байна” гэх, “М.и” ББСБ-ийн итгэмжлэгдсөн төлөөлөгч Ш.О-ын “Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн ... дугаартай шүүгчийн захирамжаар ... дугаартай үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж, уг үл хөдлөх эд хөрөнгийг төлбөрт тооцож “М.и ББСБ” ХХК-нд шилжүүлэхээр шийдвэрлэсэн Хүчинтөгөлдөр шүүхийн шийдвэр, захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, гуравдагч этгээдэд шилжих шийдвэр тогтоол хүчинтэй болсон тул нэхэмжлэлийн шаардлага хангагдах боломжгүй” гэх, “А” ХХК-ийн итгэмжлэгдсөн төлөөлөгч Н.Шийн “Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 3705 тоот захирамжаар хариуцагч А.Сэс 40,015,000 төгрөгийг гаргуулж А ХХК-нд олгох, хэрэв дээрх мөнгөн төлбөрийг сайн дураараа төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох ... дугаартай, ... хот, ... дүүрэг, ... хороо, ... хороолол, ... байр, ... тоот хаягт орших ... мкв талбайтай орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд ... дугаартай үл хөдлөх хөрөнгийг иргэн Э.Ү хоёр дахь албадан дуудлага худалдаагаар 41,000,000 төгрөгөөр худалдан авсан байдаг. А ХХК нь дуудлага худалдааны орлогыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 109, 112 дугаар зүйлд заасны дагуу шилжүүлэн авч зээлийн гэрээний үүргийг бүрэн хангуулсан болно” гэх нэхэмжлэлийн шаардлагын талаарх татгалзал үндэслэлтэй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б-ийн “эгчийн нэр дээр бүртгэлтэй боловч хамтран хөдөлмөр эрхэлж бий болгосон гэр бүлийн хөрөнгө, төрсөн эгчтэйгээ холбоотой байдгийн хувьд гэрчилж байна” гэх нэхэмжлжлийн шаардлагын талаарх хариу зөвшөөрөл үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч С.Ма, С.М, Ц.Г нарын шаардлагаар хариуцагч А.Сийн нэр дээр өмчлөх эрх бүртгэлтэй хөрөнгийг гэр бүлийн дундын өмч гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй, нэхэмжлэгч нар тухайн үл хөдлөх хөрөнгийг бий болгоход оролцсон оролцоог нотлохгүй байна.
Иймд шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтыг маргааны зүйлд хамааралтай, ач холбогдолтой эсэх талаас нь шинжлэн судалж нэхэмжлэгч С.Ма, С.М, Ц.Г нарын хариуцагч А.Сд холбогдуулан гаргасан Улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй ... хот ... дүүрэг 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 14 дүгээр байр 92 тоот 40 м.кв орон сууцны зориулалттай 3 өрөө сууц, Улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй ... сум ...баг, ...гудамж, ...тоот 796.0 мкв хувийн сууц, Улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй ... аймаг, ... сум ... баг, ...гудамж, ... тоот ... мкв талбайтай машины граж, Улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй ... аймаг, ... сум ... баг, ...гудамж, ... мкв 3 граж, Улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй ... аймаг, .... сум, ... баг, ... хороолол, ... байрны ... тоот ... мкв орон сууцны зориулалттай ... өрөө сууц, Улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй ... аймаг, ... сум ... баг, ...гудамж, ... мкв газар, Улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй ... хот ... дүүрэг ... хороо ... хороолол ... байр ... тоот 35 мкв орон сууцны зориулалттай 2 өрөө сууцыг гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө гэснээр нэхэмжлэгч Ц.Гийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид Төрийн банк, төрийн сан 100190000941 тоот дансанд тушаасан улсын тэмдэгтийн хураамж 491,400 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож байгаа З.Ганбаатарын итгэмжлэгдсэн төлөөлөгч /хэргийн 163, 165 дугаар хуудас/ Г.Энхтүвшин, “А” ХХК-ийн итгэмжлэгдсөн төлөөлөгч Н.Ш /хэргийн 59, 55/ “М.и” ББСБ-ийн итгэмжлэгдсөн төлөөлөгч Ш.О /хэргийн 59, 66 дугаар хуудас/ нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т Шүүхийн мэдэгдэх хуудсыг зохигч талын оршин суугаа буюу ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар биечлэн хүргүүлнэ. Шаардлагатай тохиолдолд шүүхийн мэдэгдэх хуудсыг утас, факс, цахилгаан буюу олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэж болно. Ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулсан байна гэж зааснаар шүүх хуралдааны товыг 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр мэдэгдсэн байна. /хэргийн 210 дугаар хуудас/
Шүүх хуралдаанд Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож байгаа З.Г-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, “А” ХХК-ийн итгэмжлэгдсөн төлөөлөгч Н.Ш, “М.и” ББСБ-ийн итгэмжлэгдсөн төлөөлөгч Ш.О нар нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул тэдгээрийн оролцоогүйгээр шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугар зүйлийн 76.2-т “шүүх хуралдааныг тов”-ыг зохигч шүүхээс лавлах үүрэгтэй.
Нэхэмжлэгч С.М хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийг нь төлөөлөх эрхийг итгэмжлэлээр нэхэмжлэгч С.Мад /хэргийн 6 дугаар хуудас/, хариуцагч Ц.Г хэрэг хянан шийдвэрлэх ажиллаганд гэрээгээр өмгөөлөгч Н.Баттунсагийг /хэргийн 33 дугаар хуудас/, нэхэмжлэгч С.Ма өмгөөлөгч Н.Баттунсагийг хүсэлтээр /хэргийн 213 дугаар хуудас/ тус тус өмгөөлөгчөөр оролцуулсан.
Хариуцагч А.С хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд А.Быг 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс /хэргийн 26 дугаар хуудас/, А.Бийг 2020 оны 04 дүгээр сарын 29-нөөс /хэргийн 166 дугаар хуудас/ итгэмжлэлээр итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцуулсан.
Нэхэмжлэгч Ц.Г өвчний учраас шүүх хуралдаанд оролцох боломжгүй өмгөөлөгчөө шүүх хуралдаанд оролцуулна, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б шүүх хуралдаанд оролцоно гэж ирцтэй холбоотой өөр санал гаргаагүй тул нэхэмжлэгч Ц.Г, итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б нарын оролцоогүйгээр шүүх хуралдааныг явуулсан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т зааснаар зохигч талуудаас урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзсэн.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т зааснаар нэхэмжлэгч С.Ма, С.М, Ц.Г нарын хариуцагч А.Сд холбогдуулан гаргасан Улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй ... хот ... дүүрэг ... хороо, ... хороолол, ... байр ...тоот ... м.кв орон сууцны зориулалттай 3 өрөө сууц, Улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй ... сум ... баг, ...гудамж, ... тоот ... мкв хувийн сууц, Улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй ... аймаг, ... сум ... дугаар баг, ...гудамж, ... тоот ... мкв талбайтай машины граж, Улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй ... аймаг, ... сум ... баг, ...гудамж, ... тоот ... мкв 3 граж, Улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй ... аймаг, ... сум, ... баг, ... хороолол, 13 дугаар байрны ... тоот 50.5 мкв орон сууцны зориулалттай 4 өрөө сууц, Улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй ... аймаг, ... сум ... баг, ...гудамж, ...тоот ... мкв газар, Улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй ... хот ... дүүрэг ... дугаар хороо ... дүгээр хороолол ... дугаар байр ... тоот ... мкв орон сууцны зориулалттай 2 өрөө сууцыг гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Гийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид Төрийн банк, төрийн сан 100190000941 тоот дансанд тушаасан улсын тэмдэгтийн хураамж 491 400 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ