Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намсрайн Батзориг |
Хэргийн индекс | 101/2018/01648/и |
Дугаар | 1556 |
Огноо | 2018-07-04 |
Маргааны төрөл | Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 1556
Б.Б-н нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг, бүрэлдэхүүнд шүүгч А.Мөнхзул, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2018/01732 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б.Б-н нэхэмжлэлтэй, хариуцагч НШШГГ-т холбогдох
Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гарсан үнэлгээнд гаргасан гомдолтой нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч: гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.
Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнхзолбоо гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 101/Ш32017/10401 дүгээр шийдвэрээр би “А И П” ББСБ-д 35.374.912 төгрөг төлж барагдуулахаар шийдвэрлэсэн. Уг төлбөрийг барагдуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шинжээч томилж, миний өмчлөлийн эрхийн Ү-2204032121 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Данзангийн гудамжны 21 дүгээр байрны 28 тоот нэг өрөө, 36.5 мкв талбайтай орон сууцыг 53.020.000 төгрөгөөр үнэлж, түүний 70 хувиар буюу 37.114.000 төгрөгөөр тогтоон, дуудлага худалдаанд оруулах санал гаргасан талаар надад мэдэгдэх хуудас ирүүлсэн. Шинжээчийн гаргасан дүгнэлтээр миний байрыг 1м.кв-ийг нь 1.016.800 төгрөгөөр үнэлж, дуудлага худалдаанд оруулахаар санал болгож байгаа нь миний хөрөнгийг хэт үнэгүйдүүлж, зах зээлийн борлуулалтын үнээс доогуур үнэлсэн байна гэж үзэж байгаа тул гомдолтой байна. Иймд шинжээчийн гаргасан үнэлгээ болох 53.020.000 төгрөгийн үнэлгээг зөвшөөрөхгүй байх тул дахин шинжээч томилуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ариунболор хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүүгчийн 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 101/Ш32017/10401 дүгээр захирамжаар Б.Б-с 35.374.912 төгрөг гаргуулж “А И П” ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлсэн. Төлбөр төлөгч Б.Б-д 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр төлбөрийг сайн дураар биелүүлэх 7 хоногийн хугацаатай мэдэгдэл гардуулсан боловч төлбөрийг төлөөгүй тул түүний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, тэнүүн хотхон 21 дүгээр байрны 28 тоот 1 өрөө орон сууцыг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр битүүмжлэн, 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнийн санал авахад 100.000.000 төгрөгөөр төлбөр төлөгч Б.Б-с үнэлсэн. Уг үнэлгээг төлбөр авагч “А И П” ББСБ ХХК-д танилцуулахад төлбөр төлөгчөөс өгсөн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй шинжээч томилж үнэлгээ гаргаж өгнө үү гэх хүсэлтийг ирүүлсэн тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үүрэг гүйцэтгэгч, өмчлөгч, үүрэг гүйцэтгүүлэгч нар үл хөдлөх хөрөнгийн үнэлгээнд харилцан тохиролцоогүй тул хөндлөнгийн шинжээч томилон Хөрөнгийн үнэлгээний төвөөр үнэлгээ тогтоосон. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “А И П” ББСБ ХХК-ийн төлөөлөгч Г.Ч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Данзангийн гудамжны 21 дүгээр байрны 28 тоот хаягт байрлах 36.5 м.кв талбай бүхий нэг өрөө байрыг нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилсон шинжээч 53.020.000 төгрөгөөр үнэлж, 1 м.кв-ыг нь 1.016.800 төгрөгөөр үнэлсэн гэжээ. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилогдсон шинжээч болох Хөрөнгийн үнэлгээний төв нэхэмжлэгчийн хөрөнгийг 53.020.000 төгрөгөөр үнэлсэн нь ойролцоогоор 1 м.кв-г нь 1.452.602.74 төгрөгөөр үнэлсэн харагдаж байна. Хөрөнгийн үнэлгээчний 53.020.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийг шийдвэр гүйцэтгэгчийн зүгээс анхны дуудлага худалдаанд түүний 70 хувь болох 37.114.000 төгрөгөөр тогтоосон нь хуульд нийцэж байгаа болно. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хангахгүйгээр, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан НШШГГ-т холбогдуулан гаргасан Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гарсан Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 111 дугаартай үнэлгээг хүчингүй болгуулж, дахин үнэлгээ хийлгүүлэх тухай нэхэмжлэгч Б.Б-н гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т тус тус зааснаар нэхэмжлэгч Б.Б-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШЗ2018/06847 дугаартай Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамж нь давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үйлчилэхийг мэдэгдэж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнхзолбоо давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч талаас хэрэгт ач холбогдолтой гэж үзэн, хэрэг хянан хэлэлцэх шүүхийн шатнаас өмнө буюу 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр өөрийн өмчлөлийн Ү-2204032121 дугаарын гэрчилгээтэй, үл хөдлөх хөрөнгийг дахин үнэлүүлэх шаардлагатай байх тул шинжээч томилж өгнө үү гэх утгатай хүсэлт гаргасан. Тус шүүхийн шүүгчийн 2018 оны 4 сарын 25-ны өдрийн 101/Ш32018/07593 дугаар захирамжаар хүсэлтийг хангахгүй орхиж, шийдвэрлэсэн. Уг захирамжид Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д зааснаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдаж шийдвэрлэсэн. Энэ 101/Ш32018/07593 дугаар захирамж нь нэхэмжлэгчийн хэрэгт ач холбогдолтой баримт сэлт цуглуулах, хуулийн дагуу хүсэлт, гомдол гаргах эрхийг зөрчиж, үндэслэлгүй татгалзсан гэж үзэж байгаа тул гомдолтой байна Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг дахин хийлгэх нь нэхэмжлэгчийн гомдлыг үндэслэлтэй эсэх маргааныг тал бүрээс нь үнэн зөв хянан шийдвэрлэх гол баримт хэрэгт авагдах байсан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.
Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гарсан “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 111 дугаартай үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...үл хөдлөх эд хөрөнгийг үнэгүйдүүлж, зах зээлийн борлуулалтын үнээс хэт доогуур үнэлсэн” гэж тайлбарласан байна.
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 101/ШЗ2017/10401 дугаар “талуудын эвлэрлийг баталгаажуулах тухай” захирамжаар хариуцагч Б.Б нь нэхэмжлэгч “А И П ББСБ” ХХК-ийн 35 374 912,34 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, графикийн дагуу төлөхөөр, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохирсон талуудын эвлэрлийг баталгаажуулжээ. /хх-ийн 38 тал/
Дээрх захирамжийг төлбөр төлөгч Б.Б сайн дураар биелүүлээгүй тул Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр 101/ШЗ2017/14961 дугаар “шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” захирамж гарч, мөн өдрөө 1548 дугаар гүйцэтгэх хуудас бичигдсэн, НШШГГ 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн, төлбөр төлөгч Б.Б-н өмчлөлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуаран /13302/, С.Данзангийн гудамж 21 дүгээр байрны 28 тоотод байрлах 36,5 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 01/187 тогтоолоор битүүмжилж, 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 03/17261966 дугаар тогтоолоор хураан авсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон байна. /хх-ийн 37,39-40, 43-48 тал/
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч Б.Б үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаанд санал болгох доод үнийг 100 000 000 төгрөгөөр үнэлэх үнийн санал ирүүлснийг төлбөр авагч “А И П ББСБ” ХХК хүлээн зөвшөөрөөгүй, шинжээч томилуулах хүсэлтийг гаргасан тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 15 дугаар тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч нь Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуаран /13302/, С.Данзангийн гудамж 21 дүгээр байрны 28 тоотод байрлах 36,5 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцны зах зээлийн үнэ, цэнэ-ийг 53 020 000 төгрөгөөр тогтоожээ. /хх-ийн 48,50, 56-68 тал/
Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт “дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно” гэж заасан бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээчний тогтоосон үнийн 70 хувиар анхны албадан дуудлага худалдааны үнийг тогтоосныг хууль зөрчсөн гэж үзэхгүй.
Хариуцагч НШШГГ “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 111 дугаартай үнэлгээг шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогч талуудад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн, төлбөр төлөгч Б.Б нь мөн хуулийн 55.7 дах хэсэгт заасан хугацааны дотор буюу 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд гомдлын шаардлага гаргасан байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.Б тухайн үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн гэх тайлбараа нотлоогүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байна гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй байдаг.
Шүүх хариуцагч НШШГГ нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоолгох ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Иргэний хуульд заасан арга, журмаар явуулсан эсэхийг нэхэмжлэгчийн гомдлоор хянан шийдвэрлэдэг тул үл хөдлөх хөрөнгийг дахин үнэлүүлэхээр шинжээч томилж дүгнэлт гаргуулахыг хүссэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг шүүгчийн захирамжаар хангахгүй орхиж, шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт нийцсэн байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.