Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 108

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Золзаяа,

улсын яллагч Н.Отгонцэцэг,

шүүгдэгч Э.Наранцацралын өмгөөлөгч  Г.Сүхээ ҮД:01-57,

шүүгдэгч Н.Азжаргалын  өмгөөлөгч Н.Намжилцогт ҮД:16-97,

шүүгдэгч Э.Наранцацрал, Н.Азжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Нийслэлийн Прокурорын газраас:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1988 оны 03 дугаар сарын 11-ны өдөр төрсөн, 29 настай, халх, эмэгтэй, бүрэн бус боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3 ээж, эгчийн хамт Баянгол дүүргийн 20 дугаар хороо 1 дүгээр гудамжны  “Төмөрчин” ХХК-ийн хашаанд оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэл хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн,  хэрэг хариуцах чадвартай Боржигон овогт  Энхээгийн Наранцацрал /РД:ХВ88031162/

Шүүгдэгч: Монгол улсын иргэн Улаанбаатар хотод 1986 оны 10 дугаар сарын 29-ны өдөр төрсөн, 31 настай эмэгтэй,халх  бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-6, аав, ээж, дүү, дүүгийн 2  хүүхдийн хамт  Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо 5 дугаар хороолол 5-р байрны 27 тоотод оршин суух, ял шийтгэлийн хувьд: Баянгол дүүргийн шүүхийн 2005 оны 11 дугаар сарын 11-ны өдрийн  355 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж, уг  ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай,  Хиад овогт  Нэргүйн Азжаргал /РД:ХБ86102969/ нарт

 Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2016 0100 0092 дугаартай 105/2017/0024/Э индекстэй хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч Н.Азжаргал нь 2016 оны 05 дугаар сарын 13-ний өдөр 19 цагийн орчимд Э.Наранцацралтай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн  Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо нутаг дэвсгэрт байрлах “Монгол зоог” буудлын хашаан дотор Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас М.Ганбаатар жолоочтой 87-38 УББ дугаартай тээврийн хэрэгслээр ирсэн гэх Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан сэтгэцэд нөлөөт метамфетаминий агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй 5 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан гэмт хэрэгт,

Яллагдагч  Э.Наранцацрал нь 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 19 цаг орчимд Н.Азжаргалтай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо нутаг дэвсгэрт байрлах “Монгол зоог” буудлын хашаан дотор Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас М.Ганбаатар жолоочтой 87-38 УББ дугаартай тээврийн хэрэгслээр ирсэн гэх Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан сэтгэцэд нөлөөт метамфетаминий агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй 5 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан гэмт хэрэгт  тус тус холбогджээ.

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Наранцацрал мэдүүлэхдээ: 2016 оны  05 дугаар сарын 13-ны өдөр  өглөө гэртээ байж байхад  Азжаргал над руу залгаад  хүрээд ир гэхээр нь  өдөр 15 цагийн үед очсон. Тэгээд бид хоёр “Дашчойлин”  хийд орж  зул , арц, хүж,  13-р хороолол цэцэрлэгт хүрээлэнгийн  замд түгжирч яваад  тэр хүний утас руу   яриад  очиж авсан.  Түүнээс биш ийм бараа гэдгийг мэдээгүй байсан. Зүгээр ачаа гэж   бодож байсан гэв.

2. Шүүхийн хэлэлцүүлэгт  шүүгдэгч  Н.Азжаргал мэдүүлэхдээ: Энэ  ачааг  Бэхтулга явуулсан. Нармандах эгч манай ээжийн тэтгэврийн зээл 2.000.000 төгрөгийг авсан  Логик талаас  нь  тухайн мөнгөөр  хар тамхи авсан юм шиг, миний буруу юм шиг  болсон байгаа. Би  хорих 461 дүгээр ангид  хоригдож байхдаа Отгонбаяр гэдэг өмгөөлөгч авсан.Тэр өмгөөлөгч манай гэрт очоод 2.000.000 төгрөгийг авахуулсан. Тус мөнгийг би өмгөөлөгчийн төлбөр тооцоонд өгсөн.  Уг  нь тэр мөнгөөр бараа  авч зарж  борлуулах гэж байсан юм.  Тэр мөнгөөр хар тамхи  аваагүй. Шаардлагатай  бол  Отгонбаяр өмгөөлөгчийг гэрчээр асууж болно. Мөн Өвөрмонгол хүн  ярьсан гэж байгаа, ямар ч Өвөрмонгол хүн яриагүй. Тухайн үед Бэхтулга ярьсан. Гэхдээ барааны дотор хар тамхи, мансууруулах бодис байгаа гэдгийг мэдээгүй. Надад  ямар ч үгсэн тохиролцсон зүйл байхгүй. Яг үнэнийг хэлэхэд  юу болоод байгааг ойлгохгүй байна гэв.

          Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

Мөрдөн  байцаалтанд гэрч М.Ганбаатарын : ...2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр орой 22 цагийн үед Замын-Үүд сумын “Гэгээ” хотхоны урд байдаг карго ачаа ачдаг зогсоолын  замын хажууд 87-38 УББ улсын дугаартай том оворын ачааны машиндаа компанийн ачаа ачиж байтал нэг хар өнгийн нимгэн куртик өмссөн доогуураа хар бараан өнгийн өмдтэй, туранхай, дунд зэргийн нуруутай 20 гаран насны эмэгтэй хүн над дээр ирээд энэ хайрцагыг аваад явчихаач, Амгаланд очихоор чинь хүн тосоод авчихна гэсэн тэгэхээр нь ачааны мөнгө нэг хайрцагтай зүйл 5000 төгрөг байдаг шүү гэтэл очоод тосч авах хүнээс нь авчихаарай гэсэн тэгээд би хойно ачаан дээр ачаа ачиж байсан болохоор хойноос бор өнгийн дөрвөлжин хөнгөн хайрцагыг аваад машиныхаа кабины арын орон дээр тавиад эргээд хартал нөгөө залуу алга болчихсон байсан. Би хойно ачаа ачиж байгаа газар байгаан болов уу гээд очтол байхгүй болчихсон байсан. Намайг тэр бор хайрцагыг аваад кабинд хийх гээд явах хооронд тэр залуу миний гар утасны дугаарыг авсан юун дээр тэмдэглэж авсан гэдгийг мэдэхгүй. Тэгээд 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 12 цагийн үеэс эхлээд хайрцган дээр байсан 94701414 дугаараас байнга залгаад “та ирж байна уу” гээд эмэгтэй хүн залгаад байсан. Би Улаанбаатар хотод 2016 оны 05 дугаар сарын 13-ны үдээс хойш 17-18 цагийн үед байх Амгаланд байрлах Монгол дээж зоогийн газрын зогсоол дээр ирээд зогстол нэг туранхай охин 5000 төгрөг барьчихсан ирээд надад өгсөн тэр үед цагдаагийн ажилтнууд нөгөө охиныг барьж авсан. Намайг замд явж байхад залгахаар нь ачаагаа авахдаа 5000 төгрөгтэй ирээрэй гэж хэлсэн байсан. Би тухайн үед юу болоод байгааг мэдээгүй тэгтэл надад өгч явуулсан бор өнгийн цаасан хайрцаган дотор болохгүй юм байсан юм байна гэж л мэдсэн, яг юу байсан гэдгийг нь би мэдээгүй. Тэр үед тэр хайрцагыг битүү скочидсон байсан. Надад ачаа өгсөн хүн нэг л хүн байсан. Өөр ямар нэгэн хүн хамт явж байгаагүй. Намайг Замын-Үүдээс гараад Чойр өнгөрөөд явж байхад 94701414 дугаараас л 4-5 удаа залгаж хаана явж байгааг асуусан. 99295100 дугаараас залгасан эсэхийг сайн санахгүй байна. Залгаагүй байх. Над руу уг нь нэг л дугаараас нэг эмэгтэй хүн залгаад яриад байсан... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 168-р тал/

Мөрдөн  байцаалтанд гэрч Нармандахын:...Би одоо сар өдрийг нь сайн санахгүй байна ямар ч байсан 2016 оны 05 дугаар сарын эхээр байсан Наранцацралын найз охин Азжаргал манай ээж Буянтогтохын тэтгэврийн зээл авч өгөх юм бол 3,4-р хороололд байдаг “Тумбааш” дэлгүүрт 6 сараар лангуу олж өгье гэж Наранцацралаас хэлүүлээд ээж бид нартай уулзсан. Тэгээд ээж зөвшөөрөөд тэтгэврээ 10 сараар зээлээд 2 сая төгрөгийг 2016 оны 05 дугаар сард Наранцацралыг цагдаад баригдахаас 2 хоногийн өмнө Азжаргалд өгсөн... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 70-р тал/ 

-Эд зүйлд үзлэг хийсэн тухай мөрдөн байцаагчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /1-р хх-ийн 11-16-р тал/

 Н.Азжаргал, Э.Наранцацрал нарын биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тестер ашигласан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 17-22-р тал/

Харьцуулах шинжилгээнд хэв хэлбэр авсан тухай тогтоол, тэмдэглэл /1-р хх-ийн 41-47-р тал/

 Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /1-р хх-ийн 53-р тал/

-Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн №4369 тоот дүгнэлтэнд:

1. Milti drug screen test cup гэсэн бичиглэлтэй зориулалтын саванд савласан /Н.Азжаргал 2016.05.13, /Э.Наранцацрал 2016.05.13/ нарын шээс шинжилгээнд тэнцэж байна.

2. Шинжилгээнд ирүүлсэн Н.Азжаргал 2016.05.13 гэж хаягласан шээсэнд Метамфетамин /МАМР/ илэрч байна. Э.Наранцацрал 2016.05.13 гэж хаягласан шээсэнд Метамфетамин /МАМР/ илэрч байна.

3. Дээрх илэрсэн Метамфетамин /МАМР/ нь НҮБ-ийн Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвецэд багтдаг болно. гэх дүгнэлт /1-р хх-н 68-69-р тал/

-Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн №4368 тоот дүгнэлтэнд:

1.Шинжилгээнд Э.Наранцацрал дээж ¹1 гэсэн хаягтай дээжинд метамфетамин /methamphetamine/-ийн агуулга илэрч байна. Метамфетамин /methamphetamine/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвец”-ийн жагсаалтанд багтдаг болно. гэх дүгнэлт шинжээч цагдаагийн хошууч До.Золзаяа /1-р хх-ийн 71-р тал/

            -Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн № 5877 тоот дүгнэлтэнд:

            1.Шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн Н.Азжаргал, Э.Наранцацрал, С.Бэхтулга нарын гэх бичгийн хэвийн загварууд нь шинжилгээнд тэнцэнэ.

            2.Шинжилгээнд ирүүлсэн бор өнгийн цаасан хайрцагны онгойх хэсэгт байрлах, /99295100/, 94701717, 94701717 /99295100/ гэж бичсэн тоон бичвэрүүд нь шинжилгээнд тэнцэнэ.Харин уг хайрцагны доод хэсэгт байрлах “94701717” гэж бичсэн тоон бичвэр нь шинжилгээнд тэнцэхгүй.

           3.Шинжилгээнд ирүүлсэн бор өнгийн хайрцагны онгойх хэсэгт байрлах шинжилж буй /99295100/ 94701717, 94701717, /99295100/ гэсэн тоон бичвэрүүд нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн. Э.Наранцацралын гэх бичгийн хэвийн чөлөөт, туршилтын загваруудтай ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдэгээр тохирно. гэх дүгнэлт шинжээч цагдаагийн ахмад С.Сэлэнгэ /1-р хх-ийн 94-99-р тал/

           -Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн №6483 тоот дүгнэлтэнд:

           1.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын 5377 дугаартай шинжээчийн дүгнэлт үнэн, зөв эсэхэд шинжээчдийн зүгээс хариулт өгөх боломжгүй.

           2.Шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн Н.Азжаргал, Э.Наранцацрал, С.Бэхтулга нарын гэх бичгийн хэвийн загварууд нь шинжилгээнд тэнцэнэ.

           3.Шинжилгээнд ирүүлсэн бор өнгийн цаасан хайрцагны онгойх хэсэгт байрлах /99295100/, 94701717, 94701717, /99295100/ гэж бичсэн тоон бичвэрүүд нь шинжилгээнд тэнцэнэ. Харин уг хайрцагны доод хэсэгт байрлах “94701717” гэж бичсэн тоон бичвэр нь шинжилгээнд тэнцэхгүй.

          4.Шинжилгээнд ирүүлсэн бор өнгийн цаасан хайрцагны онгойх хэсэгт байрлах шинжилж буй /99295100/, 94701717, 94701717, /99295100/ гэсэн тоон бичвэрүүд нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн Э.Наранцацралын гэх бичгийн хэвийн чөлөөт, туршилтын загваруудтай ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдэгээр тохирно гэх дүгнэлт шинжээч цагдаагийн хошууч Х.Баярмаа, Б.Эрдэнэ-Очир, цагдаагийн ахмад Д.Энхбаяр /2-р хх-ийн 183-184-р тал/

            Мөрдөн байцаалтанд яллагдагч Э.Наранцацралын:.. Хэрэг болохын өмнөх өдөр буюу 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр орой 20-21 цагмйн үед байх Азжаргалын “Баян Монгол” хороололд байрлах түрээсийн гэрт нь байж байтал Азжаргал утсаар ярьж дуусчихаад нэг өвөр монгол хүн залгаж байна. Ачааг чинь Замын-Үүдээс Улаанбаатар хотруу явдаг том оворын ачааны машины жолоочид ачааг чинь өгчихөөд жолоочийнх нь дугаарыг надад өгье гэнээ гэж ярьсан. Тухайн үед надад юу ямар ачаа бараа ирэх гэж байгаа талаар яриагүй. Зүгээр бараа ачаа л гээд байсан. Надад сонин биш болохоор би асуугаагүй. Тэгээд би Азжаргалын гэрээс 21 цаг өнгөрч байхад гарч яаад 120 мянгатын гүүр дөнгөж даваад байдаг нэг бааранд орсон. Тэгээд маргааш гэртээ байж байтал 10 цагийн үед над руу залгаад гэрт хүрээд ир гэсэн тэгээд би 15 цагийн үед гэрт нь яваад очсон тэгтэл гэртээ ганцаараа байж байсан. Тэгээд хоёулаа гадуур юманд яваадахъя 1 хүний ажил явдалд өгөх гэж байгаа юм. Дашчойлон хийд орчихоод ирье гээд хийд рүү очиж зул авчихаад гараад 13-р хороололын Цэцэрлэгт хүрээлэнгийн тэнд түгжрээд явж байтал өөрийнхөө гар утас цэнэггүй болоод унтарчихлаа гээд нэг 9936-тай жолоочийн дугаарыг надад өгөөд энэ утас руу залгаад бай гээд залгуулсан. Би тухайн үед 91315353 дугаарын гар утастайгаа явж байсан тэгээд энэ дугаараасаа залгатал холбогдохгүй байсан. Тэгээд Цэцэрлэгт хүрээлэнгийн орчимд түгжрээд явж байгаад нөгөө 9936-тай дугаар луу дахиад залгатал холбогдсон тэгээд би өөрөө ярилгүй Азжаргалд гар утасныхаа спикер дээр нь тавиад өгсөн тэгтэл нөгөө хүнтэй аан тийм үү Амгалангийн Өндөр дэнж дээр юм уу за за одоо очлоо гэсэн.

            Тэгээд Азжаргал бид хоёр Амгалангийн Өндөр дэнж гэх газарт очоод зогсоол дээр тухайн үед унаж явсан Батболдын машиныг байрлуулаад чи очоод миний мобигийн 94701717 дугаарыг хэлээд энэ 5000 төгрөгийн өгөөд ачаа авчих гэсэн. Тэгээд би залгаад том оворын машин дээр очоод жолоочид нь 5000 төгрөгийг өгтөл надад цаасан дөрвөлжин хайрцагтай зүйл өгсөн тэгтэл цагдаа нар ирж намайг барьж аваад дараа нь Азжаргалыг машин дотроос барьж авсан. Би тухайн үед болсон зүйлийг би үнэн зөвөөр нь одоо мэдүүлж байна.

Азжаргал хэрэг болохоос нилээд хэд 15-20 хоногийн өмнө байх Бэхтулга миний 94701717 дугаарыг авна гэж ярьж байна гэж л ярьсан түүнээс биш би тэр талаар сайн мэдэхгүй. Азжаргал бид хоёр цагдаад баригдаад хэрэгт холбогдсоны дараа Бэхтулгыг цагдаагаас хайж байх үед Азжаргал ер нь болсон процессыг Бэхтулга руу бүгдийг нь чихээд бай тэгэх юм бол чи бид хоёр яах ч үгүй зүгээр гарна гэсэн тэгээд би анх сэжигтнээр мэдүүлэг өгөх дөө Бэхтулга, Азжаргалын 94701717 дугаарыг худалдаж авъя гэж ярьсан, өөрөө захиалж, өөрөө илгээсэн тэгээд Азжаргалыг тосоод аваарай гэж хэлж мэдүүлсэн. Яг үнэн нь Бэхтулга Азжаргаргалтай утсаар холбогдож ачаа бараа явуулж байгаа талаар яриагүй. Харин намайг хэрэг болохын өмнөх өдөр буюу 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Азжаргалын гэрт байхад утсаар хүнтэй ярьж дуусаад Өвөр монгол хүн ярьж байна ачааг чинь явууллаа, ачааг чинь өгчихөөд жолоочийн дугаарыг нь өгье гэж байна гэж надад хэлсэн. Тэгээд маргааш нь буюу 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр надтай цуг гадуур явъя гээд Дашчойлин хийд орчихоод цэцэрлэгт хүрээлэнгийн орчимд явж байхдаа жолоочийн гэх дугаар луу надаар залгуулаад холбогдоод Амгалан орж авахаар болсон. Бэхтулга бол тухайн үед машинаар цаасан хайрцагтай зүйл илгээсэн гэж огт яриагүй. Бэхтулга ч яриагүй. Тэр үед Бэхтулгын талаар юу ч яриагүй. Бэхтулга тэр зүйлийг илгээж явуулаагүй. Харин яагаад Бэхтулгыг илгээж явуулсан гэж хэлэх болсон гэхээр Азжаргал надад хэлэхдээ Бэхтулга урагшаа хойшоо байнга бараандаа явдаг тийм болохоор урагшаа хойшоо явдаг штамб байгаа итгэхгүй байна гэж байхгүй. Бэхээ л гээд байгаарай гээд байсан учираас би Бэхтулгыг ярьсан ачаа бараа аваарай гэж хэлсэн гэж худал мэдүүлсэн юм...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 172-173-р тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

Хэрэгт  цугларсан  бичгийн  нотлох баримт болон гэрчүүдийн  мэдүүлэгээс  дүгнэхэд:  Э.Наранцацрал   Н.Азжаргал нар  нь  бүлэглэн  2016 оны 05 дугаар сарын 13-ний өдөр 19 цагийн орчимд  Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо нутаг дэвсгэрт байрлах “Монгол зоог” буудлын хашаан дотор Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас М.Ганбаатар жолоочтой 87-38 УББ дугаартай тээврийн хэрэгслээр ирсэн гэх Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан сэтгэцэд нөлөөх метамфетаминий агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй 5 грамм сэтгэцэд нөлөөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан  байна.

 Э.Наранцацрал нь Н.Азжаргалтай  хамтран  гэмт  үйлдэх  талаар тохиролцоогүй боловч Н.Азжаргалтай хамт явж Замын-Үүдээс тээврийн  хэрэгслэлээр ирсэн  сэтгэцэд  нөлөөлөх  бодисыг  очиж  авч  байгаа  нь гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн  гэж  үзэх үндэстэй байна.

Шүүгдэгч  Н.Азжаргал  нь сэтгэцэд нөлөөлөх бодис нь  Бэхтулгынх гэж хэрэг бүртгэлт мөрдөн байцаалт   болон шүүхийн шатанд  мэтгэлцэж байх боловч  хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатанд  С.Бэхтулгыг  сэжигтнээр тооцож   шалгасан байх ба  С.Бэхтулгынх болох  нь тогтоогдоогүй  тул  түүнд  холбогдох хэргийг  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд Н.Азжаргал нь түүнтэй болохыг нотолсон баримтыг гаргаж өгөөгүй болно.  /2-р хх-н 217-р тал /

Иймд  Э.Наранцацрал, Н.Азжаргал нар  нь бүлэглэн  2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 19 цаг орчимд Н.Азжаргалтай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо нутаг дэвсгэрт байрлах “Монгол зоог” буудлын хашаан дотор Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас М.Ганбаатар жолоочтой 87-38 УББ дугаартай тээврийн хэрэгслээр ирсэн гэх Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан сэтгэцэд нөлөөт метамфетаминий агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй 5 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан гэмт хэрэгт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, талуудын хүсэлтээр  шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд зэргээр тогтоогдож байх тул Монгол улсын Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.1-д зааснаар ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

            Э.Наранцацрал,  Н.Азжаргал  нар  нь урьдчилан  үгсэн  тохиролцсон болох  нь  хэрэгт авагдсан баримтуудаар  тогтоогдохгүй байна.

Прокуоророос  Э.Наранцацрал, Н.Азжаргал нарын үйлдлийг  зүйлчилсэн хуулийн зүйлчлэл тохирсон гэж үзэв.

Шүүгдэгч Э.Наранцацрал нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна. /1-р хх- н 120-р тал/

Шүүгдэгч Н.Азжаргал нь Баянгол дүүргийн шүүхийн 2005 оны 11 дугаар сарын 11-ны өдрийн  355 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж шийдвэрлэсэн  болох  нь шүүхийн шийтгэх  тогтоолын хуулбар болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдов. /1-р хх-н 169, 180-187-р тал/

Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн  78 дугаар зүйлийн 78.2.1-т … тэнсэж хянан харгалзсан, хорих ял оногдуулсан шүүхийн тогтоолыг биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд гэмт хэрэг үйлдээгүй бол  ялгүйд тооцохоор хуульчилсан ба  Н.Азжаргал нь Баянгол дүүргийн шүүхийн 2005 оны 11 дугаар сарын 11-ны өдрийн  355 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж шийтгүүлсэн  боловч   шүүхээс тэнсэж хянан харгалзсан хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй тул ялгүй  болсон байна.

Шүүгдэгч Э.Наранцацрал, Н.Азжаргал нар  бусдад төлөх төлбөргүй байна.

Шүүгдэгч  Э.Наранцацрал, Н.Азжаргал  нарыг  2016 оны  05 дугаар сарын 14-ны өдрөөс хойшлуулшгүй тохиолдлоор сэжигтнийг баривчлах тогтоолоор баривчилж 2016 оны 05 дугаар сарын  16-ны өдрөөс  сэжигтнээр   цагдан хорьж 2016 оны  05 дугаар сарын  27-ны өдөр   цагдан  хорьсон  таслан сэргийлэх арга хэмжээг  өөрчлөн  бусдын  батлан даалтанд  өгсөн болох нь хойшлуулшгүй тохиолдлоор сэжигтнийг баривчлах тухай мөрдөн байцаагчийн тогтоол, сэжигтнийг цагдан  хорих тухай шүүгчийн  захирамж,  цагдан  хорихоор авсан  таслан  сэргийлэх  арга хэмжээг  өөрчлөх  тухай  шүүгчийн  захирамжуудаар тогтоогдож байх тул Э.Наранцацрал, Н.Азжаргал  нарын  цагдан  хоригдсон 13 хоногийг  эдлэх  ялд нь оруулан тооцох  нь зүйтэй байна. /1-рхх-н 102- 111-р тал/

Шүүгдэгч Э.Наранцацрал, Н.Азжаргал  нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1-т зааснаар анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, 55 дугаар зүйлийн 55.1.9-т зааснаар үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг харгалзан ял шийтгэлийг хөнгөрүүлэн үзэж Э.Наранцацрал, Н.Азжаргал  нарт   оногдуулсан  хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзэв.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 295, 296, 297, 298 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

        1. Боржигон овогт  Энхээгийн Наранцацрал, Хиад овогт Нэргүйн Азжаргал нар нь  бүлэглэн  мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд  тус тус тооцсугай.

          2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-д зааснаар Энхээгийн  Наранцацралыг 1 /нэг/ жилийн  хугацаагаар хорих ялаар, Нэргүйн Азжаргалыг  1/нэг / жилийн  хугацаагаар хорих ялаар тус тус  шийтгэсүгэй.

         3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Э.Наранцацралд оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг, Н.Азжаргалд оногдуулсан 1 /нэг / жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

          4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар Э.Наранцацрал, Н.Азжаргал нарын цагдан хоригдсон нийт 13  хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцсугай.

          5.Э.Наранцацрал, Н.Азжаргал нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг  дурдсугай.

         6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 88.1.7-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн  бор өнгийн 12.5 см өндөртэй, 38 см урттай, 27 см хэмжээтэй хатуулаг байдалд оруулсан тойруулж наалдамхай зүйлээр нааж ороож “94701717, 99295100” гэх дугаар тавьж хаягласан дөрвөлжин хэлбэрийн хайрцаг 1 ширхэг, дээрх хайрцаган дотор байсан Акира /Akira/ гэсэн бичигтэй ус буцалгагч цэнхэр өнгийн хайрцаг 1 ширхэг, цэнхэр өнгийн “Akira” гэсэн бичиглэлтэй ус буцалгагчны цагаан өнгийн сууринаас илэрсэн 7.8 см х 4 см хэмжээтэй зип лок түгжээ бүхий тунгалаг өнгийн нийлэг уутанд хийсэн уутны 5 грамм /бохир/ жинтэй метамфетамины агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис зэргийг шүүхийн  тогтоол  хүчин төгөлдөр  болохоор  устгасугай.

           7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар Э.Наранцацралд 1 /нэг/ жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг, Н.Азжаргалд 1 /нэг/ жилийн  хугацаагаар оногдуулсан  хорих ялыг биечлэн эдлүүлэлгүйгээр тэнсэж 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, хянан харгалзсан хугацаанд хяналт тавихыг Баянгол, Сүхбаатар  дүүргийн Цагдаагийн хэлтэст  даалгасугай.

8.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Э.Наранцацрал, Н.Азжаргал нарт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           9.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

         10.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Э.Наранцацрал, Н.Азжаргал нарт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

          

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                Ч.АЛТАНЦЭЦЭГ