Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 138/2019/00330/И |
Дугаар | 001/ХТ2022/00465 |
Огноо | 2022-04-14 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2022 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 001/ХТ2022/00465
“Х” ХХК-ийн Дорнод салбарын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Дорнод аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 138/ШШ2020/00880 дугаар шийдвэр,
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 201/МА2020/26 дугаар магадлалтай,
“Х” ХХК-ийн Дорнод салбарын нэхэмжлэлтэй,
Д.Г, Н.Н нарт холбогдох,
2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн ЗГ/201743154145 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, зээлийн гэрээний үүрэгт 16,173,840.57 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Аын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х, хариуцагч Д.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Хны Дорнод салбар нь хариуцагч Д.Г, Н.Н нарт холбогдуулан 2017.07.06-ны өдрийн ЗГ/201743154145 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, зээлийн гэрээний үүрэгт 16,173,840.57 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргасан байна.
2. Дорнод аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 138/ШШ2020/00880 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт тус тус зааснаар 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн ЗГ/201743154145 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, хариуцагч Д.Гаас зээлийн гэрээний үүрэгт 8,086,920 /найман сая наян зургаан мянга есөн зуун хорь/ төгрөг 29 /хорин ес/ мөнгө, хариуцагч Н.Нгээс 8,086,920 төгрөг 28 мөнгө тус тус гаргуулж нэхэмжлэгч Хны Дорнод салбарт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238,819 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Г, Н.Н нараас улсын тэмдэгтийн хураамжид тус бүр 119,409 төгрөг 50 мөнгийг гаргуулан Хны Дорнод салбарт олгохоор шийдвэрлэжээ.
3. Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 201/МА2020/26 дугаар магадлалаар: Хариуцагч Д.Гын давж заалдах гомдлыг хүлээн авч, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 сарын 30-ны өдрийн 138/ШШ2020/00880 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Монгол Улсын Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1, 220.4, 221 дүгээр зүйлийн 221.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт тус тус зааснаар 2017 оны 07 сарын 06-ны өдрийн ЗГ/201743154145 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт хариуцагч Д.Гаас 6,870,286.5 төгрөгийг, хариуцагч Н.Нгээс 6,870,286.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Хны Дорнод салбарт олгосугай.” гэж, 2 дахь заалтын “...119,409 төгрөг 50 мөнгийг...” гэснийг “...113,326 төгрөг...” гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.Гаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 144,340.72 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэсэн байна.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Г, Н.Н нарт холбогдох иргэний хэргийг Дорнод аймаг дахь Сум дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2020.07.30-ны өдрийн 138/ШШ2020/00880 дугаар шийдвэрийн дагуу шийдвэрлэснийг Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.09.30-ны өдрийн 201/MA2020/26 дугаар магадлалаар өөрчилж шийдвэрлэсэн тул үүний зарим хэсгийг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэгт заасны дагуу хяналтын журмаар гомдол гаргаж байна. Тодруулбал: давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн хүүг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв байх талаас нь харж дүгнээгүй, холбогдох хуулийг хариуцагч нарт ашигтай байдлаар буруу тайлбарлан хэрэглэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт тус тус заасантай нийцээгүй гэж үзэж байгаа бөгөөд энэ нь мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлд хамаарахаар байна. Давж заалдах шатны шүүх магадлалын хянавал хэсэгтээ “...Би 2018 оны 11 сард ажлаас халагдсан, зээлээ төлөх боломжгүй болсон гэдгээ өөрийн биеэр очиж, эдийн засагчид хэлж, мэдэгдэж байсан. Тийм учраас зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх боломжгүй гэсэн гомдлыг гаргаж байсан. Хариуцагч Д.Г дээрх хүсэлтийг амаар гаргаж байсан гэдэг нь талуудын тайлбараар, тухайлбал нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Содном-Ишийн анхан шатны шүүх хуралдаан дээр хариуцагч нь зээл төлөхгүй байгаа шалтгаанаа цалингийн орлогогүй болсон гэж амаар тайлбарладаг юм билээ гэсэн тайлбараар тогтоогдож байна.” гэж нэхэмжлэгчийн хэлсэн тайлбарын бүрэн агуулгыг илэрхийлэхгүйгээр мушгин тайлбарлаж, зөвхөн хариуцагчид хамааралтай хэсгийг авч, түүнд ашигтай байдлаар дүгнэжээ. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс анхан шатны шүүх хуралдаанд тайлбарлахдаа хариуцагч Д.Г нь шүүхэд цалин орлогогүй болсон гэдгээ бичгийн нотлох баримтаар нотлоогүй, зөвхөн амаар төлөх боломжгүй байсан гэж тайлбарлаад байгаа нь үндэслэлгүй гэдгийг хэлсэн. Мөн Д.Гын зүгээс зээлийн гэрээг цуцлах, хүүг зогсоох тухай бичгээр хүсэлт гаргаж байгаагүй, ажлаас халагдсан тухай холбогдох хөдөлмөрийн гэрээ цуцалж, дуусгавар болгосон тушаалыг банкинд ирүүлж байсан удаа огт байхгүй. Хариуцагчийн хүү төлөхгүй байх тухай татгалзлын үндэслэл нь нотлох баримтаар тогтоогддоггүй, хариуцагч үүнийгээ нотлох үүргээ хэрэгжүүлээгүй. Мөн зээлийн гэрээнд тохиролцсоноор үндсэн болон хамтран зээлдэгч нь адил үүрэг хүлээх бөгөөд энэ тохиолдолд давж заалдах шатны шүүх Д.Г ажлаасаа халагдаж, цалин орлого тасалдсан гэж нотлох баримтгүйгээр дүгнэсэн байлаа ч үүнээс үл хамаарч хамтран зээлдэгч буюу хариуцагч Н.Н нь зээлийг төлөх үүрэг давхар хүлээнэ. Өөрөөр хэлбэл, зээлийн хүүг зогсоох, зээлийн гэрээ цуцлагдах үндэслэл хууль зүйн хувьд огт бүрдээгүй байхад давж заалдах шатны шүүх хуулийг илт буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Үүнээс гадна зээлийн гэрээнд ажлаасаа халагдаж орлогогүй болсон тохиолдолд зээлд хүү тооцохгүй гэсэн тохиролцоо байхгүй, зээлдэгч нь Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3-т заасны дагуу хүү шаардах эрхтэй байна. Зээлдэгч банк нь Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1-д “Банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ ...түүнд хадгалуулсан бусдын мөнгөн хөрөнгийн зохих хэсгийг өөрийн нэрийн өмнөөс бусад этгээд /цаашид “зээлдэгч” гэх/-д олгохыг банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох /цаашид “зээл” гэх/ гэнэ.” гэж заасны дагуу мөнгөн хадгаламжийн гэрээний дагуу хадгаламж эзэмшигч нарын байршуулсан мөнгөн хөрөнгийг бусдад зээлдүүлж, хүүгийн зөрүүгээр алдагдлаа нөхдөг. Гэтэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрлэсэн байдлаар зээлийн хүүгээ авч чадахгүй бол банкинд хохиролтой байгааг харгалзаж үзэхийг хүсье. Давж заалдах шатны шүүх зээлийн үндсэн болон нэмэгдүүлсэн хүү 2,433,268 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон, уг хүү нь одоогийн байдлаар 2 дахин өссөн хэдий ч шүүхэд зөвхөн нэхэмжлэл гаргах үеэр тооцон гаргасныг шүүх хангаж шийдвэрлэх боломжтой. Иймд дээрх үндэслэлээр Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.07.30-ны өдрийн 138/ШШ2020/00880 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.09.30-ны өдрийн 201/MA2020/26 дугаар магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
6. Нэхэмжлэгч Хны Дорнод салбар нь хариуцагч Д.Г, Н.Н нарт холбогдуулан 2017.07.06-ны өдрийн ЗГ/201743154145 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, зээлийн гэрээний үүрэгт 16,173,840.57 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
7. Хариуцагч Д.Гаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, ...цалингийн зээлийг хуваарийн дагуу төлж байсан. ...гэтэл 2018 оны 6 дугаар сард ажлаасаа халагдан цалин орлогогүй болж, зээлээ төлөх боломжгүй болсон. Энэ талаар банкны зээлийн эдийн засагчид мэдэгдсэн боловч ямар нэгэн аргаар зээлээ төл гэсэн шаардлага тавьсан. ...шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэх нь хуульд үл нийцнэ... гэж, хариуцагч Н.Нгээс ...тухайн үед би 13 сая төгрөгийн цалингийн зээлтэй байсан. Миний хувьд банкны шаардлагын дагуу, гэр бүлийн хүн хамтран зээлдэгчээр байх ёстой гэсний дагуу гэрээнд гарын үсэг зурсан. ...энэ зээлийг Д.Г нь өөрийн хувийн хэрэгцээнд ашигласан, би уг зээлээс мөнгө аваагүй, зээл төлөхийг зөвшөөрөхгүй... гэсэн тайлбарууд гарган, маргасан байна.
8. Анхан шатны шүүх зээлийн гэрээг цуцалж, хариуцагч тус бүрээс зээлийн гэрээний үүрэгт 8,086,920.29 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрт ...хариуцагч нараас тус бүр 6,870,286.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосон өөрчлөлтийг оруулжээ.
9. Анхан шатны шүүх тухайн маргаанд Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчөөгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
10. Хариуцагч Д.Г, Н.Н нар нь Хны Дорнод салбартай 2017.07.06-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 17,000,000 төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай зээлсэн, талууд гэрээнд зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү төлөх талаар тохиролцсон байх бөгөөд зээлдүүлэгч нь зээлсэн мөнгийг гэрээний дагуу зээлдэгч нарт шилжүүлж, зээлдэгч хуваарийн дагуу зээлийг, хүүгийн хамт буцаан төлөх үүргийг хүлээжээ.
11. Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн, зээлийн болон барьцааны гэрээ нь хуульд заасан шаардлага хангасан, хүчин төгөлдөр гэрээ, нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй талаар зөв дүгнэсэн байна.
12. Зохигчийн хооронд байгуулсан зээлийн гэрээний 6.1.1-д “Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь”-ийг удаа дараа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд банкны санаачилгаар гэрээг цуцалж, зээлийн төлбөрийг хугацаанаас өмнө бүрэн төлөхийг шаардахаар заасан ба зээлдэгч Д.Г нь гэрээнд заасан хугацаанд зээлээ төлөөгүй, 257 хоногийн хугацаа хэтрүүлж гэрээний үүргийн зөрчил гарган, 2019.04.04-ний өдрийн байдлаар үндсэн зээлд 13,740,572.85 төгрөг, хүүд 2,363,512,86 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 69,754.86 төгрөг, нийт 16,173,840.57 төгрөг төлөөгүй нь хэргийн баримтаар тогтоогджээ.
13. Түүнчлэн, Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д “Хэд хэдэн этгээд үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгчээс шаардах эрхтэй бөгөөд үүрэг гүйцэтгэгч үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх үүрэгтэй бол тэдгээрийг бүрэн эрх бүхий хамтран үүрэг гүйцэтгүүлэгчид гэнэ” гэж заасан.
Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 4.3-т “Хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрхийг эдэлж, үүрэг хүлээнэ”, ...5.1.7-д “Зээлдэгч зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол банк үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй бөгөөд зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн хэнээс нь ч бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах эрхтэй” гэж тус тус зааснаас үзэхэд хариуцагч нар нь зээлийн гэрээний үүргийг хамтран хариуцахаар гэрээгээр тохирсон, мөн нэхэмжлэгч нь хамтран үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй.
Иймд анхан шатны шүүх зээлийн гэрээний үүрэгт хариуцагч Д.Гаас 8,086,920.29 төгрөг, Н.Нгээс 8,086,920.29 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хны Дорнод салбарт олгож шийдвэрлэсэн нь Иргэний 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 242 дугаар зүйлийн 242.1-д заасанд нийцсэн байна.
14. Харин, давж заалдах шатны шүүх маргаанд хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, ...Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1, 220.4, 221 дүгээр зүйлийн 221.1-д заасан зохицуулалтыг төсөөтэй хэрэглэх боломжтой, ...цалингийн зээлийн хувьд тухайн хүний хөдөлмөрийн гэрээ дуусгавар болж, цалингийн орлогогүй болсон тохиолдолд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг Д.Гаас нэхэмжлэх эрхгүй... гэж дүгнэн, шийдвэрт өөрчлөлт оруулсан нь хууль зүйн үндэслэлгүй тул энэ үндэслэлээр магадлалыг хүчингүй болгоно.
15. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Д.Гын зүгээс зээлийн гэрээг цуцлах, хүүг зогсоох тухай бичгээр хүсэлт гаргаж байгаагүй, ажлаас халагдсан тухай холбогдох хөдөлмөрийн гэрээ цуцалж, дуусгавар болгосон тушаалыг банкинд ирүүлээгүй, ...давж заалдах шатны шүүх Д.Г ажлаасаа халагдаж, цалин орлого тасалдсан гэж нотлох баримтгүйгээр дүгнэсэн байлаа ч үүнээс үл хамаарч хамтран зээлдэгч буюу хариуцагч Н.Н нь зээлийг төлөх үүрэг давхар хүлээнэ. Өөрөөр хэлбэл, зээлийн хүүг зогсоох, зээлийн гэрээ цуцлагдах үндэслэл бүрдээгүй байхад давж заалдах шатны шүүх хуулийг илт буруу тайлбарлан хэрэглэсэн. ...зээлийн гэрээнд ажлаасаа халагдаж орлогогүй болсон тохиолдолд зээлд хүү тооцохгүй гэсэн тохиролцоо байхгүй” гэсэн хяналтын гомдол үндэслэлтэй гэж үзлээ.
16. Дээр дурдсан үндэслэлээр магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 201/МА2020/26 дугаар магадлалыг хүчингүй болгож, Дорнод аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 138/ШШ2020/00880 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын гомдлыг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2020.11.03-ны өдөр төлсөн 54,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
П.ЗОЛЗАЯА
Б.МӨНХТУЯА
С.СОЁМБО-ЭРДЭНЭ