Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 136/2020/00261/И |
Дугаар | 001/ХТ2022/00466 |
Огноо | 2022-04-14 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2022 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 001/ХТ2022/00466
“Ш” ХХК-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 136/ШШ2020/00279 дүгээр шийдвэр,
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 202/МА2020/00026 дугаар магадлалтай,
“Ш” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Д.М, Ц.Б нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 7,359,464 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Ц.Бгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Ш” ХХК нь хариуцагч Д.М, Ц.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7,359,464 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг эс зөвшөөрч, хариуцагч Д.М нь ...нэхэмжилсэн төлбөрийг Ц.Бтай хувааж төлнө гэж, хариуцагч Ц.Б ...энэ төлбөрийг Д.Мэр төлүүлнэ. Миний бие осолд орж тархи, нуруундаа гэмтэл авсан, ...эрхэлсэн ажилгүй, ямар ч орлогогүй тул төлбөрийг хамтран хариуцах боломжгүй гэсэн тайлбарууд гарган, маргасан байна.
2. Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 136/ШШ2020/00279 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 242 дугаар зүйлийн 242.13 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.Мэс зээлийн гэрээний үүрэгт 7,359,464 төгрөгийг гаргуулж “Ш” банк бус санхүүгийн байгууллагад олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 132,701 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 132,701 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.
3. Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 202/МА2020/00026 дугаар магадлалаар: Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 136/ШШ2020/00279 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 242 дугаар зүйлийн 242.1-д зааснаар хариуцагч Д.М, хариуцагч Ц.Б нараас зээлийн гэрээний үүрэгт зээл 6,330,510 төгрөг, хүү 1,014,273 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14,680 төгрөг, нийт 7,359,463 төгрөгийг гаргуулж “Ш” ХХК-д олгосугай.” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Д.Мөнх-Эрдэнийн давж заалдсан гомдлыг хангаж, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 73,826 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэсэн байна.
4. Хариуцагч Ц.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Ц.Б би нөхөр болох энэ Д.Мтэй 2 жилийн өмнө ...3 сард гэр бүл бололцсон нь үнэн болно. Ийнхүү амьдарч байх хугацаандаа ...уул уурхайн компанид жолоочийн ажил эрхэлдэг хүн байсан нь үнэн, одоо тэр компанидаа ажилладаг байх, би сайн мэдэхгүй байна. Манай гэрээс гараад явахдаа “Corona” өвчний улмаас болоод ажил хаагдсан байгаа, гэхдээ дарга намайг 7 сар хүртэл ажиллаж бай гэж хувиараа гуйсан тул би ажилдаа явлаа шүү гэхэд нь ...миний бие яах вээ хүү байгаа энэ олон өр шир чи бид хоёрт байгаа болохоор явах нь зөв гэсэн шийдвэрийг би дэмжсэн нь үнэн болно. Ийнхүү ажлаа хийгээд явж байгаа гэсэн бодолтой хэвтэрт хэвтэж байхад минь энэ хүн ажилдаа явах зорилготой бус, тахир дутуу болсон энэ хүүхнээс салах ёстой гэсэн бодлоор хандаж хаалгыг минь саваад гарсныг би хэзээ хойно мэдсэн... “Ш” ХХК-иас гаргасан нэхэмжлэл манай аймгийн шүүхийн байгууллагад энэ оны 5 сард орж ирсэн. Гэтэл шүүх хурал 7 сарын 24-ний өдөр шийдэгдсэн. Би энэ шүүхийн байгууллагад хурлынхаа шийдвэрийг гаргах болоогүй юу гэхэд энэ М гэх хүнийг олж ирэх учиртай гэсэн хариуг надад өгч байсан... ...2020.07.24-ний өдрийн анхан шатны шүүх хурлаар зээлийн нэхэмжилсэн 7,359,469 төгрөгийг Д.Мэс гаргуулах шийдвэр гаргасан. Гэтэл Д.М нь давж заалдаад анхан шатны шүүхийн шийдвэрийг цуцалж үндэслэлгүй гэж үзэж Д.М, Ц.Б нараас гаргуулахаар шийдвэрлэсэн. Дорноговь аймгийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг миний бие эсэргүүцэж байна. Д.Мөнх-Эрдэнийн давж заалдах гомдолд ...хариуцагч Ц.Бтай нэхэмжлэлийг хувааж төлөх шаардлагатай гэсэн байсан. Үүний хариуд би төлөх учиргүй гэж тайлбар хийсэн. Яагаад гэвэл зөвхөн энэ машиныг авахад 4,000,000 төгрөг зарцуулсан. Энэ мөнгө ганц надаас гарсан. Үүний эргэн төлөлт хүү нь 6 сарын туршид сарын 250,000 төгрөг, нийт 1,500,000 төгрөг, нийт 4,000,000+1,500,000=5,500,000 төгрөг, үүнийг би одоо хүртэл дангаараа төлөөд явж байгаа. Машины зээлийн эргэн төлөлт 1 сард 450,000 төгрөг нийт 8 сараас 2 сар хүртэл намайг орж ухаангүй болох хүртэл 6 сарын төлөлт 2,700,000 төгрөгийг зөвхөн би төлсөн. Одоо надаас цэвэр 8,200,000 төгрөг гараад байгаа, энэ дүн бол 2 сарыг хүртэлх мөнгө. Харин сарын 250,000 төгрөгийн төлөлт 2-9 сар хүртэл 1,750,000 төгрөгийг би дангаараа төлсөөр л сууна. Гэтэл би зуун төгрөгийн орлогогүй хүн, намайг яаж болгож байна гэж үзэж байна вэ. Энэ машин авах саналыг анх М гаргаж хөгшин нь 1,500,000 төгрөгийн цалинтай юм чинь миний хөгшин төлөлтөд битгий санаа зов хэмээн надад санал болгосон. ...гэтэл М гэгч хүн намайг эхнэрээ хэмээн хуурч залилан хийхээр манай хаалгаар орж ирснийг би мэдсэнгүй. Д.М нь надтай сууснаас хойш зуун төгрөгтэй миний гэрт орж ирээгүйгээр барахгүй манай гэрийг дэн буудал болгон 2 жил амьдарсан нь үнэн. ...Нэхэмжлэгч тал шүүхийн байгууллагад 2 хариуцагч гэж ирүүлсэн байна. Энэ машины эзэн хүн нь Д.М. Б би хамтран зээлдэгчээр орсон. Нэхэмжлэгч тал зээлийн гэрээгээ Д.Мөнх-Эрдэнийн ажил орлоготойд үндэслэн гаргасан. Тэр бичиг баримт хаа байна. Шүүх үүнийг яагаад нягталж үздэггүй юм. Мөн энэ нэхэмжлэгч талаас 2019.08 сараас 2020.02 сар хүртэл зөвхөн надтай холбогдож байсан нь үнэн. ...Нэхэмжлэгч талаас Б дандаа төлөлт хийж байсан, энэ хүнээс л гаргуулахгүй бол Мэс ажил удна гэсэн байр сууринаас хандаж байгаа дүр зураг надад харагдаж байна. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч талд гаргуулахаар шийдвэрлээд байхад яагаад энэ давж заалдах шатны шүүх буюу өөрөөр хэлбэл М, Б нарын маргаанд оролцож байгаа юм бэ. Үүнийг анхаарч үзнэ үү. Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн тухайд ...олон зүйл заалтаар, олон зүйл буруу тайлбарласан шинжтэй байна. Энэ шүүхийн асуудал анхнаасаа л надад буюу цаашлаад ард иргэдэд маш хүндрэлтэй байна. ...Анхан шатны шүүхэд гаргаж өгсөн төлбөр мөнгө бүх зүйл нотлох баримтаар өгсөн тул давж заалдах шатны шүүхэд би ороод яахав дээ гэж бодсон. ...энэ Хонда инсайт машиныг авахад, дээрээс нь 2019-2020 он хүртэл төлөлт хаа байна. ...Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэгт 2020.02.08-ны өдөр ухаангүй хүргэгдэж ирснээс хойш нэг ч сарын төлбөр мөнгө хийгдээгүй, энэнээс илүү ямар нотлох баримтыг шүүх надаас нэхээд байгаа юм бэ. Надаас нийт гарсан 8,200,000 төгрөгийг юу гэж үзээд байгаа юм бэ, би маш их гомдолтой байна. Би дөнгөж ухаан ороод... Мөнх-Эрдэнийг ажилдаа яв аа гээд явуулснаас хойш банкнаас над руу залгасан. Миний санаа зовж байсан учир Мөнх-Эрдэнийг би ах дүүгээсээ ч болов мөнгө зээлээд 1 сарын төлөлт ч болтугай хий гэж зөвлөсөн. Д.М за гэж хэлчихээд ажилдаа явсан. Гэтэл айл айлаар хоног төөрүүлээд ...архи ууж явааг хүмүүс надад мэдэгдсэн.
...Энэ нэхэмжлэлийн шаардаад байгаа мөнгийг би чадалгүйдээ биш, би төлөх үндэслэлгүй байгаа тул та бүхэн зөв шийдвэр гаргаж тусална уу гэжээ.
ХЯНАВАЛ:
5. Хариуцагч Ц.Бгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
6. Нэхэмжлэгч “Ш” ХХК нь хариуцагч Д.М, Ц.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7,359,464 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг эс зөвшөөрч, хариуцагч Д.М нь ...нэхэмжилсэн төлбөрийг Ц.Бтай хувааж төлнө гэж, хариуцагч Ц.Б ...энэ төлбөрийг Д.Мэр төлүүлнэ. Миний бие осолд орж тархи, нуруундаа гэмтэл авсан, ...эрхэлсэн ажилгүй, ямар ч орлогогүй тул төлбөрийг хамтран хариуцах боломжгүй гэсэн тайлбарууд гарган, маргасан байна.
7. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Д.Мэс 7,359,464 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрт “хууль хэрэглээний болон хариуцагч Д.М, Ц.Б нараас 7,359,464 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосон” өөрчлөлт оруулжээ.
8. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд хариуцагч Д.М, Ц.Б нар “Ш” ББСБ-тай 2019.08.08-ны өдөр 19/95 тоот зээлийн гэрээ байгуулж, 7,350,000 төгрөгийг жилийн 40 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээлж авсан байх ба хариуцагч нар нь уг гэрээний дагуу зээлийн төлбөрт 2,250,000 төгрөг төлсөн боловч гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлээгүй, үндсэн зээлийн 6,330,510 төгрөг, хүүгийн 1,014,273 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн 14,680 төгрөг, нийт 7,359,463 төгрөгийг төлөөгүй нь тогтоогдсон байна.
9. Талуудын хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн гэж хоёр шатны шүүх үзсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасантай нийцжээ.
10. Анхан шатны шүүх гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч хамтран үүрэг гүйцэтгэгчдийн зээлийн гэрээгээр хүлээсэн эрх, үүргийг зөв тодорхойлж чадаагүй, маргаанд хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн шийдэл зөв байна.
11. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д “Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ.”, ...242.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна” гэж тус тус заасан.
Мөн, талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 3.1.5-д “Зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол ББСБ үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй бөгөөд зээлдэгч болон хамтран зээлдэгчийн хэнээс нь ч бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах эрхтэй” гэж зааснаас үзэхэд хариуцагч Д.М, Ц.Б нар нь зээлийн гэрээний үүргийг хамтран хариуцахаар тохиролцож, гэрээнд гарын үсэг зурсан тул тэднийг хамтран үүрэг гүйцэтгэгчид гэж үзнэ.
12. Давж заалдах шатны шүүх ...хариуцагч нар нь гэрээгээр хамтран үүрэг хүлээхээр тохиролцсон, гэрээнд үүргийг хэрхэн хариуцахыг тодорхой зааж тохиролцоогүй тул үүргийг хуваах боломжгүй, зээлийн гэрээний үүргийг бүхэлд нь хариуцуулах үндэслэлтэй гэж дүгнэн, зээлийн гэрээний үүрэгт хариуцагч Д.М, Ц.Б нараас 7,359,463 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Ш” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 242 дугаар зүйлийн 242.1-д заасантай нийцжээ.
13. Иймд хариуцагч Ц.Бгийн “...давж заалдах шатны шүүх ...хуулийн олон зүйл заалтыг, олон зүйлийг буруу тайлбарласан шинжтэй байна. ...би энэ зээлийг төлөх үндэслэлгүй тул зөв шийдвэр гаргаж тусална уу” гэсэн хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй байна.
14. Дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 202/МА2020/00026 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Ц.Бгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020.09.04-ний өдөр төлсөн 73,826 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
П.ЗОЛЗАЯА
Б.МӨНХТУЯА
С.СОЁМБО-ЭРДЭНЭ