Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 623

 

2020 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 135/ШШ2020/00623

Дархан-Уул аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2020/00545

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Орхон аймгийн Баян-******* сум, * дүгээр баг, Зэст,*дүгээр хороолол, 19-р байрны 44 тоотод оршин суух ******* овогт *******ын ******* /РД:**/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сум, 8 дугаар баг, 17 дугаар хороолол, 2 дугаар байрны ** тоотод оршин суух ******* овогт *******ын ******* /РД:**/-т холбогдох,

 

"Зээлийн гэрээний үүрэгт нийт 9,200,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чинбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Л.*******тэй хамт ажиллаж байсан бөгөөд надруу утсаар ярьж гуйсны үндсэн дээр сарын 8 хувийн хүүтэй байхаар тохирч, 2018 оны 08 сарын 01-ний өдөр Л.*******ийн данс руу 3,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Үүнээс хойш 240,000 төгрөгийн хүүг надад сар бүр өгч байсан. Ингээд 2019 оны 02 сарын 15-ны өдөр над руу дахин залгаж эгчээ би дахин 5,000,000 төгрөг нэмээд авчихмаар байна. Би Олон Улсын худалдааны төвд лангуу нээсэн, бараа материалын мөнгө хэрэгтэй байна гэсэн. Тэгэхээр нь би өмнөх мөнгөө өгөөгүй байж яах гээд байгаа юм бэ гэхэд, өгнө та санаа зоволтгүй гээд 6 хувийн хүүтэй 5,000,000 төгрөгийг 2019 оны 02 сарын 18-ны өдөр мөн шилжүүлсэн. Түүнээс хойш гэрээ хийх гээд би хүүхэд хараад явж чадахгүй байсан, *******ийг зээлийн гэрээ бичгээр хийе гэхэд би данс руу чинь хүүгээ хийхэд л болно, гэрээ хийх шаардлага байхгүй гэдэг байсан. Энэ хооронд би мөнгөө нэхсэн, том хүү маань Улаанбаатарт байр авах гээд мөнгө хэрэг болоод байна гэхэд өгөөгүй, ах маань Солонгос Улсад эмчилгээнд явах гээд мөнгөө нэхэхэд өгөөгүй, тэгээд би уулзсан, хүүндээ гол нь биш мөнгөө өг, надад хэцүү байна гэхэд та хүүгээ буулга гэсэн, тэгээд үнэхээр төлж чадахгүй байгаа бол гээд 8,000,000 төгрөгөө 5 хувийн хүүтэй болгож бууруулж, зээлийн гэрээ байгуулсан. Би *******ийг ихээр нь биш юм гэхэд сард 500,000 төгрөгөөр нь цувуулаад эгчийнхээ мөнгийг өгөөч гэж хэлж байсан. Тэгэхэд өгнө лангуу ашигтай гэж хэлдэг байсан. Зээлийн гэрээг 2020 оны 01 сарын 15-ны өдөр хийсэн, зээл төлөх график гаргаж зээлийн гэрээний ард бичсэн. Түүнээс хойш нэг удаа хүү 400,000 төгрөг шилжүүлсэн, тэгээд утсаа авахгүй байсан учраас би шүүхэд өгсөн. Шүүхэд өгснөөс хойш над руу залгаж шүүхэд өгнө гэж санаагүй, чамтай хэрэггүй зээлийн гэрээ байгуулж гэж хэлсэн. Одоо Л.*******ээс үндсэн мөнгө 8,000,000 төгрөг, сүүлийн 3 сарын хүү 1,200,000 төгрөг, нийт 9,200,000 төгрөг гаргуулж өгнө үү. Зээлийн гэрээг дүр үзүүлж хийсэн гэж байгааг ойлгохгүй байна. Зээлийн гэрээнд заасан нийт 8,000,000 төгрөгийг Л.*******т би өмнө нь шилжүүлэн өгсөн байхад гэрээ нь хүчин төгөлдөр бус гэж байгааг зөвшөөрөхгүй гэв.

 

Хариуцагч Л.******* шүүхэд гаргасан тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ:

Надаас 9,200,000 төгрөгийг нэхэмжилсэн шаардлагыг зөвшөөрөх боломжгүй байна. Миний бие Л.******* нь 2018 оны 08 сарын 01-нд 3,000,000 төгрөг, 2019 оны 02 сарын 18-ны өдөр 5,000,000 төгрөгийг тус тус зээлсэн. Дээрх мөнгөнөөс 2018 оны 09 сарын 01-ний өдрөөс 2020 оны 02 сарын 23-ны өдрийг хүртэл нийт 7,240,000 төгрөгийг төлж барагдуулсан. Одоо 760,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Харин 2020 оны 01 сарын 15-ны өдөр мөнгө зээлсэн зүйл огт байхгүй тул уг гэрээг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чинбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч 3,000,000 төгрөгөөр, 5,000,000 төгрөгөөр 2 удаа нийт 8,000,000 төгрөг авсан нь үнэн гэдэг. Зээлээ сар бүр дансаар төлж байсан ба буцаагаад нийт 7,240,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн байдаг. Одоо зээлийн үлдэгдэл 760,000 төгрөг үлдсэн гэж хариуцагч хэлдэг. Анх мөнгө зээлэхдээ зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй учраас хүүг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Энэ гэрээ бол хүчин төгөлдөр бус юм. Анхнаасаа энэ хоёр утсаар ярьж тохиролцсон байгаа. Гэрээнд тамга тэмдэг байхгүй. Тус гэрээг 2020.01.15-ны өдөр байгуулаад 8,000,000 төгрөгийг 5 хувийн хүүтэй зээлүүлсэн гэж байгаа, гэрээ нь хуулийн шаардлага хангаагүй. Гэтэл энэ мөнгийг 2018 онд зээлсэн мөнгө байгаа, нэг ёсондоо дүр үзүүлэн хийсэн гэрээ гэж үзэж хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан. Дэмжиж байна гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Л.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэг болох зээлийн үндсэн төлбөр 8,000,000 төгрөг, 3 сарын хугацааны хүү 1,200,000 төгрөг, нийт 9,200,000 төгрөг гаргуулахаар, хариуцагч Л.******* нь нэхэмжлэгч Д.*******д холбогдуулан талуудын хооронд 2020 оны 01 сарын 15-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.

 

Нэхэмжлэгч Д.******* нь шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийнхээ үндэслэлийг ...2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 3,000,000 төгрөгийг 8 хувийн хүүтэй зээлүүлсэн, 2019 оны 02 сарын 18-ны өдрийг хүртэл сар бүрийн хүү 240,000 төгрөгийг өгч байсан, тэгээд 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр дахин 5,000,000 төгрөгийн зээлийг 6 хувийн хүүтэйгээр зээлж, зээлийн хүүнүүдийг сарын эхэн болон сарын сүүлд төлдөг байсан. Энэ үедээ зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй. Тэгээд 2020 оны 01 сарын 15-ны өдөр бид уулзан нийт зээлүүдээ нэгтгэн, 8,000,000 төгрөгийг 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаатайгаар 5 хувийн хүүтэйгээр тохирч зээлийн гэрээг бичгээр хийж баталгаажуулсан. Хариуцагч Л.******* нь зээлийн гэрээг бичгээр хийгээгүй байхад хүүгээ сар бүр төлөөд явж байгаад 2020 оны 01 сараас хойш хүүгээ төлөхгүй байгаа тул хугацаанаас нь өмнө үндсэн зээл 8,000,000 төгрөг, 3 сарын хүү 1,200,000 төгрөгийг нэхэмжилж байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, гэрээнд заасан 8,000,000 төгрөгийг өмнө өгсөн байсан, түүнээс дүр үзүүлж хийсэн зүйл байхгүй гэж,

хариуцагч Л.******* болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын татгалзал болон сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ ..2018 оны 08 сарын 01-ний өдөр 3,000,000 төгрөг, 2019 оны 02 сарын 18-ны өдөр 5,000,000 төгрөгийг тус тус зээлсэн нь үнэн. Тухайн үед амаар хүү тохирч байсан хэдий ч бичгээр гэрээ байгуулаагүй тул хүү тооцох үндэслэлгүй. Харин 2018 оны 09 сарын 01-ний өдрөөс 2020 оны 02 сарын 23-ны өдрийг хүртэл төлсөн нийт 7,240,000 төгрөгийг буцаан төлсөн. Иймээс үлдэгдэл 760,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. 2020 оны 01 сарын 15-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу нэг ч төгрөг зээлж аваагүй, энэ гэрээ нь дүр үзүүлэн хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бус хэлцэл юм гэж тус тус тайлбарлаж байна.

Хэрэгт авагдсан хариуцагч Л.*******ийн эзэмшлийн ******* дугаартай Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар 2018 оны 08 сарын 01-ний өдөр 3,000,000 төгрөг, 2019 оны 02 сарын 18-ны өдөр нийт 5,000,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Д.*******гаас хариуцагч Л.*******т шилжүүлсэн, хариуцагч Л.*******ээс нэхэмжлэгч Д.*******д 2018 оны 09 сарын 01-ний өдрөөс 2019 оны 02 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд сар бүр 240,000 төгрөгийг, 2019 оны 03 сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд сар бүрийн эхэнд 240,000 төгрөг, сар бүрийн сүүлд 300,000 төгрөгийг тус тус төлж байсан болох нь тогтоогдож байгаа бөгөөд талууд энэхүү үйл баримт, үнийн дүнгийн талаар маргаагүй болно.

Мөн хэрэгт талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 01 сарын 15-ны өдрийн зээлийн гэрээ авагдсан бөгөөд тус гэрээгээр Д.*******гаас Л.*******т 2020 оны 01 сарын 15-ны өдрөөс 2020 оны 12 сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд 8,000,000 төгрөгийг нэг сарын 5 хувийн хүүтэй зээлдүүлэхээр тохирчээ. Энэхүү гэрээг байгуулснаас хойш буюу 2020 оны 02 сарын 23-ны өдөр хариуцагч Л.*******ээс нэхэмжлэгч Д.*******д 400,000 төгрөг буцаан төлсөн болох нь хэрэгт авагдсан Л.*******ийн Хаан банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна.

 

Дээрх үйл баримтаас дүгнэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө .... шилжүүлэх, зээлдэгч нь .... мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, 282.4-т мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус заажээ.

 

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагаас 760,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, бусад хэсгийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ зээлийн гэрээг мөнгө шилжүүлэн авах үедээ бичгээр байгуулаагүй тул хүү тооцох эрхгүй, шилжүүлсэн нийт 7,240,000 төгрөгийг үндсэн зээлийн төлбөр болох 8,000,000 төгрөгөөс хасаж тооцох үндэслэлтэй, бичгээр байгуулсан зээлийн гэрээний дагуу мөнгө шилжүүлээгүй, дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тайлбарлаж байгаа боловч дээр дурдсан хариуцагч Л.*******ийн дансны дэлгэрэнгүй хуулгаар нэхэмжлэгчийн 2018 оны 08 сарын 01-ний өдөр зээлсэн нийт 3,000,000 төгрөгийн хүүг 8 хувиар тооцож, сар бүр 240,000 төгрөг хүүнд төлж байсан, мөн 2019 оны 02 сарын 18-ны өдөр 5,000,000 төгрөг зээлж, сарын хүүг 6 хувиар тооцож сар бүр 300,000 төгрөг хүүнд төлж байсан, 2020 оны 01 сарын 15-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 5 хувиар хүүг тооцож, 1 сарын хүүнд 400,000 төгрөг өгсөн гэсэн тайлбар тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд зохигчдын хооронд 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 3,000,000 төгрөгийн зээлийн гэрээ, 2019 оны 02 сарын 18-ны өдрийн 5,000,000 төгрөгийн зээлийн гэрээ тус тус байгуулагдсан байгаа бөгөөд энэхүү гэрээнүүдийн дагуу талууд хүүг өөр өөр хувиар тогтоож, хариуцагч Л.******* нь 2020 оны 01 дүгээр сарыг хүртэл энэхүү 2 гэрээний дагуу тохиролцсон хүүг сар бүр тус тусад нь төлж байжээ.

Харин 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр талууд дээрх 2 гэрээг нэгтгэн бичгээр байгуулан, хүүг 5 хувь болгож өөрчилсөн байгаа нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ, талуудын тайлбар болон хариуцагч Л.*******ээс нэхэмжлэгч Д.*******д 2020 оны 02 сарын 23-ны өдөр дансаар 400,000 төгрөг шилжүүлсэн дансны хуулгаар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан боловч талууд амаар хэлэлцэн тохирсон гэрээнүүдээ хуульд нийцүүлэн хожим бичгээр нэгтгэн хийсэн нь мөн хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэсэн гэрээний чөлөөт байдлын зарчимд нийцэж байна.

 

Нөгөө талаас Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3-т Төлбөр гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөн буюу талууд хэлэлцэн тохиролцсон бол хуульд заасан хэлбэрээр гэрээ хийхийг шаардахгүй гэж заасны дагуу хариуцагч Л.******* нь бичгээр гэрээ байгуулахаас өмнөх хугацаанд тохиролцсон хүүг хүлээн зөвшөөрөн төлсөн байх тул ийнхүү хүүнд төлөгдсөн мөнгийг үндсэн зээлийн төлбөрөөс хасаж тооцох үндэслэлгүй юм.

 

Иймд дээрх хуульд зааснаар зохигчдын хооронд 2020 оны 01 сарын 15-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний дагуу 8,000,000 төгрөгийг шилжүүлэн аваагүй, дүр үзүүлэн хийсэн гэрээ гэсэн хариуцагч талын татгалзал хууль зүйн үндэслэлгүй бөгөөд дээрх гэрээг хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.

 

Хариуцагч Л.******* нь 2020 оны 01 сарын 15-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 2020 оны 02 сарын 23-ны өдөр 400,000 төгрөгийг нэхэмжлэгч Д.*******д шилжүүлэн өгсөн бөгөөд энэ нь зээлийн гэрээнд тохирсны дагуу нэг сарын хүү байна.

 

Талууд гэрээнд зээлийн гэрээ дуусгавар болох хугацааг 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөр тогтоосон бөгөөд зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байна.

Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Л.*******ийг гэрээний үүргээ биелүүлээгүй 3 сар болсон, удаа дараа шаардахад мөнгөө өгөхгүй байгаа үндэслэлээр зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн үндсэн төлбөр болох 8,000,000 төгрөг, 3 сарын хугацааны хүү 1,200,000 төгрөгийг гаргуулахаар шаардлага гаргаж байгаа бөгөөд хариуцагч Л.******* нь гэрээг хугацаанаас өмнө цуцалсан үндэслэл дээр маргаагүй, гэрээг хүчин төгөлдөр бус гэж маргаж байгаа байдал, зээлийн үлдэгдэл төлбөрт 760,000 төгрөгийн төлбөр төлөхийг зөвшөөрч байгаа байдал зэргээс дүгнэхэд зохигчдын хэн алинд энэхүү гэрээг үргэлжүүлэх хүсэл зориг байхгүй байна гэж үзэхээр байна.

 

Иймд энэхүү нөхцөл байдал нь Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1.1-д заасан үндэслэлд хамаарч байна гэж үзэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч Д.*******гийн гэрээний үүрэг болох зээлийн үндсэн төлбөр 8,000,000 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх 3 сарын хугацааны хүү 1,200,000 төгрөг, нийт 9,200,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Хариуцагч Л.******* нь 2020 оны 01 сарын 15-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд сөрөг нэхэмжлэлийнхээ үндэслэлийг тус гэрээний дагуу мөнгө шилжүүлэн аваагүй, дүр үзүүлэн хийсэн хэлцэлд хамаарна гэж тайлбарлаж байна.

 

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь зээлийн гэрээний үүргийг шаардсан үндсэн нэхэмжлэлийн талаарх түүний татгалзлын үндэслэл байна.

Нөгөө талаас Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг. Гэтэл талуудын байгуулсан энэхүү гэрээний хувьд өмнө амаар байгуулсан гэрээнүүдээ нэгтгэн бичгийн хэлбэрт оруулж, зээлийн хүү, хугацааг шинэчлэн тогтоосон агуулгатай байх тул хариуцагч Л.*******ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндлэслэлгүй юм.

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Л.*******ээс зээлийн гэрээний үндсэн төлбөрт 8,000,000 төгрөг, 3 сарын хугацааны хүү 1,200,000 төгрөг, нийт 9,200,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.*******д олгож, хариуцагч Л.*******ийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Л.*******ээс нийт 9,200,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.*******д олгож, хариуцагч Л.*******ийн 2020 оны 01 сарын 15-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 162,150 төгрөг, хариуцагч Л.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142,150 төгрөгийг тус тус Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас илүү төлсөн 19,200 төгрөгийг хариуцагч Л.*******т буцаан олгож, хариуцагч Л.*******ээс улсын тэмдэгтийн хураамж 162,150 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.*******д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ