Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 655

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2020/00372/и

         Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, шүүгч Д.Алтантуяа, шүүгч Д.Оюундарь нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

     Нэхэмжлэгч: ... хот, ... дүүргийн ... хороо, ... гудамж, ... цамхаг, ... давхарт байрлах “Б.д” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

     Хариуцагч: ... аймгийн ... сум, ... баг, ... байранд байрлах “ДАЗЗА” ТӨХК /цаашид “ДАЗЗА” ТӨХК гэх/-д холбогдох,  

 

    “Даатгалын нөхөн төлбөр болох 9,263,007 төгрөг гаргуулах” тухай  иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А /онлайнаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Атарбямба, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Б.д” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““ДАЗЗА” ТӨХК нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 27.3-т заасныг зөрчиж зам, замын байгууламжийн засвар арчлалтыг хийгээгүйгээс замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад саад учруулж, зам тээврийн осол гаргах нөхцөлийг бүрдүүлсний улмаас даатгуулагч Б.С нь 2019 оны 06 сарын 06-ны өдөр 16 цагийн үед Дархан-Уул аймгаас Орхон аймаг чиглэлийн хатуу хучилттай засмал замын 49-50 тэмдэгт бүхий газарт ... улсын дугаартай Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгсэлтэй онхолдож зам тээврийн осол гарсан.

Даатгуулагч Б.С нь 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр ... дугаар “Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ”-г 1 жилийн хугацаатай “Б.д”  ХХК-тай байгуулсан. “Б.д” ХХК нь Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ, ослын газрын тэмдэглэл, фото зураг, даатгуулагчийн өргөдөл, Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн дүгнэлт, Прокурорын тогтоол, хохирлын үнэлгээний тайлан зэрэг баримтуудыг үндэслэн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 9,263,007 төгрөгийн нөхөн төлбөрийг даатгуулагчид олгосон.

Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэгт “Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ” Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэгт “Даатгалын гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэгч даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ.”, Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Монгол Улсын Даатгалын тухай хуулийн 8.7, Иргэний хуулийн 443.7-д тус тус заасныг үндэслэн даатгагч нөхөн төлбөрийг олгосон нөхцөлд буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ” гэж тус тус заасныг үндэслэн даатгуулагчийн гэм буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх эрх нь “Б.д” ХХК-д бүрэн шилжсэн бөгөөд буруутай этгээд нь нөхөн төлбөрийг даатгагчид төлөх үүрэгтэй.

Хариуцагч “ДАЗЗА” ТӨХК-ийн буруутай үйлдлийн улмаас даатгуулагч зам тээврийн осолд орж даатгалын зүйлд хохирол учирсан нь Тээврийн цагдаагийн албаны бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газрын прокурорын тогтоолоор тус тус тогтоогдсон болно.

Иймд “Б.д” ХХК-ийн даатгуулагчид олгосон нөхөн төлбөр болох 9,263,007 төгрөгийг хариуцагч “ДАЗЗА” ТӨХК-иас гаргуулж өгнө үү” гэв.

 

   Хариуцагч “ДАЗЗА” ТӨХК шүүхэд гаргасан болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Атарбямба шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.д ХХК-иас нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг “ДАЗЗА” ТӨХК бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д “Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ. Харин даатгуулагч гуравдагч этгээдэд шаардлага гаргах буюу шаардлагыг хангуулах эрхээсээ татгалзсан бол тэр хэмжээгээр даатгагч гэм хорыг нөхөн төлөх үүргээс чөлөөлөгдөнө.” гэж заасан байгаа. Энэ утгаараа 443.7-дахь заалтыг оруулсан байсан. Харин даатгуулагч гуравдагч этгээдэд шаардлага гаргах буюу шаардлагыг хангуулах эрхээсээ татгалзсан бол гэж байгаа. Тэгэхээр хавтаст хэргийн материалаас даатгуулагч гуравдагч этгээд болох газраасаа нэхэмжлэлээ гаргасан эсэх нь тодорхойгүй байгаа. Өөрөөр хэлбэл нөхөн төлбөр гаргуулсан эсэх нь тодорхойгүй байгаа, татгалзсан эсэх нь ч тодорхойгүй байгаа. Мөн нотлох баримт гаргаж өгсөн, Прокурорын тогтоол, зам тээврийн ослын тэмдэглэл, энэ нь юу вэ гэхээр даатгал олгох үндэслэл болохоос биш яг энэ замаас болж осол болсон уу үгүй юу гэдгийг тогтоосон зүйл байхгүй, өөрөөр хэлбэл энэ зам хэр хэмжээний талбайтай, эвдрэлтэй, хэр хэмжээний гүнтэй байсан, хажуу талаасаа замын гол хэсгээс ямар зайтай байсан, энэ дээгүүр гарахад машин эвдрэх боломжтой юу үгүй юу гэдгийг замын цагдаагийн үзлэгээр тогтоох боломжгүй. Замд эвдрэл байна, энэ нь осол гарахад нөлөөлсөн гэсэн утгаараа, даатгал өгөх баримт болно. Авто тээврийн ослоос харахад тодорхой зүйл харагдахгүй байгаа. Тухайлбал тухайн зам дээгүүр гарахад юу эвдрэх байсан тэр зам дээгүүр гараагүй. Бодитойгоор хандаасай гэж бодож байна, жолооч өөрөө замаа сонгож явах ёстой, тэр зам дээгүүр гараагүй, өөр машинтай мөргөлдөөгүй, тэр замыг тойрч гарчихаад энэ замаас болсон гэж болохгүй. Машин хэдэн километр тойрч сөрөг урсгалд орсон талаарх баримт байхгүй байна. Замаас болсон гэдгийг тогтоож чадаагүй, тэр жолооч бүр холуур тойрч гарсан байгаа, замаас болсон гэж байгаа бол энэ асуудлаа тодорхой болгох ёстой. Замын эвдрэлийг хэмжиж тогтоосон зүйл байхгүй, эвдрэл байсан л гэж байгаа. Эзэмшигч мөн үү биш үү гэдэг дээр анхаарч өгнө үү гэж хүсэж байна, замыг яг эзэмшиж байгаа байгууллагаас нь гаргуулахаар заасан байдаг. Тэгэхээр манайх эзэмшигч биш гэдэг нь нотлох баримтаар гаргаж өгсөн Улсын төсвийн хөрөнгөөр 2019 онд гүйцэтгэх авто замын засвар арчлалтын ажлыг захиалагч гүйцэтгэгч нарийн хооронд байгуулсан гэрээнээс харагдах юм. Энэ гэрээ нь 2019.01.09-ны өдрийн 26 тоот гэрээ байгаа. Энэ гэрээгээр эзэмшигч биш гэдгийг тодорхойлж байгаа юм. Гүйцэтгэгч нь “ДАЗЗА” ТӨХК байгаа, манайх хөрөнгө төсөв хяналт шалгалт хийгээд энэ газар ийм засвар хийх ёстой, тэр мөнгийг нь гаргаж өгөх ёстой гэсэн гэрээ байдаг. Энэ хугацаанд нь хяналт шалгалтын байгууллага шалгаж байхад ажлаа хийгээгүй бол манайх хариуцах ёстой, гэтэл хяналт шалгалтын газар энэ замыг ингэж зас гэсэн төсөв мөнгө ч байгаагүй, үүрэг ч байгаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй” гэв.

           

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр  шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

       Нэхэмжлэгч “Б.д” ХХК нь хариуцагч “ДАЗЗА” ТӨХК-д холбогдуулан даатгуулагчид олгосон нөхөн төлбөр 9,263,007 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэлийнхээ үндэслэлийг “...Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д зааснаар “ДАЗЗА” ТӨХК нь зам, замын байгууламжийн засвар арчлалтыг хийгээгүйгээс зам тээврийн осол гарахад нөлөөлсөн буруутай үндэслэлээр даатгуулагчид төлсөн даатгалын нөхөн төлбөрийг хариуцах үндэслэлтэй” гэж тайлбарлаж байна.

 

Хариуцагч “ДАЗЗА” ТӨХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй маргаж байгаа үндэслэлээ “...холбогдох гэрээний дагуу ажил үүргээ бүрэн биелүүлсэн бөгөөд Тээврийн цагдаагийн албаны бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй гарсан, хариуцагч талын гэм буруу тогтоогдоогүй байхад шаардлага гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй, тухайн автомашины жолооч замын нөхцөл байдлаа сонгож явах ёстой тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй” гэж тайлбарладаг болно.

           

Хэрэгт авагдсан Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын Прокурорын газрын прокурорын 2019 оны 12 сарын 09-ний өдрийн ... дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” тогтоолоор Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3 дугаар багийн нутаг дэвсгэр Дархан-Уул аймгаас Орхон аймгийн чиглэлийн хатуу хучилттай засмал замын            ... тэмдэгт бүхий газарт ... улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгсэл онхолдож зам тээврийн осол гарсан гэх хэргийн хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад уг зам тээврийн осол нь Б.Сгийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захирааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас гарсан болох нь тогтоогдохгүй байна гэж үзээд хэрэг бүртгэлтийн ... дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хаасан бөгөөд энэхүү тогтоол хүчинтэй байна.

 

Дээрх тогтоолын үндэслэл болсон Тээврийн цагдаагийн албаны 2019 оны 10 сарын 11-ний өдрийн 387 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “тээврийн хэрэгслийн жолооч Б.С нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: б/Хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх, 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна” гэж, “Зам тээврийн осол болсон гэх газарт замын зорчих хэсгийн гадаргуу эвдэрсэн байгаа байдал нь хэргийн газрын үзлэгийн явцад тогтоогдож байх тул авто замын ашиглалт хариуцсан аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 37.3. “Зам ашиглалт хот тохижилтын асуудал эрхэлсэн байгууллагын ажилтан, албан тушаалтан нь зам, замын байгууламж, төмөр замын гарам болон хөдөлгөөн зохицуулах техник хэрэгслийг холбогдох норм дүрэм, стандартын шаардлагын дагуу бүрэн бүтэн байлгах, хэрэв эдгээр нь эвдэрсэн буюу замын гадаргуу мөстсөн зэргээс хөдөлгөөнд аюул учруулж болзошгүй үед түүний нэн даруй засах, цэвэршүүлэх арга хэмжээ авна” гэснийг зөрчсөн, мөн замын байгууламжийн засвар арчлалтыг хийгээгүйгээс замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад саад учруулж, зам тээврийн осол, зөрчил гарах нөхцлийг бүрдүүлсэн нь зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болсон байна” гэж дүгнэсэн байна.

 

Нэхэмжлэгч “Б.д” ХХК болон даатгуулагч тээврийн хэрэгслийн өмчлөгч Б.Э нарын хооронд 2018 оны 12 сарын 06-ны өдөр нэг жилийн хугацаатай тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулагдсан бөгөөд зам тээврийн осол гарах үед тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Б.С нь хамтран даатгуулагчаар оролцсон, “Ашид билгүүн” ХХК-ийн 2019 оны 06 сарын 12-ны өдрийн 114 дугаартай “Автомашин техникийн үнэлгээний тайлан”-аар нийт 9,594,000 төгрөгийн эвдрэл, хохирлын үнэлгээ гарсан, “Б.д” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 01 сарын 27-ны өдрийн 036 дугаартай “Нөхөн төлбөр олгох тухай” тушаалын хавсралтаар даатгуулагч Б.Эод 9,263,007 төгрөгийн нөхөн төлбөр олгосон зэрэг нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Зохигчид энэхүү үйл баримтын талаар маргаагүй болно.

 

Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д “даатгуулагч учирсан гэм хорын хохирлыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ”, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д: “Даатгалын гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ” гэж тус тус заажээ.

 

Хариуцагч “ДАЗЗА” ТӨХК нь шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй гарсан, гэм буруутай байдал тогтоогдоогүй, хариуцагч биш гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж тайлбарладаг болно.

 

Дээр дурдсан Прокурорын тогтоол, түүний үндэслэл болсон шинжээчийн дүгнэлтээр тухайн тээврийн хэрэгслийн жолооч болон авто замын ашиглалт хариуцсан аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтны аль аль нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалт зөрчсөн болох нь тогтоогдож байна.

 

Хэрэгт авагдсан хариуцагч “ДАЗЗА” ТӨХК нь Зам тээврийн хөгжлийн яамтай 2019 оны 01 сарын 09-ний өдрийн 26 дугаартай “Улсын төсвийн хөрөнгөөр 2019 онд гүйцэтгэх авто замын засвар арчлалтын ажлын захиалагч, гүйцэтгэгч нарын хооронд байгуулсан гэрээ”-ний 1.2-т зааснаар Зам тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 288 дугаар тушаалаар батлагдсан хөрөнгөд багтаан өөрийн хариуцдаг олон улс, улсын чанартай авто зам, замын байгууламжийн засвар арчлалтын ажлыг гүйцэтгэн жилийн аль ч улиралд авто тээврийн хэрэгсэл зорчиход байнга бэлэн байлгах үндсэн үүргийг хүлээсэн бөгөөд гэрээний хугацаа 2019 оны 01 сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл байхаар тохирчээ. /хх-ийн 68-73 дугаар тал/

 

Мөн гэрээний 3.6-д гүйцэтгэгч нь авто зам, замын байгууламжийн урсгал засвар, арчлалтын ажлыг холбогдох норм, дүрэм, стандарт, журмыг баримтлан гэрээнд болон график төлөвлөгөөнд заасан хугацаанд, хөрөнгийн хэмжээнд багтаан техникийн шаардлагын дагуу чанарын өндөр түвшинд гүйцэтгэж, авто зам, замын байгууламжийн байнгын бэлэн байдлыг хангах үүрэг хүлээсэн байна.

 

Өөрөөр хэлбэл зам тээврийн осол гарсан гэх Дархан-Уул аймгаас Орхон аймгийн чиглэлийн авто зам нь дээр дурдсан гэрээнд заасны дагуу хариуцагч “ДАЗЗА” ТӨХК-ийн 2019 оны 01 сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд засвар, арчлалтыг хариуцаж, авто зам, замын байгууламжийн байнгын бэлэн байдлыг хангах үүрэгт хамаарч байна.

 

Мөн хэрэгт авагдсан Прокурорын тогтоолд шинжээчийн дүгнэлтээр замын зорчих хэсгийн гадаргуу эвдэрсэн байдал нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн гэх үндэслэлтэй гэсэн дүгнэлтийг үндэслэн хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан бөгөөд хариуцагч “ДАЗЗА” ТӨХК нь иргэний хариуцагчаар тус ажиллагаанд оролцсон байна.

 

Иймд хариуцагч талын нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа тайлбар үндэслэлгүй байна.

 

Харин Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7, Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д зааснаар гэм хорын хохирлыг гэм буруутай этгээдээс шаардах эрхтэй даатгагчид хохирол шаардах даатгуулагчийн эрх шилжих үндэслэл нь гуравдагч этгээдийн гэм буруутай байдал тогтоогдсон байх явдал юм.

 

Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан бөгөөд хэрэгт авагдсан баримтаар хариуцагч “ДАЗЗА” ТӨХК-ийн зам, замын байгууламжид засвар, арчлалт хийх эс үйлдэхүй зам тээврийн осол гарахад нөлөөлсөн гэсэн дүгнэлт гарсан хэдий ч тээврийн хэрэгслийн жолооч мөн Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байдал тогтоогдож байна.

 

Иймд Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д “Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно” гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлага болох нөхөн төлбөрт олгосон 9,263,007 төгрөгийн тал хувь 4,631,503 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А нь шүүх хуралдаанд онлайнаар оролцсон бөгөөд тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд ирж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны баримтуудад гарын үсэг зураагүй боловч нэхэмжлэгч “Б.д” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, Ч.Э нар дээрх баримтуудад гарын үсэг зурсан, хэргийн материалтай танилцсан бөгөөд тэдгээрээр дамжуулж болон шүүхийн цахим шуудангаар холбогдох материал, баримтын хуулбарыг хүргүүлж танилцсан, мөн шүүх хуралдааны явцад эрх, үүргийг тайлбарлаж өгсөн болохыг дурдаж байна.

 

Шүүх хуралдаанд сонгогдсон иргэдийн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд зохигчид иргэдийн төлөөлөгчийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг явуулсан болно.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

           1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 514 дүгээр зүйлийн 514.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д тус тус заасныг баримтлан хариуцагч “ДАЗЗА” ТӨХК-иас 4,631,503 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Б.д” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 4,631,503 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Б.д” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 163,160 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ДАЗЗА” ТӨХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 89,054 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Б.д” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

        

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.ОЮУНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД                                                       Д.АЛТАНТУЯА

 

                                                                                    Д.ОЮУНДАРЬ