Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2022/00916

 

 

 

2022           10            13                                        001/ХТ2022/00916

 

“БД” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Д-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 655 дугаар шийдвэр,

Д-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 86 дугаар магадлалтай,

“БД” ХХК-ийн нэхэмжлэлтэй

“Д АЗЗА” ТӨХК-д холбогдох

Даатгалын нөхөн төлбөр болох 9,263,007 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 Хариуцагчийн төлөөлөгч Б.Баясгалангийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мэндсайхан, Б.Гэрэлмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. “БД” ХХК нь “Д АЗЗА” ТӨХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөр болох 9,263,007 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

2. Д-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 655 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 514 дүгээр зүйлийн 514.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д тус тус заасныг баримтлан хариуцагч “Д АЗЗА” ТӨХК-иас 4,631,503 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “БД” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 4,631,503 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “БД” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 163,160 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Д АЗЗА” ТӨХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 89,054 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “БД” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

3. Д-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 86 дугаар магадлалаар Д-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 655 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, “Д АЗЗА” ТӨҮГ-ын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч “Д АЗЗА” ТӨҮГ-аас давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 89.054 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн төлөөлөгч Б.Баясгалан хяналтын гомдолдоо: ...Магадлал нь нотлох баримтыг ташаа авч үзсэнээр хэрэглэх ёстой хуулийн заалтыг хэрэглэхгүй, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангаагүй гэж үзэн хяналтын журмаар гомдол гаргаж байна. Үүнд: 1. Авто замдаа бус жолооч замын хөдөлгөөнийг ноцтой зөрчин сөрөг урсгалаар анхнаасаа хурдтай явж жолоогоо залж чадаагүй огцом дарснаар өөрийн урсгалдаа орж чадахгүйгээр замаасаа гарч хүмүүсийн амь насыг хохироосон нь прокурорын тогтоол, хэргийн газрын үзлэг, зураглал, фото үзүүлэлтээс харагдаж байхад замаар шалтаглан хэргийг хаасан нь тухайн хэргийн бодит байдалтай огтхон ч нийцэхгүй байна. Прокурорын тогтоол нь асуудлыг бүрэн дүүрэн бодиттой шийдсэн эцсийн шийдвэр биш бөгөөд прокурорын тогтоолд гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөхийг үгүйсгэх аргагүй байхад хариуцагч талд танилцуулаагүй, тогтоол болон шинжээчийн дүгнэлтэд шүүх гомдол гаргах боломжоор хангаагүй, эргэлзээ бүхий буруу үйлдлийг зөвтгөн хаацайлж буй мэт ойлголт төрүүлж, прокурорын тогтоолыг нотлох баримт болгосон нь үндэслэлгүй бөгөөд “Д АЗЗА” ТӨХК-ийг хэрэг бүртгэлийн процесст эхнээсээ оролцуулаагүй мөртлөө шүүхийн эцсийн шатанд яллаж байгаа шийдвэр нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна. 2. Жолоочийн буруутай үйлдлийн хохирлыг даатгалын байгууллага бүрэн хариуцах ёстой нь шударга ёсонд нийцнэ. Тухайлбал: Эвдрэлтэй гэх зам руу ямар ч хурдтай гарсан машин эвдрэхээргүй нь хавтаст хэргийн материалаас харагдана, фото зургийн үзүүлэлт, замын хэмжээнээс үзэхэд машин сөрөг урсгалд орох зайлшгүй, гарцаагүй байдал тохиолдоогүй байна. Тодруулбал: Замын эвдрэл гэх нь гүн биш, замын захаас 60-70 см орчим, замын нэг талын өргөн 3 метр бөгөөд сөрөг урсгалд орохгүй саадыг захлаад өнгөрөхөд бүрэн бололцоотой ба 2 метр 30 см зайд машин хангалттай багтаж гарах чөлөөт зай байсаар байхад жолооч сөрөг урсгалд орсон нь жолоочийн өөрийн сонголт гэж үзэхээс өөр аргагүй. Энэ нөхцөлд жолоочийн замаа сонгох сонголтыг эвдрэлтэй гэх замтай холбон үзэх буюу ослыг замтай холбон үзэх шалтгаант холбоо харагдахгүй байна. Иймд жолоочийн буруутай үйлдэл нь бүрэн хэмжээний байсныг шүүх анхаарсангүй. 3. “БД” ХХК-ийн нэхэмжилсэн мөнгөний 50% болох 4,631,503 төгрөгийг “Д АЗЗА” ТӨХК-иас гаргах болсныг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Даатгуулагч Б.Сайнтуяа 2019.06.06-ны өдөр авто осол гаргахдаа эвдрэлтэй зам дээгүүр гарсан бол өөр хэрэг. Гэтэл замын эвдрэлтэй хэсгээр гараагүй, дэргэд нь ч болоогүй хол зайтай газар тухайн авто осол болсон байдаг. Хавтаст хэргийн материал дахь шинжээчийн хэд хэдэн дүгнэлтэд осол болоход замын эвдрэл нөлөөлсөн гэсэн хэдий ч замын эвдрэл хэрхэн, яаж нөлөөлснийг нотолсон зүйл байхгүй. Тодруулбал: Эвдэрсэн гэх хэсэг ямар талбайг эзлэх, гүн, зах, ирмэг, замын эвдрэлийн аюулын хир хэмжээ, шинэ хуучин эвдрэл, авто хэрэгсэл дээгүүр нь гарахад ямар эд, анги хэрхэн эвдэрч болох эсэх талаар мэдэх, ойлгох ямар ч боломжгүйгээс гадна бага ч гэсэн ойлголт авах баримт байхгүй байхад 50%-ийн буруутай гэж үзсэн нь ойлгомжгүй болсон. 4. Осол болох гол шалтгаан нь хүндээ юу, замдаа юу гэдгийн сайтар нягтлах шаардлага байгаа. Тойрохоос өөр аргагүй замын эвдрэлтэй хэсэг гэж үзэх юм бол саадыг тойронгуутаа сөрөг урсгалаас тэр даруй өөрийн эгнээндээ орсон бол осол гарахааргүй байсан. Замын эвдрэлтэй гэх цэгээс хол зайд замын урсгал сөрөн явж өөрийн эгнээндээ орох хангалттай зай байсаар байхад оролгүй хурдтай явж байгаад жолоогоо залж чадахгүй замын хажуу руу орсон нь замдаа бус жолоочид нь буруу байсан. Шүүхийн хэлэлцүүлэг дээр нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс замын эвдрэлээс ямар зайд осол болсон талаар лавлахад хэмжээг хариулах шаардлагагүй гэсэн нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримт гаргаж өгөөгүйг илэрхийлнэ. Замын эвдрэл нь захаасаа 70 орчим см-аас илүүгүй байхад болон тэр даруйдаа сөрөг урсгалаас өөрийн эгнээндээ ороогүй байдлаас үзэхэд осол болох тухайн цаг үед замын эвдрэлийн дэргэдүүр өнгөрөхдөө жолооч эхнээсээ сөрөг урсгал руу орчихсон явж байсныг үгүйсгэхгүй юм. Саадыг ямар нөхцөлд тойрох, хурдаа хэрхэн тохируулах, замын сүлжин явсан бол ямар зайд туулаад өөрийн эгнээндээ орох эсэх нь шууд жолоочоос шалтгаалах бөгөөд сонголт нь өөрт нь байсан юм. Дүрэм журмаа зөрчсөн жолоочоос хамаарах буруутай үйлдлийг амьгүй замтай холбон үзэх нь зохимжгүй юм. Жолооч сөрөг урсгалд хурдтай явсан, үзэгдэх орчин хэвийн үед эгнээндээ орж чадахгүй замаасаа гарч авто машин хэд хэдэн удаа бүтэн эргэсэн нь гэрэл зургийн үзүүлэлт болон дараах мэдүүлгүүдээс харагдана. Б.Сайнтуяагийн (...зам өгсөж яваад эргээд уруудсан, би замын хагархайг сүлжиж зүүн тал руу дараад замын сөрөг урсгалд орсон тэгээд өөдөөс машин ирж яваа харагдсан би сандраад тоормос гишгээд хөлөө аваад өөрийн урсгалд орох гээд баруун гар тал руугаа жолооны хүрдийг дарсан, тэгэхэд машин хөндөлдөөд замын хажуу руу ороод...) гэх мэдүүлэг. - Мөн гэрч Зоригтбаатарын (...Орхон голын гүүрэн дээр ирээд хэсэг зогсож байтал Б.Сайнтуяа ...хажуугаар яваад өнгөрсөн тэгээд бид нар 5 орчим минутын дараа хөдөлсөн боловч нэлээн холдоод явчихсан байсан ...өгсүүр замаар гараад иртэл ...Б.Сайнтуяагийн жолоодож явсан машин замаас гарч онхолдсон... яваад очтол машин нь хэд хэдэн удаа бүтэн эргэж зогссон...) гэх мэдүүлгээс нотлогдоно. 5. Ослын газар хийсэн хэмжилтээс харахад замын өргөн 6 м, нэг урсгал 3м, эвдрэл нь замын захаас 60-70 см орчим байхад 2 м 30 см гаруй зайгаар сөрөг урсгалын цагаан зурвасыг давахгүйгээр эвдрэлийг захалж явахад машин багтах хэмжээний зай байсаар байхад жолооч эхнээсээ зориуд сөрөг урсгалаар явж өнгөрчээ гэж үзэхээр байдаг. Осол болох өдрийн орчны нөхцөл байдлын үзүүлэлтээс харахад тэнгэр цэлмэг өдөр, бороо хургүй, харагдах орчин сайн, замын эвдрэл хэсэг тодорхой харагдаж түүн дээгүүр гарлаа гэхэд осол болсон шиг тийм хохирол гарч эвдрэхээргүй байгааг бодолцон үзэх ёстой зүйлийн нэг юм. 6. Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 2019.10.11-ний өдрийн 387 тоот дүгнэлт, 2019.07.22-ны 14 тоот дүгнэлт, 2019.09.15-ны өдрийн 26 тоот дүгнэлтүүд зэрэг нь осол болсон жолоочийн дүрэм зөрчсөн байдлыг тогтоосон акт болохоос замын эвдрэлийн хир хэмжээ, аюултай эсэхийг болон гэм хорын хэмжээг тогтоосон акт биш тул зам эзэмшигч буюу хариуцсан байгууллагын хяналтын мэргэжилтэн, хариуцагчийн төлөөлөгчийг оролцуулаагүй. Шинжээчийн дүгнэлтүүдэд танилцах эрх үүргийг хэрэгжүүлээгүй юм. Энэ утгаараа хариуцагч талаас замтай холбоотой шинжээчийн дүгнэлт гаргуулах, асуудалд бодиттой хандах үүднээс хүсэлт гаргасан байгааг шүүхээс хангаагүй болно. Нотлох баримт хангалттай бус, жолоочийн өөрийн буруу 100% байхад алдааг зам руу хандуулах боломжгүйг анхаарч үзнэ үү. 7. Иргэний хуулийн 443.7 дугаар зүйлд (...харин даатгуулагч гуравдагч этгээдэд шаардлага гаргах, шаардлага хангуулах эрхээсээ татгалзсан бол тэр хэмжээгээр даатгагч гэм хорыг нөхөн төлөх үүргээс чөлөөлөгдөнө.) гэсний дагуу даатгуулагч Б.Сайнтуяа өөрөө болон хамт даатгуулагчид нь гаргасан шаардлага, шаардлагыг хангуулах эрхээсээ татгалзаагүйг илэрхийлсэн баримт харагддаггүйг онцолж анхаарна уу. (Жич: Энэ хуулийн заалтын дагуу хариуцагч талд даатгуулагч нарын шаардлага бичгээр болон амаар мэдэгдээгүй болно.) 8. Авто замын тухай хуулинд зааснаар авто замыг арчлах, засварлахтай холбогдсон асуудалд замыг өмчлөгч, эзэмшигч байгууллага хяналт тавих ёстой. Зам эзэмшигч байгууллага нь Зам, тээврийн хөгжлийн яам юм. Энэ байдлаас “Д АЗЗА” ТӨХК нь хариуцагч биш бөгөөд Зам, тээврийн хөгжлийн яам, “Д АЗЗА” ТӨХК-ийн хооронд байгуулагдсан 2019 оны 26 тоот ажил гүйцэтгэх гэрээнээс харагдана. Улсын төсвийн хөрөнгөөр 2019 онд гүйцэтгэх авто замын засвар, арчлалтын ажлын захиалагч, гүйцэтгэгч нарын хооронд байгуулсан гэрээгээр “Д АЗЗА” ТӨХК нь хариуцсан зам дээр эвдрэл гарсан бол өөрийн дураар шууд засаж арчлах ямар ч боломжгүй, эрх зүйн үндэс байхгүй болно. Тус гэрээний 2.2-т зааснаар захиалагчийн төлөөлөгч ажлын төрөл, тоо хэмжээг үзэж тодорхойлон, хурлын тэмдэглэл, хийх аргачлалыг үндэслэн график төлөвлөгөөг хянах, холбогдох удирдлагаар баталгаажуулж, ажлын гүйцэтгэл маягтын хамтаар гүйцэтгэгчид (“Д АЗЗА” ТӨХК) хүлээлгэн өгөх ёстой. Харин осол болсон замын эвдрэл дээр ажиллагаа хийгдээгүй байхад ажил гүйцэтгэх ёсгүй. Нөгөө талаар гэрээний 2.9-т зааснаар хянаж баталгаажуулсан ажлын гүйцэтгэлийг Сангийн сайдын 2016 оны 415 тоот тушаалаар батлагдсан төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжүүлэлтийн журам, Зам, тээврийн сайдын 2013 оны 154 тоот тушаалаар батлагдсан Зам, тээврийн салбарын хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх журмын дагуу замын эвдрэлийг засах хэсэгт санхүүжилт хийгдсэн байх ёстой гэтэл Д-Эрдэнэт чиглэлийн авто замын 49-50 дахь тэмдэгт бүхий газрын замын эвдрэлт санхүүжилт хийгдээгүй байсан. Дээрх нөхцөл хангагдсан байхад гэрээний З.б.-д зааснаар график төлөвлөгөөнд заасан хугацаанд манай байгууллага ажиллах ёстой байсан гэтэл иймгүй тул манайд хамааралтай биш, манайх хариуцагч биш болно. Манайх ямар нөхцөлд хариуцах ёстойг дурдвал гэрээний үүргийн дагуу төлөвлөгөөнд заасан хугацаанд засвар хийгээгүй, чанаргүй, дутуу хийсэн бол хохирлыг өөрийн хөрөнгөөр хариуцах ёстой. Иймд гэрээний гүйцэтгэлийн хугацаанд осол гараагүй бөгөөд 2019 оны гэрээний ажлын хэсгийн тайлангийн үнэлгээний хүснэгтийн 6-д “Д АЗЗА” ТӨХК-д 91,2 оноо өгч хангалттай сайн дүгнэгдсэн байгаа. Зам, Тээврийн хөгжлийн яам, “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-ийн хяналтын хэлтэс нь замын эвдрэлийг хариуцах бөгөөд график төлөвлөгөө, санхүүжилтийг батлагдсаны үндсэн дээр манай байгууллагаар ажил гүйцэтгүүлдэг учиртай, гэрээний үүргийн гүйцэтгэлийг дутуу биелүүлсэн, хийгээгүй бол хариуцлага хүлээлгэх акт үйлдэж манайд тавьдаг журамтай, ийм асуудал болоогүй. Иймд бидний гомдолд дурдагдсан нөхцөл байдлыг хянан үзэж анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүхийн 86 тоот магадлалд өөрчлөлт оруулж, гэм хорын хохирол болох 4,631,503 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

6.Нэхэмжлэгч “БД” ХХК, хариуцагч “Д АЗЗА” ТӨХК-д холбогдуулж, даатгуулагчид олгосон нөхөн төлбөр 9,263,007 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн үндэслэлээ “...хариуцагч нь замын байгууламжийн засвар арчлалтыг хийгээгүйгээс зам тээврийн осол гарахад нөлөөлсөн буруутай тул даатгуулагчид төлсөн даатгалын нөхөн төлбөрийг хариуцах үндэслэлтэй...” гэж тодорхойлжээ.

Хариуцагч “Д АЗЗА” ТӨХК нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй маргахдаа “...манай байгууллага холбогдох гэрээний дагуу үүргээ бүрэн биелүүлсэн, Тээврийн цагдаагийн газрын бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй, жолооч замын нөхцөл байдлаа сонгож явах ёстой, яг замаас болж осол гараагүй, даатгуулагч буюу жолооч нь эвдэрсэн зам дээгүүр явсан болох нь тогтоогдоогүй, гэм буруугүй...” гэж мэтгэлцжээ.

7. Анхан болон давж заалдах шатны шүүх “...нэхэмжлэгч нь даатгалын гэрээний дагуу даатгуулагчид нөхөн төлбөрийг бүрэн олгосон боловч осол гарсанд хариуцагч байгууллага болон даатгуулагч нарыг аль аль нь зохих буруутай тул хохирлыг хэмжээг багасгах үндэслэлтэй...” гэж үзэж хариуцагчаас 4,631,503 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэхдээ Иргэний болон Даатгалын тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулсан байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээнэ.

8. Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д “Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ” гэж, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д “Даатгалын гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ” гэж, Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д “Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно” гэж тус тус заасан, шүүх нэхэмжлэлийн эрх зүйн үндэслэл болж буй эдгээр хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Даатгагч нь учирсан гэм хорыг даатгуулагчид нөхөн төлсөн бол уг гэм хорыг гуравдагч этгээдээс шаардах эрхийг ийнхүү хуулиар олгосон бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчаас гэм хор шаардах эрхтэй нь тогтоогдсон, шүүх гэм буруугийн байдлыг харгалзан хохирлын хэмжээг оновчтой тогтоосон байна.

9. Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдол дараах үндэслэлээр хангагдахгүй гэж үзнэ.

9.1. “БД” ХХК болон Б.Эрдэнэцогт нарын хооронд 2018.12.06-ны өдөр нэг жилийн хугацаатай, тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулагдсан байх бөгөөд хамтран даатгуулагч Б.Сайнтуяа уг тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа осолд орж, “БД” ХХК 2020.01.27-ны өдөр даатгуулагч Б.Эрдэнэцогтод 9,263,007 төгрөгийн нөхөн төлбөр олгожээ.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын Прокурорын газрын 2019.12.09-ний өдрийн 5/80 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэрэг хаах тухай” тогтоолоор уг зам тээврийн осол нь Б.Сайнтуяагийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас гарсан болох нь тогтоогдохгүй байна гэж үзээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хаажээ.

Хэрэг бүртгэлтийн явцад “Д АЗЗА” ТӨХК нь иргэний нэхэмжлэгчээр оролцсон атлаа осол гарсан шалтгаан нөхцөлийг маргаж, шинжээчийн дүгнэлт, прокурорын тогтоолд гомдол гаргаагүй, хэргийг хаасан тогтоол хүчин төгөлдөр болсон байна. Шүүх тогтоолыг шийдвэрийн үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 116 дугаар зүйлийн 116.3 дах хэсгийг зөрчөөгүй бөгөөд хэрэг бүртгэлтийн шатанд тогтоолыг гардуулаагүй, гомдол гаргах бололцоогоор хангаагүй гэснээс гадна эргэлзээтэй тогтоолыг шийдвэрийн үндэслэл болгосон гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй.

9.2. Хяналтын журмаар гаргасан гомдолд заасан “...осол гарсан нөхцөл байдлыг шүүх нарийн тунгааж, дүгнээгүй, ослын акт, осол гарах үеийн цаг агаарын байдал, замын хэмжээ, эвдрэл орон зайг харахад жолооч эвдрэлийг тойрч, эсрэг урсгалд орохгүй байх боломжтой байсан, мөн замын эвдрэл дээгүүр гарсан ч ийм хэмжээний хохирол учрахгүй байсан, жолооч дангаараа гэм буруутай болохыг шүүх анхаараагүй...” гэх гомдлыг хангах боломжгүй байна.

Учир нь Тээврийн цагдаагийн албаны бүрэлдэхүүнтэй шинжээч нар 2019.10.11-ний өдрийн 387 дугаартай дүгнэлтэд “...хохирогч Б.Сайнтуяа нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 дэх хэсгийн б-д “хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигчийг тээвэрлэхгүй байх”, 1.3-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтыг зөрчсөн боловч энэ нь осол гарахад нөлөөлөөгүй, харин замын зорчих хэсгийн гадаргуу эвдэрсэн байдал нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн” гэж ослын шалтгааныг тогтоожээ.

Хариуцагч “Д АЗЗА” ТӨХК нь уг дүгнэлтийг зөвшөөрөөгүй бол гомдол гаргах, шинжээч томилуулах хүсэлтийг хэрэг бүртгэлтийн явцад гаргаж байгаагүйгээс гадна шүүхээр хэрэг хянан хэлэлцэх шатанд уг дүгнэлтийг үгүйсгэх баримтыг гаргаагүй, эсвэл “замын эвдрэлийн хир хэмжээ, байршил осолд шууд нөлөөлөөгүй эсэхийг тогтоолгохоор нотлох баримт бүрдүүлэх хүсэлт”-ийг шүүхэд гаргаагүй байна. Шүүх өөрийн санаачилгаар дээрх ажиллагааг явуулдаггүй бөгөөд хариуцагчийн эрхийг хязгаарласан зөрчил гаргаагүй, мэтгэлцэх боломжийг хангасан байх тул шүүхийг буруутгах үндэслэлгүй болно.

9.3. Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 27.3-т Зам ашиглалт, хот тохижилтын асуудал эрхэлсэн байгууллагын ажилтан, албан тушаалтан нь зам, замын байгууламж, төмөр замын гарам болон хөдөлгөөн зохицуулах техник хэрэгслийг холбогдох норм, дүрэм стандартын шаардлагын дагуу бүрэн бүтэн байлгах, хэрэв эдгээр нь эвдэрсэн буюу замын гадаргуу мөстсөн зэргээс хөдөлгөөнд аюул учирч болзошгүй үед түүнийг нэн даруй засах, цэвэрлүүлэх арга хэмжээ авна гэж заажээ.

Зам тээврийн осол гарсан гэх Д-Уул, Орхон аймгийн чиглэлийн хатуу хучилттай засмал замын 49-50 дахь тэмдэгт бүхий газар нь “Д АЗЗА” ТӨХК-ийн хариуцсан хэсэгт хамаарсан, “Д АЗЗА” ТӨХК нь Зам тээврийн хөгжлийн яамтай байгуулсан 2019.01.09-ний өдрийн гэрээний дагуу өөрийн хариуцдаг олон улс, улсын чанартай авто зам, замын байгууламжийн засвар арчлалтын ажлыг гүйцэтгэн, жилийн аль ч улиралд авто тээврийн хэрэгсэл зорчиход байнга бэлэн байлгах үндсэн үүрэгтэй этгээд байна. Иймд хариуцагч биш байсан гэх гомдол үндэслэлгүй.

9.4. Түүнчлэн хариуцагч нь “даатгуулагч гуравдагч этгээдэд шаардлага гаргах буюу шаардлага хангуулах эрхээсээ татгалзсан нь тодорхой бус, энэ талаар шүүх тодруулаагүй” гэж гомдолдоо дурджээ.

Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д “...Харин даатгуулагч гуравдагч этгээдэд шаардлага гаргах буюу шаардлагыг хангуулах эрхээсээ татгалзсан бол тэр хэмжээгээр даатгагч гэм хорыг нөхөн төлөх үүргээс чөлөөлөгдөнө...” гэж заасан.

Гэвч даатгуулагч нь даатгагчаас нөхөн төлбөрөө авсан тул гуравдагч этгээд буюу “Д АЗЗА” ТӨХК-д холбогдуулан шаардлага гаргах эрхээсээ татгалзах боломжгүй, энэ талаарх хариуцагчийн гомдол үндэслэлгүй юм.

10. Иймд хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Д-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 655 дугаар шийдвэр, Д-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 86 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр төлсөн 89,054 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                      ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                               Н.БАЯРМАА

                        ШҮҮГЧИД                                                            П.ЗОЛЗАЯА

                                                                                                     Б.МӨНХТУЯА

                                                                                                     Д.ЦОЛМОН

                                                                                                     Х.ЭРДЭНЭСУВД