Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 123/ШШ2019/0025

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Одсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Г С ХХК,

Хариуцагч: Төв аймгийн С сумын З Д  холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: С сумын З Д-ын 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Б/15 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г С ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баясгалан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Даваасүрэн, өмгөөлөгч Н.Баасанжав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г С ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баясгалан шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус компани нь 2016 онд улсын нөөцийн газрын Жаргалант сум дахь салбараас газар эзэмших гэрчилгээг барьцаалж 52,280 тн үрийн будааг урьдчилгаа 30 хувь буюу 16,900,000 төгрөг төлж, үлдэгдэлийг ургац хураалтын дараа өгөхөөр гэрээ хийж авсан. Тэр жил аймгаараа ургац хураалт алдаж зээлээ төлж чадаагүй өдийг хүрсэн. 2017 онд талбайгаа өнжүүлээд 2018 онд 60 га-д тариалалт хийж 200 га газрыг иргэн В.Мөнхжаргалд түрээслүүлж урьдчилгаа 2,000,000 төгрөгийг аваад үлдэгдэлийг ургац хураалтын дараа авахаар тохирсон боловч мөн л ургац алдсан. Ийм хүнд нөхцөлд ажиллаж ямар ч ашиг орлогогүй, зээлээ төлөх бололцоогүй үед сумын засаг дарга С.М нь хуулийн буруу заалт хэрэглэж, 430 га газар эзэмших эрхийг хүчингүй болгосныг хууль бус шийдвэр гэж үзэж байна. Газар түрээслэхдээ газрын даамалд гэрээ хийх үү гэж асууж байсан. Тус компани нь зориулалтын дагуу тариалалтаа хийж, газрын төлбөрөө хугацаанд нь төлж, ямар нэгэн хууль зөрчсөн үйлдэл гаргаж байгаагүй. Зөвхөн 2017 онд газар эзэмших гэрээг шинэчлэн байгуулаагүй гэсэн шалтгаанаар цуцалсан Захирамж гаргасан нь хуулийн ямар нэгэн үндэслэлгүй байна. Газрын төлбөрөө төлж байсан гэсэн Төв аймгийн Газрын албаны албан бичиг хэрэгт байгаа. Газар эзэмших эрхийн гэрээг 2013 оноос хойш сунгаагүй гэсэн. Тус компани газар эзэмших эрхийн гэрээг 2016 он хүртэл байгуулсан байсан. Харин 2017 онд гэрээг сунгаагүй, учир нь гэрээг сунгахаар очих үед Засаг дарга байхгүй эсвэл газрын даамал ажил дээрээ байдаггүйгээс шалтгаалсан.... Иймд хууль бус ашиг сонирхлын зөрчилтэй С сумын З Д-ын2018 оны 3-р сарын 13-ны Б/15 захирамжийг хянан үзэж тус захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч С сумын Засаг дарга С.М, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Даваасүрэн, өмгөөлөгч Н.Баасанжав нар шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төв аймгийн С сумын нутагт  Г СХХК нь 430 га газрыг эзэмшиж байсан. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэдэг үндэслэлээр З Д-ынБ/13 дугаартай захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон. Энэ шийдвэрийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр тус компанийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Г.Золзаяад утсаар мэдэгдэж, захирамжийг шуудангаар илгээсэн... Захирамжийг гардан авсан гэж үзэж байгаа. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт эрхийн гэрчилгээг эзэмшигч, барьцаалагч этгээд З Д-ыншийдвэрийг хууль бус гэж үзвэл тухайн шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын 10 өдөрт багтаан шүүхэд гомдол гаргах эрхтэй гэж заасан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т зааснаар шүүхэд шууд хандахаар заасан бол хуульд заасан хугацаанд, хугацаа заагаагүй бол шийдвэрийг мэдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана гэж заасан.  Г СХХК захирамж гарснаас хойш нэг жилийн дараа гомдол гаргасан. Нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн. Сумын З Д-ын2008 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Б/13 дугаартай захирамж бол Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар эрхийн гэрчилгээг эзэмшигч нь Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөлийг удаа дараа зөрчсөн гэсэн үндэслэл байгаа.  Г СХХК-тай 2013 оны 03 дугаар сарын 19-ний өдөр газар эзэмших гэрээ байгуулсан. 2013, 2014, 2015, 2016 онуудад газар эзэмших гэрээг байгуулаагүй, Газрын тухай хуульд зааснаар газар эзэмших гэрээг жил бүр дүгнэх заалттай байгаа. Гэрээ нь 1 жилийн хугацаатай байгуулагдсан байдаг. Энэ үүргээ  Г СХХК биелүүлээгүй гэж үзэж, гэрээний үүрэг, Газрын тухай хуулийг зөрчсөн нэг үндэслэл болж байгаа. 2013 оны 03 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан газар эзэмших гэрээний 2.3 дахь хэсэгт газрын төлбөрийг улирал бүрийн эхний сарын 25-ны дотор газар эзэмшигчийн дансанд шилжүүлнэ гэж заасан. Төв аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газрын 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн албан бичгээр тус компани нь 2018 онд газрын төлбөрийг төлөөгүй байгаа. Энэ нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-т заасан газар эзэмшигч нь газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй гэж хуулиар болон гэрээгээр хүлээлгэсэн үүргээ биелүүлээгүй байна гэж үзэх үндэслэлтэй.... 2013 онд хамгийн сүүлд гэрээ байгуулсан байдаг. Энэ нь Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8 дахь хэсэгт заасан газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ гэсэн заалтыг зөрчсөн. Нэхэмжлэлдээ газрыг зориулалтын дагуу ашиглаж, 2016, 2017, 2018 онуудад тариалалт хийж ургац алдсан гэсэн. Төв аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 126 тоот албан бичгээр С сумын 2016, 2017, 2018 оны тайланд  Г СХХК-ийн тариалалт хийсэн мэдээ байхгүй гэсэн баримт хэрэгт авагдсан байгаа. Энэ газрыг зориулалтын дагуу ашиглаагүй, тариалалт хийгээгүй гэдэг нь нотлогдож байгаа. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6 дахь хэсэгт газар эзэмшигч нь газар эзэмшүүлэх эрхийг гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр тухайн газраа бүгдийг нь буюу зарим хэсгийг ашиглуулж болно гэж заасан. Гэтэл  Г СХХК эзэмшиж байсан газартаа тариалалт хийгээгүй, бусдад түрээсэлж байсан нэхэмжлэлд дурдсан Мөнхжаргал гэдэг хүнд түрээслүүлсэн байдаг. Мөн хэрэгт авагдсан Дэм С хоршоонд 2016, 2017 онд түрээслүүлж байсан нь тогтоогддог.  Г СХХК эзэмшиж байсан газраа бусдад ашиглуулахдаа сумын Засаг дарга болон Газрын албанаас зөвшөөрөл аваагүй. Удаа дараа хууль буюу гэрээгээ зөрчиж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй... нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн С сумын З Д-ын2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Б/15 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай Г СХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Төв аймгийн С сумын З Д-ын2008 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 90 дүгээр захирамжаар тус сумын Лоогийн ам гэх газарт байршилтай, нийт 430 га газрыг Г СХХК-д 60 жилийн хугацаагаар эзэмшүүлж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгон, газар эзэмшүүлэх гэрээг 2008 оны 06 дугаар сарын 28, 2013 оны 03 дугаар 19-ны өдрүүдэд байгуулжээ.

Хариуцагч 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Б/15 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Г СХХК 430 га талбайг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2017 оны газар эзэмших гэрээ байгуулаагүй, газрын төлбөрөө төлөөгүй, 2008 оны 90 дугаар захирамжийн дагуу үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй гэх үндэслэлээр тус компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Уг захирамжийг 2018 оны 03 сарын 29-ний өдөр тус компанийн захирал Г.Золзаяад хүргүүлсэн тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж, С сумын ЗДТГ-ын архив бичиг хэргийн ажилтан Д.Эрдэнэтуягийн бичсэн тодорхойлолтыг шүүхэд ирүүлсэн.

Харин 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Г СХХК-ийн захирлаар Г.Эрдэнэчимэгийг бүртгэж, компанийн улсын бүртгэлийн гэрчилгээнд бичилт хийсэн. Тус компанийн захирал Г.Эрдэнэчимэгт сумын З Д-ынБ/15 дугаар захирамжийг мэдэгдээгүй, хүргүүлээгүй. Мөн нэхэмжлэгчээс маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулахаар 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр гомдол гаргасныг Төв аймгийн Засаг дарга хүлээн авч, 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 07/92 тоот албан бичгээр ...газар эзэмших эрхийг цуцлах үндэслэлтэй гэсэн хариу өгсөн, уг хариуг авсны дараа 2019 оны 2 сарын 26-ны өдөр тус захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тус шүүхийн 2019 оны 02 сарын 27-ны өдрийн 123/ШЗ2019/0062 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацааг 14 хоногоор тогтоож, нэхэмжлэгч 2019 оны 03 сарын 07-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэлээ гаргаж ирүүлсэн байна. Иймд нэхэмжлэгчийг Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-т захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана, 98 дугаар зүйлийн 98.1-т ...захиргааны байгууллага гомдлыг хянан үзээд дараахь захиргааны актын аль нэгийг гаргана... 98.1.5. захиргааны актыг хэвээр үлдээх...гэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т...захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол ...шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана гэж тус тус зааснаар гомдол, нэхэмжлэлээ гаргасан гэж үзэх үндэслэлтэй байх тул хариуцагчийн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

Маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийг авч үзвэл:

1. 430 га талбайг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2017 оны газар эзэмших гэрээ байгуулаагүй гэсний тухайд

Хариуцагч тал 2013 оны 03 дугаар 19-ны өдөр 1 жилийн хугацаатай гэрээ байгуулсан, үүнээс хойш гэрээ байгуулаагүй, гэрээний биелэлтийг дүгнүүлээгүй, Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8-т ...гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ гэж заасныг зөрчсөн хэмээн тайлбарласан ч тус компанийг гэрээгээ дүгнүүлэх, мөн гэрээгээ байгуулахыг шаардсан гэх нөхцөл байдлуудаа нотлох баримтаар нотолж тогтоогоогүй, эдгээр нөхцөл байдал нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Иймд хариуцагчийг Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2-т заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох, ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримт цуглуулах, үнэлэх үүргээ биелүүлээгүй байна гэж үзлээ. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8-т зааснаар газар эзэмшигчийн газар эзэмшүүлэх гэрээний биелэлтийг газар эзэмшүүлэгч буюу сумын Засаг дарга, газрын даамал нар дүгнэх үүрэгтэйг дурьдах нь зүйтэй.

2. Газрын төлбөрөө төлөөгүй гэх үндэслэлийн тухайд:

Г СХХК, С сумын газрын даамал Ц.Даваасүрэн нарын хооронд 2013 оны 03 дугаар 19-ны өдөр байгуулсан газар эзэмшүүлэх гэрээнд 428.3 га газрын /179 га, 83 га, 166.3 га/ төлбөрт нийт 330648 төгрөг /138188 төгрөг, 64076 төгрөг,128384 төгрөг/-ийг жил бүрийн 3-р улиралд төлөхөөр гэрээ байгуулсан. Төв аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2019 оны 03 сарын 28-ны өдрийн 07/231 тоот албан бичгээр тус компани газрын төлбөрт 2013, 2014, 2015 онуудад төлбөр төлөөгүй, 2016 онд 499000 төгрөг, 2017 онд 490000 төгрөг, нийт 989000 төгрөг төлсөн нь тогтоогдлоо.

Хариуцагч тал нэхэмжлэгчийг 2018 оны газрын төлбөрийг төлөөгүй гэж тайлбарласан бөгөөд маргаан бүхий захиргааны актад газрын төлбөр төлөөгүй гэх онуудыг заагаагүй. Мөн газар эзэмшүүлэх гэрээний 2.3-т газрын төлбөрийг улирал бүрийн эхний сарын 25-ны дотор ...дансанд шилжүүлнэ гэж зааснаас үзвэл жил бүрийн газрын төлбөрийг тухайн оныхоо 4 улиралд хувааж төлөхөөр байх бөгөөд маргаан бүхий захиргааны актыг 2018 оны 3 сарын 13-ны өдөр батлан гаргасан тул тухайн үед нэхэмжлэгчийг 2018 оны газрын төлбөрийг төлөөгүй байсан гэж үзэх боломжгүй болно.

Иймд хариуцагчийг нэхэмжлэгчийн газрын төлбөр төлөөгүй гэх бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2-т заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох, ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримт цуглуулах, үнэлэх үүргийг биелүүлээгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.

3. 2008 оны 90 дугаар захирамжийн дагуу үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй гэх үндэслэлийн тухайд:

С сумын З Д-ын2008 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 90 дүгээр захирамжаар 430 га газрыг Г СХХК-д 60 жилийн хугацаагаар эзэмшүүлж, Газрын тухай хуулийн 35-р зүйлийн 1, 35.3-т зааснаар эрх үүргээ хэрэгжүүлэн зориулалтын дагуу эзэмшихийг Г СХХК-д үүрэг болгож, газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон Улсын бүртгэлд бүртгэхийг газрын даамалд зөвшөөрчээ.

Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт газар эзэмшигчийн эрхийг 7 заалтаар, 3 дахь хэсэгт газар эзэмшигчийн үүргийг 6 заалтаар тодорхойлон заасан бөгөөд маргаан бүхий захиргааны актад Голденсэнд ХХК хуулийн эдгээр заалтуудын аль заалтыг нь зөрчсөн, мөн газар эзэмшүүлсэн захирамжийн аль заалт, ямар үүргийг хэрэгжүүлээгүйг тодорхойлж бичээгүй байна.

Хариуцагч шүүхэд газрыг зориулалтын дагуу ашиглаагүй, тариалалт хийгээгүй, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6 дахь хэсэгт газар эзэмшигч нь газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр тухайн газраа бүгдийг нь буюу зарим хэсгийг нь бусдад ашиглуулж болно гэж заасныг зөрчсөн, газраа бусдад ашиглуулахдаа сумын Засаг дарга болон газрын албаны зөвшөөрлийг аваагүй удаа дараа хууль зөрчиж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй хэмээн тайлбарласан ч захиргааны шийдвэр гаргах ажиллагааны явцад эдгээрт холбогдох нөхцөл байдлыг тогтоогоогүй, нотлох баримтыг цуглуулаагүй байна.

Төв аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын 2019 оны 05 сарын 16-ны өдрийн 240 тоот шинжээчийн дүгнэлтэд ...тухайн талбайнуудад урьд оны үр тарианы үлдэгдэл болох сүрэл бүхий гуурстай байна...Голденсэнд ХХК-ийн 412 га талбайд 2018 онд үр тариа тариалсан... хэмээн дүгнэсэн тул нэхэмжлэгчийг газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2-т захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох, ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримт цуглуулах, үнэлэх үүрэг хүлээнэ гэж заасан тул захиргааны актыг батлагдан гаргасны дараа хариуцагчаас шүүхэд ирүүлсэн 2019 оны 5 сарын 08-ны өдөр Дэм С хоршооны захирлын Голденсэнд ХХК-ийн 430 га газрыг түрээслэж, 2016 онд уринш хийж, 2017 онд тариалалт хийсэн гэсэн тодорхойлолт, С сумын З Д-ынТамгын газрын даргын 2019 оны 06 сарын 04-ний өдрийн 06/39 тоот Г СХХК ...бусдад газар түрээслэхдээ 2011-2018 онд газрын даамалтай гэрээ хийж, бүртгэл хийлгэж байгаагүй гэсэн албан бичиг зэргийг шүүх нотлох баримтаар үнэлэх үндэслэлгүй болно.

Дээр тогтоогдсон нөхцөл байдлуудаар нэхэмжлэгчийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасан газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байх тул маргаан бүхий акт Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.1.5-д заасан захиргааны үйл ажиллагаа зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх үндсэн зарчмыг зөрсөн, хууль бус байх бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна гэж шүүх дүгнэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчийн маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй гэж заасан тул маргаан бүхий захиргааны актад заагаагүй газраа бусдад ашиглуулахдаа сумын Засаг дарга болон газрын албаны зөвшөөрлийг аваагүй удаа дараа хууль зөрчиж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэх хариуцагчийн тайлбарт дүгнэлт өгөх үндэслэлгүйг дурьдаж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Төв аймгийн С сумын З Д-ын2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Б/15 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ОДСҮРЭН