Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 23

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй,                                                                                                

           шүүх хуралдаанд:

         Прокурор                                              М.Сайнзаяа

         Шүүгдэгчийн өмгөөлөгч                       Б.Долгорсүрэн                                                 

         Нарийн бичгийн дарга                         Т.Батсайхан нарыг оролцуулан

 Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 2020/ШЦТ/48 дугаар шийтгэх тогтоолтой М.Ө.т холбогдох 1915005900007 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч М.Ө.н давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, М.Ө.

Шүүгдэгч М.Ө нь 2019 оны 11 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Булган аймгийн Орхон сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Д” гэх газраас **-** ОРО улсын дугаартай “Бонго Жи-3” маркийн тээврийн хэрэгслээр гарал үүслийн гэрчилгээгүйгээр 6.70 метр куб модыг Орхон аймаг руу тээвэрлэж байгаль экологид 402.084 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 2020/ШЦТ/48 дугаар шийтгэх тогтоолоор:

1. Шүүгдэгч М.Ө.г гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ө.г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ө нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн 6,70 м3 хэмжээтэй шинэс төрлийн 36 ширхэг мод, **-** ОРО улсын дугаартай Н  корпораци ББСБ эзэмшлийн хөх өнгийн KIA BONGO J-3 маркийн тээврийн хэрэгсэлийн үнэ болох 8.000.000 төгрөгийг тус тус шүүгдэгчээс албадан гаргуулан улсын төсөвт шилжүүлэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,

5. 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн **-** ОРО улсын дугаартай Н  корпораци ББСБ эзэмшлийн хөх өнгийн KIA BONGO3 маркийн тээврийн хэрэгсэл, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн БНХАУ-д үйлдвэрлэсэн шар өнгийн цахилгаан хөрөөг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигчид нь тус тус буцаан олгож,

6. Шүүгдэгч М.Ө  нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч М.Ө давж заалдах гомдолдоо: “...Мод бэлтгэх эрхийн бичиг буюу гоожин авсан байсан. Гарал үүслийн гэрчилгээ авах гэсэн боловч байцаагчийн утас нь холбогдохгүй, гэрийн хаягийг нь мэдэхгүй болохоор авч чадаагүй нь миний буруутай үйлдэл ба энэ буруугаа хүлээн бэлтгэсэн түлээгээ хураалгаж, "модны экологи эдийн засгийн үнэлгээ"-г гурав дахин нэмэгдүүлсэн 1.206.252 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Намайг 500.000 төгрөгийн торгох ялаар шийтгэснийг төлнө. Бэлтгэсэн түлээгээ зөөвөрлөхгүйгээр байцаагчаас гарал үүслийн гэрчилгээ авахаар хүлээж, иргэний үүргээ биелүүлсэн бол ийм хэрэг гарахгүй байх бүрэн боломж байсан. Энэ бүгд нь миний буруу. Хариуцлагаа хүлээж, учирсан хохирлоо барагдуулсан. Амьжиргааны эх үүсвэр болох авто машиныг улсын орлого болгож, түүний үнэлгээ болох 8.000.000 төгрөгийг төлөх асуудал надад маш хүнд туслаа. Иргэний нэхэмжлэгч “Н  корпораци” ББСБ-ын төлөөлөгч М.Д мэдүүлэгтээ: "манай байгууллага дээр гэрээний хугацаа дуусаагүй зээлийн үлдэгдэл 5.969.000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа учраас гэрээний дагуу манай байгууллагын өмч гэж үзнэ...", мөн шүүхийн шийтгэх тогтоолд "...**-** ОРА улсын дугаартай “Н  корпораци” ББСБ-ын эзэмшлийн хөх өнгийн “KIA BONGO J-3” тээврийн хэрэгсэл..." гэсэн нотлох баримтуудаар тогтоогдсон ББСБ-тай хийсэн зээлийн гэрээний харилцааг шууд зогсоож, миний зээлийн үлдэгдэл болох 5.969.000 төгрөгт барьцаанд байгаа тээврийн хэрэгслийг “Н  корпораци” ББСБ-д үлдээж, тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 8.000.000 тегрөг төлүүлэх шийдвэр нь М.Ө  намайг давхар хохироож байна.

Иймд хэргийн тал бүрээс нь нягтлан үзэж, санхүүгийн хувьд давхардуулан хүлээлгэж байгаа арга хэмжээнээс Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, ... тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна гэснийг харгалзан дээрх хэсгийг хүчингүй болгож өгнө үү”...” гэжээ.

                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан гаргасан шүүгдэгч М.Ө.н давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд гомдолд дурьдсан үндэслэлийг хязгаарахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон эсэхийг гомдолд бичигдсэн эсэхийг хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Хэргийн бүх ажиллагааг хянахад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шүүх үнэлж дүгнэх боломжтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчилгүй байна. 

Хэрэг явдал болсон 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр гэрч Б.Х , шүүгдэгч  М.Ө.г ямар нэгэн зөвшөөрлийн бичиггүй мод тээвэрлэж явахад нь анх шалгаж цагдаагийн байгуулагад саатуулсан бөгөөд хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоосон доорх иргэний нэхэмжлэгч, гэрчүүдийн мэдүүлэг нь шүүгдэгч М.Ө ийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар мэдүүлсэн  нотлох баримт болж байна. Үүнд:

Иргэний нэхэмжлэгч Б.Г.н “...Булган аймгийн Орхон сумын 1 дүгээр баг “Д” гэх газраас М.Ө нь хууль бусаар мод бэлтгэсэн байсан. Байгаль экологид учирсан хохирлыг гаргуулж авах хүсэлтэй байна. Шүүх хуралд оролцохгүй.” гэсэн мэдүүлэг. 

Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзуравдугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт тус тус заасан “өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг сануулж авсан гэрч Ө.Т.н “...2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр аав, бид 2 Бүрэгхангай сум руу айлд тэжээл аваачиж өгөх гээд явж байх замдаа аав түлээний мод бэлдье гээд Орхон сум орсон би яг ямар хүнээс гоожин авсаныг мэдэхгүй аав аваад ирсэн. ...Тэгээд бид 2 Бүрэгхангай сум руу айлд тэжээлээ буулгачихаад эргэж ирээд хаанаас мод бэлтгэснийг нь санахгүй байна нэг модтой газар руу ороод модоо бэлтгэсэн. ...Орхон аймгийн Баян-Өндөр сумын “Яргуйт” баг руу дөнгөж эргээд л замын цагдаад баригдсан...” гэсэн мэдүүлэг.

Гэрч Б.Х.н “...2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад Баян-Өндөр сумын “Яргуйт” багийн нутаг дэвсгэрт шөнийн 01 цагийн үед мод ачсан **-** ОРО улсын дугаартай “Бонго Жи-3” маркийн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоод явж байхад нь зогсоож, бичиг баримтыг нь шалгахад мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээ байхгүй мод тээвэрлэж явсан...” гэсэн мэдүүлэг.

Иргэний нэхэмжлэгч М.Д.н “Уг тээврийн хэрэгсэл нь манай “Нет капитал финанс корпораци” ББСБайгууллагын эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Манай байгууллага дээр гэрээний хугацаа дуусаагүй зээлийн үлдэгдэл 5.969.000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа учраас гэрээний дагуу манай байгууллагын өмч гэж үзнэ.” гэсэн мэдүүлгүүд нь тухайн болсон үйл баримт болон гарал үүслийн гэрчилгээгүйгээр ойгоос мод бэлтгэснийг шууд гэрчилжээ.  

2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 27 дугаартай Булган сум дахь Сум дундын ойн ангийн инженер Б.Ж.н модонд үзлэг хийж модны экологи –эдийн засгийн үнэлгээг гаргасан “шинэс төрлийн хуурай мод, түлээний мод, модны өндөр 1,7 м, урт нь 2,7 м, өргөн нь 1,46 м байна. Уг модны нийт эзэлхүүн нь 6.7014 м3 байна. Шинэс түлээ нийт эзэлхүүн 6.7014 м3 1 итгэлцүүр 1 м3 модны үнэлгээ 60.000 төгрөг төлбөр 402.084 төгрөг”-ний үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт гаргажээ.

Шүүгдэгч  М.Ө.н гэм буруутай байдал нь тээврийн хэрэгсэл, модонд үзлэг хийсэн тэмдэглэл, эд хөрөнгө битүүмжлэх тухай тэмдэглэл, тогтоол, тээврийн хэрэгслийн лавлагаа, шинжээчийн дүгнэлт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгаж бэхжүүлсэн, энэ хэрэгт хамаарал бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулсан нотлох баримтуудаар хангалттай нотлогджээ.

Шүүгдэгч М.Ө нь Булган аймгаас 50 км зайд Булган аймгийн Орхон сумын төвөөс 30-аад км газар, 1 дүгээр багийн нутаг “Д” гэх газраас /цэгийг тогтооход 480 311 48,711, E1030 451 23,211/ 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хамгаалалтын бүсийн ойгоос гарал үүслийн гэрчилгээгүйгээр хууль бусаар иргэдэд түлээний мод бэлтгэх талбайн тусгаарлалт хийгдээгүй газраас мод тээвэрлэж байгаль экологид 402.084 төгрөгийн хохирол учруулж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1; 4 дэхь хэсгийн 1-д зааснаар “ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” буюу 1.206.252  төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “зөвшөөрөлгүйгээр ойд хууль бусаар мод тээвэрлэсэн”  гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.      

Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлсэн болно.      

Улсын яллагчийн зүгээс яллах дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруутай болох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох саналыг шүүхэд гаргаж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хөрөө, 6.70 метр куб хэмжээтэй мод, хэрэгт битүүмжлэгдсэн тээврийн хэрэгсэлийг улсын орлого болгох байр сууринаас оролцжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч М.Ө.н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх нь шүүгдэгч М.Ө.н гэм буруутай үйлдлийн улмаас ойн сан бүхий газраас зөвшөөрөлгүйгээр мод тээвэрлэж ойн санд 402.084 төгрөгийн шууд хохирол, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх хэсэгт зааснаар модны экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлж 1.206.252 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, дүгнэсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв бөгөөд хэргийн бодит байдалтай нийцсэн, анхан шатны шүүхээс оногдуулсан ял гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэр хэмжээ, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон гэж дүгнэв.

Зохих зөвшөөрөлгүйгээр гэдгийг иргэн ашиглалтын бүсийн ойгоос хэрэглээний болон түлшний зориулалтаар мод бэлтгэх буюу ойн дагалт нөөцийг ашиглахдаа эрх бүхий байгуулагаас зөвшөөрөл аваагүй, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч М.Ө ийн хувьд гарал үүслийн гэрчилгээгүй мод тээвэрлэжээ. Энэ нь:

Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлд “...ойн анги /байхгүй бол сум дүүргийн эрх бүхий албан тушаалтан/ иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгуулагад мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно.”, “Ойгоос бэлтгэсэн гуалин, шургааг, дүнз, зүсмэл материал, түлээг өөр аймаг, сум, хот, суурингийн хооронд тээвэрлэх, худалдахад мод модон материалын гарал үүслийн гэрчилгээг энэ хуулийн 34.1-д заасны дагуу олгоно” гэсний дагуу гарал үүслийн гэрчилгээг зохих журмын дагуу шүүгдэгч аваагүй байна. Хавтаст хэргийн 4 дүгээр хуудсанд “Мод бэлтгэх эрхийн бичиг“ байгаа хэдий ч гарал үүслийн гэрчилгээг заавал авч тээвэрлэх нь дээрх заалтад нийцэхээр байна.

Шүүгдэгч М.Ө.н гэмт хэрэг үйлдсэн газар нутаг нь Байгаль орчин ногоон хөгжлийн сайдын 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 325 дугаар тушаалаар “Төлбөрийн муж тогтоох тухай” “Ойгоос хэрэглээний мод, түлээ бэлдэж ашигласны төлбөр тогтоох мужлал”-ын Нэгдүгээр мужын 1 дэх хэсэгт  “Монгол улсын ойн сангийн хамгаалалтын бүсийн бүх ой”-д хамаарч байна.

Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт зааснаар “Хамгаалалтын бүсийн ойд цармын бүслүүрийн ой, тусгай хамгаалалттай газрын болон сургалт, судалгааны зориулалттай ой, ногоон бүс, хориотой зурвасын ой, заган ой, баянбүрдийн ой, 100 га хүртэлх хэмжээний төгөл ой, бут, сөөг, 30 хэмээс илүү газрын ой хамаарна” гэжээ.

Мөн хуулийн 8.6 дахь хэсэгт зааснаар “Хамгаалалтын бүсийн ойд зам гүүр барих, ...ойн дагалт баялагийг ашиглахаас бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэснийг зөрчсөн байна.

Шүүгдэгч М.Ө.н “...тээврийн хэрэгслийг “Н  корпораци” ББСБайгууллагын эзэмшилд үлдээж, тээврийн хэрэгсэлийн үнэлгээ болох 8.000.000 төгрөгийг төлүүлэх шийдвэр гаргасан нь намайг давхар хохироож байна...” гэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 2 дахь хэсэгт зааснаар “...гэмт хэрэг үйлдэж ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгсэлийг ойлгоно” гэснээр “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогод” шүүгдэгч М.Ө.н эзэмшлийн **-** ОРА улсын дугаартай “Kia Bongo J-3” загварын тээврийн хэрэгсэл хамаарч байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 1 дэх зааснаар “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, ...гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулах”-аар хууль тогтоогч үүрэг болгосон бөгөөд тээврийн хэрэгслийг “Нет капитал финанс корпораци” ББСБайгууллагын эзэмшлийн хөх өнгийн **-** ОРА улсын дугаартай “Kia Bongo J-3” загварын тээврийн хэрэгслийг эзэмшигчид нь буцаан олгож, уг тээврийн хэрэгслийн үнэ болох 8.000.000 төгрөгийг шүүгдэгчээс албадан гаргуулж улсын төсөв шилжүүлэхийг даалгасан нь нь зөв байна.

Харин баримталсан хуулийн заалтыг /7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт/ гэж хэрэглэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “хэрэв гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь бусдын эзэмшлийнх болох нь тогтоогдвол хууль ёсны эзэмшигчид нь олгож, тээврийн хэрэгслийн үнийг гэм буруутай этгээдээс гаргуулж улсын орлого болгуулахаар” зохицуулсан заалтаар М.Ө.н гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг хавтаст хэргийн 80 дугаар хуудсанд авагдсан “Н  корпораци” ББСБайгууллагын эзэмшигчид” нь олгож шийдвэрлэх нь зөв болно. 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дугаар заалтад “шүүгдэгч М.Ө.г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй” гэжээ.

3 дугаар заалтад “торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол” гэж сануулжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэхь хэсэгт “...харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно.” гэж заасан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт “Шийтгүүлсэн этгээд нь хууль, эсхүл торгох шийтгэл оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор, хэрэв хуульд зааснаар торгуулийг хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосон бол тогтоосон хугацаанд торгуулийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй.”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж тус тус тодорхой заажээ.

Шүүх торгох ял оногдуулж хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох бөгөөд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосон бол “шүүхээс тогтоосон хугацааны” ойлголтод хамаарна, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоогоогүй бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д зааснаар “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор” гэсэн ойлголтод хамаарахаар байна.

Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “торгох ялаар шийтгэж торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэснийг дагаж мөрдөөгүй, хугацаа тогтоож өгөөгүй байж “шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол” гэж зааж өгсөн нь ойлгомжгүй бөгөөд уг торгох ялыг биелүүлэх хугацааг тогтоогоогүй, ямар шалтгааны улмаас тогтоох боломжгүй талаар хууль зүйн дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь буруу болжээ.

     Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг хангахад торгох ялыг биелүүлэх хугацааг тогтоох зохицуулалт чухал үүрэгтэй. Хэдийгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд шүүхээс торгох ял оногдуулсан шийдвэрт хугацааг заагаагүй тохиолдолд түүнийг хэрхэн биелүүлэх талаар нарийвчлан зохицуулсан байгаа боловч анхан шатны шүүх торгох ялыг биелүүлэх хугацааг чухам ямар нөхцөл байдал биелүүлэх, ямар шалтгааны улмаас тогтоогоогүй талаар хууль зүйн дүгнэлт заавал хийх ёстой.

     Ингэснээр шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэсэн хуулийн шаардлагад нийцнэ.

     Мөн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна” гэж хуульчилсан учраас шүүгдэгч М.Ө ийн хохиролд төлсөн 1.206.000 /нэг сая хоёр зуун зургаан мянга/ төгрөгийг Татварын бус орлого Төрийн банкны Орхон салбарын “Урт булаг” тооцооны төвөөр дамжуулан төлсөн Төрийн сан дахь 3499002631010002 дугаар данснаас буцаан гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд  олгуулахаар шийтгэх тогтоолд нэмэлт оруулах,

гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 1 ширхэг, 132.000 төгрөгний үнэ бүхий хятад хөрөөг шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч “миний хөрөө” гэж хэлсэн атал тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтаар эзэмшигчид нь буцаан олгосныг хүчингүй болгож, улсын орлого болгох нь зөв байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь: 

1. Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 04-ны өдрийн 2020/ШЦТ/48 дугаар шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 3 дугаар заалтыг бүхэлд нь,

5 дахь заалтын “хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн БНХАУ-д үйлдвэрлэсэн шар өнгийн хөрөөг” гэснийг тус тус хүчингүй болгож,

1, 2 дугаар заалтад “М.Ө.г” гэснийг “М.Ө.ийг” гэж,

З дугаар заалтад “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-д тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хувиарийг ялтан тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг анхааруулсугай.” гэж,

4 дүгээр заалтад “4 дэх хэсэгт” гэснийг “4, 5 дахь хэсэгт” гэж, “мод, гэсний дараа “1 ширхэг, 132.000 төгрөгний үнэ бүхий хятад хөрөө” гэж,

5 дахь заалтын эхэнд “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар” “хэрэгсэл” гэснийг “хэрэгслийг” гэж тус тус нэмэлт оруулж,   

“61. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3 дахь заалтыг тус тус баримтлан шүүгдэгч М.Ө.н хохиролд Төрийн банкны Орхон салбарын “Урт булаг” тооцооны төвөөр дамжуулан төлсөн 1.206.000 төгрөгийг Төрийн сан дахь 3499002631010002 дугаар данснаас буцаан гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд  олгуулсугай.” гэсэн нэмэлт тус тус оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Ө ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай. 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.                              

  

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ё.БЯМБАЦЭРЭН

                                      ШҮҮГЧИД                                  М.ХҮРЭЛБААТАР 

                                                                                        Д.МӨНХӨӨ