Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 133/ШШ2020/00412

 

 

 

 

 

 

 

 

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу 38/2 тоотод оршин суух, “Т т” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Индэрт багийн 7-5 тоотод оршин суух, Б овогтой Ч-ийн Мд холбогдох,

Сурагчийн дүрэмт хувцасны төлбөр барагдуулах гэрээний төлбөрт 42.495.000 төгрөг, алданги 21.247.500 төгрөг, нийт 63.742.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А, хариуцагч Ч.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Нармандах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь 2019 оны 05 дугаар сарын  01-ний өдөр хариуцагч Ч.Мтай “Сурагчийн дүрэмт хувцасны төлбөр барагдуулах гэрээ” байгуулсан болно. Гэрээ ёсоор хариуцагч нь нийтдээ 42.495.000 /дөчин хоёр сая дөрвөн зуун ерөн таван мянга/ төгрөгийг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн сар бүр 3.500.000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгөөр хуваан төлж,төлбөрийг 2020 оны 04 дүгээр сарын 30-ны дотор бүрэн барагдуулах ёстой байсан боловч нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар ямар ч төлбөр хийгээгүй байна. “Сурагчийн дүрэмт хувцасны төлбөр барагдуулах гэрээ”-ийн 2.2-р зүйлд заасны дагуу хариуцагч Ч.М төлбөрийг хугацаанд нь төлөхгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй мөнгөн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг үндсэн төлбөр дээр нэмж төлөхөөр тохирсон байна. Алдангийг тооцож үзэхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэл 32.182.500 /гучин хоёр сая нэг зуун наян хоёр мянга таван зуу/ төгрөг болж байна. Хариуцагч Ч.М нь “Сурагчийн дүрэмт хувцасны төлбөр барагдуулах гэрээ”-ний төлбөрөө төлөхгүй байгаа тул үлдэгдэл төлбөрийг алдангийн хамтаар гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Төмөр трейд” ХХК нь оёдлын үйл ажиллагаа явуулдаг 20 гаруй жилийн түүхтэй байгууллага байгаа. Засгийн газрын сурагчийн дүрэмт хувцас гэсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд улсын хэмжээнд  8 компани сурагчийн дүрэмт хувцас оёх эрх авсны нэг нь манай компани байдаг. Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны гаргасан хуваарийн дагуу манайх оёж үйлдвэрлэсэн дүрэмт хувцсаа Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Төв аймаг, Улаанбаатар хотын 2 дүүрэгт худалдаж борлуулах эрх авсан байсан. Энэ ажлын хүрээнд 2014 оны 08 дугаар сард манай компаний бие төлөөлөгч нь Говь-Алтай аймагт ирээд сурагчийн дүрэмт хувцас борлуулах асуудлыг зохион байгуулж ирсэн. Манай компаниас Ч.Мтай уулзаад Ч.М нь сурагчийн дүрэмт хувцсыг Говь-Алтай аймгийн хэмжээнд зарж борлуулах түүнээсээ хувь авах асуудлыг ярьж тохирсон байдаг. Үүний дараа тооцоо нийлэхэд 57.098.175 төгрөгийн дутагдал гарсан гэдгийг Ч.М 2017 оны 10 дугаар сард хэлдэг. Үүнээс хойш энэ төлбөрийг хэрхэн барагдуулах талаар 3 удаагийн уулзалт хийсэн. Тэгээд бараа материалыг ашигласан хэлбэрийн үйлдэл байж магадгүй гээд Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт гомдол гаргасан. Энэ гомдлын дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээх эсэх асуудал яригдаж байгаад хэрэг бүртгэлтийн хэрэг нээх шаардлагагүй энэ иргэний асуудал гэж үзээд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан.  2019 оны 05 дугаар сарын  01-ний өдөр хариуцагч Ч.Мтай “Сурагчийн дүрэмт хувцасны төлбөр барагдуулах гэрээ” байгуулсан. Үүн дээр өмнө яригдаж байсан 57.098.175 төгрөг нь тооцоо нийлсний үндсэн дээр 42.495.000 төгрөг болж буурсан байдаг. Гэрээ ёсоор хариуцагч нь нийтдээ 42.495.000 /дөчин хоёр сая дөрвөн зуун ерөн таван мянга/ төгрөгийг гэрээнд заасан графикийн дагуу цувуулж төлөөд 2020 оны 04 дүгээр сарын 30-ны дотор бүрэн барагдуулах ёстой байсан. Тухайн гэрээ байгуулдаг өдөр 495.000 төгрөгийг төлсөн. Тэгэхээр Ч.М-гаас нэхэмжилж байгаа мөнгөн дүн нь 42 сая төгрөг болж байна. Үндсэн нэхэмжилж байгаа мөнгөнөөс 495.000 төгрөгийг татгалзана. Энэ гэрээний 2.1-д заасан графикийн дагуу төлбөрийг төлөхгүй бол хоцроосон хоног тутамд төлөөгүй мөнгөн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг үндсэн төлбөр дээр нэмж төлөхөөр тохирсон байна. 495.000 төгрөг төлснөөс хойш дахиж төлбөр хийгээгүй. 2 сая  төгрөг хийсэн гэж байгаа боловч нотлох баримт байхгүй. Нэхэмжлэгч хариуцагч нар татгалзлаа нотлох үүрэгтэй. Хэрэв төлсөн баримтаа авч ирсэн бол тэр мөнгийг нь хасаад тооцох боломжтой байсан. Гэтэл Ч.М ямар нэгэн баримт авч ирж өгөөгүй, манай захирал, нягтлан бодогч хоёр төлбөр хийсэн талаар хэлээгүй учир миний тухайд төлбөр төлөгдөөгүй гэж үзэж байна. Хэрэв 45 сая төгрөг дээр эвлэрсэн тохиолдолд бид гэрээний 2.5-д заасан зүйлүүдийг авахгүй байсан. Нэгэнт эвлэрээгүй учир 2.5-д заасан төлбөрүүдийг дахиж тусд нь бие даасан нэхэмжлэлийн шаардлага гаргах эсэхийг дараа нь шийдвэрлэнэ. Үүнд: Хэрэв энэ төлбөрийн асуудал шүүхэд нэхэмжлэл гаргасан тохиолдолд Ч.М нь төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Говь-Алтай аймагт ирж, буцах замын зардлыг төлнө, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зочид буудлын зардал, хоолны зардал, нэхэмжлэлтэй холбоотой гарсан нотариатын зардал, улсын тэмдэгтийн хураамжийг төлөх, төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн урамшууллыг нэмж төлнө гэж заасан байгаа. Би “Төмөр трейд” ХХК-тай хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллаж байгаа учир урамшууллын асуудал жич яригдах байх. Эдгээр зүйлүүдийг нэмж нэхэмжлэх ёстой. Гэхдээ бид үүнийг нэхэмжлэхгүй. 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн төлбөр барагдуулах гэрээний дагуу хариуцагч Ч.М нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учраас гэрээний үндсэн төлбөр 42 сая төгрөг, гэрээний 2.2-т заасны дагуу алданги үндсэн төлбөрийн тавь хувь, нийт 63 сая төгрөгийг нэхэмжилж байна. Нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн төлбөр 495.000 төгрөг, алданги 247.500 нийт 742.500 төгрөгийг авахаас татгалзаж байна. Бид нар 6 жилийн дараа уулзаж байна. Хэрэв тэр байцаагч тэгээд байсан бол өмгөөлөгчөө аваад явах боломж байсан. Мөн цагдаагийн дарамтад байж мэдүүлэг өгсөн асуудал өнөөдрийн нэхэмжлэлтэй ямар ч хамааралгүй асуудал. Манайхаас хоёр тал тохиролцоод гэрээ байгуулсан. Үүн дээр төлбөр төлөөгүй учир манайх төлбөрөө нэхэмжилж байна. 2 сая төгрөгийн асуудал нотлогдвол бид нар 3 сая төгрөгийг хасах боломжтой. Учир нь үндсэн төлбөрөөс 2 сая төгрөг хасагдахаар алданги 1 сая төгрөг хасагдана. Шүүх хуралдаанаас хойш 2 сая төгрөг шилжүүлсэн гэдгээ нотолж чадвал бид тэр мөнгийг хасах боломжтой. Ч.Мтай тохиролцсон, гэхдээ бичгээр албан ёсны гэрээ хийгдээгүй. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан гол үндэслэл нь албан ёсоор ямар нэгэн гэрээ байгуулаагүй байсан. Ч.М “Т т” ХХК-аас бараа материал хүлээж авсан. Тэрний төлөө тодорхой шагнал урамшуулал авч байсан гэдэг нь шалгалтын явцад тогтоогдоод үр дүнд нь энэхүү төлбөр барагдуулах гэрээ байгуулагдаж байсан гэв.

Хариуцагч Ч.М нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чибиш овогтой Мандалмаа миний бие нь Т т ХХК-ийн надаас нэхэмжилж байгаа 63.742.500 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би энэ хүнтэй гэрээ хийсэн, энэ хүний ярьж байгаа үнэн. Цагдаагийн газар байцаалт өгч байхад мэдэхгүй зүйлээ худлаа мэдүүлж, байнгын дарамтад байсан. Хоёр өмгөөлөгч авсан байхад тэрийг болиулаад байнга ажлын бус цагаар дуудаж дарамталсан. Чи ингэсэн байна гэж хэлээд над руу юм шидсэн. Би 2014 оны 08 дугаар сарын 24-нд хүний лангуу түрээсэлдэг байсан. Тэгэхэд эзэн нь орж ирээд би эндээ ийм юм оруулах гэсэн юм гэж хэлсэн. Тэгээд боловсролын хүмүүс орж ирнэ барааг хүлээгээд аваадах гэсэн. Тэгээд би барааг хүлээж авсан. Би яаж зарах талаар мэдэхгүй байсан. Маргааш өглөө нь ирж гэрээ хийнэ гэж хэлсэн боловч өглөө ирэхгүй байхаар нь утастахад гараад явж байна. Хотод очоод хүн явуулна чи зарж бай гэж хэлсэн. Тэгээд манай найз авахаа больсон чи зарчих гэж хэлсэн. Би өөрийн хүслээр барааг аваагүй. Манай найз хажууд байсан. 120 сая төгрөгийн хувцас байсан. 2017 онд үлдэгдэл бүх хувцсаа буцаасан. Өгсөн хувцсан дээр нь сумуудын буцаалт ирсэн. Би хувцас зарж үзээгүй. Би эдний хүн рүү залгаж асуудаг байсан. Сүүлдээ нягтлангийнх нь утас холбогдохоо больсон. Тэгэхэд нэг утас руу залгахад чи ямар төвөгтэй юм бэ гэж хэлсэн.  Тэгээд нягтлан нь над руу залгаад яагаад том захирал руу залгаад байгаа юм бэ? захирал уурлаад байна гэж хэлж байсан. Ийм зүйл болж өнгөрсөн. Ноднин цагдаа дээр мэдүүлэг өгөхөд маш их дарамт шахалтад байнга шөнийн цагаар дуудуулдаг байсан. Би хоол унд иддэггүй, гэргүй хүн шиг байсан. 8 жилийн ялтай гэж хэлээд, юм аваад шиддэг байсан. Хүрч ирээд цохиж авчих гээд байдаг байсан. Сүүлд өрөө рүү нь ороход хүртэл айдастай байсан. Сая шүүхэд дуудахаар нь бас л тийм зүйл болох байх гэж бодсон. Тэр нягтлан нь лангууны чинь барааг хурааж авна, гэр оронг чинь хурааж авна гэж дарамталж байсан. Ж энэ гэрээг байгуул тэгээд бүх зүйл цагаатна гэж хэлсэн. Тохиролцсон гэрээ байгуулбал бүх материал хаагдана. Тэгэхгүй бол энэ асуудал үргэлжлээд яваад байна. Чи 8 жилийн ялтай гэж хэлж байсан. Чи түр хүлээгээд авчих тэгээд Оюунтуяад өгнө. Чи түр хүлээгээд авчих гэхээр нь би хүлээж авсан. Оюунтуяад өгье гэхэд Оюунтуяа авахгүй гэж хэлсэн. Тэгэхэд компаниас хүн явуулна гэсэн боловч зарж эхлээч гэж байсан учир зарж эхэлсэн, үнийн дүнг нэгтгэж өгсөн байсан. Хэдэн ширхэг хувцас хүлээж авснаа мэдэхгүй. 130.000.000 төгрөгийг данс руу нь хийсэн гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Зохигчдын тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгч “Төмөр трейд” ХХК-ийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Нэхэмжлэгч “Т т” ХХК нь Ч.М-д холбогдуулан сурагчийн дүрэмт хувцасны төлбөр барагдуулах гэрээний төлбөрт 42.495.000 төгрөг, алданги 21.247.500 төгрөг, нийт 63.742.500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжилсэн үнийн дүнгээс 495.000 төгрөгийг манай захирлын данс руу шилжүүлсэн гэсэн учраас нэхэмжлэлийн шаардлагаас 742.500 төгрөгөөс татгалзаж байна гэжээ.

Талуудын хооронд бий болсон үйл баримт, тохиролцоонд эрх зүйн дүгнэлт хийхэд сурагчийн дүрэмт хувцас борлуулах гэрээ аман хэлбэрээр байгуулагдсан ба борлуулалтын гэрээний харилцааг Иргэний хуулийн гэрээний тусгай төрлүүдэд тусгаагүй, уг харилцаанд худалдах худалдан авах гэрээний зохицуулалтыг хэрэглэхээр хуульчлаагүй байх тул нэрлэгдээгүй гэрээ гэж үзэн Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т Иргэний хуульд тухайн харилцааг зохицуулсан хэм хэмжээ байхгүй бол түүнтэй төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийн хэм хэмжээг хэрэглэнэ гэж заасныг баримтлан Иргэний хуульд заасан худалдах-худалдан авах гэрээний зохицуулалтыг төсөөтэй хэрэглэх нь зүйтэй байна. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх тул нэхэмжлэгч “Т т” ХХК нь хариуцагч Ч.Мгаас сурагчийн дүрэмт хувцасны төлбөр төлбөр шаардах эрхтэй байна.

Энэхүү гэрээ нь хэлбэр болон агуулгын хувьд хууль зөрчөөгүй байх тул хүчин төгөлдөр гэрээ байна.

Хариуцагч Ч.М нь борлуулалтын гэрээг хүчин төгөлдөр бус гэрээ, би борлуултын гэрээ байгуулж байна гэж бодоогүй гэж маргажээ.

Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1-д нэг этгээд өөрийн хүсэл зоригийг хүлээн зөвшөөрсөн этгээдтэй эрх үүргийн хувьд холбогдохоор ...хүсэл зоригоо бодитойгоор, хангалттай тодорхой илэрхийлсэн илэрхийллийг гэрээ байгуулах санал гэж заасан бөгөөд энэ хэргийн хувьд сурагчийн дүрэмт хувцсыг шилжүүлэн хүлээлгэн өгч байгаа үйл баримт нь хүсэл зоригийн тодорхой илэрхийлэл юм.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлээс хойшхи зохицуулалтад худалдах худалдан авах гэрээ хэрхэн байгуулагддаг тухай тусгайлан зохицуулаагүй байна. Энэ тохиолдолд ерөнхий зохицуулалт буюу Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д заасныг баримтлан  худалдах худалдан авах гэрээ ёсоор хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бэлтгэн нийлүүлэх үүргээ биелүүлж эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцохоор байна.

Ч.М нь нэхэмжлэгч “Т т” ХХК-ийн дансанд гэрээний төлбөр болох 495.000 төгрөгийг шилжүүлсэн гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж, хариуцагч хүлээн зөвшөөрч маргаагүй бөгөөд борлуулалтын гэрээний төлбөрт 495.000 төгрөгийг шилжүүлснээр уг хэлцлийг биелүүлэхийг зөвшөөрсөн гэж үзэхээр байх тул хариуцагчийн дээрх татгалзлыг хүлээн авах боломжгүй бөгөөд Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.5-д “...хэлцэл хийгч нөгөө тал нь маргаж байгаа талын хүсэлтийн дагуу хэлцлийг биелүүлэхийг зөвшөөрсөн бол төөрөгдлийн улмаас хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болохгүй” гэж заасан байх тул үүрэг хүчин төгөлдөр байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөн хариуцагч нь лангуу түрээслүүлж байсан “...Алтантуяа нь хүлээгээд авч бай гэсэн...” гэх боловч энэ нь нотлогдохгүй, хэд хэдэн төгрөг яаж шилжүүлснээ санахгүй байна, хөдөө орон нутгаас хэдэн төгрөгийн барааны буцаалт ирсэн талаар мэдэхгүй байна гэж тайлбарлаж байгаа нь хариуцагчын өөрийн хариуцлагааас шалтгаалах асуудал байх бөгөөд өөрөөс үл хамаарах шалтгаанаар үүргээ биелүүлээгүй болохоо, нөгөө талаар үүрэг биелэгдээгүйд үүрэг гүйцэтгүүлэгч буруутай  болохыг шүүхэд баримтаар нотолж чадахгүй байна гэж үзсэн болно.

Иймд хариуцагч Ч.М нь талуудын хооронд 2014 оны 8 дугаар сард байгуулагдсан “Сурагчийн дүрэмт хувцас борлуулах гэрээ”-ний төлбөр болох 42.495.000 төгрөгийг хариуцах үндэслэлтэй байна.

Харин нэхэмжлэлийн шаардлагаас алданги 21.247.500 төгрөг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдохгүй байх тул холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Учир нь Хавтаст хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараас үзэхэд талууд хооронд 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан “Сурагчийн дүрэмт хувцасны төлбөр барагдуулах гэрээ” нь анхдагч харилцааг бий болгосон бие даасан гэрээ бус харин “нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээ” гэж үзэхээр байх бөгөөд Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр мэдэгдсэн буюу уг гэрээг бичгээр байгуулсан байх тул хүчин төгөлдөр гэж тооцохоор байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.7-д “Үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд анз төлөхөөр гэрээнд заагаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгч анз шаардах эрхгүй бөгөөд харин учирсан хохирлоо арилгуулахыг шаардах эрхтэй” гэж заасан бөгөөд талууд анхдагч гэрээ буюу борлуулалтын гэрээг бичгээр байгуулаагүй буюу гэрээг бичгээр байгуулсан талаар нотлоогүй тул “үүргийн харилцаа үүссэнийг нотлох гэрээ”-ний дагуу алданги тооцох үндэслэлгүй байна гэж үзлээ. Өөрөөр хэлбэл гэрээнд анз тооцох нь үүрэг гүйцэтгэгч анх гэрээ байгуулах эсэхээ шийдвэрлэхэд нөлөөлөх хүчин зүйл бөгөөд анх борлуулалтын гэрээ байгуулах үед энэ талаар тохиролцоогүй, гэрээг бичгээр байгуулаагүй байх тул төлбөр төлөх баталгаагаар анз тогтоосон нь анз тооцох үндэслэл болохгүй юм. Үүнийг гэрээний шинэ санал ч гэж үзэх боломжгүй, мөнгөн төлбөрийн үүрэг ч биш юм.

Маргаан бүхий үйл баримт буюу эдийн баялагтай холбоотой харилцаа 2014 оны 8 дугаар сард  бий болсон байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан мэт харагдавч үүрэг гүйцэтгэгч нь 2019 оны 5 сард үүрэг гүйцэтгэгч төлбөр төлөх, баталгаа гаргах хэлбэрээр үүргийг хүлээн зөвшөөрсөн байх тул мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д зааснаар шаардах эрх тухайн хугацаанаас эхлэн үүссэн гэж үзэх, 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дээрх хугацаанаас тасалдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гэрээний үндсэн төлбөрөөс 495.000 төгрөгөөс татгалзсан болохыг дурдах нь зүйтэй байна.

Иймд хариуцагч Ч.М-гаас сурагчийн дүрэмт хувцасны төлбөр барагдуулах гэрээний төлбөрт 42.000.000 төгрөгийг  гаргуулж, “Төмөр трейд” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг буюу алданги 21.247.500 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч талууд нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа, татгалзлаа нотлох баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй болно.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж шийдвэрлэсэн болно.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 476.665 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Мгаас нэхэмжлэлийн хангагдсан шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжид 367.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Төмөр трейд” ХХК-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг үндэслэн хариуцагч Б овогтой Ч-ийн М-гаас сурагчийн дүрэмт хувцасны төлбөр барагдуулах гэрээний төлбөрт 42.000.000 төгрөгийг  гаргуулж, “Т т” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг буюу алданги 21.247.500 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А нь гэрээний үндэсэн төлбөрөөс 495.000 төгрөгөөс татгалзсан болохыг дурдсугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 476.665 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.М-гаас нэхэмжлэлийн хангагдсан шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжид 367.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Төмөр трейд” ХХК-д олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг танилцуулсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.                       

                        

 

ДАРГАЛАГЧ                             Ц.ҮЙТҮМЭН