Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2022/00813

 

****-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

  

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар, 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн2020 оны 05 дугаарсарын 21-ний өдрийн 101/ШШ2020/01839 дүгээршийдвэр,  

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020оны 07 дугаар сарын 27-ныөдрийн 1658 дугаармагадлалтай, 

****-ийн нэхэмжлэлтэй,

****д холбогдох, 

Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 16,834,999 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхбуянгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Б.Мөнхтуяагийнилтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч **** нь хариуцагч Халдварт өвчин судлалын үндэсний төвд холбогдуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 16,834,999 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна. 

2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн2020 оны 05 дугаарсарын 21-ний өдрийн 101/ШШ2020/01839 дүгээршийдвэрээр: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч “ ****”-өөс 11,223,333 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ****-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,611,666 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар хариуцагч “Халдварт өвчин судлалын үндэсний төв”-өөс улсын тэмдэгтийн хураамжид 194,524 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ****-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 242,125 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020оны 07 дугаар сарын 27-ныөдрийн 1658 дугаармагадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2020/01839 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “262 дугаар зүйлийн 262.1” гэснийг “243 дугаар зүйлийн 243.1” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхбуян хяналтын журмаар гаргасан гомдолдоо:2020.05.21-ний өдрийн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 101/ШШ2020/01839 дугаартай шийдвэр, 2020.07.27-ны өдрийн 1658 дугаартаймагадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

“Халдварт өвчин судлалын үндэсний төв” нь ****-тай 2015.04.29-ний өдөр ХАГ0274/15 тоот Зээлээр худалдах, худалдан авах гэрээ болон 2016.06.06-ны өдрийн ХАГ 0254/16 дугаарт “Зээлээр худалдах, худалдан авах” гэрээ “Нэмэлт гэрээ” ХАГ 0254/16+01,02,03,04,05,06,07,08,09,10,11 дугаарт гэрээнүүдийг тус тус байгуулсан байдаг. Дээрх гэрээний хавсралтаар “Жимобайл” ХХК-ийн худалдаж буй бараа бүтээгдэхүүнийг “ ****”-ийн ажилчид авч ашигласан бөгөөд дээрх бараа бүтээгдэхүүний үнийг төлөх үүргийг хүлээсэн байдаг.

Гэтэл өнөөдрийн байдлаар “ ****”-ийн ажилчид нь шинэ Коронавирусээс үүдэлтэйгээр Эрүүл мэндийн тухай хуулийн ...“3.1.7-д заасны дагуу олон улсын хөл хориот өвчин”...-ий голомтод ажиллаж байгаа бөгөөд нэхэмжлэгчийн нэхэж буй төлбөрийг “Халдварт өвчин судлалын үндэсний төв”-ийн ажилчид төлж чадахгүй байх нөхцөл байдал үүсээд байгаа болохыг дурдах нь зүйтэй.

Хариуцагчийн зүгээс шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн “нэхэмжлэлийн шаардлагаас алданги болох 5,611,666 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэсгийг” хүлээн зөвшөөрч байх ба мөн үндэслэх хэсгийн “Халдварт өвчин судлалын үндэсний төв”-өөс зээлээр худалдах, худалдан авах гэрээний үндсэн үүрэгт 11,223,333 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэж буй хэсгийг эс зөвшөөрч буй болно.

Учир нь хариуцагч хариу тайлбартаа дурдсан талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйл 56.1.8-д заасан эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэж байна. Нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд байгуулагдсан гэрээнүүдэд нэхэмжлэгч “Жимобайл” ХХК- г төлөөлж хамтын ажиллагааны газрын дарга гэх Н.Батзориг, Г.Дашням, Н.Баярсайхан, Д.Довчинням гэх этгээдүүд гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулдаг болно. Гэтэл Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйл ...“83.8.Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах,компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна.”...хэмээн заасан хуулийг зөрчсөн хэмээн үзэж байна. Өөрөөр хэлбэл хамтын ажиллагааны газрын дарга гэх этгээдүүд нь хэлцэл хийх эрх олгосон эсэх нь тодорхойгүй байх ба хуульд заасан шаардлагыг хангаагүй хэмээн хариуцагчийн төлөөлөгчийн зүгээс үзэж байна.

Иймд энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж 2020.05.21-ний өдрийн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 101/ШШ2020/01839 дугаартай шийдвэр, 2020.07.27-ны өдрийн 1658 дугаартай магадлалд хууль зүйн үндэслэлд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ: 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв. 

6. Нэхэмжлэгч **** нь хариуцагч ****д холбогдуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 16,834,999 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

7. Нэхэмжлэгчнэхэмжлэлийн үндэслэлийг ...Халдварт өвчин судлалын үндэсний төв нь 2015.04.29-ний өдөр манай компанитай зээлээр худалдах, худалдан авах гэрээ болон 2016.06.06-ны өдөр нэмэлт гэрээ байгуулж, нийт 126,612,000 төгрөгийн үнэ бүхий гар утас, багц үйлчилгээ авсан. ...2019.06.30-ны өдөр тооцоо нийлэхэд 11,223,333 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй гарсан. ...уг төлбөрийг, алдангийн 5,661,666 төгрөгийн хамт гаргуулна гэж тодорхойлсон байна. 

8. Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, ...талуудын хооронд байгуулагдсан 2 үндсэн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлд зааснаар хүчин төгөлдөр бус гэж үзэж байна, учир нь уг гэрээнүүдэд ****-ийг төлөөлөх эрхгүй этгээдүүд гарын үсэг зурсан. ...тооцоо нийлсэн актад тус төвийг төлөөлж нягтлан бодогч **** гэх хүн гарын үсэг зурсан, тэрээр эрх бүхий этгээд мөн эсэх нь тодорхойгүйн гадна Компанийн тухай хуулийн 85 дугаар зүйлд заасантай зөрчилдөж байна... гэсэн тайлбар гаргажээ. 

9. Анхан шатны шүүхИргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагчаас гэрээний төлбөрт 11,223,333 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэлийн үлдэх 5,611,666 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрт хууль хэрэглээний буюу “262 дугаар зүйлийн 262.1” гэснийг “243 дугаар зүйлийн 243.1” гэж өөрчилсөн байна.

10. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...нэхэмжлэгчийн нэхэмжилж буй төлбөрийг тус төвийн ажилчид төлж чадахгүй байх нөхцөл байдал үүсч байгаа, ...худалдах, худалдан авах гэрээний үндсэн үүрэгт 11,223,333 төгрөгийг гаргуулж шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй. ...талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэж байна. ...шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү” гэсэн хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ. 

11. Давж заалдах шатны шүүх маргаанд Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан нь үндэслэлтэй тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. 

12. Нэхэмжлэгч “Жимобайл” ХХК нь хариуцагч Халдварт өвчин судлалын үндэсний төвтэй 2015.04.29-ний өдөр Зээлээр худалдах, худалдан авах тухай ХАГ-0274/15 дугаартай, 2016.06.06-ны өдөр ХАГ 0254/16 дугаартай нэмэлт гэрээ болон бусад гэрээг тус тус байгуулж, нийт 126,612,000 төгрөгийн үнэ бүхий гар утас, багц үйлчилгээ авахаар харилцан тохиролцсон, гэрээний дагуу худалдагч нь худалдан авагчид гэрээнд заасан нэр, төрөл, дугаар бүхий гар утаснуудыг хүлээлгэн өгсөн байх ба 2019.06.30-ны өдөр талууд тооцоо нийлэхэд **** нь гэрээний үүрэгт 11,959,333 төгрөгийг төлөөгүй болох нь тогтоогджээ. 

13. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, ...талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээнүүд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус гэрээ, ...тус гэрээнд ****-ийг төлөөлөх эрхгүй этгээд болох тус компанийн Хамтын ажиллагааны газрын захирал Д.Батзориг, дэд захирал бөгөөд хамтын ажиллагааны газрын захирал С.Баярсайхан нар гарын үсэг зурсан... гэж маргасан байна. 

14. Хэргийн баримтаар “Жимобайл” ХХК-ийн захирлаар Г.Дашням томилогдсоныг 2018.01.17-ны өдөр улсын бүртгэлд бүртгэсэн, ...талуудын хооронд 2015, 2016 онд байгуулагдсан гэрээнүүдэд худалдагчийг төлөөлж тус компанийн Хамтын ажиллагааны газрын захирал Д.Батзориг, С.Баярсайхан нар гарын үсэг зурсантай төлөөлүүлэгч тал маргаагүй, иймд компанийн эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүй гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй, Иргэний хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д заасныг зөрчөөгүй талаар давж заалдах шатны шүүх зөв дүгнэлт хийжээ.  

15. Дээрх байдлаар талууд харилцан тохиролцож, зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан, худалдан авагч нь гэрээний дагуу гар утас, үйлчилгээг хүлээн авч, уг гэрээ бодитоор хэрэгжсэн тул дээрх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй, нэхэмжлэгч гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй байх тул хоёр шатны шүүх хариуцагчаас гэрээний үүрэгт 11,959,333 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь хуулийн дээрх зохицуулалтад нийцсэн байна.  

16. Түүнчлэн, талууд 2016.06.06-ны өдрийн гэрээний 3.3-т алданги төлөхөөр тохиролцсон, гэвч нэхэмжлэгч нь байгуулсан гэрээний аль үүрэгт алданги тооцож нэхэмжилсэн нь тодорхой бус тул шүүхүүд нэхэмжилсэн алдангийн 5,611,666 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосныг буруутгах үндэслэлгүй юм. 

17. Дээр дурдсан үндэслэлээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:  

 

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 1658 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Х.ЭРДЭНЭСУВД

ШҮҮГЧИД                                                       Г.БАНЗРАГЧ

П.ЗОЛЗАЯА

Б.МӨНХТУЯА

С.СОЁМБО-ЭРДЭНЭ