Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 407

 

Т.Ө-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Атарцэцэг даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.У, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Э нарыг оролцуулан хийж, Т.Ө-ийн нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Батцэнгэл сумын Засаг дарга болон тус сумын Улаанчулуу багийн иргэдийн Нийтийн Хуралд тус тус холбогдох, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 109/ШШ2017/0030 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2017/0495 дугаар магадлалтай захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлоор, шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 109/ШШ2017/0030 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10, 26 дугаар зүйлийн 26.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж, Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаанчулуу багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн “Багийн Засаг дарга томилуулахаар уламжлах тухай” 03 дугаар тогтоол, Архангай аймгийн Батцэнгэл сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн “Улаанчулуу багийн Засаг даргыг томилох тухай” Б/11 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгож, Улаанчулуу багиин Засаг даргын сонгуулийг дахин явуулахыг Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаанчулуу багийн иргэдийн Нийтийн Хуралд даалгаж шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2017/0495 дугаар магадлалаар: Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 30 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасныг баримтлан Т.Ө-ийн нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Батцэнгэл сумын Засаг дарга, Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаанчулуу багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгон, “Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаанчулуу багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн “Багийн Засаг даргаар томилуулахаар уламжлах тухай” 03 дугаар тогтоол, Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаанчулуу багийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн “Улаанчулуу багийн Засаг даргаар томилох тухай” Б/11 дүгээр захирамжийг хүчингүй болгуулж, Улаанчулуу багийн Засаг даргын сонгуулийг дахин явуулахыг Архангай аймгийн Батцэнгэл сумын иргэдийн Нийтийн Хуралд даалгуулах тухай” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.У хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2017/0495 дугаар магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хуралдсан Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаанчулуу багийн иргэдийн Нийтийн Хурлын 03 дугаар тогтоол гарсныг нэхэмжлэгч Т.Ө мэдсэн боловч түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн хууль зөрчиж нэр дэвшүүлсэн асуудлыг /2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр С.Н-г багийн Засаг даргаар томилогдох шаардлагыг хангаагүй, өөрөөр хэлбэл өр зээлтэй байсан талаарх баримтыг Батцэнгэл сумын төрийн сангаас тодруулсны дараа/ 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр мэдэж, 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байхад давж заалдах шатны шүүх Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д “Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргана”, 14.3-д “шүүхэд шууд хандахаар хуульд заасан бол тухайн хуульд заасан хугацаанд хэрэв заагаагүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана” гэснийг буруу хэрэглэсэн гэж үзэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, ... -с түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хууль болон зорилгодоо нийцэж байгаа эсэх талаар хянуулахаар гомдол гаргах эрхтэй” байхаар зохицуулсан. Улаанчулуу багийн Засаг даргад С.Н-г дэвшүүлсэн 03 дугаар тогтоол болон С.Н-г Улаанчулуу багийн Засаг даргаар томилох тухай Батцэнгэл сумын Засаг даргын Б/11 дүгээр захирамжуудыг гарах үед Т.Ө-ийн эрх, хууль ёсны эрх, ашиг сонирхол нь зөрчигдөж хууль зөрчсөн болохыг мэдээгүй байдаг.

Түүнчлэн Т.Ө-д Захиргааны актыг мэдэгдэх асуудлыг Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх. хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүний гаргасан захиргааны байгууллага хариуцна”, 43.2-т “захиргааны байгууллага захиргааны актыг хуульд өөрөөр заасан тохиолдолд өөрт нь гардуулах, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна гэсний дагуу мэдэгдэж баримтжуулаагүй байдаг.

Дээрх тохиолдолд хууль зөрчиж нэр дэвшүүлсэн асуудлыг мэдсэн үеэс гомдол гаргах хууль зүйн бүрэн боломж байхад Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр болсон Батцэнгэл сумын Улаанчулуу багийн иргэдийн Нийтийн Хуралд Т.Ө өөрөө оролцож, Засаг даргад нэр дэвшсэн бөгөөд хурлаас гарсан шийдвэрийг тэр даруй мэдсэн учраас шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийг буруу хэрэглэсэн байх тул Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2017/0495 дугаар магадлалыг хүчингүй болгож, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 30 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасантай нийцсэн тул магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэн, хуулийн этгээдээс захиргааны актыг хууль бус гэж үзэж, зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-д зааснаар захиргааны шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор байхаар тогтоосон, хуульд заасан энэ хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн нь нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болохыг мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д зааж хуульчилжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан үндэслэлээ “С.Н-г сум хөгжүүлэх сангаас хугацаа хэтэрсэн зээлтэй гэдгийг судалж, 3 дугаар сарын 10-ны өдөр Төрийн сангаас тодорхойлолт авсан, энэ үеэс түүнийг нэр дэвшүүлсэн нь хууль бус гэдгийг мэдэж нэхэмжлэл гаргасан” гэж тайлбарлан маргасан нь хууль бус байна. 

Учир нь, Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаанчулуу багийн иргэдийн Нийтийн Хурал 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хуралдаж, нэхэмжлэгч Т.Ө, гуравдагч этгээд С.Н нар тус багийн Засаг даргад нэр дэвшин өрсөлдөж, С.Н нь олонхийн санал авснаар түүнийг багийн Засаг даргаар томилуулахаар мөн өдөр багийн иргэдийн Нийтийн Хурлын 03 дугаар тогтоолыг гаргасан байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Т.Ө нь тухайн өдрийн багийн Засаг даргыг сонгох хуралдаанд оролцож, маргаан бүхий “Багийн Засаг даргыг томилуулахаар уламжлах тухай” 03 дугаар тогтоол, уг тогтоолыг үндэслэн Батцэнгэл сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн “Улаанчулуу багийн Засаг даргыг томилох тухай” Б/11 дүгээр захирамж гарсныг тухайн үедээ мэдсэн атлаа 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг хуульд заасан шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ.

Иймд, давж заалдах шатны шүүхийн, захиргааны актыг мэдсэнээс хойш эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзвэл нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа тоологдож эхэлсэн байхад анхан шатны шүүх маргаан бүхий актуудаар Засаг даргаар томилогдсон этгээд нь нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангаагүй талаар мэдсэн гэх 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тооцож, захиргааны хэрэг үүсгэсэн нь үндэслэлгүй гэж дүгнэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасныг баримтлан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

Түүнчлэн нэхэмжлэгч 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Улаанчулуу багийн иргэдийн Нийтийн Хурлаас гарсан шийдвэрийг тэр даруй мэдсэн тул хариуцагчаас Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.2-т зааснаар захиргааны актыг нэхэмжлэгчид мэдэгдэж, гардуулж, баримтжуулах ёстой гэж маргаж, энэ талаар хяналтын гомдол гаргасан нь үндэслэлгүй юм.

Дээрх үндэслэлээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2017/0495 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын  журмаар  гаргасан  гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Л.АТАРЦЭЦЭГ

                                   ШҮҮГЧ                                                           Б.МӨНХТУЯА