Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Хаянхярваагийн Оюунжаргал |
Хэргийн индекс | 184/2020/00100/И |
Дугаар | 184/ШШ2020/01826 |
Огноо | 2020-06-02 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 184/ШШ2020/01826
2020 оны 06 сарын 02 өдөр Дугаар 184/ШШ2020/ Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Оюунжаргал даргалж,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө 19, өөрийн байр, 11,12 дугаар давхарт орших “Монгол Улсын Хөгжлийн банк” ХХК-ийн /регистрийн дугаар:5461626/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороонд орших “Монгол Мах Эскпо” ХХК /регистрийн дугаар:2068079/
Хамтран хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 7 дугаар хороо, Баянхошуу, 15-11 тоот хаягт орших “Бишрэлт пропертиз” ХХК /регистрийн дугаар:5278082/
Хамтран хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 1-301 тоот хаягт орших “Веллмарт” ХХК /регистрийн дугаар:5210097/ нарт холбогдох
“Зээлийн гэрээний үүрэгт 32,178,607,980.57 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Болдхүү, Ц.Булганхишиг, Б.Чинзориг, хариуцагч “Монгол Мах Эскпо” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Болдбаатар, хамтран хариуцагч “Веллмарт” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батзориг, хамтран хариуцагч “Бишрэлт пропертиз” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Нямсамбуу, хариуцагч нарын өмгөөлөгч Б.Цэнгүүн, нарийн бичгийн даргад С.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Монгол Улсын Хөгжлийн банк” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэмэгдүүлсэн шаардлагаа: Монгол Улсын Хөгжлийн банк нь “Бишрэлт групп” ХХК-ийн охин компани болох “Монгол Мах Эскпо” ХХК-ийн хэрэгжүүлж буй “Мах боловсруулах цогцолбор төв байгуулах” төслийг санхүүжүүлэх зорилгоор “Монгол Мах Экспо” ХХК-тай 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр З-ММЭ-ЗҮ 2017-189 дугаартай ‘Зээлийн гэрээ”-г байгуулж, 15,300,000 хүртэл ам.доллартай тэнцэх хэмжээний 37,498,770,000 төгрөг /гэрээ байгуулах өдрийн Монгол банкны ханшаар тооцсон/-ийн зээлийг, 12.44 хувийн хүүтэйгээр, зээлийн олголт хийсэн өдрөөс хойш 5 жилийн хугацаатай олгосон. “Монгол Мах Экспо” ХХК-ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Монгол Улсын хөгжлийн банкнаас зээлдэгчтэй болон түүний хамаарал бүхий этгээдтэй дор дурдсан барьцааны гэрээнүүдийг байгуулж, дараах эд хөрөнгийг барьцаалсан. Үүнд:
1.”Монгол Мах Экспо” ХХК-тай 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Б-ММЭ-ИХ 2017-190 дугаартай барьцааны гэрээ /Ирээдүйд бий болох хөрөнгө/ байгуулж шинээр худалдан авч байгаа тоног төхөөрөмжүүд болон төслийн хүрээнд худалдан авч буй бүх эргэлтийн хөрөнгүүд,
2.”Монгол Мах Экспо” ХХК-тай 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан Б-ММЭ-ҮХ 2017-191 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ /ипотек/ байгуулж дараах үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан:
2.1 Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, Толгойт 18104, Хүнсчдийн гудамж, 75/1 тоот хаягт байршилтай 428 м.кв талбайтай контор, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө /УБД:2201037216, ГД:000322787/,
2.2 Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, Толгойт 18104, Хүнсчдийн гудамж, 75/1 тоот хаягт байршилтай 356 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө /УБД:2201037212, ГД:000458233/,
2.3 Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, Толгойт 18104, Хүнсчдийн гудамж, 75/1 тоот хаягт байршилтай 356 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө /УБД:2201037213, ГД:000458235/,
3.”Бишрэлт пропертиз” ХХК-тай 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан Б-ММЭ-ҮХ 2017-192 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ /ипотек/ байгуулж дараах үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан,
3.1 Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамж, 19 тоотод хаягт байршилтай, 2870 м.кв талбайтай, аялал жуулчлалын зориулалттай, 60 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө /Ү-2206020532, ГД-000584235/,
3.2 Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Дүнжингарав 1 дүгээр гудамж, 23 дугаар байр, 0 тоот хаягт барйшилтай 3585 м.кв талбайтай, 70 хувийн гүйцэтгэлтэй, аялал зуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө /Ү-2206028061, ГД:000584086/
3.3 Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан /17020/ Зайсангийн тойруу гудамж, 17 тоот хаягт байршилтай, 4018 м.кв талбайтай аялал жуулчлалын зориулалттай 80 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгө /Ү-2206020533, гэрчилгээний №000579965/
3.4.Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамж, 15 тоот хаягт байршилтай, 70 хувийн гүйцэтгэлтэй, 3444 м.кв талбайтай, аялал жуулчлалын зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгө /Ү-2206020535, ГД:000579964/
4.”Монгол Мах Экспо” ХХК-тай 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан Б-ММЭ-ГЭ 2017-193 дугаартай газар эзэмших эрх барьцаалах гэрээ байгуулж Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо хаягт байрлалтай 11,000 м.кв газар /Г:2201051708, ГД:000317558, НТД:1853/0050, 18632309104771/-ыг эзэмших эрхийг барьцаалсан.
5.”Бишрэлт пропертиз” ХХК-тай 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан Б-ММЭ-ҮХ 2018-85 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ /ипотек/ байгуулж дараах үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан:
5.1 Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамж, 9 тоот хаягт байршилтай 40 хувийн гүйцэтгэлтэй, 1722 м.кв талбайтай аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх хөрөнгө /Ү-2206020531, ГД:000584236/,
5.2 Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Амгалан /13271/ Цагдаагийн академийн өргөн чөлөө гудамж, 63 тоот хаягт байршилтай, 4558,12 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө /Ү-2204040261, ГД:000448047/
6.”Веллмарт” ХХК-тай 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан Б-ММЭ-ГЭ 2018-86 дугаартай газар эзэмших эрх барьцаалах гэрээ байгуулж Баянзүрх дүүрэг, Ботаникийн цэцэрлэгийн зүүн хойд талд 12 дугаар хороонд байрлалт 1000 м.кв талбайтай газрыг эзэмших эрхийг барьцаалсан. “Монгол Мах Экспо” ХХК нь зээлийн гэрээний хавсралт болох зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээлийн төлбөрийг зээлийн эхний олголтоос хойш 13 дахь сараас сар бүр тэнцүү дүнгээр, зээлийн хүүгийн төлбөрийг зээлийн эхний олголтоос хойш сар бүр хуваарийн дагуу тус тус төлөх үүрэг хүлээсэн боловч зээлийг зориулалтын бусаар зарцуулж, зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь зөрчсөнөөс 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар үндсэн зээл, хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 29,949,426,744.31 төгрөгийн зөрчил үүссэн байна. Зээлдэгч нь зээлийн зарцуулалттай холбоотой баримтыг банкнаас удаа дараа шаардсан боловч ирүүлдэггүй, төслийн газар дээрх хяналтаар төсөл ямар шатанд байгаа нь тодорхой бус байгаа зэрэг нөхцөл байдалтай байгаа бөгөөд зээлийг зориулалт бусаар зарцуулсан нь дараах нөхцөл байдлаар нотлогдож байна. Үүнд:
1.Зээлийг зориулалтын дагуу зарцуулсан нотлох баримтууд байхгүй, хангалтгүй,
2.Төслийн газар дээрх хяналтаар агуулахад хадгалагдаж байгаа тоног төхөөрөмжүүд нь гаалийн бичиг баримтгүй, үйлдвэртээ суурилуулалгүй жил болсон байгаа бөгөөд зээлдэгчийн эзэмшлийн тоног төхөөрөмж гэж баталгаажуулах боломжгүй, зээлийн санхүүжилтээр худалдан авсан баримтгүй, баталгаажихгүй, тоног төхөөрөмжийн нэр төрлийг үнийн дүнгээр тулгалт хийх боломжгүй,
3.Эргэлтийн хөрөнгийн баримт, тооцооны актууд байхгүй, байршил дээр байгаа эсэхийг тогтоох боломжгүй,
4. Зээлдэгчтэй харилцахад холбогдох группын бусад этгээдүүд хариуг өгнө гэх зэрэг банкны шаардлага болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Монгол Улсын Хөгжлийн банкны зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг зээлдэгч “Монгол Мах Экспо” ХХК-иас удаа дараа шаардаж байсан бөгөөд үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх хугацаатай мэдэгдлийг хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлэхгүй ирсэн бөгөөд улмаар 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 26, 08 дугаар сарын 12-ны өдрийн 04/70 дугаартай албан бичгүүдээр төслийг цаашид хэрэгжүүлэх боломжгүй болсон талаараа мэдэгдсэн.
Зээлдэгч нь төсөл үргэлжлэх боломжгүй болсон, учир нь малыг амьдаар нь экспортлож гаргах тухай Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 318 дугаар тогтоолоос болж хүнд нөхцөл байдал үүссэн ба Монгол Улсын Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.3-д заасан “Нөхцөл байдал өөрчлөгдсөнөөс үүрэг гүйцэтгэх боломжгүй болох” гэж заасны дагуу шийдвэр гаргахыг хүссэн хүсэлт банканд ирүүлсэн. Энэхүү хүсэлтэд заасан нөхцөл /мал олон тоогоор амьдаар нь гаргасан/ нь бий болоогүй бөгөөд Засгийн газрын 318 дугаар тогтоолын хэрэгжилт нь хангагдаагүй юм. Зээлийн гэрээний 10.1-д “Банк нь зээлдэгч гэрээний 8.1, 8.3, 8.4 дэх хэсэгт заасан үүргээ зөрчсөн тохиолдолд, эсхүл дор дурдсан зөрчил гаргасан тохиолдолд тухайн үүргээ зөрчлийн шинж байдлаас шалтгаан зөрчил арилгах талаар нэмэлт хугацаа тогтоох буюу тогтоохгүйгээр өөрийн санаачлагаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлан, зээл болон гэрээнд заасан бусад төлбөрийг хугацаанаас өмнө эргүүлэн төлөхийг шаардаж, Банкинд учирсан хохирлыг гэрээ, холбогдох хууль тогтоомжид заасны дагуу нөхөн төлүүлнэ” гэж, 10.1.1-д “зээлийн хөрөнгийг зориулалт бусаар өөр зүйлд зарцуулсан болон зарцуулсан нь банкны зайны болон газар дээрх шалгалтаар тогтоогдсон” бол гэрээг цуцлах нэг үндэслэл байхаар тус тус зохицуулсан. Монгол Улсын Хөгжлийн банк нь 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 3/136, 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 3/524, 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 3/626, 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 6/734 дугаартай албан бичгүүдээр шаардлага, мэдэгдлүүдийг “Монгол Мах Экспо” ХХК-д болон “Бишрэлт” групп-т хүргүүлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйл, Монгол Улсын Хөгжлийн банкнаас “Монгол Мах Экспо” ХХК-тай байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ, Монгол Улсын Хөгжлийн банк, “Бишрэлт пропертиз” ХХК, “Велл март” ХХК-тай байгуулсан барьцааны гэрээний нөхцөлүүдийн дагуу зээлдэгч, барьцаалуулагч нарт холбогдуулан дараах шаардлагуудыг гаргаж байна. Хариуцагч “Монгол Мах Экспо” ХХК-иас 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн тооцооллоор тасалбар болгосноор үндсэн зээлийн төлбөрт 28,574,358,068.03 төгрөг, зээлийн хүү 1,363,608,638.27 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11,460,038.01 төгрөг, нийт 29,949,426,744.31 төгрөгийг гаргуулж Монгол Улсын Хөгжлийн банкинд олгуулах. Зээлдэгч зээлийн гэрээний үүргээ үл биелүүлэх тохиолдолд хамтран хариуцагч болох барьцаалуулагч “Бишрэлт пропертиз” ХХК, “Велл март” ХХК-иас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн барьцаанд тавьсан хөрөнгүүдийг дуудлага худалдаагаар борлуулах замаар гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор дээр дурдсан барьцааны гэрээнүүдээр болон бусад төлөх боломжит бүхий л нөхцөлөөр зээлийн зөрчлийг төлүүлэх, зээлийн барьцаанд бариулсан барьцааны зүйлсийг битүүмжлүүлэх хүсэлтийг нэхэмжлэлтэй хамтатган гаргаж байна... Зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр Монгол Улсын Хөгжлийн банкны зүгээс хариуцагч нарт хандан 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүхээс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэсэн болно. Уг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа удаж байгаа тул нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн, зээл, зээлийн хүүгийн тооцооллыг 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөр тасалбар болгон хариуцагчдаас: Зээлийн үндсэн төлбөрт /Үндсэн зээл/ 28,574,358,068.03 төгрөг, зээлийн хүүнд 3,515,876,259.50 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 88,373,653.04 төгрөг, нийт 32,178,607,980.57 /гучин хоёр тэрбум нэг зуун далан найман сая зургаан зуун долоон мянга есөн зуун наян төгрөг тавин долоон мөнгө/ төгрөгийг нэхэмжлэх нь зүйтэй гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Ингэснээр нэхэмжлэлийн шаардлага 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр анх нэхэмжлэл гаргаж байснаас хойш 2,229,181,236.26 төгрөгөөр өсч байгаа.Иймд хариуцагч болон хамтран хариуцагчдаас нэхэмжлэлийн шаардлага болох 32,178,607,980.57 /Гучин хоёр тэрбум нэг зуун далан найман сая зургаан зуун долоон мянга есөн зуун наян төгрөг тавин долоон мөнгө/ төгрөгийг гаргуулж өгнө үү. Хэрвээ хариуцагч, хамтран хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр болон хариуцагч нарын бусад хөрөнгөөр нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах тухай шүүхээс гарах шийдвэрт тусгаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Болдхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, төслөө хэрэгжүүлээгүй. Төслөө хэрэгжүүлээгүй болох нь өөрсдийх нь ирүүлсэн албан бичиг болон манайхаас очсон хяналт шалгалтаар тогтоогдсон. Иймээс Зээлийн гэрээний 8 дугаар зүйлд заасны дагуу гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч нараас 32,1 тэр бум төгрөгийг гаргуулж, “Монгол Улсын Хөгжлийн банк” ХХК-ийг хохиролгүй болгож өгнө үү. Мөн шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр, барьцаа хөрөнгө нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангаж чадахгүй бол хариуцагч нарын болон баталгаа гаргасан этгээдийн бусад эд хөрөнгөөр “Монгол Улсын Хөгжлийн банк” ХХК-ийг хохиролгүй болгож өгнө үү. Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулинд “Монгол Улсын Хөгжлийн банк”-ны чиг үүргийг тодорхой заасан байдаг. Манай банк нь Монгол Улсын стератегийн салбарт оруулах томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилготой, үйлдвэрлэлийг дэмждэг банк бөгөөд арилжааны банк шиг үйл ажиллагаа явуулдаггүй. Зээлийн гэрээнд мах боловсруулах цогц үйлдвэрийг санхүүжүүлнэ гэсэн байгаа. Бид үйлдвэрлэлд санхүүжилт өгсөн болохоос мах боловсруулах үйл ажиллагааг санхүүжүүлээгүй. Тиймээс тэр Улаан сайдын 318 дугаар тогтоол энэ хэрэгт ерөөсөө хамааралгүй юм. Бид нэхэмжлэлдээ хариуцагч “Монгол Мах Экспо” ХХК, хамтран хариуцагч “Бишрэлт пропертиз” ХХК, “Веллмарт” ХХК гэж маш тодорхой зааж өгсөн байгаа. Эдгээр хоёр компани юугаараа хамтран хариуцаж байгаа вэ гэвэл оруулсан барьцаалсан хөрөнгөөрөө л хамтран хариуцаж байгаа юм Үндсэн хариуцагчийг хариуцагч гэнэ. Танай компани нь хамтран хариуцагч юм. Танай компанийн хувьд барьцаа хөрөнгөөрөө л хариуцлага хүлээнэ. 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 444,938,602 төгрөг төлсөн. 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 219,566,385 төгрөг, 1 дүгээр сарын 21-ний өдөр 14,966 төгрөг, 2 дугаар сарын 13-ны өдөр 664,445,078 төгрөг, 3 дугаар сарын 13-ны өдөр 664,519,098 төгрөг, 3 дугаар сарын 14-ний өдөр 75,000 төгрөг энэ мэт явсаар нийт үндсэн зээл хүүгийн хамт 3,322,599,775,40 төгрөгийг төлсөн. Ингээд 2019 оны 5 сараас хойш график зөрчигдөж эхэлсэн. Нийт 31,896,957,843.4 төгрөг олгосон. Үүнээс 3,322,599,775.40 төгрөг төлсөн. Ингээд үлдэгдэл төлбөр 28,574,358,068.3 төгрөг болсон . Зээл авснаас хойш 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 30 ны өдрийг хүртэл үндсэн зээлийн хүүг тооцсон. Нэмэгдүүлсэн хүүг 2019 оны 9 дугаар сарын 30-ны өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийг дуустал тооцсон. Зээлийн гэрээг цуцлаагүй. Бид хариуцагчид гэрээг цуцлана шүү гэж л мэдэгдэж байсан болохоос цуцаллаа гэж огт хэлээгүй... гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чинзориг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөгжлийн банк нь төсөл хөтөлбөр санхүүжүүлдэг банк юм. Тиймээс манай зүгээс төслийг бүрэн хэрэгжээсэй гэсэн хүсэлтэй байсан. Хариуцагчид ч гэсэн эхний үедээ ийм бодолтой байсан байх гэж бодож байна. Талууд зээл өгсөн авсан дээр маргадаггүй. Одоо хүү багасгаж өгөөч гэсэн асуудал дээр маргаж байх шиг байна. “Монгол Улсын Хөгжлийн банк” ХХК нь хөнгөлттэй зээл олгодог. Хөнгөлттэй зээл олгохын тулд гадаадаас эх үүсвэр татдаг. Ингэхдээ бид ч бас гадаадаас авсан мөнгөндөө зээл төлдөг. Бидний гадаадад төлж байгаа хүү өнөөдрийг хүртэл зогсоогүй байгаа. Хариуцагч гэрээг цуцалсан гэж ярьж байна. Бидний зүгээс өнөөдрийг хүртэл гэрээг цуцлаагүй. Учир нь талууд хоорондоо саяхныг хүртэл эвлэрэх гээд үзээд байсан. Хариуцагчийн зүгээс эргэн төлөлтийнхөө хуваарийг өөрчилье, зээлийн төлөлтийнхөө хугацааг хойшлуулъя гэсэн байдлаар талууд хоорондоо ярилцаад яваад байсан учраас гэрээг цуцлах боломжгүй байсан. Мөн хариуцагч нь Хөгжлийн банкнаас авсан зээлээ өнөөдрийг хүртэл төлөөгүй байгаа учраас бид тус мөнгийг ашиглах гэсэн ойлголт байхгүй болсон. Бид ч бас гадагшаагаа зээлийн хүү төлж байгаа. Тиймээс гэрээ өнөөдрийг хүртэл цуцлагдаагүй. Хариуцагч нь авсан зээлээ хэзээ төлнө тэр үед хүү зогсох ёстой гэж үзэж байгаа.
Хамтран хариуцагч нар зээлийн гэрээний үүргийг яаж хэнээс нь хэдэн төгрөг нэхэмжилж шаардаад байгаа юм бэ гэдэг нь ойлгомжгүй байгаад байна гэж байна. Үүн дээр тайлбар хэлье. Үндсэн үүргийг зээлдэгч хүлээх ёстой. Энэ үүргээ сайн дураараа биелүүлэхгүй бол барьцаалуулагч үүргийн гүйцэтгэлийг барьцаалбараар хангуулах ёстой. Хэрэв барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахад хүрэхгүй бол барьцаалуулагчдын хөрөнгөөр биш зээлдэгчийн бусад хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах юм Зээлийн гэрээний 10.1, 10.2, 10.3, 10,4-т зээлдэгчийн бусад хөрөнгөөр хариуцлага хүлээхээр заасан байдаг. Барьцааны тухайд бол барьцаалуулагч барьцаалсан хөрөнгийнхөө хэмжээгээр гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Булганхишиг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн олголтын тухайд нэхэмжлэлийн шаардлагыг тодруулъя. Зээлийн гэрээний 3.1.7-д зээл олгох хэлбэр гэдэгт зээлийг хэсэгчилэн олгоно гэж заасан байгаа. Зээлийн гэрээний 5.4-т “зээлийг хэсэгчилэн олгохдоо зээлдүүлэгч нь дор дурдсан баримт бичгүүдийг бүрдүүлсний үндсэн дээр зээлийн дараагийн олголтыг хүлээн авах хүсэлтээ банкинд ирүүлэх ба банк эдгээр баримт бичигт холбогдох нөхцөл шаардлагад бүрэн хангасан эсэхийг хянан шалгасны үндсэн дээр дараагийн олголтыг барьцаа хөрөнгийг шалгасны үндсэн дээр олголт хийнэ” гэсэн заасан байгаа. Тиймээс хариуцагчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй Зээлийн эхний олголт хийсэн өдрөөс хойш 5 жилийн хугацаатай байгуулагдсан бөгөөд 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр дуусна гэв.
Хариуцагч “Монгол Мах Экспо” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Болдбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Талуудын хооронд 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан. Уг гэрээгээр нийт 15,300,000 ам доллар буюу 37,498,770,000 төгрөгийн зээл авахаар тохиролцсон. Үүний дагуу гэрээний хавсралт хэсгийн 1-ээр зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийг баталсан. Гэтэл “Монгол Улсын Хөгжлийн банк” ХХК нь зээлийн гэрээгээр батлагдсан дүнгээр буюу 37,498,770,000 төгрөгийг бүрэн хэмжээгээр олгоогүй. Тиймээс “Монгол Улсын Хөгжлийн банк” ХХК нь гэрээний үүргээ зөрчсөн гэсэн үг юм. Зээлийн гэрээний 2.1-д “зээл” гэж банкнаас гэрээнд заасан зориулалтаар тасал хэрэгжүүлэгчид олгож, Гэрээнд заасан нөхцөлийн дагуу хүүгийн төлбөрийн хамт буцаан төлөгдөх мөнгөн хөрөнгийг” гэж тодорхойлж заасан байдаг. Мөн Зээлийн гэрээний 5.3-т “Банкны эрх бүхий этгээдээс тухайн төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх талаар гаргасан шийдвэрийн хүчинтэй хугацаа дуусгавар болсон,эсхүл Зээлдэгч зээлийн гэрээ байгуулагдсанаас хойш 45 хоногийн дотор зээлийг хүлээн аваагүй буюу Зээлдэгчээс шалтгаалан Банк зээлийг зээлдэгчийн дансанд шилжүүлэх нөхцөл бүрдээгүй тохиолдолд Банк энэхүү зээлийн гэрээг дангаар цуцалж, зээлийг олгохоос татгалзах эрхтэй” гэж заасан байдаг. Гэтэл банкны зүгээс гэрээгээр тохирсон мөнгөн дүнгээр зээлээ олгоогүй, үүргээ зөрчсөн. Нэхэмжлэгч 2018 оны 05 сарын 27-ны өдөр 4,051,838,667 төгрөг олгогдоод нийт 7 удаагийн олголтоор зээлийг бүрэн олгох байсан. Гэтэл бүрэн хэмжээгээр өнөөдрийг хүртэл зээл олгогдоогүй, 45 хоногийн хугацаа нь өнгөрчихсөн байгаа.
Нэхэмжлэгч шүүхэд өгсөн нэхэмжлэлдээ төслөө хэрэгжүүлээгүй, гэрээний үүргээ зөрчсөн гэсэн байдаг. Зээлийн гэрээний 10.1-д “Банк нь Зээлдэгч гэрээний 8.1, 8.3, 8.4 дэх хэсэгт заасан үүргээ зөрчсөн тохиолдолд, эсхүл дор дурдсан зөрчил гаргасан тохиолдолд тухайн үүргийн зөрчлийн шинж байдлаас шалтгаалан зөрчил арилгах талаар нэмэлт хугацаа тогтоох буюу тогтоохгүйгээр өөрийн төлбөрийг хугацаанаас өмнө эргүүлэн төлөхийг шаардаж, Банкинд учирсан хохирлыг Гэрээ, холбогдох хууль тогтоомжид заасны дагуу нөхөн төлүүлнэ” гэж заасан байдаг. Гэтэл банкны зүгээс нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй.
Төсөл яагаад хэрэгжээгүй вэ гэвэл 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын 318 дугаар тогтоолоор махны экспортыг нэмэгдүүлэх талаар тогтоол гарч дотоодын үйлдвэрүүд мах бэлтгэж гадагшаа гаргахад хүндрэлтэй болсон. Тиймээс Худалдаа аж үйлдвэрийн танхимаас 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 01527 дугаартай “Хүнд нөхцөл байдлын гэрчилгээ”-г авч үүнийгээ нэхэмжлэгчид өгсөн. Хүнд нөхцөл байдлын гэрчилгээг уншиж танилцуулав. Улс орноос хэрэгжүүлж байгаа бодлого, зээлийн гэрээний зүйл заалтуудтай холбогдуулаад үзэхэд нэхэмжлэгчийн нэхэмжилж буй дүнг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Тиймээс хүүнээс нь багасгаж өгөх талаар арга хэмжээ авч өгөөч гэж шүүхээс хүсч байна Үйлдвэрийн ажлыг эхлүүлээд тоног төхөөрөмжийг захиалаад явж байтал сайдын 318 тоот тушаал гарсан. Энэ тушаал гарснаас хойш үйлдвэр барих нь ашиггүй болсон. Тиймээс төсөл маань бүрэн хэмжээгээр хэрэгжиж чадаагүй гэв.
Хамтран хариуцагч “Веллмарт” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батзориг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бишрэлт пропертиз” ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбартай ижил саналтай байна. “Веллмарт” ХХК нь нэхэмжлэгчтэй зээлийн гэрээ байгуулаагүй. Нэхэмжлэгч нь манай компанийг бүхэлд нь хариуцагчаар татсан байгаа бөгөөд “Веллмарт” ХХК-ниас хэдэн төгрөг нэхэмжлээд байгааг тодруулах ёстой гэж үзэж байна гэв.
Хамтран хариуцагч “Бишрэлт пропертиз” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Нямсамбуу шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бишрэлт пропертиз” ХХК нь “Монгол Улсын Хөгжлийн банк” ХХК болон “Монгол Мах Экспо” ХХК нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу барьцааны гэрээнүүдийг байгуулсан. Манай зүгээс гэрээ байгуулсантай маргах зүйл байхгүй боловч нэхэмжлэгч нэхэмжлэгчийн шаардлагаа “Бишрэлт пропертиз” ХХК-д хамаатуулж гаргахдаа үндэслэлгүйгээр гаргасан гэж үзэж байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “Бишрэлт пропертиз” ХХК-д холбогдуулж гаргахдаа зээлдэгч “Монгол Мах Экспо” ХХК-ны зээлийн гэрээний үүргээ үл биелүүлэх тохиолдолд хамтран хариуцагч болох барьцаалуулагч “Бишрэлт пропертиз” ХХК-ниас үүргийн гүйцэтгэлийг барьцаанд дурдсан хөрөнгүүдийг дуудлага худалдаагаар борлуулах замаар гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэсэн байсан. Энэ нь “Бишрэлт пропертиз” ХХК нь “Монгол Мах Экспо” ХХК үүргээ гүйцэтгээгүй бол үүргийг нь гүйцэтгэнэ шүү гэсэн утгатай шаардлага гаргасан мэт харагдаад байна. “Бишрэлт пропертиз” ХХК нь нэхэмжлэгчээс зээл авсан зүйл байхгүй. “Монгол Улсын Хөгжлийн банк” ХХК-тай барьцааны гэрээ байгуулсан нь зээлдэгчийн гэрээний үүргээ зөрчсөнөөс үүдэлтэйгээр “Бишрэлт пропертиз” ХХК өмнөөс нь үүрэг хүлээнэ гэсэн зүйл байхгүй. Нэхэмжлэгчийн гаргасан энэ хэсгийн нэхэмжлэлийн шаардлага нь ойлгомжгүй, тодорхойгүй байгаа учраас тодруулах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулъя гээд байгаа юм уу, барьцаалуулагч болох “Бишрэлт пропертиз” ХХК-наас бас үүрэг шаардана шүү гэсэн утгатай нэхэмжлэл гаргаад байгаа юм уу. Яг ямар утгаар манай компанид холбогдуулж, нэхэмжлэлийн шаардлага гаргаж хариуцагчаар татаад байгаа юм бэ гэдгээ тодорхой хэлэх шаардлагатай гэж бодож байна. Хэрвээ барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулъя гэж байгаа бол Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу “Бишрэлт пропертиз” ХХК нь заавал хамтран хариуцагчаар энэ хэрэгт оролцохгүйгээр барьцаа хөрөнгийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах зохицуулалт тодорхой байж байгаа. Тиймээс “Бишрэлт пропертиз” ХХК-д дээрх нэхэмжлэлийн шаардлага нь огт хамааралгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлэхдээ “Бишрэлт пропертиз” ХХК-ийг барьцаа хөрөнгөөрөө л хариуцлага хүлээлгэнэ гэж байна. Барьцаа хөрөнгөөрөө хариуцлага хүлээнэ гэж байгаа нь хамтран үүрэг гүйцэтгэгч болох мэт харагдаад байна. Манай компанийн хувьд нэхэмжлэгчийн өмнө ямар нэгэн үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь болон хэсэгчилэн төлөхөөр үүрэг хүлээгээгүй. “Бишрэлт пропертиз” ХХК нь үүрэг хүлээгээгүй учраас ямар нэгэн хариуцлага яригдахгүй. Хөрөнгөө барьцаалсан асуудлын хувьд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах эсэх асуудал нь “Бишрэлт пропертиз” ХХК-ийн оролцоотой оролцоогүйгээр хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдэгдэх асуудал учраас “Бишрэлт пропертиз” ХХК-нь хөрөнгийх нь хэмжээгээр хариуцлага хүлээнэ гэсэн хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Монгол Улсын Хөгжлийн банк” ХХК нь хариуцагч “Монгол Мах Экспо” ХХК, хамтран хариуцагч “Веллмарт” ХХК, “Бишрэлт пропертиз” ХХК нарт холбогдуулан “Зээлийн үндсэн зээлд 28,574,358,068.03 төгрөг, зээлийн хүүнд 3,515,876,259.50 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 88,373,653.04 төгрөг, нийт 32,178,607,980.57 /гучин хоёр тэрбум нэг зуун далан найман сая зургаан зуун долоон мянга есөн зуун наян төгрөг тавин долоон мөнгө/ төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ. / 1-р хавтаст хэргийн 1-7,2-р хавтаст хэргийн 100-103/
Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд: хариуцагч “Монгол Мах Экспо” ХХК нь 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр З-ММЭ-ЗҮ 2017-189 дугаартай ‘Зээлийн гэрээ”-г нэхэмжлэгч “Монгол Улсын Хөгжлийн банк “ ХХК-тай байгуулж, 15,300,000 хүртэл ам.доллартай тэнцэх хэмжээний 37,498,770,000 төгрөгийг жилийн 12.44 хувийн хүүтэй, зээлийн эхний олголт хийсэн өдрөөс хойш 5 жилийн хугацаатай зээлдэж авсан зээлийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхөөр тохиролцсон болох нь тогтоогдсон,
тус зээлийг зээлдэгч компанийн хэрэгжүүлж буй ”Мах боловсруулах цогцолбор төв” байгуулах төсөлд шаардлагатай барилга байгууламж, тоног төхөөрөмж, эргэлтийн хөрөнгийг санхүүлжүүлэхэд зориулах, үүнээс өөр зориулалтаар ашиглахыг хориглож, зээлийг бэлэн бусаар, хэсэгчлэн олгох, нэмэгдүүлсэн хүүг гэрээний 3.1.2-т заасан хүүгийн /12.44 / 20 хувьтай тэнцүү байх, зээлийн хүүг сар тутам харгалзах бодит хоногоор, нэмэгдүүлсэн хүүг хугацаа хэтрүүлсэн хоног тутам харгалзах бодит хоногоор тооцох, зээлдэгч зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаанд зээлийн үндсэн төлбөрийг төлөөгүй тохиолдолд зээл төлөгдөх хуваарьт өдрийн дараагийн өдрөөс эхлэн төлөөгүй үндсэн төлбөрийн дүнгээс гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд нэмэгдүүлсэн хүүг зээлийн хүү дээр нэмж төлөх талаар гэрээний 3, 4-р зүйлээр зохицуулжээ. /1-р хавтаст хэргийн 11-17/
Хариуцагч “Монгол Мах Экспо” ХХК нь зээлдүүлэгч “Монгол Улсын Хөгжлийн банк” ХХК-тай 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Б-ММЭ-ИХ 2017-190 дугаартай барьцааны гэрээ /Ирээдүйд бий болох хөрөнгө/,
2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Б-ММЭ-ҮХ 2017-191 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ /ипотек/,
2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Б-ММЭ-ГЭ 2017-193 дугаартай газар эзэмших эрх барьцаалах гэрээг,
- хамтран хариуцагч ”Бишрэлт пропертиз” ХХК нь 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Б-ММЭ-ҮХ 2017-192 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ /ипотек/,
2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Б-ММЭ-ҮХ 2018-85 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг /ипотек/
-хамтран хариуцагч ”Веллмарт” ХХК нь 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Б-ММЭ-ГЭ 2018-86 дугаартай газар эзэмших эрх барьцаалах гэрээг тус тус байгуулж эд хөрөнгүүдийг барьцаалсан ба талууд эдгээр барьцаалсан хөрөнгүүд, зээлийн болон барьцааны гэрээний талаар маргаагүй байна.
Иймд талуудын хооронд байгуулсан дээрх гэрээнүүд нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 164 дүгээр зүйлийн 164.1-д заасантай нийцсэн хүчин төгөлдөр гэрээ гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгч талаас зээлдэгч “Монгол Мах Экспо” ХХК-ийг авсан зээлээ зориулалтын бусаар зарцуулж, зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь зөрчсөн, банкны зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг зээлдэгчид удаа дараа шаардаж үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх хугацаатай мэдэгдлийг хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй, “Монгол Мах Экспо” ХХК нь Монгол Улсын Засгийн Газрын 2017 оны 318 дугаар тогтоолоор малыг амьдаар нь экспортлож гаргах болсноор төслийг цаашид хэрэгжүүлэх боломжгүй болсон, хүнд нөхцөл байдал үүссэн гэж шийдвэр гаргахыг хүссэн хүсэлт банканд ирүүлсэн боловч хүсэлтэд заасан мал олон тоогоор амьдаар нь гаргасан нөхцөл байдал бий болж Засгийн Газрын 318 дугаар тогтоолын хэрэгжилт нь хангагдаагүй, Манай банк нь Монгол Улсын стератегийн салбарт оруулах томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилготой, үйлдвэрлэлийг дэмждэг банк болохоос арилжааны банк шиг үйл ажиллагаа явуулдаггүй, бид үйлдвэрлэлд санхүүжилт өгсөн болохоос мах боловсруулах үйл ажиллагааг санхүүжүүлээгүй, 318 дугаар тогтоол энэ хэрэгт ерөөсөө хамааралгүй, Төслөө хэрэгжүүлээгүй болох нь өөрсдийх нь ирүүлсэн албан бичиг болон манайхаас очсон хяналт шалгалтаар тогтоогдсон тул бид үлдэгдэл зээлийг олгох боломжгүй болсон. Хариуцагч гэрээг цуцалсан гэж ярьж байна. Бид хариуцагчид гэрээг цуцлана шүү гэж л мэдэгдэж байсан болохоос цуцаллаа гэж огт хэлээгүй, өнөөдрийг хүртэл гэрээг цуцлаагүй, талууд хоорондоо саяхныг хүртэл эвлэрэх гээд хариуцагчийн зүгээс эргэн төлөлтийнхөө хуваарийг өөрчилье, зээлийн төлөлтийнхөө хугацааг хойшлуулъя гэсэн байдлаар ярилцаад яваад байсан хэмээн тайлбарлаж,
хариуцагч талаас: талуудын хооронд байгуулсан гэрээгээр 37,498,770,000 төгрөгийн зээлийг олгоно гэж заасан. Гэтэл үүнээс нэхэмжлэгч 31,896,957,844 төгрөгийг хувааж олгосон. Зээлийн зориулалт нь мах боловсруулах үйлдвэр барих, мах экспортонд гаргах төслийг хэрэгжүүлэх байсан боловч төсөл нь хариуцагчийн үйл баримтаас үл шалтгаалаад хүнд нөхцөл байдалд орж төсөл хэрэгжих боломжгүй болсон. Төсөл яагаад хэрэгжээгүй вэ гэвэл 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Монгол Улсын Засгийн Газрын 318 дугаар тогтоолоор махны экспортыг нэмэгдүүлэх талаар тогтоол гарч дотоодын үйлдвэрүүд мах бэлтгэж гадагшаа гаргахад хүндрэлтэй болсон тул Худалдаа аж үйлдвэрийн танхимаас 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 01527 дугаартай “Хүнд нөхцөл байдлын гэрчилгээ”-г авч нэхэмжлэгчид өгсөн, нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах талаар огт тавиагүй. 2019 оны 2 дугаар сарын 06-ны өдрөөс эхлээд “Монгол Улсын Хөгжлийн банк” ХХК-иас мэдэгдэл ирүүлсэн. Энэ мэдэгдэлд үүргийн гүйцэтгэлийг хэрэгжүүл, гүйцэтгэхгүй бол бид зээлийн гэрээг дангаар цуцлах эрхээ хэрэгжүүлнэ гэсэн байсан. Дараа нь 2019 оны 5 дугаар сарын 26-ны өдөр зээлийн гэрээг нэг талын санаачлагаар цуцалж, үлдэгдэл санхүүжилт болох 5,601,842,000 төгрөгийг олгох чиг үүргээ гүйцэтгээгүй олгохоос бүрэн татгалзсан гэрээг дангаар цуцлах эрхээ хэрэгжүүлж байна гэсэн, түүний дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тиймээс гэрээ дуусгавар болсны дараа хүү, нэмэгдүүлсэн хүү үүсэх ямар ч боломжгүй. Гэтэл нэхэмжлэгч 2019 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс өнөөдрийг хүртэл 3,427,276,122 төгрөгийн хүүг нэмэгдүүлсэн шаардлагын хүрээнд нэхэмжилж байгаа. Зээлийн гэрээ харилцаа нь дуусгавар болсон, хугацаанаас өмнө цуцалсан гэрээн дээр ямар ч хүүгийн асуудал яригдахгүй, банкны зүгээс гэрээгээр тохирсон мөнгөн дүнгээр зээлээ олгоогүй, үүргээ зөрчсөн, бүрэн хэмжээгээр өнөөдрийг хүртэл зээл олгогдоогүй, зээлийн гэрээний 10.1-д нэмэлт хугацаа тогтооно гэж заасан. Гэтэл банкны зүгээс нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй гэж маргажээ.
Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д зааснаар зээлдүүлэгч Монгол Улсын Хөгжлийн банк нь 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр З-ММЭ-ЗҮ 2017-189 дугаартай ‘Зээлийн гэрээ”-ний үүргээ биелүүлэхийг зээлдэгч “Монгол Мах Экспо” ХХК-д удаа мэдэгдэж, мэдэгдэл хүргүүлж байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримт талуудын тайлбараар тогтоогдов. /1-р хавтаст хэргийн хуудас 72-77/
Зээлдүүлэгчээс зээлдэгч “Монгол Мах Экспо ” ХХК-д хүргүүлж байсан мэдэгдэл мөн зээлдэгчийн зээлдүүлэгч Монгол Улсын Хөгжлийн банкинд хүргүүлж байсан албан бичиг зэргээс үзэхэд зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эргэн төлөлтийн хуваарийн дагуу хугацаандаа зээлээ төлөхгүй байх, хуваарь зөрчих нөхцөл байдал үүссэн тул гэрээний үүргээ биелүүлэх, үлдэгдэл зээлийг түр зогсоох талаар,
зээлдэгч нь хүнд нөхцөл байдал үүссэнийг тодорхойлсон гэрчилгээ олгосон тул цаашид ажиллах боломжгүй болж, зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэх боломжгүй хүнд нөхцөл байдал үүссэн тухай зээлдүүлэгчид мэдэгдэж албан бичиг хүргүүлж байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. /1-р хавтаст хэргийн хуудас 78-85/
Энэ нь зээлдэгчийг зээлээ төлөх төлбөрийн чадвар нь муудсан, зээлийг буцаан төлөх чадваргүй болох нөхцөл байдал үүссэн болохыг харуулж байгаа болно.
Нэхэмжлэгч Монгол Улсын Хөгжлийн банк нь 2019.12.23-нд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах талаар дурдаагүй боловч зээлдэгч нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь зөрчсөнөөс 2019.10.21-ний өдрийн байдлаар үндсэн зээл, хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 29,949,426,744.31 төгрөгийн зөрчил үүссэн тул 2019.09.30-ны өдрөөр тасалбар болгож, үндсэн зээлийн төлбөрт 28,574,358,068.03 төгрөг, зээлийн хүү 1,363,608,638.27 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11,460,038.01 төгрөг, нийт 29,949,426,744.31 төгрөгийг гаргуулахаар шаардаж, нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тодорхойлж, шүүхэд нэхэмжлэл гаргаснаар ‘Зээлийн гэрээ”-г цуцалжээ.
Энэ нь талуудын хооронд байгуулсан 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр З-ММЭ-ЗҮ 2017-189 дугаартай ‘Зээлийн гэрээ”-г нэг талын санаачилгаар цуцалсан гэх нөхцөл байдлыг үгүйсгэж байх тул хариуцагч талын зээлийн гэрээ 2019.05.26-нд нэг талын санаачилгаар цуцалж, үлдэгдэл санхүүжилт олгоогүй, гэрээ дуусгавар болсон тул дуусгавар болсноос хойшхи хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үндэслэлгүй гэх тайлбар нь няцаагдаж байна гэж шүүх үзлээ.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “...зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ “ гэж, 451.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ” гэж, 452 дугаар зүйлийн 452.1-д ”Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно “ гэж, 452.2 дах хэсэгт “зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно...” гэж, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт ” зээлдэгч авсан зээлээ хугацаандаа төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэсэн,
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж,төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дах хэсэгт “ зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө “ гэж тус тус зохицуулсаны дагуу талуудын хооронд байгуулсан 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр З-ММЭ-ЗҮ 2017-189 дугаартай ‘Зээлийн гэрээ”-нд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх талаар талууд харилцан тохиролцож, тусгажээ.
Иймд нэхэмжлэгч Монгол Улсын Хөгжлийн банк нь Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д зааснаар гэрээний үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй гэж, энэ хуулийн 225 дугаар зүйлийн 225.5-д зааснаар гэрээнээс татгалзаж, 205 дугаар зүйлийн 205.1-т зааснаар гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг хариуцагчаас шаардах эрхтэй.
Хариуцагч “ Монгол Мах Экспо ” ХХК нь 2019.05.26-наас өмнөх зээлийн хүүг багасгах хүсэлт гаргахдаа “ Төсөл яагаад хэрэгжээгүй вэ гэвэл 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын 318 дугаар тогтоолоор махны экспортыг нэмэгдүүлэх талаар тогтоол гарч дотоодын үйлдвэрүүд мах бэлтгэж гадагшаа гаргахад хүндрэлтэй болсон. Тиймээс Худалдаа аж үйлдвэрийн танхимаас 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 01527 дугаартай “Хүнд нөхцөл байдлын гэрчилгээ”-г авч үүнийгээ нэхэмжлэгчид өгсөн. Улс орноос хэрэгжүүлж байгаа бодлого, зээлийн гэрээний зүйл заалтуудтай холбогдуулаад үзэхэд нэхэмжлэгчийн нэхэмжилж буй дүнг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Тиймээс хүүнээс нь багасгаж өгөх талаар арга хэмжээ авч өгөөч гэж шүүхээс хүсч байна Үйлдвэрийн ажлыг эхлүүлээд тоног төхөөрөмжийг захиалаад явж байтал сайдын 318 тоот тушаал гарсан. Энэ тушаал гарснаас хойш үйлдвэр барих нь ашиггүй болсон. Тиймээс төсөл маань бүрэн хэмжээгээр хэрэгжиж чадаагүй гэж,
мөн “ Зориулалтын бусаар ашигласан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч тал зээлийг зориулалтын бусаар ашигласан гэж яриад байгаа боловч үүнийгээ нотлох хэрэгтэй “ гэх боловч хариуцагчаас зээлдэж авсан зээлийн мөнгийг зориулалтын дагуу ашиглаж байсан болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотолж чадаагүй гэж шүүх үзсэн бөгөөд энэ үүрэг нь хуулиар хариуцагчийн үүрэг юм.
Түүнчлэн 2019.05.26-наас өмнөх зээлийн хүүг бууруулахад хариуцагчийн шүүхэд ирүүлсэн Худалдаа аж үйлдвэрийн танхимаас 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр олгосон гэх 01527 дугаартай “Хүнд нөхцөл байдлын гэрчилгээ” болон зээлдүүлэгч банкинд явуулж байсан албан бичгүүдийг үндэслэж шүүхээс зээлийн хүүг бууруулах боломжгүй бөгөөд талуудын хооронд байгуулсан Зээлийн гэрээнд хүнд нөхцөл байдлын улмаас зээлийн хүүг бууруулах буюу багасгах талаар тусгагдаагүй тул хариуцагч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хүү төлөх үүрэгтэй.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хамтран хариуцагч “Бишрэлт пропертиз” ХХК, “Веллмарт” ХХК нар нь талуудын хооронд байгуулсан З-ММЭ-ЗҮ 2017-189 дугаартай ‘Зээлийн гэрээ”-ний харилцаанд оролцоогүй, харин зээлдүүлэгч банктай
- ”Бишрэлт пропертиз” ХХК нь 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Б-ММЭ-ҮХ 2017-192 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ /ипотек/,
2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Б-ММЭ-ҮХ 2018-85 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг /ипотек/
- ”Веллмарт” ХХК нь 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Б-ММЭ-ГЭ 2018-86 дугаартай газар эзэмших эрх барьцаалах гэрээг тус тус байгуулж, зээлдэгчийн зээлийн барьцаанд барьцаалсан ба барьцаалсан хөрөнгүүд, зээлийн болон барьцааны гэрээний талаар маргаагүй байна.
Мөн хариуцагч “Монгол Мах Экспо” ХХК нь зээлдүүлэгч “Монгол Улсын Хөгжлийн банк” ХХК-тай 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Б-ММЭ-ИХ 2017-190 дугаартай барьцааны гэрээ /Ирээдүйд бий болох хөрөнгө/,
2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Б-ММЭ-ҮХ 2017-191 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ /ипотек/,
2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Б-ММЭ-ГЭ 2017-193 дугаартай газар эзэмших эрх барьцаалах гэрээг тус тус байгуулсан.
Дээрх барьцааны гэрээнүүд Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1,156.2, энэ хуулийн 164 дүгээр зүйлийн 164.1-д заасан заалтыг зөрчөөгүй хүчин төгөлдөр гэрээний талаар шүүх дүгнэжээ.
Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ... хариуцагч болон хамтран хариуцагчдаас 32,178,607,980.57 төгрөгийг гаргуулана гэсэн ба шүүх хуралдаанд “үндсэн үүргийг зээлдэгч хүлээх ёстой. Энэ үүргээ сайн дураараа биелүүлэхгүй бол барьцаалуулагч үүргийн гүйцэтгэлийг барьцаалбараар хангуулах ёстой” гэж тайлбарлав.
Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т “ Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна “ гэсэн энэ хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д “ Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй” гэж, 153.2-т “Барьцааны эрх үүссэнээр тухайн этгээд үүргийн гүйцэтгэлийг шаардах давуу эрх эдэлнэ” гэсэн заалттай нийцэж байна.
Иймд хамтран хариуцагч ”Бишрэлт пропертиз” ХХК болон ”Веллмарт” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын “ Манай зүгээс гэрээ байгуулсантай маргах зүйл байхгүй боловч нэхэмжлэгч нэхэмжлэгчийн шаардлагаа “Бишрэлт пропертиз” ХХК-д хамаатуулж гаргахдаа үндэслэлгүйгээр гаргасан гэж үзэж байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй... “Веллмарт” ХХК нь нэхэмжлэгчтэй зээлийн гэрээ байгуулаагүй. Нэхэмжлэгч нь манай компанийг бүхэлд нь хариуцагчаар татсан байгаа бөгөөд “Веллмарт” ХХК-ниас хэдэн төгрөг нэхэмжлээд байгааг тодруулах ёстой гэх тайлбар нь үндэслэлгүй юм.
Зээлдэгч “Монгол Мах Экспо” ХХК нь зээлийн төлбөрийг сайн дураар төлөөгүй/ зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй/ тохиолдолд зээлдэгч Монгол Улсын Хөгжлийн банктай байгуулсан хамтран хариуцагч ”Бишрэлт пропертиз” ХХК-ийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Б-ММЭ-ҮХ 2017-192 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ /ипотек/,
2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Б-ММЭ-ҮХ 2018-85 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ /ипотек/
- хамтран хариуцагч ” Веллмарт” ХХК-ийн 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Б-ММЭ-ГЭ 2018-86 дугаартай газар эзэмших эрх барьцаалах гэрээ,
-хариуцагч “Монгол Мах Экспо” ХХК-ийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Б-ММЭ-ИХ 2017-190 дугаартай барьцааны гэрээ /Ирээдүйд бий болох хөрөнгө/,
2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Б-ММЭ-ҮХ 2017-191 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ /ипотек/,
2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Б-ММЭ-ГЭ 2017-193 дугаартай газар эзэмших эрх барьцаалах гэрээгээр тус тус барьцаалсан эд хөрөнгүүдээр Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй байна.
Иймээс шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-дах хэсэгт зааснаар шүүх үнэлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн талаар:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 161.437.708 төгрөг 99 мөнгө / нэг зуун жаран нэгэн сая дөрвөн зуун гучин долоон мянга долоон зуун найман төгрөг, ерэн есөн мөнгө/- ийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “Монгол Мах Экспо” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 53.812.363 төгрөг 33 мөнгө, хамтран хариуцагч ”Веллмарт” ХХК-иас 53.812.363 төгрөг 33 мөнгө хамтран хариуцагч ”Бишрэлт пропертиз” ХХК-иас 53.812.363 төгрөг 33 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “ Монгол Улсын Хөгжлийн банк” ХХК-д олгохоор тогтов.
Шүүгчийн 2020 оны 01 сарын 21-ны өдрийн 184/ШЗ2020/01251 дугаар захирамжаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулахаар авсан арга хэмжээ авсанг хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116,118,119 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.5, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Монгол Мах Экспо” ХХК-иас 32.178.607.980 төгрөг 57 мөнгө /гучин хоёр тэрбум нэг зуун далан найман сая зургаан зуун долоон мянга есөн зуун наян төгрөг тавин долоон мөнгө/ гаргуулж, нэхэмжлэгч “Монгол Улсын Хөгжлийн банк” ХХК-д олгосугай.
2. Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Монгол Мах Экспо” ХХК-нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд түүний зээлийн барьцаанд барьцаалсан эд хөрөнгүүд болох :
1. 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Б-ММЭ-ИХ 2017-190 дугаартай барьцааны гэрээгээр /Ирээдүйд бий болох хөрөнгө/ барьцаалсан шинээр худалдан авч байгаа тоног төхөөрөмжүүд болон төслийн хүрээнд худалдан авч буй бүх эргэлтийн хөрөнгүүд,
2. 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан Б-ММЭ-ҮХ 2017-191 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээгээр /ипотек/ барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгүүд ҮҮНД:
2.1. Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, Толгойт 18104, Хүнсчдийн гудамж, 75/1 тоот хаягт байршилтай 428 м.кв талбайтай контор, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө /УБД:2201037216, ГД:000322787/,
2.2. Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, Толгойт 18104, Хүнсчдийн гудамж, 75/1 тоот хаягт байршилтай 356 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө /УБД:2201037212, ГД:000458233/,
2.3 Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, Толгойт 18104, Хүнсчдийн гудамж, 75/1 тоот хаягт байршилтай 356 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө /УБД:2201037213, ГД:000458235/,
3. 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан Б-ММЭ-ГЭ 2017-193 дугаартай газар эзэмших эрх барьцаалах гэрээгээр барьцаалсан Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо хаягт байрлалтай 11,000 м.кв газар /Г:2201051708, ГД:000317558, НТД:1853/0050, 18632309104771/ эзэмших эрх
4. Хамтран хариуцагч ”Бишрэлт пропертиз” ХХК-ийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан Б-ММЭ-ҮХ 2017-192 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээгээр /ипотек/ зээлийн барьцаанд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгүүд ҮҮНД:
4.1. Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамж, 19 тоотод хаягт байршилтай, 2870 м.кв талбайтай, аялал жуулчлалын зориулалттай, 60 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө /Ү-2206020532, ГД-000584235/,
4.2. Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Дүнжингарав 1 дүгээр гудамж, 23 дугаар байр, 0 тоот хаягт барйшилтай 3585 м.кв талбайтай, 70 хувийн гүйцэтгэлтэй, аялал зуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө /Ү-2206028061, ГД:000584086/
4.3. Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан /17020/ Зайсангийн тойруу гудамж, 17 тоот хаягт байршилтай, 4018 м.кв талбайтай аялал жуулчлалын зориулалттай 80 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгө /Ү-2206020533, гэрчилгээний №000579965/
4.4. Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамж, 15 тоот хаягт байршилтай, 70 хувийн гүйцэтгэлтэй, 3444 м.кв талбайтай, аялал жуулчлалын зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгө /Ү-2206020535, ГД:000579964/
5. Хамтран хариуцагч ”Бишрэлт пропертиз” ХХК-ийн 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан Б-ММЭ-ҮХ 2018-85 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээгээр /ипотек/ барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгүүд ҮҮНД:
5.1. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамж, 9 тоот хаягт байршилтай 40 хувийн гүйцэтгэлтэй, 1722 м.кв талбайтай аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх хөрөнгө /Ү-2206020531, ГД:000584236/,
5.2. Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Амгалан /13271/ Цагдаагийн академийн өргөн чөлөө гудамж, 63 тоот хаягт байршилтай, 4558,12 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө /Ү-2204040261, ГД:000448047/
6. Хамтран хариуцагч ”Веллмарт” ХХК-ийн 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан Б-ММЭ-ГЭ 2018-86 дугаартай газар эзэмших эрх барьцаалах гэрээгээр барьцаалсан Баянзүрх дүүрэг, Ботаникийн цэцэрлэгийн зүүн хойд талд 12 дугаар хороонд байрлалт 1000 м.кв талбайтай газрыг эзэмших эрх зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 161.437.708 төгрөг 99 мөнгө/ нэг зуун жаран нэгэн сая дөрвөн зуун гучин долоон мянга долоон зуун найман төгрөг, ерэн есөн мөнгө/- ийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “Монгол Мах Экспо” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 53.812.363 төгрөг 33 мөнгө, хамтран хариуцагч ”Веллмарт” ХХК-иас 53.812.363 төгрөг 33 мөнгө хамтран хариуцагч ”Бишрэлт пропертиз” ХХК-иас 53.812.363 төгрөг 33 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “ Монгол Улсын Хөгжлийн банк” ХХК-д олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дах хэсэгт зааснаар шүүгчийн 2020 оны 01 сарын 21-ны өдрийн 184/ШЗ2020/01251 дугаар захирамжаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулахаар авсан арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
5. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болно,
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигчид нь шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4,119.7 дах хэсэгт зааснаар 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОЮУНЖАРГАЛ