Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 134/ШШ2020/00161

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Наранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Г.О -ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: МГ.Г-д холбогдох

 

ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.С, хариуцагчийн төлөөлөгч Ч.О, түүний өмгөөлөгч П.Н, гэрч Б.Е, нарийн бичгийн дарга П.Э нар оролцов.

 

                                                  ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

          Нэхэмжлэгч Г.О нь Говьсүмбэр аймгийн М.Гт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

 

          Нэхэмжлэгч Г.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Говьсүмбэр аймгийн Мал эмнэлгийн газрын даргын 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Б/12 тоот тушаалаар нэхэмжлэгч Г.О миний хөдөлмөрийн гэрээг цуцалсанд гомдолтой байна. Нэхмжлэгч Г.О миний биеийг хариуцагч Ч.О нь ажлаас халахдаа удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Сангийн яамнаас баталсан дүрэм, журмын дагуу санхүүгийн тайланг бэлтгээгүй, санхүүгийн тайлангийн аудитаар их хэмжээний материаллаг дүнтэй зөрчил гаргаж залруулга хийгдсэн аудитын байгууллагаар тогтоогдсон гэжээ. Миний бие нь тушаалд дурдсан үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй зүйл байхгүй. Харин санхүүгийн тайланд техникийн шинжтэй алдаа дутагдал байсныг үгүйсгэхгүй. Аймгийн аудитын байгууллагаас манай байгууллагын санхүүгийн тайланг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр санхүүгийн байдал, санхүүгийн үр дүн, цэвэр хөрөнгө өмчийн өөрчлөлт, мөнгөн гүйлгээ болон төсвийн гүйцэтгэлийн тайланг материаллаг зүйлсийн хувьд Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, УСНББОУС-д нийцүүлж, Сангийн сайдын баталсан бодлого, журам, зааврын дагуу үнэн, бодитой, шударга илэрхийлэгдсэн тул зөрчилгүй санал дүгнэлт гаргасан.

          Иймд Говьсүбэр аймгийн мал эмнэлгийн газрын даргын 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Б/12 дугаар тушаалыг хүчингүй болгож, Мал эмнэлгийн газрын нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговрыг анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Мөн манай байгууллагын жилийн эцсийн санхүүгийн тайланг Аудитын газраас хууль тогтоомж Сангийн сайдын баталсан дүрэм журмын дагуу үнэн бодитой, шударга илэрхийлэгдсэн тул зөрчилгүй гэсэн санал дүгнэлт гаргаж байна гэж дүгнэсэн. Үүний дагуу Мал эмнэлгийн Ерөнхий газрын даргын 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн А/146 дугаар тушаалаар зөрчилгүй гэж дүгнэгдсэн орон нутгийн дарга, нягтлан бодогч нарт 1 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний төгрөгийн мөнгөн урамшуулал олгосон. Гэтэл манай дарга болох Ч.О нь өөрийнхөө нэрийг урамшуулалд оруулж, миний нэрийг хассан байна. Иймд Мал эмнэлгийн газраас нэг сарын үндсэн цалинтай тэнцэх урамшуулал 720 645 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэв. 

 

Хариуцагчийн төлөөлөгч Ч.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Ч.О миний бие Мал эмнэлгийн Ерөнхий газрын даргын 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Б/16 дугаар тушаалаар Говьсүмбэр аймгийн Мал эмнэлгийн газрын даргаар томилогдсон. Улмаар 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/01 тоот тушаалаар Г.Оийг ахлах нягтлан бодогчоор түр томилон 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хамт ажилласан. Ажлын анхны өдөр сар, улирал, хагас, бүтэн жилийн мэдээ тайланг хугацаанд нь алдаагүй өгч байх, ялангуяа Шилэн дансны мэдээллийг хугацаанд нь оруулж байх, албан хаагчдын цалин, хөлс, бусад нэмэгдэл, нөхөх олговрыг тухай бүр зөв өгч байх талаар зөвлөж, хэлдэг байсан боловч нягтлан бодох бүртгэлийн холбогдох дүрэм, журамд нийцүүлэн ажиллахгүй байсан. 2019 оны санхүүгийн үйл ажиллагаанд аймгийн Төрийн аудитын газраас хийсэн хяналт шалгалтын тайлан, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газраас хийсэн тайлан байгаа. Энэ шийдвэрийг гаргахдаа аймгийн Төрийн аудитын газраас ирсэн тайлан, нягтлан бодогч Г.От хариуцлага тооцуулах тухай албан шаардлагыг үндэслэсэн. Яамны хяналт-шинжилгээ үнэлгээ 2019 оны 9 дүгээр сард хийгдэж, хариу тайлан нь 2020 оны 03 дугаар сарын 04-нд үйлдэгдэж, хариу нь 2020 оны 04 дүгээр сарын 03-нд ирсэн. Эдгээр тайланг харьцуулаад харахад зарим зөрчил давтагдсан байгаа нь харагддаг. Даргаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа огт хэрэгжүүлээгүй, хэрэгжүүлсэн тохиолдолд хангалттай хэрэгжүүлдэггүй. Оны эхнээс буюу 2020 оны 01 дүгээр сарын  04-ний өдөр 4 чиглэлээр үүрэг даалгавар, зөвлөмжийг өгсөн. Иймд томилолтын зардлын задаргаа дутуу, шатахууны тооцоо нийлсэн акт хийгээгүй, шилэн дансны мэдээлэл хангалтгүй, хугацаанд нь бүрэн зөв оруулаагүй, зарлагын баримт үйлдээгүй, гахайн халдварт мялзан өвчинтэй холбоотой ажилласан эмч, ажилтнуудад томилолтын зардал олгоогүй, дутуу олгосон. Цалин хөлс нөхөн олговрыг буруу боддог гэсэн 6 зөрчил болон аудитын тайланг үндэслэл болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн гэрээний 6.2.3-д заасан удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг санаатайгаар биелүүлээгүй ноцтой зөрчил гаргасан гэж үзэж ажлаас халсан. Энэ асуудлууд 2019 онд жилийн турш яригдсан. Зарим үүрэг даалгавар тэмдэглэлд тусгагдаж, зарим нь тусгагдаагүй байсан. Алдаагаа засаач, энэ нь болохгүй байна гэдэг үүрэг даалгавар, зөвлөмжийг удаа дараа өгч байсан боловч өгсөн зөвлөмжийг хүлээж авдаггүй, биелүүлдэггүй, үл тоосон байдал гаргадаг. Сүүлдээ ганцаарчилсан шийдвэр гаргасан, худлаа ярьсан, хүнийг гүтгэсэн, өөрийнхөө бурууг хүлээн зөвшөөрдөггүй, гаргасан алдаагаа засахыг хичээдэггүй. Төрийн албан хаагчийн ёс зүй байхгүй. Шударга ил тод байх шалгуур үзүүлэлтүүдийг хангаагүй. Ийм учраас хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Г.О нь хариуцагч Говьсүмбэр аймгийн М.Гт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа 2019 оны ажлын үр дүнгийн урамшуулал 720 645 төгрөг гаргуулахаар нэмэгдүүлжээ.

 

          Хариуцагч тал нь ажлаас халсан тушаал үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн тайлбарлана.

 

Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэсэн хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна.

 

          Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Учир нь:

 

          Говьсүмбэр аймгийн Мал эмнэлгийн газрын даргын 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Б/12 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 4.4, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 46.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.1.4, Мал эмнэлгийн газрын даргын 2019 оны А/07 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 7.2, 7.17, 15.5.4, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 166 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Ээлжийн амралт олгох заавар”-ын 15, Говьсүмбэр аймаг дахь Төрийн аудитын газрын 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн “Хариуцлага тооцуулах тухай” 02/29 тоот албан шаардлага, Г.Отэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 4.5, 6.2.2 дахь заалтыг тус тус үндэслэн тус байгууллагын нягтлан бодогчоор ажиллаж байсан Г.Оийг удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй болон Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Сангийн яамнаас баталсан дүрэм, журмын дагуу санхүүгийн тайлан бэлтгээгүй, санхүүгийн тайлангийн аудитаар их хэмжээний материаллаг дүнтэй зөрчил гаргаж залруулга хийгдсэн нь аудитын байгууллагаар тогтоогдсон үндэслэлээр 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халжээ.

 

          Хэрэгт авагдсан Говьсүмбэр аймгийн Мал эмнэлгийн газрын даргын 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/01 дугаар тушаалаар Г.Оийг ахлах нягтлан бодогчийн албан тушаалд түр томилсон, мөн ажлаас халсан тушаалд “...түр томилогдон ажиллаж байсан” гэж тэмдэглэсэн байх боловч 2019, 2020 оны байгууллагын бүтэц орон тоог баталсан тушаалаас харахад “ахлах нягтлан бодогч” гэсэн нэртэй албан тушаал байхгүй /Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5-д зааснаар Нягтлан бодогчийн нэг орон тоотой аж ахуйн нэгж, байгууллагад ажиллаж байгаа нягтлан бодогч нь ерөнхий нягтлан бодогчийн үүрэг гүйцэтгэнэ/, харин “нягтлан бодогч”-ийн албан тушаал нь байнгын ажлын байр байх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-д заасан хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

          Шүүх хуралдаанд хариуцагч нь, ажилтны гаргасан 7 зөрчлийг үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 7.2, 15.5.4, Хөдөлмөрийн гэрээний 6.2.3-д заасныг баримтлан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр ажлаас халсан хэмээн тайлбарласан тул шүүх зөрчил тус бүрээр дүгнэж үзвэл:  

 

1.2019 онд албан хаагчдад олгосон 7,2 сая төгрөгийн томилолтын зардлын задаргааг хүн тус бүрээр гаргаж танилцуулах үүргийг 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн хурлын тэмдэглэлд тусгаж үүрэг болгосон боловч 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр гэхэд биелүүлээгүй байсан болох нь мөн өдрийн хурлын тэмдэглэл болон гэрч О.Б-н мэдүүлгээр тогтоогдсон.

Энэ нь Хөдөлмөрийн гэрээний 4.5-д заасан “...удирдлагаас хуулийн хүрээнд өгсөн үүрэг даалгаврыг заасан хугацаанд шаардлагын хэмжээнд хийж гүйцэтгэнэ.” гэснийг зөрчсөн.

 

2.2019 оны шатахууны жилийн эцсийн тооцоог хийж баталгаажуулах үүргийг  2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн хурлын тэмдэглэлд тусгаж үүрэг болгосон байх бөгөөд энэ нь 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр гэхэд 90 хувьтай биелэгдсэн болохыг дүгнэсэн нь мөн өдрийн хурлын тэмдэглэлээр тогтоогдсон.

 

3.2019 онд Шилэн дансны мэдээллийг 20 удаа хоцроосон, 2020 онд энэ зөрчлийг давтан гаргасан гэсэн нь Говьсүмбэр аймгийн Төрийн аудитын газрын тайлан болон 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн тэмдэглэл, гэрч П.Дэлгэрмаагийн мэдүүлэг зэргээр тогтоогдсон.

Энэ нь Хөдөлмөрийн гэрээний 4.5-д заасан “Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн ажил үүргээ биелүүлж, ажлын байрны тодорхолойлолт, үр дүнгийн гэрээнд заагдсан ажил үүргийг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэх” гэснийг зөрчсөн.

Учир нь Шилэн дансны тухай хуулийн 7 дугаар зүйлийн  7.1.3-д зааснаар Шилэн дансны мэдээллийг энэ хуулийн дагуу иргэн олон нийтэд хүргэх үүргийг тухайн зарлага, төлбөрийн даалгаварт нэгдүгээр, хоёрдугаар гарын үсэг зурж гүйлгээ хийсэн албан тушаалтан хүлээнэ. Мөн ажлын байрны тодорхойлолтонд зааснаар нягтлан бодогч нь ажлын байрны үндсэн зорилтын хүрээнд санхүүгийн болон холбогдох мэдээ тайланг үнэн зөв гаргаж, тайлагнах, санхүүгийн ил тод байдлыг ханган ажиллах үүрэгтэй байна.

 

4.Мал эмнэлгийн газраас мал эмнэлгийн үйлчилгээний нэгжид бараа материал болон вакцин, шингэлэгч, халдваргүйтгэлийн бодис олгохдоо зарлагын баримт олгодоггүй явдалд няравт заавар, чиглэл, зөвлөмж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй зөрчил гаргасан гэсний хувьд:

 гэрч Б.Ерөөлмаа ...Мал эмнэлгийн газраас мал эмнэлгийн тасаг буюу сумдад бараа материал, вакцин, шингэлэгч, халдваргүйтгэлийн бодис олгохдоо зарлагын баримт үйлддэг. Харин сум нь цаашаа нэгжүүдэд олгохдоо зарлагын баримт үйлддэггүй байсан гэж мэдүүлсэн,

нэхэмжлэгч Г.О ...бүх нэгжүүдэд байцаагч нар нь өөрсдөө вакцин, шингэлэгч, халдваргүйтгэлийн бодисоо тараагаад тайлангаа гаргаж өгдөг. Тэр тайланг үндэслэн зарлагын баримтыг өгдөг байсан. Нэгжүүд рүү манайхаас зарлагын баримт бичвэл бараа материалыг 2 удаа өгсөн болоод санхүүгийн алдаатай баримт болно. Иймээс нэгжүүдэд зарлагын баримт өгдөггүй гэж тайлбарласан зэргээс үзвэл нярав, өөрийн ажил үүргийн хүрээнд үйлдсэн зарлагын баримтаа нягтлан бодогчид хүлээлгэж өгдөг байсан нь тогтоогдож байна. Харин няравын хүлээлгэж өгсөн бараа материалыг тасаг буюу сумын байцаагч нар цааш нь мал эмнэлгийн нэгжүүдэд хүлээлгэж өгөхдөө ямар баримт үйлдэх талаар зохион байгуулалтын арга хэмжээг нягтлан бодогч хэрэгжүүлэх, улмаар хяналт тавих гэснийг хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтонд нарийвчлан зохицуулаагүй байна. Энэ нь тухайн байгууллагын дотоод зохион байгуулалттай холбоотой асуудал байх бөгөөд уг зөрчлийг нэхэмжлэгч Г.Оийг гаргасан гэж үзэх үндэслэлгүй. Харин Мал эмнэлгийн газрын даргын ажлын байрны тодорхойлолтод зааснаар Газрын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, гүйцэтгэлд нь хяналт тавих үүргийг дарга хүлээхээр байна.

 

5.Сүмбэр сумын 3 дугаар багийн нутагт байрлах гахайн аж ахуйд 2019 оны 1 дүгээр сард гоц халдварт гахайн Африк мялзан өвчин бүртгэгдсэн. Уг өвчинтэй тэмцэхэд ажилласан эмч, ажиллагсдад олгох нийт 244 000 төгрөгийн томилолтын зардал олго гэсэн үүргийг 2019 оны 03 дугаар сараас эхлэн удаа дараа өгсөн боловч хэрэгжүүлээгүй, ...дутуу олгож, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг гүйцэтгэхээс санаатайгаар татгалзсан ноцтой зөрчил гаргасан гэсний хувьд:

Нэхэмжлэгчийн зүгээс ...томилолтын зардлыг орон нутгийн төсвөөс юмуу?, Аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс гаргах эсэх нь тодорхойгүй. Нилээн хугацааг авсан. Анхан шатны баримтууд нь над дээр ирээгүй, би юунд үндэслэж энэ зардлыг олгох эсэх нь эргэлзээтэй байсан. Мал эмнэлгийн газрын даргын тушаал бол гараагүй. Сүүлд нь Онцгой байдлын даргын захирамж, Засаг даргын захирамж зэргийг канондож байгаад гаргаж өгсөн гэж тайлбарласан бөгөөд уг үүрэг даалгаврыг байгууллагын удирдлагаас хэзээ, хэрхэн өгсөн нь тодорхойгүй,  Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д зааснаар “анхан шатны баримт” гэж ажил, гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоог ойлгох бөгөөд хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д зааснаар Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн, зөв гаргах үндэслэл болно, 13.7-д зааснаар Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно гэснээр төсвийн шууд захирагчийн зүгээс амаар өгсөн үүрэг даалгаврыг нягтлан бодогч анхан шатны баримтгүйгээр биелүүлэх боломжгүй байсан нь тогтоогдож байх тул түүнийг удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхээс санаатайгаар татгалзсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

6.Байгууллагын ажилчдын цалинг  илүү, дутуу бодож олгосон зөрчлийг удаа дараа гаргаж байсан учир үнэн зөв бодохыг үүрэг болгосон боловч өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн гэж үзнэ гэсний хувьд:

Энэхүү зөрчил нь Говьсүмбэр аймгийн Төрийн аудитын газрын тайлангаар тогтоогдсон байх бөгөөд Хөдөлмөрийн гэрээний 4.5 болон ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн зөрчил байна.

 

7.Говьсүмбэр аймгийн Төрийн аудитын газрын хяналт шалгалтаар илэрсэн зөрчлүүд уг шалгалтын тайлан, аудитын гэрчилгээгээр тогтоогдсон.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан “ноцтой зөрчил” гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулсан, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэхүй байна гэж ойлгоно.

 

Гэтэл талуудын хооронд байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээний 6.2.3-д ...  - Эрхэлж буй ажил үүрэгтэй нь холбогдуулж удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг санаатайгаар биелүүлээгүй, эсэргүүцсэн, эсвэл гүйцэтгэхээс татгалзсан бол ноцтой зөрчилд тооцохоор заасан байх бөгөөд хариуцагчийн зүгээс ...ажилтан удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг нэг удаа л зөрчсөн бол ноцтой зөрчилд тооцно гэж тайлбарлаж буй нь дээрх хуулийн агуулгад нийцэхгүй.  

 

Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч дээр дурдснаар хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан болох нь тогтоогдож байх боловч ...удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг санаатайгаар биелүүлээгүй, эсэргүүцсэн, эсвэл гүйцэтгэхээс татгалзсан гэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. 

 

Харин ч тухайн байгууллагын санхүүгийн үйл ажиллагааг төрийн аудитын байгууллага хянаж үзээд зөрчил илэрсэн хэдий ч зөрчлийг арилгуулж, “Зөрчилгүй санал дүгнэлт” өгч аудитын гэрчилгээ олгосон, Мал эмнэлгийн Ерөнхий газрын даргын 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн А/146 дугаар тушаалаар харъяа байгууллагуудын санхүүгийн үйл ажиллагааг аудитын байгууллагаар дүгнэгдэж, “Зөрчилгүй” санал дүгнэлт авсан үндэслэлээр байгууллагын дарга, нягтланд урамшуулал олгосон байдал, Аймгийн Засаг даргын Тамгын газрын хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлстээс Говьсүмбэр аймгийн Мал эмнэлгийн газрын 2019 оны жилийн үйл ажиллагаанд 90 хувийн ерөнхий үнэлгээг өгсөн байдал, Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас 2019 оны 09 дүгээр сард хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын тайланд дурдсан зөрчлүүд нь Говьсүмбэр аймгийн Төрийн аудитын газрын тайланд дурдсан зөрчлүүдтэй давхцаж байгаа бөгөөд уг зөрчлийг аудитын шалгалтын явцад арилгуулсан талаар тайланд дурдсан, 2019  нягтлан бодогчийн харъяалах дээд шатны албан тушаалтан болох Мал эмнэлгийн газрын Захиргаа, санхүүгийн албаны дарга П.Дэлгэрмаа 2019 оны ажлыг нь дүгнээд 88,7 хувь буюу хангалттай үнэлгээг өгсөн, улмаар газрын дарга 83,7 хувьтайгаар дүгнэж баталгаажуулсан зэргээс үзэхэд хариуцагчийн ...эдгээр асуудлыг 2019 оны эхнээс л үүрэг болгосон боловч биелэгдээгүй өдий хүрсэн тул 2020 оны эхэнд байгууллагын ажилчдын хурлаар үүрэг болгож албажуулсан гэсэн тайлбар үгүйсгэгдэж байна.

 

Түүнчлэн нэхэмжлэгч Г.От сахилгын шийтгэл ноогдуулахтай холбоотой асуудлаар Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасныг баримтлан 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Газрын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэхээр товлосон боловч уг хурал болсон эсэх нь тодорхойгүй, улмаар ажилтанд сахилгын шийтгэл ноогдуулахад ямар журам баримтлах эсэх нь Хөдөлмөрийн гэрээ болон Хөдөлмөрийн дотоод журамд заагаагүй, зөвхөн байгууллагын удирдлагын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй тохиолдолд ноцтой зөрчилд хамруулахаар Хөдөлмөрийн гэрээнд заасан нь хэт нэг талын эрх ашиг сонирхлыг хамгаалсан, учир дутагдалтай зохицуулалт болжээ. 

 

Иймд хэдийгээр, ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан болох нь тогтоогдож байх боловч зөрчлийн шинж байдлаас үзвэл Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн дотоод журамд заасан “ноцтой зөрчил” гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, өөрөөр хэлбэл хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг ажилтанд ногдуулахдаа ажилтны гэм буруу, сахилгын зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон шийтгэлийг сонгоогүй нь хуульд нийцээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч Г.Оийг Говьсүмбэр аймгийн Мал эмнэлгийн газрын нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож,  Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ыг баримтлан 2019, 2020 оны цалингийн картыг үндэслэн ажилгүй байсан 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүртэл ажлын 69 хоногт ноогдох /2019 оны 12 дугаар сарын үндсэн цалин 641951+ урамшуулал 320976, 2020 оны 01 дүгээр сарын үндсэн цалин 720845+удаан жил 36042, 02 дугаар сарын үндсэн цалин 678442+удаан жил 33922+цалингийн зөрүү 32883 төгрөг, нийт 2465061:3 сар=821687:21,5=нэг хоногийн дундаж цалин 38218/ нийт 2 637 042 төгрөгийг хариуцагчаас гаргуулж /үүнээс  НДШимтгэл, ХХОАТатварыг суутгах/ нэхэмжлэгчид олгож, түүний ажилгүй байсан хугацаанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг даалгаж шийдвэрлэв.

 

Харин нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага болох 2019 оны үйл ажиллагааны урамшуулал 720 645 төгрөгийг Говьсүмбэр аймгийн Мал эмнэлгийн газраас гаргуулах тухай шаардлагатай холбоотой хэргийг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1-д заасан шүүх шууд харъяалан шийдвэрлэх үндэслэл тогтоогдоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3, 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ ...тушаалыг хүчингүй болгож, ... гэж бичсэн нь бие даасан шаардлага бус, ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох шаардлагын үндэслэл болох тул уг тушаалыг хүчингүй болгох шаардлагагүй, харин шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд хариуцагч Говьсүмбэр аймгийн Мал эмнэлгийн газрын дарга өөрийн гаргасан тушаалаа хүчингүй болгох үүрэгтэй.

 

Энэхүү нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч байгууллагаас ажлаас халсан шаардлагад ноогдох улсын тэмдэгтийн хураамжинд 70 200 төгрөг, ажилгүй байсан хугацааны олговорт ноогдох улсын тэмдэгтийн хураамжинд 57 143 төгрөг, нийт 127 343 төгрөгийг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулах нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар нэхэмжлэгч Г.Оийг Говьсүмбэр аймгийн М.Г-ын нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 2 637 042 төгрөгийг /НДШ,ХХОАТ-ыг суутгах/      хариуцагч Говьсүмбэр аймгийн М.Г-с гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Оийн ажилгүй байсан хугацаанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт сар бүр шимтгэл, хураамж төлсөн тухай нөхөн бичилт хийхийг хариуцагч Говьсүмбэр аймгийн М.Гт даалгасугай.

 

3.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийгн 128.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3, 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг баримтлан хариуцагч Говьсүмбэр аймгийн М.Г-сурамшуулал 720 645 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.Оийн нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.

 

4.Энэхүү нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагч Говьсүмбэр аймгийн М6Г-с улсын тэмдэгтийн хураамжинд 127 343 төгрөгийг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                             Б.НАРАНЧИМЭГ