Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Базаррагчаагийн Наранчимэг |
Хэргийн индекс | 134/2020/00078/И |
Дугаар | 134/ШШ2020/00167 |
Огноо | 2020-07-22 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 134/ШШ2020/00167
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Наранчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б
Хариуцагч: ШО
худалдах-худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр нийт 241 441 800 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б. ХХК нь хариуцагч Ш.О ХК-д холбогдуулан худалдах- худалдан авах гэрээний үндсэн төлбөр нийт 241 441 800 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч Б. ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Ш.О ХК-тай Дизель түлш худалдах, худалдан авах тухай №ШО19-2/143 гэрээ байгуулсан. Улмаар манай компани гэрээнд заасан үүргээ биелүүлж 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 676 441 800 төгрөгийн үнэ бүхий 375 801 литр /316 312кг/ дизель түлшийг 5 вагоноор тээвэрлэн нийлүүлсэн болно. Гэрээний 6.1-д зааснаар худалдан авагч тал гэрээний зүйлийг хэмжиж хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор гэрээнд төлбөрийн үүргээ гүйцэтгэх үүрэгтэй боловч төлбөрийн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна. Тухайлбал 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 100 000 000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 150 000 000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 50 000 000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 35 000 000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 50 000 000 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 50 000 000 төгрөг, бүгд 435 000 000 төгрөгийг тус тус төлсөн ба үлдэгдэл төлбөр 241 441 800 төгрөг байна. Иймд Ш.О ХК-аас 241 441 800 төгрөгийг гаргуулж Б. ХХК-д олгож өгнө үү. Гэрээнд түлшийг литрээр гэж байгаа боловч баримтан дээр килограммаар гэж байгаа. Гэхдээ үүнээс үнийн дүнгийн зөрүү гарахгүй гэв.
Хариуцагч Ш.О ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М шүүхэд гаргасан тайлбартаа: Тус компаниас нийлүүлсэн барааны үлдэгдэл төлбөр 241 441 800 төгрөг гаргуулах тухай Б. ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагагтай танилцлаа. Манай компанитай хамтран ажиллаж шаардлагатай дизель түлш нийлүүлсэнд талархдагаа илэрхийлж байна. Тус компанийн санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдлаас үүдэн худалдан авсан дизель түлшний төлбөрийн зарим хэсгийг төлж чадахгүй өнөөг хүрсэн. Төрөөс иргэдэд эрчим хүчний хэрэглээний зардлын дарамт үүсгэхгүй иргэдийг хямд үнэ бүхийн эрчим хүчээр хангах бодлогын хүрээнд тус компанийн худалдан борлуулдаг нүүрсний үнэд хяналт тогтоосноос үүдэн санхүүгийн хүнд нөхцөлд ажиллаж байна. Дэлхийн хэмжээнд дэгдсэн COVID-19 вирусын тархалт, улс орны хэмжээнд авч байгаа арга хэмжээнүүдээс үүдэн улсын төсвийн орлого тасалдаж улсын төсвөөс санхүүжилт авдаг байгууллагуудын эрчим, хүч дулааны хэрэглээний хэрэглээний төлбөрийг царцаагаад байгаа билээ. Тус компаниас нүүрс худалдан авдаг аж ахуйн нэгжүүд нь төрөөс шууд хамааралтай Төрийн өмчит цахилгааны болон дулааны станцууд байдаг. Станцуудын орлого нь цахилгааны болон дулааны төлбөрүүд байдаг, мөн тэдгээр байгууллагуудын ихэнхи нь төрөөс татаас авч үйл ажиллагаа явуулдгаас шалтгаалан тус компанийн бэлэн мөнгөний гүйлгээ тасалдаад байна. Тус компани нь Монгол Улсын эрчим хүчний Үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэгтэй цахилгаан дулааны станцуудын ханган нийлүүлэгч учраас Үл ажиллагаагаа зогсоох ямар нэгэн эрх байхгүй бөгөөд төрөөс үйл ажиллагаагаа ямар нэг хэлбэрээр явуулж байх үүрэгтэйгээр ажиллаж байна. Цахилгаан дулааны станцуудын өгч байгаа бага хэмжээний төлбөрөөр өдөр тутмын үйл ажиллагаагаа л явуулж байна. Тус компани нь нүүрсний олборлолт, борлуулалтаар үйл ажиллагаагаа явуулдаг дулааны улиралд худалдан авалт буурч, хүйтний улиралд борлуулалт өсдөг онцлогтой. Одоо дулааны улирал эхэлсэн, СOVID-19 вирусын эсрэг авч байгаа арга, хэмжээ түүний сөрөг нөлөөнөөс үүссэн эдийн засгийн хомсдолоос шалтгаалан төлбөр төлөх боломжгүй байна. Бидний зүгээс танай компанийн төлбөр мөнгийг саатуулан барих төлөхгүй байх сонирхол байхгүй юм. Харин өнөөгийн байдлаар учраад байгаа эдийн засгийн сөрөг нөлөө бэлэн мөнгийг шууд гарган төлөх нөхцөл боломжийг олгохгүй байна. Иймд өр, төлбөрийн асуудлыг 2020 оны 10, 11, 12 дугаар сард хуваан төлж барагдуулах тус компанийн хүсэлтийг хүлээн авч хамтран ажиллана гэдэгт найдаж байна гэжээ.
Зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б. ХХК нь хариуцагч Ш.О ХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үндсэн төлбөр нийт 241 441 800 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч тал, нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын талаар ямар нэгэн маргаан гаргаагүй, зөвхөн хугацаа тохирч төлөхөөр тайлбар гаргасан.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мд шүүх хуралдааны товыг 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр баримтанд гарын үсэг зуруулж, мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, нэхэмжлэгч талаас түүнийг эзгүйд хуралдааныг явуулахаар санал гаргасан байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд, нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгч Б. ХХК нь хариуцагч Ш.О ХК-тай 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр №ШО19-2/143 тоот Дизель түлш худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээний хавсралтад зааснаар 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд литр нь 1800 төгрөгийн үнэтэй нийт 375801 литр буюу 676 441 800 төгрөгийн үнэ бүхийг дизель түлшийг худалдан авагч Ш.О ХК-д нийлүүлэхээр харилцан тохиролцжээ.
Уг гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах- худалдан авах гэрээний харилцааг үүсгэсэн бөгөөд мөн хуулийн 42,189 дүгээр зүйлийн 189.1, 196 дугаар зүйлүүдэд нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байна.
Хэрэгт авагдсан Вагоноос түлш хүлээн авсан 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 5 актаар нэхэмжлэгч Б. ХХК нь, Ш.О ХК-д нийт 316312 кг түлшийг нийлүүлсэн болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь хэлэлцэн тохиролцсон үнийг хариуцагчаас шаардах эрхтэй.
Талууд гэрээндээ түлшийг хэмжих нэгжийг литрээр тогтоосон боловч хүлээлцэхдээ килограммаар тооцож авсан байх ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд “үнийн зөрүү байхгүй” талаар тайлбарласан, улмаар хоёр талын тооцооны үлдэгдлийн баталгаагаар эцсийн байдлаар төлбөр 241 441 800 төгрөгийг хариуцагч Ш.О ХК нь төлөөгүй болохыг баталгаажуулсан байна.
Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлага болох үлдэгдэл төлбөрийн талаар маргаагүй болно.
Гэрээний 6.1-д худалдан авагч нь, худалдагчаас хэмжиж хүлээлгэн өгсөн жингээр тооцон хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор багтаан худалдагч талд төлбөрийг төлнө гэж зааснаас үзвэл худалдагч тал 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлснээс хойш хариуцагч нь нийт төлбөрөөс 435 000 000 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөрийг төлөлгүй, гэрээний үүргээ зөрчсөн байна.
Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Ш.О ХК-аас худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 241 441 800 төгрөгийг гаргуулж, хариуцагч Б. ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Ийнхүү нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч Б. ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 1 365 159 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.О ХК-аас улсын тэмдэгтийн хураамжинд 1 365 159 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б. ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Ш.О ХК-аас худалдах-худалдан авах гэрээний үүрэгт нийт 241 441 800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б. ХХК-д олгосугай
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б. ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 1 365 159 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.О ХК-аас улсын тэмдэгтийн хураамжинд 1 365 159 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар тус шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 134/ШЗ2020/0415 дугаар шүүгчийн захирамжаар авсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь энэ хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурьдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.НАРАНЧИМЭГ