Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 463

 

 

 

 

 

 

2020              4             14                                           2020/ДШМ/463

 

 

Ч.С-, Ч.Ө-, Ч.Э-,

М.О- нарт холбогдох эрүүгийн

     хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч М.Алдар, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Х.Онолт,

шүүгдэгч Ч.Э-, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт,

шүүгдэгч Ч.Ө-, түүний өмгөөлөгч Б.Баттулга,

шүүгдэгч Ч.С-, түүний өмгөөлөгч А.Очбадрал,

цагаатгагдсан этгээд М.О-ын өмгөөлөгч Г.Хандсүрэн,        

нарийн бичгийн дарга Б.Халиунгооо нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж, шүүгч Г.Мөнхзул, Л.Баатар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1236 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ч.Э-, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт, шүүгдэгч Ч.Ө- нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Ч.С-, Ч.Ө-, Ч.Э-, М.О- нарт холбогдох эрүүгийн 1908020210587 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Боржигон овгийн Ч.С, 19.. оны 12 дугаар сарын 4-ний өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх суманд төрсөн, ..... настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ....................... тоотод оршин суух бүртгэлтэй, Улаанбаатар хотод тодорхой оршин суух хаяггүй, /РД: ......................./;

2003 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр Архангай аймгийн сум дундын шүүхээр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 1 хоног баривчлах ялаар шийтгүүлсэн,

2005 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Архангай аймгийн сум дундын шүүхээр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлсэн,

2007 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Архангай аймгийн сум дундын шүүхийн 96 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2008 оны 12 дугаар сарын 1-ний өдөр тэнсэж хянан харгалзсан,

2010 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр Архангай аймгийн сум дундын шүүхээр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2011 оны 8 дугаар сарын 11-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

2012 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Архангай аймгийн сум дундын шүүхийн 122 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.3 дахь хэсэгт зааснаар 11 жилийн хорих ялаар шийтгүүлсэн,

2013 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Архангай аймгийн сум дундын шүүхийн 71 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 6 жил 5 сарын хорих ялаар шийтгүүлж, 2016 оны 7 дугаар сарын 23-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан.

2. Боржигон овгийн Ч.Ө, 19.. оны 3 дугаар сарын 7-ны өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх суманд төрсөн, ........ настай, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ............. тоотод оршин суух бүртгэлтэй, Улаанбаатар хотод тодорхой оршин суух хаяггүй,  /РД: ...................../;

2014 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар, 1 хоног баривчлах ялаар шийтгүүлсэн,

2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Архангай аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 8 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 98 дугаар зүйлийн 98.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдөр хуулийн тэгшитгэлээр суллагдсан.

3. Боржигон овгийн Ч.Э, 19.... оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх суманд төрсөн, ....... настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, .................. оршин суух бүртгэлтэй, Улаанбаатар хотод тодорхой оршин суух хаяггүй, /РД: .................../;

2005 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 116 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 1 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн,

2007 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 96 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн,

2012 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 138 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар суллагдсан,

2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 8 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2018 оны 3 дугаар сарын 2-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан.

4. Боржигон овгийн М.О, 19.. оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, ..... настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, нийтийн байранд галч ажилтай, ам бүл 1, .............тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ...................../;

Ч.С- нь Ч.Э-, Ч.Ө-, М.О- нартай бүлэглэн 2019 оны 4 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хэрлэн” баарны гадна иргэн С.Б-ийг зодож, биед нь зүрхний баруун чихэвчний дээд хэсгийн задрал, баруун ховдлын ханийн цусан хуралт, үнхэлцэг хальсны хөндийд дахь цусан хураа, элэгний няцрал, гол судасны дагуух зөөлөн эд, баруун бөөрний дээд булчирхайн өөхөн эд, элэгний саран холбоосны цус хуралт, толгойн хуйхан доорх зүүн чамархайн хэсэг, баруун 2-оос 5 дугаар хавирганы булчин дахь цус хуралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн чамархай, дух, баруун, зүүн шанаа, хацар, зүүн нүдний зовхи, эрүү, баруун, зүүн тохой, шуу, сарвуу ууцанд зулгаралт бүхий гэмтлүүд учруулж, онц харгис хэрцгийгээр хүнийг алсан,

Ч.Э-, Ч.Ө-, М.О- нартай бүлэглэн 2019 оны 4 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хэрлэн” баарны гадна иргэн С.Б-эд хүч хэрэглэн, “Вега” маркийн гар утас, чонын шагай, парламент тамхи, автомашины чиптэй түлхүүр зэрэг эд зүйлсийг нь дээрэмдэн авч 146.300 төгрөгийн хохирол учруулсан,

            Ч.Э-, Ч.Ө- нартай бүлэглэн 2018 оны 7 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө 00 цагийн үед Налайх дүүргийн 3 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Хонгдо” тоосгоны үйлдвэрийн байранд Бүгд Найрамдах Хятад ард улсын иргэн Л.Ж.Ш-д хүч хэрэглэж, компьютерийн дэлгэц, бэлэн 6.000.000 төгрөг зэрэг эд зүйлсийг нь дээрэмдэн авсан,

            Ч.Ө-тай бүлэглэн Бүгд Найрамдах Хятад ард улсын иргэн Л.Ж.Ш-ы эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэн, довтлох явцдаа түүнийг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

 Ч.Э- нь Ч.С-, Ч.Ө-, М.О- нартай бүлэглэн 2019 оны 4 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хэрлэн” баарны гадна иргэн С.Б-ийг зодож, биед нь зүрхний баруун чихэвчний дээд хэсгийн задрал, баруун ховдлын ханийн цусан хуралт, үнхэлцэг хальсны хөндийд дахь цусан хураа, элэгний няцрал, гол судасны дагуух зөөлөн эд, баруун бөөрний дээд булчирхайн өөхөн эд, элэгний саран холбоосны цус хуралт, толгойн хуйхан доорх зүүн чамархайн хэсэг, баруун 2-оос 5 дугаар хавирганы булчин дахь цус хуралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн чамархай, дух, баруун, зүүн шанаа, хацар, зүүн нүдний зовхи, эрүү, баруун, зүүн тохой, шуу, сарвуу ууцанд зулгаралт бүхий гэмтлүүд учруулж, онц харгис хэрцгийгээр хүнийг алсан,

Ч.С-, Ч.Ө-, М.О- нартай бүлэглэн 2019 оны 4 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хэрлэн” баарны гадна иргэн С.Б-эд хүч хэрэглэн, “Вега” маркийн гар утас, чонын шагай, парламент тамхи, автомашины чиптэй түлхүүр зэрэг эд зүйлсийг нь дээрэмдэн авч 146.300 төгрөгийн хохирол учруулсан,

Ч.С-, Ч.Ө- нартай бүлэглэн 2018 оны 7 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө 00 цагийн үед Налайх дүүргийн 3 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Хонгдо” тоосгоны үйлдвэрийн байранд Бүгд Найрамдах Хятад ард улсын иргэн Л.Ж.Ш-д хүч хэрэглэж, компьютерийн дэлгэц, бэлэн 6.000.000 төгрөг зэрэг эд зүйлсийг нь дээрэмдэн авсан,

Ч.Ө- нь Ч.Э-, Ч.С-, М.О- нартай бүлэглэн 2019 оны 4 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хэрлэн” баарны гадна иргэн С.Б-ийг зодож, биед нь зүрхний баруун чихэвчний дээд хэсгийн задрал, баруун ховдлын ханийн цусан хуралт, үнхэлцэг хальсны хөндийд дахь цусан хураа, элэгний няцрал, гол судасны дагуух зөөлөн эд, баруун бөөрний дээд булчирхайн өөхөн эд, элэгний саран холбоосны цус хуралт, толгойн хуйхан доорх зүүн чамархайн хэсэг, баруун 2-оос 5 дугаар хавирганы булчин дахь цус хуралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн чамархай, дух, баруун, зүүн шанаа, хацар, зүүн нүдний зовхи, эрүү, баруун, зүүн тохой, шуу, сарвуу ууцанд зулгаралт бүхий гэмтлүүд учруулж, онц харгис хэрцгийгээр хүнийг алсан,

Ч.Э-, Ч.С-, М.О- нартай бүлэглэн 2019 оны 4 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хэрлэн” баарны гадна иргэн С.Б-эд хүч хэрэглэн, “Вега” маркийн гар утас, чонын шагай, парламент тамхи, автомашины чиптэй түлхүүр зэрэг эд зүйлсийг нь дээрэмдэн авч 146.300 төгрөгийн хохирол учруулсан,

Ч.Э-, Ч.С- нартай бүлэглэн 2018 оны 7 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө 00 цагийн үед Налайх дүүргийн 3 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Хонгдо” тоосгоны үйлдвэрийн байранд Бүгд Найрамдах Хятад ард улсын иргэн Л.Ж.Ш-д хүч хэрэглэж, компьютерийн дэлгэц, бэлэн 6.000.000 төгрөг зэрэг эд зүйлсийг нь дээрэмдэн авсан,

Ч.С-тай бүлэглэн Бүгд Найрамдах Хятад ард улсын иргэн Л.Ж.Ш-ы эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэн, довтлох явцдаа түүнийг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

Б.Анхбаяртай бүлэглэн 2016 оны 7 дугар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар баг, Баянбулгийн 2 дугаар гудамжнаас иргэн З.З-гийн 1 тооны Монгол үхрийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 780.000 төгрөгийн хохирол учруулсан,

М.О- нь Ч.Э-, Ч.Ө-, Ч.С- нартай бүлэглэн 2019 оны 4 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хэрлэн” баарны гадна иргэн С.Б-ийг зодож, биед нь зүрхний баруун чихэвчний дээд хэсгийн задрал, баруун ховдлын ханийн цусан хуралт, үнхэлцэг хальсны хөндийд дахь цусан хураа, элэгний няцрал, гол судасны дагуух зөөлөн эд, баруун бөөрний дээд булчирхайн өөхөн эд, элэгний саран холбоосны цус хуралт, толгойн хуйхан доорх зүүн чамархайн хэсэг, баруун 2-оос 5 дугаар хавирганы булчин дахь цус хуралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн чамархай, дух, баруун, зүүн шанаа, хацар, зүүн нүдний зовхи, эрүү, баруун, зүүн тохой, шуу, сарвуу ууцанд зулгаралт бүхий гэмтлүүд учруулж, онц харгис хэрцгийгээр хүнийг алсан,

Ч.Э-, Ч.С-, Ч.Ө- нартай бүлэглэн 2019 оны 4 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хэрлэн” баарны гадна иргэн С.Б-эд хүч хэрэглэн, “Вега” маркийн гар утас, чонын шагай, парламент тамхи, автомашины чиптэй түлхүүр зэрэг эд зүйлсийг нь дээрэмдэн авч 146.300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Ч.С-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

Ч.Э-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

Ч.Ө-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

М.О-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: М.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11 дэх заалтад заасан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, М.О-ыг цагаатгаж, Ч.Ө-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11 дэх заалтад заасан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан эрүүгийн хэргийг, Ч.С-ад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11 дэх заалтад заасан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хэргийг, Ч.Э-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тус тус хэрэгсэхгүй болгож, Ч.С-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Ч.Ө-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон тус тус өөрчлөн зүйлчилж, шүүгдэгч Ч.Э-ийг онц харгис хэрцгийгээр хүнийг алсан, амь хохирогч С.Б-ийн эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн, мөн бүлэглэж Бүгд Найрамдах Хятад ард улсын иргэн Л.Ж.Ш-ы эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ч.Ө-ыг бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн, бүлэглэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд, Ч.С-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн, бүлэглэж бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Ч.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 15 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял, Ч.Ө-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Ч.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 15 жилийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх ялын төрөл, хэмжээг 20 жилийн хугацаагаар хорих ялаар, Ч.Ө-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялын төрөл, хэмжээг 8 жилийн хугацаагаар хорих ялаар, Ч.С-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 жилийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногийн хорих ялаар тооцож 90 хоногийн буюу 3 сарын хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялын төрөл, хэмжээг 6 жил 3 сарын хугацаагаар тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Э-, Ч.Ө-, Ч.С- нарт оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Э-, Ч.Ө-, Ч.С- нар нь 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс 25-ны өдөр хүртэл шүүхийн зөвшөөрөлгүйгээр, 2019 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл тус тус цагдан хоригдсон 221 хоногийг тус тус тэдний эдлэх ялд оруулан тооцож, М.О- нь 2019 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл 219 хоног цагдан хоригдсон болохыг дурьдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороонд байрлах “Хүнсний дэлгүүр”, “Хэрлэн” баар, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтсийн К-67-2 хяналтын камерын бичлэг бүхий 6 ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хүртэлх хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар 0.5 литрийн “Хараа” нэртэй архины шил 1 ширхэг, 0.75 литрийн “Соёрхол” нэртэй архины шил 1 ширхэг, “Нийслэл” нэртэй пивоны хагархай шил 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, мөн зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар “Вега” маркийн хар өнгийн гар утас 1 ширхэг, чонын шагай 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Батсайханд буцаан олгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Э-өөс 11.024.018 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Батсайханд 8.980.685 төгрөгийг, Бүгд Найрамдах Хятад ард улсын иргэн Л.Ж.Ш-д 2.043.333 төгрөгийг, шүүгдэгч Ч.Ө-аас 2.433.333 төгрөг гаргуулж Бүгд Найрамдах Хятад ард улсын иргэн Л.Ж.Ш-д 2.043.333 төгрөгийг, хохирогч З.З-д 390.000 төгрөгийг, шүүгдэгч Ч.С-аас 2.043.333 төгрөг гаргуулж Бүгд Найрамдах Хятад ард улсын иргэн Л.Ж.Ш-д тус тус олгуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Батсайханы нэхэмжлэлээс 435.900 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ч.С-, Ч.Ө-, Ч.С- нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, тэдний эдлэх хорих ялыг 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн тоолж, М.О-од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн түүнд хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ. 

Шүүгдэгч Ч.Ө- гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Өөрийн гэм буруутай үйлдэл бүрт дүгнэлт хийж мөрдөн шалгах ажиллагааны явцад ямар ч саад болоогүй, гагцхүү бодит хэргүүдийн гэм буруугийн хэлбэрт тохирсон эсэх асуудлаар гомдол гаргаж байна. Тодруулбал,

Хохирогч Л.Ж.Ш-д учирсан болох гэмт хэргийн нөхцөл байдалд гэмтэл учруулсан асуудлыг хүлээн зөвшөөрч, гэм буруугаа хүлээж байгаа болон тухайн хүнээс 700.000 орчим төгрөгийг авсан байх боловч тухайн мөнгийг ах Энхтөгөлдөр нь авсан байдаг. Миний хувьд дээрэм хийх санаа зорилго агуулж яваагүй болон энэ асуудалд бусдын нөлөөнд автан ахархан бодол тээж, хуулийн мэдлэггүйн улмаас хэрэгтэн болж яваадаа маш их харамсаж байна. Нөгөөтээгүүр, хохирлын хэр хэмжээ илт зөрүүтэй, эдийн бус зорилгоор мөнгөн дүнг нэмж хэлсэн болох” бодит асуудлыг хууль эрх зүйн хүрээнд нарийвчлан тогтоолгож бусдад учруулсан хохирлын хэмжээг шударга ёсны хүрээнд тогтоолгох арга хэмжээ авч өгнө үү.

Хохирогч З.З-д учирсан гэмт хэргийн талаар: Энэ гэмт хэргийг Норовсамбуу, Сурмаажав, Анхбаяр, Ө- болон миний бие дөрвүүлээ хамтран үйлдэж 2016 оны 7 дугаар сарын 13-ны өдөр цагдаагийн байгууллагад баригдаж мэдүүлэг өгсөн. Энэ үед бусад гэмт этгээдийг хэлэлгүй Анхбаярын хамт үйлдсэн гэж буруу ташаа мэдүүлэг өгсөн байдаг. Энэ хэргийг бүрэн шийдүүлж амжилгүй, 2017 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр Архангай аймгийн Сум дундын анхан шатны шүүхээр 3 жилийн хорих ял авч, түүнийг эдэлж байгаад 2017 оны хуулийн өөрчлөлтөд хамрагдаж суллагдсан. Малын хулгайн гэмт хэргийн талаар хэлж байсан боловч өмгөөлөгч, мөрдөн байцаагч нар авч хэлэлцэлгүй 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт ял шийтгүүлсэн. Цаг хугацааны хувьд өмнө нь үйлдэгдсэн хэргийг нэг шийтгэх тогтоолд хамрагдуулж өгөлгүй орхигдуулсанаар эрх зүйн байдалд минь муугаар нөлөөлж улмаар дахин яллагдах нөхцөл байдал үүсч одоогоор 8 жилийн хугацаагаар хорих ял авсан. Хуульд тусгагдсан нэг удаагийн мөрдөн байцаалт явуулах нөхцөл байдлыг хааж боогдуулан хохироосны үр дүнд дахин шийтгэх тогтоолоор шийдүүлж нөгөөтээгүүр хуулийн мэдлэггүйн улмаас ижил төрлийн гэмт хэргийг нэг шийтгэх тогтоолд хамрагдуулж чадаагүй тул аргагүйн эрхэнд дээд шатны байгууллагад гомдол гаргаж байна. Надад оногдуулсан хорих ялыг уян хатан байдлаар оногдуулах, хууль, эрх зүйн орчинг дахин харж танилцаж өгнө үү. Хуульд нийцсэн хэр хэмжээнд хорих ялаар шийтгүүлэх хүсэлттэй байна. Мөрдөн шалгах явцад зөрүүтэй байдал гарсны улмаас бусдад учруулсан хохирлыг үнэн зөвөөр тогтоож өгөөгүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан хэргийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ч.Э- гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие С-, Ө- нарын нэр, ялыг сольсныг дахин шалгуулах хүсэлттэй байна. Мөн Цагдаагийн гуравдугаар хэлтсийн К-67 бичлэгт “Хэрлэн барнаас 02 цаг 36 минутанд гэрч Л.Ханджамц болон миний бие гараад явж буй”, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хэлтсийн К-67-2 дугаартай камерт хашлагын баруун талд гэрч Л.Ханджанц болон миний бие хамт явж байсан бичлэг, хашлагын зүүн талд шүүгдэгч М.О-, Ч.Ө-, Ч.С- нар явж байсан дүрс бичлэг, 23 дугаар хуудсанд  “улаан өнгийн цамц, саарал өнгийн нурууны бүс, саарал өнгийн футволк, цэнхэр өнгийн жинсэн өмд ногоон өнгийн пүүз” дээрээс цус илэрсэн бөгөөд уг цус 01 дүгээр бүлгийнх байсан. Үүнд, шүүгдэгч Ч.Э-, Ч.Ө-, М.О-, амь хохирогчийн цус бүгд 1 дүгээр бүлгийнх байсныг тогтоосон хэдий ч ДНК-ын шинжилгээгээр яг ямар хүний цус болохыг дахин тодруулж, шалгуулах. Мөн хэргийн газраас цусны гурван толбо илэрсэн.  ABO системээр 1 дүгээр бүлгийн цус байсныг ирүүлсэн хэдий ч мөн адил хэний цус болохыг тогтоогоогүй байна. Иймд нарийн шинжилгээ дахин хийлгэж тодруулах. Хэрлэн баарны камерын бичлэгт 01 цаг 30 минутанд шүүгдэгч, гэрч нар тавуулаа явж байгаа зэргийг дахин нарийвчлан шалгуулж үнэн зөвийг олж өгнө үү. Мөн гэрч Л.Ханджамцтай Ч.Э- миний бие хамтран амьдрагч хэдий ч “Хэрлэн” барнаас гарч бөөлжихөд согтолтын хэмжээний хувьд нэлээн муудсан, өөрийгөө авч явахад нэлээн гуйвж, дайвж байсан хэрнээ миний талаар гэрчээр үнэн зөв мэдүүлэг өгөх хэмжээний эрүүл байгаагүй. Мөн гэрч Л.Ханджамц нь уг хэрэг болсон газрын яг хаана сууж байсан, мөн сууж байсан газраас нь хэрэг болсон гэх газар хүртэл хэр зэрэг ил тод харагдсан эсэх, зодоон болсон гэх газар гэрч Л.Ханджамц байгаагүй нь камерын бичлэгт харагддаг бөгөөд дахин туршилт хийлгэж, нарийвчилсан дүгнэлт гаргуулж шалгуулах хүсэлтэй байна. Хэрлэн баарны камерын бичлэг дээр шүүгдэгч Ч.Э-, С-, Ч.Ө-, М.О-, гэрч Л.Ханджамц нар нь 01 цаг 30 минутанд гарсан байдаг. Амь хохирогч 01 цаг 13 минутанд “Хэрлэн” барнаас гарсан бичлэг байгаа. Гэтэл Сүхбаатар дүүргийн 3 дугаар хэлтсийн К-67 камерын бичлэг дээр нь “Хэрлэн” барнаас гэрч Л.Ханджамц шүүгдэгч Ч.Э- нар нь 02 цаг 36 минутанд гарч байгаа камерын бичлэг зөрүүтэй байгаа нь хоорондоо 54 минутын зайтай байгааг шалгуулах шаардлагатай байна.

Гэрч Л.Ханджамц нь камерын бичлэг дээр байхгүй, хаана сууж байсан нь тодорхойгүй, мөн биеэ авч явах чадваргүй байсан хэрнээ бүгдийг “үзсэн, харсан” мэтээр ярьж байгаа зэргийг дахин нарийн шалгаж, үнэн зөвийг тодруулах, камерын бичлэгийг нарийн шалгаж үнэн зөвийг тодруулах, камерын бичлэгийг нарийн тодруулж шалгах, мөн цусны толбыг яг хэнийх нь цус болохыг ДНК-ын шинжилгээгээр тогтоолгох шаардлагатай байгааг шинжлэн тогтоож, шийдвэрлэж өгнө үү.

Мөн БНХАУ-ын иргэн Л.Ж.Ш-д хүч хэрэглэн 6.000.000 төгрөг авсан гэдэг нь худлаа байна. Шүүгдэгч Ч.Э- миний бие 700.000 төгрөг авсан нь үнэн байтал 6.000.000 төгрөг авсан гэдэг нь худлаа байгаа тул дахин шалгуулж үнэн зөвийг олж шийдвэрлэж өгнө үү. Та бүхэн дээрх хэргийн үнэн зөвийг олж, уг онц ноцтой гэмт хэргийг шийдэж өгч тусална уу. ...” гэв.

Шүүгдэгч Ч.Э-ийн өмгөөлөгч Н.Намжилцогт гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс “шүүгдэгч Ч.Э- нь ганцаараа 2019 оны 4 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө иргэн С.Б-ийг шанаанд нь цохих, удаа дараа цээжинд нь өшиглөх, дэвсэх зэргээр зодож биед нь “зүрхний баруун чихэвчний дээд хэсгийн задрал, баруун ховдлын ханын цус хуралт, үнхэлцэг хальсны хөндий дэх цусан хураа, элэгний няцрал, гол судасны дагуух зөөлөн эд, баруун бөөрний дээд булчирхайн өөхөн эд, элэгний саран холбоосны цус хуралт зүүн чамархай, дух, баруун, зүүн шанаа, хацар, зүүн нүдний зовхи, эрүү, баруун, зүүн тохой, шуу, сарвуу, ууцанд зулгаралт бүхий олон тооны гэмтлийг учруулж онц харгис хэрцгийгээр хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн” гэж хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт гаргаж, гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага оногдуулсан. Анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 16.1 дүгээр зүйлийн 8 болон 9 дэх хэсэг, 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заалтуудыг ноцтой зөрчиж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан болно. ...” гэв.

Шүүгдэгч Ч.Ө-ы өмгөөлөгч Б.Баттулга тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гарсан гэж үзсэн учир давж заалдах гомдол гаргаагүй. Гэхдээ үйлчлүүлэгч маань давж заалдах гомдол гаргасан тул шүүгдэгч Ч.Ө-ы давж заалдах гомдлыг дэмжиж байна. ...” гэв.

Шүүгдэгч Ч.С-ын өмгөөлөгч А.Очбадрал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд М.О-ын өмгөөлөгч Г.Хандсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт, гэрчүүдийн мэдүүлэг зэргийг үндэслэн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гаргасан. Иймд анхан шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Прокурор Х.Онолтоос: “...: Бүгд Найрамдах Хятад ард улсын иргэн Л.Ж.Ш- мөрдөн шалгах ажиллагааны явцад 2 удаа мэдүүлэг өгөхдөө 6.000.000 төгрөг байсан талаар тогтвортой мэдүүлсэн. Мөн мөнгөний эх сурвалжийг тогтооход тоосгоны үйлдвэрийн борлуулалтын орлого байсныг тус байгууллагын ажилтнууд нотолсон. Мөрдөн шалгах ажиллагааны явцад туршилт хийхэд шүүгдэгч Ч.Э-ийн өмсөж явсан хувцасны халаасанд 6.000.000 төгрөг багтах боломжтой болох нь тогтоогдсон. Шүүгдэгч нар мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд 700.000 төгрөг байсан гэж мэдүүлдэг боловч өөрсдийнх нь мэдүүлсэн мөнгөн дэвсгэртүүдийн тоо нь 700.000 төгрөгөөс зөрүүтэй байсан. Мөн хохирогч Л.Ж.Ш-ы хэлснээр 6.000.000 төгрөг байсан гэдгийг үгүйсгэх баримт мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдоогүй. Хяналтын камерын бичлэгээс харахад шүүгдэгч нар дөрвүүлээ “Хэрлэн” баарнаас хамт гарсан. Мөн амь хохирогчтой муудалцаж, түүний биед халдахад шүүгдэгч нар бүгд оролцсон болох нь тогтоогдсон. Хэргийн газар байсан цор ганц гэрч болох Л.Ханджамц нь тухайн үед болсон үйл явдлыг бүрэн дүүрэн харах боломжтой байсан нь хяналтын камерын бичлэгээс харагдаж байсан. Иймд анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт оногдуулсан эрүүгийн хариуцлага нь тэдгээрийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учруулсан хор уршиг, хувийн байдалд нийцсэн гэж үзэж байна. ...” гэв.

                                                            ТОДОРХОЙЛОХ НЬ:

 Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Ч.Э- нь 2019 оны 4 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах прокурорын яллах дүгнэлтэд “Хэрлэн” баарны гадна гэснийг анхан шатны шүүх зөвтгөн “KFC” сүлжээ хоолны газрын хойд талд, “Монгол шуудан 21” холбооны газрын баруун талд иргэн С.Б-ийг зодож, биед нь зүрхний баруун чихэвчний дээд хэсгийн задрал, баруун  ховдлын ханын цусан хуралт, үнхэлцэг хальсны хөндийд дахь цусан хураа, элэгний няцрал, гол судасны дагуух зөөлөн эд, баруун бөөрний дээд булчирхайн өөхөн эд, элэгний саран холбоосны цус хуралт бүхий хүнд гэмтлүүд учруулж, онц харгис хэрцгийгээр хүнийг алсан,

энэ явцдаа шүүгдэгч Ч.Э- нь хохирогч С.Б-эд хүч хэрэглэн, “Вега” маркийн гар утас, чонын шагай, парламент тамхи, автомашины чиптэй түлхүүр зэрэг эд зүйлсийг нь дээрэмдэн авч 146.300 төгрөгийн хохирол учруулсан,

мөн энэ явцад шүүгдэгч Ч.С- нь хохирогч С.Б-ийг зодож, биед нь толгойн хуйхан доорх зүүн чамархай хэсэг, баруун 2-5 дугаар хавирганы булчин дахь цус хуралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан,

Шүүгдэгч Ч.Э-, Ч.С-, Ч.Ө- нар нь бүлэглэн 2018 оны 7 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө 00 цагийн үед Налайх дүүргийн 3 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Хонгдо” тоосгоны үйлдвэрийн байранд Бүгд Найрамдах Хятад ард улсын иргэн Л.Ж.Ш-д хүч хэрэглэж, компьютерийн дэлгэц, бэлэн 6.000.000 төгрөг зэрэг эд зүйлсийг нь дээрэмдэн авсан,

            энэ явцад шүүгдэгч Ч.Ө-, Ч.С- нар нь бүлэглэн хохирогч Л.Ж.Ш-ы эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэн, довтлох явцдаа түүнийг зодож, биед нь зүүн 5, 6 дугаар хавирганы зөрөөтэй хугарал, зүүн 2 дугаар хуруу, зүүн бугуйн үенд шарх, зүүн доод 5 дугаар шүдний сулрал, нүүр, цээж, нуруу, хэвлий, баруун бугалга, баруун гуя, баруун шилбэнд зулгаралт, нүүр, цээж, зүүн гуянд цус хуралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол учруулсан,

Шүүгдэгч Ч.Ө- нь хэрэг нь тусгаарлагдан шалгагдсан Б.Анхбаяртай бүлэглэн 2016 оны 7 дугар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар баг, Баянбулгийн 2 дугаар гудамжнаас иргэн З.З-гийн 1 тооны Монгол үхрийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 780.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

Хүнийг алах гэмт хэргийн талаарх ажиллагаа болох цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 16-22/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминиластикийн шинжилгээний 2019 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 2380 дугаартай дүгнэлт /2хх 18-20/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн цогцост үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 933 дугаартай дүгнэлт /2хх 121-123/,

Шинжээч Ч.Эрдэмболорын мэдүүлэг /5хх 199-200/,

“Дамно” ХХК-ийн 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн СХЗ-19-345 дугаартай Вега маркийн гар утас, чонын шагай, парламент тамхи, “Тоёота приус-20” маркийн автомашины чиптэй түлхүүрийг зах зээлийн үнэлгээгээр 146.300 төгрөгөөр тогтоосон хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх-112/,

гэрч А.Цогтбаярын мэдүүлэг /1хх 167-168/,

гэрч Ц.Очирхүүгийн мэдүүлэг /1хх 128-229/,

гэрч Л.Ханджамцын мэдүүлэг /1хх 149-154/,

шүүгдэгч Ч.Э-ийн мэдүүлэг /4хх 73-75/,

шүүгдэгч Ч.Ө-ы мэдүүлэг /6хх 244-246/,

Налайх дүүргийн тоосгоны үйлдвэрт үйлдэгдсэн дээрэмдэх гэмт хэргийн талаарх хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3хх 2-8/,

мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /3хх 9-16/,

камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /3хх 17-20/,

хохирогч Л.Ж.Ш-ы мэдүүлэг /3хх 204-205, 5хх 196-198/,

гэрч Ц.Сарантуяагийн мэдүүлэг /3хх 29-30/,

гэрч У.Энхтогтохын мэдүүлэг /3хх 35-36/,

шүүгдэгч Ч.Ө-ы яллагдагчаар өгсөн мэдүүлэг /5хх 187-189/,

шүүгдэгч Ч.С-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /3хх 99, 5хх 193-195/,

шүүгдэгч Ч.Э-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /5хх 191-192/,

“Дамно” ХХК-ийн 2019 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр “..14 инчийн компьютерийн дэлгэцийг 130.000 төгрөгөөр үнэлсэн.” үнэлгээний тайлан,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 08/шэ/365 дугаартай хохирогч Л.Ж.Ш-ы биед хийсэн шинжээч эмчийн дүгнэлт /3хх 42/,

Мал хулгайлах гэмт хэргийн талаарх хохирогч З.З-гийн мэдүүлэг /6хх 15, 27-28/,

гэрч З.Баасанбатын мэдүүлэг /6хх 29-30/,

хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /5хх 6-10/,

Б.Анхбаярын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /6хх 68/,

Ч.Ө-ы яллагдагчаар өгсөн мэдүүлэг /6хх 75/,

2016 оны 7 дугаар сарын байдлаар соёолон насны хусран үнээний үнийг 780.000 төгрөгөөр тогтоосон хөрөнгийн үнэлгээний тайлан /6хх 33/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн:

-шүүгдэгч М.О-ын холбогдсон бүлэглэж хүнийг онц харгис хэрцгийгээр алсан, бүлэглэж хүч хэрэглэн дээрэмдсэн үйлдлүүдийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгаж,

-шүүгдэгч Ч.Ө-ы холбогдсон бүлэглэж хүнийг онц харгис хэрцгийгээр алсан, бүлэглэж хүч хэрэглэн дээрэмдсэн үйлдлүүдийг,

-шүүгдэгч Ч.С-ын холбогдсон бүлэглэж хүнийг алсан, бүлэглэж хүч хэрэглэн дээрэмдсэн үйлдлүүдийг,

-шүүгдэгч Ч.Э-ийн холбогдсон бүлэглэж хүнийг алсан үйлдлүүдийг тус тус “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, 

-шүүгдэгч Ч.С-ын үйлдлээс хүнийг онц харгис хэрцгийгээр алсан хэргийн зүйлчлэлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

-шүүгдэгч Ч.Ө-ы мал хулгайлах гэмт хэргийн зүйлчлэлийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан болгон тус тус хөнгөрүүлэн өөрчилж,  

шүүгдэгч Ч.Э-ийг онц харгис хэрцгийгээр хүнийг алсан, дангаараа бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдсэн, бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдсэн,

шүүгдэгч Ч.Ө-ыг бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдсэн, бүлэглэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан,

шүүгдэгч Ч.С-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдсэн, бүлэглэж хүнийг эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Ч.Э-т тухайн зүйл, хэсэгт заасан тохирох ял шийтгэл оногдуулж, нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 20 жил, шүүгдэгч Ч.Ө-ы эдлэх ялуудыг нэмж нэгтгэн нийт 8 жил, шүүгдэгч Ч.С-ын эдлэх ялуудыг нэмж нэгтгэн нийт 6 жил 3 сарын хугацаагаар тус тус тогтоож, хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Мөн анхан шатны шүүх шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад учирсан гэм хорын хохирлыг үндэслэлтэй зөв тооцож, гэм буруутай шүүгдэгч нараас гаргуулж хохирогч нарт олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 Шүүгдэгч Ч.Ө- нь “цаг хугацааны хувьд өмнө нь үйлдэгдсэн нэг шийтгэх тогтоолд хамруулалгүй, миний эрх зүйн байдлыг дордуулсан” гэх,

шүүгдэгч Ч.Э- нь “гэрч Л.Ханджамцтай миний бие хамтран амьдрагч хэдий ч согтолтын хэмжээ их, өөрийгөө авч явахад нилээд гуйвж дайвж байсан хэрнээ миний талаар гэрчийн мэдүүлэг өгөх хэмжээний эрүүл байгаагүй зэргийг дахин нягтлах” гэх, шүүгдэгч Ч.Э-ийн өмгөөлөгч Н.Намжилцогт “анхан шатны шүүх хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 16.1 дүгээр зүйлийн 8, 9, 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг ноцтой зөрчсөн” гэх утга агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус гаргажээ.

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон тэдгээрт хууль зүйн дүгнэлт хийсэн анхан шатны шүүхийн шийдвэрээс үзэхэд тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудыг тал бүрээс нь хянаж үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлж, зарим шүүгдэгч нарын зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, зарим шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, хэргийн бодит байдлыг тогтоох замаар үндэслэлтэй зөв шийдвэрлэсэн байх тул давж заалдах гомдлуудыг хүлээн авах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Иймд шүүгдэгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2019/ШЦТ/1236 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Ө-, Ч.Э-, шүүгдэгч Ч.Э-ийн өмгөөлөгч Н.Намжилцогт нарын гаргасан давж заалдсан гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧ                                                                        М.АЛДАР

 

ШҮҮГЧ                                                                        Б.ЗОРИГ