Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2020/01819

 

 

 

 

 

 

 

 

 

 2020            06            08                                                 102/ШШ2020/01819

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: СХД-ийн 0 дүгээр хороо, Б Б-У 0 дугаар гудамжны 00 тоотод оршин суух, эмэгтэй, Б овогтой Б-ын О /РД: АА00000000/-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: БГД 0 дугаар хороо, М С хотхоны 0-А блок 00 тоотод оршин суух, эрэгтэй, Х овогтой Л-ын Б /РД: АА00000000/-т холбогдох,

 

Худалдах-худадан авах болон зээлгийн гэрээний үүрэгт илүү шилжүүлсэн 345,775,000 төгрөг гаргуулах тухай үндсэн, 140,570,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энхбаяр, хариуцагч Л.Б, хариуцагчийн өмгөөлөгч Д.Бат-Оргил, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундармаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.О Л.Баас 2016 оны 02 сараас 2017.05.06-ны өдөр хүртэл хугацаанд зээлийн болон тамхи худалдах, худалдан авах харилцаатай байсан. Энэ хугацаанд Л.Баас нийт 390,030,000 төгрөг зээлсэн байдаг ба 319,295,000 төгрөгийн тамхийг зээлээр болон бэлэн мөнгөөр нь худалдаж авч, нийт тэдний хооронд 709,325,000 төгрөгийн үнийн дүн бүхий харилцаа үүссэн байдаг юм. Уг 709,325,000 төгрөг нь бүхэлдээ тухай тухайн цаг хугацаандаа Л.Бын Хаанбанкны 5025265941 дугаарын дансанд шилжүүлэгдэн төлөгдсөн атал тэрээр өөрийн дансанд Б.Отай хамааралтай шилжүүлэгдсэн мөнгийг нуун дарагдуулж, тооцоо нийлэхгүй өрөнд оруулж байгаа болно.

Учир нь Б.О өөрөө тамхиа зардаггүй, Г.Амартүвшин, Г.Эрдэнэбилэг нараар зөөлгөж, Н.Мандахбаяр, Н.Нямжав нарт хүргүүлэн заруулдаг байсан ба зээлийн төлбөр болон худалдаж авсан тамхины тооцоог Л.Бт хийхдээ өөрөөс гадна дээрх хүмүүс, мөн хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн хүмүүсээр өөрийн нэрийн өмнөөс шилжүүлүүлдэг байсан. Үүний улмаас 2016.02 сараас 2017.05.06-ны өдөр хүртэл хугацаанд Л.Бын өөрийнх нь болон түүний ээж У.Баасанхүүгийн дансанд нийт 914,530,000 төгрөг шилжигдсэн байсан.

Өөрөөр хэлбэл, Л.Бт тооцоо нийлье, чиний данс болон хар дэвтэр хэрэгтэй, миний нэрнээс мөнгө шилжүүлсэн хүмүүсийн мөнгийг харах хэрэгтэй гэхэд тэрээр тооцоо нийлэхгүй мөнгө орсныг нуун дарагдуулаад байсан тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ нь Л.Б Б.Оын нэрээр бэлнээр дансанд нь шилжүүлэгдсэн болон бусад хүмүүсээс Б.Оын нэрийн өмнөөс шилжүүлсэн мөнгүүдийг тооцоонд оруулж тооцохгүй, авах ёстой 709,325,000 төгрөгнөөсөө илүү мөнгө авсан нь тогтоогдож байсантай холбоотой байдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээр бүрдүүлсэн дансдуудад байх хөдөлшгүй гүйлгээнүүд болон гэрчийн мэдүүлэг, хариуцагчаас 2017.10.25-ны өдөр гаргасан тамхины тооцооны хүснэгт, хэрэгт авагдсан бусад баримтуудад тулгуурлан Л.Баас өөрийн зээлсэн мөнгө болон худалдаж авсан тамхины тооцооны дүнг нийт 709,325,000 төгрөг болохыг, мөн миний зүгээс Л.Бт зээлийн төлбөр болон тамхины үнэнд нийт 914,530,000 төгрөг шилжсэн болохыг тогтоосон. Мөн би Л.Баас зээлсэн мөнгө болон худалдаж авсан тамхины дүн болох 709,325,000 төгрөг хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 140,570,000 төгрөгийг багтаан тооцож, өөрөөс болон өөрийн хамаарал бүхий хүмүүсээс Л.Бт шилжсэн 914,530,000 төгрөгнөөс хасаж түүнийг үндэслэлгүйгээр 205,205,000 төгрөгийг илүү авсан болохыг тогтоосон болно. Харин би Л.Баас 345,775,000 гаргуулах шаардлага гаргасан нь шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлд тус тусад нь дүгнэлт хийж шийдвэрлэх тул илүү шилжүүлсэн мөнгө болох 205,205,000 төгрөг дээр сөрөг нэхэмжлэлийн 140,570,000 төгрөгийг нэмсэн болно. Иймээс Л.Баас зээлийн болон худалдах, худалдан авах харилцааны явцад үндэслэлгүй илүү авсан 345,775,000 төгрөгийг гаргуулж Б.Од олгож өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбар, сөрөг нэхэмжлэлдээ: Оюунтуулын шуухэд гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. 2016-2017 оны хугацаанд Б.О тамхи болон бэлэн мөнгө зээлээр авдаг, авсан зээлдээ тодорхой хэмжээний хүү төлдөг байсан. Л.Бын хувьд Б.Оын хэдэн зуун сая төгрөгийг хуурч мэхлээд, луйвардаад авчихсан юм огт байхгүй. Би Б.Оын хүсэлт, гуйлтаар нь л түүнд итгэсний үндсэн дээр тамхи, бэлэн мөнгө зээлээр өгдөг байсан. Гэтэл Б.О Л.Баас тамхи, бэлэн мөнгө хүүтэй зээлээр авахдаа гэрээ хэлцэл хийдэггүй, баримт үйлддэггүй байсныг овжноор ашиглаж, итгэлийг хөсөрдүүлж, өнөөдөр ийм байдалд хүрчихээд байна.

Түүнд итгэж, туслаж, тэр их хэмжээний тамхи, бэлэн мөнгө зээлээр өгдөг байсандаа үнэхээр их харамсаж байна. Б.О дараа мөнгийг нь төлнө гээд дандаа тамхи, бэлэн мөнгөний зээл авдаг байсан. Гэтэл шүүх дээр ирчихээд мөнгө урьдчилж төлөөд дараа нь тамхиа авдаг байсан гэж огт үндэслэлгүй худлаа ярьж байна. Ийм муухай худалч байж болохгүй. Б.О ичихгүй бол өөрөө энд шүүх дээр ирээд миний нүүрлүү харж байгаад би мөнгөө төлөөд дараа нь тамхиа авдаг байсан гээд хэлэлдээ. Тэр тэгж чадахгүй. Өөрийг нь шүүх хуралд оролцуулах хүсэлтийг шүүхэд гаргасан боловч шүүх хүлээж аваагүй. Хэрэв Б.О өөрөө биеэрээ ирээд надтай уулзаад, юу болсон, яасан талаараа бид хоёр нүүр нүүрээ харж байгаад ярьвал учраа олчихно. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, шаардлага нь ямар ч үндэслэлгүй, худлаа гэдгийг өөрөө мэдэж байгаа болохоор надаас ичээд шүүх дээр ирж чадахгүй байгаа юм.

Б.Од итгэж байсан болохоор түүнд зээлээр өгч байсан тамхиндаа баримт үйлддэггүй, тэрүүгээр гарын үсэг зуруулдаггүй байсан. Надруу өөрөө хүн явуулдаг, ирсэн хүнд нь тамхиа өгөөд явуулдаг байсан. Хар дэвтэртээ бичиж тэмдэглэж авсан, бас санаж байгаагаар бол Б.Од нийт 387,062,800 тамхи зээлээр өгсөн. Энэ тамхинаас гадна нийт 396,030,000 төгрөгийн бэлэн мөнгөний зээл өгсөн. Энэ бол зөвхөн баримттай, санаж байгаа тооцоогоор л ингэж гарч байгаа юм.

2017.05.06-ны өдөр 90,570,000 төгрөгийн тамхи, 50,000,000 төгрөг авсан байж аваагүй мэт ярьж, уг мөнгийг 2017.05.16-нд хэлэлцэн тохиролцсон хугацаанд өгөөгүй. Иймээс Б.Оаас 140,570,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч Л.Бт холбогдуулан худалдах- худалдан авах болон зээлийн гэрээний үүрэгт илүү төлсөн 345,775,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч талаас шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 140,570,000 төгрөгөөр багасгаж, нэхэмжлэлийн үндэслэлээ “Л.Баас 2016 оны 02 дугаар сараас 2017.05.06-ны өдрийг хүртэл зээлсэн 390,030,000 төгрөг, 319,095,000 төгрөгийн үнэ бүхий тамхины мөнгийг буцаан төлөхдөө илүү төлсөн 205,205,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан гэж тайлбарлаж байна.

 

Хариуцагч Л.Б нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй маргаж, худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 90,570,000 төгрөг, зээлийн гэрээний үүрэгт 50,000,000 төгрөг, нийт 140,570,000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

 

            Хариуцагч Л.Баас худалдах-худалдан авах гэрээний дагуу 2016.11.08-ны өдөр 135,000 төгрөгийн, 2016.11.17-ны өдөр 135,000 төгрөгийн, 2017.02.14-ний өдөр 50,625,000 төгрөгийн, 2017.02.14-ний өдөр 20,070,000 төгрөгийн, 2017.02.19-ний өдөр 39,475,000 төгрөгийн, 2017.02.19-ний өдөр 20,070,000 төгрөгийн, 2017.02.24-ний өдөр 1,017,800 төгрөгийн, 2017.02.24-ний өдөр 100,000 төгрөгийн, 2017.02.24-ний өдөр 400,000 төгрөгийн, 2017.02.24-ний өдөр 1,180,000 төгрөгийн, 2017.03.17-ны өдөр 69,385,000 төгрөгийн, 2017.03.17-ны өдөр 19,300,000 төгрөгийн, 2017.04.11-ний өдөр 29,600,000 төгрөгийн, 2017.05.05-ны өдөр 90,570,000 төгрөгийн, 2017 оны 04 сард 45,000,000 төгрөгийн, нийт 387,062,800 төгрөгийн үнэ бүхий тамхи,

зээлийн гэрээний дагуу 2016.06.30-ны өдөр 11,400,000 төгрөг, 2016.07.06-ны өдөр 5.500,000 төгрөг, 2016.07.08-ны өдөр 10,000,000 төгрөг, 2016.07.16-ны өдөр 5,000,000 төгрөг, 2016.07.27-ны өдөр 5,000,000 төгрөг, 2016.08.14-ны өдөр 10,000,000 төгрөг, 2016.08.31-ний өдөр 6,500,000 төгрөг, 2016.09.05-ны өдөр 6,000,000 төгрөг, 2016.09.11-ний өдөр 25,000,000 төгрөг, 2016.09.16-ны өдөр 10,000,000 төгрөг, 2016.09.19-ний өдөр 10,000,000 төгрөг, 2016.06.23-ны өдөр 10,000,000 төгрөг, 2016.09.30-ны өдөр 10,000,000 төгрөг, 2016.09.30-ны өдөр 5,000,000 төгрөг, 2016.10.11-ний өдөр 40,000,000 төгрөг, 2016.10.20-ны өдөр 5,000,000 төгрөг, 2016.11.01-ний өдөр 5,000,000 төгрөг, 2016.11.04-ны өдөр 5,000,000 төгрөг, 2016.11.07-ны өдөр 4,500,000 төгрөг, 2016.11.08-ны өдөр 30,000,000 төгрөг, 2016.12.05-ны өдөр 12,000,000 төгрөг, 2016.12.12-ны өдөр 30,000,000 төгрөг, 2016.12.15-ны өдөр 5,000,000 төгрөг, 2017.01.02-ны өдөр 5,630,000 төгрөг, 2017.01.11-ний өдөр 10,000,000 төгрөг, 2017.01.15-ны өдөр 3,000,000 төгрөг, 2017.01.20-ны өдөр 1,200,000 төгрөг, 2017.02.11-ний өдөр 20,000,000 төгрөг, 2017.02.13-ны өдөр 2,000,000 төгрөг, 2017.03.12-ны өдөр 2,000,000 төгрөг, 2017.03.17-ны өдөр 300,000 төгрөг, 2017.03.24-ний өдөр 30,000,000 төгрөг, 2017.05.06-ны өдөр 20,000,000 төгрөг, 2017.05.06-ны өдөр 20,000,000 төгрөг, 2017.05.06-ны өдөр 10,000,000 төгрөг, 2017 оны 03 сард 6,000,000 төгрөг, нийт 396,030,000 төгрөг Б.Од тус тус шилжүүлсэн,

Б.Од шилжүүлсэн дээрх тамхи болон зээлийн мөнгөн хөрөнгөөс 2017.05.05-ны өдөр авсан тамхины мөнгө 90,570,000 төгрөг, 2017.05.06-ны өдөр авсан 50,000,000 төгрөг, нийт 140,570,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.О буцаан төлөх үүргээ биелүүлээгүй гэж тайлбарлаж байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчээс худалдах-худалдан авах гэрээний үүрэгт илүү шилжүүлсэн 205,205,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсан бол хариуцагчийн зүгээс дутуу төлсөн гэж маргаж, гэрээний үүрэгт 140,570,000 төгрөг гаргуулахаар шаардаж байна.

 

Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1-т эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулсанд тооцохоор заасан.

 

Л.Баас зээлийн гэрээний үүрэгт 396,030,000 төгрөгийг шилжүүлсэн эсэхийг хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, хариуцагч Л.Бын Хаан банк дахь 5025265341 тоот данснаас 2016.06.30-ны өдрөөс 2017.05.06-ны өдрийг хүртэл 28 удаагийн гүйлгээгээр нийт 318,530,000 төгрөг нэхэмжлэгч Б.Оын Хаан банк дахь 5166004454 тоот данс руу шилжүүлсэн болох нь дипозит дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 1 хавтас 88-119 тал, 2 хавтас 106-133/-аар тогтоогдож байхаас гадна 2016.07.06-ны өдөр 5,500,000 төгрөг, 2016.07.16-ны өдөр 5,000,000 төгрөг, 2016.09.05-ны өдөр 6,000,000 төгрөг, 2016.09.16-ны өдөр 10,000,000 төгрөг, 2016.11.08-ны өдөр 30,000,000 төгрөгийг тус тус бэлнээр, 2016.09.19-ний өдөр 10,000,000 төгрөг, 2016.10.20-ны өдөр 5,000,000 төгрөгийг У.Баасанхүүгийн Хаан банк дахь 5025269139 тоот данснаас Б.Оын хаан банк дахь 5166004454 тоот данс руу тус тус шилжүүлсэн гэх хариуцагчийн тайлбар нь холбогдох дансны хуулгаар тогтоогдсон, үүнийг нэхэмжлэгч Б.О баримтаар няцаагаагүй тул зээлдүүлэгч Л.Баас зээлийн гэрээний үүрэгт нийт 390,030,000 төгрөгийг зээлдэгч Б.Од шилжүүлсэн гэж үзэхээр байна.

Харин Г.Эрдэнэбилэгээр дамжуулж Б.Од өгсөн гэх 6,000,000 төгрөгийн хувьд, гэрч Г.Эрдэнэбилэг “Баярбаатар нь лангуун дээрээсээ 6,000,000 төгрөг надад бэлэн тоолж өгөөд энэ мөнгийг Оюунтуулд өг гэсний дагуу би Оюунтуул руу ярьж дансны дугаарыг нь өөрийнхөө данс руу хийгээд экспресс банкны үйлчилгээгээр Оюунтуулын данс руу шилжүүлсэн” гэх мэдүүлэг нь Б.О болон Г.Эрдэнэбилэгийн дансны хуулга /хэргийн 1 хавтас 165-166 тал, 2 хавтас 106-133 тал/-аар няцаагдаж байх ба хариуцагчийн зүгээс нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

 

Мөн Л.Баас худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 387,062,800 төгрөгийн үнэ бүхий тамхи шилжүүлсэн эсэхийг хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, талууд тамхи хүлээлцэхдээ баримт үйлдээгүй гэж тайлбарлаж, худалдан авагч тал болох Б.О нь нийт 319,295,000 төгрөгийн үнэ бүхий тамхи шилжүүлэн авсан гэж маргаж байх ба энэ нь Л.Бын өөрийнх нь гаргасан тамхины тооцооны баримт /хэргийн 1 хавтас 181 тал/ болон түүний эрүүгийн хэрэгт өгсөн “надаас Оюунтуул нь 2016 оны сүүлээр 11 сараас байхаа тамхи анх зээлээр авч байсан ба 2017 оны 05 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл авсан. Надаас нийт 320,000,000 орчим төгрөгийн үнэ бүхий тамхи авсан” гэх мэдүүлэг /хэргийн 2 хавтас 157 тал/-тэй тохирч байх тул Л.Баас 319,295,000 төгрөгийн тамхи Б.Од шилжүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 2017.05.05-ны өдөр шилжүүлсэн тамхины үнэ 90,570,000 төгрөг нь хариуцагчаас нийт 9 удаагийн гүйлгээгээр нэхэмжлэгчид шилжүүлсэн дээр дурдсан 319,295,000 төгрөгийн тооцоололд, мөн 2017.05.06-ны өдөр шилжүүлсэн 50,000,000 төгрөг нь хариуцагчаас нийт 35 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн дээр дурдсан 390,030,000 төгрөгийг зээлийн тооцоололд тус тус багтсан болох нь дансны хуулга, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч Л.Бтай 2016.06.30-ны өдрөөс 2017.05.06-ны өдрийг хүртэл худалдах-худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр худалдагч Л.Б 319,295,000 төгрөгийн үнэ бүхий тамхи нийлүүлэх, худалдан авагч Б.О хэлэлцэн тохиролцсон үнийг төлөхөөр,

Мөн дээрх хугацаанд зээлдүүлэгч Л.Б 390,030,000 төгрөг зээлдүүлэх, зээлдэгч Б.О 390,030,000 төгрөгийг буцаан төлөхөөр тус тус амаар харилцан тохиролцсон болох нь талуудын тайлбар болон мөнгө шилжүүлсэн баримт зэргээр тогтоогдож байна.

 

Зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах-худалдан авах болон мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

Талууд гэрээ байгуулагдсан эсэх, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй. Харин гэрээний зүйл болох тамхи, мөнгөн хөрөнгийн хэмжээний талаар маргаж байна.

 

            Дээр дурдсанчлан хариуцагч Л.Б нь 319,295,000 төгрөгийн үнэ бүхий тамхи болон 390,030,000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлэх үүргээ биелүүлсэн байх тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар Б.О нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх, мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдан авсан тамхины хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргийг тус тус хүлээнэ.

           

            Нэхэмжлэгч Б.О нь 2016.02.19-ний өдрөөс 2017.05.06-ны өдөр хүртэл хаан банк дахь өөрийн 5166004454 тоот данснаас Л.Бын 5025265941 тоот данс руу 82 удаагийн гүйлгээгээр нийт 571,490,000 төгрөг шилжүүлсэн болох нь дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна. /хэргийн 2 хавтас 106-133/

Мөн Ч.Хишигмаагаар 37,000,000 төгрөг, С.Нямлхагваар 10,000,000 төгрөг, Н.Мандахбаяраар 98,000,000 төгрөг, Н.Нямжаваар 145,000,000 төгрөг, М.Ариунтуяагаар 30,000,000 төгрөг, С.Уянгаар 2,970,000 төгрөг, Г.Амартүвшингээр 20,070,000 төгрөг тус тус дамжуулан нийт 343,040,000 төгрөгийг Л.Бт шилжүүлэн өгсөн болох нь Ч.Хишигмаагийн Хаан банк дахь 5024663680 тоот данснаас Л.Бын 5025265941 тоот данс руу 2016.07.05-ны өдөр 12,000,000 төгрөг, 2016.11.25-ны өдөр 10,000,000 төгрөг, 2016.11.25-ны өдөр 10,000,000 төгрөг, 2016.11.25-ны өдөр 5,000,000 төгрөг, нийт 37,000,000 төгрөг шилжүүлсэн /хэргийн 1 хавтас 178-179/ байх бөгөөд Ч.Хишигмаагийн гэрчээр өгсөн “Б.Оын хэлснээр би Баярбаатарын данс руу 37,000,000 төгрөг” гэх мэдүүлэг /хэргийн 2 хавтас 31 тал/

Гэрч С.Нямлхагвын өгсөн “5003530755 данс нь миний данс мөн. 2016.09.27-ны өдөр 10,000,000 төгрөг Л.Бын 5025265946 тоот данс руу шилжүүлэг хийсэн. Оюунтуулын дууддаг нэр нь Омбоо, гүйлгээний утгыг Омбоо гээд хийчих гээд гуйсан. Оюунтуулын өмнөөс Баярбаатар шилжүүлсэн” гэх мэдүүлэг /хэргийн 2 хавтас 80 тал/,

Гэрч Н.Мандахбаярын өгсөн “Баасанхүү, Эрдэнэбаяр нарын 5025269139 тоот данс руу 9 гэдэг утгатай мөнгө шилжүүлсэн бол Оюунтуулын өмнөөс л шилжүүлсэн байх, Баярбаатарын ээж Баасанхүү, ах Эрдэнэбаатар нарт өр зээл байхгүй. 2017.04.30-ны өдөр Баярбаатарын 5025265941 тоот данс руу 22,000,000 төгрөг Оюунтуулын өмнөөс шилжүүлсэн. Надаас мөнгө зээлж Баяртбаатарт өгсөн. Баярбаатарын өрийг хаагаад надад өртэй болсон гэсэн үг” гэх мэдүүлэг /хэргийн 2 хавтас 184 тал/

Гэрч Н.Нямжавын өгсөн “5030273862 тоот данс нь миний данс мөн. 2017.02.23-ны өдөр Баярбаатарын 5025265941 тоот дансанд 45,000,000 төгрөг, 2017.03.28-ны өдөр Туул гэсэн утгатай 50,000,000 төгрөг, 2017.03.13-ны өдөр бэлнээр 50,000,000 төгрөгийг шилжүүлсэн нь Оюунтуул надаас мөнгө зээлээд Баярбаатарын данс руу хийчих гэсэн мөнгө байх. Тэрнээс биш Баярбаатар надаас мөнгө зээлээд ч юм уу, тийм юм байхгүй” гэх мэдүүлэг /хэргийн 2 хавтас 81-82 тал, 3 хавтас 165-167 тал/, Л.Бын 5025265941 тоот дансанд 2017.03.13-ны өдрийн “Оюунтуул с” гэх гүйлгээний утгаар, харилцагч “Нямжав” гэх гарын үсэг бүхий 50,000,000 төгрөгийн орлогын мэдүүлэг /хэргийн 3 хавтас 200-201 тал/,

Гэрч М.Ариунтуяагийн өгсөн “5429291178 тоот данснаас 2017.05.30-ны өдөр 30,000,000 төгрөгийг Б.Оын нэрийн өмнөөс Л.Бт шилжүүлсэн үү гэхэд би энэ хүмүүсийг танихгүй, манай нөхөр хүмүүст хүүтэй мөнгө зээлдэг. Оюунтуул гэдэг хүнд мөнгө зээлсэн” гэх мэдүүлэг, М.Ариунтуяагийн хаан банк дахь 5429291178 тоот данснаас 30,000,000 төгрөгийг 5025265941 тоот данс руу шилжүүлсэн дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 3 хавтас 97, 163 тал/,

Гэрч Г.Амартүвшингийн өгсөн “хар ууттай скочтой юм Баярбаатарын дээр нь 70,000 төгрөгтэй Барс 2 захын үүдэнд Баярбаатарын ээжид хүргэж өгч байсан” /хэргийн 1 хавтас 146-148 тал/, гэрч У.Баасанхүүгийн өгсөн “2017.03.04-ний өдөр Амартүвшингөөс 20,070,000 төгрөгийг Оюунтуулын өмнөөс хүлээн авсан уу гэхэд “авсан, Баярбаатараас авсан тамхины мөнгөө өгсөн”“ гэх мэдүүлэг /хэргийн 2 хавтас 6 тал/,

Г.Уянгын хаан банк дахь 5100225447 тоот данснаас 5025265941 тоот данс руу “Оюунтуулаас” гэх гүйлгээний утга бүхий 2,970,000 төгрөг шилжүүлсэн дипозит дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 3 хавтас 207 тал/ зэрэг баримтаар тогтоогдож байх бөгөөд хариуцагч талаас дээрх баримтыг баримтаар няцаагаагүй.

 

Иймд нэхэмжлэгч Б.О нь хариуцагч Л.Баас зээлийн гэрээний дагуу 390,030,000 төгрөг, худалдах-худалдан авах гэрээний дагуу 319,295,000 төгрөгийн үнэ бүхий тамхи, нийт 709,325,000 төгрөгийн мөнгөн хөрөнгө болон тамхи шилжүүлэн авсан байх бөгөөд 2016.02.19-ний өдрөөс 2017.05.06-ны өдрийг хүртэл Л.Бын болон түүний эх У.Баасанхүүгийн дансаар дамжуулан нийт 914,530,000 /571,490,000+343,040,000/ төгрөгийг Л.Бт шилжүүлсэн болох нь дээрх баримтуудаар тогтоогдож байна.

 

Харин талуудын тайлбар, дипозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргийг харьцуулан үзэхэд тэдгээрийн хооронд анх худалдах-худалдан авах болон зээлийн гэрээний харилцаа Л.Баас 2016.06.30-ны өдөр 11,400,000 төгрөгийг шилжүүлснээр эхэлж, Б.Оаас 2016.07.05-ны өдөр 12,000,000 төгрөгийг буцаан төлсөн гэж үзэхээр байх ба Л.Баас дараагийн зээлийг 2016.07.06-ны өдөр 5,500,000 төгрөг шилжүүлсэн байна. Иймд 2016.02.19-ний өдрөөс 2016.07.05-ны хүртэл Б.Оаас 8 удаагийн гүйлгээгээр Л.Бт шилжүүлсэн 17,780,000 төгрөгийг “Б.О өөрийн хэрэгцээний болон эгчийнхээ дэлгүүрийн тамхийг худалдан авдаг байсан гэх” хариуцагчийн тайлбарыг үндэслэн маргаан бүхий талуудын хооронд байгуулагдсан гэрээний төлбөрт хамаарахгүй гэж үзэхээр байна.

 

Мөн хариуцагч Л.Б мөнгөө тодорхой хэмжээний хүүтэй зээлдүүлсэн гэж тайлбарласан боловч зээлийн гэрээ бичгээр байгуулаагүй буюу Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т заасан шаардлагыг хангаагүй байна. Иймд нэхэмжлэгчид хүү төлөх үүрэг үүсэхгүй, мөн худалдан авсан барааны үнэ, зээлийн мөнгөн хөрөнгийг буцаан төлсөн болох нь тогтоогдож байна.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д “Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй:” гээд 492.1.1-д “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” гэж заасан.

 

Зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн болон худалдах-худалдан авах гэрээгээр хүү төлөх үүрэг үүсээгүй байхад Б.О нь 187,425,000 төгрөгийг шилжүүлсэн, Л.Быг дээрх мөнгийг үндэслэлгүйгээр олж авсан гэж үзэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч Б.О нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд, хариуцагчаас 2017.05.05-ны өдөр шилжүүлсэн тамхины үнэ 90,570,000 төгрөг, 2017.05.06-ны өдөр шилжүүлсэн 50,000,000 төгрөг, нийт 140,570,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.О төлсөн болох нь дээр дурдсан үндэслэлээр тогтоогдсон гэж үзэхээр байх тул сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч Б.Оаас шилжүүлсэн нийт 914,530,000 төгрөгөөс зээлийн гэрээний үүрэгт шилжүүлсэн 390,030,000 төгрөг, худалдах-худалдан авах гэрээний үүрэгт шилжүүлсэн 319,295,000, нийт 709,325,000 төгрөг, мөн талуудын хооронд байгуулагдсан гэрээний үүрэгт хамаарахгүй 17,780,000 төгрөгийг тус тус хасч, үлдэгдэл 187,425,000 төгрөгийг үндэслэлгүйгээр олж авсан үндэслэлээр хариуцагч Л.Баас гаргуулж нэхэмжлэгч Б.Од олгож, нэхэмжлэлээс үлдэх 158,350,000 төгрөгт холбогдох, нэхэмжлэгч Б.Оаас зээлийн болон худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 140,570,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Хариуцагч Л.Баас тооцооны тэмдэглэлийн дэвтэрийг нотлох баримтаар өгсөн гэж тайлбарласан боловч хэрэгт дэвтэр эх хувиараа авагдаагүй байх ба хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс өмнө энэ талаар тодруулахад талууд ямар нэгэн хүсэлт гаргаагүй, хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлүүлэх тайлбар гаргасныг дурдах нь зүйтэй.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

            1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 243 дугаар зүйлийн 243.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Л.Баас 187,425,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Од олгож, нэхэмжлэлээс үлдэх 158,350,000 төгрөгт холбогдох, нэхэмжлэгч Б.Оаас зээлийн болон худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 140,570,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

        

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Оын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2, 202,800 төгрөгийг, Л.Бын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 860,800 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Баас улсын тэмдэгтийн хураамжид 1,095,075 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Од олгосугай.

           

         4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

  • ШҮҮГЧ                                        Ч.БАТЧИМЭГ