Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2022/00791

 

Э.Ты нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШШ2022/00237 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 210/МА2022/00612 дугаар магадлалтай,

Э.Ты нэхэмжлэлтэй,

“О” ХХК-д холбогдох,

Баянгол дүүргийн 18 хороо, 67А байрны 402 тоот хаягт байршилтай, 68.94 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болохыг тогтоолгох, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгч Э.Ты нэр дээр гаргуулахыг даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч Э.Ты хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Баасанжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д, хариуцагчийн өмгөөлөгч Г.Тунгалаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Э.Т нь хариуцагч О ХХК-д холбогдуулан, Баянгол дүүргийн 18 хороо, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж, 67А байрны 402 тоот хаягт байршилтай, 68.94 м2 талбайтай 3 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоолгох, тухайн орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахыг хариуцагчид даалгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

2. Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, ...нэхэмжлэгч Э.Т байрны үнийг дутуу төлсөн учир Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д зааснаар өмчлөгч болох боломжгүй гэж марган, нэхэмжлэгчид холбогдуулан ...түүний хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

3. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШШ2022/00237 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Тг Баянгол дүүргийн 18 хороо, 67А байрны 402 тоот хаягт байршилтай, 68.94 м2 талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, эрх бүхий байгууллагад өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг нэхэмжлэгчид олгохыг хариуцагч О ХХК-д даалгаж, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул Баянгол дүүргийн 18 хороо, 67А байрны 402 тоот хаягт байршилтай, 68.94 м2 талбайтай 3 өрөө орон сууцыг Э.Тгийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай хариуцагч О ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөг, хариуцагчаас төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О ХХК-иас 140,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Тд олгож шийдвэрлэжээ.

4. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 210/МА2022/00612 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШШ2022/00237 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч “О” ХХК-д холбогдуулан гаргасан Баянгол дүүргийн 18 хороо, хуучин нэрээр Модны-2-ын зам дагуу байрлах 67А байрны 402 тоотод орших 68,94 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгч мөн болохыг тогтоолгох, уг орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг Э.Тд гаргуулахыг “О” ХХК-д даалгуулах тухай нэхэмжлэгч Э.Ты нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1” гэснийг “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1” гэж, тогтоох хэсгийн 3 дахь заалтын “үлдээж, хариуцагч “О” ХХК-аас 140,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Тд олгосугай.” гэснийг “үлдээсүгэй.” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

5. Нэхэмжлэгч Э.Т хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.01.11-ний өдрийн 102/ШШ2022/00237 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.04.01-ний өдрийн 210/МА2022/00612 дугаартай магадлалтай иргэний хэрэгт нэхэмжлэгчээр оролцож буй Э.Т миний бие нь давж заалдах шатны шүүхийн магадлалыг 2022.04.18-ны өдөр гардаж аваад давж заалдах шатны шүүх нь хуулийг анхан шатны шүүхээс өөрөөр тайлбарлан хэрэглэсэн нь энэхүү хяналтын гомдлыг гаргах үндэслэл болж байна.

Эрдэнэцогт овогтой Т миний бие 2020.05.01-нд Солонгос улсад 4 жил ажиллаж амьдарч байгаад эх орондоо ирсэн бөгөөд цар тахлаас болоод 21 хоног тусгаарлалтанд орж 5 сарын 22-нд тусгаарлалтнаас гарсан даруйдаа худалдаж авах орон сууц хайж эхэлсэн. Учир нь надад амьдрах газар байхгүй байсан. Тэр үед хэд хэдэн газарт худалдах орон сууц үзсэний дараа 5 сарын 27-нд “О” компанийн байрыг үзэж байгаад байр үзүүлж танилцуулсан менежер /н.Энхтөр/-ээсМиний мөнгө хүрэхгүй юм байна хямд бартерын байр байна уу гэж асуусан. Харин менежер н.Энхтөр өчигдөр гэрээ хийгээд явсан ганцхан бартерын байр байгаа бусдыг нь манай захирал буцаагаад худалдаад авсан гэсэн. Тэгээд менежерээс ганц бартерын байрны хүний нэрийг мэдэж, утасны дугаарыг авсан.

Тэр хүнийг М гэх бөгөөд би утсаар ярьж байрны үнийн талаар асуусанд М 105 сая төгрөг гэсэн харин би бэлэн төлөлтөөр 90 саяд авъя гэсэн боловч татгалзсанд би 97 саяд авъя гэж гуйгаад тохиролцсон. Маргааш нь буюу 5 сарын 28д уулзаж гэрээг хийхээр болж “О компанид ирж борлуулалтын албанд М гэрээгээ шилжүүлье гээд миний нэр дээр байрны захиалгын гэрээг 100% төлбөр төлсөн гээд гэрээг хийсэн. Тэгээд би гэрээ хийсэн менежер Энхтөрөөс одоо ингээд болчихсон уу, би төлбөрөө энэ хүнд өгөх нь зөв үү гэж асуухад “тийм ээ” гэсэн. 100% төлбөр төлсөн гэсэн гэрээний заалт, менежрийн “тийм” гэсэн үг надад итгэл үнэмшил төрүүлсэн. Тиймээс би Мтай 90 саяыг бэлнээр төлнө, байрны бичиг баримт гарахаар үлдэгдэл 7 саяыг өгнө гэж тохиролцоод 90 сая төгрөгийг Мын данс руу шилжүүлсэн.

Миний бие Солонгос улсад нөхөр хүүхдийн хамт 4 жил ажиллаж амьдрахдаа 100 сая төгрөг цуглуулсан бөгөөд хүүхэд маань 2020 оны 9 сард 1-р ангид орох болохоор Монголд ирсэн бөгөөд хурдан байр авч тогтсон хаягтай болж хүүхдийнхээ сургуулийг шийдэх нь яаралтай байсан. Мөн би 100 сая төгрөгтэй байсан болохоор өөрийн мөнгөнд багтсан байр авахаар зорьж байсан. Тиймээс хэд хэдэн газар сонгох боломж надад байсан. Гэхдээ “Од тoп проперти” компанийн байрыг хотын төв гэж сонгосон, мөн байр маань миний төсөвт багтаж байсан, гэхдээ сонгосон байр маань тагтгүй, авто машины зогсоолгүй, тоглоомын талбайгүй болохоор хямд өгч байгаа гэж ойлгосон.

“О” компани гэрээ хийхдээ 7 сард буюу наадмаас өмнө хүмүүсээ байранд нь оруулна гэсэн боловч утсаар ярих тоолонд шалтаг хэлээд хойшлуулж байсан. Харин 2020 оны 8 сарын дунд болоод хичээл сургууль орох болоход байранд минь оруулахгүй байсан тул барилгын компани захирал н.Манлайхүүтэй уулзаж миний худалдаж авсан байрны захиалгын гэрээ нь тус барилгын компаниас Х рүү, Хгээс М руу, Маас над руу шилжүүлэн олон хүн дамжсан асуудалтай захиалгын гэрээ гэдгийг тэр цагт би мэдсэн. Манлайхүү захирал Х, М хоёр надад үлдэгдэл барилгын материал өгөх ёстой, хэн нь өгөх нь тодорхойгүй байна, энэ хоёртой хийсэн гэрээ байхгүй, аман тохироо байгаа тэрийгээ чамаар шалтаглаж байж байгаад хэн үлдэгдэл материалаа өгөхийг нь шийдчихээд чамайг байранд чинь оруулна санаа зоволтгүй гэж хэлсэн. Үүнийг нотлох яриа нь надад бичлэгээр байна.

Ингээд худалдаж авсан байр маань асуудалтай, орох боломжгүй, бичиг баримт өгөхгүй болохоор Баянгол дүүргийн цагдаагийн газарт гомдол өгч шалгуулсан боловч ямар ч гэмт хэргийн шинжгүй тул иргэний шүүхээр шийдүүл гэсний дагуу худалдаж авсан байрны бичиг баримтаа өөрийн нэр дээр гаргуулахын тулд шүүхэд хандсан билээ.

Миний бие 2020.05.28-нд “О” компанитай орон сууц худалдах авах захиалгын гэрээ хийхэд “О компани энэхүү байр нь хоёр хүнээс дамжин гуравдагч хүнд зарагдаж байгаа, мөн бартерын материалын төлбөр тооцоо дуусгавар болоогүй гэдгийг хэлээгүй нуун дарагдуулсан. /Хэлж анхааруулж сануулсан бол асуудалтай байр ямар ч хүн авахгүй байсан/ Би өөрт байгаа 100 сая төгрөгтөө багтааж байр авахыг зорьж байсан. Миний авсан байр төсөвт маань багтсан ч тагтгүй, авто машины зогсоолгүй, тоглоомын талбайгүй боловч энэ бүгдийг золиослон худалдан авсан. Тухайн үед 2020 оны зун орон сууцны зах зээлийн ханш 1 м2 нь 1,800,000-2,200,000 төгрөгийн хооронд байсан. Хэрвээ энэ ханшаар байр авах байсан бол бүр ядахдаа тагттай байр авах байсан.

Энэ учир шалтгааныг ойлгож, анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуульд заасан үндэслэлээр зөв шийдвэрлэж өгсөн. Гэтэл давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн заалт бүрийг анхан шатны шүүхээс илт зөрүүтэйгээр хэрэглэж, иргэн намайг хохироосон шийдвэр гаргалаа.

Иймд хуульд заасан үндэслэл журмын дагуу хэргийг хяналтын шатны журмаар хэлэлцүүлж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.04.01-ний өдрийн 210/МА2022/00612 дугаартай магадлалыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.01.11-ний өдрийн 102/ШШ2022/00237 дугаартай шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр үйлчлэх боломжийг хангаж өгнө үү гэжээ.

6. Магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан хяналтын гомдлыг Хяналтын шатны шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 001/ШХТ2022/00581 дүгээр тогтоол гаргажээ.

ХЯНАВАЛ:

7. Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

8. Нэхэмжлэгч Э.Т нь хариуцагч О ХХК-д холбогдуулан, Баянгол дүүргийн 18 хороо, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж, 67А байрны 402 тоот хаягт байршилтай, 68.94 м2 талбайтай 3 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоолгох, тухайн орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахыг хариуцагчид даалгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

9. Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, ...нэхэмжлэгч Э.Т байрны үнийг дутуу төлсөн учир Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д зааснаар өмчлөгч болох боломжгүй гэж марган, нэхэмжлэгчид холбогдуулан ...түүний хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан байна.

10. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Ты нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 заасан үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэн, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

11. Давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрт ...Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан үндэслэлгүй гэж үзэн, нэхэмжлэгч Э.Ты нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг тус тус оруулсныг үндэслэлтэй гэж үзлээ.   

12. Нэхэмжлэгч Э.Т нь 2020.05.28-ны өдөр хариуцагч “О” ХХК-тай “Орон сууц захиалгын гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч нь Баянгол дүүрэг, 18 дугаар хороонд байрлах барилгын 68,94 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг барьж, ашиглалтанд оруулан нэхэмжлэгчид хүлээлгэн өгч өмчлөлийг шилжүүлэх, нэхэмжлэгч Э.Т нь байрны үнэд 151,668,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцжээ.

13. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх..., худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ”, 258 дугаар зүйлийн 258.2-т “Худалдан авагч эд хөрөнгийн үнийг төлөх, зохих зардлыг нөхөн төлөх хүртэл худалдагч эд хөрөнгийг өөртөө үлдээж саатуулах эрхтэй” гэж тус тус зохицуулсан.

14. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг “...гэрээний дагуу орон сууцны төлбөрийг бүрэн төлсөн, гэрээний 2.2-т захиалагч нь гэрээ байгуулсан өдөр үнийн дүнг 100 хувь төлсөн гэж заасан байгаа. ...орон сууцны үнийг 97,000,000 төгрөгөөр худалдан авахаар Д.М гэх хүнтэй тохиролцсон, Д.М нь Э.Хгээс авлагатай, Э.Х нь  “О” ХХК-аас авлагадаа маргааны зүйл болох орон сууцыг бартераар авч, зөрүү мөнгийг төлөх байсан... гэж тайлбарлах боловч гэрээний үүргээ бүрэн биелүүлж, худалдах-худалдан авах гэрээний үнэ болох 151,668,000 төгрөгийг төлсөн болохоо нотлоогүй байна.

15. Иймд давж заалдах шатны шүүх ...анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нэхэмжлэгч худалдан авсан орон сууцны үнийг бүрэн төлсөн гэх үндэслэлээ нотлоогүй, ...Д.М нь хариуцагч “О” ХХК-ийн өмнөөс гэрээний үнийг тодорхойлох, үүргийг хүлээн авах эрхтэй этгээд биш гэж дүгнэн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь хуулийн дээрх зохицуулалтад нийцжээ.

16. Хоёр шатны шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй. Харин давж заалдах шатны шүүх ...сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэн, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан нь үндэслэл бүхий байна.  

17. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж заасан. Хэргийн баримтаар нэхэмжлэгч нь хариуцагчтай худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээний үндсэн дээр хариуцагч компаниас авлага, өр төлбөрийн тооцоо бүхий этгээдүүдийн тодорхой мөнгөн хөрөнгө төлөх, мөнгөн хөрөнгийн үүргийг тооцуулах нөхцөлтэйгөөр орон сууцны эзэмшлийг өөртөө олж авсан нь тогтоогджээ.

18. Иймд шүүхүүдийн, хариуцагч “О” ХХК нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э.Х, гэрч Д.М нарын хоорондын өр төлбөрийн асуудал шийдвэрлэгдээгүй байгаа тохиолдолд нэхэмжлэгч Э.Тг гэрээний үүргээ ноцтой зөрчсөн гэж гэрээнээс татгалзах, түүнийг хууль бус эзэмшигч гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэн, Баянгол дүүргийн 18-р хороо, 67А байрны 402 тоот хаягт байршилтай, 68.94 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг Э.Тгийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна.

19. Дээр дурдсан үндэслэлүүдээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 210/МА2022/00612 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022.03.23-ны өдөр төлсөн 356,587 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      С.СОЁМБО-ЭРДЭНЭ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                       Г.БАНЗРАГЧ

                                                                        Б.МӨНХТУЯА

                                                                        Х.ЭРДЭНЭСУВД