Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 133/ШШ2020/00506

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Прокурорын газрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн 9-7 тоотод оршин суух З.О-д холбогдох,
Сум хөгжүүлэх сангийн зээлийн үлдэгдэл 2.639.110 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, хариуцагч З.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Прокурорын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Иргэн Л.Г, З.О нар нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг дарга М.Д-тай 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр сум хөгжүүлэх сангаас олгох 10,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулан мөнгийг шилжүүлэн авсан байна. Зээлийн гэрээний хугацаа 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр дууссан ба зээлдэгч нар үндсэн зээлийн 10,000,000 төгрөгөөс 7,360,891 төгрөг, хүүнд 533,330 төгрөг, 2016-2017 оны алданги 53,729 төгрөг төлсөн байна. Харин үндсэн зээлийн 2,639,110 төгрөг төлөгдөөгүй байна. Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газраас иргэний нэхэмжлэгчээр оролцуулах тухай хүсэлт ирүүлсний дагуу Прокурорын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэг, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 31 дүгээр зүйлүүдэд заасны дагуу иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоор прокурорын нэхэмжлэл гаргаж байна. Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаагаар Логисүрэнгийн Ганбаатар нь 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр нас барсан болох нь тогтоогдож байх тул хамтран үүрэг гүйцэтгэгч З.О-ээс улсад учирсан 2,639,110 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулж өгнө үү гэв.
Хариуцагч З.О нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би тухайн үед дүүдээ зээлснийг нь мэдээгүй. Нас барсных нь дараа мэдсэн. Нас барахдаа 5.000.000 гаруй төгрөгийн зээлтэй байсан. Би төлөөд явж байсан. Нас барснаас нь хойш 1 жилийн дараа дансны хуулгыг үзэх эрх нээгдсэн. Тэгээд би харсан чинь 2.800.000 төгрөг дүүдээ зээлсэн байсан. Би дүүд нь чи авсан байна гэж хэлээд зээл төлөх хуваарийг нь үзүүлсэн чинь тэгсэн, би авсан, төлнө гэж хэлсэн. Би дүүг нь төлчихсөн байх гэж бодоод яваад байсан чинь төлөөгүй байсан. Би ах дүү нараас нь тусламж хүссэн. Ах дүү нар нь шийдэж өгөхгүй байгаа. Шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа талаар дүүд нь хэлсэн боловч өгч чадахгүй гэж хэлсэн. Эхлээд бэлнээр өгсөн гэж ярьж байгаад сүүлдээ би аваагүй гээд байгаа. Коронагаас болоод манай ажил зогссон. Би Алтай-Улиастай эрчим хүчний газрын цайны газарт ажилладаг. 2020 оны 01 дүгээр сараас хойш ажил зогссон байгаа. Авсан цалин байхгүй учраас надад хугацаа хэрэгтэй байна. Би 2 жилийн хугацаа хүсэж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Зохигчдын тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Прокурорын газрын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Прокурорын газраас З.О-д холбогдуулан сум хөгжүүлэх сангийн зээлийн үлдэгдэл 2.639.110 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч З.О нь шүүх хуралдаанд Би Алтай-Улиастай эрчим хүчний газрын цайны газарт ажилладаг. 2020 оны 01 дүгээр сараас хойш ажил зогссон байгаа. Авсан цалин байхгүй учраас надад хугацаа хэрэгтэй байна. Би 2 жилийн хугацаа хүсэж байна гэж тайлбарлаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт зааснаар Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мөн хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно гэж заасны дагуу Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын хүсэлтээр төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа нь үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт ...Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ... гэж, 282.3-т ...Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ... гэж тус тус заажээ.
Л.Г нь 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Сум хөгжүүлэх сангаас 10.000.000 /арван сая/ төгрөгийн үхрийн фермерийн зориулалтаар жилийн 3.0 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай авахаар №09 дугаартай Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээ байгуулж, хариуцагч З.О нь хамтран үүрэг гүйцэтгэгчээр гарын үсэг зурснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ гэж заажээ.
Л.Г нь 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр нас барсан болох нь Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 498/000124 дугаартай Нас барсны бүртгэлийн лавлагаа-аар тогтоогдож байх бөгөөд Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээний тус гэрээний 2.6-д Хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрхийг эдэлж, үүрэг хүлээнэ гэж заасан байх тул хамтран үүрэг гүйцэтгэгчээс зээлийн гэрээний үүргийг хангуулахаар шаардах эрхтэй байна.
Талуудын хооронд 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 09 дугаартай сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээ байгуулагдаж, 10.000.000 /арван сая/ төгрөгийг өгч авалцсан ба Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасны дагуу зээлийн гэрээний харилцаа үүссэн байна. Энэхүү гэрээ нь хэлбэр болон агуулгын хувьд хууль зөрчөөгүй байх тул хүчин төгөлдөр гэрээнүүд байна. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохиролцсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.
Хавтаст хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараас үзэхэд хариуцагч нь зээлийг гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу төлөөгүй, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох нь зохигчдын тайлбар, Халиун сумын сум хөгжүүлэх сангийн зээлдэгч Л.Г болон хамтран зээлдэгч З.О нарын зээлийн эргэн төлөлтийн мэдээлэл зэргээр тус тус тогтоогдож байна.
Талуудын байгуулсан гэрээний 2.4-т Энэхүү гэрээний 2.2-т заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаанд зээлийн төлбөр төлөөгүй, эсхүл зээл зээл төлөх эцсийн хугацаа хэтэрсэн бол зээлийн хугацаанд төлөөгүй үлдэгдэлд үндсэн хүүгээс гадна сарын 0.5 хувийн торгууль төлнө... гэснээр хариуцагч З.О нь хугацааны хүү болон алданги төлөх үүрэгтэй байна.
Иймд хариуцагч З.О-ээс сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийн гэрээний үүргийн биелэлт болох үлдэгдэл 2.639.110 төгрөгийг гаргуулж, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын тамгын газарт олгох үндэслэлтэй байна.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж шийдвэрлэсэн болно.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар 2.639.110 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 57.176 төгрөгийг хариуцагч З.О-ээс гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д үндэслэн хариуцагч З.О-ээс сум хөгжүүлэх сангийн зээлийн үлдэгдэл 2.639.110 /хоёр сая зургаан зуун гучин есөн мянга нэг зуун арав/ төгрөгийг гаргуулан Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын тамгын газарт олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар 2.639.110 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 57.176 төгрөгийг хариуцагч З.О-ээс гаргуулан улсын орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг танилцуулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ                                   Н.ОЮУНБИЛЭГ