Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 181/2020/00330/И |
Дугаар | 001/ХТ2022/00771 |
Огноо | 2022-06-21 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2022 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 001/ХТ2022/00771
А.Ц нарын /10 хүний/ нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2020/01266 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 1345 дугаар магадлалтай,
А.Ц, Ч.Д, Т.Э, Б.И, Н.П, Б.О, Ө.М, М.М, Д.Х, Б.Д нарын нэхэмжлэлтэй,
“М” ХХК-д холбогдох,
Нэхэмжлэгч А.Ц, Ч.Д, Т.Э, Н.П, Б.О, Ө.М, М.М, Р.Д нарын “М” ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.3 дахь заалтыг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, хариуцагч МХХК-аас Оюу Толгой Дулааны Цахилгаан станцын өргөтгөлийн төслийн урамшуулал болох 9,408,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Цд олгуулах, 15,876,000 төгрөгийг гаргуулж Ч.Дэд олгуулах, 7,560,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Эт олгуулах, 7,560,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Ид олгуулах, 10,080,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Пд олгуулах, 8,736,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Од олгуулах, 12,096,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ө.Мт олгуулах, 16,128,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Мд олгуулах, 4,536,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Хд олгуулах, 12,096,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Дод олгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Тунгалагтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Н, хариуцагчийн өмгөөлөгч Н.Энхчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч А.Ц, Ч.Д, Т.Э, Б.И, Н.П, Б.О, Ө.М, М.М, Д.Х, Б.Д нар нь хариуцагч “М” ХХК-д холбогдуулан нэхэмжлэгч А.Ц, Ч.Д, Т.Э, Н.П, Б.О, Ө.М, М.М, Р.Д нарын “М” ХХК-тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 5.3 дахь заалтыг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, хариуцагчаас төслийн урамшуулалд А.Цд 9,408,000 төгрөг, Ч.Д 15,876,000 төгрөг, Т.Эт 7,560,000 төгрөг, Б.Ид 7,560,000 төгрөг, Н.Пд 10,080,000 төгрөг, Б.Од 8,736,000 төгрөг, Ө.Мт 12,096,000 төгрөг, М.Мд 16,128,000 төгрөг, Д.Хд 4,536,000 төгрөг, Б.Дод 12,096,000 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргасан байна.
2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2020/01266 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 202 дугаар зүйлийн 202.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч А.Цд 2,281,673 төгрөгийг хариуцагч “М” ХХК-аас гаргуулан олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 7,126,327 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Ч.Дэд 1,745,832 төгрөгийг хариуцагч “М” ХХК-аас гаргуулан олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 14,130,168 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Т.Эт 2,158,995 төгрөгийг хариуцагч “М” ХХК-аас гаргуулан олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 5,401,005 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Т.Ид 2,331,292 төгрөгийг хариуцагч “М” ХХК-аас гаргуулан олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 5,228,708 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Н.Пд 3,332,650 төгрөгийг хариуцагч “М” ХХК-аас гаргуулан олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 7,467,350 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Б.Од 2,709,880 төгрөгийг хариуцагч “М” ХХК-аас гаргуулан олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 6,026,120 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Ө.Мт 3,914,790 төгрөгийг хариуцагч “М” ХХК-аас гаргуулан олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 8,181,210 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч М.Мд 5,085,004 төгрөгийг хариуцагч “М” ХХК-аас гаргуулан олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 11,042,996 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Д.Хд 1,322,120 төгрөгийг хариуцагч “М” ХХК-аас гаргуулан олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 3,213,880 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Б.Дод 4,594,603 төгрөгийг хариуцагч “М” ХХК-аас гаргуулан олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 7,501,397 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэгч А.Ц, Ч.Д, Т.Э, Н.П, Б.О, Ө.М, М.М, Р.Д нарын “М” ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.3 дахь заалтыг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч нарын төлөөлөгч Н.Мандалаас улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 03 сарын 03-ны өдөр төлсөн 70,200 төгрөг, 2020 оны 04 сарын 01-ний өдөр төлсөн 1,708,584 төгрөг, нийт 1,778,784 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, дутуу төлсөн 40,088 төгрөгийг нэхэмжлэгч нараас гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагч “М” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч А.Цд 51,456 төгрөгийг, нэхэмжлэгч Ч.Дэд 42,883 төгрөгийг, нэхэмжлэгч Т.Эт 49,493 төгрөгийг, нэхэмжлэгч Т.Ид 52,250 төгрөгийг, нэхэмжлэгч Н.Пд 68,272 төгрөгийг, нэхэмжлэгч Б.Од 58,308 төгрөгийг, нэхэмжлэгч Ө.Мт 77,586 төгрөгийг, нэхэмжлэгч М.Мд 96,310 төгрөгийг, нэхэмжлэгч Д.Хд 36,103 төгрөгийг, нэхэмжлэгч Р.Дод 88,463 төгрөгийг тус тус гаргуулан олгож шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 1345 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2020/01266 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “А.Цд 2,281,673” гэснийг “А.Цд 3,154,491” гэж, “7,126,327” гэснийг “6,253,509” гэж, “Ч.Дэд 1,745,832” гэснийг “Ч.Дэд 4,768,073” гэж, “14,130,168” гэснийг “11,107,927” гэж, “Т.Эт 2,158,995” гэснийг “Т.Эт 2,598,500” гэж, “5,401,005” гэснийг “4,961,500” гэж, 2 дахь заалтын “А.Цд 51,456” гэснийг “А.Цд 65,422” гэж, “Ч.Дэд 42,883” гэснийг “Ч.Дэд 91,239”, “Т.Эт 49,493” гэснийг “Т.Эт 56,526” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 63,306 төгрөг, 25,498 төгрөг, 13,900 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 621,124 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэсэн байна.
4. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мандал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: А.Ц, Ч.Д, Т.Э, Б.И, Н.П, Б.О, Ө.М, М.М, Б.Х, Б.Д нарын нэхэмжлэлтэй “М” ХХК-д холбогдох, А.Ц, Ч.Д, Т.Э, Н.П, Б.О,Ө.Мөнбаяр, М.М, Б.Д нарын “М” ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.3 дахь заалтыг хүчин төгөлдөр хэлцэл бус болохыг тогтоолгож, хариуцагч “М” ХХК-аас Оюу толгой Дулааны Станцын өргөтгөлийн төслийн урамшуулал болох 9,408,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Цд олгуулах, 15,876,000 төгрөгийг нэхэмжлэгч Ч.Дэд олгуулах, 7,560,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Эт олгуулах, 7,560,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Ид олгуулах, 10,080,000 төгрөгийг нэхэмжлэгч Н.Пд олгуулах, 8,736,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Од олгуулах, 12,096,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ө.Мт олгуулах, 16,128,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Мд олгуулах, 14,536,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Дод олгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Анхан шатны шүүхийн шийдвэрт “М” ХХК-ийн Ажлын гүйцэтгэлийг үнэлж, урамшуулал тооцон олгох болон нэмэгдэл тооцон олгох тухай журмын 2 дугаар зүйлийн 2.4 дэх заалтад заасан төсөл хэрэгжсэний дараах урамшуулал байна. Нэхэмжлэгч А.Ц, Ч.Д, Т.Э, Н.П, Б.О, М.М, Ө.М, Б.Д нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.3 дахь заалтад ажилтан энэхүү гэрээний дагуу төсөл дээр ажиллах хугацаанд гүйцэтгэлээс хамаарсан урамшуулал олгогдохгүй гэж заасан нь “М” ХХК-ийн Ажлын гүйцэтгэлийг үнэлж, урамшуулал тооцон олгох болон нэмэгдэл тооцон олгох тухай журмын 2 дугаар зүйлийн 2.4 дэх заалтад заасан төсөл хэрэгжсэний дараах урамшуулалтай холбоогүй заалт байх бөгөөд уг заалт нь журмын 2 дугаар зүйлийн 2.3 дахь заалтад заасан гүйцэтгэлийн урамшуулал олгохгүй гэсэн агуулгатай байх тул хариуцагчийн хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.3 дахь заалтад заасны дагуу дээр нэр дурдсан нэхэмжлэгч нарт төсөл хэрэгжсэний дараах урамшуулал олгогдохгүй гэсэн тайлбар үндэслэлгүй байна. Журмын 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт төсөл хэрэгжиж дууссаны дараах урамшууллыг тооцон олгох харилцааг зохицуулсан байх ба журмын 5.2.1 дэх заалтад төсөл хэрэгжсэний дараах урамшууллыг гүйцэтгэх захирлын тушаалаар томилогдсон төслийн багийн гишүүнд олгоно гэж заасан байх тул төслийн багийн гишүүн бүрт төсөл хэрэгжсэний дараах урамшуулал олгогдоно гэж үзэх ба мөн журмын 5.2.3 дахь заалтад зааснаар урамшууллын хэмжээ нь тухайн төслийн багт ажилласан хугацааны үндсэн цалингийн нийлбэрийн 10 хувьтай тэнцүү байх ба төслийн гүйцэтгэлийн индекс, ажлын гүйцэтгэлийн хувиар үржүүлэн тооцохоор зохицуулсан байна.” гэж тайлбарлан нэхэмжлэгч нарын тус төсөлд ажиллаж байсан хугацааны нийт цалингийн 10 хувийг олгохоор шийдвэрлэж, давж заалдах шатны шүүхийн магадлал анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангаж А.Ц, Ч.Д, Т.Э нарт олгох дүнд засвар оруулж үлдэх хэсгийг хэвээр үлдээсэн. Гэвч давж заалдах шатны шүүх 2020.06.22-ны өдрийн 1345 тоот магадлалын хянах хэсэгт дараах хоёр нэхэмжлэгчид олгох урамшууллын талаар “Анхан шатны шүүх Б.И, Д.Х нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ хариуцагч талын зөвшөөрсөн хэмжээнээс багаар тогтоон шийдвэрлэсэн нь буруу хэдий ч нэхэмжлэгч нар үүнд гомдол гаргаагүй учир талуудын мэтгэлцэх зарчмын хүрээнд өөрчлөлт оруулах шаардлагагүй болно” гэж тайлбарласан нь Б.И, Д.Х нарт хариуцагчаас төслийн гүйцэтгэлийн болон төслийн дараах хоёр урамшуулал олгохыг нэг урамшуулал авахаар буруу тайлбарлажээ. Тус хоёр нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээний 5.3 дахь хэсэгт “Ажилтанд энэхүү гэрээний дагуу Төсөл дээр ажилласан хугацааны гүйцэтгэлээс хамаарсан урамшуулал олгогдоно” гэж заасны дагуу хариуцагч “М” ХХК нь гүйцэтгэлийн урамшуулал олгохоо хүлээн зөвшөөрч хариу тайлбартаа дурдсан байдаг. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүд нь нэхэмжлэгч нарт олгох хариуцагчаас олгох мөнгөн дүн нь төслийн дараах урамшуулал юм. Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын Б.И, Д.Х нарт холбогдох дүгнэлтэд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхжаргал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.05.12-ны өдрийн 181/ШШ2020/01266 шийдвэрийн зарим хэсгийг болон Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.06.22-ны өдрийн 1345 дугаартай магадлалыг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр хяналтын гомдлыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд гаргаж байна. Шүүхийн шийдвэр, магадлал нь үндэслэлгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчмаас гажсан, хууль зөрчилдөөнтэй тайлбарлаж хэрэглэсэн байна. Шүүхийн нэхэмжлэгч А.Ц, Ч.Д, Т.Э, Н.П, Б.О, Ө.М, М.М, Б.Д нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч, Б.И, Д.Х нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан шийдвэрт маргаагүй болно. Нэхэмжлэгч А.Ц, Ч.Д, Т.Э, Н.П, Б.О, Ө.М, М.М, Б.Д нарын хувьд манай компанийн үндсэн гүйцэтгэгчээр ажилласан Оюу Толгой уурхайн Төв Дулааны станцын өргөтгөлийн төсөл дээр Хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан бөгөөд Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт ажилтанд “Төсөл дээр ажиллах хугацаанд гүйцэтгэлээс хамаарсан урамшуулал олгогдохгүй” тухай тодорхой зааж харилцан баталгаажуулсан. Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-т “Иргэний хууль тогтоомж нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш, гэрээний эрх чөлөөг хэрэгжүүлэх... зарчимд үндэслэнэ” гэж заасан. Өөрөөр хэлбэл хууль тогтоомжоор ажил олгогчид үнэ цэнтэй ажлын байр болон чадварлаг мэргэжилтэнд илүү нөхцөл гэрээний зохицуулалтаар хийх эрх нь бүрэн олгогдсон. Нэхэмжлэгч нартай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.3 дахь заалтыг шүүх “үндэслэлгүй” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган шийдвэрлэсэн нь хууль бус бөгөөд хөдөлмөрийн харилцаа, ажилтан бүрийн үүрэг оролцоо, хөдөлмөрийн гэрээний нөхцөл заалтыг талууд харилцан тохиролцон шийдвэрлэсэн байдлыг илт үгүйсгэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “Хөдөлмөрийн гэрээ” гэж нэг талаас ажилтан нь ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ, хэлэлцээрт заасан хөдөлмөрийн нөхцөлөөр хангах тухай харилцан үүрэг хүлээсэн тохиролцоог хэлнэ” гэж заасан байхад хуульд зааснаас эсрэгээр дүгнэсэн нь илт үндэслэлгүй байна. Шүүх энэхүү гэрээний заалтыг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ ажилтан тус бүртэй ажлын байр, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан харилцан тохиролцон хөдөлмөрийн гэрээ байгуулсан болохыг, ийнхүү хөдөлмөрийн гэрээг байгуулахдаа Хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлсэн байна гэж дүгнэсэн боловч уг заалтыг хэрэгжүүлэх үндэслэлгүй хэмээн урамшуулал олгох ёстой гэж зөрчилдөөнтэй дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй, үндэслэлгүй байна. Давж заалдах шатны шүүх хөдөлмөрийн гэрээний энэ заалтыг үр дагавар шаардахгүй гэж дүгнэсэн нь мөн ойлгомжгүй байна. Тодруулбал, Хөдөлмөрийн гэрээгээр тусгайлан зохицуулсан урамшуулал олгохгүй байх зохицуулалт хүчин төгөлдөр байхад түүний үр дагавар болох тэрхүү заалтын дагуух асуудал буюу урамшууллыг “олгох ёстой” гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Нэгэнт хөдөлмөрийн хууль болон байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр урамшуулал олгохгүй тухай тодорхой заасан байхад гүйцэтгэлийн хувь, индекс, нэхэмжлэгч нарын ажлын гүйцэтгэлийн үнэлгээний хувьтай холбоотой баримтыг гаргаж өгөөгүй хэмээн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальж дүгнэлт хийн, талуудын маргаагүй асуудлаар, нотлох баримт шаардсан мэт, хариуцагч үүргээ биелүүлээгүй мэтээр дүгнэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, үндэслэлгүй байна. Зүй нь хэрвээ шүүх энэхүү баримт хэрэгт хамааралтай гэж үзвэл ИХШХШТХуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх заалтыг баримтлан нотлох баримтыг шаардан гаргуулах эрхээ хэрэгжүүлэх байсан. Нэхэмжлэгч Ч.Д, Ө.М нартай байгуулсан “Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох гэрээг” шүүх огт үнэлээгүй, энэ талаарх хариуцагчийн тайлбарыг огт дүгнээгүй байна. /хх-45, 64/ Ч.Д 2019.09.09-нд, Ө.М 2019.08.21-нд тус тус ажилтны санаачилгаар гэрээг дуусгавар болгож, цалин хөлс бүх тооцоог хийж дуусгасан байх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан гомдол гаргах хугацаа дуусгавар болсон байна. Энэ талаар нэхэмжлэгч тал зөвшөөрсөн бөгөөд маргаагүй байна. “Ажлын гүйцэтгэлийг үнэлж, урамшуулал олгох болон төслийн нэмэгдэл тооцон олгох журмын 7.7-д “Ажилтны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан, ...тохиолдолд ажилласан хугацааны урамшуулал олгогдохгүй” байхаар заасныг зөрчин шийдвэр, магадлал гаргасан байна. Нэхэмжлэгч нарын хувьд нэхэмжлэлээ хамт гаргаснаас хөдөлмөрийн хамтын маргаан биш тул нэхэмжлэгч тус бүр дээр хөөн хэлэлцэх хугацааг тооцон үзэх ёстой болно. Шүүх хуралдаанд оролцсон гэрчүүдийн мэдүүлгийг Анхан шатны шүүх үнэлээгүй. Журам дүрмийн хүрээнд хэрхэн олгогдох болон олгогдож байсан талаар тодорхой мэдүүлсэн ач холбогдолтой мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэр илтэд зөрчилдөөнтэй, үндэслэлгүй дүгнэлт хийсэн, нотлох баримтыг үнэлээгүй, хариуцагчийн тайлбар гаргасан баримтыг хэрхэн үнэлж буйгаа дурдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэх 4 үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан ч давж заалдах шатны шүүх зөвхөн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй гэж үзэж хууль буруу хэрэглэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол” гэж заасан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт “Хөдөлмөрийн гэрээний талууд гурван сарын дотор ...гомдлоо гаргах эрхтэй” гэж заасан. Мөн Иргэний хуулийн “3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт “Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн асуудлыг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн заалтыг хэрэглэнэ” гэж заасан байх бөгөөд энэ нь хэлбэрэлтгүй нэг утгаар хөдөлмөрийн гэрээний маргааныг хөдөлмөрийн хуулиар шийдвэрлэхийг заасан байх бөгөөд талууд гэрээг дүгнээд, тус бүрдээ ажлаас чөлөөлөх үедээ олговол зохих цалин хөлсийг авсан бөгөөд урамшуулал зөвхөн гэрээнд заагдсан тохиолдолд олгогдохыг тодорхой мэдсэн болох нь нэхэмжлэгч нарын 2019.12.10-ны өдөр Маргаан таслах комисст гаргасан өргөдлөөс тодорхой харагдаж байна. Давж заалдах шатны шүүхээс туршилтын хугацаанд ч урамшуулал олгох ёстой гэж үзсэн нь гэрээний чөлөөт байдлын зарчим, ажилтнуудын хөдөлмөрийн үнэлгээг эрс үгүйсгэж Ажлын гүйцэтгэлийг үнэлж, урамшуулал тооцон олгох болон төслийн нэмэгдэл тооцон олгох тухай журмыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Тус журмын 7.8-д “Дадлагажих хугацаанд урамшуулал тооцогдохгүй” гэж тодорхой заасан нь тус журам нь үндсэн ажилтан албан хаагчдад зориулсан болох нь илэрхий бөгөөд үүнээс гадна мэргэшсэн ажилтны хөдөлмөрийн бүтээмж туршилтын шинэ ажилтны бүтээмж ч эрс өөр байх нь тодорхой байхад адил урамшуулал олгох үндэстэй гэж үзсэн нь хөдөлмөрийн харилцаан дахь тохирсон цалин хөлс авах зарчим, хөдөлмөрийн хуультай зөрчилдөж байна. Шүүхийн шийдвэр, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, хууль буруу хэрэглэсэн үндэслэлгүй байх тул үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. Иймд, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.05.12-ны өдрийн 181/ШШ2020/01266 дугаар шийдвэр болон Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.06.22-ны өдрийн 1345 дугаар магадлалын нэхэмжлэгч А.Ц, Ч.Д, Т.Э, Н.П, Б.О, Ө.М, М.М, Б.Д нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
6. Зохигчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
7. Нэхэмжлэгч А.Ц, Ч.Д, Т.Э, Б.И, Н.П, Б.О, Ө.М, М.М, Д.Х, Б.Д нар нь хариуцагч “М” ХХК-д холбогдуулан нэхэмжлэгч А.Ц, Ч.Д, Т.Э, Н.П, Б.О, Ө.М, М.М, Р.Д нарын “М” ХХК-тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 5.3 дахь заалтыг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, хариуцагчаас төслийн урамшуулалд А.Цд 9,408,000 төгрөг, Ч.Д 15,876,000 төгрөг, Т.Эт 7,560,000 төгрөг, Б.Ид 7,560,000 төгрөг, Н.Пд 10,080,000 төгрөг, Б.Од 8,736,000 төгрөг, Ө.Мт 12,096,000 төгрөг, М.Мд 16,128,000 төгрөг, Д.Хд 4,536,000 төгрөг, Б.Дод 12,096,000 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
8. Анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нэхэмжилсэн урамшууллын тодорхой хэсгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч нарт олгон, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болон нэхэмжлэгч нарын “М” ХХК-тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 5.3 дахь заалтыг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
9. Давж заалдах шатны шүүх ...анхан шатны шүүх нэхэмжлэгч А.Ц, Ч.Д, Т.Э нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангахдаа тэдгээрийн төсөлд ажиллаж эхэлсэн хугацааг буруу тооцсоны улмаас шүүхийн шийдвэрийн зарим хэсэг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэн, шийдвэрт “...хариуцагчаас нэхэмжлэгч Т.Эт төсөл хэрэгжүүлсний дараах урамшуулалд 2,598,500 төгрөг, Ч.Д 4,768,073 төгрөг, А.Цд 3,154,491 төгрөгийг тус тус гаргуулж олгон, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулсан нь үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
10. Хариуцагчаас ...нэхэмжлэгч Д.Х, Б.И нарын хувьд гүйцэтгэлийн урамшуулал олгохоор Хөдөлмөрийн гэрээний 5.3-т заасан тул байгууллагын дотоод журамд заасны дагуу ажлын гүйцэтгэлийн хувиар тооцож урамшуулал олгоно, бусад 8 нэхэмжлэгч нарын тухайд тэдэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд урамшуулал олгохоор тохиролцоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж марган, нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан нь үндэслэлгүй.
11. Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ”, 48 дугаар зүйлийн 48.3.4-т “Ажил олгогч нь хууль тогтоомж, хамтын гэрээ, хэлэлцээрт нийцүүлэн үндсэн цалингийн сүлжээ, жишиг болон нэмэгдэл хөлс, нэмэгдлийн хэмжээ, шагнал урамшуулал, түүнийг олгох нөхцөл, журмыг баталж мөрдүүлнэ” гэж тус тус заасан.
12. Хариуцагч “М” ХХК нь 2018.01.26-ны өдрийн А-04 дугаартай тушаалаар тус компанийн ажиллагчдын ажлын үр дүн, гүйцэтгэлийг үнэлэх, ажилтныг урамшуулах, үр бүтээлтэй тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Ажлын гүйцэтгэлийг үнэлж, урамшуулал тооцон олгох болон төслийн нэмэгдэл тооцон олгох тухай” журмыг баталсан байх ба уг журмын 1.2-т “...урамшууллын төрлийг гүйцэтгэлийн урамшуулал, төсөл хэрэгжсэний дараах урамшуулал, төв оффист ажиллагчдын төслөөс хамаарах урамшуулал” гэж тодорхойлон, урамшуулал олгох нөхцөл, шалгуур үзүүлэлт, баримтлах зарчмыг тус журмаар зохицуулжээ.
13. Мөн, нэхэмжлэгч нарын “М” ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хавсралтад төслийн нэрийг “Оюу толгойн дулааны цахилгаан станцын өргөтгөлийн төсөл” гэж, мөн гэрээний тусгай нөхцөл үйлчилж эхлэх хугацааг гэрээ байгуулсан өдрөөс тооцохоор тогтоосноос үзэхэд нэхэмжлэгч нар нь тухайн төслийн багийн гишүүн бөгөөд дээрх журмын 5.2.2-т заасны дагуу төсөл хэрэгжиж дууссаны дараа урамшууллыг тооцож олгохыг хариуцагчаас шаардах эрхтэй байна.
14. Хоёр шатны шүүх Хөдөлмөрийн тухай хууль болон журмын дээрх зохицуулалтыг маргаанд зөв тайлбарлаж хэрэглэсэн, анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагчаас төсөл хэрэгжүүлсний дараах урамшуулалд нэхэмжлэгч Т.Ид 2,331,292 төгрөг, Н.Пд 3,332,650 төгрөг, Б.Од 2,709,880 төгрөг, Ө.Мт 3,914,790 төгрөг, М.Мд 5,085,004 төгрөг, Д.Хд 1,322,120 төгрөг, Б.Дод 4,594,603 төгрөгийг тус тус гаргуулж олгон, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх “...хариуцагчаас төсөл хэрэгжүүлсний дараах урамшуулалд нэхэмжлэгч Т.Эт 2,598,500 төгрөг, Ч.Д 4,768,073 төгрөг, А.Цд 3,154,491 төгрөгийг тус тус гаргуулж олгон, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон” өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулсан нь хууль, журмын дээрх зохицуулалтад нийцжээ.
15. Түүнчлэн, давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан ...нэхэмжлэгч нарын урамшуулал шаардах, өөрөөр хэлбэл нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх өнгөрсөн талаар гаргасан гомдол, мөн нэхэмжлэгч Б.И, Д.Х нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн үндэслэлийн талаар хуульд нийцсэн дүгнэлт хийсэн тул зохигчийн энэ үндэслэлүүдээр гаргасан хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй байна.
16. Иймд магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мандал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхжаргал нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 1345 дугаар магадлалыг хэвээр үлдээж, зохигчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгч нарын хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020.08.03-ны өдөр төлсөн 52,270 төгрөг, 2020.08.03-ны өдөр төлсөн 36,110 төгрөг, хариуцагчаас 2022.07.31-ний өдөр төлсөн 690,591.50 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА
Б.МӨНХТУЯА
С.СОЁМБО-ЭРДЭНЭ