| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 136/2017/0030/э |
| Дугаар | 30 |
| Огноо | 2017-03-07 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | Ө.Мөнхнавч |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 30
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
Шүүх хуралдаанд: Улсын яллагч Д.Дэлгэрбаяр
Хохирогч Ж.Б
Нарийн бичгийн дарга Э.Уранбилэг
нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газраас;
Эрүүгийн .... дугаарт хэргийн шүүгдэгч:
С.Д-д холбогдуулан Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /яллагдагчаар татах тогтоолд дурдсанаар/ Шүүгдэгч С.Д нь 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах талхан цехийн ард иргэн Ж.Бтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний хамран тус газар цохиж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч С.Д шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 01 сарын 05- ны өглөө би ажил дээрээ байсан. Б манай ажил дээр надтай уулзана гэж ирээд бид хоёр гадаа гарч уулзсан. Намайг элдвээр доромжилж банзал, янханаар дуудсан. Бид хоёр цагдаа дээр ирсэн. Тэндээс гарч яваад гэртээ харьсан. Б өдөр 13 цагийн үед над руу янз бүрийн мессеж бичсэн. Миний малгайнаас барьж үс зулгаасан тэгээд хоёулаа ноцолдоод би татаж унагаад нэг цохисон. Миний буруу байх нь байгаа, энэ хүний ч буруу байгаа гэв.
Хохирогч Ж.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 01 сарын 05- ны орой талхан цехээс утасны нэгж аваад гэр рүүгээ явдаг гудамжаар явж байсан өөдөөс Д манай нөхөртэй гараад ирсэн би Дд чи яахаараа манай нөхөртэй хамт яваад байдаг юм бэ гэж хэлээд энэ хүний малгайнаас зуураад, тэр миний үснээс зуурч хоолой боож унагаагаад хоолой шахаад байсан. Энэ хүн нүүрэн дээр минь өвдөгөөрөө 2-3 удаа дэвссэн, би энийг юу гэж дийлэхэв дээ насны зөрүүтэй, хамарнаас цус гараад, би барилцаж байснаа ядаад тавьсан, манай нөхөр энэний утас руу залгаад энэ намайг орхиод цаашаа явсан. Миний толгой эргээд, манараад хаашаа явахаа мэдэхгүй байсан, хэсэг манарч байгаад цусаа гоожуулаад цагдаад очоод мэдүүлэг өгсөн. Эмчид үзүүлсэн таны хамар гэмтсэн байна халуун дээр одоо янзлуулчихвал сайн сүүлдээ удаад ирэхээрээ зовиуртай болно гэсэн сая дахиж үзүүлэхэд таны гэмтэл удааширсан хүнд болсон мэс засал хийлгэж болно гэсэн. Хамрыг сэргээж засах мэс засал хийлгэхэд 1 750 000 төгрөг болдог ор хоног, зурагтайгаа нийлээд 2 000 000 төгрөг нэхэмжилж байна гэв.
Шүүгдэгч С.Дгийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: 2017 оны 01 сарын 05-ны орой 20 цагийн үед байх ... талхан цехийн ар талаар О бид хоёрыг алхаж явтал түүний эхнэр Б талхан цехийн хажуу талаар өөдөөс гарч ирснээ намайг шууд банзал авгай гэх мэтээр хэл амаар доромжлохоор нь би баруун гараараа Бтай хамтран тус газар нэг удаа цохисон ... гэсэн мэдүүлэг /хх 39-42/,
Хохирогч Ж.Бгийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: 2017 оны 01 сарын 05-ны орой 20 цагийн үед би My music-ийн хажуу талын талхан цехийн дэлгүүрээс гэр рүүгээ явж байтал манай нөхөр О, Д хоёр 8 дугаар цэцэрлэгийн баруун урд талд таарахаар нь Дг чи яагаад манай нөхөртэй хамт яваад байгаа юм бэ гэж хэлсэн чинь чи муу яасан овоо гар вэ гэхээр нь Д би хоёр хоорондоо барилцаад авсан. Д намайг миний өмсөж явсан цамцны захаар миний хоолойг боож шахаад байхаар нь манай нөхөр О хажууд зогсож байхаар нь нөхрөө энийг хорь гэсэн чинь манай нөхөр салгаж өгөөгүй ... нэг харсан чинь хажууд байхгүй байсан. Д бид хоёр зууралдаад байж байтал Дгийн гар утас дуугарсан Д цаашаа явсан. Хамраа цохиулсандаа гомдолтой байна. 2000000 төгрөг нэхэмжилж байна ... гэсэн мэдүүлэг /хх 7-11/,
Гэрч Л.Оийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: 2017 оны 01 сарын 05-ны орой 19 цагийн үед алаг 64 айлын хойд талд Дтай уулзаад гэр рүү нь хүргэж өгөх гээд хамт явж байх хооронд талхан цехийн ард манай эхнэр Бтай таараад би Дг гэрт нь хүргэж өгөхөөр явж байна гэж Бд хэлсэн. Б, Д хоёр юу юугүй хоорондоо барилцаад Д Бг үснээс нь зуураад байж байсан ... гэсэн мэдүүлэг /хх 12-13/,
Насанд хүрээгүй гэрч О.Оийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: 2017 оны 01 сарын 21-ний орой 19 цагийн үед ээж Бгийн хамт гэрт байж байхад Г гуай, эхнэр Дгийнхаа хамт ирсэн. ... ээж хамрынхаа авахуулсан рентгений зургийг гаргаж өгсөн нөхөр Г нь зургийг хараад, Д гуай манай ээжийг чи муу хөгшин хонины насгүй байж гоо сайхан гээд яадаг юм гээд амьдралаараа тоглуулсан хохь чинь ... гээд ээж рүү хашгираад байсан гэсэн мэдүүлэг /хх 14/,
Насанд хүрээгүй гэрч Г.Агийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: 2017 оны 01 сарын 05-ны өдөр 09-10 цагийн үед намайг гэртээ хоёр дүүгийн хамт байж байхад Б гуай гэрт орж ирээд аавынхаа гар утасны дугаарыг өг гэхээр нь та яах гэж байгаа юм бэ гэсэн чинь аавтай чинь ярих хэрэг байна, аав ээжийг чинь салгана, гудамжны янхан ээжтэй гэх мэтээр хэл амаар доромжлоод ... гэсэн мэдүүлэг /хх 15/,
Шинжээч Э.Аын хэрэг бүртгэлтэнд өгсөн: 2017 оны 01 сарын 06-ны өдөр Ж.Бг өөрийн биеэр үзэхэд хамраар хөндүүрлэж өвдөнө гэсэн зовиуртай, хамрын нурууны зүүн хэсэгт 0,7 см урттай 1 оёдол бүхий шархтай. Баруун, зүүн нүдний дээд, доод зовхины дотор хэсэг улаан ягаан өнгийн цус хуралттай, орчмын зөөлөн эд бага зэргийн хавдартай өөр ил харагдах гэмтэл байгаагүй. Хамрын нурууны зүүн хэсэгт учирсан 1 оёдол бүхий шарх гэмтэл нь заавал гоо сайхны мэс засал болон ямар нэгэн гоо сайхны холбогдолтой эмчилгээ авч байж эдгэрэх шарх биш өөрөө 7-14 хоногт бүрэн эдгэрч, эдгэрсний дараа тодорхой хэмжээний жижиг сорви үлдэх боломжтой шарх ... 2017 оны 01 сарын 07-ны өдрийн рентгений эмчийн бичилтэн дээр хамрын таславч тэгш гэж бичсэн байсан ба хугаралтай гэж бичээгүй байсан тул хугаралгүй байна гэж үзсэн. Хэрэв хамрын ясанд хугаралтай байсан бол рентген зураг авахуулахад шууд мэдэгдэх боломжтой ... гэсэн мэдүүлэг /хх 34-35/,
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ... дугаарт шинжээчийн дүгнэлтэнд:
1. Ж.Бгийн биед хамрын нурууны шарх, баруун, зүүн дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал тогтоогдлоо.
2. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ /хх 25/, Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 57 / зэрэг болно.
Шүүгдэгч С.Д нь 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах талхан цехийн ард иргэн Ж.Бтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний хамран тус газар цохиж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхээс хэргийг шийдвэрлэхэд хамааралтай гэж бүхэлд нь үнэлсэн нотлох баримтууд болох шүүгдэгч С.Д шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: ... Миний малгайнаас барьж үс зулгаасан тэгээд хоёулаа ноцолдоод би татаж унагаад нэг цохисон ... гэв, хохирогч Ж.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: ... би Дд чи яахаараа манай нөхөртэй хамт яваад байдаг юм бэ гэж хэлээд энэ хүний малгайнаас зуураад, тэр миний үснээс зуурч хоолой боож унагаагаад хоолой шахаад байсан. Энэ хүн нүүрэн дээр минь өвдөгөөрөө 2-3 удаа дэвссэн ... гэв, шүүгдэгч С.Дгийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: ... талхан цехийн ар талаар О бид хоёрыг алхаж явтал түүний эхнэр Б талхан цехийн хажуу талаар өөдөөс гарч ирснээ намайг шууд банзал авгай гэх мэтээр хэл амаар доромжлохоор нь би баруун гараараа Бтай хамтран тус газар нэг удаа цохисон ... гэсэн мэдүүлэг, хохирогч Ж.Бгийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: ... манай нөхөр О, Д хоёр 8 дугаар цэцэрлэгийн баруун урд талд таарахаар нь Дг чи яагаад манай нөхөртэй хамт яваад байгаа юм бэ гэж хэлсэн чинь чи муу яасан овоо гар вэ гэхээр нь Д би хоёр хоорондоо барилцаад авсан. Д намайг миний өмсөж явсан цамцны захаар миний хоолойг боож шахаад ... гэсэн мэдүүлэг, гэрч Л.Оийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: ... Б, Д хоёр юу юугүй хоорондоо барилцаад Д Бг үснээс нь зуураад байж байсан ... гэсэн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч О.Оийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: ... Г гуай, эхнэр Дгийнхаа хамт ирсэн. ... ээж хамрынхаа авахуулсан рентгений зургийг гаргаж өгсөн нөхөр Г нь зургийг хараад, Д гуай манай ээжийг чи муу хөгшин хонины насгүй байж гоо сайхан гээд яадаг юм гээд амьдралаараа тоглуулсан хохь чинь ... гээд ээж рүү хашгираад байсан гэсэн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Г.Агийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: ... Б гуай гэрт орж ирээд аавынхаа гар утасны дугаарыг өг гэхээр нь та яах гэж байгаа юм бэ гэсэн чинь аавтай чинь ярих хэрэг байна, аав ээжийг чинь салгана, гудамжны янхан ээжтэй гэх мэтээр хэл амаар доромжлоод ... гэсэн мэдүүлэг, шинжээч Э.Аын хэрэг бүртгэлтэнд өгсөн: ... Ж.Бг өөрийн биеэр үзэхэд хамраар хөндүүрлэж өвдөнө гэсэн зовиуртай, хамрын нурууны зүүн хэсэгт 0,7 см урттай 1 оёдол бүхий шархтай. Баруун, зүүн нүдний дээд, доод зовхины дотор хэсэг улаан ягаан өнгийн цус хуралттай, орчмын зөөлөн эд бага зэргийн хавдартай өөр ил харагдах гэмтэл байгаагүй ... гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ... дугаарт шинжээчийн дүгнэлтэнд: Ж.Бгийн биед хамрын нурууны шарх, баруун, зүүн дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч С.Дг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Ж.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол 2 000 000 төгрөг нэхэмжилсэн ба хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдож байгаа гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 3 700 төгрөгийг хангаж, үлдэх 1 996 300 төгрөгийн нэхэмжлэлийн нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээн шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт ирээгүй болно. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн рентген зургийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогчид буцаан олгохоор шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн ба шүүгдэгчийн нас, хүйс, хувийн байдлыг харгалзан ял оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэг, 294-298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч С.Дг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Дд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1 440 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Д нь 1 440 000 төгрөгийн торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч С.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт ирээгүй болохыг дурдсугай.
5. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт шүүгдэгч С.Дгаас 3 700 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Бд олгосугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Ж.Б нь 1 996 300 төгрөгийн хохирлын нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн рентген зургийг хохирогч Ж.Бд буцаан олгосугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч уг тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.