Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 529

 

Ч.Б-д холбогдох эрүүгийн

                                                                            хэргийн тухай                       

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Агар,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 215 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, прокурор Ц.Арвинбуудайгийн бичсэн 2020 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 22 дугаартай эсэргүүцлээр Ч.Б-д холбогдох эрүүгийн 2003000000043 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

             Ч.Б-, 1984 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эмэгтэй, дээд боловсролтой, түүхч мэргэжилтэй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

            Ч.Б- нь 2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 06 цаг 50 минутын үед Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, “Тэлмүүн товер”-ийн зүүн урд замд Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралтын 5.3-т заасан “гэрэл бүдэг асдаг болсон” гэх хөдөлгөөнд ашиглахыг хориглосон бүрэн бус “Hоnda Airwave” загварын 60-87 УБИ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа, Замын хөдөлгөөний дүрмийн 16.2-т заасан “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийн хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө” гэх заалтыг зөрчсөний улмаас гэрлэн дохио бүхий явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч А.Оюунцэцэгийг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

             Тээврийн прокурорын газраас: Ч.Баярбямбын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ч.Баярбямбыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, хохирогч А.Оюунцэцэг нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Ч.Б-ас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шүүгдэгч Ч.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Прокурор Ц.Арвинбуудай тус шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно.” гэж заасан. Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч Ч.Б-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг хэзээнээс эдлүүлэх талаар тогтоолдоо тусгаагүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой, түүний биелүүлэхэд ямар нэг эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн заалтыг зөрчиж, мөн хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” гэж үзэхээр байна. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэжээ.

            Прокурор Д.Агар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Ч.Б- нь 2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 06 цаг 50 минутын үед Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, “Тэлмүүн товер”-ийн зүүн урд замд Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралтын 5.3-т заасан “гэрэл бүдэг асдаг болсон” гэх хөдөлгөөнд ашиглахыг хориглосон бүрэн бус “Hоnda Airwave” загварын 60-87 УБИ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа, Замын хөдөлгөөний дүрмийн 16.2-т заасан “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийн хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө” гэх заалтыг зөрчсөний улмаас гэрлэн дохио бүхий явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч А.Оюунцэцэгийг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Хохирогч А.Оюунцэцэг нь “...2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 06 цаг 50 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр шинэ замын уулзварын явган хүний гарцаар зөвшөөрсөн ногоон гэрлээр зам хөндлөн гарч байтал цэнхэр өнгийн жижиг автомашин араас мөргөсөн. Жолооч эмэгтэйгийн автомашинтай гэмтлийн эмнэлэг рүү явсан. Толгойн зураг авахуулахад зүүн нүдний дээд хэсгээр тархины яс цууралттай гэж хэлсэн. ...” /хх 16-18/ гэж зам тээврийн осол гарсан нөхцөл байдал, өөрийн биед учирсан гэмтлийн талаар тодорхой мэдүүлсэн бөгөөд түүний мэдүүлэг нь:

- шүүгдэгч Ч.Баярбямбын “...2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 06 цаг 50 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, “Тэлмүүн товер”-ын зүүн урд замд “Honda Airwave” загварын, 60-87 УБИ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан эмэгтэй хүнийг автомашиныхаа зүүн урд талын гэрлээр мөргөсөн. ...” /хх 22/ гэсэн мэдүүлэг,

- зам тээврийн осол гаргасан талаар Цагдаагийн байгууллагад /жолооч Ч.Б-ас/ дуудлага өгсөн тухай лавлагаа /хх 2/,

- зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэргийн газрын үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 3-9/, уулзварын гэрлэн дохионы горим /хх 104/,

- хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн 1493 дугаартай “А.Оюунцэцэгийн биед дух ясны хугарал, тархи доргилт, дух, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацрын цус хуралт, зүүн сарвууны арьсны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх 24-25/,

- хохирогчийн 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдрөөс 2 дугаар сарын 3-ны өдрийн хооронд “Манал Оточ” эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүхийн хуулбар /хх 73-88/,

- осол гаргасан тээврийн хэрэгсэлийн баруун талын ойрын гэрлийн тусгал стандарт шаардлага хангахгүй байгаа болохыг тогтоосон техникийн хяналтын шинжээчийн 888003 дугаартай дүгнэлт /хх 30-39, 101/,

- осол гарсан шалтгаан нөхцлийг тогтоосон Тээврийн Цагдаагийн албаны техникийн шинжээчийн 83 дугаартай дүгнэлт /хх 45-46/ зэргээр давхар нотлогджээ.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээрийг үндэслэн шүүгдэгч Ч.Баярбямбыг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирчээ.

Харин шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулгыг тусгахдаа хохирогч А.Оюунцэцэгийн нэрийг “Ч.Б-” гэж удаа дараа сольж бичсэнээс гадна, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь санамсар болгоомжгүйгээр үйлдэгддэг...” гэж тухайн зүйлд заасан гэмт хэргийн гэм буруугийн хэлбэрийг буруу тодорхойлсныг давж заалдах шатны шүүх хуульд нийцүүлэн зөвтгөсөн болно.

Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд зааснаар тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх эрх хэмжээг шүүхэд хуулиар олгосон.

Шүүх дээрх заалтуудыг хэрэглэхдээ хохирогчийн гомдол санал, түүний эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзэхийн сацуу эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэх учиртай.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ч.Баярбямбыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан бодит хохирлыг нөхөн төлсөн, хохирогч А.Оюунцэцэгээс түүнд гомдол саналгүй болсон тухайгаа илэрхийлсэн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

Гэвч ийнхүү шийдвэрлэхдээ, шүүгдэгчид Эрүүгийн хуульд заасан тодорхой төрлийн албадлагын арга хэмжээ хэрэглээгүй байх ба түүнд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялын хугацааг хэзээнээс эхлэн тоолох, мөн тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, албадлагын арга хэмжээг зөрчсөн тохиолдолд хууль зүйн ямар үр дагавар үүсгэх зохицуулалтыг шийтгэх тогтоолд тусгалгүй орхигдуулсан тул эдгээрийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэсэн хуулийн шаардлагад нийцүүлэн давж заалдах шатны шүүхээс нөхөн шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Харин шүүхийн шийдвэрт анхаарч үзэлгүй орхигдуулсан бусад нөхцөл байдлууд байхад прокуророос зөвхөн заримт хэсэгт нь эсэргүүцэл бичсэнийг дурдвал зохино.

Иймд шүүхийн шийдвэрт тавигдах шаардлага, хууль хэрэглээний асуудлаар бичсэн прокурор Ц.Арвинбуудайгийн эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 215 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ч.Б-д тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.”,

- “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар Ч.Баярбямбын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.”,

- “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Баярбямбыг хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 1 жилийн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийн биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.”,

- “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулж болохыг Ч.Б-д сануулсугай.” гэсэн нэмэлт заалтуудыг тус тус оруулж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Д.МЯГМАРЖАВ

                           ШҮҮГЧ                                                                        О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                           ШҮҮГЧ                                                                        Н.БАТСАЙХАН