Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 26

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Энхмөрөн,

Улсын яллагч Н.Амаржаргал,      

Хохирогч Б.Батбаатар, Ц.Сувд-Эрдэнэ,

Хохирогчийн өмгөөлөгч А.Мөнхсайхан,

Иргэний хариуцагч Д.Хүрэлбаатар,

Шинжээч Ж.Явуухулан, Г.Цэндсүрэн,

Гэрч Б.Болор-Эрдэнэ, Б.Лхамхүү,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дагийнамжил, Э.Батбаяр,

Шүүгдэгч А.Содномнамжил, С.Адъяабаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Буурал овгийн Агвааны Содномнамжил, Буд овгийн Сайнбилэгийн Адъяабаатар нарт холбогдох эрүүгийн 201610010151 тоот хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1973 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Дорноговь аймаг, Сайншанд суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдүүдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р баг 139-18 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй Буурал овгийн Агвааны Содномнамжил /РД: ЕЭ73081273/

Монгол Улсын иргэн, 1978 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Дорноговь аймаг, Сайншанд суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдүүдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3-р баг Хан шонхорын 1-29 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй Буд овгийн Сайнбилэгийн Адъяабаатар /РД: ЕЦ78031779/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Содномнамжил нь 2016 оны 07 дугаар сарын 04-ний шөнө 23 цагийн орчимд Дорноговь аймаг Эрдэнэ сумын “Бүрдэнэ” багийн нутаг дэвсгэр Замын-Үүд сумаас хойд зүгт 105-106 дугаар км-ийн заалтын асфальтан хучилттай засмал замд өөрийн эзэмшлийн 55-15 ДГО улсын дугаартай Санота-6 маркийн автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа засмал зам дээр зогсож байсан Норд бенз маркийн 45-18 УНҮ улсын дугаартай ачааны автомашины чиргүүлийн арын хэсгээс мөргөж Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9-р бүлгийн 9.2-т заасан "Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, Б.Батбаатарын биед хүнд, Ц.Сувд-Эрдэний биед хүндэвтэр гэмтэл, Д.Хүрэлбаатарын эзэмшлийн Норд бенз маркийн ачааны машины чиргүүлд 12,000 төгрөгийн шууд, нийт 125,000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч С.Адъяабаатар нь 2016 оны 07 дугаар сарын 04-ний шөнө 23 цагийн орчимд Замын-Үүд сумаас хойд зүгт 105-106 дугаар км-ийн заалтын асфальтан хучилттай засмал зам дээр 45-18 УНҮ улсын дугаартай, 90-65 AЧ чиргүүлтэй Норд бенз маркийн ачааны автомашиныг жолоодож яваад автомашины эвдрэлийн улмаас зам дээр зогсохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3-ийн A-д заасан а/. “хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтанд заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах Тээврийн хэрэгслийн ... харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын гэрлүүд асахгүй болсон, ... бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно” гэсэн заалт, мөн дүрмийн 6.3-д заасан “Ослын зогсолтын тэмдгийг бусад жолооч нарт аюул саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тээврийн хэрэгслээс суурин газарт 15 метрээс багагүй, суурин газрын гаднах замд 30 метрээс багагүй зайд байрлуулна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж 55-15 ДГО улсын дугаартай Санота-6 маркийн автомашинд зорчиж явсан Б.Батбаатарын биед хүнд, Ц.Сувд-Эрдэний биед хүндэвтэр гэмтэл, А.Содномнамжилийн эзэмшлийн 55-15 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 3,470,000 төгрөгийн шууд, нийт 4,504,000 төгрөгийн хохирол учруулан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэнд авагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч А.Содномнамжил мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 21 цагийн орчим авто вокзал дээрээс Улаанбаатар хот руу явах үл таних 4 зорчигч суулгаад 22 цагийн алдад Замын-Үүд сумаас өөрийн 55-15 ДГО улсын дугаартай Соната 6 маркийн автомашинтай хөдөлсөн. Ингээд Замын-Үүд сумаас хөдлөөд дунджаар 70/80 км/цагийн хурдтай явж байтал зорчигч нар ядраад бүгд унтчихсан ба Улаан-Уул сумын ШТС-аас урагш 400-500 метрийн зайд буюу миний явж байгаа эгнээнд цэнхэр өнгийн канестр зам дээр тавьчихсан байхаар нь тойрч гарах гэтэл эсрэг урсгалаас улсын дугаарыг нь анзаараагүй цагаан өнгийн истима маркийн автомашин ирж яваа харагдсан. Тэгээд өөрийнхөө урсгал руу орох гээд жолоогоо зүүн гар тал руу дараад өөрийнхөө эгнээ рүү орох гэтэл ачааны автомашины чиргүүлийн араас мөргөсөн. Зам дээр байсан цэнхэр өнгийн канестр чиргүүлээс ойролцоогоор 10 метрийн зайд байсан ба канестр өнгөрөөд эгнээрүүгээ орох гэтэл урд чиргүүл байж таарсан юм. Сүүлд цагдаа нарыг ослын газар ирсэн хойно Адъяабаатар нь “би машинаасаа буугаад гэрэл өөдөөс нь тусгаад байтал чиргүүлийн араас мөргөчихлөө” гэсэн бөгөөд урдаас ямар нэг гэрэл туссан зүйл байгаагүй. Тухайн зам дээр зогсож байсан жолооч нь техникийн эвдрэлийн улмаас зам дээр зогсож байсан гэж үзэхгүй байна. Учир нь чиргүүлийн гэрэл дохио байхгүй. Цацруулагч гэрэлгүй ослын гурвалжин тэмдэг тавиагүй байсан бөгөөд ослын дараа машинаа зүв зүгээр асаагаад явсан. Би 70/80 км-ийн хурдтай явсан. Машин байгаа нь харагдаагүй, канестр байхаар нь машин байна гэж бодоогүй. Зам дээр юмаа хаячихсан байдаг болохоор тийм юм байх гэж бодсон. Миний машинд хүмүүс сууж явсан болохоор миний буруу байх” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 115-116/,

- Шүүгдэгч С.Адъяабаатарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...2016 оны 07 сарын 04-ны өдөр 45–18 УНҮ улсын дугаартай Норд бенз маркийн ачаатай автомашиныг жолоодон Замын-Үүд сумаас Улаанбаатар хотруу явахаар болж Замын-Үүд сумаас уг тээврийн хэрэгсэлийг жолоодон орой 18 цагийн үед Улаанбаатар хотруу гарсан бөгөөд Замын-Үүд сумаас гараад асфальтан хучилттай засмал замаар 105 км орчим явж Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутагт орж ирсэн ба тухайн үед машины кольц эвдэрч ус маслогүй болж засмал зам дээр унтарч зогссон. Машин эвдэрч зогссоны дараа би машинаасаа бууж машины чиргүүлээс хойшоо 30 орчим метр зайнд анхааруулах тэмдэг болгож 30 литрын усны савыг босгон тавиад урдаас болон ардаас ирж байгаа машинуудад гар чидэнгийн гэрлээр дохио өгч зогсож байсан. Тэгээд 23 цаг өнгөрсөн байх үед яг хэдэн цагт гэдгийг тодорхой хэлж мэдэхгүй байна Замын-Үүдээс Улаанбаатарын чиглэлд суудлын зориулалттай тээврийн хэрэгсэл замаар ирж байгаа харагдахаар нь би өөрийн машины тэвшний зүүн хойд талд зогсож, уг машин руу гар чийдэнгээр дохио өгсөн. Тухайн үед Улаанбаатараас Замын-Үүд чиглэлд дахиж машин гарч ирэхээр нь мөн уг машин руу дохио өгсөн юм, ер нь бол тэвшний зүүн хойд талд зогсчихоод 2 тал руугаа дохио өгч байсан тэр үед л Замын-Үүд чиглэлээр ирж байсан суудлын авто машин анхааруулах тэмдэг болгон тавьсан усны савны хажуугаар урсгал сөрөөд машины тэвшний хойд талаас чигээрээ орж ирэхээр нь би тэвшний хажуу талаас зугтааж машиныхаа толгойн хэсэг рүү гүйсэн юм, намайг зугтааж машины тэвшний гол хэсэгт очих үед уг суудлын зориулалттай автомашин миний машины тэвшний хойд талын хэсгээр мөргөж түс хийх чимээ гарсан, тэгэхээр нь би буцаж гүйгээд уг машин руу очтол, тэвшний хойд талаас мөргөөд, замаар хойшоо ухарч байгаа харагдахаар нь уг машины кабин хэсэгээс татаж машиныг зогсооход нь тусалсан, тэр үед уг машины жолооч нь кабинаасаа бууж машиныхаа гар тоормосыг татаж зогсоосон юм. Тийм болохоор уг тээврийн хэрэгсэлд ямар нэг гэрэл гялбаж, осол нөлөөлсөн зүйл байхгүй гэж бодож байна. Ослын тэмдгийг би хаягаад олоогүй. Тэгээд канестр 30 метрийн зайтай тавьсан. Машины гэрэл, дохио ажиллахгүй байсан учраас гар чийдэн асааж дохио өгч байсан. Би өөрөөсөө шалтгаалах зүйлийг хийсэн гэж бодож байгаа учраас буруугүй” гэсэн мэдүүлэг /1хх-н 26/,

- Хохирогч Б.Батбаатар мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр орой 19 цагийн орчим би Замын-Үүдээс Сонота-6 маркийн 55-15 ДГО дугаартай машинд би 3 зорчигчийн хамтаар жолоочтойгоо нийлээд 5-лаа гарсан юм. Бид нар Замын-Үүдээс гараад 1 цаг орчим яваад байж байтал замын баруун гар талд бараан өнгийн хуванцар канестр байсан. Тэр канестрийг жолооч тойрч эсрэг урсгалд ороод явж байтал тэр бараан өнгийн канестрийн цаана нь том ачааны машин зогсож байсан. Тэгээд жолооч тэр машиныг гүйцэж түрүүлэх гэж байсан яг тэр мөчид бас бид нарын өөдөөс машины гэрэл гарч ирж байсан. Тэгээд түс хийх чимээ гарсан би тухайн үед ухаан балартсан. Нэг мэдэхэд би машинаас буучихсан байсан. Тэгээд л би ухаан алдаж унаад дараа нь болсон явдлыг санахгүй байгаа юм. Тухайн үед зам дээр ямар нэгэн гулгаа болон донсолгоо шалбааг зэрэг огт байгаагүй. Их хурдтай явж байсан. Намайг нэг хурдны заалт руу харахад 120 км-н хурдтай явж байсан. Одоо миний баруун нүд маань арай гайгүй хардаг. Зүүн нүд маань их муу харж байгаа. Дээрээс нь миний зүүн зовхины шөрмөс тасарсан учир би зүүн нүдээ аньж чадахгүй гараараа дарж унтдаг болсон. Миний нулимсний сүв тасарсан учир зүгээр байхад нулимс гараад байгаа энэ байдлаараа удвал миний нулимс маань бүр гарахгүй болж нүд маань хатаж сохрох аюултай. Уйлсан ч гэсэн нулимс гарахгүй болно гэсэн үг. Хамрын яс юу ч үгүй бутарч байхгүй болсон. Хамар маань үнэрлэх чадвараа 100 хувь алдсан. Бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож хурд хэтрүүлсэн жолоочид мөн цацруулагчгүй машинаа зогсоосон байсан жолоочид гомдолтой байна. Намайг өвчтэй байхад эргэж тойрч ирж эмчилгээний зардалд мөнгө нэмэрлээгүй. Өмнө нь бие муу байсан мэдүүлэг дээрээ юм санахгүй байсан учир би унтаж байсан гэж мэдүүлэг өгсөн байсан. Би нэг унтаад нэг сэрээд явсан. Осол болоход бол сэрэнгэ байсан. Машины цонхны шилүүд нь халтар, гэрэл нь муу байсан. Осол болохын өмнө 120 км-ийн хурдтай явж байсан, канестр ойрхон ирээд харагдсан. Цаана нь машин байгааг би харсан. Том машинаас канестр ойрхон араасаа цувраад байсан. Эмчилгээний мөнгө гэж нэг ч төгрөг өгөөгүй. Мөнгө хэрэгтэй байна гэхэд даатгал ярьж байсан. Би Солонгос явж гоо сайханы хагалгаа хийлгэх гэж байгаа. Зүүн нүд муу анидаггүй, баруун нүд бага зэрэг харж байгаа. Нүдний шил зүүх гэхээр хамрын яс байхгүй болохоор зүүж болохгүй байгаа. Эм тариа, унааны зардал нийт 20,488,984 төгрөг, цаашид гарах Солонгос явж гоо сайханы хагалгаанд орно үүний зардал 40,000,000 төгрөг нэхэмжилнэ. Хоёр жолооч хоёулаа буруутай гэж үзэж байна. Би үнэрлэх чадвараа 100 хувь алдсан дахин сэргэх боломжгүй болсон” гэсэн мэдүүлэг /1хx-ийн 53-55-р хуудас/,

- Хохирогч Ц.Сувд-Эрдэнэ мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт: “2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 21 цаг өнгөрч байхад автомашины зогсоол буюу төв талбай дээрээс /улсын дугаар болон маркийг нь сайн мэдэхгүй байна/ жижиг суудлын авто машинд суугаад Улаанбаатар хотын чиглэлд явж байгаад миний сууж явсан тээврийн хэрэгсэл том ачааны машины араас орж зам тээврийн осол гаргасан. Тухайн үед би унтаж явж байсан болохоор осол яагаад гарах болсон талаар мэдэхгүй байна. Замын-Үүд сумаас гараад уг тээврийн хэрэгсэл нь 70-80 км-ийн хурдтай явж байсан. Ослын улмаас миний зүүн гар хугарсан эмчилгээ их хийлгэсэн. Би гомдолтой байна. Жолоочоос эмчилгээний зардалаа гаргуулж авмаар байна. Би Нарантуул зах дээр зогсдог ажлаа хийж чадахгүй юм өргөж дааж чадахгүй болсон учраас өөрийн охиноо сарын 600,000 төгрөгөөр ажиллуулж байгаа. Нотлох баримтууд өгдөг гэдгийг мэдэхгүй баримтууд аваагүй. Эм тарианы зардал 375,900 төгрөг, шүүх хуралд ирсэн үүний ирж очихын зардал 44,100 төгрөг, хүүхдийн ажлын хөлс 4,800,000 төгрөг, бариа засал хийлгэж толгойгоо 30,000 төгрөгөөр 10 хоног бариулсан 300,000 төгрөг нийт 5,520,000 төгрөгийг хоёр жолоочоос нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг /1хx-ийн 58-59/,

Гэрч, иргэний нэхэмжлэгч Д.Ариунаа мөрдөн байцаалтанд:  “2016 оны 07 дугаар сарын 04-ний орой 20 цагийн үед Замын-Үүд сумын төв талбай дээрээс Улаанбаатар явах машинд сууж улсын дугаарыг нь би мэдэхгүй байна. Санато-6 маркийн тээврийн хэрэгсэл байсан. Тэгээд 21 цаг өнгөрч байхад жолооч нь гэрлээ янзалчихлаа гэж хэлж байсан гэрэл нь харагдаж байсан юм. Уг тээврийн хэрэгсэлд бид хоёроос гадна 2 хүн байсан. Би Улаанбаатар хот явах засмал зам дээр гараад 30 орчим минут яваад машинд унтчихсан нэг мэдэхэд их хүчтэй пир пар гэх чимээ гарсан. Тэгээд сэрсэн эсрэг урсгалд явж байсан тээврийн хэрэгсэл зогсож тэр хүмүүс бидний машины хаалгыг онгойлгож биднийг буулгасан буугаад харахад зогсож байсан ачааны тээврийн хэрэгслийг мөргөчихсөн байсан. Надтай хамт явсан эгч Сувдаа эгчийн зүүн гар хугарсан бололтой байсан мөн урд талын суудалд явсан залуугийн нүүрэнд машины шил хагарч зоогдсон, зүсэгдэж цус гарч байгаа харагдсан. Уг ачааны тээврийн хэрэгсэл аваарын дохио асаагүй, ослын тэмдэг байрлуулаагүй байсан ба машинаас хойш 10 орчим метр газар усны канестр тавьчихсан байсан. Эмчилгээд нийт 517,000 мянган төгрөг болсон буруутай хүнээс гаргуулж өгөхийг хүсэж байна” гэсэн мэдүүлэг /1хx-ийн 68, 194/,

Гэрч  Д.Бөхөө мөрдөн байцаалтын шатанд: 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Замын-Үүд сумаас Улаанбаатар хотруу явахаар болж орой 18 цагийн үед Замын-Үүд сумын вокзал дээрээс Улаанбаатар хотруу явах 55-15 ДГО улсын дугаартай Соната-6 маркийн тээврийн хэрэгсэлд суусан юм. Үүнээс хойш уг машинд надаас гадна 2 эмэгтэй, 1 эрэгтэй сууж 22 цагийн үед Замын-Үүд сумаас Улаанбаатар хотруу хөдөлсөн. ... Замын-Үүд сумаас гараад хот хооронд явдаг жолооч нар их хүчтэй явдаг гэж хүмүүс ярьдаг байсан болохоор уг жолоочийг яаж явах юм бол гэж анзаарч мелл рүү нь харахад ихэвчлэн 80-90км/цагийн хурдтай л явж байсан. Замын-Үүд сумаас гараад нэг их хол явалгүй унтаж амарсан юм. Унтаж байгаад түс тас хийх чимээ гарахаар нь сэртэл, миний сууж явсан машиний урд талын хэсэг эвдэрч урд жолоочийн эсрэг суудалд сууж явсан залуу яая гэх мэтээр орилж байсан. Тэгээд машинаас буугаад харахад миний сууж явсан машин засмал зам дээр зогссон байсан ачааны машины тэвшний ард хэсгээс нь мөргөж зогссон байсан....” гэсэн мэдүүлэг /1хx-ийн 24, 199-200/,

- Гэрч Б.Болор-Эрдэнэ мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт: “... Би Улаанбаатар хот Замын-Үүд сумын хооронд өөрийн 03-34 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгсэлээр хүн тээвэрлэдэг юм. Тэгээд 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Замын-Үүдээс Улаанбаатар хот руу явж 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотоос 5 зорчигч аваад Замын-Үүд сум руу буцсан. Замын-Үүд сум явах замдаа 23 цагийн орчимд яг хэдэн цагт гэдгийг нь сайн мэдэхгүй байна Эрдэнэ сум руу салдаг замын колонк дээр түр зогсоод, колонкоос доош уруудан Замын-Үүд чиглэлд явсан юм тэр үед засмал замаар дөнгөж доош уруудаж байхад машины гэрлийн үзүүрт ачаатай машин замын зүүн талын эгнээнд буюу Замын-Үүд, Улаанбаатар чиглэлд зогсчихсон, уг ачаатай машины зүүн талын хаалга нь онгорхой хаалганы хажуугаас гар чийдэнгээр өөдөөс тусгаж дохио өгч байсан, тэгэхээр нь би машины хурдыг сааруулж өөрийн явж байсан урсгалд замаа чөлөөлөөд зогсох гэж байтал  уг ачаатай машины араас суудлын машин мөргөж осол гарах шиг болсон, тэр үед нь би машинаа байрлуулан зогсоогоод машинаас бууж осол болсон газарт очиж суудлын машинаас хүмүүсийг нь буулгаж тусламж үзүүлсэн. Намайг суудлыг машин руу очих үед уг машины жолооч А.Содномнамжил гэх хүн машинаасаа буучихсан байсан харин машины арын суудалд сууж явсан 2 эмэгтэй буугаагүй байсан, уг машиныг хичнээн хүнтэй явсан гэдгийг мэдэхгүй байна. Над руу ачаатай машины жолооч нь гар чийдэнгээр дохих үед би зам чөлөөлж өөрийн машинаа зогсоох үйлдэл хийж байсан яг тэр үед ачаатай машины араас буюу Замын-Үүд Улаанбаатар чиглэлд нэг машин ирж байгаад ачаатай машиныг гүйцэж түрүүлэх үйлдэл хийгээд буцаж өөрийн эгнээ рүүгээ орох шиг болсон, тэгээд ачаатай машины чиргүүлийн баруун хойд талаалын булангаас нь мөргөчихсөн. Уг ачааны машинд ямар нэг гэрэл дохио байгаагүй харин жолооч нь бололтой нэг хүн машины хажуунаас чийдэнгээр дохио өгч байсан, ачааны машин Замын-Үүд, Улаанбаатар чиглэлд буюу замын зүүн талын эгнээнд дээш бага зэрэг өгссөн замд эгнээг голлон зогссон байсан. Осол болсоны дараа би машинаас бууж осол болсон газарт очиход уг ачааны машин чиргүүлээсээ арагш 10-14 метр зайд цэнхэр өнгийн усны сав тавьсан байсан, өөр ямар нэг тэмдэг байгаагүй. Суудлын автомашиныг хөдөлгөөгүй, ачааны машины араас мөргөөд л зогссон хэвээр нь байлгасан, суудлын машины жолооч машинаасаа буухад машин нь хойш өөрөө бага зэрэг өнхөрч зогссон юм, суудлын машин ямар хурдтай гэдгийг мэдэхгүй байна, миний өмнө ямар нэг машин явсан эсэхиг санахгүй ямарч байсан машин анзаарагдаагүй” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 198/,

- Иргэний хариуцагч Д.Хүрэлбаатар мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...Тиймээ уг машин миний өөрийн эзэмшлийн машин байгаа юм. Гэхдээ бичиг баримтыг өөрийн нэр дээр шилжүүлэн авч амжаагүй байгаа. Надтай ямар нэг гэрээ байгуулаагүй, тухайн үед С.Адъяабаатарыг 200,000 төгрөгөөр хөлслөн өөрийн машинаа жолоодуулан явуулсан юм, би өөрөө машинаа унаж явах гэхээр жолоодох эрхийн ангилал байдаггүй юм. Надад энэ хэргийн талаар мэдэх зүйл байхгүй тухайн өдөр С.Адъяабаатар над руу утсаар залгаж машин эвдэрчихсэн Замын-Үүд сумаас 105 орчим кмийн зайтай байна гэж дуудсан.Тэгээд л түүний эвдэрч зогссон гэх газар очиход зам тээврийн осол гарчихсан цагдаа нар ирчихсэн байсан. Намайг очих үед машины гэрэл дохионы эрлен нь шатсан байсан, машин их халснаас болж унтарсан байсан болохоор масло ус нэмж асаасан. Тухайн үед машины ус нь дуусчихсан харин масло нь багассан байснаас ус масло нь холилдон эвдэрсэн зүйл байгаагүй. Тэгээд машинаа осол болсон газраас зам чөлөөлөх зорилгоор хөдөлгөхөд /хэргийн газарт үзлэг хийж дууссаны дараа/ 200 орчим мет газарт яваад ус масло холилдож эвдэрсэн. Тухайн үед С.Адъяабаатар миний машиныг 200,000 төгрөгний хөлстэйгөөр жолоодон явсан юм. Тийм болохоор С.Адъяабаатар өөрөө хариуцах ёстой. 33,000,000 төгрөгөөр машиныг Бүрдэн говь компаниас зээлээр худалдаж авсан. Машиныг зарж борлуулах гэхээр компани нэр дээр байдаг болохоор болдоггүй, миний өмчлөлд шилжээгүй учраас би хохиролыг хариуцахгүй” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 61/,  

- Гэрч Д.Гандорж мөрдөн байцаалтын шатанд: Уг машин нь Дамиран овогтой Хүрэлбаатарын эзэмшлийн машин байгаа юм, би уг машиныг хариуцаж ачаа барааг нь ачуулж тээвэрт явуулдаг юм. Д.Хүрэлбаатар нь манай компаний ачааг уг машинаараа ачиж Улаанбаатар хот руу явуулдаг юм. 2016 оны 07 сарын 04-ний өдөр болсон зүйлийн талаар ярьвал 22 цагийн орчимд намайг Каргон дээр байж байхад 45-18 УНҮ улсын дугаартай автомашиныг жолоодон явсан Адъяабаатартай хамт өөрийн 52-42 ДГО дугаартай машиныг жолоодон явсан Бямбасүрэн над руу утсаар залгаж Адъяабаатарын жолоодон явсан машин халаад зогсчихлоо, ус масло, Кришигний жийрэг аваад хүрээд ир, Эрдэнэ сумын Хангинуурын давааны ойролцоо байгаа шүү гэж хэлсэн. Тэгэхээр нь би Адъяабаатарын утас руу залгасан боловч түүний утас нь холбогдохгүй байхаар нь би Замын-Үүд сумаас ус, масло, жийрэг зэрэг зүйлс аваад гарсан. Намайг шаргын овооны ойролцоо явж байхад 23 цагийн орчимд Адъяабаатар над руу утсаар залгаж машины араас суудлын машин мөргөчихлөө хурдан хүрээд ир гэж хэлсэн, тэгэхээр нь тухайн үед итгээгүй бөгөөд түүнд очиж байна гэдгээ хэлчихээд Хүрэлбаатар ах руу утсаар залгаж түүнтэй хамт Адъяабаатар луу очсон юм. Тухайн үед 45-18 УНҮ улсын дугаартай автомашины мотор нь халаад зогсчихсон байсан, харин моторын маслыг үзэхэд ямарч масло байгаагүй, мотор дотор нь ямар эд анги эвдэрсэн гэдгийг мэдээгүй. Намайг очих үед аваарын гэрэл дохио асаагаагүй байсан, аваарын тэмдэгийг байрлуулаад хажууд 2 ширхэг усны сав тавьчихсан байсан. Осол болсоны дараа цагдаа нарыг үзлэг хийж дууссаны дараа машинд ус масло нэмээд зам чөлөөлөн цааш 200-300 метр явж зогсоол руу оруулахад машины ус масло нь холилдож зогссон” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 201/,

- 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 58 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт:  “45-18 УНҮ улсын дугаартай Норд бенз маркийн ачааны автомашины жолооч С.Адьяабаатар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3-н A-д заасан a/хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, Тээврийн хэрэгслийн ....харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон, ..... бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно гэсэн заалт болон мөн дүрмийн 6.3-т заасан Ослын зогсолтын тэмдгийг бусад жолооч нарт аюул саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тээврийн хэрэгслээс суурин газарт 15 метрээс багагүй, суурин газрын гаднах замд 30 метрээс багагүй зайд байрлуулна гэсэн заалтыг зөрчин зогссон үед, Сонота-6 маркийн 55-75 ДГО улсын дугаартай суудлын автомашины жолооч А.Содномнамжил нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2 дахь хэсэгт зааснаар “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас осол гарсан байна” гэсэн дүгнэлт /1хx-ийн 73-75/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 10210 дугаартай шинжээч Б.Ганзоригийн дүгнэлт: Б. Батбаатарын биед учирсан “...дээрх гэмтэл нь мохоо ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...” гэсэн дүгнэлт /1хx-ийн 83/, 

- Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 325 дугаартай шинжээч П.Гаваасүрэнгийн “Ц.Сувд-Эрдэнийн биед учирсан гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /1хx-ийн 104/,

- Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ний 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 6850 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “...55-15 ДГО улсын дугаартай Сонота-6 маркийн ачааны автомашины эвдрэлийн шууд зардлын дүн 3,470,000 төгрөг, үнэлгээгээр тогтоосон дүн 4,504,000 төгрөг" гэсэн дүгнэлт /1хx-н 95/,

- Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ний 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 6851 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “..90-65 ГЧ улсын дугаартай чиргүүлийн эвдрэлийн шууд зардлын дүн 120,000 төгрөг, үнэлгээгээр тогтоосон дүн 125,000  төгрөг” гэсэн дүгнэлт /1хx-н 97/,

- Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 6-14 /,

  • Хохирогч Ц.Сувд-Эрдэний хохиролын баримтууд /1хх-ийн163-167/,
  • Иргэний нэхэмжлэгч Д.Ариунаагийн хохиролын баримтууд /1хх-ийн 169-176/,
  • Хохирогч Б.Батбаатарын хохиролын баримтууд /1хх-ийн 227-247, 2хх-ийн 1-48/,

- С.Адъяабаатарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, ам бүлийн тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, №112700 дугаар жолооны үнэмлэхний хуулбар, /1хх-ийн 125-130/,

- А.Содномнамжилын  ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, оршин суугаа хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар /1хх-ийн 131-134/ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судласан ба эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.  

Дээрх нотлох баримтуудаар 2016 оны 07 дугаар сарын 04-ний орой С.Адъяабаатар нь 45-18 УНҮ улсын дугаартай 90-65 АЧ дугаарын чиргүүлтэй Норд бенз маркийн автомашиныг жолоодож яваад машин нь эвдэрч гэрэл болон дохио асаагаагүй, ослын тэмдэг тавиагүй Дорноговь аймаг Эрдэнэ сумын “Бүрдэнэ” багийн нутаг дэвсгэр Замын-Үүд сумаас хойд зүгт 105-106 дугаар км-ийн заалтын асфальтан хучилттай засмал замд зогсож байхад нь А.Содномнамжил Замын-Үүдээс Улаанбаатар луу өөрийн эзэмшлийн 55-15 ДГО улсын дугаартай Санота-6 маркийн автомашиныг жолоодож яваад Норд бенз маркийн автомашины чиргүүлийг мөргөсний улмаас осол гарч машин дотор сууж явсан Б.Батбаатарын биед хүнд, Ц.Сувд-Эрдэний биед хүндэвтэр гэмтэл учирсан зам тээврийн осол бүхий гэмт хэрэг гарсан үйл баримт тогтоогдож байна.

Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч А.Содномнамжилыг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9-р бүлгийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг,  шүүгдэгч С.Адъяабаатарыг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3-ийн A-д заасан “а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтанд заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, Тээврийн хэрэгслийн ... харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын гэрлүүд асахгүй болсон, ...бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно” гэсэн, мөн дүрмийн 6.3-д заасан “Ослын зогсолтын тэмдгийг бусад жолооч нарт аюул саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тээврийн хэрэгслээс суурин газарт 15 метрээс багагүй, суурин газрын гаднах замд 30 метрээс багагүй зайд байрлуулна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч А.Содномнамжил, С.Адъяабаатар нар нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын биед хүнд, хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: Шүүгдэгч А.Содномнамжилын “...Улаан-Уул сумын ШТС-аас урагш 400-500 метрийн зайд буюу миний явж байгаа эгнээнд цэнхэр өнгийн канестр зам дээр тавьчихсан байхаар нь тойрч гарах гэтэл эсрэг урсгалаас улсын дугаарыг нь анзаараагүй цагаан өнгийн истима маркийн автомашин ирж яваа харагдсан. Тэгээд өөрийнхөө урсгал руу орох гээд жолоогоо зүүн гар тал руу дараад өөрийнхөө эгнээ рүү орох гэтэл ачааны автомашины чиргүүлийн араас мөргөсөн...” гэсэн, шүүгдэгч С.Адъяабаатар “...Улаанбаатар хотруу гарсан бөгөөд Замын-Үүд сумаас гараад асфальтан хучилттай засмал замаар 105 км орчим явж Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутагт орж ирсэн ба тухайн үед машины кольц эвдэрч ус маслогүй болж засмал зам дээр унтарч зогссон...ослын тэмдэгээ хайгаад олоогүй, канестр тавьсан...” гэсэн, хохирогч Б.Батбаатарын “...Бид нар Замын-Үүдээс гараад 1 цаг орчим яваад байж байтал замын баруун гар талд бараан өнгийн хуванцар канестр байсан. Тэр канестрийг жолооч тойрч эсрэг урсгалд ороод явж байтал тэр бараан өнгийн канестрийн цаана нь том ачааны машин зогсож байсан. Тэгээд жолооч тэр машиныг гүйцэж түрүүлэх гэж байсан яг тэр мөчид бас бид нарын өөдөөс машины гэрэл гарч ирж байсан. Тэгээд түс хийх чимээ гарсан...” гэсэн мэдүүлгүүд болон шинжээч нарын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул шүүхээс А.Содномнамжил, С.Адъяабаатар нарт холбогдох хэргийн зүйлчилэл зөв, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөнөөс бусдын бие махбодид хүнд, хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч С.Адъяабаатар болон шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Батбаяр нар нь “ослын тэмдэг олдоогүй учир канестрийг 30 метрийн зайтай тавьж, ирж байгаа машинуудад гар чийдэнгээр дохио өгч өөрөөсөө шалтгаалах арга хэмжээг авсан” гэж мэтгэлзэж байгаа боловч тээврийн хэрэгслийн ашиглалтын журамыг зөрчөөгүй гэж үзэх үндэслэлгүй. Учир нь: шүүгдэгч С.Адъяабаатар нь тээврийн хэрэгслийн техникийн хувьд бүрэн бүтэн байлгаж замын хөдөлгөөнд оролцох үүрэгтэй бөгөөд тээврийн хэрэгсэл эвдэрч зогссон үед бусад жолооч нарт аюул саадыг урьдчилан сануулах зорилгоор ослын тэмдэгийг тавиагүйгээс осол гарах шалтгаан нөхцөл болсон гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч А.Содномнамжил, С.Адъяабаатар нарт ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүйгээр хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх байдалд, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдөөгүй, хор уршиг арилаагүйг харгалзан үзсэн болно.  

  Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бичиг баримтаар хураагдан ирсэн А.Содномнамжилын 276341 дугаартай, С.Адъяабаатарын 112700 дугаартай жолооны үнэмлэхийг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт шилжүүлж, 55-15 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгч А.Содномнамжилд олгож шийдвэрлэх нь зүйтэй байна. Мөрдөн байцаагчийн 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн тогтоолоор шүүгдэгч нарын эд хөрөнгө битүүмжилсэн байх ба цаашид битүүмжлэх шаардлагагүй гэж шүүх үзэж тогтоолуудыг хүчингүй болгож, битүүмжилсэн эд хөрөнгүүдийг шүүгдэгч нарт олгож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч А.Содномнамжилын осол гаргахдаа унаж явсан 55-15 ДГО улсын дугаартай “Sonata6” маркийн тээврийн хэрэгсэлийн гэрчилгээгээр Капитал банкны өмчлөлийнх гэх боловч шүүгдэгч А.Содномнамжил, гэрч Б.Лхамхүү нарын мэдүүлгээр уг тээврийн хэрэгслийн өмчлөлч буюу эзэмшигч нь А.Содномнамжил мөн болох нь нотлогдож байх тул 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрх тээврийн хэрэгслийг А.Содномнамжилд олгосон болно.

Шүүгдэгч А.Содномнамжил, С.Адъяабаатар нар нь хохирогч нарт учирсан гэм хорын хохирлыг төлж барагдуулаагүй тул Иргэний хуулийн дагуу гаргуулах үндэслэлтэй байна.

Иргэний хариуцагч Д.Хүрэлбаатар нь “би 33,000,000 төгрөгөөр зээлээр 45-18 УНҮ улсын дугаартай Норд бенз маркийн автомашиныг “Бүрдэн говь” компаниас худалдаж авсан, зарж борлуулах гэхээр компани нэр дээр байдаг болохоор болдоггүй, миний өмчлөлд шилжээгүй учраас би хохирлыг хариуцахгүй” гэж байгаа боловч тухайн машиныг Д.Хүрэлбаатар нь худалдаж аваад өөрийн эзэмшилд байлгаж, С.Адъяабаатарыг 200,000 төгрөгийн хөлс өгч тээвэрт явуулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтууд, өөрийнх нь болон гэрч Т.Гандорж, шүүгдэгч С.Адъяабаатар нарын мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна. Иймд Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасны дагуу хохирогч нарт  учирсан хохирлыг шүүгдэгч С.Адъяабаатар биш иргэний хариуцагч Д.Хүрэлбаатараас гаргуулах, мөн шүүгдэгч нар нь гэм буруутай нь нотлогдон тогтоогдож байх тул хохирогч нарт учирсан хохиролыг тэнцүү хувааж хариуцах үндэслэлтэй гэж үзлээ.       

Шүүхийн хэлэлцүүлгийн явцад хохирогч Б.Батбаатар “... эмчилгээний зардал 20,488,984 төгрөг, Солонгос улсад гоо сайхны хагалгаанд орох 40,000,000 төгрөг нийт 60,488,984 төгрөг” гэж нэхэмжилсэн ба хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлээд нэхэмжлэлийн шаардлагаас эм тариа болон хагалгаа хийхэд шаардагдсан материал, өмгөөлөгчийн хөлс /122,500+26,100+145,450+300,000+1,400,000 +1,700,000+10,210+1,071,360+39,800+127,500+321,500+23,200+500+5,000+18,900+10,500+46,863+110,000+100,000+76,200+1,086,200+142,000+67,180+45,000+54,780+28,500+1,000,000/ /1 хх-ийн 227-244, 247, 2хх-ийн 1-5, 7-10, 12, 38-48/ нийт 8,079,243 төгрөгөөс шүүгдэгч А.Содномнамжилаас 4,039,622 төгрөг, шүүгдэгч С.Адъяабаатараас 500,000 төгрөг /Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1.4, 101.1-т зааснаар шүүгдэгч гэм буруутай болохыг тогтоовол шүүх түүнээс өмгөөлөгчид төлсөн зардлыг гаргуулах эрхтэй гэсний дагуу хохирогчийн нэхэмжилсэн өмгөөлөгчийн хөлс болох 1,000,000 төгрөгийн 50 хувийг шүүгдэгч С.Адъяабаатараас гаргуулсан болно/, иргэний хариуцагч Д.Хүрэлбаатараас 3,539,622 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Батбаатарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 52,409,741 төгрөгний гэх эм тариа /1хх-ийн 245, 246, хуудас, 2хх-ийн 06, нэг хүний гараар бичсэн атал өөр өөр гарын үсэгтэй, бусад эм тариа бичсэн баримтуудтай харьцуулахад өртөг өндөр/, гоо сайхны үйлчилгээ /2хх-ийн 11/, бинзен, унааны зардал  /2хх-ийн  13-19/,  хоол хүнс, буудал, эмч сувилагч нарт өгсөн зардал /2хх-ийн  20-37/, Солонгос улсад гоо сайхны хагалгаанд орох зардал /2хх-ийн 113-117/-ыг гаргуулах боломжгүй байх тул хэрэгсэхгүй болгож,

Мөн хохирогч Ц.Сувд-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт “...эмчилгээний зардал 375,900 төгрөг, бариа хийлгэсэн 300,000 төгрөг, шүүх хуралд ирж буцах зардал 44,100 төгрөг, хүүхдээ ажиллуулсны хөлс сарын 600,000 төгрөгөөр бодож 4,800,000 төгрөг нийт 5,520,000 төгрөг” гэж нэхэмжилсэн ба хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлээд нэхэмжлэлийн шаардлагаас эм тарианы зарлагын баримт, вагоны билет нь /1хх-ийн 166, 2хх-ийн 118/  нотлох баримтын шаардлага хангахгүй, нотлох баримтаар нотлогдоогүй 5,156,050 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгож, 363,950 төгрөгийг хангаж, шүүгдэгч А.Содномнамжилаас 181,975 төгрөг, иргэний хариуцагч Д.Хүрэлбаатараас 181,975 төгрөгийг гаргуулан хохирогч Ц.Сувд-Эрдэнэд олгож,

Мөн хохирогч А.Содномнамжил шүүхийн хэлэлцүүлэгт “Вендо компаний үнэлгээний дагуу 4,504,000 төгрөгийг” гэж нэхэмжилсэн ба шүүх шууд зардал болох 3,470,000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж үзэж тухайн үнийн 50 хувийг өөрөө хариуцаж, 50 хувь болох 1,735,000  төгрөгийг иргэний хариуцагч Д.Хүрэлбаатараас гаргуулан А.Содномнамжилд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,034,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хавтаст хэргээс 1хх-ийн 175-176 хуудсанд авагдсан иргэний нэхэмжлэгч Д.Ариунаагийн хохирлыг баримтуудыг тооцож, нэхэмжлэлийн шаардлага болох 550,460 төгрөгийг хангаж, шүүгдэгч А.Содномнамжилаас 275,230 төгрөг, иргэний хариуцагч Д.Хүрэлбаатараас 275,230 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Д.Ариунаад олгохоор тус тус  шийдвэрлэлээ.

Хохирогч Б.Батбаатар, Ц.Сувд-Эрдэнэ нар нь цаашид гарах зардлаа нэхэмжилнэ гэж байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-299 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Буурал овгийн Агвааны Содномнамжил, Буд овгийн Сайнбилэгийн Адъяабаатар нарыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр, хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар шүүгдэгч Агвааны Содномнамжил, Сайнбилэгийн Адъяабаатар нарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 5 /тав/ сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-т зааснаар шүүгдэгч Агвааны Содномнамжил, Сайнбилэгийн Адъяабаатар нарт тус бүр оногдуулсан 5 /тав/ сарын хугацаагаар баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч А.Содномнамжил, С.Адъяабаатар нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг дурдаж, бичиг баримтаар хураагдаж ирсэн А.Содномнамжилын №276341 дугаартай, С.Адъяабаатарын №112700 дугаартай жолооны үнэмлэхүүдийг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт шилжүүлж, №01222054 дугаартай тээврийн хэрэгсэлийн гэрчилгээг шүүгдэгч А.Содномнамжилд буцаан олгосугай.

5. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудыг хүчингүй болгож, Потон маркийн авто чирэгчийг шүүгдэгч С.Адъяабаатарт, Хайер маркийн хөргөгч 1 ширхэг, Скуарц маркийн зурагт 1 ширхэгийг шүүгдэгч А.Содномнамжилд тус тус олгосугай.

6. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1.4, 101 дүгээр зүйлийн 101.1-т зааснаар шүүгдэгч А.Содномнамжилаас 4,039,622 төгрөг, шүүгдэгч С.Адъяабаатараас 500,000 төгрөг, иргэний хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сум 1-р баг 7-р хэсэг 130-31 тоотод оршин суух  Боржигон таван тайж овогт Дамирангийн Хүрэлбаатараас 3,539,622 төгрөгийг тус тус гаргуулан хохирогч Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг 11-34 тоотод оршин суух, Гүнгийн овогт Бадарчийн Батбаатарт олгож, Б.Батбаатарын нэхэмжлэлийг шаардлагаас 52,409,741 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,  шүүгдэгч А.Содномнамжилаас 181,975 төгрөг, иргэний хариуцагч Д.Хүрэлбаатараас 181,975 төгрөгийг тус тус гаргуулан хохирогч Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 5 дугаар хороо Монемийн 19 дүгээр гудамж 446 тоотод оршин суух, Сартуул овогт Цэрэнбатын Сувд-Эрдэнэд олгож, Ц.Сувд-Эрдэний нэхэмжлэлийн шаардлагаас 5,156,050 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч А.Содномнамжилаас 275,230 төгрөг, иргэний хариуцагч Д.Хүрэлбаатараас 275,230 төгрөгийг тус тус гаргуулан иргэний нэхэмжлэгч Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 11 дүгээр хороо Нуурын 22-484 тоотод оршин суух, Гөрөөчин овогт Дэмбэрэлийн Ариунаад олгож, иргэний хариуцагч Д.Хүрэлбаатараас 1,735,000 төгрөгийг гаргуулан хохирогч А.Содномнамжилд олгож, А.Содномнамжилын нэхэмжлэлийн шаардлагаас 2,769,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

7. Хохирогч Б.Батбаатар, Ц.Сувд-Эрдэнэ нар нь нотлох баримтаа бүрдүүлэн хохиролоо иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

8. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч А.Содномнамжил, С.Адъяабаатар нарт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьсугай.

9. Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар, мөн иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч нар зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ   Б.НАРМАНДАХ