Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 128/ШШ2017/0596

 

 

2017 оны 08 сарын 07 өдөр         Дугаар 128/ШШ2017/0596            Улаанбаатар хот                                                                                                                           

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Цэцэгмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Ч” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 05 дугаар шийдвэрийн “Ч” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Ч” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ашигт малтмал, газрын тосны газрын Хуулийн хэлтсийн мэргэжилтэн Р.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Лхагва нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Ч ” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ “Ч ” ХХК нь нэг хүний эзэмшдэг, 100 хувийн гадаадын хөрөнгө оруулалттай компани бөгөөд “О” ХХК-иас Капитрон банкны барьцааг чөлөөлөн 300.000 шахам ам.доллар төлөн шилжүүлж авсан боловч Ашигт малтмалын газрын хүнд сурталтай байдлаас болж мөн жилийн уул уурхайн олборлолтын улирал дуусаж байхад буюу Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 918 дугаар шийдвэрээр бичиг баримтаа хүлээн авч, уул уурхайн ажил эхлүүлэх бэлтгэл ажилдаа орсон юм.

Гэвч хөрөнгө оруулагч хүнд өвчний улмаас 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн хооронд Бүгд Найрамдах Хятад Ард Улсад хэвтэн эмчлүүлсэн бөгөөд 2016 онд уул уурхайн үйл ажиллагаа явуулаагүй. Ингээд 2016 оны 10 дугаар сард уурхайд хөрөнгө оруулах, тоног төхөөрөмжөө шинэчлэх ажлаа гүйцэтгэхээр 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Монгол Улсад ирээд өвчин хүндэрсний улмаас “Очирваань” эмнэлэгт 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хооронд хэвтэн эмчлүүлсэн юм.

Эмнэлгээс гарангуут 2016 оны ээлжит тусгай зөвшөөрлийн төлбөрөө хугацаа хэтрүүлсэн гэх алдангийн хамт төлөөд тусгай зөвшөөрлийн гэрчилгээн дээр бүртгэл хийлгэхээр очтол танай тусгай зөвшөөрөлд тэмдэглэгээ хийх бололцоогүй гэсэн. Учир нь бид 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр танай тусгай зөвшөөрлийн хугацаа хэтэрч буй талаар мэдэгдэл хүргүүлсэн, танайх тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх хугацааг 60 шахам хоногоор хэтрүүлсэн байна. Хугацаа хэтрүүлсэн хүндэтгэн үзэх шалтгаан байгаа бол Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад энэ тухай баримтаа гаргаж ир гэсэн.

Бид Гадаадын иргэн, харьяатын газраас хилээр нэвтэрсэн лавлагаа, гадаадад эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тухай баримт болон “Очирваань” эмнэлэгт хэвтсэн бичиг баримтыг гаргаж Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст өгсөн боловч Захиргааны ерөнхий хуулийн 13, 15, 24, 25, 26, 27 дугаар зүйлд заасныг эс биелүүлж оролцогчийн эрх, ашгийг хамгаалан хүндэтгэн үзэж сонсох ажиллагаа огт хийхгүй байсан.

Анх Ашигт малтмалын газраас тусгай зөвшөөрөл авах үед Захиргааны ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасан этгээдийг нэрлэн заагаагүй, тус компанийн Монгол Улсад байх албан ёсны хаягаа л хуулийн дагуу тэмдэглүүлсэн бөгөөд Ашигт малтмалын газрын зүгээс дээрх хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-д заасны дагуу урьдчилан нэрлээгүйгээс үүсэх ямар нэгэн эрх зүйн үр дагаварын талаар тайлбарлаж өгөөгүй болно.

Мөн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 7/4558 дугаар мэдэгдлийг огт хүлээж аваагүй, танилцах боломж ч байгаагүй.

Иймд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 5 дугаар шийдвэрийн “Ч ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ “О” ХХК-ийн эзэмшлийн Хэнтий аймгийн Ж******* сумын нутагт орших *******н нэртэй 203.15 га талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын МV-******* дүгээр тусгай зөвшөөрлийг шилжүүлэх тухай өргөдөл гаргасныг төрийн захиргааны байгууллага Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 49.5 дахь хэсэгт заасан ажиллагааг хийж, Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 85 дугаар шийдвэрээр “Ч ” ХХК-д шилжүүлснийг бүртгэж, тусгай зөвшөөрлийн хавсралтад тэмдэглэгээ хийсэн байна. Хэнтий аймгийн Ж******* сумын нутаг ******* нэртэй 203.14 гектар бүхий ашигт малтмалын ашиглалтын МV-******* дүгээр тусгай зөвшөөрлийн анх олгосон огноог 2000 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөр тооцож Кадастрын хэлтсийн УУККС-д бүртгэсэн байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө” гэж зааснаар “Ч” ХХК нь ашигт малтмалын ашиглалтын МV-******* дүгээр тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс өмнө урьдчилан төлөх ёстой байсан.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар 56.2 дахь хэсэгт зааснаар “Ч ” ХХК-ийн хаягаар тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдсэн тухай мэдэгдлийг Кадастрын хэлтсээс 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 7/4558 дугаар албан бичгээр хүргүүлсэн бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөр, алдангийг төлсөн тухай нотлох баримтыг Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7 дахь хэсэгт заасан хугацаанд төрийн захиргааны байгууллагад ирүүлээгүй байна.

Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 05 дугаар шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын МВ-******* дүгээр тусгай зөвшөөрлийг цуцалсан байна. Улмаар тусгай зөвшөөрлийг цуцалсан тухай мэдэгдлийг 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 7/108 дугаар албан бичгээр хүргүүлсэн.

Улсын дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн “Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” 9 дүгээр тогтоолд Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.4-д заасан “мэдэгдэнэ” гэдэгт төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэр эсхүл түүнийг утгыг агуулсан албан бичгийг өргөдөл гаргагчид болон тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдэд гардуулах буюу хүргүүлж, түүнийгээ баримтжуулсан байхыг ойлгоно” гэж заасан ба “Ч ” ХХК-д тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдсэн тухай мэдэгдлийг 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 7/4558 дугаар албан бичгээр, тусгай зөвшөөрлийг цуцалсан тухай мэдэгдлийг 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 7/108 дугаар албан бичгээр тус тус мэдэгдэл хүргүүлсэн нь баримт бичиг хүлээлцэх дэвтрийн хуулбараар баталгаажиж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан болон хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үед гаргасан нэмэлт тайлбар зэргийг хянан хэлэлцээд дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч “Ч ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “Ч ” ХХК нь “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 05 дугаар шийдвэрийн “Ч ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Маргаан бүхий акт болох Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн “Тусгай зөшөөрөл цуцлах тухай” 05 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7 дахь хэсэгт заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй гэх үндэслэлээр “Ч ” ХХК-ийг ашигт малтмалын ашиглалтын MV-******* дүгээр тусгай зөвшөөрлийг цуцалсан байна.

Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 85 дугаар[1] шийдвэрээр “О*******” ХХК-ийн Хэнтий аймгийн Ж******* сумын нутагт орших *******н нэртэй 203.15 га талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын МV-******* дүгээр тусгай зөвшөөрлийг “Ч ” ХХК-д нэр шилжүүлснийг бүрттгэж, МV-******* дүгээр тусгай зөвшөөрлийн анх олгосон огноог 2000 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөр тооцож Кадастрын хэлтсийн УУККС-д бүртгэсэн байна.

Нэхэмжлэгч Ч ” ХХК-иас “Тус компанийн үүсгэн байгууллагч болох Y******* биеийн эрүүл мэндийн улмаас БНХАУ-д хэвтэн эмчлүүлж байсан учраас тухайн тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг төлөх боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаантай байсан. Мөн Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 7/4558 дугаар мэдэгдлийг хүлээж аваагүй” гэж тайлбарлан маргаж байгаа.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, “Ч ” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Liu Xianjin гэгч нь 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажилласан байх ба түүний ажиллах хугацааг цаашид сунгаагүй бөгөөд 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тус компанийн гүйцэтгэх захирлаар өөр этгээдийг томилоогүй байна.

Нэхэмжлэгч “Ч ” ХХК-ийн үүсгэн байгуулагч Y******* нь 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс мөн оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүртэлх хугацаанд “Вирусын гаралтай зүрхний булчингийн хурц үрэвсэл” гэх оноштойгоор Өвөр Монгол Эрээн хотын Шилийн дүүргийн Эрүүл мэндийн үйлчилгээний төвд[2]  хэвтэн эмчлүүлсэн, мөн Монголын Улсад 2016 оны 10 дугаар сарын 03-наас 10 дугаар сарын 08-ны хооронд “Очирваань” эмнэлэгт “тайван бус байх үед цус зүрхэнд хомсрох өвчний үйл ажиллагааны өөрчлөлтийн 2-р үе шат” гэсэн оноштой хэвтэн эмчлүүлсэн[3] нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөх боломжгүй нөхцөл байсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Учир нь Ашигт малтмалын тухай хуулиар тусгай зөвшөөрөл эзэмшигч тухайн хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг өөрөө биечлэн тушаах шаардлага тавигдаагүй байна. Иймээс Y******* нь уурлах, баярлах, сэтгэл хөдлөл, шатаар хурдтай өгсөх үед зүрхний өвчний[4] өөрчлөлт бий болох хэдий ч ухаан санаа бүрэн, бусадтай харилцах харилцаа нь хэвийн чадвартай байхад бусдаар төлөөлүүлэх, бусад байдлаар захиргааны байгууллагатай харилцах боломжтой байсан гэж шүүх үзлээ.

Мөн “Ч ” ХХК-ийн үүсгэн байгуулагч Y******* нь 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд Монгол Улсад байгаагүй болох нь Хил хамгаалах ерөнхий газрын 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 7-2/1766 дугаар[5] албан бичгээр ирүүлсэн лавлагаагаар тогтоогдож байх боловч ийнхүү гадаад улсад өвчтэй байсан нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийг тусгай зөвшөөрлийн төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө”, 34.6-д “Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна”, 34.7-д “Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална” гэж тус тус заажээ.

Дээрх хуулийн заалтуудаас үзвэл “Ч ” ХХК нь ашигт малтмалын ашиглалтын МV-******* дүгээр тусгай зөвшөөрлийн 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх нэг жилийн төлбөрийг 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс өмнө урьдчилан төлөх үүрэгтэй, энэ хугацааг алданги төлсөний үндсэн дээр 30 хүртэл хоногоор хэтрүүлэх хууль зүйн боломжтой бөгөөд дээрх хугацааны дотор тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд хариуцагчаас тусгай зөвшөөрлийг цуцлах үүрэгтэй байна.

Нэхэмжлэгч “Ч ” ХХК нь 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр МV-******* дүгээр ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг “О*******” ХХК-иас шилжүүлэн авснаар Ашигт малтмалын тухай хуульд заасан тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх эдэлж, үүрэг хүлээх бөгөөд тухайн үед тус компанийн захирал Ян Минь-ээс Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст хандаж “...тусгай зөвшөөрөл эзэмшигчийн ...хуульд заасан бүхий л үүргийг нь залгамжлан биелүүлэхээ бүрэн хүлээн зөвшөөрч” Нотолгоо[6] гаргасан боловч тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс өмнө төлөх үүргээ биелүүлээгүй тул Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй” (бол тусгай зөвшөөрлийг цуцлахаар) заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлагдах үндэслэл бүрджээ.

Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана” гэж заасны дагуу Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 7/4558 дугаар[7] албан бичгээр “...тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрөө төлөх, ...төлөөгүй тохиолдолд тусгай зөвшөөрөр цуцлагдах” талаарх үндэслэлийг тодорхой зааж, уг албан бичгийг 07 дугаар сарын 28-ны өдөр “Ч ” ХХК-ийн “Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, ******* тоот” гэсэн хаягаар хүргүүлснийг Шуудан үйлчилгээний 51 дүгээр салбарын шуудангийн 40 дүгээр хайрцагаас тус хаягт оршин суух Д.Ганбат 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 0750 цагт хүлээн авсан болох нь Ашигт малтмалын газрын “Баримт бичиг хүлээлцэх дэвтэр”-ийн[8] хуулбар, “Монгол шуудан” ХК-ийн 2017 оны 4 дүгээр сарын 25-ны 08/423 дугаар, 5 дугаар сарын 08-ны 04/463 дугаар албан бичгүүд[9], “Шуудан хүргэгчийн дэвтэр”[10] зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн “Тусгай зөшөөрөл цуцлах тухай” 05 дугаар[11] шийдвэрээр МV-******* дүгээр ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан тухай мэдэгдлийг 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 7/108 дугаар албан бичгээр дээрх “Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, ******* тоот” хаягаар шуудангаар хүргүүлснийг Б.Н******* 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 1200 цагт хүлээн авсан болох нь Ашигт малтмалын газрын “Баримт бичиг хүлээлцэх дэвтэр”-ийн хуулбар, “Шуудан хүргэгчийн дэвтэр” зэрэг баримтуудаар[12] тогтоогдож байгаа ба талууд энэ үйл баримттай маргаагүй болно.  

Мөн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн тусгай зөвшөөрөл эзэмшигчийн талаарх мэдээлийн санд байгаа “Ч ” ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээнд[13] Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, ******* тоот хаяг бүртгэлтэй, тус компаниас уг хаягийг “албан ёсны харилцах хаяг”-аар бүртгүүлсэн байх ба харин 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 1726 цагт тус компанийн хаяг, байршил Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, ******* тоот, ШТ-20 гэж өөрчлөгдсөн талаар бүртгэл хийгдсэн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан компьютержсэн системд “Ч ” ХХК-ийн хаягийн өөрчлөлтийн бүртгэлээр[14] тогтоогдож байна.

Улсын дээд шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн “Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 09 дүгээр тогтоолын 6-д “Хуулийн ..., 56 дугаар зүйлийн 56.2, ... заасан “мэдэгдэнэ” гэдэгт төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэр эсхүл түүнийг утгыг агуулсан албан бичгийг өргөдөл гаргагчид болон тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдэд гардуулах буюу хүргүүлж, түүнийгээ баримтжуулсан байхыг ойлгоно” гэж тайлбарлажээ.

Иймд хариуцагч нь “Ч ” ХХК-ийн тус байгууллагад бүртгүүлсэн “албан ёсны харилцах хаяг”-аар тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн тухай мэдэгдлийг 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 7/4558 дугаар албан бичгээр хүргүүлсэн, тус хаягт оршин байх этгээд уг мэдэгдлийг хүлээн авсан атлаа тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тул хариуцагчаас Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан бүрэн эрхээ хэрэгжүүлж, “Ч ” ХХК-ийн эзэмшлийн МV-******* дүгээр ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсаныг буруутгах үндэслэлгүй байна.

 Дээрх байдлуудыг нэгтгэн дүгнэвэл, Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг хуульд заасан хугацааны дотор төлөх үүрэгтэй, уг үүргийг зөрчсөн нь тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл болох тул Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 05 дугаар шийдвэрийн “Ч ” ХХК-д холбогдох хэсэг нь Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасантай нийцсэн, улмаар нэхэмжлэгч “Ч ” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн  106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.7, 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь заалтад заасныг тус тус баримтлан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан “Ч ” ХХК-ийн гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 05 дугаар шийдвэрийн “Ч ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Ч ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   М.ЦЭЦЭГМАА