Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2016/0729

 

“Мандалженерал даатгал” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхчимэг нарыг оролцуулан, “Мандалженерал даатгал” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Батлан хамгаалах яаманд холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 802 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

   Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 802 дугаар шийдвэрээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйл, 28 дугаар зүйлийн 28.3, 28.7.3, 28.11 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Мандалженерал даатгал” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхчимэгийн Батлан хамгаалах яамны Олон улсын ажиллагаанд оролцох цэргийн багийн гэнэтийн ослын даатгал ЗХХС -2016-01 тендерийн Үнэлгээний хорооны 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгуулж, тус компанитай гэрээ байгуулахыг даалгах, тендерийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “...Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3-д заасан “...Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болон хуульд үндэслэсэн байна..." гэж заасныг зөрчиж, хэрэгт авагдсан ач холбогдол бүхий нотлох баримтыг үнэлээгүй, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн болон Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн холбогдох заалтыг хэрэглээгүй, үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна.

... Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д “...нэхэмжлэл гэж иргэн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус актын улмаас зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд хандаж гаргасан өргөдлийг...” хэлнэ гэж заасан.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа. ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6.1, 12.1-т тус тус заасанчлан “Мандалженерал даатгал” ХХК-ийн тэгш боломжоор хангагдах, шударга өрсөлдөх эрх, ашиг зөрчигдсөн.

Мөн түүнчлэн 2016 оны 4 сарын 20-ний өдөр БХЯ-аас 04/1341 тоот албан бичгээр тус компанийн тендерээс татгалзсан тухай мэдэгдэл ирүүлсэн. Энэхүү мэдэгдэлд “... танай ирүүлсэн тендерийг авч хэлэлцээд нийт хураамж /86,21 сая төгрөг/ нь шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн “Ард Даатгал” ХХК-ийн санал (84,579,000.0 төгрөг)-аас өндөр байсан тул танай тендерээс татгалзсан …” гэж тусгасан байсан. Захиалагчийн 04/1341 тоот албан бичгээс харахад шаардлагад нийцсэн тендерүүдийн үнийн саналыг харьцуулахад “Ард Даатгал” ХХК-ийн үнэ хамгийн бага байсан тул хамгийн сайн тендер гэж үнэлэгдсэн гэдэг нь харагдаж байгаа. “Ард Даатгал” ХХК-ийг шаардлагад нийцээгүй тендер ирүүлснийг Сангийн яамнаас нэгэнт тогтоосон тул шаардлагад нийцсэн удаахь компани нь “Мандалженерал даатгал” ХХК болж байгаа юм.

Хариуцагч Батлах хамгаалах яам нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хурал дээр гаргасан тайлбартаа эхний шалгаруулалтаар Үнэлгээний хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6-р зүйлд заасан худалдан авах ажиллагааны зарчим болох “Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална.” гэсэн зарчмын үр ашигтай байх гэсэн зарчмыг баримталж “Ард даатгал” ХХК-ийг сонгон шалгаруулсан гэсэн байдаг.

Энэ талаар нэхэмжлэгч “Мандалженерал даатгал ХХК нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6-р зүйлд заасан худалдан авах ажиллагааны зарчим болох “Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална” гэсэн зарчмын үр ашигтай байх гэсэн зарчмыг баримталсан сонгон шалгаруулалтаар 2-т эрэмбэлэгдэж байсан тул “Ард даатгал” ХХК-ийг шалгаруулсан шалгаруулалт хуульд заасан үндэслэлээр хүчингүй болсон тул удаах “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерт оролцогч нь “Мандалженерал даатгал” ХХК байтал шүүхээс нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Захиргааны ерөнхий хуулийн дугаар зүйлийн 92.1-д зааснаар “Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээдээс түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хууль болон зорилгодоо нийцэж байгаа эсэх талаар хянуулахаар гомдол гаргах эрхтэй,” гэжээ.

Иймд нэхэмжлэгч нь хуульд заасан эрхээ хэрэгжүүлж нэхэмжлэлийн шаардлагад дурдсан асуудлаар урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийлгэхээр Сангийн яаманд 2016 оны 7 сарын 26-ны едөр 16/1955 тоот гомдол гаргасан болно.

Уг гомдлын хариуд Сангийн яамны 2016 оны 8 сарын 5-ны өдрийн №5/4931 дугаар бүхий албан бичгээр “... Захиалагчийн 2016 оны 6 сарын 3-ны өдрийн тухайн тендер шалгаруулалтын “хамгийн сайн” оролцогчтой байгуулсан гэрээ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 42.1.2, 42.1.3-т заасныг үндэслэн хүчин төгөлдөр бус гэж үзэж байна” гэсэн асуудалд шүүхээс дүгнэлт өгөх шаардлагатай байсан боловч энэ талаар огт дүгнэлт хийлгүйгээр шийдвэрлэсэн.

“Монре даатгал” ХХК-ийн гаргуулсан тендерийн баталгааны хүчинтэй хугацаа нь тендерийн нээлт хийсэн өдрөөс хойш 73 хоногийн дараа буюу 2016.05.15-ны өдрөөр дуусгавар болсон тул 2016.06.02-ний өдрийн байдлаар тендерийн баталгааны хүчинтэй хугацаа дууссан нь тус компанийн тендер нь хүчингүй болсон байх ёстой юм.

Иймд тендерийн баталгаагүй тендерт оролцогчтой гэрээ байгуулсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20.5 “Тендерийн баталгаа шаардсан нөхцөлд түүнийг ирүүлээгүй, эсхүл ирүүлсэн тендерийн баталгаа нь энэ хуульд заасан шаардлагыг хангаагүй бол захиалагч тухайн тендерээс татгалзана.” гэсэн заалтыг зөрчиж байгаа юм.

Мөн түүнчлэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 42.1.2-т “захиалагч энэ хуулийн 27, 28, 29 дүгээр зүйлд заасан журмыг зөрчиж гэрээ байгуулсан”, 42.1.3-т “энэ хуульд заасан худалдан авах ажиллагааны журмыг хэрэгжүүлэхдээ гаргасан зөрчил нь тендер шалгаруулалтын эцсийн дүнд илт нөлөөлсөн.” тус тус зөрчсөн байна.

Батлан хамгаалах яамны 2016 оны 6 сарын 2-ны өдрийн “Олон улсын ажиллагаанд оролцох цэргийн багийн гэнэтийн ослын даатгал”-ын тендерийн хуулийн хүчинтэй хугацаа буюу 45 хоног нь тендерийн нээлт хийсэн өдрөөс эхлэн 2016.04.19-ний өдөр дууссан бөгөөд захиалагчаас 2016.04.20-ны өдөр бүх тендерт оролцогч нарт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэл хүргүүлсэн. Одоо гэрээ байгуулсан байгаа “Монре даатгал” ХХК нь 2016.04.20-ний өдөр тендерээс татгалзсан тухай мэдэгдэл хүлээн авснаас хойш 43 хоногийн дараа 2016.06.02-ний өдөр гэрээ байгуулах эрх олгох мэдэгдлийг хүлээн авсан.

"Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль;'-ийн 29.4-д "Захиалагчаас үл хамаарах шалтгаанаар тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулах боломжгүй болсон бол захиалагч төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүсэлт гарган, зөвшөөрөл авсны үндсэн дээр уг хугацааг нэг удаа 30 хоногоор сунгаж болно." гэж заасан байдаг ч Сангийн яамнаас уг тендерийн хүчинтэй хугацааг сунгахгүй гэсэн шийдвэрийг 2016 оны 4 сарын 19-ны өдрийн албан бичгээр Батлан хамгаалах яаманд хүргүүлсэн болох нь хэрэгт авагдсан байдаг.

Тендерийн хуулинд заасан хүчинтэй хугацаа дуусгавар болсноос хойш 44 хоногийн дараа дахин үнэлгээ хийж, шийдвэр гаргасан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24.5 дахь заалтыг зөрчиж байна.

... Мөн түүнчлэн шүүхээс Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн 3.1.1, 10.4-т зааснаас үзвэл олон улсын ажиллагаанд оролцох цэргийн багийн гэнэтийн ослын даатгалын үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтын баримт бичигт нийтлэг журмаас гадна тусгайлсан зохицуулалтыг шаардахаар байна гэж дүгнэж тендерийн хүчинтэй хугацаа дууссан байхад хууль зөрчиж гэрээ байгуулсан үйлдлийг зөвтгөж хуульд нийцсэн хэмээн дүгнэж шийдвэрлэсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад энэ хуулийг дагаж мөрдөнө”, 24.5-д “Тендер нээснээс хойш тухайн тендер шалгаруулалтыг 45 хоногт бапгаан зохион байгуулж дуусгах бөгөөд уг хугацаанд тендер хүчинтэй байна” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна.

Хэрэв Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд болон бусад хууль тогтоомжид Энхийг дэмжих ажиллагаанд оролцох цэргийн багийн гэнэтийн ослын даатгалын үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтын баримт бичигт нийтлэг журмаас гадна тусгайлсан зохицуулалт хэрэглэхийг зохицуулсан буюу зөвшөөрсөн байгаа бол шүүх тухайн хууль тогтоомжид шийдвэрээ үндэслэх ёстой байсан байна. Гэтэл ийм хууль тогтоомж байддаггүй тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5-д “Тендер нээснээс хойш тухайн тендер шалгаруулалтыг 45 хоногт багтаан зохион байгуулж дуусгах бөгөөд уг хугацаанд тендер хүчинтэй байна” гэсэн заалтыг баримталж тендерийг хүчингүй болгож шийдвэрлэх ёстой байсан.

Иймд дээрх үндэслэлийн дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 802 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул хангахгүй орхиж, нэхэмжлэлийн “... тендер хүчингүй болгуулах” тухай шаардлага нь захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус байх тул хүлээн авахаас татгалзсан өөрчлөлтийг анхан шатны шүүх шийдвэрт оруулж, бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Давж заалдах гомдолд “... хамгийн сайн гэж үнэлэгдсэн “Ард даатгал” ХХК-ийг шаардлагад нийцээгүй тендер ирүүлснийг Сангийн яамнаас тогтоосон тул удаахь компани болох “Мандалженерал даатгал” ХХК-ийн тэгш боломжоор хангагдах, шударга өрсөлдөх эрх, ашиг зөрчигдсөн гэж нэхэмжлэл гаргасан байтал шүүх эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөөгүй хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй” гэжээ.

Батлан хамгаалах яамнаас Зэвсэгт хүчний Хөгжлийн сангийн төлөвлөгөөний дагуу 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдөр нээсэн “Олон улсын ажиллагаанд оролцох цэргийн багийн алба хаагчдын гэнэтийн ослын даатгал”-ын тендер шалгаруулалтад оролцсон “Монре даатгал” ХХК нь даатгалын хураамж 80000000, 1 цэргийн алба хаагчийн амь даатгал 90000000,  “Ард даатгал” ХХК даатгалын хураамж 84579000, 1 цэргийн алба хаагчин амь даатгал 110000000, “Мандалженерал даатгал” ХХК даатгалын хураамж 86210000, 1 цэргийн алба хаагчийн амь даатгал 85000000 төгрөг байхаар тус тус санал ирүүлжээ.

Тендерийн үнэлгээний хороо “Ард даатгал” ХХК-ийг даатгалын эрсдэл үүссэн тохиолдолд 1 цэргийн амь даатгал нь бусдаас илүү гэдэг утгаар нь “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгаруулсан боловч Сангийн яамнаас шаардлагад нийцээгүй гэж үзэж, дахин үнэлгээ хийлгэхээр 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 5/2911 дүгээр албан бичгээр мэдэгдсэний дагуу дахин үнэлж тендерийн баримт бичигт заасан шаардлага хангасан, санал болгосон даатгалын хураамж нь хамгийн бага, 1 цэргийн  алба хаагчийн амь даатгал нь бусад оролцогчоос илүүг санал болгосон  “Монре даатгал” ХХК-ийг  шалгаруулсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь “Ард даатгал” ХХК-ийн удаах оролцогч байсан гэх боловч даатгалын хураамжийн хэмжээгээр “Монре даатгал” ХХК-ийн санал болгосноос илүү 86 210 000 төгрөг, эрсдэл үүссэн үед олгох 1 цэргийн алба хаагчийн амь даатгал нь “Монре даатгал” ХХК-ийн санал болгосноос бага буюу 85 000 000 байх тул “хамгийн сайн” тендер ирүүлсэн гэж үзэж гэрээ байгуулаагүй хариуцагч Батлан хамгаалах яамны үйл ажиллагааг хууль бус гэж үзэх үндэслэлгүй. Нэгэнт нэхэмжлэгчийн тендер “хамгийн сайн” гэж үнэлэгдээгүй учраас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөөгүй байх тул “Монре даатгал” ХХК-тай гэрээ байгуулах шийдвэрийг хүчингүй болгох, нэхэмжлэгчтэй гэрээ байгуулахыг даалгах үндэслэлгүй байна.

Нэхэмжлэлийн “тендерийн хүчинтэй байх хугацаа дууссан байхад 43 хоногийн дараа гэрээ байгуулах шийдвэр гаргасан тул тендерийг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “тендер” гэж захиалагчийн тогтоосон нөхцөл, шаардлагын дагуу боловсруулж, түүнд ирүүлсэн бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгэх тухай сонирхогч этгээдийн саналыг ойлгохоор заажээ.

“Монре даатгал” ХХК-ийн тендер нь нэхэмжлэл гаргах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.4-т заасан захиргааны акт биш тул тус компанийн тендерийг хүчингүй болгуулах асуудал нь захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх маргаан биш юм. Гэтэл шүүх тус нэхэмжлэлийн шаардлагаар захиргааны хэрэг үүсгэж шийдвэрлэх үндэслэлгүй байх тул давж заалдах шатны шүүхээс дээрх гомдлыг хангах боломжгүй. 

Иймд нэхэмжлэлийн энэ хэсгийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар хүлээн авахаас татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Давж заалдах гомдолд “... урьдчилан шийдвэрлэх журмаар хандахад Сангийн яамнаас 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 5/4931 дүгээр албан бичгээр өгсөн хариунд “... гэрээ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 42.1.2, 42.1.3-т заасныг үндэслэн хүчин төгөлдөр бус гэж үзэж байна ...” гэснийг шүүх дүгнэхгүйгээр шийдвэрлэсэн” гэсэн боловч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар гэрээ байгуулснаас хойших гомдлыг шүүхэд гаргахаар заасныг зөрчиж урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулсан, мөн дээр дурдсан үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан “Монре даатгал” ХХК-ийн тендер хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан гаргасан байх тул гомдолд заасан энэ шалтгаанаар шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 802 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх дэх хэсгийн “тендерийг хүчингүй болгуулах” гэснийг хасч, “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан “Мандалженерал даатгал” ХХК-ийн “... тендерийг хүчингүй болгуулах” шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн 2 дахь заалтыг нэмж, 2, 3, 4 дэх хэсгийн дугаарыг 3, 4, 5 болгон өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

ШҮҮГЧ                                                        Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ