Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гочоогийн Банзрагч |
Хэргийн индекс | 128/2016/0972/З |
Дугаар | 276 |
Огноо | 2017-09-04 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2017 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 276
Д.Б-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Г.Банзрагч, Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р, Б.Э нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 104 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 221/МА2017/0310 дугаар магадлалтай, Д.Б-ийн нэхэмжлэлтэй, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 104 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 138 дугаар зүйлийн 138.1, 138.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн “Ажлаас чөлөөлж, тэтгэмж олгох тухай” дугаар Б/41 тоот тушаалыг хүчингүй болгож, Д.Б-г урьд эрхэлж байсан Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны ажлын албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан Д.Б-д 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн шүүхийн хүчинтэй болсон 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийг дуусталх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 6,593,834 /зургаан сая таван зуун ерэн гурван мянга найман зуун гучин дөрөв/ төгрөгийг олгож, Д.Б-ийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад даалгажээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 221/МА2017/0310 дугаар магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 104 дүгээр шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтад “Хөдөлмөрийн тухай хуулийн” гэсний дараа “40 дүгээр зүйлийн 40.1.1” гэж нэмж, 2 дахь заалтын “шүүхийн хүчинтэй болсон” гэснийг “шүүхийн шийдвэр гарсан” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р, Б.Э нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч би дараах үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд хяналтын журмаар гомдол гаргаж байна.
Анхан шатны шүүх нь иргэн Д.Б-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан шийдвэрлэхдээ нотлох баримтыг дутуу бүрдүүлж, буруу үнэлсэн, материаллаг хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байтал Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх уг шийдвэрийг хэвээр үлдээсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн тодруулаагүй, зарим шаардлагад дүгнэлт хийгээгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид тухайн өөрчилсөн шаардлагыг гардуулж, тайлбар аваагүй, шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч зарим шаардлагаасаа татгалзсан тайлбар өгснийг шийдвэр гаргахдаа харгалзаагүй байна.
Нэхэмжлэгч нь анх Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн Б/41 дүгээр тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах нэхэмжлэл гаргасан. 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр нэхэмжлэгч Д.Б шүүхэд өөрийн гараар бичсэн “нэхэмжлэлийн шаардлага тодотгон хүргүүлэх тухай” гэсэн өргөдлөөрөө нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байна. Ингэхдээ:
- Захиргааны акт хууль бус болохыг тогтоож, захиргааны акт болох Б/41
тоот тушаалыг хүчингүй болгох;
- Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх 8,183,538 төгрөгийг яамнаас
гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах;
- 3 талт Үндэсний хорооны ажлын албаны даргад буцаан томилуулахыг
даалгах гэж өөрчилжээ.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг судлахад шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид дээрх өөрчлөгдсөн нэхэмжлэлийн шаардлагыг гардуулаагүй, энэхүү шаардлагатай холбоотойгоор холбогдох ямар ч тайлбар аваагүй байна. Мөн шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн боловч ажилгүй байсан хугацааны олговорт 6,593,834 төгрөгийг нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 8,183,538 төгрөгийн зөрүү хэсэгт дүгнэлт хийгээгүй болох нь тодорхой байна. Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...гэхдээ шийдвэр гарсны дараа тэр орон тоо байгаа ч гэсэн дахиж ярилцаад чөлөөлөгдөх асуудал байж болно гэж бодож байгаа. Даргалагчийн “ажиллаагүй хугацааны цалинг олгосон тохиолдолд буцаад тус албан тушаалд томилогдох шаардлагагүй гэж үзэж байгаа юу” гэж тодруулахад нэхэмжлэгч “тийм” гэжээ. Энэ нь нэхэмжлэгч зарим шаардлагаас татгалзсаныг шүүхээс тодруулаагүй байна.
Шүүхээс хариуцагчид ирүүлсэн нэхэмжлэлийн хувиас үзвэл нэхэмжлэгч Д.Б 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Захиргааны хэргийн шүүхэд гэж хаяглан нэхэмжлэл гаргаж, хариуцагчаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамыг татсан байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.1-д “нэхэмжлэлийг захиргааны хэргийн аль шүүхэд гаргаж байгаа”-г нэхэмжлэлд тусгана гэж, 53 дугаар зүйлийн 53.3-т “Нэхэмжлэл нь энэ хуулийн 52.2, 52.3, 52.5-д заасан бүрдүүлбэр хангаагүй бол хүлээн авсан шүүгч 7-14 хоногийн хугацаа тогтоон нэхэмжлэгчид уг шаардлагыг хангах боломж олгоно” гэж тус тус заасан байна. Гэтэл дээрх хуулийг хэрэгжүүлээгүйгээс гадна нэхэмжлэгч хариуцагчаа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам гэж өөрөө тодорхойлсон байтал Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад холбогдуулан захиргааны хэрэг үүсгэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, ойлгомжгүй байна.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын талаарх хариу тайлбар, татгалзлалын үндэслэлд дүгнэлт хийгээгүй.
Хариуцагч нь нэхэмжлэгчийг анх томилогдсон тушаал илт хууль бус захиргааны акт байсан талаар үндэслэл гаргаж тайлбарласан боловч, шүүхээс тухайн тайлбар, үндэслэлд дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн үндэслэлгүй болсон байна. Учир нь, 3 талт үндэсний хорооны ажлын албаны бүрэлдэхүүнийг яамны сайд бус Төрийн нарийн бичгийн дарга томилж, чөлөөлөхийг Үндэсний хорооны тогтоолоор шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгчийн эрх зүйн байдлын талаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн “хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжид нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.14-т заасан улс төрийн албан тушаалтан болох талаар дүгнэлт хийсэн бөгөөд уг дүгнэлт хуулийн хүчин төгөлдөр байгаа болно. Энэ дагуу улс төрийн албан тушаалтны чиг үүргийг хэрэгжүүлж байсан төрийн албан хаагчийг Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т заасны дагуу чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй болно. Мөн сайд ажлын албаны даргыг томилсон нь илт хууль бус юм. Захиргааны байгууллагын зүгээс энэхүү илт хууль бус шийдвэрээ зөвтгөж, нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн билээ.
3. Хөөн хэлэлцэх хугацааны асуудалд шүүхийн дүгнэлт хийгдээгүй.
Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн шийдвэрийг гардаж авснаас хойш, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн болохыг нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрч, шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа сэргээлгэх хүсэлт өгсөн байхад шүүгч, шүүх бүрэлдэхүүн уг асуудлаар шийдвэр гаргаагүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д “...бусад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шийдвэрлэж байгаа асуудлаар шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана” гэж заасан.
Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх чиг үүрэгтэй, асуудалд төвийг сахисан байр суурьнаас хандах ёстой шүүгч хэргийн оролцогчид албан бичгээр хэргийн нэг талд зөвлөсөн агуулга бүхий хариу өгсөн нь процессын хууль болон шүүгчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн ноцтой зөрчил гэж үзнэ. Энэ нь давж заалдах шатны шүүхийн шатанд засагдах шүүгчийн мэргэжлийн алдаа, эсхүл шүүгчийн ёс зүйн зөрчил болох нь тодорхой байна.
4. Урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй.
Уг маргааныг Төрийн албаны зөвлөл, түүний салбар зөвлөлөөс урьдчилан шийдвэрлэхээр Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлд тусгайлан зохицуулсан байтал шүүх уг ажиллагааг хийгдээгүй байхад нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлгүй болно. Гэтэл үүнийг давж заалдах шатны шүүхээс сайдын бичсэн өргөдлийг урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийсэн гэж үзсэн хууль зүйн үндэслэлгүй болно. Учир нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг төрийн захиргааны албан хаагчид хамааруулж байгаа бол энэ тухай шүүхийн дүгнэлт хийж, Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн дагуу урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хийсний дараа маргааныг шүүх шийдвэрлэх зохицуулалттай байна.
5. Нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг тодорхойлж дүгнэлт хийгдээгүй.
Нэхэмжлэгч нь угаас улс төрийн албан тушаалтан бөгөөд шүүхээс үүнтэй холбоотой нотлох баримтыг цуглуулаагүй, учир нь уг маргааныг шийдвэрлэхэд нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэж байсан, ажил ажлын байрны чиг үүрэг нь улс төрийн албан тушаал уу, төрийн захиргааны албан тушаал байсан уу гэдгийг тогтоох шаардлагатай байсан. Гэтэл эдгээр нотлох баримтыг цуглуулаагүй шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болно.
Нэхэмжлэгч нь төрийн захиргааны албан тушаалд хамаарах бол урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй, улс төрийн албан тушаалд хамаарах бол шийдвэр гаргахдаа баримталсан Төрийн албаны тухай хуулийг хэрэглэх боломжгүй байсан юм.
Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрийн шийдлийг хэвээр үлдээж, хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт хийсэн давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.
Хяналтын шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлж, буруу үнэлсэн, материаллаг хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй” гэх гомдлыг дараах үндэслэлээр хангасангүй.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн тодруулаагүй, зарим шаардлагад дүгнэлт хийгээгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид тухайн өөрчилсөн шаардлагыг гардуулж, тайлбар аваагүй, шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч зарим шаардлагаасаа татгалзсан тайлбар өгснийг шийдвэр гаргахдаа харгалзаагүй гэх гомдлын тухайд:
Нэхэмжлэгч нь анх Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн Б/41 дүгээр тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах нэхэмжлэл гаргасан байх бөгөөд 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр “нэхэмжлэлийн шаардлага тодотгон хүргүүлэх тухай” гэсэн тайлбартаа:
- захиргааны акт хууль бус болохыг тогтоож, захиргааны акт болох Б/41
тоот тушаалыг хүчингүй болгох;
- ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх 8,183,538 төгрөгийг яамнаас
гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах;
- 3 талт Үндэсний хорооны ажлын албаны даргад буцаан томилуулахыг
даалгах гэжээ.
Үүнийг нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн юмуу нэмэгдүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, харин анх гаргасан гурван шаардлагынхаа агуулгыг тодруулсан байна. Түүнчлэн, хэрэв хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын тодруулгатай танилцах, тайлбар өгөх шаардлагатай гэж үзсэн бол анхан шатны шүүх хуралдаан дээр энэ талаар хүсэлт гаргах боломжтой байсан, гэвч энэхүү эрхээ хэрэгжүүлээгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй.
Мөн “шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн боловч ажилгүй байсан хугацааны олговорт 6,593,834 төгрөгийг нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 8,183,538 төгрөгийн зөрүү хэсэгт дүгнэлт хийгээгүй” гэх үндэслэлийн тухайд нэхэмжлэгч энэ талаар гомдол гаргаагүйгээс гадна нэхэмжлэлийн хангагдаагүй хэсэг нь хариуцагчаас хяналтын журмаар гаргах гомдлын үндэслэлд хамаарахгүй юм.
“Нэхэмжлэгч зарим шаардлагаас татгалзсаныг шүүхээс тодруулаагүй” гэх гомдлын үндэслэлийн хувьд нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах эсэх нь нэхэмжлэгчийн эрх бөгөөд хяналтын шатны шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн гаргасан тайлбар үүнийг үгүйсгэж байна.
“Шүүх хариуцагчийн гаргасан тайлбар, үндэслэлд дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй” гэх гомдлын тухайд хариуцагчаас “3 талт үндэсний хорооны ажлын албаны бүрэлдэхүүнийг яамны сайд бус Төрийн нарийн бичгийн дарга томилж, чөлөөлөхийг Үндэсний хорооны тогтоолоор шийдвэрлэсэн байтал сайд томилсон нь анхнаасаа хууль бус байсан” гэж маргах боловч маргаан бүхий актыг мөн яамны сайд гаргасан нь “өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар гаргасан” илт хууль бус захиргааны акт байна /Захиргааны ерөнхий хуулийн 47.1.3 зүйл/.
Мөн “нэхэмжлэгч нь сайдын зөвлөхийн хувьд улс төрийн албан тушаалтан тул Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т заасны дагуу чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй” гэх гомдлын хувьд маргаан бүхий актад “Хөдөлмөр, нийгмийн гурван талт Үндэсний хорооны ажлын албаны дарга Д.Б-г ... үүрэгт ажлаас чөлөөлж,...” гэснээс үзвэл нэхэмжлэгчийг сайдын зөвлөхөөс бус, харин ажлын албаны даргаас нь чөлөөлсөн болох нь тодорхой байна. Түүнчлэн, нэхэмжлэгч нь Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн Б/158 дугаар тушаалаар Хөдөлмөр, нийгмийн гурван талт Үндэсний хорооны ажлын албаны дарга бөгөөд Хөдөлмөрийн сайдын зөвлөхөөр томилогдон ажиллаж байгаад 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/34 дүгээр тушаалаар халагдах өдөр хүртлээ зөвхөн ажлын албаны даргаар томилогдон ажиллаж байсан нь тогтоогдож байх тул энэхүү гомдлын үндэслэл үгүйсгэгдэж байна /хавтаст хэргийн 167 дахь тал/.
Иймээс илт хууль бус актыг илт хууль бус актаар зөвтгөх боломжгүй тул “илт хууль бус шийдвэрээ зөвтгөж нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн” гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй.
Хөөн хэлэлцэх хугацааг тооцох болон хариуцагчийг тодорхойлох асуудалд шүүх процессын алдаа гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул энэ талаарх гомдлыг хангах боломжгүй.
“Уг маргааныг Төрийн албаны зөвлөл, түүний салбар зөвлөлөөс урьдчилан шийдвэрлэхээр Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлд тусгайлан зохицуулсан байтал шүүх уг ажиллагааг хийгдээгүй байхад нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлгүй” гэх гомдлын тухайд энэхүү маргаан нь хуулийн уг зүйл, заалтад хамаарахгүй, өөрөөр хэлбэл Төрийн албаны төв байгууллагын хянан шийдвэрлэх маргаан биш юм.
“Нэхэмжлэгч нь угаас улс төрийн албан тушаалтан бөгөөд шүүхээс үүнтэй холбоотой нотлох баримтыг цуглуулаагүй, учир нь уг маргааныг шийдвэрлэхэд нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэж байсан ажил, ажлын байрны чиг үүрэг нь улс төрийн албан тушаал уу, төрийн захиргааны албан тушаал байсан уу гэдгийг тогтоох шаардлагатай байсан. Гэтэл эдгээр нотлох баримтыг цуглуулаагүй шийдвэрлэсэн нь үндэслэлгүй” гэх гомдлын үндэслэлийн хувьд дээр дурдсан Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/34 дүгээр тушаалаар нэхэмжлэгч нь Хөдөлмөр, нийгмийн гурван талт Үндэсний хорооны ажлын албаны даргаар томилогдон ажиллаж байсан нь тодорхой байна. Иймд сайдын зөвлөх буюу улс төрийн албан тушаалтан байсан гэдэг нь үгүйсгэгдэж байх тул шүүхээс нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг тодруулахаар нэмэлт нотлох баримт цуглуулах шаардлагагүй юм.
Иймээс шүүх бүрэлдэхүүн маргаан бүхий акт нь хэдийгээр илт хууль бус боловч нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахаас татгалзав.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 221/МА2017/0310 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ