Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 151

 

Г.Ба-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын ахлах прокурор Ш.Эрдэнэбилэг, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Алтанцол, хохирогч, иргэний нэхэмжлэгч П.Га-, түүний өмгөөлөгч Р.Оюунцэцэг, хохирогч Ш.Болормаа, П.Батдэлгэр, О.Батсүх, Г.Пүрэвдорж, О.Мөнхбаяр, Д.Даваасүрэн, Д.Өнөрдорж, Н.Батзаяа, тэдгээрийн өмгөөлөгч Д.Алтантуяа, П.Батжаргал, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 509 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 61 дүгээр магадлалтай 201401050152 дугаартай эрүүгийн хэргийг хохирогч, иргэний хариуцагч П.Га-ийн гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1991 онд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ял шийтгүүлж байгаагүй Г.Ба- нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж онц их хэмжээний хохирол учруулах”, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг завшиж онц их хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Г.Ба-ыг бусдын эд хөрөнгийг завшиж, их хэмжээний хохирол учруулсан, мөн түүнийг албан тушаалын байдлаа ашиглан, бусдыг хуурч мэхлэн, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт заасан хэргийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Г.Ба-ыг 2015 оны Эрүүгийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1, 2.2 -т зааснаар 4 жил хорих ял шийтгэж, шүүгдэгч Г.Ба-д оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч Г.Ба-аас нийт 115.884.00 төгрөгийг гаргуулан нэр бүхий хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт олгохоор шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт

А. “Прокуророос Г.Ба-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4, 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг бүхэлд нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй”, “Г.Ба-ыг байгууллагын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Ба-д холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй” гэсэн нэмэлт заалтууд оруулж,

Б. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3, 4, 5, 7 дахь заалтуудыг тус тус хүчингүй болгож,

В. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалтыг Г.Ба-аас 25.693.200 төгрөг гаргуулан хохирогч П.Га-т, иргэний хариуцагч “...” ХХК-иас 90.180.800 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч нэр бүхий 18 иргэнд олгохоор өөрчилж, тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж, Г.Ба-ыг нэн даруй суллаж, түүнд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд хохирогч, иргэний хариуцагч П.Га- гаргасан гомдолдоо “Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд иргэний хариуцагч П.Га-т холбогдох хэсгийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн. Г.Ба-ын үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай нотлогдсон талаар анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн юм. Гэтэл давж заалдах шатны шүүх хэрэгт онцгой ач холбогдол бүхий дээрх нотлох баримтуудыг огт үнэлээгүй орхигдуулсан нь иргэний хариуцагч гэх П.Га- миний эрх ашгийг ноцтойгоор зөрчсөн, гэмт хэрэг хийж залилан мэхэлсэн гэмт этгээд Г.Ба-ын хохирол төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үнэнд үл нийцэн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх зарчмыг хангаагүй байна. Мөрдөн байцаалтын явцад П.Га-ийг иргэний хариуцагчаар татсан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчжээ. Хуулийн эдгээр заалтаас үзэхэд П.Га- нь хохирогч нарыг хохироогоогүй, гэмт хэрэг хийж залилан мэхэлсэн Г.Ба-ын өмнөөс хариуцлага хүлээх хуулийн үндэслэл үүрэг байхгүй юм. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7, 39.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Мөн шүүх хуралдаанд хохирогч, иргэний хариуцагч П.Га-ийн өмгөөлөгч Р.Оюунцэцэг хэлсэн саналдаа “Хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт гаргасан. Гэрчүүдийн мэдүүлгээр “...” ХХК нь хэзээ ч бараа захиалгын урьдчилгаа мөнгийг авч байгаагүй гэдэг нь нотлогдож байна. 18 нэр бүхий иргэнийг байцаасан мэдүүлэг болон хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Баянжаргал нь “...” ХХК-д ажилладаг боловч барааны урьдчилгаа авах үедээ компанийн гэх нэг ч баримт /падан/ ашиглаагүй байгаагаас харахад компани тухайн мөнгийг урьдчилгаанд авсан гэдэг нь нотлогдохгүй байна. Г.Ба- нь тухайн компанид 2013 оны 3 сард ажилд ороод 10 сард тооцоо нийлсэн /хх-141 талд/. Тооцоо нийлэхэд авч явсан бараанаас 16.000.000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй гарсан байсан. Түүнээс хойш дахин бараа авч гараад барааг тушаах явцдаа нэр бүхий 18 хүнийг залилсан байна. Энэ мөнгө хаашаа орсон болох нь мэдэгдэхгүй байна. Улсын яллагч 70.000.000 гаран төгрөг “...” ХХК-ийн данс болон нягтлан бодогчийн дансаар орсныг Г.Ба-ыг залилан мэхэлж авсан мөнгөө төлсөн гэж дүгнээд байна. Компаниас 300.000.000 гаран сая төгрөгийн бараа авч гарсан хүн өдөр өдөрт орлогын мөнгөө тушаах ёстой. Түүний дагуу 300.000.000 гаран сая төгрөгийг тушаагаад 25.000.000 төгрөг үлдсэнийг буруу дүгнээд байна. Г.Ба- энэ талаар тайлбар хийж, хүлээн  зөвшөөрсөн байдаг. Давж заалдах шатны шүүх Г.Ба-ыг залилан мэхлэх гэмт хэрэг үйлдээгүй гэж дүгнээд байгаа нь буруу байна. Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалын өөрчлөлт оруулсан хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Алтанцол хэлсэн саналдаа “Давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглээгүй, хууль зөрчөөгүй. Хэрэгт авагдсан 18 нэр бүхий хохирогч нарын мэдүүлэг, шинжээч нарын дүгнэлтийг үндэслэн 75.992.000 төгрөг Г.Ба-аар дамжин компанийн дансанд орсон нь тогтоогдсон. Иргэний хариуцагч хохирол төлбөрөө Г.Ба-аас жич нэхэмжлэх эрхтэй. Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцсэн. Магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

Мөн шүүх хуралдаанд хохирогч нарын өмгөөлөгч Д.Алтантуяа хэлсэн саналдаа “Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангасан. Г.Ба- нь хэдэн төгрөгийг хэнээс аваад хэнд тушаасан, өөрөө хэдэн төгрөг авсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон. Нэр бүхий хохирогч нараас 90.180.800 төгрөгийг аваад 75.992.000 төгрөгийг компанийн нягтлан бодогч болон П.Га-ийн хувийн дансанд шилжүүлсэн байдаг. 14.102.200 төгрөгийг тушаагаагүй байдаг. Давж заалдах шатны шүүх Баянжаргал нь 2013 оны 3 сараас 12 сар хүртэл ажиллаж байхдаа уг мөнгийг аваад хохирогч нарт бараа захиалж өгсөн үйлдэл нь өөрт нь итгэмжлэн хариуцуулан өгсөн хөрөнгийг завшсан үйлдэл байна гээд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан хэргийг зөв шийдвэрлэсэн” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогч нарын өмгөөлөгч П.Батжаргал хэлсэн саналдаа “Давж заалдах шатны шүүх хэргийг тал бүрээс нь бүрэн дүүрэн дүгнэж, хуульд нийцсэн байх хуулийн шаардлага хангасан шийдвэр гаргасан. Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 21, 2.2 дахь хэсэгт зааснаар  зүйлчилсэн атлаа хохирлыг Г.Ба-д оногдуулах ёсгүй, “...” ХХК-д оногдуулах ёстой гэсэн дүгнэлт гаргасан. “...” ХХК-ийг мөрдөн байцаалтын явцад иргэний хариуцагчаар татсан тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Г.Ба- борлуулалт хийж, барааг нь итгэмжлэн хариуцаж байх үедээ гэмт хэрэг үйлдсэн. Маргаан бүхий мөнгөний зарим нь буюу 70.000.000 гаран төгрөг компанийн данс руу орсон нь тогтоогдсон. Шинжээч болон аудитын дүгнэлтээр тогтоогдож байна. Зээлээр борлуулсан 31.914.800 төгрөгийн падан хэрэгт авагдсан. 56.610.000 төгрөгийн падан нь авлага цуглууллаа гэж урьдчилгаа авсан мөнгөндөө падан үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна. Иргэний хуулийн 498 дугаар зүйлд зааснаар “...” ХХК нь хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлгүй. Магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

Мөн шүүх хуралдаанд прокурор Ш.Эрдэнэбилэг гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “Г.Ба- нь “...” ХХК-д борлуулагчаар ажиллаж байхдаа 25.693.000 төгрөгийн хохирол учруулж завшсан. Мөн компанийн харилцагч нэр бүхий 18 иргэнээс 29 удаагийн үйлдлээр 90.190.800 төгрөгийг залилан мэхэлж авсан болох нь нотлогдож байна. Мөн “...” ХХК-ийн өмчийг итгэмжлэн хариуцаж байх үедээ онц их хэмжээний хөрөнгө завшиж, түүнийг нөхөх зорилгоор бусдыг залилан мэхэлж, завшсан хөрөнгийнхөө ихэнх хэсэг буюу 75.992.000 төгрөгийг компанид тушааж, 25.693.000 төгрөгийг төлөөгүй байна. Г.Ба- нь дээр дурдагдсан төлбөрийг буцааж хийхгүйгээ мэдсээр байж нэр бүхий 18 иргэнд худал хэлж, хууран мэхлэх замаар хохироосон үйл баримт тогтоогдсон. Дээрх тогтоогдсон үйл баримтыг анхан шатны шүүх зөв дүгнэсэн атлаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх нэр бүхий 18 иргэний эд хөрөнгийг Г.Ба- нь итгэмжлэн хариуцаж байгаагүй нь тодорхой байхад эд хөрөнгийг завшсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлтийг оруулах саналтай байна. 2015 оны Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулсан. Шүүгдэгч нь албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж үзэхгүй байна. Борлуулагч нь албан тушаалаа урвуулан ашигласан гэдэгт нийцэхгүй байна. Иймд 2015 оны Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.1-д заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар хэргийг зүйлчилж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хохирогч, иргэний хариуцагч П.Га-ийн гаргасан гомдлыг үндэслэн Г.Ба-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх, түүнчлэн шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Г.Ба- нь 2013 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 28-ны хооронд “...” ХХК-д борлуулагчаар ажиллаж байхдаа борлуулсан бараа бүтээгдэхүүний үнэ болох 25.693.200 төгрөгийг завшсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Харин Г.Ба- нь нэр бүхий 18 харилцагчдын бараа захиалгын урьдчилгаанд төлсөн 90.190.800 төгрөгийг байгууллагад тушаалгүй хувьдаа завшиж, харилцагчдыг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилсан гэж дүгнэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь буруу бөгөөд шүүгдэгчийн үйлдэл бүхэлдээ бусдын эд хөрөнгө завших гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байгаа талаар давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Шүүгдэгч Г.Ба-ын 2013 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 28-ны хооронд үйлдсэн гэмт хэрэг нь 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс мөрдсөн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах тул түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Хуурч мэхлэгдсэний улмаас өөрийн эд хөрөнгө болон түүнийг эзэмших эрхийг сайн дураараа шилжүүлэн өгөх нь залилан мэхлэх гэмт хэргийн үндсэн шинж бөгөөд бусдыг хуурч төөрөгдүүлэх замаар эд хөрөнгө, эд юмсаа өөрөө өгөхөд хүргэж, түүнийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг хууль бусаар олж авах үйлдлийг багтаадаг ойлголт юм.

Шүүгдэгч Г.Ба- нь “...” ХХК-ийн борлуулагчаар ажиллаж, тус байгууллагын нэрийн өмнөөс, байгууллагыг төлөөлөн нэр бүхий иргэний нэхэмжлэгч нараас захиалга авч, бараа нийлүүлж байсан хэвшмэл шинжтэй үйл ажиллагааны хүрээнд бараа захиалгын урьдчилгаа болгож авсан мөнгийг “...” ХХК-ийн болон холбогдох албан тушаалтны данс руу шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон байх бөгөөд, тухайн үйлдлийг залилах гэмт хэргийн шинжтэй адилтган үзэх боломжгүй гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан магадлалыг хэвээр үлдээж, хохирогч, иргэний хариуцагч П.Га-ийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 509 дүгээр шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 61 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хохирогч, иргэний хариуцагч П.Га-ийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                        ДАРГАЛАГЧ                                          Б.ЦОГТ

                                        ШҮҮГЧ                                                   Б.БАТЦЭРЭН

                                                                                                      Д.ГАНЗОРИГ

                                                                                                      Ч.ХОСБАЯР

                                                                                                      Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН